Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  М.Б, Г.Б, Б.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

       Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                                        Н.Цогтбаяр

            Яллагдагч нарын өмгөөлөгч                                   Ц.Бат-Эрдэнэ

            Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч    М.Алтанчимэг

            Нарийн бичгийн дарга                                  Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 238 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэлийг үндэслэн, М.Б, Г.Б, Б.М нарт холбогдох 1812000450211 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт баг, Майжгий Яст гэх газар оршин суух хаягтай, урьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 218 дугаартай, Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 50.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Ц овгийн Мын Б

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, Архангай аймгийн Өгийнуур сумын Ерөнхий боловсролын сургуульд галч ажилтай, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий баг, Зэгстэй гэх газар оршин суух хаягтай, урьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 230 дугаартай, Шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Ө овгийн Гын Б

 

Монгол Улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий баг, Ар Өлөн гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Бгийн М

 

М.Б нь 2013 оны 04 дүгээр сарын дундуур Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр баг, Замын хөтөл гэх газраас иргэн Д.Дгийн 150 тооны буюу олон тооны бог малыг хулгайлж, 15.540.000 төгрөгийн хохирол учруулсан,

М.Б, Г.Б, Б.М нар нь 2014 оны 10 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай баг, Ухаагийн урд Лүнгийн намаг гэх газраас иргэн Ж.Бы 6 тооны адууг бүлэглэн хулгайлж, 4.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас М.Бид холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Б, Б.М нарт холбогдох хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 238 дугаартай шүүгчийн захирамжаар: “Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд М.Б, Г.Б, Б.М нарт холбогдох эрүүгийн хэрэгт дараахь мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх үндэслэлтэй байна. Үүнд:

1. Хавтаст хэргийн 212 дугаар хуудсанд хохирогч Д.Д нь гурван жилийн хугацаагаар хүчинтэй итгэмжлэлийг өмгөөлөгч М.Алтанчимэгт олгон хэрэгт төлөөлөгчөөр томилуулсан итгэмжлэл авагдсан байна. Эрьүүгийн хэрэгт хохирогчийг итгэмжпэлээр төлөөлөх боломжгүй, түүнчлэн хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанчимэгийг хавтаст хэргийн материалтай танилцуулсан /хх-ийн 214 хуу/ гэх боловч хохирогч Д.Дг хэргийн материалтай танилцуулаагүй байна, өөрөөр хэлбэл итгэмжлэл олгосон байхад хууль ёсны төлөөлөгчөөр томилоогүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.2 дахь, 32.1 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

2. Шүүгчийн туслахын хэрэгт итгэмжпэлээр оролцож байгаа М.Алтанчимэг, хохирогч Д.Дгийн охин Саранчимэг нартай утсаар ярьсан тэмдэглэлээс харахад хохирогч Д.Д нь нас бараад удаагүй гэсэн нь М.Алтанчимэг, Д.Д нарын хийсэн итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус төдийгүй хохирогч талаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгохоор ямар нэгэн хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байгаа нь шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа байна гэж үзэж байна.

3. Яллагдагч М.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан 38-11 АРХ улсын дугаартай Тоёота Дина маркийн автомашиныг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжпэх тухай санал /хх-ийн 7 хуу/ авагдсан байх бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн прокурорын тогтоолоор уг эд хөрөнгийг битүүмжилсэн байна. Гэтэл яллагдагч М.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс харахад /хх-ийн 154-155 хуу/ М.Б нь 2017 оны 09 дүгээр сард тухайн автомашиныг худалдан борлуулсан талаар мэдүүлэг өгсөн байна. Тиймээс тухайн автомашиныг хэзээ, хаана, хэрхэн, ямар байдлаар битүүмжилсэн байдал нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд заасан заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна.

Иймд М.Б, Г.Б, Б.М нарт холбогдох эрүүгийн хэрэгт хийгдэх дээрх ажиллагаанууд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв гээд

М.Б, Г.Б, Б.М нарт холбогдох 1812000450211 дугаартай эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж;

Хэргийг прокурорт очтол яллагдагч М.Б, Г.Б, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж;

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, 38-11 АРХ улсын дугаартай 1993 онд үйлдвэрлэгдсэн /Toyota DYNA/ маркийн автомашин битүүмжлэгдсэн болохыг дурдаж;

Энэ шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.”

 

Прокурор Н.Цогтбаярын бичсэн эсэргүүцэлд: “ Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогтбаяр би, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12- ны өдрийн 238 дугаартай шүүгчийн захирамжийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Яллагдагч М.Б нь 2013 оны 04 дүгээр сарын дундуур Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр баг, Замын хөтөл гэх газраас хохирогч Д.Дгийн 150 тооны буюу олон тооны хонь ямааг хулгайлж, 15.540.000 төгрөгийн,

Яллагдагч М.Б, Г.Б, Б.М нар нь 2014 оны 10 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай баг, Ухаагийн урд Лүнгийн намаг гэх газраас иргэн Ж.Бы 6 тооны адууг бүлэглэн хулгайлж, 4.600.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тус прокурорын газраас яллагдагч М.Б, Г.Б, Б.М нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч М.Б, Г.Б, Б.М нарт холбогдох хэргийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд:

хохирогч Д.Д нь 3 жилийн хугацаагаар хүчинтэй итгэмжлэлийг өмгөөлөгч М.Алтанчимэгт олгон хэрэгт төлөөлөгчөөр томилуулсан итгэмжлэл авагдсан байна. Эрүүгийн хэрэгт хохирогчийг итгэмжлэлээр төлөөлөх боломжгүй, түүнчлэн хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтанчимэгийг хавтаст хэргийн материалтай танилцсан гэх боловч хохирогч Д.Дг хэргийн материалтай танилцуулаагүй байна. Өөрөөр хэлбэл итгэмжпэл олгосон байхад хууль ёсны төлөөлөгчөөр томилоогүй байгаа нь ЭХХШТХ-н 9.5 дугаар зүйлийн 1.2, 32.1 дүгээр зүйлийн 1-т заасан заалтуудыг тус тус зөрчсөн, Шүүгчийн туслах нь хэрэгт итгэмжлэлээр оролцож байгаа М.Алтанчимэг, хохирогч Д.Дгийн охин Саранчимэг нартай утсаар ярьсан тэмдэглэлээс харахад хохирогч Д.Д нас бараад удаагүй гэсэн нь М.Алтанчимэг, хохирогч Д.Д нарын хийсэн итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус төдийгүй хохирогч талаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгохоор ямар нэгэн хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байгаа нь шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа байна гэж үзэж байгаа,

Яллагдагч М.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан 38-11 АРХ улсын дугаартай Тоёота Дина маркийн авто машиныг 2018-11-22-ны өдөр битүүмжлэх тухай санал гарч, прокурор мөн өдөр авто машиныг битүүмжлэх тухай тогтоол гаргасан байна.

Гэтэл яллагдагч М.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт 2017 оны 09 дүгээр сард тухайн авто машиныг худалдан борлуулсан талаар мэдүүлэг өгсөн байна. Тиймээс уг авто машиныг хэзээ, хаана, хэрхэн, ямар байдлаар битүүмжилсэн байдал нь тодорхойгүй байгаа нь ЭХХШТХ-н 21.2 дугаар зүйлд заасан заалтыг зөрчсөн...” гэж дүгнэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Хэрэгт шүүгч өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг зарласан байх бөгөөд прокурор, шүүгдэгчийн өмгөөлөгч болбн шүүгдэгч нарын хэн аль нь урьдчилсан хэлэлцүүлэгт санал хүсэлт гаргаагүй байна.

Шүүгчийн захирамжид нэмэлт ажиллагааг хийх шаардлагатай гэж дүгнэсэн дээрх үндэслэлүүдийг урьдчилсан хэлэлцүүлэгт талуудаар хэлэлцүүлэлгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь ЭХХШТХ-ийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна.

Мөн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон прокурор, оролцогч нар нь мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт гаргаагүй байхад шүүгч хэн нэгний хүсэлтийн дагуу биш өөрийн санаачлагаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж байгаа нь буруу байна. ЭХХШТХ-ийн 33.1 дүгээр зүйлийн 6.15 дахь хэсэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх тухай талуудын хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд өөрийн санаачлагаар хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах тухай ойлголт биш юм.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох өөрчлөх талаарх санал, хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэхээр ЭХХШТХ-ийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.2 дахь заалтад хуульчилсан.

Хэрвээ шүүгчийн захирамжийн үндэслэл болсон асуудлуудыг шүүхээс прокурор, оролцогч нарт танилцуулж, улмаар хэлэлцүүлсэн бол хохирогч Д.Дгийн итгэмжлэл олгосон өмгөөлөгч М.Алтанчимэгийг хууль ёсны төлөөлөгчөөр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах бүрэн боломжтой байжээ.

Түүнчлэн яллагдагч М.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан 38-11 АРХ улсын дугаартай Тоёото Дина маркийн автомашин нь М.Бийн өмчлөлд байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсоны зэрэгцээ уг автомашины үнэлгээг гаргуулсан байгаа учир гэм буруутай этгээдээс машины үнийг гаргуулан шийдвэрлэх боломжтой юм. Иймд М.Б нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 238 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байгаа учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

 

Яллагдагч нарын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Бид хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж, прокурорын эсэргүүцэл зэргийн аль нь үндэслэлтэй байна вэ гэдгийг шийдвэрлэнэ. Ирээдүйн асуудлын талаар шийдвэрлэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан хүсэлт гараагүй. Шүүгч өөрийнхөө санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч томилох хууль зүйн үндэслэл байхгүй. Заавал хүсэлтээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч томилох эрхтэй. Дараагийн нэг асуудал нь хохирогч одоо болтол хэргийн материалтай танилцаагүй байгаа. Хохирогчид заавал хэргийн материал танилцуулах ёстой. Мөн эд хөрөнгө битүүмжилсэн асуудал нь маргаантай байгаа учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан шатны шүүх яллагдагч Г.Б, М.Б, Б.М нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

Яллагдагч Г.Б, М.Б, Б.М нарт холбогдох хэрэгт шүүх өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан бөгөөд урьдчилсан хэлэлцүүлэгээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн ирцтэй болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж байгаатай холбоотой, мөн шүүх хуралдааны товтой холбоотой санал хүсэлт байгаа эсэхийг шүүх хуралдааны оролцогчдоос асуун /хх-ийн 11-12 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг завсарлуулсан атал шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцүүлээгүй асуудлаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Шүүгчийн захирамжинд заасан ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгээр шүүгч өөрийн санаачлагаар хянан хэлэлцэж шийдвэр гаргах асуудал мөн хэдий ч тухайн асуудлыг шүүхийн хэлэлцүүлэгт танилцуулж, талуудын эрх тэгш мэтгэлцээн явуулж байж шийдвэрлэх байсан бөгөөд энэ зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй тул дээрх үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн     1.3 -т заасныг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1.Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 238 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Г.Б, М.Батзориг, Б.М нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

 

     ШҮҮГЧИД                                      Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                    В.ЦЭЦЭНБИЛЭГ