Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/00131

 

  ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/01211 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар 31-ний өдрийн 1431 дүгээр магадлалтай,

 ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Д.Должинсүрэнд холбогдох,

Нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр, алдангийн хамт нийт 2 442 246 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямгомбын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Мандахсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Райзен стар ХХК нь иргэн*******тэй 2015.02.10-ны өдөр №15\16 тоот Худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхэлсэн.******* нь 2015.02.10-ны өдрөөс бараа авч эхэлсэн, 2015 оны 05 дугаар сараас 2016 оны 11 сар хүртэл хугацаанд нийт 3 374кг буюу 18 088 386 төгрөгийн бараа зээлээр авснаас 475кг буюу 2 551 623 төгрөгийн барааны буцаалт хийж, үлдэх 2 899кг буюу 15 536 763 төгрөгийн бараа зээлээр авч, 13 908 6090 төгрөгийг төлсөн. Үлдэх 1 628 164 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй тул гэрээнд заасны дагуу алданги тооцож, нийт 2 442 246 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямгомбо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК-тай байгуулсан гэрээг сунгах талаар ямар нэгэн харилцан тохирсон зүйл байхгүй байхад дур мэдэн, хүчээр гэрээг сунгаж алданги тооцсон байна. Иймд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн ******* ХХК-иас нийлүүлдэг байсан бараа бүтээгдэхүүн зарим тохиолдолд чанарын шаардлага хангахгүй, бараа бүтээгдэхүүнээ цаг тухайд нь нийлүүлдэггүй, буцаалт маш их гардаг байсан. ******* ХХК-ийн ачигч нар бараа буулгахад хамаагүй, эмх замбараагүй буулгадаг байсан. Бид нэхэмжлэлийн шаардлагаас 1 628 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/01211 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч*******гээс 2 442 246 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 030 төгрөгииг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 54 030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар 31-ний өдрийн 1431 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/01211 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 087 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямгомбо хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгч талын эрх ашгийг хамгаалсан , хэрэгт байгаа нотлох баримтыг зөвхөн нэхэмжлэгч талд ашигтайгаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх заалт, 40-р зүйлийн 40.2 дахь заалтыг тус тус зөрчсөн байдаг. Үүнд: нэхэмжлэгч ******* ХХК нь 2015 оны 2 сарын 10-ны өдөр*******тэй байгуулсан хамтран ажиллах гэрээгээ мах үнэд орсон тул хугацаандаа нийлүүлэх боломжгүй болсон, онцгой байдал үүсээд байна гэдэг тайлбар гаргаж, хугацаандаа нийлүүлэхгүй байнга хохироож байсан. Гэтэл******* нь ажлын байр түрээслэж, Номин дэлгүүрт олон өрсөлдөгчтэй ажилладаг, ажлыг маань алдагдуулж орлого бууруулж байсан, тэгээд чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нийлүүлж буцаалт хийж цаг алддаг байсан, тиймээс******* нь гэрээгээ сунгаагүй байхад өөрсдөө дур мэдэн гэрээгээ сунгаж,*******д алданги тооцсон, гэтэл нэхэмжлэгч тал өөрсдөө гэрээний үүргээ биелүүлдэг цаг тухайд нь нийлүүлж байсан, чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг байснаа нотлоогүй, нотлох баримт байхгүй байхад шүүх нэхэмжлэгч талыг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үнэлж, зөвхөн нэхэмжлэгчид ашигтайгаар нотлох баримтыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Мөн гэрээний хугацаа дууссан байхад нэхэмжлэгч тал алданги авахын тулд*******гийн гарын үсгийг дуурайлган зурсан, энгийн нүдээр харахад л илт өөр гарын үсэг байдаг, нэхэмжлэгч тал энэ хууль бус гэрээ сунгалтыг үндэслэн 814 082 төгрөг алдангид нэхэмжилж байгаа нь хангалттай баримтаар нотлогддоггүй. Гэтэл анхан шатны шүүх шууд л энэ баримтыг үндэслэн хариуцагчаас алданги 814 082 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчсөн байдаг.

Иймээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2019/01211 шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангид тооцсон 814 082 төгрөгийг гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

 Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч*******д холбогдуулан нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр, алдангийн хамт нийт 2 442 246 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч, алдангийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Хэрэгт авагдсан баримтаар зохигч 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулсан, гэрээний дагуу нийлүүлэгч ******* ХХК нь Олон улсын болон Монгол улсад мөрдөгдөж буй чанар, стандартын шаардлага хангасан хүнсний өргөн хэрэглээний бараа нийлүүлэх, борлуулагч******* шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг борлуулахаар, төлбөрийн тооцоог нийлүүлсэн хэмжээгээр сар бүрийн 9, 22-нд хийх, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

 Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх заалтад нийцсэн байна.

 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх тул нэхэмжлэгч нийлүүлсэн барааны үнийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь нийт 2 899 кг буюу 15 536 763 төгрөгийн үнэ бүхий тахианы мах, махан бүтээгдэхүүн нийлүүлсэн, хариуцагч барааны төлбөрт 13 908 600 төгрөгийг төлсөн, 1 628 164 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа талаар хариуцагч маргаагүй, харин гэрээг сунгаагүй тул алдангийг төлөхгүй гэж маргажээ.

 Анзын гэрээг бичгээр хийхээр хуульд зохицуулсан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 4.5.-д хэрэв борлуулагч нь борлуулалтын төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн хоног тутамд 0.5 хувийн алдангийг нийлүүлэгчид төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2., 232.6. дахь заалтуудыг зөрчөөгүй байна.

 Талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан бөгөөд хариуцагч нь гэрээний хугацааг сунгаагүй гэж маргах боловч гэрээнд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан тухай тэмдэглэл хийгдсэн, энэ хугацаанаас хойш нийлүүлэгчээс бараа хүлээн авч, борлуулалт хийж, тооцоо нийлж байсан, гэрээний хугацаа сунгагдсан баримтыг үгүйсгэсэн, няцаасан үндэслэл, тайлбартай холбоотой баримт хэрэгт авагдаагүй тул хоёр шатны шүүх гэрээг сунгагдсан гэж үзсэн, хариуцагчийг нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

 Хариуцагч нь 2017 оны 09 дүгээр сард тооцоо нийлснээс хойш 2018 оны 05 дугаар сард 450 000 төгрөгийн төлбөр төлж, 1 628 164 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн бөгөөд үүнээс хойш төлбөр төлөөгүй тул энэ хугацаанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах 2019 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд үлдэгдэл төлбөрийн 50%-иар алданги тооцож, 814 082 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2., 232.4., 232.6. дахь заалтуудыг зөрчөөгүй тул ...шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, алдангийг хэрэгсэхгүй болгох-ыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

 Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч ******* ХХК-иас хариуцагч*******д нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт, нийт 2 442 246 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/01211 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар 31-ний өдрийн 1431 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямгомбын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямгомбоос 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 087 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           П.ЗОЛЗАЯА

                               ШҮҮГЧ           Х.ЭРДЭНЭСУВД