Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 161

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Г.Алтанцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,  

Шүүгдэгч Ц.Цогбадрах, түүний өмгөөлөгч Ц.Майбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гучид овогт Цэгмидийн Цогбадрахад  холбогдох 201624000700 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо Дамбадаржаагийн 81 дүгээр 20 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Гучид овогт Цэгмидийн Цогбадрах /РД:ДЮ89122799/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Цогбадрах нь 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 16:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хангай захын баруун талын явган хүний гарцтай замд Эрдэм Транс ХХК-ийн эзэмшлийн Хьюндай Аеросити маркийн 05-64 УНӨ  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д “Явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин явган зорчигч Г.Найманжинг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ц.Цогбадрах нь 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 16:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хангай захын баруун талын явган хүний гарцтай замд Эрдэм Транс ХХК-ийн эзэмшлийн Хьюндай Аеросити маркийн 05-64 УНӨ  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалтыг зөрчин явган зорчигч Г.Найманжинг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулсан болох нь:

            1. Зам тээврийн осол хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8/

 

           2. Хохирогч Г.Найманжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн орчимд Хархорин захаас автобусанд суугаад Сонгинохайрхан дүүргийн автобусны буудал дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ явган хүний гарцаар зам хөндлөн гарч явахад хойноосоо урагшаагаа том оворын цэнхэр алаг өнгийн автобус 1-р эгнээнд миний баруун гар талаас ирж мөргөсөн. Би машин зам дээр унасан. Автомашины жолооч нь бууж ирчихсэн намайг сэгсэрч байсан. Жолооч түргэн дуудсан. Түргэн ирээд намайг үзсэн. Түргэн намайг орхиод гэмтлийн эмнэлэг яваад яв гэж хэлээд жолооч залуу намайг автобусандаа суулгаад хамтдаа гэмтлийн эмнэлэг явсан. Гадаа гэгээтэй, цаг агаар нартай, дулаахан, зам хуурай байсан. Гэрлэн дохио байгаагүй. Автобус хэр хурдтай байсныг анзаараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/                  

 

3. Гэрч Г.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 102-т дуудлага өгсөн. Гэхдээ би осол хэргийг хараагүй. Зүүн салаа гэсэн цэнхэр цагаан өнгийн автобус байсан. Хохирогчийг хаана мөргүүлснийг хараагүй, ямар ч байсан явган хүний гарц байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/

 

4. Иргэний хариуцагч Ө.Очироогийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...05-46 УНӨ дугаартай Х.Аеросити маркийн автобус нь манай байгууллагын эзэмшлийн автобус байгаа. Гэхдээ энэ автобусыг манай жолооч Ц.Цогбадрах хариуцан жолоодож явдаг. Жолооч Ц.Цогбадрахаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/

 

5. Шүүхийн шилжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10543 дүгнэлт:

а/ Г.Найманжингийн биед элэгний баруун дэлбэнгийн эдийн няцрал, кадсул хальсан доорх цусан хураа, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, дух, баруун хөмсөг, хамрын нуруу, хамрын үзүүр, уруулын зулгаралт, баруун нүдний дотор булангийн цус хуралт, хэвлийн цус хуралт, доод уруулын дотор салстын язарсан шарх, зүүн гарын 4, 5-р хурууны зулгаралт гэмтэл тогтоодлоо.

б/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн.

в/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учирах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

г/ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 36-37/

 

6. УХЦГ-ын техникийн шинжээчийн №480 дүгнэлт:

а/ 05-64 УНӨ дугаартай Х.Аеросити маркийн автобусны жолооч Ц.Цогбадрах нь МУЗХД-ийн 13.1-д заасан “Явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

б/ Явган зорчигч Г.Найманжин нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэжээ. /хх-ийн 68-69/

 

7. Шүүгдэгч Ц.Цогбадрахын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “...2016 оны 7 дугаар сарын 26-ны өглөө 07 цагийн орчимд Зүүнсалаа Халдвартын чиглэлийн 05-64 УНӨ дугаартай Аеросити маркийн автобусыг жолоодоод ажилдаа гарсан. Өдөр 16 цаг 30 минутын орчимд хойноосоо урагшаа чиглэлтэй Зүүн салаагаас 5 шар руу Сонгинохайрхан дүүргийн зүүн талын замаар 1-р эгнээгээр 30 орчим км/цагийн хурдтай явган хүний гарц руу орж явахад 2-р эгнээнд зогсож байсан машины урдуур нэг эрэгтэй хүн гуйваад ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй миний зүүн гар талаас явган хүний зам хөндлөн гараад ирэхээр нь тоормос гишгээд мөргөөд зогссон. Тэгээд автобуснаас буугаад мөргөсөн хүн дээрээ очиход нүүрнээс нь цус гарсан байдалтай, бөгсөөрөө сууж байхаар нь өргөөд автобусандаа оруулж суулгаад түргэн дуудсан. 5 минутын дараа түргэн ирээд нөгөө хүний даралтыг үзээд хоёр даралт нь ойртсон байна яаралтай гэмтлийн эмнэлэг рүү аваад яв гэхээр нь шууд гэмтлийн эмнэлэг явсан. Гэмтлийн эмнэлэг дээрээс цагдаатай осол хэргийн газарт ирж хэмжилт хийсэн. Тухайн үед үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Би явган зорчигчийг 7-8  метрийн зайнаас харсан. Явган хүний гарцаар зам хөндлөн гарч байгааг хараагүй. Гэнэт л гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80/

            8. Шүүгдэгч Ц.Цогбадрахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.Цогбадрах нь тухайн чиглэлд 1 жил орчим тээврийн хэрэгсэл жолоодож байгаа атлаа тухайн чиглэлийн замын нөхцөл байдал болон бусад байдал зэргийг харгалзан явах туршлага багатай, замын хөдөлгөөний дүрмийн талаарх мэдлэг дутмаг, хайхрамжгүй байдлаасаа болж явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ унаж яваа тээврийн хэрэгслийнхээ хурдыг хасаагүйгээс явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Г.Найманжинг мөргөж биемахбодид нь хүнд гэмтэл учруулсан хор уршиг нь  түүний үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.Цогбадрах нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 102/ тогтоогдов.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Цогбадрахыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын бие махбодид хүнд гэмтэл  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Г.Найманжин нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардал гэж нэхэмжилж 623.069 төгрөгийн баримт /хх-ийн 18-22/ гаргаж өгсөн байх бөгөөд шүүгдэгч Ц.Цогбадрах шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 3.300.000 төгрөг хохирогчид төлсөн гэж мэдүүлсэн боловч 2.500.000 төгрөгийн хохирол төлсөн 1 хуудас баримтыг шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн, уг баримтад хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй  гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Цогбадрахад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн,  гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9, 55.1.10 дахь заалтуудад зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарагдаж байх тул эдгээр байдлыг харгалзан түүнд хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.Цогбадрахын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасан хугацаагаар хасаж шийдвэрлэх тул жолоочийн ВСD ангиллын 740321 дугаарын үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гучид овогт Цэгмидийн Цогбадрахыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын бие махбодид хүнд гэмтэл  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Гучид овогт Цэгмидийн Цогбадрахын тээврийн хэрэгсэл хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Цогбадрахын эдлэх 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ц.Цогбадрах нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Цогбадрахад оногдуулсан 2 жилийн 5 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт  зааснаар Ц.Цогбадрахын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

7. Шүүгдэгч  Ц.Цогбадрахын BCD ангиллын 740321 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Гансугарт даалгасугай.                                   

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Цогбадрахад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

                           

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ:                                        Г.АЛТАНЦЭЦЭГ