Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
Хэргийн индекс | 123/2020/0028/З |
Дугаар | 123/ШШ2020/0034 |
Огноо | 2020-08-19 |
Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 123/ШШ2020/0034
2020 оны 08 сарын 19 өдөр Дугаар Зуунмод сум
123/ШШ2020/0034
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ЦМ ХХК,
Хариуцагч: Төв аймгийн Б сумын Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар хариу хүргүүлэх албан бичгээр ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариу хууль бус болохыг тогтоож, MV-00002 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000000009 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг Б сумын Засаг даргад даалгах,
Нэхэмжлэгч: ЦХ ХХК,
Хариуцагч: Төв аймгийн Б, БЖ сумын Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар хариу хүргүүлэх албан бичгээр ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариу хууль бус болохыг тогтоож, MV-00003 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000000003 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, MV-000008 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000000001 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, MV-000008 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000011380 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, MV-000005 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000000022тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг Б сумын Засаг даргад даалгах,
Төв аймгийн БЖ сумын Засаг даргын тус компанийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №03/20 тоот албан бичгээр газар эзэмших эрхийг дуусгавар болгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, MV-000005 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000297895 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг БЖ сумын Засаг даргад даалгах,
Нэхэмжлэгч: БТ ХХК,
Хариуцагч: Төв аймгийн Б, БЖ сумын Засаг дарга нар,
Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар хариу хүргүүлэх албан бичгээр ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариу хууль бус болохыг тогтоож, MV-000006 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000000002 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг Б сумын Засаг даргад даалгах,
Төв аймгийн БЖ сумын Засаг даргын тус компанийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №03/20 тоот албан бичгээр газар эзэмших эрхийг дуусгавар болгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, MV-000006 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 00000003 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ЦМ ХХК, ЦХ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М, өмгөөлөгч Б.Б, хариуцагч Төв аймгийн Б сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагч Төв аймгийн БЖ сумын Засаг дарга Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
ЦМ ХХК, ЦХ ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мөнхтөр, БТ ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Ганжолоо нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай ЦМ ХХК, ЦХ ХХК, БТ ХХК нь Төв аймгийн Б, БЖ сумын нутагт байрлах MV-000028, MV-000007, MV-00003, MV-000005, MV-000008, MV-000008, MV-017535 дугаартай хүрэн нүүрсний ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж, Бөөрөлжүүтийн уурхай, цахилгаан станцын нэгдмэл төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа үндэсний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм. Бид дээрх төслийн хүрээнд уурхайн хөрс хуулалтын ажлыг 2017 оны 07 сард эхлүүлсэн. Төслийн хүрээнд эрчим хүчний нүүрсний ил уурхай, 70 км урттай 220 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 300 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтанд орсноор ОХУ болон БНХАУ-аас импортоор авч буй эрчим хүчнээс хямд өртгөөр эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэн нийлүүлэх боломж бүрдэх юм.
Манай төслийн Төв аймгийн Б суман дахь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий ЦМ ХХК-ийн MV-000028 MV-000007 дугаартай нийт 334.13 га талбайгаас өнөөдрийн байдлаар MV-000007 дугаартай талбайн 191.91 га талбайг ашиглаж байгаа бөгөөд 142.22 га талбайгаа одоогийн байдлаар ашиглаагүй байна. Мөн ЦХ ХХК-ийн Б, БЖ суман дахь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий MV-00003, MV-000005, MV-000008, MV-000008 дугаартай нийт 1881.15 га талбайгаас өнөөдрийн байдлаар MV-000005 дугаартай талбайн Б суманд ногдож буй 132.088 га талбайг ашиглаж байгаа бөгөөд 1749.062 га талбайгаа одоогийн байдлаар огт ашиглаагүй, хөндөөгүй байна. БТ ХХК-ийн Б, БЖ суман дахь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий MV-000006 дугаартай 7489.86 га талбайгаа одоогийн байдлаар огт ашиглаагүй, хөндөөгүй байна. Эдгээр хөндөгдөөгүй газрын гадаргуу болон хэвлий хэсэг огт ашиглагдаагүй байгаа болно.
Төв аймгийн Б, БЖ сумын нутагт байрлах манай компанийн MV-00003, MV-000005, MV-000008, MV-000008, MV-000028, MV-000007, MV-017535 дугаартай хүрэн нүүрсний ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн ашиглагдаагүй талбай дээр давхцуулан орон нутгаас газар эзэмших эрх авах, газар эзэмших гэрээ байгуулах шаардлага тавьсны улмаас 2019 онд Төв аймгийн Б сумын Засаг даргатай газар эзэмших гэрээ байгуулсан.
Манай компани нь хүрэн нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс авч жил бүр талбайн хэмжээгээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж байгаа болно. Мөн уурхайн эдэлбэр газраас бодитойгоор ашиглаж уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа хэсэг буюу уурхайн кэмп, үйлдвэрийн барилга хөрс хуулсан талбай, овоолго, зам гэсэн хэсгүүдэд орон нутгийн байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулан төлбөр төлөн ажиллаж байна.
Гэтэл орон нутгаас тавьсан шаардлагын дагуу бидний зүгээс өөрийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн ашиглаагүй хэсэгтээ орон нутагтай зайлшгүй газар эзэмших гэрээ байгуулж, газрын төлбөр төлөх нөхцөл бий болсон. Манай байгууллага Ашигт малтмал, газрын тосны газраас авсан тусгай зөвшөөрлийн төлбөрийг эзэмшиж буй талбайн хэмжээгээр жил бүр төлдөг тул тухайн талбайн ашиглаагүй хэсэгт давхцуулан дахин газар эзэмших гэрээ байгуулж, газрын төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд манай компани өөрийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн ашиглаагүй хэсэгтээ орон нутагтай газар эзэмших гэрээ байгуулах хуулийн шаардлага байхгүй тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд үндэслэн газар эзэмших эрхийг дуусгавар болгох хүсэлтийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б сумын Засаг даргад гаргасан. Гэтэл Төв аймгийн Б сумын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар хариуг хүргүүлэх тухай албан бичгээр ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Төв аймгийн Б сумын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш, чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэсэн захиргааны актад хамаарч байна.
Иймд Төв аймгийн Б сумын Засаг даргын гаргасан захиргааны акт нь манай байгууллагын Газрын тухай хуулийн 39.1.3-д эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болгох эрхийг үндэслэлгүй хязгаарласнаар цаашид газрын төлбөр төлж хууль ёсны эрх нь зөрчигдөх нөхцөл байдал үүсгэж байгаа тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Төв аймгийн Б сумын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгээр ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариуг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Төв аймгийн Б сумын Засаг даргад даалгаж өгнө үү, Төв аймгийн БЖ сумын Засаг даргад газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор хандсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 03/20 тоот хүсэлт гаргах тухай албан бичигт хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Төв аймгийн БЖ сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хариуцагч өмнөх жилүүдийн газрын төлбөрийн асуудал ярьж байгаа. Өнөөдрийн маргаанд хамааралгүй асуудал. Тусгай зөвшөөрлийн төлбөр болон газрын төлбөр нь тусдаа ойлголт гэдэг дээр манай талаас маргаагүй. Нэгэнт Ашигт малтмалын тухай хуулиар газрын хэвлий дэх байгалийн баялгийг ашиглах эрх авсан учир газрын гадаргуу болон хэвлийг нь ашиглах тусгай зөвшөөрөлтэй болсоноор хэрэгжүүлдэг. Тийм учраас төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн талбай дээр давхар орон нутагтай гэрээ хийх шаардлагагүй. Тусгай зөвшөөрлийн талбайгаа бүрэн ашиглаагүй байж орон нутагт газрын төлбөр давхардуулан төлөх болоод байна. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7-д газар, ус ашиглах гэрээг орон нутагтай хийнэ гэсэн байгаа. Ашиглах гэдэг нь хууль зүйн утгаараа тухайн зүйлийнхээ ашигт чанарыг нь гаргах ойлголт юм. Бид хол зайтай урсаж байгаа голыг ашиглахгүй, харин хөрс хуулалт зэрэгт ашиглаж байгаа усны төлбөрийг бол төлнө. Тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн орон нутагтайгаа заавал газрын гэрээ байгуулах ёстой гэсэн ойлголт байдаггүй. Харин ашиглаж байгаа газрын хувьд гэрээ байгуулах ёстой гэдэг нь хуулийн хувьд ойлгомжтой байна. Уг нь энэ асуудлыг заавал шүүхээр шийдвэрлэхгүй байх боломжтой байсан. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт газар эзэмших эрх дуусгавар болох тухай ойлголт байдаг. Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээний аль нэг нь байхгүй бол газар эзэмших эрх дуусгавар болохоор зохицуулсан. Нэхэмжлэгч компаниуд энэ жил газрын гэрээ байгуулаагүй. Хүчээр гэрээ хийнэ гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл гэрээний харилцаа гэдэг чинь хоёр буюу түүнээс дээш талуудын хүсэл зоригийн үндсэн дээр харилцан зөвшилцөж хийдэг. Үүнээс үзвэл газрын гэрээгүй байж гэрчилгээ эзэмших гэсэн ойлголт байхгүй учир газар эзэмших эрх дуусгавар болчихсон. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газрын төлбөр төлөөгүй бол, мөн гэрчилгээ хүчингүй болвол гээд тус тусад нь дуусгавар болох үндэслэлийг заасан. Мөн хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар эзэмшигч өөрөө цуцлах тухай хүсэлт гаргасан бол газар эзэмших эрх дуусгавар болохоор зохицуулсан. Энэ нь газрын гэрээний хүчинтэй хугацааны дотор газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор хүсэлт гаргасан бол газар эзэмших эрх дуусгавар болно. Манай тохиолдолд гэрээний хугацаа дуусахад сунгуулах тухай хүсэлт гаргаагүй учир газар эзэмших эрх дуусгавар болж байна. Манай компани тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил болгон төлдөг бөгөөд талбайн хэмжээ болон хугацаанаасаа болж төлбөр нэмэгдэх тал байдаг. Тусгай зөвшөөрлийн талбай дээр орон нутгаас давхардуулан бусдад эзэмшүүлэх, өмчлүүлэх эрх байхгүй. Өөрөөр хэлбэл нэг газар дээр олон төрлийн зориулалтаар газар олгох боломжгүй. Газрын хэвлийн тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь газрын хэвлийг ашиглах хуулийн зохицуулалттай байдаг. Тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагийн хувьд газрын гадаргуу болон газрын хэвлийг ашиглах бүрэн эрхтэй гэж үзэж байна. Орон нутгаас дахин зөвшөөрөл авах шаардлагагүй, харин ч орон нутгаас дэмжиж ажиллах үүрэгтэй. Манай талаас 2020 онд орон нутагтай газар эзэмших гэрээ байгуулаагүй учраас газар эзэмших эрх дуусгавар болох нөхцөл бүрдсэн. Газар эзэмших эрхийн гэрээг хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр хийгддэг учир нэг тал нь газрын төлбөр авах гэж хийдэг зүйл биш. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Иймд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Төв аймгийн Б сумын Засаг дарга Ц.Энхбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх заалтад эрх бүхий байгууллагаас олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлд заасны дагуу эдэлбэр газар олгох гэж сум дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлсон байна. Иймд Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусган, эдэлбэр газар олгох тухай Засаг даргын шийдвэрийг үндэслэн, эрх бүхий ажилтан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын журам батлах тухай 2008 оны 04 дугаар сарын 14-ний өдрийн 83 дугаартай тушаалын дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг дараах талбайд олгосон. Үүнд:
1. MV-00002 тусгай дугаартай газарт 2016 оны 01 сарын 28-ны өдрийн А/10 тоот захирамжаар 77.93 га ЦМ ХХК,
2. MV-000008 тусгай дугаартай Цайдам 1 нэртэй газарт 2016 оны 01 сарын 28-ны өдрийн А/11 тоот захирамжаар 650.94 га ЦХ ХХК,
3. MV-000008 тусгай дугаартай Цайдам 1 нэртэй газарт 2016 оны 01 сарын 28-ны өдрийн А/12 тоот захирамжаар 79.16 га ЦХ ХХК,
4. MV-000006 тусгай дугаартай газарт 2016 оны 2016 оны 01 сарын 28-ны өдрийн А/14 тоот захирамжаар Цайдам нэртэй газарт 7112.52 га БТ ХХК,
5. MV-000005 тусгай дугаартай газарт 2016 оны 01 сарын 28-ны өдрийн А/15 тоот захирамжаар Цайдам 1 нэртэй газарт 341.91 га газрыг ЦХ ХХК,
6. MV-00003 тусгай дугаартай газарт 2016 оны 04 сарын 13-ны өдрийн А/53 тоот захирамжаар 55.06 га газрыг ЦХ ХХК-д тусгай зөвшөөрөлтэй газрууд,
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.2, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалт, Засгийн газрын 2018 оны Газрын үнэлгээний тойрог зэрэглэл бүр, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай 182 дугаар тогтоолыг үндэслэн Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Х дугаар хуралдааны 03 дугаар хурлын тогтоолоор /Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрийн газрын суурь үнэ 16 000 000, итгэлцүүр нь 0.5, 1 га газрын ахуйгаас бусад үйлдвэрлэлийн газрын төлбөр 80.000 байхаар тогтоосон боловч энэ аж ахуй нэгж байгууллага тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад газрын гэрээ байгуулаагүй.
ЦМ ХХК нь 2020 оны 02 сарын 21-ний өдрийн 16/20 дугаар тоот албан бичиг Б Засаг дарга Ц.Энхбаатарт хүргүүлсэн нь өөрийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн ашиглаагүй хэсэгтээ орон нутагтай эзэмших гэрээ байгуулах хуулийн шаардлага байхгүй тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн газар эзэмших эрх дуусгавар болох тохиолдлыг заасны дагуу 39.1.3 эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан албан бичгийн хариу хүргүүлж Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.10, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7-д зааснаас үзвэл, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан газрын төлбөр төлөгч тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 4-д заасан хэмжээгээр газрын төлбөр төлнө гэж заасан заалт нь тухай эзэмшлийн газрыг бүхэлд нь цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд хэрэгжих заалт болохоос ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн ашиглаагүй хэсгийн газар эзэмших эрхийг дуусгавар болгон гэсэн заалт биш. Хэрэв Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Газар эзэмшигч иргэн аж ахуй нэгж, байгууллага нь энэ хуулийн 42.3-т заасан гэрээ байгуулсны дараа хууль болон уг гэрээнд өөрөөр заагаагүй бол ийнхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 90 хоногийн дотор холбогдох газрыг чөлөөлж, тухайн шатны Засаг даргын мэдэлд шилжүүлнэ гэж заажээ. Засаг даргын мэдэлд тухайн газар шилжсэн тул өөр, иргэн аж ахуй нэгж байгууллагад газрыг дараагийн дахин хувиарлалтанд эзэмшүүлж ашиглуулж болно гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж заасан байна. Иймд сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 тоот албан бичиг нь холбогдох хууль тогтоомжинд заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тусгай зөвшөөрөлтэй газруудад 2019, 2020 оны газрын гэрээ хийгдээгүй. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрыг төлбөр төлнө. 7.2 Газрын төлбөрийн хэмжээ, түүнийг хөнгөлөх, чөлөөлөх, зарцуулах журмыг хуулиар тогтооно гэж заасны дагуу сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай Газрын төлбөрийн хэмжээ шинэчлэн тогтоох тухай тогтоолоор Хөдөө аж ахуйн газраас бусад үйлдвэрлэл ангилалд ашигт малтмалыг нь ашигласан болон тухайн жилд ашиглах талбайн 1 га газрын төлбөр 80.000 төгрөг, ашигт малтмалыг нь ашиглаагүй нөөц талбайн 1 га газрын төлбөр 16000 төгрөг байхаар тогтоосон мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн аж ахуй нэгж байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Төв аймгийн Б сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтунгалаг шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал хэлэхдээ лицензийн төлбөр болон газрын төлбөр хоёрыг давхцуулж төлөх шаардлагагүй гэж хэлж байна. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эсхүл түүнийг энэ хуульд заасан хууль журмын дагуу шилжүүлж авсан этгээдийг хэлнэ. Тусгай зөвшөөрлийн төлбөр гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлбөр төлөхийг хэлнэ гэсэн байгаа. Харин газрын төлбөр гэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т заасны дагуу Засаг даргын захирамжийг үндэслээд гэрээ, гэрчилгээ нь хийгдээд газрын төлбөрийг төлөхийг хэлнэ. Энэ төлбөр нь газраа хүчинтэй байлгахын тулд төлж байгаа төлбөр юм. Харин нөгөө төлбөр нь эд баялгийг эзэмшиж, ашигласны төлөө төлж байгаа төлбөр юм. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.19-д уурхайн эдэлбэр гэж уурхайн талбайтай давхацсан ашигт малтмал олборлох геологийн тогтоц бүхий хэсгийг хэлнэ гэсэн байгаа. Үүний дагуу Засаг даргын захирамжийг үндэслэн гэрээ, гэрчилгээ хийгдээд явж байна. Хуулийн заалтуудыг харахад хэсэгчилж төлбөр төлөх гэсэн зүйл, мөн лицензийн талбайг нь авч үлдээд эзэмших эрхийн гэрчилгээ дуусгавар болох юм бол төлбөр төлөхгүй байна гэсэн хуулийн заалт байхгүй. Газрын төлбөрийн тухай хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь төрийн өмчийн газрыг эзэмшиж ашигласны төлөө төлбөр төлөх, уг төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Нэхэмжлэгч нэг төлбөр төлөх байтал хоёр төрлийн төлбөр төлөөд байна гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Төв аймгийн БЖ сумын Засаг дарга Г.Бямбадорж шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЦХ ХХК-иас 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох хүсэлт гаргасан. ЦХ ХХК-ийн захирал Д.Мөнхтөр, инженер Г.Эхлэнбаяр нарыг 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 2019 оны нийгмийн хариуцлагын гэрээг дүгнэж, 2020 оны гэрээ хийхээр ирэх үед 2019 оны газрын төлбөрийн тооцоогоо дуусгаад дараагийн асуудлаа шийдвэрлэх талаар албан ёсоор хариуг амаар өгсөн болно. Тус компани нь 24 500 000 төгрөгийн газрын төлбөрийн дутуу төлөлттэй бөгөөд албан ёсоор газрын төлбөрөө төлөх талаар хэлсэн боловч өнөөдрийг хүртэл газрын төлбөрийн тооцоог хийгээгүй байгаа болно гэжээ.
Хариуцагч Төв аймгийн БЖ сумын Засаг даргын өмгөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Албан бичигт амаар хариу өгсөн талаар Засаг дарга өөрөө болон гэрчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Засаг дарга уг албан бичигтэй шууд танилцаад өмнөх газрын гэрээ болон бусад асуудлаа шийдээд дараа нь хүсэлтийг шийдье гэж амаар шийдвэр гаргасан. Эс үйлдэхүйн хувьд хууль бус болох нь тогтоогдохгүй гэж үзэж байгаа. Эс үйлдэхүй гэж Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар эс үйлдэхүй болохын тулд 3 нөхцөлийг хангасан байхыг шаарддаг. Иргэн, хуулийн этгээд өргөдөл гаргаснаас хойш захиргааны байгууллага хариу үйлдэл хийгээгүй, хуульд заасан хугацаа хэтрүүлсэн байхыг ойлгоно. Гэтэл хариуцагч тухайн өдөрт нь хариуг нь өгсөн учир хариу үйлдэл хийсэн. Бусад 2 нөхцөлийг мөн хангахгүй байна. Албан бичиг ЦМ ХХК болон БТ ХХК-ийн өмнөөс ЦХ ХХК-ийн захирал гарын үсэг зурж, тамга дарсан. Энэ албан бичигт БТ ХХК-ийн албан бичиг биш учир асуудал яригдахгүй. Хоёрдугаарт, энэ албан бичигт дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т тусгай зөвшөөрөлтэй газарт олгогдсон газрыг зориулалтын дагуу ашиглуулах үүрэг нь сумын Засаг даргад байгаа. Тэрнээс биш тухайн талбайг хүчингүй болгох, эзэмших эрхийг цуцлах заалт Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулаагүй. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн талбай дээр онцгой давуу эрхээр газар, газрын хэвлийг ашиглах эрхтэй гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бичсэн. Тусгай зөвшөөрөл авсан бол тусгай зөвшөөрөлтэй компанийг сум дэмжиж тусгай зөвшөөрлийн талбайн газрыг нь олгох үүрэгтэй. Гэтэл гэрээ байгуулах хуулийн шаардлага байхгүй гэж үзээд байгаа нь өөрөө ойлгомжгүй бөгөөд эргээд албан бичгээр хариу өгөх боломжгүй болоод байна. Энэ албан бичигтэй холбоотой эс үйлдэхүй байхгүй гэж үзэж байна. Мөн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т газар эзэмшигч гэрээг цуцлах хүсэлтээ гаргасан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дагаад газрын гэрээ заавал байх ёстой. Тухайн тусгай зөвшөөрөлтэй газрыг өнөөдөр ашиглахгүй байгаа хэдий ч газар эзэмших эрх нь нэхэмжлэгч нарт байгаа. Захиргааны ерөнхий хуулиар нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн байхыг шаарддаг. Гэвч нэхэмжлэгч нарын эрх хөндөгдөөгүй байна. Газрын төлбөрөөс чөлөөлөгдөхийн тулд нэхэмжлэгч ийм алхамыг хийж байна. Газрын төлбөр төлөхгүйн тулд газар эзэмших эрхийг цуцалж өгөөч гээд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т заасныг баримталж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа. Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль зүйл, заалтаар нь хүчингүй болгох юм бэ гэхээр байхгүй байгаа юм. Газраа буцааж өгсөн бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэх ойлголт байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөнтэй холбоотой 2 компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбай 2 сумын давхцалтай гэж бичээд байгаа. Газар дээр нь очиж үзлэг хийхэд давхцал огт байхгүй байсан. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй байна. Зөвхөн тусгай зөвшөөрлийн лицензүүдийн хүрээнд газрыг олгосон болохоос биш газар давхацсан зүйл огт байхгүй. Тухайн үед албан бичгээ бариад Засаг даргатай уулзахад нь газрын төлбөрөө төлөөд нийгмийн хариуцлагын асуудлаа шийдээ гээд амаараа хариу өгсөн байдаг. Нэхэмжлэгч тал хүсэлтийн хариуг бичгээр авах шаардлагагүй гээд бичиг хэргийн ажилтанд албан бичгээ өгөлгүйгээр Засаг даргад танилцуулчхаад л гараад явсан. Тиймээс энэ үндэслэлээр эс үйлдэхгүй тогтоолгоно гэдэг нь үндэслэлгүй юм. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвхөн Газрын тухай хуулиар зохицуулах боломж байхгүй. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь заалтад заасны дагуу хүсэлтээ гаргасан гэж байгаа ч ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд энэ нь өөр нөхцөл байдал, өөр асуудал юм. Уурхайн талбай нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай адилхан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч тал нь үйл ажиллагаа явуулахгүй байгаа газраа хүчингүй болгуулахыг шаардаж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Энэ талбайг ашиглах эрхийг нь цуцлах эрх сумын Засаг даргад байхгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.1.16, 4.1.19-д заасны дагуу нэг аж ахуйн нэгжид нэг зөвшөөрөл олгож тус тусдаа үйл ажиллагаа явуулах тухай ойлголт байдаг. Нэхэмжлэгч бид нэгдмэл үйл ажиллагаа явуулж байгаа гэж тайлбарлаж байгаа нь боломжгүй. Заавал тусдаа үйл ажиллагаа явуулах ёстой. Гурван компанийн 3 тусгай зөвшөөрлийг 1 болгох гээд байгаа нь Ашигт малтмалын тухай хуульд байхгүй ойлголт юм. Талбайг нөөцөд авах асуудал байдаг бөгөөд зөвхөн Засгийн газрын шийдвэрийн үндсэн дээр авдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7-д зааснаар уурхай дээр газар, ус ашиглах гэрээ заавал байх ёстой бөгөөд тусгай зөвшөөрөл тус бүр дээрээ байх ёстой. Хуульд заасан үүргүүдээ биелүүлж ажиллах ёстой. Мөн хуулийн 55 дугаар зүйлд тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг буцаан өгөх асуудал байгаа ч Ашигт малтмалын газартай холбоотой асуудал. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгч нар, түүний өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ЦМ ХХК, ЦХ ХХК, БТ ХХК-иудаас Төв аймгийн Б сумын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар хариу хүргүүлэх албан бичгээр ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариу хууль бус болохыг тогтоож, MV-00003 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000000003 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, MV-000008 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000000001 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, MV-000008 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000011380 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, MV-000005 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000000022тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, MV-00002 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000000009 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, MV-000006 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000000002 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах,
Төв аймгийн БЖ сумын Засаг даргад газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор хандсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №03/20 тоот газар эзэмших эрхийг дуусгавар болгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, MV-000005 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000297895 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, MV-000006 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 00000003 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа тодруулсны эцэст нэхэмжлэгч нарын тодорхойлсон шаардлагын хүрээнд уг хэрэг маргааныг шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэрээр газрын төлбөртэй асуудлыг шийдвэрлээгүй болохыг юуны өмнө дурдах нь зүйтэй.
Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 697 тоот шийдвэрээр 2311.21 гектар талбайд ашигт малтмал ашиглах MV-000007 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар ЦМ ХХК-д эзэмшүүлжээ.[1] Улмаар Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1133 тоот шийдвэрээр ЦМ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайг ЦХ ХХК-д хэсэгчлэн шилжүүлж ЦМ ХХК нь 256.2 га талбайтай үлдсэн байна. 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Б сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/13 тоот захирамжийг үндэслэн 256.0094 га газрыг ашиглалт олборлолт явуулж буй уурхайн талбайн зориулалтаар эзэмших эрхийн 000011382 дугаар гэрчилгээг олгож[2], иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулжээ.
Мөн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1111 тоот шийдвэрээр 77.93 гектар талбайд ашигт малтмал ашиглах MV-00002 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг ЦМ ХХК-д эзэмшүүлж,[3] Газар эзэмших эрхийн 000000009 дугаар гэрчилгээг Төв аймгийн Б сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/10 тоот захирамжийг үндэслэн 77.93 га газрыг хүрэн нүүрсний орд зориулалтаар 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр олгож[4], 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.
БТ ХХК-д Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 183 тоот шийдвэрээр 7489.68 гектар талбайд ашигт малтмал ашиглах MV-000006 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.[5] Газар эзэмших эрхийн 000000002 дугаар гэрчилгээг Төв аймгийн Б сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/14 тоот захирамжийг үндэслэн 7111.1971 га газрыг ашиглалт, олборлолт явуулж буй уурхайн талбайн зориулалтаар 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр олгож[6], 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.
Төв аймгийн БЖ сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/22 тоот захирамжийг үндэслэн 377.16 га газрыг уул уурхайн зориулалтаар 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр газар эзэмших эрхийн 00000003 дугаар гэрчилгээг олгож, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.
ЦХ ХХК-д Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр 55.06 гектар талбайд ашигт малтмал ашиглах MV-00003 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн эзэмшүүлжээ.[7] Газар эзэмших эрхийн 000000003 дугаар гэрчилгээг Төв аймгийн Б сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/53 тоот захирамжийг үндэслэн 55.0035 га газрыг ашиглалт, олборлолт явуулж буй уурхайн талбайн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр олгож,[8] 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.
Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1133 тоот шийдвэрээр 650.94 гектар талбайд ашигт малтмал ашиглах MV-000008 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг ЦХ ХХК-д 27 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.[9] Төв аймгийн Б сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/11 тоот захирамжийг үндэслэн 650.61 га газрыг ашиглалт, олборлолт явуулж буй уурхайн талбайн зориулалтаар газар эзэмших эрхийн 000000001 дугаар гэрчилгээг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр олгож, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна.
ЦХ ХХК-д Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1110 тоот шийдвэрээр 79.16 гектар талбайд ашигт малтмал ашиглах MV-000008 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлж,[10] Газар эзэмших эрхийн 000011380 дугаар гэрчилгээг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Б сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/12 тоот захирамжийг үндэслэн 79.24 га газрыг ашиглалт, олборлолт явуулж буй уурхайн талбайн зориулалтаар олгож[11], 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.
Мөн ЦХ ХХК-д Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1109 тоот шийдвэрээр 1095.99 гектар талбайд ашигт малтмал ашиглах MV-000005 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлжээ.[12] Газар эзэмших эрхийн 000000022дугаар гэрчилгээг Төв аймгийн Б сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/15 тоот захирамжийг үндэслэн 341.91 га газрыг уул уурхайн зориулалтаар 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр олгож[13], 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан.
Төв аймгийн БЖ сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн А/62 тоот захирамжийг үндэслэн 754.09 га газрыг уул уурхайн зориулалтаар MV-000005 ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр газар эзэмшүүлэх эрхийн 000297895 дугаар гэрчилгээг ЦХ ХХК-д олгожээ.[14]
ЦМ ХХК, ЦХ ХХК, БТ ХХК-иудаас Төв аймгийн Б сумын Засаг дарга Ц.Энхбаатар, БЖ сумын Засаг даргын Г.Бямбадоржид хандаж 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16/20, 03/20 дугаар албан бичгүүдээр ашиглагдаагүй талбайн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болгох хүсэлт гаргасан байна.[15]
Төв аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар албан бичгээр ...Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.10, 35 дугаар зүйлийн 35.3.7-д зааснаас үзвэл, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан газрын төлбөр төлөгч мөн хуулийн 7 дугаар зүйлийн 4-д заасан хувь хэмжээгээр газрын төлбөр төлөх үүрэгтэй. Хуульд заасан үндэслэлээр газрын гэрээ байгуулж, төлбөр төлөхийг мэдэгджээ.[16]
Төв аймгийн БЖ сумын Засаг дарга ЦХ ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03/20 тоот албан бичигтэй танилцаад газрын төлбөр төлсний дараа асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хариуг амаар өгчээ[17].
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; гэсэн хууль зүйн үндэслэл бүрдсээр байхад хүчингүй болгохгүй, улмаар мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй; 39.1.4.газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон; гэсэн нөхцөл бий болсон байхад газар эзэмших эрхийг дуусгавар болгохгүй байгаа Засаг дарга нарын татгалзсан шийдвэр, эс үйлдэл нь хууль бус гэж маргаж байна.
Хариуцагчийн өмгөөлөгчөөс Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үндэслэн газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ заавал байгуулах ёстой. Газрын төлбөрийг төлөхгүй гэснээр нэхэмжлэгч талын газар эзэмших эрх нь дуусгавар болохгүй. Тухайн газар дээр тусгай зөвшөөрөлтэй байгаа тохиолдолд газар эзэмших эрх нь нэхэмжлэгчид байгаа. Ийм учраас газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэж тайлбарлаж байна.
Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 Газрын хэвлий, ой, ус, хийн мандлын агаар, ургамал, амьтан, байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна., Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг; гэж зааснаас үзвэл газрын хэвлийн баялгийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэйгээр ашиглах харилцаа нь Газрын тухай хуулиар зохицуулахгүй, өөр хуулиар нарийвчлан зохицуулахаар /энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулиар/ харин баялаг ашиглахаас бусад зорилгоор тухайлбал иргэн, хуулийн этгээдэд хувийн болон үйлдвэрлэл, үйлчилгээ, газар тариалан эрхлэх гэх мэт зориулалтаар газрыг ашиглах тохиолдолд Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмаар олгохоор зохицуулжээ.
Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд түүний хүсэлтээр шаардлага хангасан талбайд олгодог. Төрийн захиргааны байгууллагаас хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо аймаг, нийслэлийн Засаг даргаас хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой /хуулийн шаардлага хангасан/ сонгон шалгаруулалтын талбайг солбицлоор тодорхойлж ирүүлэх мэдэгдэл явуулдаг бөгөөд уг мэдэгдлийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч, хуульд заасан үндэслэлээр татгалзах нөхцөл байхгүй бол аймаг, Нийслэлийн Засаг даргаас төрийн захиргааны байгууллагад хариуг хүргүүлдэг.
Уг хариуг үндэслэн /урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзвэл/ төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, энэ талаар аймаг, сум дүүргийн Засаг даргад мэдэгддэг.
Хуулийн эдгээр зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч хуулийн этгээдүүдэд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр олгосноор газар ашиглах эрх шууд үүссэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7 дахь заалтад зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч газар ашиглах гэрээг орон нутгийн байгууллагатай байгуулж, газрын төлбөрийг Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар төлөх үүрэгтэй.
Иймээс Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмаар олгогдсон газрын харилцааг дуусгавар болгоход хэрэглэх хууль зүйн үндэслэл болох Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйл нь ашигт малтмал ашиглах зориулалтаар ашиглаж байгаа газрын харилцаанд үйлчлэхгүй, хариуцагч БЖ сумын Засаг даргын өмгөөлөгчөөс Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрлөөр олгосон газар ашиглах эрхийг сумын Засаг дарга хүчингүй болгох, дуусгавар болгох эрх хэмжээ байхгүй гэсэн тайлбар үндэслэлтэй бөгөөд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа тохиолдолд газар ашиглах эрх мөн адил хүчинтэй байх тул Засаг дарга нарын шийдвэр, эс үйлдэл хууль зүйн үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгч нарын ашиглагдаагүй талбайн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болгохоос татгалзсан Б сумын Засаг даргын шийдвэр, хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа БЖ сумын Засаг даргын эс үйлдэл хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин сумын Засаг дарга ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй газар ашиглуулах гэрээг байгуулахаас биш газар эзэмшүүлэх захирамж болон гэрчилгээг олгохгүй юм. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4 эрх бүхий байгууллагаас олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлд заасны дагуу эдэлбэр газар олгох; гэсэн заалт нь Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хуулийн агуулгаас авч үзвэл захирамж гаргаж, гэрчилгээ олгох асуудал биш, газар ашиглуулах гэрээ байгуулахыг олгох гэдэгт хамааруулан авч үзэхээр байна.
Гэтэл Газрын тухай хуулийг үндэслэн газар эзэмших эрх олж авсан иргэн, хуулийн этгээдэд олгодог гэрчилгээг Ашигт малтмалын тухай хуулиар газар эзэмших эрх олж авсан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгосноор энэхүү хууль зүйн маргаан үүссэн, гэрчилгээг үндэслэн газрын төлбөр шаардаж байгаа нь хууль бус гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана. гэж заасныг үндэслэн Төв аймгийн Б сумын Засаг даргад 000000009, 000000001, 000011380, 000316562, 000000002, 000000003 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг, Төв аймгийн БЖ сумын Засаг даргад 000297895, 00000003 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг тус тус даалгаж шүүх шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 35 дугаар зүйлийн 35.3.7, Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын Төв аймгийн Б сумын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар хариу хүргүүлэх албан бичгээр ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариу хууль бус болохыг тогтоолгох, Төв аймгийн БЖ сумын Засаг даргад газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор хандсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №03/20 тоот газар эзэмших эрхийг дуусгавар болгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Төв аймгийн Б сумын Засаг даргад MV-00002 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000000009 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг MV-000008 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000000001 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, MV-000008 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000011380 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, MV-000005 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000000022тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, MV-000006 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000000002 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, MV-00003 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000000003 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг,
Төв аймгийн БЖ сумын Засаг даргад MV-000005 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 000297895 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, MV-000006 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд олгосон 00000003 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг тус тус даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөгийг ЦМ ХХК-д, 35100 төгрөгийг ЦХ ХХК-д, Төв аймгийн БЖ сумын Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөгийг БТ ХХК-д тус тус гаргуулж, олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ
[1] 1-р хавтаст хэргийн 34-37-р хуудас
[2] 1-р халтаст хэргийн 38-р хуудас
[3] 1-р хавтаст хэргийн 60-63-р хуудас
[4] 1-р хавтаст хэргийн 64-р хуудас
[5] 1-р хавтаст хэргийн 17-20-р хуудас
[6] 1-р хавтаст хэргийн 21-р хуудас
[7] 1-р хавтаст хэргийн 24-30-р хуудас
[8] 1-р хавтаст хэргийн 31-р хуудас
[9] 1-р хавтаст хэргийн 41-43-р хуудас
[10] 1-р хавтаст хэргийн 47-50-р хуудас
[11] 1-р хавтаст хэргийн 51-р хуудас
[12] 1-р хавтаст хэргийн 54-56-р хуудас
[13] 1-р хавтаст хэргийн 57-р хуудас
[14] 1-р хавтаст хэргийн 67-р хуудас
[15] 1-р хавтаст хэргийн 14-16-р хуудас
[16] 1-р хавтаст хэргийн 13-р хуудас
[17] 2-р хавтаст хэргийн 19-20-р хуудас