Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 62

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 03 өдөр

    Дугаар101/ШШ2018/00062

                     Улаанбаатар хот

 

            

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

     Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 9, “С” ХХК-ийн /РД: ......../ нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: .......................................тоотод оршин суух, С.Эхолбогдох

1.765.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мягмарнаран нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “С“ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн С.Э болон “С“ ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр С үйлчилгээний төвийн 2 дугаар давхарт байрлах 16-6 тоот лангууг түрээслэхээр харилцан тохиролцож 63 тоот “Гар утасны худалдаа эрхлэх лангуу ашиглах түрээсийн гэрээ”-г байгуулсан. Тус гэрээг байгуулахдаа 2014 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн 2015 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл буюу нэг жилийн хугацаатай байгуулсан бөгөөд нэг сарын түрээсийн төлбөрийг 410.000 төгрөг байхаар тохиролцож байгуулсан.

“С“ ХХК нь түрээслүүлэгч нартаа эдийн засгийн хүнд хэцүү үед түрээсийн төлбөртөө хөнгөлөлт үзүүлж 2015 оны 1, 2, 3, 5, 6, 7, 8 саруудын түрээсийн төлбөрийг 205.000 төгрөг болгосон бөгөөд 2016 оноос эхлэн түрээсийн төлбөрийг нэг сарын 260.000 төгрөг болгон бууруулсан.

Түрээслэгч С.Э нь 2015 оны 11, 12 сарууд болон 2016 оны 1, 2, 3, 4, 5, 6 саруудын түрээсийн төлбөр болох нийт 2.380.000 төгрөгийг төлөөгүй бөгөөд  “С“ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн А99 тоот тушаалаар нийт 615.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Үүний дагуу 1.765.000 төгрөгийг төлөөгүй байгаа.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 10.3-т “Түрээслэгч ямар нэгэн шалтгаан заахгүйгээр гэрээг дангаар цуцлах эрхтэй ба гэхдээ цуцлах тухай саналаа нэг сарын өмнө түрээслүүлэгч талд бичгээр мэдэгдэх үүрэг хүлээнэ" гэж заасан байтал түрээслэгч С.Эаас нэг ч удаа гэрээ цуцлах агуулга бүхий мэдэгдлийг бичгээр ирүүлж байгаагүй.

Өдийг хүртэл хугацаанд С.Э нь гэрээгээ цуцлах тухай саналаа бичгээр мэдэгдээгүй, мөн өөрийн буруугаас түрээсийн талбайгаа ашиглаж чадаагүй нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 292 дугаар зүйлийн 292.4-т заасан “Хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй” гэсний дагуу хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Бидний зүгээс “үйл ажиллагаа явуулж, түрээсийн төлбөрөө төлнө үү” гэсэн агуулга бүхий мэдэгдлүүдийг оршин суугаа хаягаар нь удаа дараа явуулж байсан боловч хариу өгөөгүй, мөн манай байгууллагын зүгээс түрээсийн төлбөрт маш олон удаа хөнгөлөлт үзүүлж, түрээсийн талбайд үйлчлүүлэгч татах зорилгоор өөрсдийн зүгээс идэвхижүүлэлтийн ажиллагааг явуулж байсан боловч түрээсийн төлбөрийг төлөх талаар ямар нэгэн идэвхи санаачилга гаргаагүй болно.

Цаашид манай байгууллага түрээсийн талбайгаа хариуцагчаас өөр этгээдэд түрээслүүлж түрээсийн төлбөрөө шаардах нь зүйн хэрэг учир ийнхүү талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1-д “Түрээслэгч талаас энэхүү гэрээг чанд биелүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд биелүүлээгүй тохиолдолд гэрээнд заагдсаны дагуу хариуцлага тооцох, гэрээг цуцлах, үүссэн хохирлыг арилгуулах, мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээсийн эзэмшил, ашиглалтанд аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч С.Эаас түрээсийн төлбөр нийт 1.765.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Э шүүхэд гаргасан тайлбартаа:

  “С“ ХХК-ийн нэхэмжлэлтэй ххххххххххх тоотод оршин суугч С.Эт холбогдох “Гар утасны худалдаа эрхлэх лангуу ашиглах түрээсийн гэрээ”-тэй холбоотой үүссэн маргаанд дараахь хууль зүйн тайлбарыг гаргаж байна.

  1. Талуудын хооронд “Гар утасны худалдаа эрхлэх лангуу ашиглах түрээсийн гэрээ”-г 2014 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр “С” үйлчилгээний төвийн 2 давхарт байрлах 16-6 тоот лангууг түрээслэхээр 63 тоот гэрээг байгуулсан байна. “С” ХХК, иргэн С.Э нарын хооронд Иргэний Хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байна.

  Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээ байгуулсан гэдэг нь “С” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар нотлогдож байна. Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасан.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасан бөгөөд гар утасны худалдаа эрхлэх лангуу болон тухайн лангуу байрлаж байгаа газрыг үл хөдлөх хөрөнгө гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм .

 Гэтэл уг гэрээний талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т заасан үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлэх хуулийн шаардлагыг биелүүлээгүй байна.

Талууд дээрхи хуулийн шаардлагыг нэгэнт биелүүлээгүй гэрээ байгуулсантай холбогдуулан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн хүрээнд уг түрээсийн гэрээ хүчин төгөлдөр гэрээ мөн эсэхийг авч үзэх шаардлага гарч байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн” хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан.

Дээрхи хуультай холбогдуулан Улсын Дээд Шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5.5-д “Мөн зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэдэг нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т заасан шаардлагад хамааралтай ба энэхүү хэлбрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамааруулан үзнэ” гэж заасан.

Иймд уг гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байсан гэдэг нь нотлогдож байна.

2. Талууд 2014 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр байгуулагдсан бөгөөд талуудын хооронд байгуулсан 63 тоот гэрээний 3.2-т заасны дагуу гэрээний зөрчилгүй гэж үзэж дахин 1 жилээр автоматаар сунгагдсан байна. Гэтэл гэрээ сунгагдсанаас хойш түрээслэгч гэрээний 4.3 дахь заалт зөрчигдөж түрээсийн төлбөр төлөгдөөгүй нэлээд хугацаа өнгөрсөн байна.

Гэтэл түрээслүүлэгч түрээсийн төлбөрөө нэхэлгүй гэрээний 4.5 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй, гэрээг цуцлаагүй, мөн гэрээний 2.5, 6.1, 6.4, 9.1, 9.2, 10.2, 10.3 дахь заалтын хүрээнд түрээсийн байрыг хүлээн аваагүй, төлбөрөө шаардаагүй, түрээсийн төлбөр төлөх гэрээгээр тохирсон хугацаа өнгөрсөн атал түрээсийн төлбөрөө нэхэмжлээгүй байна.

Өөрөөр хэлбэл түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөлгүй байгааг мэдсээр байж гэрээг цуцлаагүй, удааж түрээсийн төлбөрийг олон сараар нэмэгдүүлэн гаргасан байна.

3. Талуудын хооронд байгуулсан гэрээнд орсон нэмэлт, өөрчлөлтийг уг гэрээний 11.3-т заасны дагуу бичгээр хийгдэж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр байхаар заасан боловч гэрээг албан ёсоор баталгаажуулж нэмэлт, өөрчлөлт оруулаагүй тул хүчин төгөлдөр бус байна.

Иймд дээрх үндэслэлийг харгалзан “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй ххххххххххх тоотод оршин суугч С.Эт холбогдох “Гар утасны худалдаа эрхлэх лангуу ашиглах түрээсийн гэрээ”-тэй холбоотой үүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

              Нэхэмжлэгч “С“ ХХК нь хариуцагч С.Эт холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 1.765.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

   Нэхэмжлэгч “С” ХХК 1.765.000 төгрөгийг хариуцагч С.Эаас нэхэмжлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг түрээсийн төлбөр хэмээн тодорхойлсон ба хариуцагч С.Э нь түрээсийн гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т заасан шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ, түрээслэгч түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгааг мэдсэн атлаа гэрээг цуцлаагүй, удаасны эцэст төлбөрийг олон сараар нэмэгдүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

 

Нэхэмжлэгч “С“ ХХК нь  хариуцагч С.Этай 2014 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 63 тоот “Гар утасны худалдаа эрхлэх лангуу ашиглах түрээсийн гэрээ”-г байгуулсан ба уг гэрээгээр түрээслүүлэгч “С“ ХХК нь С-Теди үйлчилгээний төвийн 2 дугаар давхарт байрлах 16-6 тоот лангууг хариуцагч С.Эын эзэмшил, ашиглалтанд 1 жилийн хугацаатай шилжүүлэх, С.Э нь уг эд хөрөнгийг эзэмшиж ашигласаны  хөлсөнд сард 410.000 төгрөг төлөхөөр тохирсон нь гэрээний хуулбар, төлбөр төлсөн баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байх ба гэрээнд оролцогчид хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулснаар хүчин төгөлдөр болжээ.

/ХХ-ийн 4-6, 10 дугаар тал/

 

 Уг гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр дуусгавар болсон ба гэрээний 3.2-т “Хэрэв талуудын аль нэг нь энэ гэрээний үйлчлэх хугацаа дуусахаас өмнө уг гэрээг цуцлах санал гаргаагүй, түрээслэгч гэрээний 10.1-т заасан дутагдал, доголдол, зөрчил гаргаагүй тохиолдолд гэрээг дахин 12 сараар сунгасанд тооцно” гэжээ.

Гэрээний хугацаа дуусахад түрээслүүлэгч “С” ХХК болон түрээслэгч С.Э нар хэн аль нь гэрээг цуцлах санал гаргаагүй, С.Э уг лангуунд гар утасны худалдаа эрхлэх үйл ажиллагаа явуулан 2015 оны 9, 10 сарын түрээсийн төлбөрт гэж 410.000 төгрөгийг 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр,  2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр түрээсийн төлбөрт тус бүр 205.000 төгрөг, 2015 оны 8 сарын түрээсийн төлбөрт гэж 205.000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тус тус төлсөн нь төлбөр төлсөн талаарх лавлагаа, зохигчийн тайлбараар тогтоогдлоо.

 

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-д зааснаар гэрээний хугацаа дууссан бол гэрээ дуусгавар болдог боловч мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар гэрээний хугацаа дууссан ч  эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг түрээслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгасанд тооцох тул талуудын хооронд байгуулагдсан “Гар утасны худалдаа эрхлэх лангуу ашиглах түрээсийн гэрээ”-ний хугацаа дуусаагүй байна гэж үзлээ.

 

            Хариуцагч С.Э нь нэхэмжлэгч “С“ ХХК-ийн С-Теди үйлчилгээний төвийн барилгын тодорхой хэсгийг буюу уг барилгын 2 дугаар давхрын лангуунуудын нэг хэсэг болох 16-6 тоот лангууг түрээслэх гэрээг байгуулан өөрийн эзэмшил, ашиглалтанд байлган, үл хөдлөх хөрөнгийн тодорхой 1 хэсгийг нь түрээслэсэн тул гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх шаардлагагүй.

 

“С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-944 тоот тушаалаар “үйлчилгээний төвийн 2 давхрын гар утасны засвар, худалдаа үйлчилгээний төвийн 2015 оны 1, 2 сарын түрээсийн төлбөрийг тус бүр 50 хувиар”,

Мөн захирлын 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн А-192 тоот тушаалаар “үйлчилгээний төвийн 2 давхрын гар утасны засвар, худалдаа үйлчилгээний төвийн 2015 оны 3 сарын түрээсийн төлбөрийг тус бүр 50 хувиар”,

2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А-452 тоот тушаалаар “үйлчилгээний төвийн 2 давхрын гар утасны засвар, худалдаа үйлчилгээний төвийн 2015 оны 4 сарын түрээсийн төлбөрийг 30 хувиас дээш ирцтэй үйл ажиллагаа явуулсан түрээслэгчдэд 100 хувь, 30 хувиас доош ирцтэй үйл ажиллагаа явуулсан түрээслэгчдэд 50 хувиар”,

2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-583 тоот тушаалаар “үйлчилгээний төвийн 2 давхрын гар утасны засвар, худалдаа үйлчилгээний төвийн 2015 оны 6 сарын түрээсийн төлбөрийг 50 хувиар”

2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн А-657 тоот тушаалаар “үйлчилгээний төвийн 2 давхрын гар утасны засвар, худалдаа үйлчилгээний төвийн 2015 оны 7, 8 сарын түрээсийн төлбөрийг 50 хувиар” тус тус хөнгөлөн 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн А/99 тоот тушаалаар “гар утасны худалдааны лангууны 1 сарын түрээсийг 2016 оны 1 сараас 260.000 төгрөг” байхаар тогтоожээ.

/ХХ-ийн 11-16 дугаар тал/

 

Талуудын 2014 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр байгуулсан гэрээгээр тохирсоны дагуу лангууны 1 сарын түрээсийн төлбөр 410.000 төгрөг ба талуудын тохирсоноор болон түрээслүүлэгчийн ирүүлсэн авлагын дэлгэрэнгүй лавлагаагаар түрээслэгч С.Э нь 2015 оны 8 сард 205.000 төгрөг, 2015 оны 9-12 саруудад 410.000 төгрөг төлөх үүрэгтэй байсан бөгөөд уг авлагын баримтаас үзэхэд хариуцагч нь 2015 оны 8 сар хүртэл төлбөрийн ямар нэг зөрчилгүй байсан ба түрээсийн төлбөрийн тооцоотой холбоотой хариуцагч тал тайлбар гаргаагүй, эсэргүүцээгүй болно.

 

Хариуцагч тал түрээсийн төлбөр төлөхгүй байгаатай холбогдуулан нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч “С” ХХК нь  2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төлбөрөө төлж, гэрээгээ шинэчлэн байгуулахыг, 2016 оны 6 дугаар сарын 28, 30-ны өдрүүдэд гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээ цуцлах мэдэгдлийг тус тус өгч байжээ.

/ХХ-ийн 17-19 дүгээр тал/

 

Хариуцагч С.Э 2015 оны 8 сарын түрээсийн төлбөр 205.000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр, 2015 оны 9, 10 сарын төлбөрт 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр 410.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 2 удаагийн төлөлтөөр нийт 410.000 төгрөг тус тус төлсөн байна.

/ХХ-ийн 9 дүгээр тал/

 

Хариуцагч С.Э нь 2015 оны 11-12, 2016 оны 1-6 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөрт 2.380.000 төгрөг төлөх үүрэгтэй байх ба үүнээс түрээслүүлэгч байгууллагын захирлын 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн А99 тоот тушаалаар 615.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн гэх бөгөөд С.Э нь дээрх хугацааны түрээсийн төлбөрт 1.765.000 төгрөг төлөх үүрэгтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтанд аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ“ гэж заасны дагуу хариуцагч буюу түрээслэгч С.Э нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч “С“ ХХК түрээсийн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна.

 

“Гар утасны худалдаа эрхлэх лангуу ашиглах түрээсийн гэрээ”-ний 4.3-т “Түрээслэгч сар бүрийн 25-ны дотор дараа сарын түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчийн Худалдаа хөгжлийн банк дахь 499127337 тоот дансанд төлнө” гэж түрээслэгчийн түрээсийн төлбөр төлөхтэй холбоотой үүргийг заасан ба үүнээс үзэхэд түрээслүүлэгч төлбөрөө шаардаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно.

 

Талуудын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т “бүртгэлийн хураамж 450.000 төгрөг”, 4.2-т “Түрээслэгч гэрээ байгуулахдаа бүртгэлийн хураамж 450.000 төгрөг төлнө, төлснөөр түрээслэх эрх нээгдэнэ. Бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасан тул түрээслэгчийн урьд төлсөн уг мөнгийг нэхэмжлэлээс хасч тооцох боломжгүй.

Иймд хариуцагч С.Эаас түрээсийн гэрээний үүрэгт 1.765.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С“ ХХК-д олгох нь зүйтэй.

 

Хариуцагч С.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжавт 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 08 цаг 30 минутанд шүүх хуралдаан болохыг боломжит хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн боловч хариуцагч тал шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүний хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Иргэн Б.Батмөнх нь хариуцагч С.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцоно хэмээн шүүхэд ирсэн хэдий ч С.Э нь түүнд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлага хангасан итгэмжлэл олгоогүй, тухайн этгээдэд уг баримт байхгүй тул уг иргэнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзэх үндэслэлгүйг дурьдлаа.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар хариуцагч С.Эаас 1.765.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эаас 43.190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С“ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.САРАНГҮН