Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2021/00087

 

............ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00940 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1388 дугаар магадлалтай,

 

............ийн нэхэмжлэлтэй

Б............., ............ нарт холбогдох

 

Хамтран ажиллах эрх, үүрэг, олох байсан ашиг, бизнест хүлээсэн үүргийг шилжүүлсэн тул хариуцагч Б.............гоос 12 290 000 төгрөг, хамтран ажиллах гэрээний үндсэн дээр олох байсан орлого, хамтран ажиллах үүрэгт хариуцагч ............ээс 12 500 000 төгрөгийг тус тус гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн огноотой тохиролцоо гэх нэртэй хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, дээрх хэлцлийн дагуу шилжүүлсэн 210 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч ............ийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ............, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ............тэй 2014 оны 06 дугаар сараас эхлэн Баянзүрх дүүргийн 7-р хороо, Сансар хороолол, Баянцээл үйлчилгээний төвд байрлах, гараашийн зориулалтаар ашиглагдаж байсан газрыг түрээслэн орчин үеийн тохижилт, тоног төхөөрөмжтэй, өндөр зэрэглэл бүхий авто угаалгын газар болгон тохижуулж 50 хувийн эрхтэйгээр ажиллуулж эхэлсэн. 2014 оны 11 дүгээр сараас ............ийн найз Б............. харагдах болсон.Б............. нь тухайн авто угаалгын газарт камер суулгаж өгснөөр бидний ажилд тус болсон. Гэхдээ 2015 оны 3 дугаар сарын эхээр ажилдаа ирэхэд ............ ярилцах хэрэг байна гэж машиндаа дуудаж суулгаад бид ажлынхаа талаар ярилцаж байтал ...хаврын цагт авто угаалга уналтанд ордог, өвлийн улирал болон цагаан сарын өмнө ашигтай байдаг тул өөр хүнд давхар түрээслэх талаар боломжтой... гэж ............ хэлж 2-3 сар түрээслээд ашгаа 3 хувааж авья гэсэн саналыг тавихад нь хоёулаа эхэлсэн ажлыг 3 хувааж чадахгүй гэдэг зүйлийг хэлсэн. Энэ үед Б............. хамт байсан. Ингээд намайг угаалгын газарт хэдэн төгрөг зарцуулсан талаар асууж чамд 25 000 000 төгрөг гаргаад өгье, үүнээс хойшхи асуудлыг бид өөрсдөө авч явна гэх зүйлийг яриад салсан. Анх Б.............,............ нарыг найзууд гэж байсан боловч үерхэж, хосууд болсон байсан учир би өөрөө явчихья гэж бодоод тэр цагаас хойш оролцоогүй. Энэ яриа болсноос хойш 2 сарын дараа машинаа угаалгах гээд очиход угаалгын газрыг н.Даваасүрэн гэдэг хүнд түрээсэлсэн байсан. Ярилцаж тохиролцсоны дагуу Б............. мөнгөө өгөөгүй тул 8 дугаар сарын эхээр угаалгын газарт очиход н.Ган-Эрдэнэ гэх хүнд түрээслэсэн байсан. Үүнээс хойш 08 дугаар сарын 01-ний өдөр 210 000 төгрөгийг Б............. шилжүүлсэн. Бидний хооронд болсон үйл явдлыг анхнаас нь мэдэж байсан хүн нь ............ юм. 2015 оны 02 дугаар сараас эхлэн угаалгын газрыг өөр хүмүүст түрээслэж мөнгийг нь авч байсан. Бид тухайн үед гэрээг дүгнэж байсан. ............, ............ нар хамтран ажиллах гэрээг амаар тохиролцон адил тэнцүү хөрөнгө оруулсан. 30 000 000 төгрөгийн хөрөнгө оруулснаа 2015 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталгаажуулсан. ............ хамтран ажиллах гэрээнээс гарсан үндэслэл нь оруулсан хөрөнгө 25 000 000 төгрөгийг Б............. 2015 оны наадмаар өгнө гэсэн учраас, Б............., ............ нар хамтын амьдралтай болсон тул гэрээний нэг тал болсон. Тиймээс Б............., ............ хоёр нь ............ийн 50 хувийг шилжүүлж, гэрээнээс гарч байгаа тал мөнгөн хэлбэрээр эргүүлэн авахаар зөвшөөрсөн. Хамтран ажиллах гэрээнээс гарснаас хойш бүх үйл ажиллагааг ............, Б............. нар хариуцаж байсан тул Г.Энхбаттай түрээсийн гэрээний харилцаатай байсан асуудлаа дуусгаж 2015 оны 2 дугаар сарыг дуустал ямар нэгэн төлбөр тооцоо байгаагүй. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр амаар тохиролцсон, ямар нэгэн бичиг баримт үйлдээгүй. 2015 оны 4 дүгээр сарын 02-нд Б.............той тохиролцоо байгуулсан. Бидний тохиролцоо 3 дугаар сарын 04-нд хийгдсэн байгаад дараа нь бичгээр болгож бичсэн зүйл байгаа. Надад 210 000 төгрөгийг өгч байгаа үйлдэл нь тохиролцоог зөвшөөрсний дагуу л өгч байгаа. Өөрөөр хэлбэл авто угаалгын үйл ажиллагааны 50 хувийг хүлээж авсан гэдгээ нотлож төлсөн. Энэ бол хамтран ажиллах гэрээний 50 хувийг заавал бичгээр, нотариатаар орно гэсэн зүйл байхгүй. Амаар хийсэн хэлцлээ цаасан дээр буулгасан хэлбэр. Хамтран ажиллах гэрээний 50 хувийг эзэмшиж ашиглах, эрх шилжүүлж, үйл ажиллагаа явуулж байгаа Г.Энхбат гэж хүнтэй байгуулсан түрээсийн гэрээтэй хольж хутгаад байна. Хамтран ажиллах гэрээ, түрээсийн гэрээний харилцаа тусдаа ойлголт юм. Иймд хариуцагч Б.............гоос 12 290 000 төгрөг, хамтран ажиллах гэрээний үндсэн дээр олох байсан орлого, хамтран ажиллах үүрэгт хариуцагч ............ээс 12 500 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ............ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, би энэ хүнээс мөнгө зээлж байсан удаа надад байхгүй, мөнгө төлөх үүрэг хүлээгээгүй. Бид хамтран ажиллахаар иргэн Д.Энхбатын объектыг түрээслэж гэрээ байгуулснаар бид гэрээний нэг тал болсон. Уг гэрээг дүгнэж 2014 оны 2 дугаар сарын-20-ны өдөр акт үйлдэж бид гарын үсэг зурсан. 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн түрээс болон ашиглалтын зардлаа төлж барагдуулах гэрээ дуусгавар болох заалтаар гэрээ хүчингүй болсон. Удалгүй тог усаар хангахгүй, түрээсийн хугацаа хэтэрсэн гэх шалтгаанаар хөөж гаргаж, иргэн н.Пүрэвцэрэнд авто угаалгын газрыг түрээслэсэн. ............ түрээсийн гэрээг хүчингүй болгосон актыг өөрийн биеэр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурчихаад, ямар ч хамаагүй аргаар хохирлоо барагдуулах гэж надад мэдэгдэлгүй ашиг орлого ихтэй гэж худал хэлж Б.............той тохиролцсон байсан. ............ бид хамтран ажиллах явцдаа гэрээний талаар огт дүгнэж ярилцаж байгаагүй. Одоо санахад зээл авч аавтайгаа барилга барьж байгаа, байраа барьцаанд тавьж байгаа бичиг баримт бүрдүүлэх хэрэгтэй байна, туслаач гэж бичиг баримт бүрдүүлээд ирэхэд нь уншихгүйгээр гарын үсэг зурсан тохиолдол бий. ............ хамтран ажиллах гэрээнээс гарсан зүйл байхгүй. Б............., ............ нар хоорондоо хэлцэл хийсэн талаар би мэдээгүй. 2018 онд шүүхээс намайг хамтран хариуцагчаар татах үед мэдсэн. Бид хамтран ажиллаж байсан учир алдагдлаа хуваамаар байна. Би ............оос нэг дахин илүү хөрөнгө оруулсан. Энэ хүн оруулсан хөрөнгөө надаас нэхэх үндэслэлгүй. Яагаад гэвэл бид гэрээний нэг тал. Харин бидний хөрөнгө оруулсан объектын эзэн Г.Энхбат гэж хүн байгаа. Энэ хүнээс хөрөнгө оруулалтаа шаардах эрхтэй байх. Бид тухайн обьектод 2 сар 14 хоног засвар хийж, түрээсийн төлбөр, тоног төхөөрөмжийн тохижуулалт, тог усны зардал гээд нийт 154308 000 төгрөгийн цэвэр алдагдалтай ажилласан байдаг. Г.Энхбат нь авто угаалгын газраас хөөж гаргасан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан, энэ үед ............ийг ирээд өргөдөлд гарын үсэг зураад өг гэж удаа дараа, гуйсан ч ирээгүй. Тухайн үед энэ хүн намайг их өрөнд хаяад явсан атлаа хэдэн жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаад нь гайхаж байна.Н.Энхбат гэх хүний объектод засвар хийчихээд тэр оруулсан хөрөнгөө яагаад надаас нэхээд байгааг ойлгохгүй байна. ...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.............гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ............, ............ нарын н.Энхбаттай байгуулсан түрээсийн гэрээнд Б............. гэрээний тал болгоогүй тул ............ нь Б.............той тохиролцоо хийх байсан бол гэрээний талуудаас зөвшөөрөл авч байж хэлцэл хийх байсан. Хамтран ажиллах гэрээнээс гарч байгаа тал нөгөө талынхаа эрхийг хөндөхгүйгээр гэрээнээс гарах ёстой. Мөн гэрээнээс гарч байгаа талын хувийг хамтран ажиллаж байгаа буюу ............ давуу эрхээр авах эрхтэй боловч энэ талаарх баримт байхгүй. ............ нь найзууд байсан учир ямар нэгэн бичиг баримт үйлдэх шаардлагагүй байсан гэдэг нь үндэслэлгүй тайлбар гэж үзэж байна. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцоод талууд өгсөн авсан зүйлээ буцааж байгаа тул ямар нэгэн байдлаар орлого олоогүй нь н.Даваасүрэн, н.Ган-Эрдэнэ нарын гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн тухайд ............той Брилиант авто угаалгын газрын 50 хувийн эрхийг өгч, авалцахаар тохиролцож 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тохиролцоо нэртэй хэлцэл хийсэн. Уг хэлцэл нь хүчин төгөлдөр байх нөхцөлийг хангаагүй нь 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн түрээсийн гэрээний нэг тал болох ............, ............ нар байхад Б.............г түрээсийн гэрээний нэг тал болгоогүй, хэлцэл хийхээс өмнө 2015 оны 3 дугаар сарын 14-нд тухайн авто угаалгын газрыг С.Даваасүрэн гэгчид түрээслэсэн байсан тул ............той бичгээр хэлцэл хийснээс хойш авто угаалгын газраас нэг ч төгрөгийн ашиг аваагүй тул түрээслэгч, хамтран ажиллах гэрээний нэг талаас зөвшөөрөл аваагүй, бодит байдал дээр биелэх боломжгүй тохиролцоо нэртэй хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн 210 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00940 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2, 477 дугаар зүйлийн 477.3, 477.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хамтран ажиллах гэрээний эрх, үүрэг, олох байсан ашиг, бизнест хүлээсэн үүргийг шилжүүлсэн үндэслэлээр хариуцагч Б.............гоос 12 290 000 төгрөгийг, хамтран ажиллах гэрээний дагуу олох байсан орлого, хамтран ажиллах үүрэгт хариуцагч ............ээс 12 500 000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ............ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ............, Б............. нарын хооронд хийгдсэн тохиролцоо нэртэй хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 210 000 төгрөгийг нэхэмжлэгч ............оос гаргуулж хариуцагч Б.............д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 900 төгрөгийг, хариуцагч Б.............гоос сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 282 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ............оос 282 950 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.............д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1388 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00940 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ............оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ............ хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хариуцагч ............ би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт 2 үндэслэл заасан. 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэсэн байна. Шүүх хуралдааны тэмдэглэлд дутуу бичигдсэн зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ дутуу бичигдсэн зүйл нь шүүхийн шийдвэр гаргахад ямар нөлөө үзүүлсэн талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбар хэлдэггүй бөгөөд магадлалд ч гэсэн үүнийг тайлбарлаж дүгнээгүй. Шүүх хуралдааны тэмдэглэлд дутуу бичигдсэн тайлбаруудыг процессын алдаа гэхээсээ илүү тэмдэглэл хөтөлсөн хурлын нарийн бичгийн алдаа гэж үзэж байна. Энэ алдааг залруулж давж заалдах шатны шүүх дээр анхан шатны шүүх хуралдааны бичлэгийг бүрэн эхээр нь судалсан байгаа. Бичлэгийг судлахад тэмдэглэлд орхигдуулсан зүйл байсан бөгөөд түүнийг бүрэн гүйцэд судалсан. Харин зөрүүтэй бичигдсэн зүйл байхгүй болохыг анхаарах нь зүйтэй. Хавтаст хэрэгт хурлын тэмдэглэл СD хэлбэрээр нотлох баримтаар авагдсан. 2. Гар утсанд үзлэг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэсэн байна. Үнэн хэрэгтээ гар утсанд үзлэг хийх шаардлага байгаагүй. Миний бие нэхэмжлэгчтэй гар утсаар ярьсан, мессеж бичсэн талаараа огт маргаагүй. Анхан шатны шүүхийн урд өмнө болсон шүүх хурлууд дээрч гэсэн би удаа дараа үүнийгээ хэлж байсан. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ............, хариуцагч ............, Б............. нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээнээс гарах үед өгөхөөр тохирсон 12 500 000 төгрөгийг ............ээс, 12 290 000 төгрөгий Б.............гоос гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүйгээс гадна Б............. нь 2015 оны 4 сарын 02-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, шилжүүлсэн 210 000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

Анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан байна. Магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ............ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Давж заалдах шатны шүүх үзлэг хийх, тэмдэглэл үйлдэх хуульд заасан журмыг анхан шатны шүүх зөрчсөн талаар магадлалд тодорхой тусгасан байх ба магадлалд заасан уг үндэслэлээс гадна анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон боловч Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1, 478.8, 478.11 дэх хэсэгт заасан хэм хэмжээг хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч буйг нэмж дүгнэх шаардлагатай байна.

 

............ хамтран ажиллах гэрээнээс гараагүй, энэ талаар гэрээний нөгөө тал ............т мэдэгдээгүй гэх дүгнэлтийг шүүх хийсэн бол талуудын хооронд, ямар хугацаанд хамтын ажиллагаа байсан, талуудын оруулсан хураамж, хамтын ажиллагаанаас олсон ашиг, алдагдал зэрэг эрх зүйн ач холбогдол бүхий асуудлаар зайлшгүй дүгнэлт хийж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргах үндэслэлтэй байжээ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул маргааны үйл баримт, хууль хэрэглээний асуудлаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар  сарын 26-ны өдрийн 1388 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ............ийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 09 сарын 07-ны өдөр төлсөн 68 000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 215 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.УНДРАХ

                                           ШҮҮГЧ                                              П.ЗОЛЗАЯА