| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/03989/И |
| Дугаар | 437 |
| Огноо | 2018-02-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 437
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Х б” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Боржигон ургийн овогтой Д.У /РД: /-т холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Боржигон ургийн овогтой Д-ийн У /РД:/,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 31,739,229 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаан: Нэхэмжлэгч “Х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Д.У-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.У нь 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 13/424 тоот Кредит картын гэрээгээр 17,300,000 төгрөгийг жилийн бэлэн зарлага 30 хувь, бэлэн бус зарлага 24 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, зээлийн эрх нээлгэсэн бөгөөд барьцаанд Налайх дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрлэлийн зориулалттай 20,000 м.кв /га/, нэгж талбарын 18667291528709 дугаартай газар эзэмших эрхийг барьцаалуулсан. Зээлийн кредит карт нь зээлийн төлөлтийн хэмжээгээр дахин авч ашиглах боломжтой зээлжих эрх тул нэхэмжлэлд зөвхөн зээл төлөгдөхгүй муу зээл болсноос хойших үндсэн зээлийн төлөлтийн дүнг бичсэн. Зээлдэгч зээлийн хүүнд 4,313,362.95 төгрөг, бэлэн зарлагын шимтгэл 3,550 төгрөг, хугацаа хэтрүүлсний шимтгэлд 150,000 төгрөг бүгд 4,466,912.95 төгрөг төлсөн байна. Зээлдэгчид кредит картын гэрээний дагуу үндсэн зээлд 259,000 төгрөг төлсөн байна. Кредит картын хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгч зээлийн төлбөрийг төлөөгүй болно. Иймээс банк дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн төлбөр гаргуулах үндсэн зээлийн үлдэгдэл 16,651,046 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 14,238,183 төгрөг, хугацаа хэтрүүлсний шимтгэл 850,000 төгрөг, нийт 31,739,229 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамж 316,646 болон 70,200 төгрөгийн хамт гаргуулах, зээлдэгч зээлийн төлбөрөөр сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Налайх дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрлэлийн зориулалттай 20,000 м.кв /га/, нэгж талбарын 18667291528709 дугаартай газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.
Хариуцагч Д.У-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, зээлийн төлбөрт 31,739,229 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.У нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, дор дурдсан тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1.Зээлдүүлэгч “Х б” ХХК нь зээлдэгчтэй гэрээ хийхээс өмнө харилцан тохирч байсан хэлэлцээнээс буцсан. Өөрөөр хэлбэл зээлийг 5 жилийн хугацаатай олгоно гэж байснаа ердөө 1 жилийн хугацаатай, Монголоос өөр хаана ч байхгүй жилийн 30 хувийн хүүтэй, сар бүр дансандаа 5-8 сая төгрөг байршуулах гэх мэт маш хүнд нөхцөлтэй гэрээг зээлдэгчид сайтар ойлгуулалгүйгээр байгуулсан. Банк зээлдэгч нар хэн алиндаа ашигтай гэрээ байгуулах ёстой. Гэтэл зээлдэгч Д.У зээлдүүлэгч “Х б” ХХК-ийн хооронд байгуулсан Кредит картын гэрээ нь зөвхөн банкны эрх, ашиг сонирхлыг өөрөөр хэлбэл дан ганц банкны эрхийг хамгаалсан гэрээ байна. Хаан банк гэрээний хугацааг сунгах, зээлийг бизнесийн зээл рүү шилжүүлж өгөхийг хүссэн зээлдэгчийн хүсэлтийг хүлээж аваагүй. Зөвхөн зээлдэгчийг хясан боогдуулж маш богино хугацааны зээл олгочихоод зээлийг төлөхийг шаардсан. Гэрээ байгуулсан үед болон одоо ч улс орон эдийн засаг хүнд байдалд орж, бүхий л худалдаа арилжаа, барилга, уул уурхайн салбар зогсонги байдалд орж, зээлдэгчийн тавилгын худалдааны бизнес ч бусад бизнесийн адил зогсонги байдалд орж орлого нь буурсан тул бизнесийн үйл ажиллагаа нь зогссон. Үүнээс шалтгаалан гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон байна. Зээлдэгч Д.У нь үндсэн зээлд 259,000 төгрөг төлсөн. Зээлийн хүүд 4,313,362,95 төгрөг, бэлэн зарлагын шимтгэлд төгрөг, хугацаа хэтрүүлсний шимтгэлд 150,000 төгрөг төлсөн. Банк нэхэмжлэлдээ 2014 оны 11 сарын 30-ны өдөр Кредит картын хугацаа дууссан гэжээ. Банктай байгуулсан Кредит картын гэрээний 6 зүйлийн 6.2.1-д" 6 буюу түүнээс дээш удаа төлбөр төлөх хугацаанд төлбөрийн доод хэмжээ бүрэн төлөөгүй, эсхүл төлбөр төлөх хугацааг 60 дээш хоногоор хэтрүүлсэн бол зээлжих эрхийг хүчингүй болгож гэрээг цуцална." гэж заасан байна. Кредит картын гэрээний 7 зүйлийн 7.1-д" Гэрээний хугацаа дуусахад кредит карт эзэмшигч нэхэмжилсэн төлбөрийг төлөөгүй бүрэн төлөөгүй буюу банк энэхүү гэрээний 3.4-т заасан дансандаа, эсхүл барьцаа хөрөнгөнөөс хуульд заасан журмаар гэрээний үүргийг хангуулна." гэж заасан. Банк энэ үүргээ хэрэгжүүлсэн бол хариуцагч 14,238,183 төгрөгийн хүүгийн төлбөр төлөхгүй байсан. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т "Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж заажээ. Банк гэрээний хугацаа дууссан карт эзэмшигчээс ямар нэгэн төлбөр төлөхгүй байхад барьцаа хөрөнгөнөөс хуульд заасан журмаар гэрээний үүргийг хангуулах талаар арга хэмжээ аваагүйг нь үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 223.2.4-т "мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах" гэж заасны дагуу хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөрийг төлөх үндэслэлгүй байна. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээнд хугацаа хэтрүүлсний шимтгэл гэж хэд байх талаар тохиролцоогүй талуудын хооронд байгуулсан 13/424 тоот гэрээний 1-р зүйлийн 1.3.9-д хугацаа хэтрүүлсний шимтгэл гэж хоосон байгаа. Иймд хугацаа хэтрүүлсний шимтгэл гэж нэхэмжилсэн 850,000 төгрөгийн шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 16,651,046 төгрөг, нэг сарын хүү 410,573 төгрөг нийт 17,061,619 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үлдсэнийг нь зөвшөөрөхгүй. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг шүүх хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.У шүүхэд гаргасан тайлбартаа: Барьцааны гэрээнд би гарын үсэг зурсан. Барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэсэн хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х б” ХХК нь хариуцагч Д.У-т холбогдуулан зээл 16,651,046 төгрөг, 2014 оны 11 сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 сарын 31-ний өдөр хүртэл хугацааны зээлийн хуу 14,238,183 төгрөг, хугацаа хэтрүүлсний шимтгэл 850,000 төгрөг нийт 31,739,229 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох Налайх дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрлэлийн зориулалттай 20,000 м.кв, нэгж талбарын 18667291528709 дугаартай газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг хариуцагч зээл 16,651,046 төгрөг, нэг сарын хүү 410,573 төгрөг нийт 17,061,619 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг нь эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэгч “Х б” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгов.
Хариуцагч Д.У 2013 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр “Х б” ХХК-тай Кредит картын гэрээг байгуулж, гэрээнд 17,300,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, бэлэн зарлагын хүү жилийн 30 хувь, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24 хувь байхаар тохиролцож, зээлийн барьцаанд Налайх дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрлэлийн зориулалттай 20,000 м.кв, нэгж талбарын 18667291528709 дугаартай газар эзэмших эрх бүхий газар барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, кредит картын болон барьцааны гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хуулийн агуулгад нийцсэн, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хариуцагч зээлийн үлдэгдэл 14,238,183 төгрөг, зээлийн гэрээний хугацаан дахь сүүлийн нэг сарын зэлийн хүү 410,573 төгрөгийг төлөх үүрэгтэй тухайд маргаагүй. Харин зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүү, шимтгэл төлөх хуулийн болон гэрээний үүрэг үүсээгүй гэж тайлбарлажээ.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаас дүгнэвэл талууд гэрээ байгуулахдаа гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд төлөх хүүгийн хэмжээг тохиролцож, гэрээнд тусгасан байх шаардлагатай. Гэвч талуудын байгуулсан кредит картын гэрээнд зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд төлөх хүүгийн талаар тусгаагүй байна. Түүнчлэн гэрээний 1.3.9-д “Хугацаа хэтрүүлсний шимтгэл” гэж бичсэн байгаа хэдий ч ямар хэмжээгээр төлөх талаар мөн гэрээнд тусгаагүй тул талуудыг гэрээний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд төлөх хүү, шимтгэл төлөхөөр тохиролцоогүй байна.
Талууд гэрээнд зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүү, хугацаа хэтрүүлсний шимтгэл төлөхөөр тохиролцоогүй байх тул хариуцагч Д.Уээс зээл, зээлийн хүү нийт 17,061,619 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүү, хугацаа хэтрүүлсний шимтгэл нийт 14,677,610 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд 2013 оны 11 сарын 30-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.У нар өөрсдийн хүсэл зоригийн дагуу БГҮ-13/424 дугаартай барьцааны гэрээ байгуулсан, уг гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 153, 154, 156, дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасан.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.У нь зээлийн барьцаанд Налайх дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрлэлийн зориулалттай 20,000 м.кв, нэгж талбарын 18667291528709 дугаартай газар эзэмших эрх бүхий газрыг барьцааны гэрээний 5 дугаар зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, шүүхийн журмаар худалдан борлуулахыг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч Д.У шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Налайх дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрлэлийн зориулалттай 20,000 м.кв, нэгж талбарын 18667291528709 дугаартай газар эзэмших эрх бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн , 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Д.У-ээс 17,061,619 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,677,610 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч Д.У нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол Налайх дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрлэлийн зориулалттай 20,000 м.кв, нэгж талбарын 18667291528709 дугаартай газар эзэмших эрх бүхий Д.У-ийн эзэмшлийн газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 386846 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.У-ээс 243,258 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х б” ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР