Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 138/ШШ2018/00061

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 138/ШШ2018/00061

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* /РД:*******/,

Нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ******* овогт ийн д /РД:/ холбогдох

Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай,

Нэхэмжлэгч Ж.*******д холбогдох Ө.д эзэмшүүлсэн 1170м2 газар эзэмших эрхийн гэрчилгээнээс хамтран эзэмшигч Ж.*******гийн нэрийг хасахыг даалгасан шийдвэр гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Должинсүрэн

Нэхэмжлэгч Ж.*******,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан

Хариуцагчийн төлөөлөгч Д.Ганбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.*******г төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Ц.*******г төлөөлж, түүний надад олгосон итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Бид өмнө нь тус шүүхэд хандан хариуцагч Ө.д холбогдуулан Ц.*******, Мио Фуян нарын өмчлөлийн барилгыг буулгасан материалын үнэ 20.000.000 төгрөгийг гаргуулах, мөн 351м2 газрын гэрчилгээг Ө.гээс Ж.*******гийн нэр дээр шилжүүлж, 819м2 газрын гэрчилгээнээс Ө.гийн нэрийг хасаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг Ж.*******гийн нэр дээр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч бид хууль зүйн туслалцаа авсаны үндсэн дээр өмнөх нэхэмжлэлийн шаардлага маань тодорхойгүй байсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь өөрчилсөн. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь өөрчилсөнтэй холбогдуулан буулгасан материалын үнэ 20.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагын нэхэмжлэгч Мио Фуян энэ хэрэгт оролцох шаардлагагүй болсон тул түүний надад олгосон итгэмжлэлийн дагуу түүнийг нэхэмжлэгчээс хасуулсан байгаа.

Харин Ц.*******гийн надад өмнө нь олгосон итгэмжлэлийн дагуу Ц.******* болон Ж.*******, Ө. нарын дунд байгуулагдсан 2013 оны 5 сарын 24-ний өдрийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, -ийн 30 дугаар байрны хажууд байрлах 1170 м2 газрын 70 хувийг Ж.*******д, 30 хувийг Ө.д эзэмшүүлэхээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний Ө.д 30 хувийг эзэмшүүлэх эрхийг шилжүүлсэн хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Учир нь миний нөхөр Мио Фуян нь Ц.*******тай гэр бүл байхдаа Г.Болормаагийн эзэмшилд байсан дээрх 1170 м2 газрыг дээр нь байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийн 220.000.000 төгрөгөөр худалдан авсан. Хятад улсын иргэн Монгол улсад газар эзэмших эрхгүй учраас хуучин эхнэр Ц.*******гийн нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлсэн. Ингээд 2012 онд Ц.*******гааас гэр бүлээ цуцлуулсан бөгөөд эд хөрөнгөө хувааж авсан. Ингээд Ц.*******гаас дээрх газрыг бүхэлд нь одоогийн эхнэр Ж.******* миний нэр дээр шилжүүлэх гэж байсан. Гэтэл тэр үед Мио Фуян, Лэнг Фэнгси, Ө. нар тухайн газар дээр хамтарч барилга барихаар болж хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ үед Ө. нь Моза ХХК-тай, манай компани барилгын компани, барилга барих зөвшөөрөлтэй, барилга барих газар миний нэр дээр байхгүй бол болохгүй гэж биднээс газрын 50 хувийг өгөхийг шаардсан. Бид 50 хувийг өгөхийг зөвшөөрөөгүй. Ингээд ярилцаж байгаад 30 хувийг шилжүүлэхээр болж, Ц.*******г дуудан нотариат дээр очиж, дээрх 1170м2 газрын 70 хувийг Ж.*******д, 30 хувийг Ө.д шилжүүлэхээр гэрээ байгуулсан. Улмаар Ө. нь даварсаар сүүлдээ Ж.*******гийн эзэмшиж байсан 819 м2 газрыг мөн хууран мэхлэх аргаар өөрийн эзэмшил болгосон байгаа. Гэтэл Ө. нь барилгын тусгай зөвшөөрөлгүй, мөн барилга эхлүүлэх зөвшөөрөлгүй байсан болох нь мэдэгдсэн бөгөөд эхнээсээ л энэ газрыг өөрийн болгох хүсэл зорилготой байсан учраас Ц.*******г төөрөгдүүлэн гэрээ байгуулсан байна. Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-т зааснаар Ө. нь Ц.*******г ноцтой төөрөгдүүлсэн учир дээрх гэрээний Ө.д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Ж.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан бид нар нэхэмжлэгч Ж.*******г төлөөлж, түүний бидэнд олгосон итгэмжлэлийн дагуу түүнийг төлөөлж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ц.*******, Мио Фуян нарын өмнө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шардлага тодорхой бус байсан учраас бид хэрэгт цугларсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд Ц.*******, Ж.*******, нарын дунд байгуулагдсан 2013 оны 5 сарын 24-ний өдрийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, -ийн 30 дугаар байрны хажууд байрлах 1170 м2 газрын газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний Ө.д 30 хувийг эзэмшүүлэх эрхийг шилжүүлсэн хэсгийг Ц.*******гаас Ж.*******д олгосон итгэмжлэлийн үндсэн дээр Ц.*******г төлөөлж Ж.*******, Ж.*******, Ө. нарын дунд байгуулагдсан 2014 оны 9 сарын 02-ны өдрийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, -ийн 30 дугаар байрны хажууд байрлалтай 819 м2 газрын эзэмших эрхийг Ө.тэй хамтран эзэмшихээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Ж.*******гаас бидэнд олгосон итгэмжлэлийн дагуу түүнийг төлөөлж бид тус тус нэхэмжлэл гаргасан. Мио Фуяны хувьд 20.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн нэхэмжлэгч байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөнтэй холбогдуулан Мио Фуян энэ хэрэгт оролцох шаардлагагүй болсон учир нэхэмжлэгчийн эрх үүргээс чөлөөлүүлсэн байгаа. Иймд бид өмнөх нэхэмжлэлийн шаардлагын талаар ярихгүй, харин хэрэгт цугларсан баримтын хүрээнд Ж.*******гийн өмнөөс дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Ж.*******гийн Ц.*******гаас шилжүүлэн авч эзэмшиж байсан Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, -ийн 30 дугаар байрны хажууд байрлалтай, орон сууцны зориулалтаар эзэмшиж байсан 819 м2 газар эзэмших эрхийг Ө.тэй хамтран эзэмшихээр болж тэдний хооронд 2014 оны 9 сарын 02-ны өдр байгуулсан гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хуурч мэхлэх аргаар байгуулсан гэрээ гэж үзэн хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлтэй байна. Учир нь Ө. нь Ц.*******, Мио Фуян, Ж.******* нарыг барилгын компанитай, барилга барих газар миний нэр дээр байхгүй бол барилгын гэрчилгээ гарахгүй гэж ноцтой төөрөгдөлд оруулж Ц.*******гийн эзэмшилд байсан 1170м2 газрын 30 хувь буюу 371 м2 газрыг өөрийн эзэмшилд авсан. Улмаар Ө. нь барилга эхлүүлэх зөвшөөрөлгүй гэж үзэн барилга барих ажлыг түдгэлзүүлж, зогсоосон тухай Мэргэжлийн хянатын улсын байцаагчийн дүгнэлт гарчихсан байхад Ж.*******гийн эзэмшиж байсан газрыг бүхэлд нь авахын тулд түүнийг хуурч мэхэлсэн. Өөрөөр хэлбэл барилгын ажлыг нь зогсоочихсон байхад барилгаа үргэлжлүүлэхийн тулд банкнаас зээл авах шаардлагатай байна, үүний тулд газраа барьцаалах хэрэгтэй байна. Гэтэл барилга барих газрын гэрчилгээ хоёр хүний нэр дээр байж болохгүй,нэг хүний нэр дээр болгох шаардлагатай байна гэж хуурч мэхлэн улмаар дээрх 819 м2 газрыг хамтран эзэмших тухай гэрээг Ж.*******тай 2014 оны 9 сарын 02-ны өдөр байгуулсан байдаг. Энэ гэрээний дагуу Ө. нь 1170м2 газрыг бүхэлд нь өөрийнхөө нэр дээр болгож гэрчилгээг нь авсан байсан. Энэ тухай Ж.*******г Захиргааны хэргийн шүүх дээр дуудахад нь хэргийн материалтай танилцах үедээ мэдсэн байдаг, мөн барилгын ажлыг зогсоосон байсныг ч мэдсэн. Ингээд газрын албан дээр очиж учрыг асууж мэдээд заргалдсаны эцэст Ж.*******гийн нэрийг дээрх 1170 м2 газрын хамтран эзэмшигчээр нэмж бүртгүүлсэн... Энэ мэтчилэн Ө.гийн хүсэл зориг нь ямар ч хамаагүй аргаар Ж.*******г хуурч мэхлэн түүний газрыг бүхэлд нь өөртөө авах зорилготой байсан гэдэг нь эндээс харагдаж байгаа тул дээрх гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ө.гийн хувьд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Ө. нь БНХАУ-ын иргэн Лэнг Фэнгси, Мио Фуян нартай хамтран 2013 оны 01 сард Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, -ийн 30 дугаар байрны хажууд байрлалтай 1170м2 газар дээр орон сууцны барилга барихаар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр талууд адил хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр тохирсон. Гэтэл барилга барих газар нь Мио Фуяны хуучин эхнэр Ц.*******гийн нэр дээр байсан бөгөөд уг барилгын ажилд ямар ч хамааралгүй Ц.*******гийн нэр дээр барилгын техникийн нөхцлүүд гарч эхэлсэн. Ингээд энэ гурван этгээд хоорондоо ярьж тохиролцоод барилга барих газрын нэг хэсгийг Ө. хамтран эзэмшиж байвал дуусаагүй барилгын гэрчилгээ гарах байсан учир тэд тохирсны үндсэн дээр Ц.*******гийн эзэмшиж байсан 1170 м2 газрын 30 хувь буюу 371 м2 газар Ө.гийн эзэмшилд ирсэн. Ингээд газрыг шилжүүлж авахаар материалаа бүрдүүлж өгөөд бүтэн нэг жилийн хугацаанд газрын гэрчилгээ гарахгүй хүлээлгэсэн. Газрын гэрчилгээ гарч ирэхдээ Ж.*******, Ө. нарын нэр дээр тус тусдаа гэрчилгээтэй гарч ирсэн. Барилгын санхүүжилт дутаад банкнаас зээл авахаар хандахад хоёр тусдаа гэрчилгээтэй газарт зээл олгохгүй гэсэн. Гэтэл тухайн үед Мио Фуян газраа зарна, барилгын ажлаас гарна гэсэн учраас газрын төлбөрт 225 сая төгрөгийг Лэнг Фэнгси нь Мио Фуянд бэлнээр болон бэлэн бусаар өгсөн байдаг. Ингээд Мио Фуян нь газрын төлбөрөө аваад зогсохгүй, барилгаас ашиг авна гэж газар ашиглах гэрээг байгуулж уг гэрээгээр барилгын ажил дуусахаар 3 өрөө байр хоёрыг авахаар тохирсон. Ингээд Ж.*******тай 819 м2 газрыг хамтран эзэмшихээр гэрээ байгуулсан. Газрын мөнгөө бүрэн авчихаад газрыг бүтэн шилжүүлж өгөхгүй, хамтран эзэмшигчээр шилжүүлнэ гэж гэрээ байгуулсан. Түүнээс биш Ө.гийн хувьд Ц.******* болон Ж.******* нарыг ноцтой төөрөгдүүлж, хуурч мэхэлсэн зүйл байхгүй. Ж.*******гийн газрыг бүхэлд нь өөрийнхөө нэр дээр болгох гээд улайраад байгааг огт ойлгохгүй байна. Ж.******* нь энэ барилгын ажилтай огт хамааралгүй, газар эзэмших эрх нь хэвээр байхад ийм нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ө.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ж.******* нь нөхөр Мио Фуяны хамт Газар ашиглах гэрээний дагуу газрын төлбөрийг бүрэн авсан, мөн барилгын ажил дуусахаар уг барилгаас гурван өрөө байр хоёрыг авахаар тохирсон. Энэ газар ашиглах гэрээгээр Ж.******* нь газар эзэмших, барилга барих ажилд саад учруулахгүй байх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлэхгүйгээр шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж, Ө.гийн газар эзэмших, барилга барих ажилд саад учруулж байгаа тул Ө.д эзэмшүүлсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, -ийн 30 дугаар байрны хажууд байрлалтай, нэгж талбарын дугаартай, дугаартай 1170 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээнээс хамтран эзэмшигч Ж.*******гийн нэрийг хасахыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй. Ж.*******гийн хувьд газар эзэмших эрхээ Ө. болон Хятад улсын иргэн Лэнг Фэнгси нарт худалдсан зүйл байхгүй, уг газрын хууль ёсны эзэмшигч хэвээрээ байгаа, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Ц.*******, Мио Фүян нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* нь хариуцагч Ө.д холбогдуулан газар дээрх барилгыг буулгасан материалын үнэ 20.000.000 төгрөг, 351м2 газрын гэрчилгээг Ө.гээс Ж.*******гийн нэр дээр шилжүүлж, 819м2 газрын гэрчилгээнээс Ө.гийн нэрийг хасаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг Ж.*******гийн нэр дээр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь өөрчилж, нэхэмжлэгч Ц.*******г төлөөлж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* / 1 дүгээр хавтаст хэргийн 118 дугаар хуудсанд буй итгэмжлэлээр/, нэхэмжлэгч Ж.*******г төлөөлж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан /1 дүгээр хавтаст хэргийн 248 дугаар хуудсанд буй итгэмжлэлээр/ нар нь хариуцагч Ө.д холбогдуулан

1. Ц.******* болон Ж.*******, Ө. нарын дунд байгуулагдсан 2013 оны 5 сарын 24-ний өдрийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, -ийн 30 дугаар байрны хажууд байрлах 1170 м2 газрын газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний Ө.д 30 хувийг эзэмшүүлэх эрхийг шилжүүлсэн хэсгийг,

2. Ж.*******, Ө. нарын дунд байгуулагдсан 2014 оны 9 сарын 02-ны өдрийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, -ийн 30 дугаар байрны хажууд байрлалтай 819 м2 газрын эзэмших эрхийг Ө.тэй хамтран эзэмшихээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай шаардлагыг гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр нь нэхэмжлэгч Ж.*******д холбогдуулан Дорнод аймгийн Хэрлэн сумын Хэрлэн сумын 6 дугаар баг, -ийн 30 дугаар байрны хажууд байрлалтай 1170 м2 газрыг Ө.д эзэмшүүлсэн нэгж талбарын дугаартай, дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнээс хамтран эзэмшигч Ж.*******гийн нэрийг хасахыг даалгасан шийдвэр гаргуулах тухай сөрөг шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Түүнчлэн үндсэн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын нэхэмжлэгч Мио Фуяныг нэхэмжлэгчийн эрх үүргээс чөлөөлөх тухай түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******гийн хүсэлтээр тус шүүхийн 2017 оны 12 сарын 06-ны өдрийн №2940 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Мио Фуяныг нэхэмжлэгчийн эрх үүргээс чөлөөлсөн болно.

 

1. Ц.******* болон Ж.*******, Ө. нарын дунд байгуулагдсан 2013 оны 5 сарын 24-ний өдрийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, -ийн 30 дугаар байрны хажууд байрлах 1170 м2 газрын эзэмших эрхийг шилжүүлсэн гэрээний Ө.д 30 хувийг эзэмшүүлэх эрхийг шилжүүлсэн хэсгийн хүчин төгөлдөр байдлын талаар:

Нэхэмжлэгч Ц.******* нь БНХАУ-ын иргэн Мио Фуянтай хууль ёсны гэр бүл байхдаа 2012 оны 07 сарын 26-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр /1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар хуудас/ Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, -ийн 30 дугаар байрны хажууд байрлах 1170 м2 газрын хууль ёсны эзэмшигч болсон байх ба талууд энэ талаар маргадаггүй.

Нэхэмжлэгч Ц.******* нь 2012 оны 11 сард нөхөр Мио Фуюанаас гэр бүл цуцлуулсантай холбогдуулан өөрийн эзэмшиж байсан 1170м2 газар эзэмших эрхийг Мио Фуяны хүсэлтээр түүний одоогийн эхнэр Ж.*******, мөн Мио Фуяны түнш Ө. нарт шилжүүлэхдээ 1170м2 газрын 70 хувийг Ж.*******д, 30 хувийг Ө.д тус тус эзэмшүүлэхээр болж, 2013 оны 5 сарын 24-ний өдөр Ц.******* болон Ж.*******, Ө. нарын дунд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ / 1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/ байгуулагдсаны дагуу Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 5 сарын 28-ны өдрийн №А/261 дүгээр захирамжаар Ж.******* 819 м2 газрын, Ө. 351 м2 газрын хууль ёсны эзэмшигчид болжээ.

Дээрх 2013 оны 5 сарын 24-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний нэг тал болох Ц.*******г төлөөлж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* нь дээрх гэрээний 1170м2 газрын 30 хувийг эзэмшүүлэх эрхийг Ө.д шилжүүлсэн хэсгийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан үндэслэлээр буюу Ө. нь гэрээ байгуулахдаа Ц.*******г ноцтой төөрөгдүүлсэн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардсаныг хариуцагч Ө. эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* нэхэмжлэлийн үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа Ө. нь дээрх газрыг авахад нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд тухайн үед барилгын компанитай гэж биднийг төөрөгдүүлсэн нь анхнаасаа бидний хөрөнгийг өөрийн болгох зорилготой байсан нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасан ноцтой төөрөгдлийн шинжийг агуулсан... гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр шүүх хурлдаанд Ө. нь тухайн үед барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байсан бөгөөд Мио Фуян, Лэнг Фэнгси, Ө. нарын хамтран ажиллах гэрээний дагуу барилгын ажлыг эхлүүлэх гэхэд техникийн нөхцөл гээд бүх асуудал тухайн барилгатай огт холбоогүй Ц.*******гийн нэр дээр гараад байсан тул дээрх 3 түнш хооронд ярилцаж байгаад барилга барих газрын нэг хэсэг нь хамтран ажиллах гэрээний түнш болох Монгол Улсын иргэн Ө.гийн нэр дээр байх нь зүйтэй гэж тохиролцсоны үндсэн дээр дээрх газрын 30 хувийг Ө.гийн нэр дээр шилжүүлсэн асуудал болсон. Түүнээс Ө.гийн хувьд Ц.*******г ноцтойгоор төөрөгдүүлсэн гэх үндэслэл байхгүй... гэж тус тус маргаж байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шуут утгыг анхаарна гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Ц.*******гийн 2017 оны 01 сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 117 дугаар хуудас/, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл Ц.*******гийн дээрх гэрээг байгуулах хүсэл зориг нь гэр бүл цуцлагдсантай холбогдуулан гэр бүлийн дундын эд хөрөнгөө хувааж, өөрийн эзэмшилд байгаа 1170м2 газрын эзэмших эрхийг нөхөр Мио Фуянд шилжүүлэх байсан бөгөөд Мио Фуяны хүссэний дагуу дээрх газрын 30 хувийг эзэмших эрхийг Ө.д шилжүүлсэн үйл баримтыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-т зааснаар ноцтой төөрөгдсөн гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл хэлцлийн нэг тал болох хариуцагч Ө. нь дээрх газраас 30 хувийг эзэмших эрхийг олж авахдаа хэлцлийн нөгөө тал болох нэхэмжлэгч Ц.*******г ноцтой төөрөгдүүлсэн гэх үйл баримт хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ...Ө. нь барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байж барилгын компанитай гэж Мио Фуяныг хуурч, улмаар уг газрыг өөрийн болгохын тулд эхлээд уг газрын 30 хувийг эзэмших эрхийг олж авсан гэж маргаж байх боловч гэрээний нэг тал Ө. нөгөө тал болох Ц.*******г Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-58.3.4-т тус тус заасан аль үндэслэлээр ноцтой төөрөгдсөн гэж үзсэн үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр Ц.******* болон Ж.*******, Ө. нарын дунд байгуулагдсан 2013 оны 5 сарын 24-ний өдрийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, -ийн 30 дугаар байрны хажууд байрлах 1170 м2 газрын эзэмших эрхийг шилжүүлсэн гэрээний Ө.д 30 хувийг эзэмшүүлэх эрхийг шилжүүлсэн хэсгийг Монгол Улсын Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

2. Ж.*******, Ө. нарын дунд 2014 оны 9 сарын 02-ны өдөр байгуулагдсан Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, -ийн 30 дугаар байрны хажууд байрлалтай 819 м2 газрын эзэмших эрхийг Ө.тэй хамтран эзэмшихээр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар:

 

Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Ө. нар нь 2014 оны 9 сарын 02-ны өдөр Ж.******* нь өөрийн эзэмшиж буй Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, -ийн 30 дугаар байрны хажууд байрлалтай 819 м2 газрын эзэмших эрхийг Ө.тэй хамтран эзэмшихээр эрхээ шилжүүлсэн гэрээг /1 дүгээр хавтст хэргийн 45 дугаар хуудасны ар тал/ байгуулсны дагуу Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 12 сарын 11-ний өдрийн №А/525 дугаар захирамжаар дээрх 819 м2 газрыг Ж.*******, Ө. нар хамтран эзэмшихээр болжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлээ Ө. нь дээрх гэрээг хийхдээ барилгын ажлаа үргэлжлүүлэх зээл банкнаас авах шаардлагатай байна. Банк газар эзэмших эрхийн гэрчилгээ хоёр хүний нэр дээр байгаа болохоор болохгүй байна, нэг хүний нэр дээр газрын гэрчилгээ байвал болно гэж хуурч мэхлэн Ж.*******гийн 819 м2 газрыг хамтран эзэмшихээр гэрээ байгуулсан байдаг. Ингээд 1170м2 газар бүхэлдээ Ө.гийн нэр дээр шилжсэн болохыг Ж.******* Захиргааны хэргийн шүүх дээр дуудагдаж очоод мэдсэн. Мөн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй гээд барилгын ажлыг зогсоосон болохыг ч мэдсэн. Энэ бүхэн нь Ө. Ж.*******г хууран мэхэлж, газрыг бүхэлд нь өөрийн эзэмшилд авах гэсэн хүсэл зориг байсныг харуулж байна... гэж тайлбарлаж байх ба хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь энэ талаар эсэргүүцээгүй байна.

Монгол Улсын Иргэний хууль, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох тухай хууль тогтоомжид банкнаас зээл авахдаа зээлдэгч нь үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж болох боловч бусдын өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахдаа заавал өөрийн нэр дээр шилжүүлэхийг шаарддаггүй. Түүнчлэн хариуцагч Ө. нь Ж.*******гийн эзэмшиж байсан 819 м2 газрыг эзэмших эрхийг олж авахын тулд өөрийн хүсэл зоригоо илэрхийлэхдээ барилгын ажлыг дуусгахын тулд банкнаас зээл авах шаардлагатай, хоёр хүний нэр дээрх газар дээр зээл гарахгүй тул газрын гэрчилгээг нэг хүний нэр дээр болгох шаардлагатай гэх байдлаар илэрхийлсэн нь гэрээний нөгөө тал болох Ж.*******г хуурч мэхэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр Ж.*******, Ө. нарын дунд байгуулагдсан 2014 оны 9 сарын 02-ны өдрийн Дорнод аймаг, Хэрлэн сумын 6 дугаар баг, -ийн 30 дугаар байрны хажууд байрлалтай 819 м2 газрын эзэмших эрхийг Ж.******* Ө.тэй хамтран эзэмшихээр шилжүүлсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй байна.

 

3. Нэхэмжлэгч Ж.*******д холбогдох Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, -ийн 30 дугаар байрны хажууд байрлах Ө.д эзэмшүүлсэн нэгж талбарын 2106000185 дугаар бүхий 000441431 дугаартай 1170м2 газар эзэмших эрхийн гэрчилгээнээс хамтран эзэмшигч Ж.*******гийн нэрийг хасахыг даалгасан шийдвэр гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...БНХАУ-ын иргэн Мио Фуян нь хамтран ажиллах гэрээнээс өөрийн хүсэлтээр гарахаа илэрхийлж өөрийн газар эзэмших эрхээ бүхэлд нь Лэнг Фэнсид 225.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, ...нийт 700.000 юаныг бэлэн болон бэлэн бусаар өөрийн дансруу шилжүүлэн авсан, нэгэнт хамтран ажиллах гэрээнээс гарсан, газрын төлбөрөө бүрэн авсан, ...газар ашиглах гэрээгээр 3 өрөө байр хоёрыг авахаар тохиролцсон, уг гэрээний дагуу Ж.*******д дээрх 3 өрөө хоёр байрыг нь шилжүүлэн өгнө, Ж.******* нь газар ашиглах гэрээний үүргээ биелүүлэлгүй Ө.гийн газар эзэмших, ашиглах эрхэд саад учруулж байна... гэж тайлбарлан маргаж байх боловч тэрээр дээрх сөрөг нэхэмжлэлээ шүүхэд нотолж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл маргааны зүйл болж буй 1170м2 газрыг бүхэлд нь Ө. хууль ёсоор эзэмших эрхтэй талаар, мөн Ж.******* нь газар эзэмших эрхгүй болсон талаарх баримт тус тус хэрэгт авагдаагүй байх тул шүүх Ж.*******д холбогдох хариуцагч Ө.г төлөөлж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаярын гаргасан дээрх сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 58 дугаар зүйлийн 58.3.1, 59 дүгээр зүйлийн 59.1-т тус тус заасныг баримтлан Ж.*******, Ө. нарын дунд байгуулагдсан 2014 оны 9 сарын 02-ны өдрийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, -ийн 30 дугаар байрны хажууд байрлалтай 819 м2 газрыг Ө.тэй хамтран эзэмшихээр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас Ц.*******, Ж.******* болон Ө. нарын дунд байгуулагдсан 2013 оны 5 сарын 24-ний өдрийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, -ийн 30 дугаар байрны хажууд байрлах 1170 м2 газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээний Ө.д 30 хувийг шилжүүлсэн хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай шаардлагыг, Ж.*******д холбогдох Ө.д эзэмшүүлсэн 1170 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээнээс хамтран эзэмшигч Ж.*******гийн нэрийг хасахыг даалгасан шийдвэр гаргуулах тухай хариуцагчийн төлөөлөгч Д.Ганбаярын гаргасан сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэхь хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нарын төлсөн 328150 төгрөгөөс 140400 төгрөгийг, мөн хариуцагчийн сөрөг шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээж, нэхэмжлэгч нараас илүү төлсөн 187750 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Ж.*******, Ц.******* нарт олгосуай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэг ч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН