Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 183/2016/00198/и |
Дугаар | 956 |
Огноо | 2017-04-17 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 956
Б.Билгүүн, Э.Энхтүвшин нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/00267 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.Билгүүн, Э.Энхтүвшин нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ц.Одонгэрэлд холбогдох
7 250 133 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн өмгөөлөгч Х.Мөнхнарангийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэ,
Хариуцагч Ц.Одонгэрэл,
Хариуцагчийн өмгөөлөгч Х.Мөнхнаран,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Билгүүн, Э.Энхтүвшин нар нь Х.Бадамгэрэлийн хамтаар “Айрбүүк” ХХК-ийн Z24 гэх онгоцоор тасалбар борлуулдаг байгууллагатай харилцан тохиролцож тухайн байгууллагын 30 секундын 1 ширхэг зар сурталчилгаа, тус тусдаа 10 секундын 2 ширхэг зар сурталчилгаанд жүжиглэн тоглохоор, мөн хамт 4-5 ширхэг фото зураг авахуулахаар ажлын хөлсөнд хүн тус бүрийн 3 909 500 төгрөг авахаар харилцан тохиролцож дээрх зар сурталчилгаа, зураг авалтад 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд ажилласан. Б.Билгүүн, Э.Энхтүвшин нар Лэбенан улсын Бэрүт гэх хотод 2015 оны 10 дугаар сард зохион явагдах Олон улсын загвар өмчсөгчдийн уралдаант тэмцээнд оролцох байсан. Дээрх тэмцээнд Лэбенан улсын Бэрүт гэх хот руу зорчих онгоцны тасалбарын мөнгийг Z24 онгоцны тасалбар борлуулдаг байгууллагатай харилцан тохиролцож 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Турк эйрлайнс” ХК-ийн төлөөлөгчийн газрын нэхэмжлэлийн дагуу 11 728 500 төгрөгийг “Турк эйрлайнс” ХК-ийн төлөөлөгчийн газрын Голомт банкны 2010001987 тоот данс руу 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн. Гэтэл Лэбенан улсын Бэрүт гэх хотод зохиогдох Олон улсын загвар өмсөгчдийн уралдаант тэмцээнд бид хоёр оролцохооргүй болсон тул “Турк эйрлайнс” ХК-ийн төлөөлөгчийн газраас Б.Билгүүн, Э.Энхтүвшин нарт тус бүрийн ажлын хөлс болох 3 909 500 төгрөгийг авахаар болсон. Гэтэл “Шинэд” ХХК-ийн захирал Ц.Одонгэрэл гэх хүн нь “Турк эйрлайнс” ХК-ийн төлөөлөгчийн газарт Б.Билгүүн, Э.Энхтүвшин нарыг тэмцээнд явуулах гэж байсан зуучлагч хэмээн тайлбарлаж тус байгууллагаас онгоцны тасалбарын буцаалт хийж хасагдсан нийт 10 875 200 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гарын үсэг зуран буцаан авсан байдаг. Дээрх 10 875 200 төгрөгөөс Х.Бадамгэрэл нь өөрт ногдох хувийг Ц.Одонгэрэл гэх хүнтэй тохиролцсон гэсэн бөгөөд Б.Билгүүн, Э.Энхтүвшин нар ажлын хөлс болох 7 250 133 төгрөгийг Ц.Одонгэрэлээс одоог хүртэл авч чадахгүй байгаа тул мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 19 дүгээр хороолол 45-18 тоотод оршин суух Ц.Одонгэрэл нь Монголын үндэсний дизайнеруудын холбооны Ерөнхийлөгчийн ажлыг 2010 оноос хойш гүйцэтгэж байгаа бөгөөд энэ хугацаанд Монголд болон Гадаад орнуудад зохион байгуулагдаж буй Загварын олон арга хэмжээнд оролцох, шүүгчээр ажиллах, бие даан зохион байгуулах зэргээр Монголын загварын үйлдвэрлэлд өөрийн хувь нэмрийг оруулсаар ирсэн. Лебанон улсын Бэйрүт хотод зохиогдсон “Топ модел интернэшнл-2015” тэмцээнд Монголоос шүүгчээр уригдан, 2 эмэгтэй, 2 эрэгтэй загвар өмсөгчтэй баг бүрэлдэхүүнээр Топ модель Х.Бадамгэрэл, мисс Б.Батцэцэг болон модель Б.Билгүүн, Э.Энхтүвшин нар явах болсон. Уг тэмцээний нөхцөл нь олон улсын жишгээр аливаа тэмцээнд оролцогч нь өөрсдөө бүх зардлаа гаргадаг мөн оролцооны төлбөр ч төлдөг, оролцох моделууд уг нөхцлийг мэддэг тул зөвшөөрч бүртгүүлэн хүн тус бүр зохион байгуулагчтай шууд гэрээ хийсэн болно. Гэвч санхүүжилт олж оролцогчдод туслах зорилгоор олон албан газарт хүсэлт илгээн биечлэн уулзалтууд хийснээр “Айрбүүк” ХХК Бэйрут явах нийт 5 хүний замын зардлын санхүүжилтийг видео болон фото зургийн сурталчилгааг харилцан тохиролцсоны дагуу сурталчилгааны ажил хийгдсэн. Ингээд 5 хүний замын зардлын санхүүжилт “Турк эйрлайнс” ХК-ийн билетийн захиалгын нэхэмжлэхийн дагуу төлбөр бүрэн хийгдсэн боловч Бэйрутаас терроризмын үйл ажиллагаанаас болж арга хэмжээг 2015 оны 12 дугаар сарын 14-20-ны өдөр хүртэл хойшлуулсан мэдэгдэл ирсэн. Гэтэл уг хугацаа нь Гоёл наадамтай давхцсан тул 2 эмэгтэй модель оролцох боломжгүй болж харин дараагийн арга хэмжээ болох Дубайн загварын шоунд оролцохоо илэрхийлсэн. Б.Билгүүн, Э.Энхтүвшин нар өөрсдийн саналаар явахгүй болсноо мэдэгдсэний үндсэн дээр тэдэнд Дубайд орох санал тавьсан боловч уг моделууд бас л татгалзсан юм. Ингээд Монголын талаас оролцохгүй болсон тухай албан бичгийг Бэйрутын зохион байгуулагч талд илгээж Монголын баг Бэйрутын арга хэмжээг цуцалсан. Монголын үндэсний дизайнеруудын холбооноос дээрх мэдээллийг спонсор байгууллагад мэдээлж зардлын санхүүжилтийг Дубай руу шилжүүлэн зарцуулах болсон тухай мэдэгдэж уулзалт хийхэд захирал н.Заяат “Бид нэгэнт тохиролцсон ажлаа хийлгэсэн тул сэтгэл ханамж өндөр байна. Зардлаа хэрхэн зарцуулахыг та бүхэн шийдэх эрхтэй” гэснээр бид “Турк эйрлайнс” ХК-д “Айрбүүк” ХХК-иас шилжсэн мөнгөнөөс билет цуцалж буцаасны төлбөрийг суутгуулан 10 875 200 төгрөгийг бэлнээр авсан болно. Энэ мөнгөнөөс бид Дубайн 2 удаагийн арга хэмжээний замын зардлыг санхүүжүүлсэн болно. Тиймээс нэхэмжлэгч нарын нэхэмжилж байгаа 7 250 133 төгрөг үндэслэлгүй тул төлөхөөс татгалзаж байна.
“Айрбүүк” ХХК-тай анхнаасаа 5 хүний замын зардлыг санхүүжүүлэх билетний мөнгийг шууд “Турк эйрлайнс” ХК руу шилжүүлэхээр тохиролцож хамтарч ажилласан тул 5 хүний билетийн үнэ 2 345 700 төгрөг, нийт 11 728 500 төгрөгийг Туркиш айрлайнс руу шууд шилжүүлсэн байдаг. “Айрбүүк” ХХК-ийн сурталчилгаанд топ модел Х.Бадамгэрэл, мисс н.Ану болон Б.Билгүүн, Э.Энхтүвшин нар оролцсон боловч зардлын санхүүжилт нь моделуудын ажлын хөлс биш тул нэг ч моделтой ямар нэгэн тооцоо хийгдээгүй болно. Нэхэмжлэгч Б.Билгүүн, Э.Энхтүвшин нар нь тодорхой шалтгааны улмаас Бэйрутын болон дараагийн Дубайн 2 арга хэмжээнд өөрсдөө оролцохоос татгалзсан бөгөөд уг зардлыг Монголын үндэсний дизайнеруудын холбоо нь өөр моделийн гадаад арга хэмжээний зардалд зарцуулах бүрэн эрхтэй тул дараа дараагийн арга хэмжээний зардлын санхүүжилт болох учиртай тул нэхэмжлэгчдэд олгогдох үндэслэлгүй болно. Б.Билгүүн, Э.Энхтүвшин нарын мэдүүлж байгаа шиг тухайн зардлаас сурталчилгаанд оролцсон аль ч моделд ямар нэгэн төлбөр тохирч нэг ч төгрөгийг олгоогүй болно. Уг сурталчилгаанд 4 модел оролцсон, эдгээр моделууд нь санхүүжилт өгч байгаа ямар ч компанийн сурталчилгаанд үнэ төлбөргүй оролцох үүрэгтэй гэдгийг багаар уулзсан уулзалтад би биечлэн хэлсэн моделууд ч зөвшөөрч, маш тодорхой ойлгосон байсан. Санхүүжилтийн 11 728 500 төгрөг нь сурталчилааны төлбөр биш юм. Б.Билгүүн, Э.Энхтүвшин нарын мэдүүлж байгаа шиг моделийн сурталчилгаанд тоглосны хөлс гэх 3 909 500 төгрөгийн үнийн дүнг ямар үндэслэлтэй дүн болохыг мэдэхгүй, энэ талаар “Айрбүүк” ХХК-тай тохироогүй болно. Энэ төрлийн гадаад арга хэмжээний зардал нь ямар зэрэглэлийн загвар өмсөгч байхаас үл шалтгаалан моделууд нь спонсорын сурталчилгаанд үнэгүй ордог тогтсон зарчимтай, ингэснээр баг хамт олон зардлаа босгоход оролцдог уламжлалтай. Монголын үндэсний дизайнеруудын холбоо болон Ц.Одонгэрэл нь гадаад болон дотоод арга хэмжээний ихэнх санхүүжилтийг өөрөө олдог бөгөөд ямар ч тохиолдолд холбоонд болон хувьдаа нэг ч төгрөгийн ашиг сонирхолгүй ажилладаг. Ц.Одонгэрэл миний бие өөрийн хувийн компаниас аливаа арга хэмжээний дутуу байгаа санүүжилтийг нөхөн хийж 5 жилийн хугацаанд нийтдээ 30 гаруй сая төгрөгийг загварт зарцуулсан байдаг. Төр засгаас бидний зардлыг санхүүжүүлэх боломжгүй байдаг тул ивээн тэтгэх байгууллага олох, аргагүй тохиолдолд миний бие өөрийн компаниас зардал санхүүжүүлэхэд хүрдэг. Гадаад арга хэмжээний зардал нь замын зардлаас гадна тухайн оронд байрлах буудал хоол унаа болон бусад зардлууд байдаг гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 133 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.Одонгэрэлээс 7 250 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Билгүүнд 3 625 000 төгрөг, нэхэмжлэгч Э.Энхтүвшинд 3 625 000 төгрөгийг тус тус олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 130 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Х.Мөнхнаран давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан эд мөрийн баримтад /сурталчилгааны CD/ үзлэг хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй, тухайн сурталчилгаанд тоглосон загвар өмсөгч Х.Бадамгэрэл, н.Ану нарын тухайн хэргийн талаар гаргаж өгсөн тодорхойлолт, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн бодит гэрч Х.Бадамгэрэлийн мэдүүлэг, нотлох баримтыг үндэслэлгүйгээр үнэлээгүй, нэхэмжлэлийн үнийн дүнг ямар зориулалттай талаар хөдөлбөргүй нотлох баримтууд /Турк Эйрлайнс ХК-ийн нэхэмжлэл, цахим гүйлгээний баримт, 5 оролцогчийн электрон тийз/ байсаар байтал нэхэмжлэгч талд ашигтай нотлох баримтыг хөдөлбөргүй үнэн гэж үзэн нотлох баримтын шаардлага хангахгүй, бодит байдлаас зөрүүтэй, бусад баримттай уялдахгүй байгаа “Айрбуук” ХХК-ийн тодорхойлолтыг үндэслэн нотлох баримт бүрэн бүрдээгүй байхад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан хэдэн хүн сурталчилгаанд тоглосон талаарх мэдээлэл бүхий хэрэгт ач холбогдолтой сурталчилгааны CD-нд үзлэг хийсэн талаар ямар нэгэн баримт, тэмдэглэл байхгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийг зөрчсөн. Монголын үндэсний дизайнеруудын холбооны /МҮДХолбоо/ Ерөнхийлөгч Ц.Одонгэрэл нь Лебанон улсын Бэйрут хотод зохиогдсон ''Toп модел интернэшнл 2015" олон улсын тэмцээнд шүүгчээр уригдан 2 эмэгтэй, 2 эрэгтэй загвар өмсөгчтэй баг болон оролцохоор болсон, Айрбуук ХХК нь ямар тохиролцоотойгоор санхүүгийн дэмжлэг үзүүлсэн, санхүүжүүлсэн байгууллагын зар сурталчилгаанд оролцсон загвар өмсөгчид бэлэн мөнгөөр цалин авдаггүй, тухайн санхүүжүүлэлт нь дараагийн арга хэмжээнд зарцуулагддаг талаар үнэн бодит тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг нь хавтас хэрэгт авагдсан хөдөлбөргүй нотлох баримт болох Турк Эйрлайнс ХК-ийн нэхэмжлэл, цахим гүйлгээний баримт, 5 оролцогчийн электрон тийзтэй ямар ч зөрөөгүй уялдаж байхад шүүх "бусад баримттайгаа уялдаагүй байх тул гэрчийн мэдүүлгийг хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтын хэмжээнд үнэлэх, дүгнэлт өгөх боломжгүй" гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг тус тус зөрчсөн.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан “Айрбуук” ХХК-иас гаргасан тодорхойлолтыг /XX 78 хуудас, хавтас хэрэгтэй танилцах үед дугаарлаагүй байсан/ үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь бусад баримттайгаа уялдахгүй байгаа, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үндэслэн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь заалтыг зөрчсөн.
Тус байгууллагын тодорхойлолтод "...ажлын хөлсөнд хүн тус бүрийн 3 909 500 төгрөг авахаар харилцан тохиролцсон болно" гэсэн нь дараах нотлох баримт, бодит байдалтай зөрчилддөг бөгөөд дараах нөхцөл байдал тодорхойгүй байдаг. Дөрвөн загвар өмсөгч сурталчилгаанд тоглосон байтал яагаад 3 хүний ажлын хөлс гэсэн тодорхойлолт гаргасан. Ажлын хөлс байсан бол яагаад хувь хүний данс руу ажлын хөлсийг шилжүүлэлгүй 5 хүний онгоцны тасалбар гэж хүлээн зөвшөөрч Турк Эйрлайнс ХК-ийн данс руу шилжүүлсэн. Дээрх тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангахгүйгээс гадна бүсад нотлох баримттай зөрчилдөөд байхад шүүх яагаад тус тодорхойлолтод үндэслэн шийдвэр гаргасан. Монголын үндэсний дизайнеруудын холбооноос хүргүүлсэн албан тоот, гэрээнд хэдийгээр “Айрбуук” ХХК-ийн зүгээс хайхрамжтүй байдал гаргаж гарын үсэг зураагүй ч /тийзний мөнгө шилжсэн, гэрээнд заагдсан сурталчилгаа бүрэн хийгдсэн/ гэрээний үүрэг хангагдсан нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл биш юм. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийы 43.2, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасны дагуу талуудын хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ. Энэ нь дээрх нотлох баримтуудаар давхар нотлогддог болно.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3, 45 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хүсэлтийг гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Билгүүн, Э.Энхтүвшин нар хариуцагч Ц.Одонгэрэлд холбогдуулан ажлын хөлс 7 250 133 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Зохигчид 2015 оны 10 дугаар сард Лэбанон улсын Бэйрут хотод зохион байгуулагдах Олон улсын загвар өмсөгчдийн уралдаант тэмцээнд оролцохоор болсон бөгөөд “Айрбүүк” ХХК-ийн талаар 30 секундын 1 удаагийн зар сурталчилгаа, 10 секундын 2 тусдаа зар сурталчилгаанд жүжиглэн тоглох, 4-5 фото зураг авахуулах ажлыг хийж гүйцэтгэсэн нөхцөлд тус компани уг тэмцээнд оролцох 5 хүний зардлыг төлөхөөр тохиролцсон тухай үйл баримт талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.
Дээрх тохиролцооны агуулгаас үзвэл нэг талаас Б.Билгүүн, Э.Энхтүвшин, н.Ану, Х.Бадамгэрэл нар нь зар сурталчилгаанд жүжиглэн тоглох, фото зураг зураг авахуулах, нөгөө талаас хийсэн ажлын үр дүнд нийцүүлэн хөлс төлөхөөр тохиролцсоноос үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байтал шүүх мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Хэргийн 78 дугаар талд “Айрбүүк” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 17/03 тоот албан бичиг авагдсан, уг албан бичигт Б.Билгүүн, Э.Энхтүвшин нар тус компанийн 30 секундын 1 ширхэг зар сурталчилгаа, 10 секундын 2 ширхэг зар сурталчилгаанд жүжиглэн тоглох, 4-5 ширхэг фото зураг авахуулахаар тохиролцож уг ажлыг хийж гүйцэтгэсэн тул 11 728 500 төгрөгийг “Турк эйрлайнс” ХК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дансанд шилжүүлсэн талаар талууд маргаагүй байна.
Нэхэмжлэгч нарын оролцох байсан Лэбанон улсын Бэйрут хотод зохион байгуулагдах Олон улсын загвар өмсөгчдийн уралдаант тэмцээн хойшлогдож тэд тэмцээнд оролцохоос татгалзсанаар уг арга хэмжээ цуцлагдаж, захиалсан онгоцны билетийн буцаалтыг хийхдээ зохих шимтгэлийг суутгуулж хариуцагч Ц.Одонгэрэл 10 875 200 төгрөгийг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон байна.
Дээрх зар сурталчилгаа болон фото зураг авахуулах ажлыг хийж гүйцэтгэхэд 4 хүн оролцсон болох нь хэрэгт авагдсан фото зураг болон талуудын тайлбараар тогтоогдсон тул ажлын хөлсийг 4 хүн авах эрхтэй.
Иймд буцаагдсан 10 875 200 төгрөгийг авсан хариуцагч Ц.Одонгэрэлээс нэхэмжлэгч Б.Билгүүнд 2 718 800 төгрөг, Э.Энхтүвшинд 2 718 800 төгрөг тус тус гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
Хариуцагч Ц.Одонгэрэлийн Олон улсын уралдаан тэмцээнд оролцогч өөрөө зардлаа гаргаж, оролцооны төлбөрөө төлдөг, тухайн үед санхүүжилт олж оролцогчдод туслах зорилгоор олон газарт хүсэлт илгээж биечлэн уулзалт хийснээр “Айрбүүк” ХХК-иас санхүүжилт хийгдсэн боловч уг арга хэмжээ цуцлагдсан тул буцаалтын мөнгийг суутгуулж 10 875 200 төгрөгийг билетийн касснаас авсаныг 2 удаагийн Дубайн арга хэмжээнд зарцуулсан гэх тайлбар нь нэхэмжлэгч нарт хийсэн ажлын хөлсийг өгөхгүй байх, суутган тооцох үндэслэл болохгүй тул түүний энэ талаарх гомдол үндэслэлгүй болно.
Монголын үндэсний дизайнеруудын холбоо болон “Айрбүүк” ХХК нь дээрх ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд оролцсон гэх байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй тул ажлын хөлсийг Монголын үндэсний дизайнеруудын холбоо, түүний Ерөнхийлөгч авах үндэслэлгүй. Энэ талаар шүүх зөв дүгнэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо хэрэгт авагдсан сиди бичлэгт үзлэг хийгээгүй гэх боловч энэхүү баримтыг нэхэмжлэгч нар гаргасан, уг баримтад үзлэг хийлгэх талаар нотлох баримт гаргасан этгээд хүсэлт гаргаагүй, улмаар энэ талаар нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргаагүй байх тул уг гомдлыг хүлээн авах боломжгүй.
Мөн зар сурталчилгаанд тоглосон Х.Бадамгэрэл, н.Ану нарын гаргасан тодорхойлолтыг шүүх үнэлээгүй гэх гомдлыг гаргасан боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, гэрч Х.Бадамгэрэлийн мэдүүлэг нь нэхэмжлэгч нарын тайлбараас зөрүүтэй байх тул эргэлзээгүй нотлох баримт гэж үзэх боломжгүй тул энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд үнэлж хэргийг шийдвэрлэх тул шүүх өөрөө нотлох баримт цуглуулах үүрэг хүлээхгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогч нь нотлох баримтыг хуульд заасан хугацааны дотор гаргаж өгөх, нотлох баримт бүрдүүлэхээр шүүхэд хүсэлт гаргах эрхтэй. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын төлөөлөгч болон өмгөөлөгч нар хэрэг уг ажиллагаанд оролцсон атлаа дээрх хуульд заасан энэ эрхээ эдлээгүйг дахин эдлэх ёстой гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол нь хуульд нийцэхгүй байх тул энэхүү гомдлыг хүлээн авах боломжгүй.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/00267 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Одонгэрэлээс 2 718 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Билгүүнд, 2 718 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Энхтүвшинд тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 812 533 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “хариуцагч Ц.Одонгэрэлээс 58 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Билгүүнд, 58 450 төгрөгийг гаргуулж Э.Энхтүвшинд тус тус олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Х.Мөнхнарангийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Т.ТУЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ