Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 102/2014/07921/И |
Дугаар | 001/ХТ2021/00129 |
Огноо | 2021-02-04 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2021/00129
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 184/ШШ2019/01012 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 06 дугаар 19-ний өдрийн 1144 дүгээр магадлалтай,
*******ын нэхэмжлэлтэй,
Фотон карс ХХК,*******-иудад холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 87 683 136 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч*******-ийн төлөөлөгч Х.Энхсайханы хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг, хариуцагч*******-ийн өмгөөлөгч Б.Оюунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь*******-тай 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Элстэйн уурхайгаас Ханги хилийн боомт хүртэл 30 000 тонн төмрийн хүдрийн баяжмал тээвэрлэх, тээвэрлэсэн тонн/км-ын хөлс болон зардлыг гэрээний 5.2-т зааснаар 3.3 ам.доллараар тооцож авах, улмаар 30 000 тонн баяжмал тээвэрлэж дуусвал 81-53 УНМ улсын дугаартай Норд бенз маркийн ачааны автомашиныг чиргүүлийн хамтаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар тохирсон. Миний бие Элстэйн уурхайгаас Ханги боомт хүртэл 138 км зайд нийт 8 547.81 тонн баяжмал тээвэрлэсэн, хоёр улсын хил хооронд буюу 14 км зайд нийт 18 882.95 тонн баяжмал тээвэрлэсэн. Ажиллах хугацаандаа гэрээний 5.2-т заасны дагуу 3.3 ам.доллараар тооцуулан нийт 88 154.09 ам.долларыг тухайн цаг үеийн ханшаар төгрөгт шилжүүлэн, 124 089 751 төгрөг авахаас хөлс 17 906 615 төгрөг, дугуй сэлбэгийн зардалд 18 500 000 төгрөг, нийт 35 906 615 төгрөг авсан ба одоо 87 683 136 төгрөг авах дутуу байна. Машин эвдэрсэн, түүнчлэн 30 000 тонн баяжмалыг бүрэн тээвэрлээгүй тул машин болон түүний үнийг нэхэмжлэхгүй, харин зөвхөн гэрээний 5.2-т заасан тохиролцооны дагуу тонн/км-ыг 3.3 ам.доллараар тооцож гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Миний бие хариуцагч*******-тай гэрээ байгуулсан, харин*******-иас хөлсөө авдаг байсан, тус компанийн баяжмалыг тээвэрлэдэг байсан тул аль нь хариуцах ёстойг мэдэхгүй байна. Иймд энэ хоёр компаниас хоёулангаас нь нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч*******-ийн төлөөлөгч Н.Наранбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Учир нь******* болон ******* нарын хооронд гэрээ байгуулагдаагүй,******* болон *******ын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл. Түүнчлэн *******той байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ нь 2012 оны 3 дугаар сард цуцлагдсан. Учир нь Барьцааны гэрээ-г манай зүгээс хүчингүй болгосон. Барьцааны гэрээ хүчингүй болсноор Ажил гүйцэтгэх гэрээ мөн хүчингүй болно. Гэрээг цуцалснаас хойш буюу 2012 оны 3 дугаар сараас хойш *******ыг 1 сарын 1 000 000 төгрөгөөр цалинжуулж ажиллуулахаар болсон. Нийт *******од 35 906 615 төгрөг төлсөн бөгөөд төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч*******-ийн төлөөлөгч С.Батжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь энэ гэрээний үүргийг хариуцах ёсгүй. Учир нь манай компани*******-д Норд бенз маркийн автомашиныг зээлээр худалдсан юм. Улмаар*******-ийн нэр дээр автомашин эзэмшигчийн бүртгэл шилжээгүй байсан учир намайг эзгүйд манай менежер Б.Цэрэнбалтавд*******-иас хүсэлт тавьж, Б.Цэрэнбалтав нь *******той гэрээ байгуулсан байсан. Манай компани *******той гэрээ байгуулах ямар нэг хүсэл зориг байгаагүй, нэг ч төлбөр *******од төлж байгаагүй ба*******-иас *******од төлбөр төлдөг байсан. Мөн*******-иас бичгээр хүсэлт гаргасны дагуу бид *******, Н.Баярсайхан нарын Барьцааны гэрээ-г цуцалж, хөрөнгийг барьцаанаас чөлөөлж байсан тул энэ гэрээ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл юм. Иймд манай компанид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч*******-ийн төлөөлөгч С.Батжаргал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариу тайлбарт дурдсанчлан манай компани нь энэ гэрээний дагуу *******ын өмнө үүрэг хүлээх хүсэл зориг байгаагүй тул энэ гэрээ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл юм. Түүнчлэн манай компанийн менежер Б.Цэрэнбалтав нь надаас зөвшөөрөл авалгүй *******той гэрээ хийсэн тул Компанийн тухай хууль болон Иргэний хуулийн 56.1.8-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 07/08 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ******* миний бие*******-ийг надтай гэрээ байгуулахыг шаардаагүй бөгөөд******* болон*******-ийн тохиролцоог мэдээгүй, зөвхөн гэрээ байгуулсны үндсэн дээр хөлс төлбөрөө л авах зорилготой байсан. Гэрээ байгуулах үед*******-ийн Цэрэнбалтав,*******-ийн Н.Наранбаяр нар бүгд байсан. Миний хувьд хэнтэй гэрээ байгуулах нь чухал биш, хөлсөө л авах нь чухал юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 184/ШШ2019/01012 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан*******-иас 25.840.018 төгрөгийг гаргуулан *******од олгож, нэхэмжлэлээс 61.843.118 төгрөгийн шаардлага болон хариуцагч*******-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 07/08 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай*******-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 596.000 төгрөгийг, хариуцагч*******-иас төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******оос 365 төгрөгийг, хариуцагч*******-иас 216.950 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч*******-иас 287.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар 19-ний өдрийн 1144 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/01012 дугаар 343 дугаар зүйлийн 343.1 гэснийг 359 дүгээр зүйлийн 359.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч*******-ийн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 150 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч*******-ийн төлөөлөгч Х.Энхсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч*******-ийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 17-ны өдрийн 184/ШШ2019/01012 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 сарын 19-ний өдрийн 1144 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлохдоо хууль хэрэглээний хувьд алдаа гаргаж, хуулийг буруу тайлбарлан, нотлох баримтад буруу үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 07/08 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрөө хариуцагч*******, иргэн Н.Баярсайхан нарын хооронд 07/07 тоот Барьцааны гэрээ байгуулагдсан. 2012 оны 03 дугаар сард манай компанийн Элстэйн уурхай дээр ажилчид архидан согтуурч, зохисгүй үйлдэл гаргаснаас болж Н.Баярсайхантай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулагдсан Барьцааны гэрээ-г цуцлах тухай мэдэгдлийг*******-иас*******-д өгч, гэрээ цуцлагдсан байдаг. /хх-213, 214 дэх тал/
Ийнхүү Барьцааны гэрээ цуцлагдсанаар мөн өдөр байгуулагдсан 07/06, 07/08, 07/09 тоот Ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдаж, Ажил гүйцэтгэх гэрээ болон гэрээ байгуулах саналын дуудлагад дурдсан болзол хэрэгжих боломжгүй болсон юм. Мөн нэхэмжлэгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Барьцааны гэрээ цуцлагдсаныг мэдсэн,*******-д гэрээгээ шинэчилж байгуулах тухай санал гаргаж байсан гэж мэдүүлсэн болно. Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтаар гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдсон байхад эргэлзээтэй баримт гэсэн нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн үүргийн хэмжээг тооцвол: Шүүхийн шийдвэр, магадлалд: Нэхэмжлэгч *******, 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний 1.6-д харилцан тохиролцсоны дагуу нийт 10 106.54 тонн /1 917.05 тонн+8 189.49 тонн/ баяжмалыг гэрээний дагуу тээвэрлэсэн гэж үзнэ. 10 106.54 тонн*3.3 ам.доллар=33 351.58 ам.доллар төлөх ёстой. 33 351.58*1 851.39 төгрөг /нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ханш/=61 746.633 төгрөг, үүнээс нэхэмжлэгчийн авсан мөнгийг хасч тооцвол 61 746.633 - 35 906.6157 = 25 840 018 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож гэж дүгнэсэн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч ******* нь хилийн тээвэр буюу Дорноговь аймгийн Ханги хилийн боомтоос Мандал хилийн боомт хүртэл /богинын 14 км/, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Элстэйн уурхайгаас Ханги хилийн боомт хүртэл /уртын 138 км/ зайд нийт 26 716.36 тонн баяжмал тээвэрлэсэн байдаг. Үүнээс 26 716.36-18 882.95 тонн богинын 14 км зайд тээвэрлэсэн баяжмалыг хасч тооцвол 7 930.41 тонн баяжмалыг гэрээний дагуу Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Элстэйн уурхайгаас Ханги хилийн боомт хүртэл тээвэрлэсэн байна. Харин богинын зайд тээвэрлэсэн баяжмалыг уртын зайд шилжүүлэн тооцох боломжгүй, богинын тээвэр нь Ажил гүйцэтгэх гэрээ-ний үйлчлэлд хамаарахгүй юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх богинын тээврийг уртын тээвэрт тооцон шилжүүлж, гэрээний гол нөхцөлд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч******* нэхэмжлэгчид гэрээний дагуу тээвэрлэсэн 7 930.41тонн*3.3 ам.доллар = 26 170.35 ам.доллар төлөх ёстойгоос 25 683.29 ам.долларыг төлсөн байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх үүрэг үүсэх үеийн ханшаар буюу 2011-2014 онд нэхэмжлэгчид төлчихсөн мөнгийг хожим 2014.10.20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцон 25 840 018 төгрөгийг гаргуулж маргааныг шийдвэрлэж байгаа нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т заасантай нийцэхгүй байна. Төлөгдсөн төлбөрийг бол тухайн төлбөр төлсөн үеийнх нь ханшаар тооцож бодно. Ирээдүйд төлөх төлбөрийг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож төлөх ёстой юм. Ийнхүү хариуцагч*******-ийн зүгээс нэхэмжлэгчид үүрэг гүйцэтгэсэн хугацаанд, үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар нь тооцож хөлсийг нь олгосон өр төлбөргүй болно. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд даргалагч шүүгч гарын үсэг зураагүй байгаа нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын хариуцагч*******-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Н.Ганбат нь*******,*******-иудад холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 87 683 136 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч******* нь хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 25 840 018 төгрөгийг хариуцагч*******-иас гаргуулж, үлдэх шаардлага болон хариуцагч*******-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч*******-ийн гаргасан сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдсон тул хариуцагч*******-ийн гаргасан гомдлын агуулгаар хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.1.-д Давж заалдах журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.4.-т магадлал хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна. гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл *******ын нэхэмжлэлтэй*******,*******-иудад холбогдох хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон нэг шүүгч магадлалд гарын үсэг зураагүй байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд хэрэг шийдвэрлэхэд оролцсон шүүх бүрэлдэхүүн бүгд гарын үсэг зурах ба аль нэг шүүгч нь гарын үсэг зураагүй нь магадлалыг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1., 168 дугаар зүйлийн 168.1.5.-д заасан үндэслэл болж байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1., 51.4., 96 дугаар зүйлийн 96.1., 96.2.-т зааснаар хэргийн оролцогч оролцож байгаа бол давж заалдах шүүх хуралдаанд тэмдэглэл хөтөлнө, тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтөлж, шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор бэлэн болгоно. Тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна. гэжээ.
*******ын нэхэмжлэлтэй*******,*******-иудад холбогдох хэргийг хэлэлцсэн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдаан даргалагч гарын үсэг зураагүй байна.
Шүүх хуралдааны тэмдэглэл нь давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу хэрхэн явагдсаныг тогтооно. Давж заалдах шатны шүүхийн тэмдэглэлд хуралдаан даргалагч гарын үсэг зураагүйгээс тус шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар 19-ний өдрийн 1144 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч*******-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД