Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2019/01211

 

2019 оны 05 сарын 22 өдөр                      Дугаар 183/ШШ2019/01211                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн .... тоот хаягт байрлах Р  ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух, Д.Д  /РД....... /-д холбогдох,

 

Худалдааны хамтран ажиллах гэрээний үүрэгт 2,442,246 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

 

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Бид Д.Д тэй тооцоогоо сар бүр нийлүүлж тооцоо хийдэг байсан. Хариуцагчтай 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тооцоо нийлж акт үйлдсэн. Хамгийн сүүлд тооцоо нийлүүлэхэд Д.Д  3,928,163 төгрөг төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн 1,450,000 төгрөгийг нэхэмжлэл гаргахдаа хасаж тооцсон талаар нотлох баримт хэрэгт авагдсан. Манайх хариуцагчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүссэн хэмжээгээр нь нийлүүлж, бараагаа Д.Д д цаг тухайд нь хүргэж өгдөг байсан. Бид гэрээний үүргээ хангалттай сайн биелүүлсэн. Д.Д  бараа бүтээгдэхүүний төлбөр төлөх чадваргүй хэмжээнд хүрч бараа нийлүүлсэн төлбөр шаардахад янз бүрийн шалтаг хэлдэг байсан. Тооцооны хувьд тухай бүр тооцоо нийлүүлдэг байсан. Тухайн үед Д.Д  төлбөр төлөх ямар ч боломжгүй банкнаас зээл аваад ч хамаагүй манай төлбөрийг төлнө гэж хэлдэг байсан боловч одоо хүртэл төлбөр төлөөгүй байна. Хариуцагч төлбөр төлөхгүй явсаар ийм хэмжээний төлбөрийн үлдэгдэлтэй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж, хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Манайх Р  ХХК-тай байгуулсан гэрээний алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бид гэрээ сунгах талаар Р  ХХК-тай ямар нэгэн харилцан тохирсон зүйл байхгүй атлаа Р  ХХК өөрийн дур мэдэн, хүчээр гэрээг сунгаж алданги тооцсон байна. Иймд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Р  ХХК-иас нийлүүлдэг байсан бараа бүтээгдэхүүн зарим тохиолдолд чанарын шаардлага хангахгүй, бараа бүтээгдэхүүнээ цаг тухайд нь нийлүүлдэггүй, буцаалт маш их гардаг байсан. Р  ХХК-ийн ачигч нар бараа буулгахад хамаагүй, эмх замбараагүй буулгадаг байсан. Бид нэхэмжлэлийн шаардлагаас 1,628,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

 

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

            Шүүх Р  ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч худалдааны хамтран ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр 1,628,164 төгрөг, алданги 814,082 төгрөг нийтдээ 2,442,246 төгрөг гаргуулахыг хүссэн, хариуцагч үндсэн төлбөрийг зөвшөөрч алдангийг төлөхгүй гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараас үзэхэд талуудын хооронд 2015.02.10-ны өдөр худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулсан, Р  ХХК шаардлага хангасан хүнсний өргөн хэрэглээний барааг нийлүүлэх үүрэг хүлээсэн байх бөгөөд гэрээний 4.1, 4.2, 4.3, 4.5-д зааснаар захиалгын дагуу нийлүүлсэн барааны төлбөрийг сард 2 удаа сар бүрийн 9, 22-ны өдөр хариуцагч төлж байх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг төлөхөөр тохирсон байна.

 

Нэхэмжлэлд дурдсанаар Д.Д  нь 2016 оны 5 сараас 2016 оны 11 сар хүртэл хугацаанд нийтдээ  3374 кг буюу 18,088,386 төгрөгийн бараа зээлээр авснаас 475 кг буюу  2,551,623 төгрөгийн барааг буцааж, нийтдээ 2899 кг буюу 15,536,763 төгрөгийн бараа зээлээр авсаны төлбөрөөс 13,908,600 төгрөгийг төлж, үлдэх 1,628,164 төгрөгийг төлөөгүй гэжээ.

 

Шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Талуудын хооронд байгуулсан худалдааны хамтран ажиллах гэрээний хугацаа 2015.12.31-нд дууссан боловч 2016.01.01-ний өдрөөс 2017.12.31-ний өдрийг хүртэл сунгасан байх бөгөөд Д.Д гийн авсан бараа болон  төлсөн төлбөрийн жагсаалт, зарлагын баримтууд, 3 удаагийн тооцоо нийлсэн акт зэрэг бичгийн баримтуудаар үлдэгдэл төлбөр 1,628,164 төгрөг болох нь тогтоогдсон байна.

 

Хариуцагч тал өөрийн татгалзал, тайлбараа нотолсон баримт ирүүлээгүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр хийсэн, 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлээгүй алданги тооцсон  байх тул гэрээний үлдэгдэл төлбөр 1,628,164 төгрөг, алданги 814,082 төгрөг нийтдээ 2,442,246 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Р  ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                    

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Д гээс 2,442,246 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р  ХХК-д олгосугай

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 54,030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

                         

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ