Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 00518

 

                                                  

                                       

 

 

 

 

 

 

2018 оны 3 сарын 06 өдөр                   Дугаар 183/ШШ2018/00518                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Э  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б-д  холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 56.100.000 /тавин зургаан сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэлхам, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Т.Бтэй 2014 оны 7 сарын 15ны өдөр зээлийн гэрээ байгуулан 37.400.000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 2014 оны 8 сарын 15-ны өдөр хүртэл зээлүүлж, гэрээнд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч Т.Б нь зээлийн төлбөрөө төлөөгүй тул үндсэн зээлийг гэрээнд заасны дагуу хүү, алданги 18.700.000 төгрөгийн хамт 56.100.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд өмгөөлөгч нараас гаргасан тайлбартаа: Би Япон улсын “Мегатек” корпорацийн захирал Нагао Шигэрү гэдэг хүнээс өөрийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 2013 онд 200.000 ам долларын зээл авсан, Б.Ундрахаас зээлээгүй. Тухайн үед дансаар нь дамжуулан зээл авсан нь үнэн. Дансаар шилжүүлэх үед 2 төрлийн гэрээ хийсэн. Гэвч Ундрах нь өөрийн хөрөнгөөс зээл авсан мэтээр удаа дараа зүй бус хандаж ирсэн тул Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлдүүлэгч Нагао Шигэрү дараа нь өрөө нэхээд ирэх эрсдэл өндөр байгаа, түүнтэй зээл авснаас хойш огт холбогдож чадахгүй байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Т.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 54.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр гардуулж, эрх үүрэг тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн дотор ирүүлэхийг үүрэг болгосон ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.     

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр өмнөх шүүх хуралдаан хойшлогдож, түүнд энэ өдрийн товыг мэдэгдэж, гарын үсгээр баталгаажуулсан байх бөгөөд хариуцагч тал нь шүүх хуралдаанд ирж тайлбар гаргах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний дагуу зээл, хүү төлөх үүргээ зөрчсөн тул алдангийн хамт гаргуулна гэж тайлбарлав.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зоригоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэний үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэж, нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болохыг 40.1-д тодорхойлсон байна.

 

Нэхэмжлэгч нь Т.Бтэй 2014 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 37.400.000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлүүлэхээр тохиролцон, зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулсан байна.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, зээлдэгч, зээлдүүлэгч тал гэрээнд гарын үсэг зурж, гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсч, гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх үүргийг, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр зохицуулсан ба нэхэмжлэгч хариуцагчийн өмчлөлд зээлийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна.

 

2014 оны 8 сарын 15-ны өдөр буюу гэрээний хугацаа дуусахад Т.Б нь зээлийг буцаан өгөх үүргээ зөрчсөн буруутай байх тул нэхэмжлэгч нь зээлийг буцаан шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зээлийн гэрээгээр талууд хүү тогтоож болно гэж заасан ба зохигч гэрээгээр 1 сарын хүүг 3.5 хувь гэж тодорхойлсон байх тул хүүний төлбөрт хариуцагч нь 1.309.000 төгрөг төлөх үүрэгтэй юм.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар талууд гэрээний 2 дугаар заалтаар хүлээсэн үүргийн биелэгдээгүй үнийн дүнгээс 0.1 хувийн алдангийг төлөхөөр тохиролцсон байх бөгөөд хариуцагч нь үндсэн зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул алдангийг тооцон гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алдангийг тооцоход 36.009 төгрөг байх тул 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 1185 хоногоор тооцоолоход 42.670.665 төгрөг байгааг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасанд нийцүүлэн /37.400.000+1.309.000/ зээлийн гэрээний дагуу үүссэн үүргийн 50 хувь нь алданги нь 19.354.500 төгрөг байгаа боловч нэхэмжлэгчийн гэрээний хүү, алдангид 18.700.000 төгрөг гэснээр хангав.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр үндсэн зээлийн үүрэгт 37.400.000 төгрөг, хүү, алдангид 18.700.000 төгрөг буюу нийт 56.100.000 төгрөгийг Т.Бгээс гаргуулж, нэхэмжлэгч Т.Эд олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 438.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 438.450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасныг баримтлан Бгээс  зээлийн гэрээний үүрэгт 56.100.000 /тавин зургаан сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч  Эы  олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 438.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 438.450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ