Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 121

 

 

 

 

 

 

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч С.Батгэрэл, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй,

 

нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

иргэдийн төлөөлөгч Т.Сарантуяа,

улсын яллагч П.Нямцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мягмаржав,

хохирогчийн өмгөөлөгч Б.Ундрахтамир,

шүүгдэгч Ч.Анхбаяр, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Чулуунхүүгийн Анхбаярт холбогдох эрүүгийн 201625030298 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Чулуунхүүгийн Анхбаяр, 1988 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын  хамт, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 5 дугаар гудамжны 60 тоотод оршин суух хаягтай, Төв аймаг, Лүн сумын 1 дүгээр баг, Цагаан-Уул хаягт бүртгэлтэй,

-Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар ШУ88020431.

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

Шүүгдэгч Ч.Анхбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, мөн 2007 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эдлээгүй үлдсэн 01 жил 4 сар 22 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан буюу ялтай байх хугацаандаа 2016 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 00 цаг 25 минутын үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, “Хөхийн дуулга” караоке паб буюу олон нийтийн газар нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, олон нийтийг үл хүндэтгэн Ж.Пүрэвжавтай ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж танхайрах явцдаа тус пабын 2 давхрын шатан дээрээс Ж.Пүрэвжавыг шидэж танхайн сэдэлтээр санаатай алсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ч.Анхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мягмаржав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би дүү Пүрэвжавыг хагалгаанд ороод биеийн байдал нь муу байгаа гэдгийг цагдаагаас мэдсэн. Миний дүү Пүрэвжав зүй бус үйлдэл хийх хүн биш. Анхбаяр дүүг маань өөр хүнтэй андуураад амь насыг нь хохироосон гэж ойлгож байгаа. Мөн Анхбаяр нь миний дүүг шидчихээд анхны түргэн тусламж үзүүлээгүйд их гомдолтой байна. Одоо оршуулгын зардлаа нэхэмжилж байна…” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын саналаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мягмаржав мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 02 дугаар сарын 9-ний өдөр буюу сар шинийн нэгний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны сургуулийн 9-119 тоотод гэрт нь ах Даваажавтай хоёулаа гэртээ байж байсан юм. 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр буюу шинийн гуравны өдөр би дүүгийн 94830517, 89830517 гэсэн дугаар луу өчнөөн залгасан боловч утсаа аваагүй, тэр үедээ Төв аймагт байна гэж ярьж байсан. Оройхондоо хот руу ажилтай гэж хэлж байсан юм. Түүнээс хойш холбоо бариагүй байж байгаад хэрэг учрал болсон өдөр нь буюу 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай эгч Гантулга над руу яриад “Пүрэвжав гэмтлийн эмнэлэг дээр хагалгаанд орж байгаа гэнэ, биеийн байдал нь хүнд байна” гэж утсаар ярьсан юм. Тэгээд би яваад очиход хагалгаанд орж гарч ирээд сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж ухаан ороогүй байж байгаад 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 10 минутын үед нас барсан... Гавал тархины тасагт толгойн хагалгаанд орсноос хойш ухаан орохгүй, 8 хоног  хэвтэн эмчлүүлсэн юм. Тэгээд ухаан орохгүй байж байгаад өнөөдөр нас барсан. Миний дүү хөл муутай байж байгаад хөлийн хагалгаа, мөн бөөрний хагалгаанд тус бүр орж хүнд хагалгааг давж гарч байсан. Тэгээд одоо хүний гарт амь насаа алдсан явдалд би маш их гомдолтой байна. Тухайн үед гэмтлийн эмнэлэгт 103-аар очоод 02 цаг 40 минутад бүртгэлд орсон боловч ар гэрт нь мэдэгдээгүй болохоор би яагаад хэлээгүй болох талаар харамсаж байна. Би талийгаач дүүгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал болон бусад зардлыг холбогдох хүмүүсээс нэхэмжилж байна. Буруутай этгээдэд хууль журмын дагуу зохих хариуцлагыг оногдуулж өгнө үү. ...Би буруутай хүмүүсээс нийт 4.500.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ /1-р хх-34-36/. 

 

Гэрч З.Мягмар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө би өөрийн ажил Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Хөхийн дуулга нэртэй диско, караоке, пабад текний хэсэгт байрлах хяналтын камерыг хараад сууж байсан. Манай караокед үйлчлүүлдэг зүс таних Анхбаяр гэх залуу үл таних нэг залуугийн хамт гарч яваад шатны ойр орчимд зогсож байсан залууг шатан дээрээс өргөөд доошоо нэг давхрын шат руу унагаасан юм. Тэгэхээр нь би зөрж гараад Анхбаяр гэх залууг чирч гараад  “чи яаж байгаа юм” гэж хэлээд чирээд доош буух гэж байхад манай цаана байрлах диско бааранд маргаан болохоор нь би тэр хүмүүсийг зохицуулчхаад доошоо шатан дээрээс шидсэн хүнийг харахад баарны нэг давхрын доод заал руу орох хаалганы үүдэн дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь би тэр хүнээс “зүгээр үү” гэж асуухад “миний хөл болон хүзүү орчмоор мэдээгүй байна” гэхээр нь манай доод давхарт байрлах Сиди зардаг Батжаргал гэх хүн 103 руу залгаж дуудсан. Би тухайн үед тэнд байсан хүүхдийг “цагдаа дуудаад ир” гээд явуулсан. 103-ийн эмч ирээд тэр хүнийг аваад явсан. Тэр үед цагдаа нар ирээд Анхбаяр гэх залууг аваад явсан. Анхбаяр манай бааранд 00 цагийн үед гаднаас зүс үл таних залуугийн хамт орж ирээд хүний нэг нэг пиво уугаад ганц нэг дуу дуулчхаад гаръя гээд сууж байсан юм. Тэгээд нэг мэдэхэд гарч яваад караокены гадна талд байрлах шатан дээр зогсож байсан Пүрэвжав гэх зүс таних хүнийг Анхбаяр нь шууд шатнаас барьж аваад доошоо шат руу шидэхийг би хяналтын камераар харсан юм. Цуг явсан залуу нь Анхбаярыг татаад дийлээгүй юм. Уг дүрс нь хяналтын камерт бууж үлдсэн байсан. ...Сүүлд надад хэлэхдээ Анхбаяр нь манай эмэгтэй дүүг гудамжинд явж байхад нь барьж аваад гаж үйлдэл хийгээд айлган сүрдүүлээд байсан юм гэж надад хэлсэн. Пүрэвжав нь 2015 онд манай караокед үйлчлүүлж байгаад өмдөндөө шээхээр нь би хөөж гаргаж байсан. Түүнээс хойш орж ирж байгаагүй. Би хөл муутай гэдгийг нь мэднэ...” гэжээ /1-р хх-37/. 

 

Гэрч Ч.Оюунтөгс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 02 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед би манай ах Анхбаяр, манай дүү Оюунболд, 2 хүүхдийн хамт гэртээ байсан. Манай ангийн хүүхэд Мөнхбаясгалан манай гэрт оройн 20 цагийн үед орж ирээд 1 шил архи хувааж уугаад дараа нь бараашиг уусан. Тэгээд 22 цагийн үед манай эгч болох Оюунцэцэг гэрт орж ирээд намайг сургуулиас дээш өгсөх үед зүс нь харагдахгүй үл таних залуу айлгаад хөөгөөд байсан гэж хэлсэн. Би эгч Оюунцэцэгт энэ хавьд нэг гаж донтой залуу хүмүүсийг айлгаад байгаа гэж хэлсэн. Манай эгчийн араас удалгүй манай ангийн охин болох Ууганцэцэг оройн 23 цагийн үед ирсэн. Ууганцэцэгт мөнгөний хэрэг гараад бид 2 ломбард орох гэж байсан юм. Манай ах Анхбаяр “ямар залуу байдаг юм, түүнийг хайя” гэж хэлээд гарахад нь би нэг мөсөн 4-үүлээ цуг гаръя гээд ах Анхбаяр, түүний найз Мөнхбаясгалан, манай найз Ууганцэцэг бид 4 гэрээс гарч яваад Макс супермаркетын урдаас би найз Ууганцэцэгийн хамт ээмгээ ломбарданд тавих гээд салаад явсан. Ах Анхбаяр найз Мөнхбаясгалангийн хамт цааш Хөхийн дуулга гэх баар руу орох гээд явсан. Салж яваад 2 цагийн дараа ахын найз Мөнхбаясгалан над руу залгаж ах чинь энд хүн зодчихлоо гэж хэлсэн. Би ахтай уулзах гээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирэхэд ах чинь гэр рүүгээ явсан гэж хэлсэн. Намайг гэртээ ирэхэд ах унтаж байсан...” гэжээ /1-р хх-38/.

 

Гэрч Ч.Оюунцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 02 дугаар сарын 12-ны орой 22 цагт Улсын Их дэлгүүр дэх ажлаасаа гараад гэр рүүгээ харихаар жижиг тэргэнд суугаад 17 дугаар сургуулийн автобусны буудлын эсрэг талд байх Соёл үйлчилгээний төвийн зогсоол дээр төв засмал зам хөндлөн гараад 17 дугаар сургуулийн урд талаар нь чигээрээ яваад нарийн гудамжаар ороод цаашаагаа гэрлүүгээ зүүн эргэхэд миний өөдөөс үл таних залуу хар бараан өнгийн хувцастай, 30 орчим насны залуу, зүс царайг нь сайн анзаарч чадаагүй, миний өөдөөс өмдөө шувтлаад бэлэг эрхтэнээ гаргачихаад миний өөдөөс дайрахаар нь би цаашаагаа  гэр рүүгээ гүйхээрээ орсон. Тэгээд гэрт ороод ээжийн гэр рүү ороход манай ах Анхбаяр, найз Мөнхбаясгалан, манай төрсөн дүү Оюунтөгс нар цагаан сар болж байсан болохоор бараашиг уугаад сууж байсан. Тэгээд би ороод болсон асуудлын талаар өөрийн ах, эмэгтэй дүү нарт хэлсэн. Тэгээд би эм авч уучхаад гэртээ орсон...” гэжээ /2-р хх-3/.

 

 Гэрч Б.Мөнхбаясгалан нь 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр мэдүүлэхдээ: “…2016 оны 02 дугаар сарын 12-ны орой би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 4-60 тоот хашаанд оршин суух миний багын найз Анхбаярын гэрт 20.00 цагийн үед очсон юм. Учир нь би цагаан сараар очиж амжаагүй байсан тэр үед гэрт нь очиход дүү Оюунтөгс болон 3 дүүгийн хамт байсан. Тэр үед би тэдний гэрт 2 стакан бараашиг уугаад явах гээд байж байхад гаднаас Анхбаярын дүү охин болох Оюунцэцэг нь орой 22.00 цагийн үед орж ирээд ахтайгаа цаад өрөөнд ярьж байгаад гал тогоонд орж ирэхдээ Анхбаяр нь манай энэ хавьд нэг муу гаж донтон байна. Дүү нарыг зүгээр явуулахгүй, бөгс хагасаас барьж авдаг залуу байгаад байна гэж хэлж байсан юм. Тэр үед би гэр рүүгээ харилаа гээд гарах гэсэн боловч Анхбаяр надад 5000 төгрөг байна, хоёулаа хамт караоке оръё гэж хэлээд 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр байх “Хөхийн дуулга” караоке пабын нийтийн караоке зааланд орж суугаад нэг нэг шил пиво авч уусан юм. Пиво захиалаад ширээн дээрээ тавьсны дараа жаахан юм ярьж суусны дараа Анхбаяр гадагшаа гарч явсан. Тэр үед би хүлээж байгаад араас нь гарахад караокены 2 давхарт шатны орчимд үл таних хар өнгийн куртиктэй, дотуураа бордуу цамцтай хар өмдтэй, хагас түрийтэй гуталтай, цамцан дээр секурити гэсэн бичигтэй цамцтай залуутай маргалдаж муудалцаад байсан юм. Тэр үед би Анхбаярыг татаад болио гэхийн зуургүй тэнд шат налаад зогсож байсан хүнийг 2 хөлийг хамж аваад нэг давхрын шат руу шидэж унагаасан юм. Тэр үед би тэр хүний араас шат руу доош тонгойж харахад шатан дээр тэрийгээд хэвтсэн, толгой нь доошоо хараад унасан байсан юм. Тэгээд Анхбаяр шууд караоке руу орохоор нь би араас дагаж ороод чи яаж байгаа юм бэ чи хүн аваад шидчихлээ ш дээ гэж хэлэхэд Анхбаяр яадгийн цагдаа нарыгаа дууд гэж хэлсэн, тэр үед караокены зохион байгуулагч залуу Анхбаярыг аваад доошоо буусны дараагаар араас 2-4 минутын дараа очиход түргэн тусламж буюу 103, цагдаа нар ирчихсэн байсан юм. Тэр үед Анхбаяр хажууд нь зогсож байсан юм. Тэгээд Анхбаяр бид хоёр 17-ийн сургуулийн автобусны буудал дээрээс гэр гэр рүүгээ харьсан юм... Тухайн пивоо уугаад тал хагаст нь оруулаад дундаа орж байхад Анхбаяр нэлээд хэдэн удаа орж гараад явсан юм. Бага зэргийн согтолттой байсан...” гэжээ /1-р хх-166-168/.

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “… Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 17 дугаар сургуулийн хажууд байрлах Хөхийн дуулга караоке пабын камерын бичлэгийг хуулбарлан үзлэг хийхэд “...2016 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн 00 цаг 27 минут 23 секундэд хар бараан өнгийн өмдтэй, саарал цамц, хар куртиктэй, хар гуталтай, хар малгайтай, 25-35 орчим насны эрэгтэй улаан малгайтай, хар цоохор цамцтай залуу болон хар өмдтэй, хар улаан куртиктэй, хоёр залуугийн намхан нуруутай 150-155 орчим өндөр нуруутай залуу нь хохирогч Пүрэвжавыг шатны зүүн талаас гарч ирэн зүүн гараас нь татаж 2 хөлөөс хамж өргөөд 1 давхрын шат руу шидсэн. Уг шидсэн залуу нь саравчтай малгайтай, хар эрээн футболктой саарал өнгийн монгол цамц цэнхэр өнгийн жинсэн өмдтэй улаан гуталтай түүний хажууд бараан өнгийн хүрэмтэй ханцуй нь улаан өнгийн хар өнгийн өмдтэй 175-180 орчим өндөртэй залуу байлаа. Тухайн бол өнгөрсөн асуудал 2016 оны 02 дугаар сарын 13-ны оройн 00 цаг 27 минут 20 секундэд эхэлж, 00 цаг 28 минут 00 секундэд дуусан...” гэжээ /1-р хх-24,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №401 дүгээр актад:

1. Талийгаач Ж.Пүрэвжав нь баруун чамархай яснаас дээш зулайн титэм заадас дайрсан шугаман хугарал, баруун чамархай ясны хугарлаас доош баруун чамархайн суурийн дунд хонхор руу чиглэсэн шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн дарагдал, тархины баруун тал бөмбөлгийн дух, дагзны хэсгийн тархины эдийн няцрал, баруун чамархай, зулай хэсгийн хуйхан доор тархмал цус хуралт, баруун, зүүн ташаа, ахар сүүлний хэсэгт шарх / холголт/ гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

         4. Талийгаач нь ГССҮТ-н өвчний түүхэнд B/III/ бүлгийн харъяалалтай байна.

          5. Талийгаач нь ГССҮТ-д эмчлэгдэж байсан тул спиртийн зүйл тогтоох боломжгүй.

          6. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ” гэжээ /хх121-123/.

 

          Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №291 дүгээр дүгнэлт:

1.   Ч.Анхбаяр нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

2.   Ч.Анхбаяр нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

3.   Ч.Анхбаяр нь болж буй үйл явдлыг ухамсарлан ойлгох чадвартай байна.

4.   Ч.Анхбаярт архи мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг байхгүй байна.

5.   Ч.Анхбаяр нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэжээ /1-р хх-73/.

 

Шүүгдэгч Ч.Анхбаярын ял шалгах хуудас /1-р хх 184/, иргэний үнэмлэхийг лавлагаа /1-р хх-183/, оршин суух хаягийн тодорхойлолт /1-р хх182/, хохирлын талаарх баримтууд /хх 43-76/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-17/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 18-23/ зэргийг шинжлэн судлалаа.

 

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх тэдгээрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж дүгнээд шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Ч.Анхбаяр нь 2007 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 22 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан хугацаандаа 2016 оны 2 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 00 цаг 25 минутын үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах, “Хөхийн дуулга” караоке паб буюу олон нийтийн газар нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, олон нийтийг үл хүндэтгэн, ялимгүй зүйлээр шалтаглан Ж.Пүрэвжавыг тус пабын 2 давхрын шатан дээрээс шидэж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч нарын мэдүүлгүүд, камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтүүд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Анхбаярыг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр, давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10 дахь хэсэгт тус тус зааснаар хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Анхбаяр нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан бөгөөд дээрх тэнсэнгийн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн ялын заримыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэв.

 

Түүнчлэн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Анхбаяр нь урьд нь онц хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаад тэнсэн суллагдсан хугацаанд дахин онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдсэн байх тул түүнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 4.180.789 төгрөгийн зардал гарсан болох нь баримтаар тогтоогдож байгаа тул гэм буруутай этгээдээс гаргуулан олгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298            дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Боржигон овгийн Чулуунхүүгийн Анхбаярыг давтан үйлдлээр, танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Анхбаярт 21 /хорин нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Анхбаярт Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн ялын зарим болох 3 сарыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 21/хорин нэг/ жил 3/гурав/ сарын хугацаагаар тогтоосугай

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Анхбаярыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 214 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Анхбаяраас 4.180.789 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мягмаржавд /регистрийн дугаар НЭ71083162/ олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

           9.  Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

    10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Анхбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХАЛИУН

 

                            ШҮҮГЧИД                             С.БАТГЭРЭЛ

 

                                                                                        Н.БАЯРМАА