Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/00903

 

Х.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/00353 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.Н-гийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: “М” ХХК-д холбогдох

 

Үндэслэлгүйгээр нэмэгдсэн өртгийн албан татварт төлүүлсэн 2 058 210 төгрөг, 2012 оны 2 дугаар сараас 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд байрны ашиглалтын зардалд төлүүлсэн 1 841 805 төгрөг, нийт 3 900 015 төгрөгийг буцаан  гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Н нь “М” ХХК-тай 2011-2012 оны хооронд  орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, төлбөрөө бүрэн төлсөн. Гэтэл “М” ХХК нь орон сууцыг улсын комисс хүлээн авсан үеэс эхлэн гэнэт гэрээнд тусгагдаагүй, байрны нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмж төлөх, төлөхгүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй гэсэн шаардлага бүхий мэдэгдэх хуудсыг 2014 оны 4 дүгээр сард гардуулж, нэхэмжлэгч нь  2 058 210 төгрөгийг тушаасан. “М” ХХК нь 2010 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдэн гэрчилгээ авсан, тус компанитай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээнд заагдсан үнийн дүнд нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн гэдгийг мэдээгүй. Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг хариуцагч зөрчиж барилгыг улсын комисс хүлээн авахаас өмнө оршин суугчдыг хууран байранд нь оруулж тэднээс ашиглалтын зардал дээр алданги тооцож улмаар гэрээг цуцлахаар дарамталж байсан. Нэхэмжлэгч нь 2012 оны 2 дугаар сард байрандаа орж, байрны ашиглалтын зардлыг  төлсөөр ирсэн. Иймд байрыг улсын комисс хүлээн авсан өдөр хүртэл буюу 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд байрны ашиглалтын зардалд төлсөн 1 841 805 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 2 058 210 төгрөг нийт 3 900 015 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Н нь 2011 онд “М” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж 2012 оны 1 дүгээр сард Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Да Хүрээ хотхоны 65Б байрны 5 тоот орон сууцыг эзэмшилдээ хүлээн авсан. Х.Нгийн  нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн  2.058.210 төгрөгийг  компани улсын төсөвт тушаасан. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу “М” ХХК 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр санхүүгийн тайлангаа шинэчлэн ил болгож татвар төлсөн тул  2.058.210 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2012 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотод шинэ барилга ашиглалтанд хүлээн авах улсын комисс түр хугацаанд ажиллахгүй байсан. “М” ХХК 65Б байрыг ашиглалтад хүлээн авах комисс ажиллуулахаар 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 26 тоот албан бичгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт, 2013 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 04/2013 тоот албан бичгийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт Дэд бүтцийн хяналтын албанд гаргаж байсан боловч улсын комисс 2014 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 65Б байрыг хүлээн авч 2014/8127 тоот акт үйлдсэн. “М” ХХК 2012 оны 1 дүгээр сараас 2014 оны 2 дугаар сар хүртэл 2 жилийн хугацаанд 65Б байрны оршин суугчдын ус, дулаан, цахилгаан, ашиглалтын зардлыг Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар Цахилгаан түгээх станц ХХК, Багануур Илч ХХК-д төлж ирсэн тул ашиглалтын зардал 1 841 805 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч “М” ХХК-иас 2 058 210 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Н-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 841 805 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас 47 881 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Н-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх "М" ХХКомпаниас 2 058 210 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Н-д олгохоор шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Х.Н "Орон сууц захиалан бариулах " гэрээний 2.5, 2.7-д заасны дагуу НӨАТ 2 058 210 төгрөг төлсөнийг "М" ХХКомпани төсөвт тушаажээ. "М" ХХК Эдийн засгийн ил тод байдлын дэмжих тухай хуулийн дагуу 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр санхүүгийн тайлангаа шинэчлэн ил болгосон.  Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

                                                                     ХЯНАВАЛ:       

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Х.Н нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр нэмэгдсэн өртгийн албан татварт төлүүлсэн 2 058 210 төгрөг, 2012 оны 02 дугаар сараас 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд байрны ашиглалтын зардалд төлүүлсэн 1 841 805 төгрөг нийт 3 900 015 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Зохигчдын хооронд 2011 онд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч тал орон сууцны үнийг бүрэн төлсөн, хариуцагч нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Да Хүрээ хотхонд 65б байрны 5 тоот 2 өрөө сууцыг барьж гүйцэтгэн нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ Л.Ханд, Х.Н нарын нэр дээр гарсан үйл баримт тогтоогдсон.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээр 2014 оны 04 дүгээр сард борлуулсан бараа буюу орон сууцны үнийн 10 хувьтай тэнцэх нэмэгдсэн өртгийн албан татвар гэх байдлаар нийт 2 058 210 төгрөгийг төлүүлсэн бөгөөд уг төлбөрийг төлөх нь үндэслэлтэй эсэхэд талууд маргаж байна. /ХХ-ийн 31 дүгээр тал/

 

Хариуцагч “М” ХХК нь 2010 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэн 19196 тоот гэрчилгээ авсанд талууд маргаагүй. /ХХ-ийн 128 дугаар тал/

 

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар төлөгч нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж заажээ. “М” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн хувьд өөрт ногдох үүргийг хариуцагчаар гүйцэтгүүлэх үндэслэлгүй гэж үзэж 2 058 210 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хариуцагч “М” ХХК нь орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээлгэн өгснөөс хойш нэхэмжлэгч уг сууцандаа амьдарч, цахилгаан, дулаан зэргийг хэрэглэсэн бөгөөд ашиглалтын зардлаа өөрөө хариуцан төлөх үүрэгтэй, ашиглалтын зардлыг айл өрхөөр биш, аж ахуйн нэгжээр тооцож илүү төлүүлсэн гэх байдал баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/00353 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД