Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/00124

 

 

............ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/01015 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1134 дүгээр магадлалтай,

 

............ийн нэхэмжлэлтэй

............, ............нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч ............ын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Жавзандолгор, хариуцагч ............, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч ............ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 1 дүгээр сарын 09-нд ............д 6 сарын хугацаатай 10 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй байгуулж, зээлсэн. Ингэхдээ ............гийн дансаар шилжүүлсэн. Улмаар 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр тус тус сунгаж шинэчлэн байгуулсан ба зээлийн нөхцөл, хугацаа, хүү адилхан хугацаа хэтэрвэл хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр гэрээлсэн. Иймд ............, ............ нараас үндсэн зээл 10 000 000 төгрөгийн хүү 3 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөгийн хамт, нийт 18 000 000 төгрөгийг шаардаж нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281.1, 282.3 дахь хэсэгт заасан хуулийн дагуу хийгдсэн. Тооцоо нийлээгүй учир алданги төлөхгүй гэх тайлбар үндэслэлгүй юм. Нийт зээлийн хүүгийн төлбөрт 9 000 000 төгрөг төлөх ёстой. Хариуцагч тал нийт 11 525 000 төгрөг төлсөн гэдэг нь дансны хуулгуудаар батлагдаж байна гэжээ.

 

Хариуцагч ............шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дансаар мөнгө орж гарсан нь үнэн. Би энэ мөнгийг нэг хоног ч хэрэглээгүй. Би өөрийгөө энд хариуцагчаар оролцох үндэслэлгүй гэж үзэж байна. ............ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ............ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үндсэн төлбөр 10 000 000 төгрөг, хүү 3 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөгийг ямар үндэслэлээр хэрхэн бодсон нь тодорхойгүй. Нэхэмжлэгчийн хаан банкны дансны хуулгуудыг 2015 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гаргуулснаар хариуцагчийн зүгээс 19 000 000 орчим төгрөгийг төлсөн болох нь тогтоогдоно. Мөн ямар хугацаанд хэдэн төгрөгийн зээлийн төлбөр төлсөн болохыг нь тогтоосноор цаашид хэдэн төгрөгийн үүрэн гүйцэтгэх эсэхийг тогтоох боломжтой болно. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй. Алданги тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. ............ 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1 000 000 төгрөг өгөөд, миний тооцоогоор 10 000 000 төгрөгөө төлөөд дуусчихлаа гэхэд нь ............ үүний дараагаар чи 18 000 000 төгрөг өгөх ёстой гэдэг зүйл ярьсан. Тооцоо нийлээд гаргаад өгсөн бол үүнээс өмнө төлөөд дуусгачих байсан. Энд үүрэг гүйцэтгүүлэгчийн буруутай. Иймд хариуцагчийн зүгээс 7 475 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Эхний байгуулсан гэрээ болон сунгагдсан гэрээний зүйл заалттай маргаагүй. Алдангийг төлөхгүй гэх шалтгаанд үүрэг гүйцэтгүүлэгч буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/01015 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 234.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ............аас 13 212 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ............д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч ............д холбогдох хэсэг болон 4 787 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............аас 224 012 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ............д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1134 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дугаар сарын 10-ний өдрийн 102/ШШ2019/01015 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...13 212 500 төгрөг гэснийг 11 212 500 төгрөг, ...4 787 500 төгрөг гэснийг ...6 787 500 төгрөг гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...224 012 төгрөг 194 342 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь зааснаар хариуцагч ............аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 020 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ............ хяналтын гомдолдоо: Магадлалын зарим хэсгийг шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч ............ нь “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Хариуцагч ............ нь нэхэмжлэлийн шаардлага 18.000.000 төгрөгийн 7.475.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх 10.525.000 төгрөгийн хүлээн зөвшөөрдөггүй. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч ............ийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу зээлийн гэрээний алдангийг шаардах эрхтэй. Иймд хариуцагчаас гэрээгээр харилцан тохиролцсон алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх ёстой үүрэг болох 7.475.000 төгрөгийн 50 хувиар тооцон 3.737.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Алданги тооцох үндэслэлгүй юм. ............ би зээлийн эргэн төлөлтийг тогтвортой төлж байсан бөгөөд сар бүр 500.000 төгрөгний хүү төлөөд явах нь хэцүү байсан учраас ............д хэлж, улмаар тодорхой хугацаа заахгүйгээр зээлийн эргэн төлөлтөө хийж явахаар харилцан тохиролцсон. Үүний дагуу би зээлээ төлж байсан бөгөөд, яг нийт хэдэн төгрөг төлсөн талаараа сайн мэдэхгүй байсан юм. ............д одоо нэг тооцоо нийлье гэж хэлэхэд чи ямар ч байсан төлөөд явж бай, тэгж байгаад нэг тооцоо нийлье гэсэн. Гэтэл ............ нь гэнэт 18.000.000 төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан байсан. Тухайн үед тооцоо нийлээд явж байсан бол ийм юм болохгүй байсан, хугацаа хэтрүүлэхгүйгээр зээлээ төлчих байсан. ............ийн буруутай үйлдлээс болоод одоо 3.737.500 төгрөгний алданги төлөх болоод байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “...хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй алданги төлнө...” гэж заасан байна. Үүнээс үзвэл хугацаа хэтрүүлсэн тал нь алданги төлөхөөр байна. Гэтэл миний бие хугацаа хэтрүүлсэн зүйл байхгүй, ............тэй харилцан тохиролцсоны дагуу зээлийн эргэн төлөлтөө хийж байсан. Иймд магадлалын “...гэрээгээр харилцан тохиролцсон алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар тооцон 3 737 500 төгрөгийг ...нэхэмжлэгчээс гаргуулах...” гэсэн хэсгийг хүчингүй болгож, магадлалыг өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ............ нь хариуцагч ............, ............ нарт холбогдуулан зээлийн үүрэгт үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 3 000 000 төгрөг, алданги 5 000 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч ............нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, хариуцагч ............ 7 475 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрчээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч ............аас 13 212 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч ............д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх 11 212 500 төгрөгийг гаргуулахаар ............ын хариуцах үүргийг багасгаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166, 167 дугаар зүйлийн 167.3, 167.4-т давж заалдах журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ, давж заалдах шатны шүүхийн магадлал хүчинтэй болсноос хойш магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна гэж заасан.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон нэг шүүгч магадлалд гарын үсэг зураагүй байна. Хэргийн оролцогч энэ талаар гомдол гаргаагүй хэдий ч магадлалыг бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурах нь магадлалыг хүчинтэй гэж үзэх хуульд заасан шаардлага тул зөвтгөх  боломжгүй юм.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлалд аль нэг шүүгч гарын үсэг зураагүй нь  магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 169, 168 дугаар зүйлийн 168.1.5-д заасан тул магадлалыг хүчингүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн 1134 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 74 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  

                                                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.АЛТАНЧИМЭГ                 

                                ШҮҮГЧ                                                   П.ЗОЛЗАЯА