Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 00955

 

     Т.Э-ны нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00518 дугаар шийдвэртэй, Т.Э-ны нэхэмжлэлтэй, Т.Б-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 56 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 Нэхэмжлэгч Т.Э шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Б-тэй 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 37 400 000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлүүлж, гэрээнд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч Т.Б зээлийн төлбөрөө төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хүү, алданги 18 700 000 төгрөгийн хамт нийт 56 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

       Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогтой Т.Б-ээс /РД:ЧБ80080971/ зээлийн гэрээний үүрэгт 56 100 000 /тавин зургаан сая нэг зуун мянга/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Т. Э-ны /РД:ТЕ80041214/ олгож, 

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 438 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 438 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: Хариуцагч Хан-Уул дүүрэгт оршин суудаггүй бөгөөд энэ талаар хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байж болзошгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг хэрэгжүүлээгүй. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас 1 309 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

        Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

   Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Т.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 56 100 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Талуудын хооронд 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 37 400 000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлүүлэхээр тохиролцсон болох нь зээлийн гэрээгээр тогтоогдсон, энэ талаар маргаагүй. /хх-3/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар хүү, анзын гэрээг бичгээр хийжээ.

     Иймд зээлийн гэрээний дагуу хариуцагч Т.Б үндсэн зээл 37 400 000 төгрөг, хүүд 1 309 000 төгрөг, алдангид 19 354 500 төгрөг, нийт 56 063 500 төгрөгийг төлөх үүрэгтэй байх боловч нэхэмжлэгч нь хүү, алдангид 18 700 000 төгрөг нэхэмжилсэн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийт үүргийг 56 100 000 төгрөгөөр тодорхойлох нь Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцнэ.

     Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хэргийг харьяаллыг зөрчсөн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасан бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2018/02460 дугаар захирамжаар уг хүсэлтийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

      Түүний хүсэлтийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 07, 26-ны өдрүүдэд зарлагдсан шүүх хуралдааныг хойшлуулж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүх мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

      Хариуцагч Т.Б нэхэмжлэлийг гардаж аваад шүүхэд хариу тайлбар  гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй байхад шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт өөр этгээдийн тайлбарыг оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байгааг анхааруулах нь зүйтэй.

      Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуульд байхгүй зүйл заалт болох 281.2, анзийг тодорхойлсон 232.6 гэсэн заалт баримталсныг хасч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00518 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “281.2, 232.6” гэснийг хасч, “Т.Э” гэснийг “Т.Э-д” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

                                                        ШҮҮГЧИД                                        Т.ТУЯА

                                                                                                                 Д.БАЙГАЛМАА