Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2019/ДШМ/379

 

Б.Э, Э.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнгөнсүх,

шүүгдэгч Б.Э,

шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 297 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Дгийн өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан давж заалдах гомдлоор Б.Э, Э.Д нарт холбогдох 1806076510292 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б овгийн Б.Э, 1994 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 305 дугаар ангид сумлагч ажилтай байсан, ам бүл 4, эх, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, 2 дугаар баг, Ширхэнцэг хайлаастын гудамжны 190 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москва хорооллын 119а байрны 7 тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй,

            2. Э овгийн Э.Д, 1994 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 8 дугаар байрны 61 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, 

            Б.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны гаднаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон делта-9 тетрагидроканниболын агууламж бүхий уутны хамт 44.8 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүсэн,

            2018 оны 9 дүгээр сарын 15-наас 17-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны Алтан-Өргөө хотхоны гадаа, “Aдидас” загварын цүнхэндээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон делта-9 тетрагидроканниболын агууламж бүхий уутны хамт 44.8 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар авч явсан буюу хадгалсан,

            2018 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны Алтан-Өргөө хотхоны гадаа, Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон делта-9 тетрагидроканниболын агууламж бүхий уутны хамт 35.7 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Э.Дд өгсөн гэмт хэрэг,

            Э.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны Алтан-Өргөө хотхоны гадаа, “Лонгвэй” загварын цүнхэндээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон делта-9 тетрагидроканниболын агууламж бүхий уутны хамт 35.7 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар авч явсан буюу хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Б.Э, Э.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг, Э.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эыг 2 жилийн хугацаагаар, Э.Дг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Э, Э.Д нарт тус бүр оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э, Э.Д нарын 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 44 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Э, Э.Д нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 1 гэж дугаарласан иргэн Э.Дгаас хураан авсан цагаан өнгийн хуванцар савтай хөгцөрч муудсан, хатсан байдалтай хар бараан өнгийн ургамал 13.03 грамм жинтэй /цаасанд боосон байдалтай 21,17 грамм жинтэй/, 2 гэж дугаарласан иргэн Б.Эоос хураан авсан өнгөгүй гялгар уутанд хийсэн цагаан өнгийн хуванцар савтай хатаж, хөгцөрсөн ургамал мэт зүйл гялгар уутны хамт 25,7 граммыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлэх, нэг ширхэг сиди-г хэрэгт хэрэг хадгалах хугацаа дуустал үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Дгийн өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх цагдаагийн ажилтан Э.Дг баривчилж, биед нь үзлэг хийхэд сэтгэцэд нөлөөт бодис өвс гэх зүйл илрээгүй бөгөөд цагдаагийн автомашинд явж байхдаа, Б.Эын өгсөн өвсийг цонхоор хаях үедээ цагдаагийн ажилтанд баригдсан. Энэ үед Э.Дгийн гарт өвс байсан. Уг үйлдлийг анхан шатны шүүхээс “...Э.Д нь сэтгэцэд нөлөөт өвсийг биедээ хадгалж байсан. ...” гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан. Улсын Дээд шүүхийн 2008 оны 29 тоот тогтоолд “...Хадгалах үйлдлийг өөрийн бие, цүнх сав, гэр, тээврийн хэрэгсэл, нууц бүхий газарт нууж байрлуулсан идэвхитэй үйлдлийг хадгалсанд тооцно. ...” гэж заасан.

Э.Д нь Б.Эын өгсөн өвсийг олж, авч байх үедээ баригдсан. Эрүүгийн хуульд олж авах үйлдлийг хориглоогүй. Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсныг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан. Анх Э.Дгийн биед цагдаагийн ажилтан үзлэг хийхэд өвс илрээгүй бөгөөд энэ нь гэрч Т.Болорцэцэгийн мэдүүлгээр нотлогддог.

Шүүгдэгч Б.Эын “...Би Э.Дд өвсийг хаячих гээд өгсөн нь үнэн. ...” гэх мэдүүлэг байдаг. Э.Дгийн анх өгсөн “...Өвсийг тасдан авч, цүнхэндээ хадгалсан байсан. ...” гэх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж байгаа боловч Э.Д нь “...Би ийм мэдүүлэг огт өгөөгүй. ...” гэдэг. Э.Дг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн өмгөөлөгчгүй байх үед нь өөрийнх нь эсрэг мэдүүлэг авсан. Яллагдагчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй. Өөр байдлаар нотолсон зүйл байхгүй. Анхан шатны шүүхээс Э.Дгийн цүнхнээс өвс гарсан гэж үзсэн. Э.Дгийн өвсийг цонхоор хаях үйлдлийг цагдаагийн ажилтан харж, эд мөрийн баримтыг цагдаагийн хэлтэст өгсөн байдаг. Мөрдөн байцаагч Э.Дгийн биед үзлэг хийсэн тэмдэглэлдээ “...Э.Дгийн цүнхнээс гялгар ууттай өвс гарсан. ...” гэж бичсэн. Уг зөрүүтэй байдлыг шалгуулах хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Э.Дд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү.” гэв.

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 297 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Хэрэгт цугларсан нотлох баримт, мөн мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Э.Дгийн анх өгсөн мэдүүлэгт “...Би найзаасаа аваад сорох гэтэл нойтон байсан учир асаагүй бөгөөд хатааж дараа нь хэрэглэх гэж байсан. ...” гэх мэдүүлэг байдаг. Энэ нь Т.Болорцэцэгийн мэдүүлгээр нотлогдон тогтоогддог. Цагдаагийн хэлтэст Э.Дгийн бие болон эд зүйлд үзлэг хийхэд түүний цүнхнээс сэтгэцэд нөлөөт өвс гарч ирсэн. Иймд Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны гаднаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон делта-9 тетрагидроканниболын агууламж бүхий уутны хамт 44.8 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүсэн,

            2018 оны 9 дүгээр сарын 15-наас 17-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны Алтан-Өргөө хотхоны гадаа, “Aдидас” загварын цүнхэндээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон делта-9 тетрагидроканниболын агууламж бүхий уутны хамт 44.8 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар авч явсан буюу хадгалсан,

            2018 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны Алтан-Өргөө хотхоны гадаа, Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон делта-9 тетрагидроканниболын агууламж бүхий уутны хамт 35.7 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Э.Дд өгсөн гэмт хэрэг,

            Э.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны Алтан-Өргөө хотхоны гадаа, “Лонгвэй” загварын цүнхэндээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон делта-9 тетрагидроканниболын агууламж бүхий уутны хамт 35.7 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар авч явсан буюу хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

            яллагдагч Б.Эын “2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны ...саадан доор ургасан “Өвс” гэх нэршилтэй, мансууруулах үйлчилгээтэй ургамлаас гялгар уутанд тасдан авч, өөрийнхөө үүрдэг цүнхэнд хийчихсэн байсан. ...Цагдаад баригдан машинд сууж, Цагдаагийн хэлтэс рүү явж байх үедээ өөрийн цүнхнээс гялгар уутанд түүсэн өвсийг Э.Дд авч өглөө гэж бодсон боловч дотор нь байсан гялгар ууттай өвсийг авч өгөөд Э.Д түүнийг цонхоор хаяж чадалгүй, эмэгтэй цагдаад мэдэгдэж баригдаад, бид хоёрт үзлэг хийж, надаас цүнхэнд байсан гялгар ууттай өвсийг хурааж, ...Э.Дгаас машинд миний түүнд хаячих гэж хэлээд өгсөн өвсийг хураан авсан. Би “Өвс” гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй ургамлыг түүсэн газрыг зааж өгсөн. ...Сааданд байх үед Э.Д тухайн өвс буюу ургамлаас сонингийн цаасанд ороож, татаж үзээд байх шиг байсан ч тухайн үед өвсийг шинээр түүсэн, нойтон байсан учраас сайн болоогүй юм шиг байсан. ...” /1хх 127-130/,

            яллагдагч Э.Дгийн "...Бид 3 хамт пиво уугаад согтсон байх үедээ 6 дугаар байрны гаднаас яваад “Алтан Өргөө” хотхоны дунд байх сааданд очсон. Б.Э, Б.Мөнхбилэг хоёр хоорондоо маргалдаад зодолдсон. Энэ үед цагдаа нар ирж бид нарыг барьж аваад Цагдаагийн хэлтэс рүү авч явсан ба цагдаагийн машинд явж байх үед Б.Э өөрөөсөө гялгар ууттай өвсийг өгч “Цонхоор хаячих” гэж хэлэхээр нь би аваад хаях гэсэн боловч жолоочийн хажуу талд байсан эмэгтэй цагдаа намайг хараад хаяж чадалгүй, цагдаад мэдэгдчихсэн. Ингээд цагдаагийн газарт ирээд биед үзлэг хийхэд Б.Эын надад хаячих гэж хэлээд өгсөн өвсийг надаас хурааж авсан. ...Байрны гадна байх үедээ Б.Эын түүсэн гэх өвснөөс нь авч сонингийн цаасанд ороож татаж үзсэн. ..." /1хх 134-137/,

            гэрч Б.Мөнхбилэгийн "... Бид 3 хэдэн пиво уусан. Шөнийн 01 цагийн үед Б.Э бид 2 маргалдаж, улмаар цагдаа ирж, хэлтэс рүүгээ авч очсон. Цагдаагийн газраас Б.Э, Э.Д нарын биеэс хар тамхи гарсан гэж хэлээд надаас мэдүүлэг авсан. Цагдаагийн машинд явж байх үед Э.Д гартаа гялгар ууттай зүйл барьчихсан байх үед цагдаа мэдээд хаялгүй цагдаагийн газарт очиж үзлэг хийсэн. ..." /1хх 73-77/,

            гэрч Т.Болорцэцэгийн "... Би 2018 оны 9 дүгээр сарын 16-ноос 17-нд шилжих шөнийн 20 цагаас өглөөний 08 цаг хүртэл 12 цаг машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд буюу шөнийн 01 цагийн орчим “Алтан Өргөө” хотхоны гадуур үүрэг гүйцэтгэж байхад сааданд 3 залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 2 нь хоорондоо маргалдаж байхаар нь саатуулж машин дээрээ авчирсан. Цэргийн ангид ажилладаг гэх залуугийн үүрч явсан цүнхэн доторх эд зүйлийг үзэхэд гялгар ууттай, нойтон, ногоон өнгийн өвс мэт зүйл байсан тул шалгуулахаар хэлтэс рүү гурвууланг нь авч явсан. Хэлтэс рүү явах замд өндөр залуу нь /Э.Д/ гялгар ууттай зүйл дуугаргаад байхаар нь “...Гартаа байгаа зүйлээ өг. ...” гэхэд гялгар ууттай өвс мэт зүйлийг өгсөн. Юу болох талаар асуухад "...Өвс байгаа юм, хатааж хэрэглэдэг, найзаасаа авч хатаах гэж байсан юм. ..." гэж хэлсэн. Хэнээс авсан талаар асуухад хамт явсан цүнхэндээ гялгар ууттай өвстэй явсан залууг хэлж байсан. ...Өндөр биетэй Э.Д гэх залуу нь өвс мэт зүйлийг хэнээс авсан, хэрэглэсэн байсан эсэх талаар би мэдэхгүй байна. ..." /1хх 82-83/ гэх мэдүүлгүүд,

            хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын “...2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан Өргөө” хотхоны орчим 25 настай, эрэгтэй хар тамхи хэрэглэсэн тухай мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Э.Д, /РД:УЮ94092811/, Б.Э /РД:УЮ94032218/ нар нь сэжиглэгдсэний дагуу мөрдөгч Э.Мөнхжаргал нь зориулалт бүхий 1 удаагийн тест ашиглан ...шинжилгээнд зориулж дээж авах зорилгоор шээс авч, биед нь үзлэг хийсэн, ...мансууруулах бодис гэх зүйлийг хураан авч шинжилгээнд хүргүүлсэн нь хэрэгт ач холбогдолтой бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг даруй хийхгүй бол нотлох баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах бодит эрсдэлтэй байсан гэж үзэхээр байна. ...” /1хх 9-10/ гэх тогтоол,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9789 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 44.8653 гр, цэвэр жин нь 40.4363 гр байна. ...Иргэн Б.Эоос хураан авсан ...ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельтай-9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. ...” /1хх 86-87/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9788 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 35.7960 гр, цэвэр жин нь 32.8474 гр байна. ...Иргэн Э.Дгаас хураан авсан ...ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельтай-9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. ...” /1хх 89-90/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9782 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Э.Дгийн шээсэнд тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. ...” /1хх 92-93/,

            Шүүх сэтгэц эмгэг судлалын эмчийн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 958 дугаартай “...Э.Д нь урьд өмнө нь Каннабинойдын шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэг сэтгэцийн эмгэгээр өвчилж байсан байна. Э.Д нь Каннабинойдын шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэг сэтгэцийн өвчтэй байна. Энэ эмгэг нь олдмол эмгэг юм. Э.Д нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.Д нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018 оны 9 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө хэрэг хариуцах чадвартай байсан байна. Э.Д нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Э.Д нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. ...Э.Д нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай байна. ...” /1хх 102-103/ гэх дүгнэлтүүд,

            Э.Дгийн сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байсан өвчний түүх /1хх 107-118/, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, сиди /1хх 32-35/, /1хх 52-55/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...Цагаан өнгийн гялгар ууттай, дотор нь хурц, ихүүн үнэртэй, ногоон өнгийн ургамалтай уут 1 ширхэг. ...” /1хх 11-24/, /1хх 36-46/ гэх тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 47-51/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 56-58/, эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх 59-62/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Эрүүгийн хуулийн Хорьдугаар бүлэгт “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-ийн шинжийг тогтоон хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Эын Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон делта-9 тетрагидроканниболын агууламж бүхий уутны хамт 44.8 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн үйлдэл нь,

            Шүүгдэгч Э.Дгийн Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон делта-9 тетрагидроканниболын агууламж бүхий уутны хамт 35.7 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Эыг сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн, шүүгдэгч Э.Дг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Э, Э.Д нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тэдэнд тухайн зүйлд заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

            Шүүгдэгч Э.Дгийн өмгөөлөгч Н.Намжилцогтоос “...Э.Дг баривчилж, биед нь үзлэг хийхэд сэтгэцэд нөлөөт бодис өвс гэх зүйл илрээгүй бөгөөд цагдаагийн автомашинд явж байхдаа Б.Эын өгсөн өвсийг цонхоор хаях үедээ цагдаагийн ажилтанд баригдсан. Уг үйлдлийг анхан шатны шүүхээс “...Э.Д нь сэтгэцэд нөлөөт өвсийг биедээ хадгалж байсан...” гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан. Улсын Дээд шүүхийн 2008 оны 29 тоот тогтоолд “...Хадгалах үйлдлийг өөрийн бие, цүнх сав, гэр, тээврийн хэрэгсэл, нууц бүхий газарт нууж байрлуулсан идэвхитэй үйлдлийг хадгалсанд тооцно. ...” гэж заасан. ...Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалтыг үндэслэн Э.Дд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Шүүгдэгч Э.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны Алтан-Өргөө хотхоны орчим цагдаад баригдаж, цагдаагийн автомашинд сууж явахдаа уг бодисыг хаях үйлдэл хийх явцдаа баригдсан байх тул түүнийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэж үзнэ.

            Шүүгдэгч Э.Дгийн Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон делта-9 тетрагидроканниболын агууламж бүхий уутны хамт 35.7 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр цүнхэндээ хууль бусаар авч явсныг нотолсон баримтуудыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт байхгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Дгийн өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 297 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Дгийн өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                                    Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ