Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 70А

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Л.Баатар, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Х.Дашням,

            улсын яллагч Х.Анхцэцэг,

            иргэдийн төлөөлөгч Б.Баянбилэг,

            хохирогч Г.Бямбадорж, түүний өмгөөлөгч Д.Данзандорж,

            шүүгдэгч М.Эрдэнэ-Отгон, түүний өмгөөлөгч Г.Өлзий-Орших, Н.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Мөнхбаярын Эрдэнэ-Отгонд холбогдох эрүүгийн 2014260005285 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, төмөр хийцийн угсрагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Хүн-Од” ХХК-д мах шулагчаар ажиллаж байсан, одоо “Элит Техно Метал Сервис” ХХК-д борлуулагчаар ажилладаг, ам бүл 5, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 17-36 тоотод оршин суудаг, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар  хэрэгсэхгүй болгож,  мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хорих ял шийтгэж улмаар Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн, УУ89032572 дугаарын регистртэй, Боржигон овгийн Мөнхбаярын Эрдэнэ-Отгон. 

 

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.Эрдэнэ-Отгон нь согтуугаар 2014 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 11 дүгээр гудамжинд иргэн Г.Бямбадоржийг ямар ч шалтаг шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр зэвсгийн чанартай зүйл болох хутга ашиглан хэвлий, цээжин тус газар нь хутгалж бие махбодид нь “...хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархай, өрц, элэгний 8 сегментийг гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд хий хуралт, эрүүнд зүсэгдсэн шарх гэмтэл...” бүхий хүнд зэргийн гэмтлийг онц харгис хэрцгий аргаар санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч М.Эрдэнэ-Отгонын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би ажилдаа яваагүй, амарч байсан. Тухайн өдөр эмээгийнх гэрээ янзалж байсан. Би эмээгийн гэрийн барьж дуусаад орой 18 цагийн үед гэртээ байж байхад найз Отгонбаяр над руу яриад “гараад ир” гэж хэлсэн. Би “хаана очих юм бэ” гэж хэлэхэд Отгобаяр “лагерын пост дээр хүрээд ир” гэж хэлсэн. Би тухайн газар яваад очиход Отгонбаяр, Амараа, Золоо гурав машинтай байж байсан. Бид дөрөв урагшаа яваад “Түвшин” гэх дэлгүүрээс 2 том пиво аваад лагерын пост дээр нэг пивийг нь уусан. Тухайн газраас урагшаа яваад Отгонбаярын гэрийн ойролцоо байдаг дэлгүүрийн гадаа нөгөө пивоо уусан. Тухайн үед Отгонбаяр, Амараа хоёр хэрэлдээд маргалдсан ба Амараа урагшаа яваад өгсөн. Золоо бид хоёр араас нь машинтайгаа очоод Амраагийн таксины мөнгийг нь төлсөн. Амараа, Золоо бид Сансар орох гээд явж байгаад би явахаа болиод тойргийн автобусны буудлаас 500-гийн унаанд суугаад гэр лүүгээ явсан. Тухайн үед 23 цаг болж байсан. Гэрт ороход ээж архи уусан байсан тул би ээжид “та яагаад архи ууж байгаа юм бэ, архи ууж байж хоёр ахын араас явбал яах юм бэ” гээд гомдоод ууж байсан аягатай цайгаа гэрийн баганад цохиод хагалсан. Би аяганы хагархайгаар зүүн гарын шуу хэсгээ зүссэн. Манай эхнэр Уянга орж ирээд миний гарыг боож өгсөн, тэгээд би унтаад өгсөн. Надад буцаж гарч явах шалтгаан байгаагүй. Дараа нь 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би ажлаа тараад явж байхад эрүүгийн төлөөлөгч залуу ирээд намайг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү авч яваад 2 давхарт өрөөнд оруулаад том биетэй ах намайг цохиод өшиглөсөн. Би “та яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэхэд “чи хүн хутгалчхаад хэргээ хүлээхгүй байна” гээд дарамталсан. Би тухайн хүний нэрийг нь мэдэхгүй байна. Би “ямар ч хэрэг хийгээгүй” гэж хэлсэн. Намайг өөр жижиг өрөөнд оруулаад цахилгаан бороохойгоор толгой руу цохисон, маш их өвдөж байсан болохоор тухайн хэргийг хийсэн гэж мэдүүлсэн. Би маргааш өглөө нь Мөнхбат байцаагчид “эрүүгийхэн орж ирээд зодсон, би энэ хэргийг хийгээгүй” гэж хэлсэн. Тэгсэн Мөнхбат байцаагч гарч яваад өөр ах орж ирээд “чи хэргээ хүлээ, эрүүгийхэнд яриа биз дээ” гээд өшиглөж, дарамтлаад байхаар нь тухайн хэргийг хүлээсэн. “Намайг шоронд хүнд гэмт хэрэгтнүүдтэй хийж хэргийг чинь хүлээлгэж чадна шүү” гэж Мөнхбат байцаагч хэлсэн. Намайг байцаалт өгөхөд Чинбат гэх өмгөөлөгч суугаагүй, сүүлд орж ирж гарын үсэг зурсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

  1. Хохирогч Г.Бямбадоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 “...2014 оны 10 дугаар сарын 26-ны шөнө шүүгдэгч Эрдэнэ-Отгонд онц ноцтой, хэрцгийгээр хутгалуулсан. Би тухайн өдөр гудамж өгсөөд 11 дүгээр гудамжний буланд суугаад дээшээ алхаад Эрдэнэ-Отгоний хажуугаар нь гарах гэтэл гэдэс рүү хутгалсан. Би “чи яаж байна аа” гэхэд дахиад хутгалсан, би хоёр гараараа дараад тонгойсон. Би ухраад намайг хутгалсан хүний царайг сайн харсан. Өнхөрч явсаар байгаад гэртээ очсон. Би шүүгдэгчийг маш сайн харсан, гудамжний гэрэл тод өдөр шиг харагдаж байсан. Хэрэг болсноос хойш хоёр жил болж байна. Сэтгэл гаргахгүй байна, хохироод үнэхээр их зовж байна. Би одоо хоол унд идэх юм бол түгжирнэ, байнга гэдсээ илнэ, хоол унд сайн идэж чадахгүй байна. Даарвал их өвдөнө , хохирлоо авмаар байна. Энэ хэргийг шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Мөн хавтаст хэргээс:

1.Хохирогч Г.Бямбадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2014 оны 10 дугаар сарын 26-ны орой Баянхошууны эцэс дээр 17 цагийн орчим би найз Мөнхцагаантай таарсан. Би ус авч явж байсан учир бид хоёр манай гэрт ус аваачиж тавьчихаад гэрээс гараад Баянхошууны хуучин эцэст байх цагаан дэлгүүр орж би "Монгол стандарт" архинаас 0.5 литрийн нэг шил архи аваад Баянхошууны гүүрний хажууд уусан. Тухайн үед 19 цаг орчим болж байсан байх. Мөнхцагаан өөрийн цагаан жижиг суудлын тэрэгтэй явж байсан ба архи ууж дуусчихаад явах гээд машинаа асаах гэсэн чинь машиных нь аккумлятор нь суучихаад асахгүй байсан. Тэгээд машиныг нь асаах гээд түрээд нилээн ноцолдсон боловч асаагүй тул нэгэнт өнгөрч гэж санаад бид хоёр юм ярьж сууж байгаад шөнийн 02 цагийн орчимд би гэр лүүгээ харих гээд явсан. Тухайн үед машин түрээд халууцсан байсан учир би куртикээ Мөнхцагааны машинд орхиод явсан. Бид хоёр нэмж архи уугаагүй, өөр тийшээ яваагүй, тэр газарт байсан юм. Мөнхцагаан машиндаа үлдээд би харих гээд алхаж яваад засмал замаар хойноосоо урагш чиглээд миний өөдөөс нэг залуу ирж явсан юм. Тэгээд тэр залуу надаас түрүүлээд зүүн тийшээ Одонтын 11 дүгээр гудам руу эргээд орчихсон. Манайх уг гудамжинд байдаг болохоор би мөн уг гудамж руу эргээд тэр залуугийн хойноос алхаж явтал дөнгөж гудам руу ороод блокон хашааны хажуу талд нөгөө залуу эргэж хараад "Яах гээд байна" гэж хэлээд миний гэдэс рүү цохиод авах шиг болохоор нь хартал хутгалчихсан байсан. Тэгэхээр нь би "Яаж байна аа" гэсэн чинь тэр залуу "Мөнгө байна уу" гээд дахиад миний цээж рүү хутгаараа хатгаад авахаар нь "Яаж байгаа юм бэ, ахад нь мөнгө байхгүй" гээд өмдний халаасанд байсан 500, 1000 төгрөгөө өөрийн гар утастайгаа гаргаад ирсэн чинь нөгөө залуу миний шанаа руу цохиод авах шиг болсноо цаашаа эргээд жалга дагуу зүүн хойшоо гүйгээд явчихсан. Тэгэхээр нь би болохоо байлаа гэж санаад шууд гэр лүүгээ явсан. Гэртээ ортол манай эхнэр Бямбаа унтаж байхаар нь "Би хутгалуулчихлаа" гэж хэлээд эхнэр түргэн дуудсан. Би тэр хүнтэй маргаагүй. Надаас юм аваагүй, миний халаасыг ч ухаж үзээгүй. Саарал юүдэнтэй цамцтай, малгайг нь өмсчихсөн, доогуураа хөх саарал эсвэл цагаан саарал жинсэн өмдтэй залуу байсан. Гутал болон бусад зүйлийг нь ажиглаагүй. Цамцны гадуураа юм өмсөөгүй байсан. ...16-17 орчим насны 165 см орчим өндөртэй надаас арай туранхай, шардуу царайтай залуу байсан. Тэр залуугийн барьж байсан хутганы бариулын ар талын хэсгийг нь харахад ишний хойд тал нь шар өнгөтэй байсан. Толгой руу цохих шиг болоод хүзүү орчимд зүсэхэд нь харсан юм. Бусад хэсгийг нь хараагүй, Тэр залуу хэнэггүй байрын гэмээр гөлийсөн залуу явж байсан. Би тэр залуугийн өөдөөс эсэргүүцэж ноцолдсон зүйл байхгүй. Цохиж ноцолдоогүй, Би буруутай этгээдээс эмчилгээний зардлаа бүгдийг нь нэхэмжилнэ, маш их гомдолтой байна. Намайг хутгалсан залууг харвал шууд танина. Тэр залуу намайг эхлээд хутгалахаар нь "Ахыгаа яаж байнаа" гэж хэлээд би тэр залууг сайн ажиглаж харсан” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 67-71 х/,

 “...Мөнхцагаанаас 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2 дугаар гудамжинд буюу зүүн салааны хуучин эцсээс салсан юм. Тэгээд шууд хойшоо гэрлүүгээ явсан, замаасаа ерөөсөө хазайгаагүй. ...би гэр лүүгээ очих гээд явахад гудамжны үзүүрт саарал блокон хашааны үүдэнд саарал юүдэнтэй цамцтай залуу намайг хутгалж гэмтээсэн. Намайг хутгалсан саарал юүдэнтэй залуу гудамж эргээд зүүн хойшоо жалга дагуу гүйгээд явсан. Хаашаа, аль зүгт явсныг би яаж мэдэх вэ. Араас нь дагаж явсан биш. Тэгээд би гэртээ очоод эхнэртээ хүнд хутгалуулсан талаар талаар хэлсэн. Шүүх дээр сандраад цагаа зөрүүтэй мэдүүлсэн. Манай эхнэр намайг хэдэн цагт гэртээ орсныг мэдэлгүй яахав. Би тухайн үед 96200473 дугаарын утас барьж байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 62 х/,

“...Би гэртээ хэдэн цагт орж ирсэнээ одоо ч хэлж чадахгүй байна. Манай эхнэр мэдэж байгаа. Би саарал өнгийн малгайтай цамцтай хүнд хутгалуулсан гэж эхнэртээ хэлсэн. Манай эхнэр сандраад шүүх хуралдаан дээр цэнхэр өнгийн цамцтай гээд хэлчихсэн гэсэн. Өөр зүйл мэдэхгүй. Би тухайн үед миний барьж байсан гар утсаар манай эхнэр дуудлага өгсөн. Хаашаа нь эхэлж дуудлага өгсөн талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан цагдаа, эмнэлэг цуг ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 225 х/,

“...Миний биеийн байдал тааруухан байна. Одоо би амьсгаадах, хутгалуулснаас болж гэдэс наалдангитай болж гэдэс дүүрэх зэрэг зовиуруудтай байна. Мөн тэр хэргээс болж бусад эрхтэн системын хэвийн ажиллагаа алдагдаж зовиур ихтэй байгаа, дээрээс нь би эд материал, эрүүл мэндээрээ бүрэн хохирч байна. Намайг тэр яллагдагч этгээдийг яг таньж заагаад байхад иймэрхүү байдлаар хэргийг шийдэхгүй байгаад гомдож байна. Би тэр үед зүүн салааны авто замыг баруун талаасаа Хайрханы гудамжнаас гараад /хэддүгээр гудамжийг мэдэхгүй байна/ зүүн хойшоо Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Одонтын 11 дүгээр гудамж чиглээд алхаж байхад дээрх автозамын голоор /автомашин явдаг хэсгээр/ ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй гар хөлөө савчсан саарал өнгийн юүдэнтэй малгайтай мөртлөө цамцныхаа малгайг өмссөн залуухан эрэгтэй хүн ирж байснаа авто замынхаа зүүн л руугаа гарч Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 10 дугаар гудамж руу орох чиглэлтэй явж байснаа маршрут нь мушгирч миний урдуур ороод Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 11 дүгээр гудамжны үзүүр дээр ирээд аажуухан алхахад би тэр хүний зүүн талаар нь гүйцээд хажуугаар нь их ойрхон өнгөрөхөд тэр залуу гэнэт л миний баруун талаас гэдэс рүү баруун гараараа цохих шиг болоход миний гэдэс эвгүйрхээд халуу оргиод явчихсан ба тэр залуу хойшоо бага зэрэг ухарсан. Би тэр залууд эхлээд нэг хутгалуулчихаад гэдсээ дараад царай руу нь хараад “хүү минь чи яаж байна аа” гэхэд тэр залуу миний өөдөөс харж байснаа “мөнгө байна уу” гэснээ дахин миний цээж рүү хутгалуулчихаар нь би байдал бишдлээ гэж бодоод, түүнийг дийлэхгүй гэдгээ мэдээд царайг нь л харж авъя гэж бодсон. Тэгээд ямар ч байсан дахин хутгалуулахгүй юм сан гээд халаасанд байсан зүйлсээ гаргаад түүний царай руу хараад бага зэрэг тонгойсон байдалтай зогсож байхад тэр хүн дахиад миний хүзүү орчимд зүсчихээр нь би хойшоо бөгсөөрөө савж унасан боловч түүнд дахин хутгалуулчих байх гэж айгаад өөрөө ч мэдэлгүй маш хурдан босоод ирсэн. Тэгэхэд тэр залуу над руу харсан чигтээ хойшоо ухарч байснаа эргээд ертөнцийн зүгээр зүүн хойшоо явчихсан, түүнийг яг хаашаа явсныг нь би хараагүй. Үйл явдал их хурдан болсон, ойролцоогоор ямар хугацаанд болсныг хэлж мэдэхгүй байна. Манайх ойрхон байсан болохоор л би уначихгүй гэртээ хүрсэн. Би хэрэг болсон газраа сайн зааж өгч чадна. Би эргэлзээгүй тэр Эрдэнэ-Отгон гэх хүн намайг хутгалсан хүн мөн гэж зааж өгч чадна, зааж ч өгсөн. Би олон үр хүүхэдтэй, хүнд муу санаж, хүний мууг үзэх гээд байгаа юм биш шүү дээ. Намайг хутгалсан хүн бол Эрдэнэ-Отгон гэх хүн мөн болохоор л хэлээд байна, ямар учиртай хэргийг ингэж удаашруулж шийдэж өгөхгүй байгаад гайхаж байна. Тэр шөнө харанхуй нь харанхуй байсан. Надад тэр шөнө сартай л юм уу гэж санагдаж байсан, учир нь намайг хутгалсан залуугийн царай тод харагдаж байсан. Магадгүй үйл явдал ойрхон болсон болохоор замын гэрэл ч нөлөөлсөн байж магадгүй. Ямар ч байсан тас харанхуй байгаагүй, хүний зүс царай харагдаж л байсан. Хэрэв би тэр хүнийг сайн хараагүй, эргэлзээтэй байсан бол ингэж итгэлтэй хэлэхгүй л байсан...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 61-62 х/

 

2.Гэрч Т.Мөнхцагааны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2014 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагийн орчим Бямбадорж над руу залгаад "Чи машинаараа худгаас ус аваад өгөөч, эхнэр Зүүн хараа явчихсан орой 20 цагт ирнэ" гэж хэлсэн. Би гадуур ажлаа амжуулж байгаад 17 цагийн орчим буцаж явтал Бямбадорж дахин залгаад "Би худаг дээр байна усаа авчихлаа, гэр лүү хүргэх хэрэгтэй байна" гэхээр нь шууд Баянхошууны эцсийн орчим байх улаан тоосгон худаг дээр очтол Бямбадорж машинд савтай уснуудаа ачаад хамт явж байсан үл таних залуутайгаа машинд суугаад гэр лүүгээ очоод уснуудаа буулгасан. Би бодохдоо уг залууг хашаанд нь байдаг хүн юм болов уу гэж бодсон. Хашааны гаднаас бид хоёр миний машинтай хөдлөөд Баянхошууны эцсийн дэлгүүрийн гадаа очиж зогсоод Бямбадорж надад 4.000 төгрөг өгөхөөр нь би машинаас буугаад дэлгүүрээс 0.5 литрийн "Монгол стандарт" нэртэй архи аваад буцаж урагшаа хөдлөөд манай хашааны гадаа очоод бид хоёр машин дотор уг архиа хувааж уусан. Тэгээд дахин архи уухаар болоод би машинаа жолоодоод анх архи авсан дэлгүүр лүү очоод 0.5 литрийн архи аваад буцаж манай хашааны гадна очоод архиа хувааж уугаад дуусгасан. Нийт 2 шил архи хувааж уусан бөгөөд ойролцоогоор 3 цаг гаран уусан болов уу гэж бодож байна. Сүүлийн архийг ууж дуусаад би машинаа асаах гэтэл аккумулятор суугаад асахгүй байсан чинь Бямбадорж дээгүүрээ өмсөж явсан бараан өнгийн куртикээ надад өмсгөчихөөд "Би аккумулятор олоод ирье, ойрхон манай таньдаг найз байдаг юм" гэж хэлээд машинаас буугаад явсан. Гадаа харанхуй байсан болохоор аль зүг рүү явсныг нь мэдэхгүй байна. Би машин дотроо сууж байгаад унтчихсан бөгөөд сэртэл 06 цаг өнгөрч байхаар нь Бямбадоржийн дугаар луу өөрийнхөө утаснаас залгатал эрэгтэй хүн утсыг нь аваад "Цагдаа байна. Баянхошууны цагдаагийн хэлтэс дээр ир" гэж хэлэхээр нь би ирж байцаалт өгсөн. Бямбадорж бид хоёр л архи хувааж уусан. Ямар нэгэн хүн байгаагүй. Бид хоёр миний машинд уусан. Бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан болоогүй.”  гэсэн мэдүүлэг /1хх-ийн 72-73х/

 

  1. Гэрч М.Бямбаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2014 оны 10 дугаар сарын 26-ны орой Драгон дээр 20 цаг 20 минутын орчим ирээд нөхөр Бямбадорж руу залгахад "Би гэртээ байна, чи такси бариад ир" гэж хэлсэн. Тэгэхэд Бямбадорж согтуу гэж мэдэгдээгүй. Тэгээд би такси бариад шууд гэр лүүгээ иртэл гэрт гал тулчихсэн байсан ба Бямбадорж гэртээ байгаагүй учир би унтаад өгсөн. Нөхрийгөө орж ирэхэд  нь би цаг харахад 03 цаг 40 минут болж байсан шиг санагдаж байна. Манай нөхөр “хөгшөөн би үхлээ” гэж хэлээд баруун талын орон дээр дээшээ хараад хэвтээд өгөхөөр нь би очоод харахад хүзүү хоолой орчим, мөн гэдэс орчим нь цус болчихсон, гараараа гэдсээ дарж байсан.  Би “юу болсон бэ, хүнд зодуулчихсан юм уу” гэж асуухад нөхөр хэлэхдээ “доороос  ирж явтал юүдэнтэй цагаан саарал цамц өмссөн залуу тааралдаад надаас мөнгө асуухаар нь  байхгүй гэж хэлэхэд гэдэс рүү цохих шиг болсон,  би “дүү яаж байгаа юм бэ” гэж хэлээд гэдсээ дараад болохоо байлаа гэдгээ мэдээд хурдан гэртээ орьё гээд ирлээ, тэр хүн жалга дагаад зүүн хойшоо гүйчихлээ” гэж хэлсэн. Би нөхрийнхөө цамцыг сөхөөд үзэхэд хүйсний дээд талд, баруун хөхний орчим цус болоод шархнаас нь юм цухуйсан болохоор нь айгаад шууд  л 00-н цаасаар шархыг нь дараад ... түргэн дуудсан.  Би “хэд орчим насны ямар хүн бэ” гэж асуухад “өрвийсөн,  туранхайдуу шар царайтай,  надаас арай өндөр, 17-18  орчим насны залуу байсан" гэсэн. Өөр юм яриагүй. Манай нөхөр гаднаас орж ирэхдээ дан цамцтай орж ирсэн, куртик нь байгаагүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 76-78 х/

 ...манай нөхөртэй хамт архи уусан хүнийг Мөнхцагаан гэдэг  хүн юм. Тухайн үед уймраад л тэгж мэдүүлсэн байх.  Манай нөхөр шөнийн 03 цагийн орчим цусаа гоожуулаад  “намайг гудамжны үзүүрт нэг залуу хутгалчихлаа” гэхээр нь наад хүзүүнээс чинь  цус гоожоод байна гэтэл хүзүү яах вэ гэдэс хараадах гэсэн. Тэгээд хартал гэдэс рүү нь 2 удаа хутгалчихсан байсан.  Манай нөхрийг  туранхайдуу  цонхийсэн шар царайтай,  165-170 орчим өндөртөй саарал цамцтай залуу мөнгө нэхээд шууд хутгалсан гэсэн гэх мэдүүлэг /1хх-ийн 152 х/

 “...Би нөхрийгөө гэрт орж ирэхэд цаг харах сөхөө байгаагүй. Анх удаа цагдаа, шүүх гэж явж байгаа болохоор буруу зөрүү ярьсан байж болно. Миний анхны мэдүүлгийн цаг бодитой гэж хэлмээр байна. Манай нөхөр өөрийгөө хутгалсан хүнийг саарал өнгийн цамцтай, тэр цамц нь малгайтай цамц байсан гэж хэлж байсан. Би саарал өнгийн цамцтай хүн гэж хэлсэн гэдгийг хэлэх гэж байгаад цэнхэр өнгийн цамц гээд андуурч сандарсандаа хэлээд шүүх хурал тарсаны дараа нөхөртөө загнуулаад харьсан. Тэгж хэлсэн нь миний буруу би саарал өнгө гэж хэлэх гэж байсан. Би тухайн үед тулгамдаад нөхрийнхөө гар утсыг аваад дуудлага өгсөн. Тэр үед яг хаашаа дуудлага өгсөнөө одоо хэлж мэдэхгүй байна. Намайг дуудлага өгөөд нөхрийнхөө цусыг тогтоох гэж оролдож байхад эхлээд 103 орж ирээд, дараа нь цагдаагийн бүрэлдэхүүн орж ирсэн болохоор би зэрэг дуудлага өгсөн байх. Та бүхний шалгаж ирүүлсэн баримтаар дуудлага нь бүртгэгдсэн бол би дуудлага өгсөн гэсэн үг. Яагаад гэвэл 96200473 дугаарыг манай нөхөр барьж байсан. Би нөхрөө орж ирэнгүүт нь гар утсыг нь аваад дуудлага өгсөн болохоор цагдаа, эмнэлэг 2 хамт ирж гэж ойлгож байна...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 227 х/

 

4.Гэрч Б.Банзрагчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“... 2014 оны 10 дугаар сарын 26-ны шөнө сургууль дээрээ хонож ажилласан юм. Тэгж байгаад шөнө цагийг нь сайн санахгүй байна, нилээн л шөнө байсандаа, уурын зуухаа галлачихаад гадна ойр орчныг хараад зогсож байтал хойноосоо урагш чиглэлтэй машины замаар нэг эрэгтэй хүн их хурдан гүйж явсан. Би тэр залууг хулгай хийгээд явж байна даа араас нь хүн явж байгаа болов уу гээд хэсэг харж зогсоход тэр их хурдан гүйж явсан залуугийн араас ямар ч хүн яваагүй. Тэр үед машины замаар машин тэрэг огт явахгүй байсан. Тэгэхээр их л орой байсан болов уу гэж бодож байна. Толгойгоо битүүлчихсэн сааралдуу хувцастай залуу байсан. Сая таны харуулсан бичлэг дээр гарч байгаа залуу их адилхан юм, бараг л мөн юм шиг байна. Замаар урагш гүйгээд зүүн салааны 2 дугаар буудал оролгүй түүнээс наашаа л гудамж руу орсон болов уу гэж бодож байна. Уг нь зүүн салааны 2 дугаар буудлын хажуугаар өнгөрсөн бол надад харагдах байсан. Тухайн замын гэрэлтүүлэг сайн байсан. Тэгэхээр 2 дугаар буудлын наагуур л гудамж руу орсон байх гэж бодож байна. Тэр залууг харвал танихгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 89-90 х/

 “...2014 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө яг цаг хэд болж байгааг анзаарч хараагүй ч 02 цаг өнгөрсөн байсан байх, дээгүүрээ юүдэнтэй цайвар цагаан өнгийн цамцтай, дунд зэргийн нуруутай залуу хүн их хурдтай дээрээс доошоо буюу хойд зүгээс урд зүг рүү чиглэн маш хурдтай гүйж явсан. Надад үзүүлсэн бичлэг дээрх хүн мөн байсан. Миний харж байснаар тэр хүн 100-120 метрийн зайтай гүйж би түүнийг 104 дүгээр сургуулийн баруун урд булангаас буюу уурын зуухнаас хараад зогсож байсан. Тэр хүнийг би замын хажуугийн гэрэлтүүлгээр сайн харсан зам дагаад өөр машин, хүн явж харагдаагүй их нам гүм байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 107 х/

 “...Би 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлэг өгөхдөө тодорхой зүйлийн талаар яриагүй. Яагаад гэвэл надад ямар нэгэн бичлэг үзүүлж байцаалт аваагүй. Харин 2015 оны 08 сарын 22-ны өдөр Цогтбаяр гэдэг байцаагч бичлэг үзүүлж мэдүүлэг авсан болохоор тодорхой зүйлийн талаар ярьсан байгаа...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 228 х/

 

5.Гэрч Г.Ганбаярын мөрдөн байцаалтын өгсөн:

“...Би 2014 онд хэв журмын офицероор ажиллаж байсан. 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ахлах ахлагч Чөдөрбатын хамт Сонгинохайрхан дүүргийн 25, 24, 7 дугаар хорооны нутагт ачит-117 чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Ачит-10 буюу Сонгинохайрхан дүүргийн жижүүрээс 23 цаг 30 минутын орчим “Сонгинохайрхан дүүргийн 25 хороо хайрханы 17-36 тоотод согтуу хүн агсраад байна” гэсэн дуудлага ирсэн. Уг дуудлагыг аваад дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо хайрханы 17 дугаар хорооны ойролцоо машинтайгаа очоод хаягийг нь нарийвчилж асуух зорилгоор дуудлага өгсөн утас руу нь залгахад эмэгтэй хүн утас авахаар нь би “амрыг эрье, цагдаагаас ярьж байна, дуудлага өгсөн үү, та хаягаа тодруулж өгөөч ээ, би ойрхон ирсэн байна” гэж асуухад уг эмэгтэй “дуудлага өгсөн, 2 давхар улаан тоосгон Сартуул гэдэг дэлгүүр байгаа, тэр дэлгүүрийн хажуугаар шороон зам руу ороод ирдэг юм аа, эгч нь урдаас нь тосоод очъё ” гэсэн. Ингээд утсаа салгаад зааж өгсөн газраар нь машинтайгаа яваад очиход 17 дугаар гудамжны үзүүрт ирэхэд нэг эмэгтэй хүн урдаас алхаж байсан. Тэр Мөнхбаяр гэх настай эмэгтэй нь гудамжинд гарч ирсэн, гэрээ зааж өгөөгүй, манай хүү гараад явсан гэсэн болохоор гэрт нь очиж үзээгүй. Би юу болсон талаар улам тодруулж асуухад уг эмэгтэй ”эгч нь нэг их архи уудаггүй юм, ажлынхантайгаа түрүүхэн жаахан ууж байгаад ирсэн чинь манай хүү уурлаад бид хоёр хоорондоо маргалдсан, манай хүү архи уудаггүй мөртлөө, их огцом ууртай хүн байгаа юм, түрүүн надтай маргалдаад цайны сэнжтэй аяга шидчихээд гараад явчихсан” гэхээр нь би “үнэхээр хүн гараад явчихсан бол би дараагийн дуудлагандаа явлаа, дахин нөгөө хүн чинь орж ирвэл эргээд 102 дуудлагаа өгөөрэй” гэж хэлээд дараагийн дуудлагандаа явсан. Тухайн үед дуудлага ихтэй 3 дуудлага давхцсан байсан юм. Ингээд ажлаа үргэлжүүлээд хийж байхад шөнийн 03 цагийн орчим байх жижүүрээс станцаар “яаралтай дуудлага байна. Сонгинохайрхан дүүргийн 25 хороо Одонтын 11-11 тоотод хутгалуулсан хүн байна” гэсэн дуудлага өгсөн юм. Тухайн үед давхцаж ирсэн дуудлагаа орхиод шууд энэ хаяг руу очиход хашааны хаалга онгорхой хашаанд 1 монгол гэр байсан. Бид нарыг очихоос өмнө түргэн тусламж ирчихсэн байсан. Гэрт ороход гэрийн баруун орон дээр 50-55 орчим насны эрэгтэй хүн дээшээ хараад хэвтчихсэн, хажууд нь мөн ойролцоо насны эмэгтэй хүн зогсож байсан. Түргэний эмч гэмтсэн хүний хэвлий хэсэгт боолт хийж байгаа бололтой сууж байсан. Ойртоод очиход уг эрэгтэй цээжээрээ нүцгэн, доогуураа бараан өнгийн өмдтэй байсан. Эмч боолт хийж байсан болохоор тэр эрэгтэй ихээр ёолж байсан. Би уг эрэгтэйгээс юу болсон талаар асуухад ‘манай эхнэр хөдөөнөөс ирж байгаа гээд утас нь тасарчихсан юм, ах нь хэзээ ирэхийг нь мэдэхгүй болохоор доошоо явж тосох санаатай гудамжны үзүүрт явж байсан чинь насаар залуу малгайтай цамцтай, малгайгаа өмссөн эрэгтэй тааралдаад мөрлөөд намайг бариад авахаар нь би “яаж байгаа юм бэ миний дүү” гэхэд тэр залуу гэдэс хавьцаа 2-3 удаа цохих шиг болсон халуу оргиод доошоо суутал нөгөө залуу жалга дагаад дээшээ гүйсэн” гэж хэлсэн. Би уг хүнээс хутгалсан хүнийх нь содон шинж тэмдэг, хувцасны талаар асуухад “малгайтай цамцтай, малгайгаа өмссөн залуухан эрэгтэй” байсан гэж хэлсэн. Би энэ хүнээс ийм л мэдээлэл авч чадсан. Тухайн үед уг хүн өвчиндөө шаналаад энэ миний асуусан асуултанд гүйцэт хариулж чадаагүй. Энэ хүнтэй ярьсан яриа их хурдан болж өнгөрсөн. Би гэмтсэн хүнийг явуулчихаад ойр орчим хэргийн газар ач холбогдолтой зүйл байгаа эсэхийг шалгаж үзээд 11 дүгээр гудамжны дунд хэсэгт шороонд дарагдсан ишгүй хутга, цагаан өргөө тамхины хайрцагтай тамхи, 100 төгрөг байсан, тухайн өдөр их салхитай байсан болохоор мөнгийг нь чулуугаар даруулж тавьсан юм. Мөн 11 дүгээр гудамжны баруун үзүүрт шороон дээр цус мэт хүрэн улаан зүйл болсон байсан, энэ газруудад хамгаалалтын тууз татаж хэргийн газрыг хамгаалж хэргийн газрыг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн....” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 237-238 х/

 

6.Гэрч Ц.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Би М.Эрдэнэ-Отгонд холбогдох хэргийг 2016  оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж эхэлсэн.  ...Тус дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ агсам тавьж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан өгсөн мэдээллүүдийг шүүж үзэхэд М.Эрдэнэ-Отгон нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд гэртээ ээждээ агсам тавьж хутга аваад гарсан тухай дуудлага өгсөн мэдээлэл байсан тул эрүүгийн төлөөлөгч нараар түүнийг олуулах үүрэг өгч тэр хооронд хохирогч Г.Бямбадоржийн тухайн үед өмсөж явсан хувцаснуудад үзлэг хийж Г.Бямбадоржийг хохирогчоор тогтоож, мөн холбогдох гэрчүүдийг тус тус байцаасан. 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эрүүгийн төлөөлөгч Болдбаяр, Золбаяр нар М.Эрдэнэ-Отгон гэх залууг авчирахад бичиг үсэг мэддэг эсэхийг лавлахад сайн мэдэхгүй гэхээр нь тухайн үед тус хэлтэс дээр явж байсан өмгөөлөгч Чинбаттай уулзуулж хууль зүйн туслалцаа үзүүлэх талаар хэлэхэд зөвшөөрсөн. Өмгөөлөгч Чинбат М.Эрдэнэ-Отгонтой ганцаарчлан уулзах хүсэлт гаргасан тул уулзуулж эрхийг нь хангасан. Тэгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 т зааснаар сэжигтнээр тооцон байцааж 17.10 минутад хойшлуулашгүйгээр баривчилсан. Үүний дараа 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр М.Эрдэнэ-Отгонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар ял сонсгож байцаахаар цагдан хорих 461 дүгээр ангид очиход би Чинбат гэдэг өмгөөлөгчөөс татгалзаж байна, өөр өмгөөлөгч авахаар болсон, тэр өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гээд мэдүүлэг өгөөгүй байдаг. Үүнээс харахад сэжигтнээр 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч Чинбаттай мэдүүлэг өгсөн гэдэг нь харагддаг шүү дээ. Би Эрдэнэ-отгоныг байцааж байхад өмгөөлөгч Чинбат байсан. Түүнийг зодсон цохьсон асуудал байхгүй, миний хувьд түүнийг зодох нь битгий хэл загнаж зандраагүй шүү дээ. Гэтэл юу яриад байгааг ойлгохгүй байна...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 104-105 х/

 

 7.Гэрч Б.Чинбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Би 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр мөрдөн байцаалтын ажиллагаанд суучихаад гарч явахад мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Мөнхбат надтай тааралдаад “энд бичиг үсэг муу мэддэг хүнийг сэжигтнээр тооцож байцаах гэсэн юм аа, та байцаалтанд нь сууж хууль зүйн туслалцаа үзүүлж өгөөч” гэсэн хүсэлт гаргахаар нь би Мөнхбат байцаагчийг даган өрөөнд нь ороход Эрдэнэ-Отгон гэх 20 гаруй насны эрэгтэй хүн ганцаараа сууж байхаар нь би түүнтэй ганцаарчлан уулзаж ямар хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа талаар асуухад “шөнө гудамжинд согтуу явж байгаад нэг хүнтэй маргаж түүнийг хутгаар хатгасан” гэж ярьж байсан. Би түүнд “одоогоор өмгөөлөгч авсан уу, би таны байцаалтад сууж хууль зүйн туслалцаа үзүүлэхэд татгалзах зүйл байна уу” гэж саналыг асуухад тэрээр “бичиг үсэг муу мэддэг, одоогоор өмгөөлөгч аваагүй байгаа, та энэ удаагийн байцаалтанд өмгөөлөгчөөр оролцоод өгөөч” гэж өөрөө хүссэний дагуу түүний хүсэлтээр сэжигтнийг байцаалтанд оролцсон. Байцаалт авсны дараа Эрдэнэ-Отгон сэжигтний байцаалтаа өөрөө уншиж, би мөн уншиж тайлбарлаж өгөхөд “миний хэлсэн ярьсан зүйл үнэн бичигдсэн байна” гэж хэлээд байцаалтын төгсгөлд өөрийн гараар бичиж байсан. Тухайн байцаалт явагдаж байх үед мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Мөнхбат сэжигтэн Эрдэнэ-Отгоны хэлж ярьж байгаа зүйлийг бичиж байхад тухайн байцаалтын явцад эрүүгийн төлөөлөгч гэх энгийн хувцастай хүн өөрийнхөө гар утсан дээр сэжигтэн Эрдэнэ-Отгоны хэлж ярьж байгаа зүйлийн талаар бичлэг хийж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 108 х/

 

8. Гэрч Ц.Самбуубаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Манай хүнсний дэлгүүр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 6-02 тоотод байдаг “Улаан дэлгүүр” гэдэг нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр юм. Манай хяналтын камер 16-18 хоног л бичлэгээ хадгалдаг. ... Надаас эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч гээд 8 хүн ирээд дэлгүүрийн гаднах зам руу харсан байсан камерын шөнийн бичлэг бичигдсэн байсныг хуулбарлан авсан. Түүн дээр ямар хүн бичигдсэн байгааг анзаарч хараагүй, харин тэр хүмүүсийн ярьж байснаар хойноосоо урагш  чиглээд явж байгаа хүний дүрс бичигдсэн талаар сонссон  ...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 130 х/

 

9. Гэрч Б.Ангарагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2014 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө  Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б нь үл таних хүнд хутгалагдан эмнэлэгт хүргэгдсэн хэрэгт хутгалсан гэх хүнийг олж тогтоох зорилгоор ажилласан юм. Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Зүүнсалааны зам дагуу дэлгүүрүүдийн гадаа камерын бичлэгийг хэрэг болсон цаг хугацаатай тааруулан шүүж үзэхэд хэд хэдэн дэлгүүрийн камерын бичлэгт хойд зүгээс урд зүг рүү зам дагуу гүйж явсан хүний бичлэг байсан. Гадаад төрх нь эрэгтэй хүн шиг туранхайвтар, толгой дээрээ юүдэн малгайтай хүний дүрс бичлэг байсан. Шөнийн бичлэг байсан тул ганцаараа гүйж байсан. Ойр орчимд хүмүүс байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 229 х/

 

10.Гэрч Л.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Хэрэг болдог өдөр Эрдэнэ-Отгон манайд орж ирэхэд би жорлонд бие засчихаад ороод иртэл ээжийгээ архи уусан гэж хэлээд муудалцаад гарынхаа шууг зүссэн байдалтай байсан. Тэгтэл эхнэр Уянгоо орж ирээд Эрдэнэ-Отгоныг аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 91 х/

 

11.Гэрч Н.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“…Манайх хоёр ширхэг хутгатай юм. Нэг нь заазуур, нөгөө нь шаргал өнгөтэй пивор иштэй хутга байгаа юм. Одоо заазуур хутга байгаа, харин шаргал иштэй хутганы иш нь хугарахаар нь ишийг нь хаяад хутгыг нь хүүхдийн баас авдаг юм уу гээд угаалтуурын доод талын шургуулганд хийсэн юм. Гэхдээ одоо байгаа үгүйг нь мэдэхгүй байна. Би тэр орой хүүхэд болох Эрдэнэ-Отгонтой маргалдсан байсан учраас уурандаа ээжийнхээ гэрт унтсан. Эрдэнэ-Отгоныг гадагшаа гарсан үгүйг, гарсан бол хэзээ гараад хэзээ ирснийг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 83-84 х/

 

12. Гэрч Д.Золжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“... хэргийн талаар бол мэдэхгүй. Харин манай СХД 25 Одонтын 11 гудамж бол ямарч гэрэлтүүлэггүй, гэхдээ манайх гудамжныхаа хамгийн баруун  үзүүрийн айл ба замаас ойрхон болохоор манай хашааны орчим ер нь тас харанхуй болдоггүй, учир нь,  замын гэрэлтүүлэг манай хашааны орчим тодорхой  хэмжээнд тусаад байдаг” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 75 х/

 

13. Гэрч М.Тунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн үеийнхэнтэй төстэй сарны мөчлөг байрлал нь шинийн 3, 4-нд шилжих шөнийхтэй таарна. Гэхдээ ойрын хугацаанд дээрх тустэй нөхцөлтөй байх шөнө 2016 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 00 цагаас 02 цагийн хооронд, мөн  2016 оны 05 дугаар сарын 01-нээс 2016 оны 05 дугаар сарын 02-нд шилжих шөнө 01 цагаас 03 цагийн хооронд  байх юм. Тэрнээс хойш сарны байрлал арай өөр болж ирэх юм” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 72-73 х/

 

14. Гэрч С.Уянгоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай гэрийн хашааны хажуу талд байдаг эмээ Нямсүрэнгийн гэрийг барьчихаад байж байтал Эрдэнэ-Отгоны найз Отгонбаяр нь утсаар дуудаад орой 18 цагийн орчим гараад явсан. Тэгээд би орой 22 цагийн орчим эмээ Нямсүрэнгийн гэрт ороход манай нөхөр Эрдэнэ-Отгон ээжтэйгээ муудалцаад аяганд гараа зүсчихсэн байсан. Тэгээд удалгүй бид 2 гэр рүүгээ ороод би гарыг нь янзалчихаад, хүүхэд бид 3 унтацгаасан. Би хүүхдээ шөнөдөө 2-3 удаа тосч бие засуулдаг тул  шөнө 04 цагийн орчим хүүхдээ бие засуулахад Эрдэнэ-Отгон унтаж байсан. Тэгээд бид нар өглөө 08 цаг өнгөрөөгөөд босоод, манай нөхөр ажилдаа явсан. Тэгээд 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдөр өглөө ажилдаа яваад ирээгүй. Маргааш өглөө нь 09 цаг өнгөрөөгөөд байцаагч Мөнхбат дуудсан. Тэгээд хадам ээж, бид 2 Мөнхбат байцаагчийн өрөөнд ортол манай нөхөр Эрдэнэ-Отгон намайг хүн хутгалсан гээд намайг хүчээр зодож байгаад хэлүүлсэн, би хүн хутгалаагүй гэж хэлж байсан. Тэгээд Мөнхбат байцаагч манай гэр рүү очоод гэрт байсан нэг заазуур, иш нь хугараад унасан хутга 2 байсны иш нь хугарсан хутганы зургийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 92-93 х/

 

15. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 16533 дүгнэлтэд:

а/ Бямбадоржийн биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархай, өрц, элэгний 8-р сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд хий хуралт, эрүүнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

б/ Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

в/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /1 хх-ийн 110 х/

 

16. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9682 дүгнэлтэд:

а/ Хохирогч Г.Бямбадоржийн гэрээс хураан авсан гэх улаан эрээн хивсэн дээр зүйл нь цус мөн байна.

            б/ Бүлгийн харъяалал тогтоогдсон тул хүний цус байна.

в/ Уг цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна гэжээ. /1 хх-ийн 95 х/

 

17. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9679 дүгнэлтэд:

а/ Хохирогч Г.Бямбадоржийн гэх хар өнгийн даавуун бэлтгэлийн өмд, саарал өнгийн брюкэн өмд, үдээстэй хар өнгийн хос гутлан дээрхи зүйл нь цус мөн байна.

б/ Бүлгийн харъяалал тогтоогдсон тул хүний цус байна.

в/  Уг цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна гэжээ. /1хх–ийн 100 х/

 

18. Шинжээч Ц.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Хохирогчийн биед учирсан гэмтэл бол 3 удаагийн идэвхитэй үйлдлээр үүссэн гэмтэл юм. Олон тооны үйлдэл гэдэг 2 ба түүнээс дээш үйлдлийг ойлгож болно. Тийм болохоор хохирогчийн биед учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн гэмтэл гэж үзэж болно. Хохирогч эмнэлгийн тусламж авснаар бүрэн эдгэрэх боломжтой гэмтэл юм. Ердийн явдлаар эдгэрэх үйлдэл биш юм. Тэр нь  өөр ойлголт юм...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 131-132 х/

 

19. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл: 170, 173-174 х,

- 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр:  “...А4 хэмжээтэй цаасан дээр нааасан 4 ширхэг хүний зурагнаас хохирогч Л.Бямбадоржоор өөрийг нь хутгалсан хүний зураг байгаа эсэх, байвал зааж өгнө үү гэхэд 2 гэсэн тоон дээр байгаа залуу /М.Эрдэнэ-Отгон/ мөн байна гэсэн заасан бөгөөд хохирогч Л.Бямбадоржийг онцлог ямар шинжээр нь таньж байгаа талаар тодруулахад тухайн үед энэ залууг сайн харж авсан, энэ залуу туранхай шөвгөрдүү царайтай, хөнхөрдүү нүдтэй залуу байсан. Би энэ залуугийн зургийг хараад шууд таньсан гэх” тэмдэглэл /1 хх-ийн 64-66 х/

-2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр: “...танигдагч этгээдүүдийг 1-4 гэж дугаарласан байдалтай дурын байрлалаар зогсоож хохирогч Г.Бямбадоржоор таньж олуулах ажиллагаа хийхэд хохирогч Л.Бямбадорж нь 3 гэсэн дугаартай залууг /М.Эрдэнэ-Отгон/ зааж ... энэ залууг  өмнө ч гэсэн зурган дээрээс нь хараад шууд таниад  заасан, одоо биеэр харсан чинь  тэр шөнө намайг хутгалчихаад сандарч чичрээд  арагшаа ухраад  байсан залуу яг мөн байна” гэх  тэмдэглэл /1 хх-ийн 170, 173-174 х/

 

20. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 4-13 х/

 

21. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1 хх-ийн 161-163 х/

22. Зам шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 ххийн 116-123 х/

23. Шинжээчийн дүгнэлт №-9678 /1хх-ийн 101х /

 

24. Түргэн тусламжийн дуудлагын хуудас:

...дуудлага өгсөн хүний утасны дугаар 96200473, /хохирогч Бямбадоржийн утас/

дуудлага авсан цаг – 2014-10-27, 03:33:47,

хүлээгдсэн цаг – 0:13

гарсан цаг – 2014-10-27, 03:41,

айлд очсон цаг – 2014-10-27, 03:47 минут гэх /3хх-ийн 1 х/

 

25. Туршилт хийх тухай мөрдөн байцаагчийн тэмдэглэл /3 хх-ийн 43 х/,

26. Туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: /3 хх-ийн 54-56 х/

27. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: /3хх-ийн 48-49, 52-53 х / “... хохирогч Г.Бямбадоржоор...”

28. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл: /3хх-ийн 50-51, 53 х-ын ар тал/ “... гэрч Б.Банзрагч ...”

29. Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл: /3хх-ийн 58-60х/

30. Гэрч Б.Баттөгсийн мэдүүлэг /3хх-ийн 77 х/

31. Шүүх сэтгэц эмгэг судлалын 434 тоот дүгнэлтэд:

       Сэтгэцийн онош: Г.Бямбадорж нь эрүүл . /3 хх-ийн 95-96 х/

32. Прокурорын тогтоол “эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” /1хх-ийн 205 х/

33. Цагдаагийн ... хоногийн дуудлагын мэдээлэл: /2хх-ийн 126 х/

-дуудлага өгсөн хүн  Мөнхбаяр:  “...согтуу агсараад байна”

Утасны дугаар  95173124,

Дуудлага өгсөн цаг 2014-10-26, 23:31:20,

 

34. Цагдаагийн ... хоногийн дуудлагын мэдээлэл: /2хх-ийн 128 х/

-утасны дугаар 96200473, “...59 настай хүн гаднаас хутгалуулсан байдалтай орж ирсэн”

Дуудлага өгсөн цаг  2014-10-27, 03:35:16,

 

35. Шүүгдэгч М.Эрдэнэ-Отгоны мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:

“...2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Отгонбаяр гэдэг найзынхаа хамтаар гэрээсээ хойшоо байдаг лагерийн тэнд хөдөө гарч Боргио гэх шошготой 2 том пиво уучихаад тэндээ юм яриад сууж байгаад 23 цагийн орчим байх эмээ Нямсүрэнгийн гэрт ороход тэдний гэрт ээж Мөнхбаяр, нагац ах Мөнхцогт нар согтуу байсан. Тэгэхэд ээж над руу уурлаад агсан тавиад байхаар нь уурлаад монгол гэрийн төмөр баганад аягатай цайгаа цохиод хагалчихсан. Тэгэхэд миний баруун зүүн гар аяганы хагархайд зүсэгдсэн. Тэгэхэд ах Эрдэнэбаяр орж ирснээ намайг гэрт оруулаад эхнэр Уянгоо миний хоёр гарын шархыг боосон. Би гэртээ хэсэг байж байснаа “эмээгийн гэрт орлоо” гэж эхнэртээ хэлээд гарахдаа гэртээ байсан шаргал өнгийн пивор бариултай хутгыг аваад гарсан. Намайг хутга аваад гарахыг эхнэр маань хараагүй болов уу гэж бодож байна. Би гэрээсээ гараад эмээгийнхээ гэрт ороогүй, хашаанаас гараад урагшаа нилээн явсан тэгж байгаад гудамж руу орсон чинь нэг ах намайг мөрлөсөн. Тэгэхээр нь би тэр ахыг "Зүгээр эвтэйхэн явчихаач" гэж хэлсэн чинь өөдөөс "Чи муу бацаан дуугай байгаарай" гэж хэлээд заамдаад хоолой боохоор нь хутгаа гаргаж ирээд гэдэс рүү нь нэг удаа, цээжний орчимд нэг удаа хутгалсан. Тэгээд зугтсан. Яаж хаагуур явснаа мэдэхгүй байна, нэг мэдэхэд уулан дээр ганцаараа сууж байсан. Би тэндээ хэсэг сууж байгаад гэртээ очиж унтсан. Яг хэдэн цагийн үед гэртээ очиж унтсанаа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 124-126 х/

 

36.Шүүгдэгч М.Эрдэнэ-Отгоны мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

“...би Чинбат гэдэг өмгөөлөгчөөс татгалзаж байгаа, өөр өмгөөлөгч авахаар болсон. Тэр өмгөөлөгчтэйгээ мэдүүлэг өгмөөр байна” гэсэн мэдүүлэг  1 хх-ийн 128-130 х/

37. Хохирлын баримтууд /1 хх-ийн 137-138, 240-247, 166 х/

38. 008337 дугаартай өвчний түүх / 3 хх-ийн 2-30х/

39. Шүүгдэгч М.Эрдэнэ-Отгоны урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1 хх-ийн 133 х/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Эр.дэнэ-Отгоны өмгөөлөгч Н.Болормаагаас гаргаж өгсөн  14 хуудас баримт зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүх дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, үнэлж дүгнэвэл; шүүгдэгч М.Эрдэнэ-Отгон нь согтуугаар 2014 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 11 дүгээр гудамжинд иргэн Г.Бямбадоржийг танхайн сэдэлтээр хутгалж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтлийг онц харгис хэрцгий аргаар санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Г.Бямбадоржийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2014 оны 10 дугаар сарын 26-ны орой Баянхошууны эцэс дээр 17 цагийн орчим би найз Мөнхцагаантай таарч, ..."Монгол стандарт" архи  уусан. Тухайн үед 19 цаг орчим болж байсан байх. Мөнхцагаан өөрийн цагаан жижиг суудлын тэрэгтэй явж байсан ба машиных нь аккумлятор суучихаад асахгүй байсан. Тэгээд машиныг нь асаах гээд түрээд нилээн ноцолдсон боловч асаагүй тул бид хоёр юм ярьж сууж байгаад шөнийн 02 цагийн орчимд би гэр лүүгээ харих гээд явсан. Харих гээд алхаж явахад засмал замаар хойноосоо урагш чиглээд миний өөдөөс нэг залуу ирж явсан ба тэр залуу надаас түрүүлээд зүүн тийшээ Одонтын 11 дүгээр гудам руу эргээд орчихсон, манайх уг гудамжинд байдаг болохоор би мөн уг гудамж руу эргээд тэр залуугийн хойноос алхаад дөнгөж гудам руу ороод блокон хашааны хажуу талд очиход нөгөө залуу эргэж хараад "Яах гээд байна" гэж хэлээд миний гэдэс рүү цохиод авах шиг болохоор нь хартал хутгалчихсан байсан. Тэгэхээр нь би "Яаж байна аа" гэсэн чинь тэр залуу "Мөнгө байна уу" гээд дахиад миний цээж рүү хутгаараа хатгаад авахаар нь "Яаж байгаа юм бэ, ахад нь мөнгө байхгүй" гээд өмдний халаасанд байсан 500, 1000 төгрөгөө өөрийн гар утастайгаа гаргаад ирсэн чинь нөгөө залуу миний шанаа руу цохиод авах шиг болсноо цаашаа эргээд жалга дагуу зүүн хойшоо гүйгээд явчихсан. Тэгэхээр нь би болохоо байлаа гэж санаад шууд гэр лүүгээ явсан. Тэр залуу надаас юм аваагүй, миний халаасыг ч ухаж үзээгүй. Саарал юүдэнтэй цамцтай, малгайг нь өмсчихсөн, доогуураа хөх саарал эсвэл цагаан саарал жинсэн өмдтэй залуу байсан. Гутал болон бусад зүйлийг нь ажиглаагүй. Цамцны гадуураа юм өмсөөгүй байсан. Надаас арай намхан, туранхай, шардуу царайтай залуу байсан. Намайг хутгалсан залууг харвал танина. Тэр залуу намайг эхлээд хутгалахаар нь "Ахыгаа яаж байнаа" гэж хэлээд би тэр залууг сайн ажиглаж харсан. Тэр залууг хаашаа, аль зүгт явсныг би яаж мэдэх вэ. Араас нь дагаж явсан биш.

...Миний биеийн байдал тааруухан байна. Одоо би амьсгаадах, хутгалуулснаас болж гэдэс наалдангитай болж гэдэс дүүрнэ, бусад эрхтэн системын хэвийн ажиллагаа алдагдаж зовиур ихтэй байгаа, дээрээс нь би эд материал, эрүүл мэндээрээ бүрэн хохирч байна. Намайг тэр яллагдагч этгээдийг яг таньж заагаад байхад иймэрхүү байдлаар хэргийг шийдэхгүй байгаад гомдож байна. Надад тэр шөнө сартай л юм уу гэж санагдаж байсан, учир нь намайг хутгалсан залуугийн царай тод харагдаж байсан. Магадгүй үйл явдал ойрхон болсон болохоор замын гэрэл ч нөлөөлсөн байж магадгүй. Ямар ч байсан тас харанхуй байгаагүй, хүний зүс царай харагдаж л байсан. Хэрэв би тэр хүнийг сайн хараагүй, эргэлзээтэй байсан бол ингэж итгэлтэй хэлэхгүй л байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 67-70, 2 хх-ийн 62, 225, 3 хх-ийн 61-62 хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл: 170, 173-174 х,

- 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр:  “...А4 хэмжээтэй цаасан дээр нааасан 4 ширхэг хүний зурагнаас хохирогч Л.Бямбадоржоор өөрийг нь хутгалсан хүний зураг байгаа эсэх, байвал зааж өгнө үү гэхэд 2 гэсэн тоон дээр байгаа залууг /М.Эрдэнэ-Отгон/ мөн байна гэсэн заасан бөгөөд хохирогч Л.Бямбадоржийг онцлог ямар шинжээр нь таньж байгаа талаар тодруулахад тухайн үед энэ залууг сайн харж авсан,  энэ залуу туранхай шөвгөрдүү царайтай, хөнхөрдүү нүдтэй залуу байсан. Би энэ залуугийн зургийг хараад шууд таньсан гэх” тэмдэглэл /1 хх-ийн 64-66 х/

-2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр: “...танигдагч этгээдүүдийг 1-4 гэж дугаарласан байдалтай дурын байрлалаар зогсоож хохирогч Г.Бямбадоржоор таньж олуулах ажиллагаа хийхэд хохирогч Л.Бямбадорж нь 3 гэсэн дугаартай залууг /М.Эрдэнэ-Отгон/ зааж ... энэ залууг  өмнө ч гэсэн зурган дээрээс нь хараад шууд таниад  заасан, одоо биеэр харсан чинь  тэр шөнө намайг хутгалчихаад сандарч чичрээд  арагшаа ухраад  байсан залуу яг мөн байна” гэх  тэмдэглэл /1 хх-ийн 170, 173-174 х/

 

Гэрч М.Бямбаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 26-ны орой гэр лүүгээ иртэл гэрт гал түлчихсэн байсан ба Бямбадорж гэртээ байгаагүй учир би унтаад өгсөн. Нөхрийгөө орж ирэхэд  нь би цаг харахад 03 цаг 40 минут болж байсан шиг санагдаж байна. Манай нөхөр “хөгшөөн би үхлээ” гэж хэлээд баруун талын орон дээр дээшээ хараад хэвтээд өгөхөөр нь би очоод харахад хүзүү хоолой орчим, мөн гэдэс орчим нь цус болчихсон, гараараа гэдсээ дарж байсан.  Би “юу болсон бэ хүнд зодуулчихсан юм уу” гэж асуухад нөхөр хэлэхдээ “доороос  ирж явтал юүдэнтэй цагаан саарал цамц өмссөн залуу тааралдаад надаас мөнгө асуухаар нь  байхгүй гэж хэлэхэд гэдэс рүү цохих шиг болсон,  би дүү яаж байгаа юм бэ гэж хэлээд гэдсээ дараад болохоо байлаа гэдгээ мэдээд хурдан гэртээ орьё гээд ирлээ, тэр хүн жалга дагаад зүүн хойшоо гүйчихлээ” гэж хэлсэн. Би нөхрийнхөө цамцыг сөхөөд үзэхэд хүйсний дээд талд, баруун хөхний орчим цус болоод шархнас нь юм цухуйсан болохоор нь айгаад шууд  л 00-н цаасаар шархыг нь дараад ... түргэн дуудсан.  Би хэд орчим насны ямар хүн бэ гэж асуухад “ өрвийсөн,  туранхайдуу шар царайтай,  надаас арай өндөр, 17-18  орчим насны залуу байсан" гэсэн. Өөр юм яриагүй. Манай нөхөр гаднаас орж ирэхдээ дан цамцтай орж ирсэн, куртик нь байгаагүй.  Би тухайн үед тулгамдаад нөхрийнхөө гар утсыг аваад дуудлага өгсөн. Тэр үед яг хаашаа дуудлага өгсөнөө одоо хэлж мэдэхгүй байна. Намайг дуудлага өгөөд нөхрийнхөө цусыг тогтоох гэж оролдож байхад эхлээд 103 орж ирээд, дараа нь цагдаагийн бүрэлдэхүүн орж ирсэн болохоор би зэрэг дуудлага өгсөн байх. Та бүхний шалгаж ирүүлсэн баримтаар дуудлага нь бүртгэгдсэн бол би дуудлага өгсөн гэсэн үг. Яагаад гэвэл 96200473 дугаарыг манай нөхөр барьж байсан. Би нөхрөө орж ирэнгүүт нь гар утсыг нь аваад дуудлага өгсөн болохоор цагдаа, эмнэлэг 2 хамт ирж гэж ойлгож байна...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 76-78, 152, 2 хх-ийн 227 х/

 

Гэрч Б.Банзрагчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2014 оны 10 дугаар сарын 26-ны шөнө сургууль дээрээ хонож ажилласан юм. Тэгж байгаад шөнө цагийг нь сайн санахгүй байна, нилээн л шөнө байсандаа, уурын зуухаа галлачихаад гадна ойр орчныг хараад зогсож байтал хойноосоо урагш чиглэлтэй машины замаар нэг эрэгтэй хүн их хурдан гүйж явсан. Би тэр залууг хулгай хийгээд явж байна даа араас нь хүн явж байгаа болов уу гээд хэсэг харж зогсоход тэр их хурдан гүйж явсан залуугийн араас ямар ч хүн яваагүй. Тэр үед машины замаар машин тэрэг огт явахгүй байсан. Тэгэхээр их л орой байсан болов уу гэж бодож байна. Толгойгоо битүүлчихсэн сааралдуу хувцастай залуу байсан. Сая таны харуулсан бичлэг дээр гарч байгаа залуу их адилхан юм, бараг л мөн юм шиг байна. Тухайн замын гэрэлтүүлэг сайн байсан. Миний харж байснаар тэр хүн 100-120 метрийн зайтай гүйж би түүнийг 104 дүгээр сургуулийн баруун урд булангаас буюу уурын зуухнаас хараад зогсож байсан. Тэр хүнийг би замын хажуугийн гэрэлтүүлгээр сайн харсан зам дагаад өөр машин, хүн явж харагдаагүй их нам гүм байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 89-90, 2 хх-ийн 107, 228 х/

 

Гэрч Т.Мөнхцагааны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн орчим буцаж явтал Бямбадорж дахин залгаад ...улмаар уулзаж, бид хоёр миний машинтай хөдлөөд Баянхошууны эцсийн дэлгүүрийн гадаа очиж зогсоод Бямбадорж надад 4.000 төгрөг өгөхөөр нь би машинаас буугаад дэлгүүрээс 0.5 литрийн "Монгол стандарт" нэртэй архи ... нийт 2 шил архи аваад буцаж урагшаа хөдлөөд манай хашааны гадаа очоод бид хоёр машин дотор уг архиа хувааж уусан. Ойролцоогоор 3 цаг гаран уусан болов уу гэж бодож байна. Сүүлийн архийг ууж дуусаад би машинаа асаах гэтэл аккумулятор суугаад асахгүй байсан чинь Бямбадорж дээгүүрээ өмсөж явсан бараан өнгийн куртикээ надад өмсгөчихөөд "Би аккумулятор олоод ирье, ойрхон манай таньдаг найз байдаг юм" гэж хэлээд машинаас буугаад явсан. Гадаа харанхуй байсан болохоор аль зүг рүү явсныг нь мэдэхгүй байна. Бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан болоогүй.”  гэсэн мэдүүлэг /1хх-ийн 72-73х/

 

Гэрч Г.Ганбаярын мөрдөн байцаалтын өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ахлах ахлагч Чөдөрбатын хамт Сонгинохайрхан дүүргийн 25, 24, 7 дугаар хорооны нутагт ачит-117 чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад жижүүрээс 23 цаг 30 минутын орчим “Сонгинохайрхан дүүргийн 25 хороо хайрханы 17-36 тоотод согтуу хүн агсраад байна” гэсэн дуудлага ирсэн. Уг дуудлагыг аваад дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо хайрханы 17 дугаар хорооны ойролцоо машинтайгаа очоод хаягийг нь нарийвчилж асуугаад зааж өгсөн газраар нь машинтайгаа яваад очиход 17 дугаар гудамжны үзүүрт ирэхэд нэг эмэгтэй хүн урдаас алхаж байсан. Тэр Мөнхбаяр гэх настай эмэгтэй нь гудамжинд гарч ирсэн, гэрээ зааж өгөөгүй, манай хүү уурлаад бид хоёр хоорондоо маргалдсан, манай хүү архи уудаггүй мөртлөө их огцом ууртай хүн байгаа юм, түрүүн надтай маргалдаад цайны сэнжтэй аяга шидчихээд гараад явчихсан” гэсэн болохоор гэрт нь очиж үзээгүй.

 Ингээд ажлаа үргэлжүүлээд хийж байхад шөнийн 03 цагийн орчим байх жижүүрээс станцаар “яаралтай дуудлага байна. Сонгинохайрхан дүүргийн 25 хороо Одонтын 11-11 тоотод хутгалуулсан хүн байна” гэсэн дуудлага өгсөн юм. Гэрт ороход гэрийн баруун орон дээр 50-55 орчим насны эрэгтэй хүн дээшээ хараад хэвтчихсэн, хажууд нь мөн ойролцоо насны эмэгтэй хүн зогсож байсан. Түргэний эмч гэмтсэн хүний хэвлий хэсэгт боолт хийж байсан болохоор тэр эрэгтэй ихээр ёолж байсан. Би уг эрэгтэйгээс юу болсон талаар асуухад “...гудамжны үзүүрт явж байсан чинь насаар залуу малгайтай цамцтай, малгайгаа өмссөн эрэгтэй тааралдаад мөрлөөд намайг бариад авахаар нь би яаж байгаа юм бэ миний дүү гэхэд тэр залуу гэдэс хавьцаа 2-3 удаа цохих шиг болсон халуу оргиод доошоо суутал нөгөө залуу жалга дагаад дээшээ гүйсэн” гэж хэлсэн. Би уг хүнээс хутгалсан хүнийх нь содон шинж тэмдэг, хувцасны талаар асуухад “малгайтай цамцтай, малгайгаа өмссөн залуухан эрэгтэй” байсан гэж хэлсэн. Би энэ хүнээс ийм л мэдээлэл авч чадсан. Тухайн үед уг хүн өвчиндөө шаналаад энэ миний асуусан асуултанд гүйцэт хариулж чадаагүй. Би гэмтсэн хүнийг явуулчихаад ойр орчим хэргийн газар ач холбогдолтой зүйл байгаа эсэхийг шалгаж үзээд 11 дүгээр гудамжны дунд хэсэгт шороонд дарагдсан ишгүй хутга, цагаан өргөө тамхины хайрцагтай тамхи, 100 төгрөг байсан, тухайн өдөр их салхитай байсан болохоор мөнгийг нь чулуугаар даруулж тавьсан юм. Мөн 11 дүгээр гудамжны баруун үзүүрт шороон дээр цус мэт хүрэн улаан зүйл болсон байсан, энэ газруудад хамгаалалтын тууз татаж хэргийн газрыг хамгаалж хэргийн газрыг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн....” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 237-238 х/

 

Гэрч Ц.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Би М.Эрдэнэ-отгонд холбогдох хэргийг 2016  оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан  шалгаж эхэлсэн.  ...Тус дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ агсам тавьж иргэдийн амгалан тайван  байдлыг алдагдуулсан өгсөн мэдээллүүдийг шүүж үзэхэд М.Эрдэнэ-Отгон нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд гэртээ ээждээ агсам тавьж хутга аваад гарсан тухай дуудлага өгүүлсэн мэдээлэл байсан тул эрүүгийн төлөөлөгч нараар олуулах үүрэг өгч тэр хооронд хохирогч Г.Бямбадоржийн тухайн үед өмсөж явсан хувцаснуудад үзлэг хийж Г.Бямбадоржийг хохирогчоор тогтоож, мөн холбогдох гэрчүүдийг тус тус байцаасан. 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эрүүгийн төлөөлөгч Болдбаяр, Золбаяр нар М.Эрдэнэ-Отгон гэх залууг авчирахад бичиг үсэг мэддэг эсэхийг лавлахад сайн мэдэхгүй гэхээр нь тухайн үед тус хэлтэс дээр явж байсан өмгөөлөгч Чинбаттай уулзуулж хууль зүйн туслалцаа үзүүлэх талаар хэлэхэд зөвшөөрсөн. Өмгөөлөгч Чинбат М.Эрдэнэ-Отгонтой ганцаарчлан уулзах хүсэлт гаргасан тул уулзуулж эрхийг нь хангасан. Тэгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар сэжигтнээр тооцон байцааж 17.10 минутад хойшлуулашгүйгээр баривчилсан. Үүний дараа 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр М.Эрдэнэ-Отгонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар ял сонсгож байцаахаар цагдан хорих 461 дүгээр ангид очиход би Чинбат гэдэг өмгөөлөгчөөс татгалзаж байна, өөр өмгөөлөгч авахаар болсон, тэр өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гээд мэдүүлэг өгөөгүй байдаг. Үүнээс харахад сэжигтнээр 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч Чинбаттай мэдүүлэг өгсөн гэдэг нь харагддаг. Би Эрдэнэ-Отгоныг байцааж байхад өмгөөлөгч Чинбат байсан. Түүнийг зодсон цохьсон асуудал байхгүй, миний хувьд түүнийг зодох нь битгий хэл загнаж зандраагүй, юу яриад байгааг ойлгохгүй байна...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 104-105 х/

 

 Гэрч Б.Чинбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр мөрдөн байцаалтын ажиллагаанд суучихаад гарч явахад мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Мөнхбат надтай тааралдаад энд бичиг үсэг муу мэддэг хүнийг сэжигтнээр тооцож байцаах гэсэн юм аа, та байцаалтанд нь сууж хууль зүйн туслалцаа үзүүлж өгөөч гэсэн хүсэлт гаргахаар нь би Мөнхбат байцаагчийг даган өрөөнд нь ороход Эрдэнэ-Отгон гэх 20 гаруй насны эрэгтэй хүн ганцаараа сууж байхаар нь би түүнтэй ганцаарчлан уулзаж ямар хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа талаар асуухад шөнө гудамжинд согтуу явж байгаад нэг хүнтэй маргаж түүнийг хутгаар хатгасан гэж ярьж байсан. Би түүнд одоогоор өмгөөлөгч авсан уу, би таны байцаалтад сууж хууль зүйн туслалцаа үзүүлэхэд татгалзах зүйл байна уу гэж саналыг асуухад тэрээр бичиг үсэг муу мэддэг, одоогоор өмгөөлөгч аваагүй байгаа, та энэ удаагийн байцаалтанд өмгөөлөгчөөр оролцоод өгөөч гэж өөрөө хүссэний дагуу түүний хүсэлтээр сэжигтнийг байцаалтанд оролцсон. Байцаалт авсны дараа Эрдэнэ-Отгон сэжигтний байцаалтаа өөрөө уншиж би мөн уншиж тайлбарлаж өгөхөд миний хэлсэн ярьсан зүйл үнэн бичигдсэн байна гэж хэлээд байцаалтын төгсгөлд өөрийн гараар бичиж байсан. Тухайн байцаалт явагдаж байх үед мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Мөнхбат сэжигтэн Эрдэнэ-Отгоны хэлж ярьж байгаа зүйлийг бичиж байхад тухайн байцаалтын явцад эрүүгийн төлөөлөгч гэх энгийн хувцастай хүн өөрийнхөө гар утсан дээр сэжигтэн Эрдэнэ-Отгоны хэлж ярьж байгаа зүйлийн талаар бичлэг хийж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 108 х/

 

Гэрч Д.Золжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай СХД 25 Одонтын 11 гудамж бол ямарч гэрэлтүүлэггүй, гэхдээ манайх гудамжныхаа хамгийн баруун  үзүүрийн айл ба замаас ойрхон  болохоор манай хашааны орчим ер нь тас харанхуй болдоггүй, учир нь  замын гэрэлтүүлэг манай хашааны орчим тодорхой хэмжээнд тусаад байдаг” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 75 х/

 

Гэрч Ц.Самбуубаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүнсний дэлгүүр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 6-02 тоотод байдаг “Улаан дэлгүүр” гэдэг нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр юм... Надаас эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч гээд хүн ирээд дэлгүүрийн гаднах зам руу харсан байсан камерын шөнийн бичлэг бичигдсэн байсныг хуулбарлан авсан. Түүн дээр ямар хүн бичигдсэн байгааг анзаарч хараагүй, харин тэр хүмүүсийн ярьж байснаар хойноосоо урагш  чиглээд явж байгаа хүний дүрс бичигдсэн талаар сонссон  ...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 130 х/

 

Гэрч Б.Ангарагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2014 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө  Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б нь үл таних хүнд хутгалагдан эмнэлэгт хүргэгдсэн хэрэгт хутгалсан гэх хүнийг олж тогтоох зорилгоор ажилласан юм. Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Зүүнсалааны зам дагуу дэлгүүрүүдийн гадаа камерын бичлэгийг хэрэг болсон цаг хугацаатай тааруулан шүүж үзэхэд хэд хэдэн дэлгүүрийн камерын бичлэгт хойд зүгээс урд зүг рүү зам дагуу гүйж явсан хүний бичлэг байсан. Гадаад төрх нь эрэгтэй хүн шиг туранхайвтар, толгой дээрээ юүдэн малгайтай хүний дүрс бичлэг байсан. Шөнийн бичлэг байсан тул ганцаараа гүйж байсан. Ойр орчимд хүмүүс байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 229 х/

 

Гэрч Н.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би тэр орой хүүхэд болох Эрдэнэ-Отгонтой маргалдсан байсан учраас уурандаа ээжийнхээ гэрт унтсан. Эрдэнэ-Отгоныг гадагшаа гарсан үгүйг, гарсан бол хэзээ гараад хэзээ ирснийг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 83-84 х/

 

Гэрч Л.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хэрэг болдог өдөр Эрдэнэ-Отгон манайд орж ирэхэд би жорлонд бие засчихаад ороод иртэл ээжийгээ архи уусан гэж хэлээд муудалцаад гарынхаа шууг зүссэн байдалтай байсан. Тэгтэл эхнэр Уянгоо орж ирээд Эрдэнэ-Отгоныг аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 91 х/

 

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 16533 дүгнэлтэд:

а/ Бямбадоржийн биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархай, өрц, элэгний 8-р сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх цусан хураа, цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд хий хуралт, эрүүнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

б/ Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

в/ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /1 хх-ийн 110 х/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9682 дүгнэлтэд:

а/ Хохирогч Г.Бямбадоржийн гэрээс хураан авсан гэх улаан эрээн хивсэн дээр зүйл нь цус мөн байна.

            б/ Бүлгийн харъяалал тогтоогдсон тул хүний цус байна.

в/ Уг цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна гэжээ. /1 хх-ийн 95 х/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9679 дүгнэлтэд:

а/ Хохирогч Г.Бямбадоржийн гэх хар өнгийн даавуун бэлтгэлийн өмд, саарал өнгийн брюкэн өмд, үдээстэй хар өнгийн хос гутлан дээрхи зүйл нь цус мөн байна.

б/ Бүлгийн харъяалал тогтоогдсон тул хүний цус байна.

в/  Уг цус нь В/III/ бүлгийн харъалалтай байна гэжээ. /1хх–ийн 100 х/

 

Шинжээч Ц.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Хохирогчийн биед учирсан гэмтэл бол 3 удаагийн идэвхитэй үйлдлээр үүссэн гэмтэл юм. Олон тооны үйлдэл гэдэг 2 ба түүнээс дээш үйлдлийг ойлгож болно. Тийм болохоор хохирогчийн биед учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн гэмтэл гэж үзэж болно. Хохирогч эмнэлгийн тусламж авснаар бүрэн эдгэрэх боломжтой гэмтэл юм. Ердийн явдлаар эдгэрэх үйлдэл биш юм...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 131-132 х/

 

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1 хх-ийн 161-163 х/

Зам шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 116-123 х/

 

Түргэн тусламжийн дуудлагын хуудас:

“...дуудлага өгсөн хүний утасны дугаар 96200473,

дуудлага авсан цаг – 2014-10-27, 03:33:47,

хүлээгдсэн цаг – 0:13

гарсан цаг – 2014-10-27, 03:41...”

айлд очсон цаг – 2014-10-27, 03:47 минут гэх /3 хх-ийн 1 х/

 

 Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: /3 хх-ийн 48-49, 52-53 х / “... хохирогч Г.Бямбадоржоор...”

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл: /3 хх-ийн 50-51,53 ар тал/ “... гэрч Б.Банзрагч ...”

 

 Цагдаагийн ... хоногийн дуудлагын мэдээлэл:

-дуудлага өгсөн хүн  Мөнхбаяр:  “...согтуу агсараад байна”

Утасны дугаар  95173124,

Дуудлага өгсөн цаг 2014-10-26, 23:31:20, /2 хх-ийн 126 х/

 

Цагдаагийн ... хоногийн дуудлагын мэдээлэл:

-утасны дугаар 96200473, “...59 настай хүн гаднаас хутгалуулсан байдалтай орж ирсэн”

Дуудлага өгсөн цаг  2014-10-27, 03:35:16, /2 хх-ийн 128 х/

 

Шүүгдэгч М.Эрдэнэ-Отгоны мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би гэртээ хэсэг байж байснаа эмээгийн гэрт орлоо гэж эхнэртээ хэлээд гарахдаа гэртээ байсан шаргал өнгийн пивор бариултай хутгыг аваад гарсан. Намайг хутга аваад гарахыг эхнэр маань хараагүй болов уу гэж бодож байна. Би гэрээсээ гараад эмээгийнхээ гэрт ороогүй, хашаанаас гараад урагшаа нилээн явсан тэгж байгаад гудамж руу орсон чинь нэг ах намайг мөрлөсөн. Тэгэхээр нь би тэр ахыг "Зүгээр эвтэйхэн явчихаач" гэж хэлсэн чинь өөдөөс "Чи муу бацаан дуугүй байгаарай" гэж хэлээд заамдаад хоолой боохоор нь хутгаа гаргаж ирээд гэдэс рүү нь нэг удаа, цээжний орчимд нэг удаа хутгалсан. Тэгээд зугтсан. Яаж хаагуур явснаа мэдэхгүй байна, нэг мэдэхэд уулан дээр ганцаараа сууж байсан. Би тэндээ хэсэг сууж байгаад гэртээ очиж унтсан. Яг хэдэн цагийн үед гэртээ очиж унтсанаа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 124-126 х/

 

Шүүгдэгч М.Эрдэнэ-Отгоны мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...би Чинбат гэдэг өмгөөлөгчөөс татгалзаж байгаа, өөр өмгөөлөгч авахаар болсон. Тэр өмгөөлөгчтэйгээ мэдүүлэг өгмөөр байна” гэсэн мэдүүлэг  /1 хх-ийн 128-130 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 16533 дүгнэлт /1 хх-ийн 110 х/,  шинжээч Ц.Цэцэгмаа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэрэгт “ хохирогчийн биемахбодид хүнд гэмтэл учирсан ба уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн идэвхитэй үйлдлээр үүссэн, үүнийг олон тооны шарх, гэмтэл гэсэн ойлголтод хамааруулж тайлбарласан /1 хх-ийн 131-132 х/  байх тул хохирогч Г.Бямбадоржийн биед олон тооны шарх гэмтэл үүссэн, уг гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал  бий болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, дээрх шинжлэн судлагдсан баримтуудад, хохирогч болон шүүгдэгч нарын хооронд ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа үүссэн байдал тогтоогдоогүй, шүүгдэгч М.Эрдэнэ-Отгон нь тодорхой бус, үл ялих зүйлээр шалтаглан гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогчид олон тооны шарх гэмтлийг учруулсан байх тул тус хэргийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн байна гэж дүгнэлээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн, үнэлсэн болох нь тогтоогдоогүй, энэ талаар баримтгүй тул хууль ёсны  дагуу цугларсан нотлох баримт хэмээн үзэж дүгнэсэн болно.

 

Иймд шүүгдэгч М.Эрдэнэ-Отгоныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өлзий-Орших, Н.Болормаа нар нь шүүхийн хэлэлцүүлэгт М.Эрдэнэ-Отгоныг цагаатгаж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах тухай санал гаргаж, дараах үндэслэлүүд дурьдсаныг хүлээн авах үндэслэлгүй байна. Дурьдвал:

1.Хохирогч Г.Бямбадоржийн өгсөн удаа дараагийн мэдүүлэг өөр хоорондоо болон гэрч М.Бямбаагийн мэдүүлэгтэй ноцтой зөрсөн, таньж олуулах ажиллагаа хууль зөрчиж хийгдсэн гэх саналын тухайд:

Иргэн Г.Бямбадорж нь  мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримтын талаар буюу ямар хүнд хэрхэн, яаж хутгалуулсан талаараа мэдүүлсэн удаа дараагийн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүйгээр авагдсан, гэрч М.Бямбаа нь тухайн хэрэг болох үед хэргийн газарт байгаагүй, өөрийн нөхөр Г.Бямбадоржийн ярьсан зүйлийг дамжмал байдлаар гэрчлэхдээ  Г.Бямбадоржийн гэртээ орж ирсэн цаг хугацаа, нөхрийг нь хутгалсан гэх хүний хувцасны өнгийг өөр өөр байдлаар мэдүүлсэн мэдүүлгүүд нь Г.Бямбадоржийг бусдад хутгалуулсан гэх үйл явдлыг шууд үгүйсгэсэн баримт биш төдийгүй гэрч М.Бямбаа нь зөрүүтэй мэдүүлсэн шалтгаанаа удаа дараагийн мэдүүлгүүдийг тодорхой хугацаа өнгөрсөний дараа өгсөн тул зарим зүйлийг мартах, андуурах явдал гарсан, мөн гадна нөхрийгөө орж ирэх үед цаг харах боломж байгаагүй, орж ирсэн цаг хугацааг ойролцоогоор барагцаалдаж мэдүүлсэн гэх тул түүнийг худал мэдүүлсэн, хохирогч Г.Бямбадоржийн мэдүүлэгтэй ноцтой зөрсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн хохирогчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан таньж олуулах ажиллагаа нь хууль зөрчиж хийгдсэн гэх баримтгүй, дээрх нотлох баримтуудыг үнэлэхгүй байх үндэслэл тогтоогдоогүй болно. Тухайлбал,

 Хохирогч Г.Бямбадорж нь 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөрт шилжих шөнө бусдад цээж, хэвлий, эрүүн тус газраа хутгалуулсан байдалтайгаар гэртээ ирж, 03:33:47 минутад яаралтай түргэн тусламжийн төвд дуудлага өгч, 04:40 минутад эмнэлэгт хүргэгдэн тус яаралтай түргэн тусламжийн өрөөнд байхдаа 05:30 минутаас 06:10 минутын хооронд хохирогчоор тогтоогдон анхны мэдүүлгээ өгсөн байна. /1 хх-ийн 68-70 х, 3хх-ийн 1 х/

Хохирогч Г.Бямбадорж нь уг мэдүүлэгтээ “...саарал юүдэнтэй цамцтай, малгайг нь өмсчихсөн хөх саарал эсхүл цагаан саарал джинсэн өмдтэй  залуу намайг хутгалсан. Тэр залуу 16-17 орчим насны 165 см орчим өндөртэй, надаас арай намхан, туранхай, шардуу царайтай залуу байсан”  гэж мэдүүлснийг /1 хх-ийн 68-70 х/  зөвхөн хувцсаар таньж  мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй,

түүнчлэн хохирогч нь 2014 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр  дахин өгсөн мэдүүлэгтээ “...намайг хутгалсан залууг харвал шууд танина, тэр залуу намайг эхлээд хутгалахаар нь ...тэр залууг сайн ажиглаж харсан” гэж /1 хх-ийн 71 х/ мэдүүлснээс гадна 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл,  2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн тодорхой нэр бүхий хүмүүс оролцуулан хийсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэгт хохирогч Г.Бямбадорж нь өөрийг хутгалж гэмтээсэн гэж М.Эрдэнэ-Отгон гэгчийг заасан ба ямар шинжээр нь таньж байгаа талаар тодруулахад эхний удаа“...тэр үед би энэ залууг сайн харж авсан, энэ залуу туранхай, шөвгөрдүү царайтай, хөнхөрдүү нүдтэй залуу байсан, би энэ залуугийн зургийг хараад шууд таньсан” гэж, /1 хх-ийн 64-66 х/,  дараагийн ажиллагаагаар “...би өмнө энэ залууг зураг дээрээс нь хараад шууд таньсан одоо биеэр нь харахад тэр шөнө намайг хутгалчихаад сандарч чичрээд арагшаа  ухраад байсан залуу  яг мөн байна,  би энэ залуугийн нүүр лүү хараад “ахыгаа яагаад хутгалж байгаа юм бэ” гэж хэлж байсан” гэж /1 хх-ийн 172-174 х/  таньсан нь хууль зөрчсөн гэх үндэслэлгүй юм.

Дээрх байдлаас үзвэл, хэдийгээр хохирогч нь бусдад хутгалуулах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ч өөрийг нь хутгалсан хүнийг өмссөн хувцас, өндөр нам, царайгаар нь анхны мэдүүлэгтээ мэдүүлсэн нь удаа дараа хийсэн таньж олуулах ажиллагаагаар нотлогдсон гэж үзэх үндэстэй ба таньж олуулах ажиллагаануудын тэмдэглэлээс үзэхэд хохирогч Г.Бямбадоржийн заасан хүн нь шар царайтай, туранхай, мөн хохирогч Г.Бямбадоржоос намхан нуруутай болох нь тус ажиллагаануудын тэмдэглэл болон фото зургуудад тусгагдсан нь хохирогчийн мэдүүлсэн хүний төрхтэй тохирсон гэж үзэх үндэслэлтэйгээс гадна дээрх нотлох баримтуудаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын  гаргасан “хохирогч нь өөрийг хутгалсан хүнийг зөвхөн саарал цамцаар нь таньж байгаа” гэх санал нь үгүйсгэгдсэн болно.

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь таньж олуулах ажиллагаа хууль зөрчсөн буюу уг ажиллагааг шүүгдэгчээс 13 насаар ах эсхүл 1 насаар ах хүмүүсийг оролцуулж хийсэн, хохирогч Г.Бямбадоржоор шүүгдэгчийг таньж олуулах ажиллагааг эхлээд зургаар, дараа нь биеэр таниулсан нь хууль зөрчсөн гэх санал гаргасан нь үндэслэлгүй буюу хэрэгт авагдсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд, М.Эрдэнэ-Отгонтой ойролцоо насны хүмүүсийг зураг болон биеэр таниулсан байх бөгөөд түүнээс илт насны зөрүүтэй хүмүүс оролцуулан хийсэн байдал тогтоогдоогүй, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 150, 151 дүгээр зүйлд таньж олуулах ажиллагааны тоог хязгаарласан, мөн уг ажиллагаанд  оролцох хүмүүсийн насны байдлыг ижил жилтэй буюу нас чацуу хүмүүс оролцуулж хийнэ гэж шууд үгчилж заагаагүй тул тус таньж олуулах ажиллагааг хууль зөрчиж хийсэн гэж үзэхээргүй байна.

 

2. Тухайн хэрэг нь шөнийн цагаар, харанхуй орчинд үйлдэгдсэн, хохирогч нь тухайн өдөр их хэмжээний согтолттой явж байсан тул болсон үйл явдлын талаар санаж байгаа эсэх, өөрийг нь хутгалсан хүнийг харсан эсэх нь эргэлзээтэй гэх саналын тухайд:

Хэрэгт авагдсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 13-19 х/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх-ийн 43-48-49, 52-53 х/ зэрэг баримтуудаар хэрэг болсон үйл явц нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо 11 дүгээр гудамжны үзүүр хэсэгт үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Г.Бямбадоржийн “ надад тэр шөнө сартай л юм уу гэж санагдаж байсан, учир нь намайг хутгалсан залуугийн царай тод харагдаж байсан. Магадгүй үйл явдал замтай ойрхон болсон болохоор замын гэрэл ч нөлөөлсөн байж магадгүй. Ямар ч байсан тас харанхуй байгаагүй, хүний зүс царай харагдаж л байсан” /3 хх-ийн 61-62 х/ гэж мэдүүлсэн нь гэрч Д.Золжаргал нь “...манай СХД 25 Одонтын 11 гудамж бол ямарч гэрэлтүүлэггүй, гэхдээ манайх гудамжныхаа хамгийн баруун  үзүүрийн айл ба замаас ойрхон  болохоор манай хашааны орчим ер нь тас харанхуй болдоггүй, учир нь  замын гэрэлтүүлэг манай хашааны орчим тодорхой хэмжээнд тусаад байдаг” гэсэн  мэдүүлэг /3хх-ийн 75 х/-ээр давхар нотлогдсон буюу бусад нотлох баримтын эх сурвалжтай байна.

 Өөрөөр хэлбэл, хохирогчийн мэдүүлснээр “...тухайн өдөр тас харанхуй байгаагүй, улмаар хүний зүс царай тодорхой хэмжээнд харагдах боломжтой” байсныг гэрч Золжаргал гэрчилсэн, түүнчлэн хохирогч Г.Бямбадорж нь удаа дараагийн мэдүүлэгтээ “... тухайн өдөр найз Мөнхцагаантай архи уусан, гэхдээ архи уусны дараагаар бид хоёр машинаа асаах гэж нилээн ноцолдсон, тэгж байгаад би гэр лүүгээ харих гээд явсан, замаасаа хазайгаагүй, өөрийгөө аваад явчих чадвартай, өөрийн гэсэн ухаантай байсан” гэж мэдүүлсэн мэдүүлгийг үгүйсгэх өөр бусад баримтгүй тул түүнийг  их хэмжээний согтуу байсан, хүн таних чадваргүй байсан гэж таамаглан дүгнэх боломжгүй байна.  

Түүнчлэн гэрч Б.Банзрагчийн “...2014 оны 10 дугаар сарын 26-ны шөнө сургууль дээрээ хонож ажилласан ба  шөнө цагийг нь сайн санахгүй байна, нилээн л шөнө байсандаа, уурын зуухаа галлачихаад гадна ойр орчныг хараад зогсож байтал хойноосоо урагш чиглэлтэй машины замаар нэг эрэгтэй хүн их хурдан гүйж явсан. Толгойгоо битүүлчихсэн сааралдуу хувцастай залуу байсан” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 89-90 х, 2 хх-ийн 107, 228 х/, хэрэгт хавсаргагдан ирсэн CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл “...саарал юүдэнтэй цамцтай хүний талаарх 00:30 минутын дүрс бичлэг” /1 хх-ийн 164 х/ зэргээр хохирогчийн мэдүүлэгт дурьдагдсан “ саарал юүдэнтэй цамцтай, цамцныхаа малгайг өмссөн хүн явж байсан”-ыг нотолсон тул хохирогчийг тухайн шөнө өөрийг нь хутгалсан гэх хүнийг тухайн нөхцөл байдалд таних боломжтой байсан байна гэж дүгнэхээр байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь “саарал цамцтай хүн нь М.Эрдэнэ-Отгон мөн гэдгийг тогтоосон баримт байхгүй” гэж мэтгэлцэж хохирогч, гэрч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааг тус тус үгүйсгэж байгаа боловч тухайн саарал цамцтай хүн нь М.Эрдэнэ-Отгон биш гэдгийг ямар баримтаар няцааж байгаа нь тодорхойгүй, тэдгээрийн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Л.Нямсүрэнгийн мэдүүлэг /1 хх-ийн 91 х/, гэрч Н.Мөнхбаярын “...Эрдэнэ-Отгоныг гадагшаа гарсан үгүйг, гарсан бол хэзээ гараад хэзээ ирснийг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 83-84 х/, гэрч С.Уянгоогийн “...би хүүхдээ шөнөдөө 2-3 удаа тосч бие засуулдаг тул  шөнө 04 цагийн орчим хүүхдээ бие засуулахад Эрдэнэ-Отгон унтаж байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 92-93 х/ зэргээр шүүгдэгч М.Эрдэнэ-Отгоныг тухайн шөнө гэрээсээ гараагүй гэдгийг хангалттай нотолж тогтоосон гэхэд учир дутагдалтай байна.

Харин эсрэгээрээ гэрч Г.Ганбаярын “...2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ...машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад жижүүрээс 23 цаг 30 минутын орчим “Сонгинохайрхан дүүргийн 25 хороо хайрханы 17-36 тоотод согтуу хүн агсраад байна” гэсэн дуудлага өгч, уг дуудлагын  дагуу ...ойролцоо машинтайгаа очоод хаягийг нь нарийвчилж асуугаад зааж өгсөн газраар нь машинтайгаа яваад очиход 17 дугаар гудамжны үзүүрт ирэхэд ...Мөнхбаяр гэх настай эмэгтэй нь гудамжинд гарч ирсэн, гэрээ зааж өгөөгүй, манай хүү уурлаад бид хоёр хоорондоо маргалдаад цайны сэнжтэй аяга шидчихээд гараад явчихсан” гэсэн болохоор гэрт нь очиж үзээгүй” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 237-238х / -ээр шүүгдэгч М.Эрдэнэ-Отгон нь гэрээсээ гарч явсан болохыг нотолсон гэж дүгнэхээр байна.

 

3.М.Эрдэнэ-Отгонд хийгээгүй хэргийг нь хилсээр тулгаж, түүнээс сэжигтнээр мэдүүлэг авахдаа зодож, дарамталсан, өмгөөлөгч оролцуулаагүй нь холбогдох хуулийг зөрчсөн гэх саналын тухайд:

 

Шүүгдэгч М.Эрдэнэ-Отгон нь мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч Б.Чинбатыг оролцуулан сэжигтнээр өгсөн мэдүүлгээ үгүйсгэж  намайг сэжигтнээр байцаахад өмгөөлөгч Б.Чинбат оролцоогүй, эрүүгийн төлөөлөгч нар дарамталж зодсон, мөрдөн байцаагч Ц.Мөнхбат дарамталж мэдүүлэг авсан тул айсандаа мэдүүлгээ зохиож ярьсан гэх мэтээр мэдүүлж байгаа боловч шүүгдэгч М.Эрдэнэ-Отгоны мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...би Чинбат гэдэг өмгөөлөгчөөс татгалзаж байгаа, өөр өмгөөлөгч авахаар болсон. Тэр өмгөөлөгчтэйгээ мэдүүлэг өгмөөр байна” гэсэн мэдүүлгээр /1 хх-ийн 128-130 х/ ,

гэрч Ц.Мөнхбатын “...2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр М.Эрдэнэ-Отгон гэх хүнээс бичиг үсэг мэддэг эсэхийг лавлахад сайн мэдэхгүй гэхээр нь тухайн үед тус хэлтэс дээр явж байсан өмгөөлөгч Чинбаттай уулзуулж хууль зүйн туслалцаа үзүүлэх талаар хэлэхэд зөвшөөрсөн. Өмгөөлөгч Чинбат М.Эрдэнэ-Отгонтой ганцаарчлан уулзах хүсэлт гаргасан дагуу уулзуулж эрхийг нь хангасан. Би Эрдэнэ-отгоныг байцааж байхад өмгөөлөгч Чинбат байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 104-105 х/

гэрч Б.Чинбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ... Эрдэнэ-Отгон гэх 20 гаруй насны эрэгтэй хүнтэй ганцаарчлан уулзаж ямар хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа талаар асуухад шөнө гудамжинд согтуу явж байгаад нэг хүнтэй маргаж түүнийг хутгаар хатгасан гэж ярьж байсан. Би түүнд одоогоор өмгөөлөгч авсан уу, би таны байцаалтад сууж хууль зүйн туслалцаа үзүүлэхэд татгалзах зүйл байна уу гэж саналыг асуухад тэрээр бичиг үсэг муу мэддэг, одоогоор өмгөөлөгч аваагүй байгаа, та энэ удаагийн байцаалтанд өмгөөлөгчөөр оролцоод өгөөч гэж өөрөө хүссэний дагуу түүний хүсэлтээр сэжигтнийг байцаалтанд оролцсон...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 108 х/ зэргээр тус тус үгүйсгэгдсэн болно.

Тус хэрэгт өмгөөлөгч Б.Чинбат, мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ц.Мөнхбат нарын  гэрчээр өгсөн мэдүүлэг  нь хэргийн үйл баримтын талаар бус зөвхөн өөрсдийн оролцсон ажиллагааны талаар буюу М.Эрдэнэ-Отгоныг сэжигтнээр тооцож, түүнээс мэдүүлэг авах ажиллагаа хэрхэн явагдсан, уг ажиллагаанд өмгөөлөгч оролцсон эсэх талаар тодруулах зорилготойгоор хийгдсэн байх тул хууль зөрчөөгүй гэж үзэн шүүгдэгчийн сэжигтнээр өгсөн мэдүүлэгтэй холбогдуулан үнэлсэн болохыг дурдав.

 

Хохирол төлбөрийн тухайд:

            Хохирогч Г.Бямбадорж нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, эмнэлэг гэр хооронд явсан унааны зардал, ажилгүй байсан хугацааны цалин, олох байсан орлого хэмээн нийт 11.595.100 төгрөг нэхэмжилсэн боловч  хавтаст хэрэгт 3.895.100 төгрөгийн баримт гаргаж өгсөн /1хх-ийн 137, 138, 195, 241-244х, 2хх-ийн 166х/ байх тул тус баримттай зардал болох 3.895.100 /гурван сая найман зуун ерэн таван мянга, нэг зуу/ төгрөгийг шүүгдэгч М.Эрдэнэ-Отгоноос гаргуулан олгож, харин бусад зардал гэж нэхэмжилсэн үнийн дүн болох 7.700.000 төгрөгийн талаар баримт болон цаашид эмчилгээ хийлгэхтэй холбоотой зардлаа нотлох баримтаа хууль ёсны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав. 

Учир нь, хохирогч Г.Бямбадоржийн гаргаж өгсөн цалин хөлс, орлого гэж нэхэмжилсэн баримтууд нь дутуу, зарим баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тухайлбал,  Хохирогч Г.Бямбадоржийн “Мах импекс” ХХК-нд 2009 оны 01 дүгээр сарын 01-нээс 2014 оны 05 дугаар сарын 19-ны өдөр хүртэл ажиллаж, нийгмийн даатгалын шиймтгэл төлж байсан тухай баримттай /1 хх-ийн 245 х/, түүнчлэн  тус байгууллагаас чөлөөлөгдсөний дараагаар буюу 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл “СТӨҮН ХИЖ” ХХК-нд блокны цехийн мастер, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл “GOTHIC GOLD” LLC-д  замчнаар тус тус ажиллаж байсан тухай тодорхойлолтууд авагдсанаас /1 хх-ийн 247-248х/ өөр баримтгүй, улмаар 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хойш ажил хөдөлмөр эрхэлж байсан эсэх нь тодорхойгүй, энэ тухай баримтгүй тул түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олох байсан орлого гэж нэхэмжилж буй асуудлыг тус хэргийн хамт шийдвэрлэх боломжгүй байна.

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор М.Эрдэнэ-Отгонд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож,  мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хорих ял оногдуулж, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн тухай шийтгэх тогтоол хэрэгт авагдсан /1хх-ийн 156 х/ байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эрдэнэ-Отгоны ялтайд тооцох хугацаа нь тухайн гэмт хэрэгт холбогдохоос өмнө дууссан байх тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эрдэнэ-Отгонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн  хасаж, үлдэх  хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Шүүгдэгч М.Эрдэнэ-Отгон нь 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 207 хоног, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 20 хоног, нийт 227 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чулуу 4 ширхэг, ишгүй хутга 1 ширхэг зэргийг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг эрх бүхий байгууллага буюу Монгол банкинд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Тус хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Мөнхбаярын Эрдэнэ-Отгоныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар М.Эрдэнэ-Отгоныг 7 (долоон) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар М.Эрдэнэ-Отгонд оногдуулсан 7 жил 6 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасаж, биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эрдэнэ-Отгонд оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эрдэнэ-Отгоны цагдан хоригдсон 227 /хоёр зуун хорин долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6.  Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эрдэнэ-Отгоноос 3.895.100 /гурван сая найман зуун ерэн таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бямбадоржид олгож, хохирогч нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чулуу 4 ширхэг, ишгүй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах коммист даалгаж, 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг  эрх бүхий байгууллага буюу Монгол банкинд шилжүүлэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий СD 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

8. Шүүгдэгч М.Эрдэнэ-Отгоны иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг дурдсугай.

 9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Эрдэнэ-Отгонд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

11. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан М.Эрдэнэ-Отгонд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.АЛТАНЦЭЦЭГ

                                      ШҮҮГЧИД                               Л.БААТАР

                                                                                      Г.МӨНХЗУЛ