Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00152

 

Мандал даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/01027 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар 02-ны өдрийн 1453 дугаар магадлалтай,

 Мандал даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Эй Эс партнёрс ХХК, Э.Маргад нарт холбогдох,

Э.Маргадын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 36 008 801 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 Э.Маргад, Мандал даатгал ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Баталгааны хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тус тус тооцуулах, нэхэмжлэгчээс орон сууцны үнэ 100 000 000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Э.Маргадын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Э.Маргад, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа, хариуцагч Э.Маргадын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Эй Эс партнёрс ХХК-ийн төлөөлөгч В.Мандах, хариуцагч Э.Маргадын өмгөөлөгч П.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Жавхлан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Э.Маргадтай дүр үзүүлсэн хэлцэл 2015 оны 08 сарын 01-ний өдөр хийсэн бөгөөд тус хэлцлийн дагуу БЗД, 1-р хороо, 12 хороолол, 30-р байр, 244 тоот хаягт байрлах, Ү-2204065882 тоот улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууцыг Э.Маргадын өмчлөлд шилжүүлсэн. Дээрх гэрээг дүр үзүүлж хийсэн хэлцэл гэдгийг талууд хүлээн зөвшөөрч, үр дагаврыг нь арилгаж, Мандал даатгал ХХК буцаан өмчлөлдөө шилжүүлэхийг Э.Маргадаас шаардсан. Э.Маргад нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан дээрх орон сууцыг Мандал даатгал ХХК-д буцаан шилжүүлэх гэсэн боловч тус орон сууцыг Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д 36 008 801 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан байсан тул Мандал даатгал ХХК нь Э.Маргадын өмнөөс түүний хүлээсэн зээлийн үүргийг гүйцэтгэсэн. Мандал даатгал ХХК нь Э.Маргадын авч ашигласан зээлийн үүргийг түүний өмнөөс гүйцэтгэхдээ Э.Маргадыг дээрх төлбөрийг буцаан төлөх төлбөрийн баталгаа болгож Эй Эс партнёрс ХХК-тай 2017 оны 05 сарын 11-ний өдрийн Орон сууц буцаан худалдан авах болзолтой худалдах-худалдан авах гэрээ-г байгуулж, Эй Эс партнёрс ХХК нь тус гэрээнд заасан орон сууцыг буцаан худалдан авах болзол тавьж хэлцэл хийсэн. Гэтэл дээрх гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгө нь улсын бүртгэлийн гэрчилгээгүй ямар ч баталгаагүй зөвхөн Захиалгын гэрээ л байгаа энэхүү гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд хариуцагч Э.Маргадын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 36 008 801 төгрөгийг төлбөрийн баталгаа гаргасан Эй Эс партнёрс ХХК болон Э.Маргад нараас гаргуулж, Мандал даатгал ХХК-д олгож хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Э.Маргад шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Э.Маргад нь Мандал даатгал ХК-тай 2015 оны 8 сарын 1 өдөр ИХ-ийн 243 зүйлийн 243.1-т заасны дагуу Ү-2204065882 дугаарын бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 хороо, 12 хороолол, 30 байр, 244 тоот хаягаар байрлах орон сууцыг 65 сая төгрөгөөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Худалдах-худалдан авах гэрээг Үл хөдлөх эд хөрөнгийн татварын тухай хуульд заасан журмын дагуу татвар төлж тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу нотариатаар баталгаажуулж улсын бүртгэлд бүртгүүлж хууль ёсны өмчлөгч болсон. 2016 оны 2 сарын 17 өдөр би өөрийн өмчлөлийн орон сууцыг хууль ёсны өмчлөгчийн хувьд захиран зарцуулж Жи Эс Би Капитал ББСБ ХХК-тай сарын 3.5 хувийн хүүтэй 26.5 сая төгрөгийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Жи Эс Би Капитал ББСБ ХХК нь зээлийн ба барьцааны гэрээг нь Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлж зээл олгосны шимтгэлээ суутгаж зээл олгосон. 2017 оны 5 сарын 3 өдөр Мандал даатгал ХК нь Ү-2204065882 дугаарын бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 хороо, 12 хороолол, 30 байр, 244 тоот хаягаар байрлах орон сууцыг худалдаж авах хүсэл зориг илэрхийлсэн. Уг орон сууц нь Жи Эс Би Капитал ББСБ ХХК-тай зээлийн барьцаанд байгаа болохоор шууд худалдах боломжгүй байгаа гэж тайлбар өгсөн. Мандал даатгал ХК нь миний зээлийн ба барьцааны гэрээний дагуу Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д зээлийн үндсэн төлбөр, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 36 008 801 төгрөгийн төлбөрийг төлж бэлнээр 20 сая төгрөг өгөх хүсэл зориг илэрхийлсэн бөгөөд би зөвшөөрсөн. Мандал даатгал ХК нь худалдах-худалдан авах ажиллагааг түргэн шуурхай хийхийн тулд өөрийн ажилтан Э.Удвалд итгэмжлэл олгохыг хүссэн. Би Мандал даатгал ХК-ийн хуулийн мэргэжилтэн Э.Удвалд итгэмжлэл хийж орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулах болон холбогдох үйлдэл хийх эрхийг олгосон. Уг итгэмжлэлд байрны үнийг 20 сая төгрөг гэж зааж орон сууц худалдах-худалдан авах гэрээний агуулгын талаар ноцтой төөрөгдөж тусгасан байна. Учир нь Мандал даатгал ХК-ийн Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д төлсөн 36 008 801 төгрөгийг байрны үнэд шингэсэн гэж ойлголттой байсан. Өөрөөр хэлбэл, би Мандал даатгал ХК-д өөрийн өмчлөлийн байрыг 20 сая төгрөгөөр худалдах хүсэл зорилго байгаагүй бөгөөд 65 сая төгрөгөөр худалдаж байгаа гэсэн ойлголттой байсан. Ямар ч эрүүл, саруул ухаантай хүн 65 сая төгрөгөөр худалдан авсан байрыг 20 сая төгрөгөөр худалдаж өөртөө илт хохиролтой гэрээ байгуулахгүй. Үүнээс үзэхэд Мандал даатгал ХК ба түүний хуулийн мэргэжилтэн Э.Удвал нар үгсэн хуйвалдаж, итгэл эвдэж, иргэн намайг ноцтой төөрөгдөлд оруулж, хүчин төгөлдөр бус гэрээ байгуулах замаар миний өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар авсан байна. Би Мандал даатгал ХК-ийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд уг үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд Мандал даатгал ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Эй Эс партнёрс ХХК-ийн төлөөлөгч В.Мандах шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эй Эс партнёрс ХХК нь Монгол даатгал ХХК-тай 2014 оны 5 сарын 20 өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба гэрээг дуусгавар болоход 2015 оны 5 сарын 20 өдөр Ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 7 сарын 29 өдөр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, жил бүр сунгаж ажиллаж ирсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 1-рт үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 36 008 801 төгрөгийг Эй Эс партнёрс ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Э.Маргадын хувьд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 08 сарын 01-ний өдөр Ү-2204065882 тоот улсын бүртгэлийн дугаартай, БЗД, 1-р хороо, 12 хороолол, 30-р байр, 244 тоот хаягт байрлах байрыг орон сууцыг 65 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Үл хөдлөх хөрөнгийн татварын тухай хуулийн дагуу 2 хувийн татвар төлөгдсөн. Иргэний эрх зүйн харилцаа үүссэн байгаа. Өмчлөгчийн хувьд Э.Маргад нь өөрийн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй бөгөөд үүний дагуу Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д 2016 оны 02 сарын 17-ны өдөр зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулсан байдаг бөгөөд эдгээр гэрээнүүд нь бүгд хүчин төгөлдөр. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 08 сарын 01-ний өдөр байгуулагдсан орон сууц буцаан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Эдгээр гэрээнүүд бүгд хүчин төгөлдөр юм. Мандал даатгал ХХК нь н.Энхтайван гэж хүнээс худалдах-худалдан авах гэрээ байгуулан өөрийн өмчлөлд шилжүүлж авсан байдаг. н.Энхтайван нь Мандал даатгал ХХК-ийг шүүхэд өгч өмчлөх эрхийг өөрт шилжүүлэн авсан байдаг. Мандал даатгал ХХК нь Э.Маргадад тус байрыг худалдсан болохоор бага зардлаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд буцаагаад худалдан авахыг хүссэн байдаг. Хэрэгт авагдсан баримтад баталгаа байдаг. Тус баталгаанд Э.Маргад нь 2015 оны 08 сарын 01-ний өдөр байгуулсан гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл байсан. Нөгөө талаас Мандал даатгал ХХК нь Э.Маргадад ямар нэгэн байдлаар шүүх цагдаагаар явахгүй гэсэн баталгаа гаргасан байдаг. Тухайн үед н.Бат-Идэр захирал нь Компанийн тухай хууль болон дүрэм, хөдөлмөрийн гэрээг зөрчин орон сууцыг худалдсан байдаг. Үүний дагуу нотлох баримт гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх хангасангүй. Мандал даатгал ХХК нь 2018 онд Хувьцаат компани болсон бөгөөд санхүүгийн зохицуулах хорооны хяналтад байдаг бөгөөд эдгээр доголдлууд илрэхээр Компанийн тухай хуулиар 65 000 000 төгрөгийн торгууль төлж таарах байсан. Тэгэхээр Э.Маргадтай байгуулсан гэрээгээр 20 000 000 төгрөгийн торгууль төлөхийг хүссэн байдаг. Э.Маргад нь Мандал даатгал ХХК-ийн хуулийн ажилтанд н.Удвалд итгэмжлэл олгож гэрээ байгуулах эрх олгосон байдаг. Э.Маргад анх гэрээ байгуулахдаа итгэмжлэл өгөх эрхээ хууль ёсны дагуу олж авсан бөгөөд талуудаас энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Энэ гэрээ хүчин төгөлдөр байгаа учраас түүний дараа дараагийн гэрээ мөн хүчин төгөлдөр гэж үзэж байна. Тэгэхээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Эй Эс партнёрс ХХК-ийн хувьд Мандал даатгал ХХК-д 2014 оноос хойш ажил гүйцэтгэх гэрээ гүйцэтгэсээр ирсэн. Энэ компани одоогийн байдлаар манайд 107 000 000 төгрөгийн өртэй явж байгаа. Энэ гэрээ нь СБД-ийн ИХАШШ-д иргэний хэрэг үүссэн байгаа бөгөөд үүнийг шүүхэд гаргаж өгсөн. Компанийн зүгээс нэхэмжлэгч Орон сууц буцаан худалдах-худалдан авах гэрээг хүчингүй гэж үзэж байгаа учраас бид сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Эй Эс партнёрс ХХК-ийн хувьд ямар нэгэн батлан даалт баталгаа хэн нэгэнд гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Э.Маргадын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон өөрчилсөн шаардлагадаа: Иргэн Э.Маргад нь Мандал даатгал ХК-тай 2015 оны 8-р сарын 1-ний өдөр Ү-2204065882 дугаарын бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 хороо, 12 хороолол, 30 байр, 244 тоот хаягаар байрлах орон сууцыг 65 сая төгрөгөөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, хуульд заасан журмын дагуу татвар төлөгдөж, гэрээ нотариатаар баталгаажуулж улсын бүртгэлд бүртгүүлж хууль ёсны өмчлөгч болсон. 2016 оны 2 сарын 17 өдөр иргэн Э.Маргад нь Жи Эс Би Капитал ББСБ ХХК-тай сарын 3.5 хувийн хүүтэй 26.5 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. 2016 оны 5 сарын 3 өдөр Мандал даатгал ХК нь иргэн Э.Маргадтай байгуулсан худалдах-худалдан авах гэрээг цуцлах гэж үзсэн бөгөөд дараа нь дээрх орон сууцыг буцаан худалдах авах хүсэл зориг илэрхийлсэн. Иргэн Э.Маргад нь орон сууцыг худалдан авах хүсэл зоригийг нь хүлээн авсан бөгөөд талууд тохиролцсоны үндсэн дээр Мандал даатгал ХК нь иргэн Э.Маргадын зээлийн гэрээний дагуу Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д зээлийн үндсэн төлбөр, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 36 008 801 төгрөгийн төлбөрийг төлж бэлнээр 20 сая төгрөг өгсөн тухай санхүүгийн баримт үйлдсэн бөгөөд дээрх төлбөрийг Мандал даатгал ХК нь өгөөгүй болно. Иргэн Э.Маргад нь Мандал даатгал ХК-ийн хуулийн мэргэжилтэн Э.Удвалд итгэмжлэл хийж, орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулах болон холбогдох үйлдэл хийх эрхийг олгосон. Уг итгэмжлэлд байрны үнийг 20 сая төгрөг гэж зааж орон сууц худалдах-худалдан авах гэрээний агуулгын талаар ноцтой төөрөгдөж тусгасан байна. Учир нь Мандал даатгал ХК-ийн Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д төлсөн 36 008 801 төгрөгийг байрны үнэд шингэсэн гэж ойлголттой байсан. Өөрөөр хэлбэл, иргэн Э.Маргад нь Мандал даатгал ХК-д өөрийн өмчлөлийн байрыг 65 сая төгрөгөөр худалдах хүсэл зорилготой байсан бөгөөд 65 сая төгрөгөөр худалдаж байгаа гэсэн ойлголттой байсан. Ямар ч эрүүл, саруул ухаантай хүн 65 сая төгрөгөөр худалдан авсан байрыг 20 сая төгрөгөөр худалдаж өөртөө илт хохиролтой гэрээ байгуулахгүй. Үүнээс үзэхэд Мандал даатгал ХК ба түүний хуулийн мэргэжилтэн Э.Удвал нар үгсэн хуйвалдаж иргэн Э.Маргадыг ноцтой төөрөгдөлд оруулж хүчин төгөлдөр бус гэрээ байгуулах замаар Э.Маргадын өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар авсан байна. Иймд иргэн Э.Маргад нь Мандал даатгал ХК-тай байгуулагдах худалдах-худалдан авах гэрээний агуулгын талаар ноцтой төөрөгдсөн байсан тул ИХ-ийн 58 зүйлийн 58.2.2-т заасны дагуу иргэн Э.Маргадын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвалын Мандал даатгал ХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Ү-2204065882 дугаарын бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 хороо, 12 хороолол, 30 байр, 244 тоот хаягаар байрлах орон сууцыг иргэн Э.Маргадын өмчлөлд шилжүүлж, хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Иргэн Э.Маргад нь дээрх орон сууцны худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед Мандал даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлан, тус компанийн хуулийн ажилтан Э.Удвал нарын хүсэлтээр талууд 2017 оны 5 сарын 11 өдөр баталгааны хэлцэл үйлдсэн. Уг баталгаанд талууд бодит нөхцөл байдлыг үгүйсгэсэн, бие биендээ гомдол гаргахгүй зэрэг Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн зүйл заалт орсон бөгөөд энэ нь дээрх баталгаа нь Иргэний хуулийн 56 зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг нотолж байна. Мөн иргэн Э.Маргад нь Мандал даатгал ХК-ийн хуулийн ажилтан Э.Удвалд итгэмжлэл олгож худалдах-худалдан авах гэрээ байгуулах гэрээ байгуулах зэрэг эрх олгосон байдаг. Гэтэл худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрөх эрх олгоогүй бөгөөд Э.Удвал нь худалдах-худалдан авах гэрээний төслийг иргэн Э.Маргадад танилцуулж батлуулах ёстой байсан. Үүнээс үзэхэд Э.Удвал нь Мандал даатгал ХК нар нэгдмэл сонирхолтой этгээд байх бөгөөд Э.Удвал нь итгэмжлэл олгосон Э.Маргадын ашиг сонирхлын эсрэг үйлдэл хийсэн байна. Иргэн Э.Маргадад 65 сая төгрөгөөр худалдан авсан өөрийн өмчлөлийн орон сууцыг 65 сая төгрөгөөр худалдах хүсэл зорилго байгаагүй бөгөөд орон сууц худалдан борлуулсан үнийн дүнгийн тодорхой хэсгийг Жи Эс Би Капитал ББСБ ХХК-тай байгуулсан байсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний төлбөрт төлүүлж үлдэгдэл төлбөрөөр нь худалдах-худалдан авах гэрээ байгуулж байгаа гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Мандал даатгал ХК нь иргэн Э.Маргадын зээлийн төлбөрт шилжүүлсэн төлбөрийг шүүхийн журмаар буцаан нэхэмжилж байгаагаас үзэхэд Мандал даатгал ХК нь итгэл үнэмшлийг эвдэж, ноцтой төөрөгдөлд оруулж Э.Маргадын өмчлөлийн орон сууцыг зах зээлийн үнээс асар хямд үнээр худалдан авахаар санаархаж худалдах-худалдан авах гэрээнд 20 сая төгрөгийн үнийг зааж гэрээ байгуулж орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч асар их хэмжээний ашиг хонжоо олсон. Иймээс иргэн Э.Маргад нь ноцтой төөрөгдөлд орсны улмаас Мандал даатгал ХК-тай өөртөө илт хохиролтой орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд 2017 оны 5 сарын 11 өдөр иргэн Э.Маргад ба Мандал даатгал ХК нарын хооронд байгуулсан баталгааны хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нараас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн ажиллагааны дагуу улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн нотлох баримтуудтай танилцаад ИХШХШТХуулийн 26-р зүйлийн 26.2-т заасан эрхийн дагуу дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна. Мандал даатгал ХК улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн нотлох баримтаар маргаан бүхий Ү-2204065882 дугаарын бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 хороо, 12 хороолол, 30 байр, 244 тоот хаягаар байрлах орон сууц нь гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн байгаа нь тогтоогдож байна. Үүнээс үзэхэд хэрэв шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд Мандал даатгал ХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй юм. Иймд иргэн Э.Маргад нь Мандал даатгал ХК-тай байгуулагдах худалдах, худалдан авах гэрээний агуулгын талаар ноцтой төөрөгдсөн байсан тул талуудын байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож орон сууцыг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн тул Баянзүрх дүүргийн 12 хороололд байрлах ижил талбай бүхий орон сууцны зах зээлийн үнээр тооцож 100 000 000 төгрөг гаргуулах, 2017 оны 5-р сарын 11-ний өдөр иргэн Э.Маргад ба Мандал даатгал ХК нарын хооронд байгуулсан баталгааны хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд Э.Маргад нь н.Удвалд Мандал даатгал ХХК-ийн хуулийн үйлчилгээ явуулах батламж олгосон байдаг. Компанийн удирдлагаас гаргасан хүсэлтийн дагуу анх байгуулсан гэрээний үнийн дүнгээр тохирсон. Сүүлд нь эдгээр зөрчлүүд байгаа учраас санхүүгийн хяналтаар зөрчил үүсэж арга хэмжээ авагдана гэж мэдсэн учраас орон сууц худалдан авах гэрээг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ гэрээ нь бусдыг төөрөгдөлд оруулсан гэж үзэж байгаа учраас гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлтэй юм. Уг барилга нь гуравдагч этгээдэд шилжиж, цааш гуравдагч этгээдээс шилжүүлсэн учраас Мандал даатгал ХХК-иас тухайн байрны зах зээлийн үнийн дүнгээр 100 000 000 төгрөг гаргуулах, мөн Мандал даатгал ХХК-ийн хүсэлтээр Э.Маргадын гаргаж өгсөн баталгааг хүчингүй болгож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа, Э.Оюунсайхан нар шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулж байсан 2017 оны 5-р сарын 11-ний өдрийн баталгаа нь хүчин төгөлдөр юм. Энэ баталгаагаар талууд 2015 оны 08 сарын 01-ний өдөр эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлсэн хэлцэл гэж өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч талын ярьж байгаа ИХ-ийн 56.1.2-т заасан хэлцэл нь өөрөө заавал шүүхээр тогтоолгох ч юм уу, хэн нэгэн эрхтэй этгээдийн тогтоодог хэлцэл биш үр дагавар нь бол анхнаасаа байгуулсан цагаасаа ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй учраас талууд үүнийг илэрхийлэн баталгаа гарган тодорхойлсон байдаг. Түүнээс биш ямар нэгэн эрхгүй этгээдээр хүлээн зөвшөөрүүлснээр тэр хэлцэл хүчин төгөлдөр бус гэж илэрхийлэхгүй. Хариуцагч талаас баталгаанд зааснаар Э.Маргадтай холбоотой шүүхэд гомдол гаргахгүй, санхүүгийн үүрэг хүлээхгүй гэж байна. Гэтэл юу гэж заасан бэ гэхээр 65 000 000 төгрөгийг хүлээн аваагүй, зөвхөн энэ гэрээний дагуу бүрдүүлбэртэй холбоотой ямар нэгэн байдлыг Мандал даатгал ХХК хариуцна гэсэн байдаг. Э.Маргад, Мандал даатгал ХХК-ийн нарын хооронд байгуулагдсан 20 000 000 төгрөгийн орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах зорилготой, ямар нэгэн байдлаар ноцтой төөрөгдүүлсэн хэлцэл биш юм. Тийм учраас Мандал даатгал ХК-иас нэхэмжилж байгаа 100 000 000 төгрөг бол бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй. Дээр нь баталгааг ямар үндэслэлээр хүчингүй болгуулах гэж байгаа нь тодорхойгүй. Гэтэл Мандал даатгал ХХК-ийн зүгээс баталгаанд заасан нөхцөлийг зөрчсөн гэж ярьдаг боловч тийм зүйл байгүй. Орон сууцыг буцаан шилжүүлэхтэй холбоотой бүхий л татвар хураамжийг төлнө гэсэн, Мандал даатгал ХХК төлсөн байгаа, баримтаар бүгд байгаа. Мөн 65 000 000 төгрөгийн дүр үзүүлсэн хэлцлээр ямар нэгэн байдлаар шүүхэд хандахгүй гэснээр шүүхэд хандсан зүйл байхгүй. Энэ баталгаа нь ИХ-ийн ямар заалтаар хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа юм уу эсхүл хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзэж байгаа юм уу тодорхойгүй учраас талуудын хооронд хийсэн тохиролцоо нь хүчин төгөлдөр юм. Хариуцагчийн гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/01027 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Э.Маргадаас 36 008 801 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мандал даатгал ХК-д олгож, үлдсэн Эй Эс партнёрс ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Мандал даатгал ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Орон сууц худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, орон сууцны зах зээлийн үнэ 100 000 000 төгрөгийг гаргуулах, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр иргэн Э.Маргад ба Мандал даатгал ХХК нарын хооронд байгуулагдсан баталгааны хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох хариуцагч Э.Маргадын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Мандал даатгал ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Маргадаас улсын тэмдэгтийн хураамжид 338 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мандал даатгал ХК-д олгож, хариуцагч Э.Маргадаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 328 150 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар 02-ны өдрийн 1453 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/01027 дугаар шийдвэр тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Маргадаас 36 008 801 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мандал даатгал ХХК-д олгож, Эй Эс партнёрс ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн. Шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад хариуцагчаас төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 328 150 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 Хариуцагч Э.Маргад хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2019 оны 5 сарын 2 өдрийн 181/ШШ2019/01027 тоот шүүхийн шийдвэрээр иргэн Э.Маргадаас 36 сая төгрөг гаргуулж, Эй Эс партнёрс ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 8 сарын 2 өдрийн 1453 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан заалтыг 496 дугаар зүйлийн 496.1-т зааснаар өөрчилж, нэхэмжлэгч Мандал даатгал ХК нь ...өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэсэн үндэслэлээр иргэн Э.Маргадаас 36 008 801 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг огт үнэлээгүй.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын ХЯНАВАЛ хэсэгт ...Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч болон хариуцагч Э.Маргад нарын хооронд 2015 оны 08 сарын 01-ний өдөр байгуулагдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл болох талаар талууд маргаагүй, хариуцагч Э.Маргад нь тухайн гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 1 хороо, 12 дугаар хороолол, Их тойруу гудамж 30 дугаар байр 244 тоот, 54,77 м.кв талбай бүхий орон сууцыг 26 500 000 төгрөгийн зээлд барьцаалан, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Жи Эс Би Капитал ББСБ ХХК-тай зээл, барьцааны гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нь орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар Э.Маргадын зээлийн төлбөр 36 008 801 төгрөгийг зээлдүүлэгчид төлсөн зэрэг үйл баримт тогтоогджээ. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна гэжээ. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Мандал даатгал ХК ба Эй Эс партнёрс ХХК нарын хооронд 2017 оны 5 сарын 11 өдрийн Орон сууц буцаан худалдан авах болзолтой худалдах-худалдан авах гэрээ, Мандал даатгал ХК ба иргэн В.Мандах нарын хооронд 2017 оны 5 сарын 11 өдөр байгуулагдсан Батлан даалтын гэрээ зэрэг баримтууд нотлох баримтыг хавсаргаж өгсөн. Мандал даатгал ХК ба Эй Эс партнёрс ХХК нарын хооронд 2017 оны 5 сарын 11 өдрийн орон сууц буцаан худалдан авах болзолтой худалдах-худалдан авах гэрээгээр Мандал даатгал ХК нь Эй Эс партнёрс ХХК-иас Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэр дээр баригдаж байгаа Буман залуус хотхоны 201 тоот барилгын 5 давхрын 29 тоот хаягаар байрших 79.01 кв.м талбайтай 3 өрөө орон сууцыг захиалан бариулах гэрээний шаардах эрхийг шилжүүлж төлбөрт нь гэрээний 2.1-т заасны дагуу 36 сая төгрөгийг Эй Эс партнёрс ХХК-ийн дансруу шилжүүлэх байснаас Эй Эс партнёрс ХХК-ийн хүсэлтийн дагуу Жи Эс Би Капитал ББСБ ХХК-ийн иргэн Э.Маргадын зээлийн данс рүү шилжүүлэхээр талууд тохиролцож 36 008 801 төгрөгийн шилжүүлгийг хийсэн байдаг. Эй Эс партнёрс ХХК нь Мандал даатгал ХК-тай байгуулсан Орон сууц буцаан худалдан авах болзолтой худалдах-худалдан авах гэрээг гэрээний аль нэг тал гэрээг цуцлаагүй, гэрээнээс татгалзаагүй, шүүхээс тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцоогүй бөгөөд гэрээ нь хүчин төгөлдөр гэж үзнэ. Иймд Мандал даатгал ХК нь худалдаж авсан орон сууцны захиалгын гэрээний дагуу төлөх төлбөр 36 сая төгрөгийг Эй Эс партнёрс ХХК нь хуульд заасан эрхийн дагуу төлбөрийг захиран зарцуулж иргэн Э.Маргадын зээлийн төлбөрт шилжүүлүүлэх хүсэлтийг Мандал даатгал ХК гүйцэтгэсэн. Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэлд хавсаргаж өгсөн Мандал даатгал ХК ба Эй Эс партнёрс ХХК нарын хооронд 2017 оны 5 сарын 11 өдрийн Орон сууц буцаан худалдан авах болзолтой худалдах-худалдан авах гэрээ, Мандал даатгал ХК ба иргэн В.Мандах нарын хооронд 2017 оны 5 сарын 11 өдөр байгуулагдсан Батлан даалтын гэрээ зэрэг нотлох баримтаар 36 сая төгрөг нь Эй Эс партнёрс ХХК-ийн өмч мөн гэдэг нь тогтоогдож байхад шүүх дээрх нотлох баримтыг үнэлээгүй шийдвэр, магадлал гаргасан нь ИХШХШтХуулийг ноцтой зөрчиж байна. Үүнээс үзэхэд Эй Эс партнёрс ХХК нь Э.Маргадын зээлийг төлсөн ба Мандал даатгал ХК нь Э.Маргадаас Эй Эс партнёрс ХХК-ийн төлбөрийг шаардах эрхтэй нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

2. Шүүх хууль буруу тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй.

Шүүх хэрэгт авагдсан Мандал даатгал ХК нь талуудын хооронд байгуулагдсан Орон сууц буцаан худалдах-худалдан авах гэрээний дагуу Эй Эс партнёрс ХХК-ийн хүсэлтээр иргэн Э.Маргадын төлбөрийг хаасан нотлох баримтыг үнэлээгүй бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ИХ-ийн 492 зүйлийн 492.1.1-т заасан зохицуулалтыг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 492 зүйлийн 492.1.1-т заасныг өөрчилж 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар Бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих гэсэн зохицуулалтыг хэрэглэсэн нь шүүх хууль буруу тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй гэдгийг нотолж байна. Учир нь иргэн Э.Маргадын зээлийн төлбөр нь Мандал даатгал ХК-ийн зардлаар бус Эй Эс партнёрс ХХК-ийн гэрээний дагуу орж ирэх мөнгөн хөрөнгөөр төлөгдсөн юм. Иймд иргэн Э.Маргад нь Мандал даатгал ХК-ийн хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд иргэн Э.Маргад ба Мандал даатгал ХК нар нь ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй буюу Э.Маргад нь Мандал даатгал ХК-ийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй болно. Эй Эс партнёрс ХХК нь зээлийн төлбөрийг төлүүлж хаасан бөгөөд 36 сая төгрөг нь тус компанийн гэрээний дагуу орж ирэх мөнгөн хөрөнгө мөн гэдгийг нотлох баримтаар тогтоогдож байна.

3. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь ИХШХШтХуульд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байгаа, нэхэмжлэгч Мандал даатгал ХК нь Эй Эс партнёрс ХХК-ийн хөрөнгийг иргэн Э.Маргадаас нэхэмжлэх эрхтэй гэдгийг нотолж чадаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 Хариуцагч Э.Маргадын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Эй Эс партнёрс ХХК-ийн төлөөлөгч В.Мандах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2019 оны 5 сарын 2 өдрийн 181/ШШ2019/01027 тоот шүүхийн шийдвэрээр иргэн Э.Маргадаас 36 сая төгрөг гаргуулж, Эй Эс партнёрс ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 8 сарын 2 өдрийн 1453 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан заалтыг 496 дугаар зүйлийн 496.1-т зааснаар өөрчилж, нэхэмжлэгч Мандал даатгал ХК нь өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэсэн үндэслэлээр иргэн Э.Маргадаас 36 008 801 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүх нотлох баримтыг үнэлээгүй.

ИХ-ийн 8 зүйлийн 8.1-т Иргэний эрх зүйн харилцаа дараах үндэслэлээр үүснэ, 8.1.1-т хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл гэжээ. Эй Эс партнёрс ХХК, Мандал даатгал ХК нарын хооронд 2017 оны 5 сарын 11 өдөр байгуулагдсан Орон сууц буцаан худалдан авах болзолтой худалдах-худалдан авах гэрээ, мөн өдөр иргэн В.Мандах ба Мандал даатгал ХК нарын хооронд Батлан даалтын гэрээ зэрэг гэрээнүүд байгуулагдсан. Дээрх гэрээнүүдийг Нотариатын тухай хуульд заасан журмын дагуу Хан-Уул дүүргийн 249 тоот тамгатай нотариатаар гэрчлүүлж баталгаажуулсан. Орон сууц буцаан худалдан авах болзолтой худалдах-худалдан авах гэрээ-гээр Эй Эс партнёрс ХХК нь гэрээнд заасан хугацаанд Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэр дээр баригдаж байгаа Буман залуус хотхоны 201 тоот барилгын 5 давхрын 29 тоот хаягаар байрших 79.01 кв.м. талбайтай 3 өрөө орон сууцны захиалгын эрхийг худалдан авагчид шилжүүлэх, Мандал даатгал ХК нь гэрээнд заасан төлбөрийг шилжүүлэх, барилгыг улсын комисс хүлээн авсны дараа гэрээгээр улсын бүртгэлд бүртгүүлэх, Худалдагч нь буцаан худалдаж аваагүй бол орон сууцыг өөрийн өмчлөлд авах, мөн гэрээнд заасан хугацаанд Худалдагч нь орон сууцыг буцаан худалдан авах, Худалдан авагч нь орон сууцны өмчлөлийг буцаан шилжүүлэх зэрэг үүргийг талууд хүлээсэн. Мөн гэрээний 1.5-д Гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох ба Худалдагч нь төлбөрийг бүрэн төлж, гэрээний зүйлийг буцаан худалдан авч, орон сууцыг өөрийн өмчлөлд Худалдан авагчаас шилжүүлэн авснаар талуудын энэхүү гэрээгээр эдлэх эрх, хүлээх үүрэг дуусгавар болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, энэхүү гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд дуусгавар болоогүй байна. Гэрээний 2.1-т Энэхүү гэрээний үнэ 36 000 000 төгрөг бөгөөд уг төлбөрийг Худалдагчийн хүсэлтийн дагуу Жи Эс Би Капитал ББСБ ХХК-ийн иргэн Э.Маргадын зээлийн данс руу шилжүүлнэ, 3.2.5-д Худалдан авагч нь гэрээгээр тохиролцсон журмын дагуу гэрээний зүйлийн төлбөрийг төлнө, 3.2.7-д Гэрээнд заасан журмын дагуу төлөх төлбөрийг харилцах дансаар эсвэл бэлэн мөнгөөр төлнө гэж Мандал даатгал ХК-ийн үүргийг гэрээнд тодорхой зааж өгсөн. ИХ-ийн 193 зүйлийн 193.1-т Үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг гэрээний аль нэг тал ... тодорхойлсон нь нөгөө талд буюу талуудад эргэлзээ төрүүлэхээр бол шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ, 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1-т Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэжээ. ИХ-ийн 101 дүгээр зүйлийн 101.1-т Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэжээ. Хэрэгт нотлох баримтаар 2017 оны 5 сарын 9 өдрийн А05/02 тоот албан бичиг авагдсан бөгөөд уг албан бичгээр Эй Эс партнёрс ХХК нь Мандал даатгал ХК нарын хооронд байгуулсан Орон сууц буцаан худалдан авах болзолтой худалдах-худалдан авах гэрээ-ний төлбөрийг Жи Эс Би Капитал ББСБ ХХК-ийн иргэн Э.Маргадын зээлийн төлбөрт шилжүүлэх талаар хүсэлт гаргасан. Энэхүү хүсэл зориг нь гэрээний 2.1-т тусгагдсан ба үүний дагуу Мандал даатгал ХК нь Эй Эс партнёрс ХХК-тай 2017 оны 5 сарын 11 өдөр байгуулагдсан Орон сууц буцаан худалдан авах болзолтой худалдах-худалдан авах гэрээ-ний Эй Эс партнёрс ХХК-ийн мөнгийг хүсэлтийн дагуу Жи Эс Би Капитал ББСБ ХХК руу шилжүүлсэн. Үүнээс үзэхэд 2017 оны 5 сарын 11 өдөр байгуулагдсан Орон сууц буцаан худалдан авах болзолтой худалдах-худалдан авах гэрээ-ий дагуу Эй Эс партнёрс ХХК-д очих 36 сая төгрөгийг Жи Эс Би Капитал ББСБ ХХК руу шилжүүлсэн талаар талууд маргаагүй, Мандал даатгал ХК нь зөвшөөрч зохих гүйлгээг хийж, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн байна. Гэтэл шүүх Мандал даатгал ХК нь Иргэний хуулийн 492 зүйлийн 492.1.1-т заасан заалтыг 496 дугаар зүйлийн 496.1-т зааснаар өөрчилж нэхэмжлэгч Мандал даатгал ХК нь ...өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн... гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч нотлоогүй, Эй Эс партнёрс ХХК-ийн албан бичгийн дагуу гэрээний төлбөрийг Жи Эс Би Капитал ББСБ ХХК руу шилжүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг байхад хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ нь хэрэгт авагдсан Хаан Банкны 5070080238 дугаарын дансны хуулга, 2017 оны 5 сарын 11 өдрийн мемориалын баримтаар мөн тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл, Эй Эс партнёрс ХХК нь ИХ-ийн 101 дүгээр зүйлийн 101.1-т хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах ... эрхээ эдэлж Орон сууц буцаан худалдан авах болзолтой худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу орж ирсэн өөрийн өмчлөлийн мөнгөн хөрөнгө болох 36 сая төгрөгийг Жи Эс Би Капитал ББСБ ХХК руу шилжүүлүүлж Эй Эс партнёрс ХХК нь иргэн Э.Маргадын зээлийг хаасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Мандал даатгал ХК ба хариуцагч Эй Эс партнёрс ХХК нар 2017 оны 5 сарын 11 өдөр байгуулагдсан Орон сууц буцаан худалдан авах болзолтой худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж удаа дараа тайлбар гаргадаг. ИХ-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна, ИХШХШтХуулийн 62 зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт, 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж нэхэмжлэгчийн үүргийг хуульчилж өгсөн. Хавтас хэрэгт Мандал даатгал ХК ба хариуцагч Эй Эс партнёрс ХХК нар 2017 оны 5 сарын 11 өдөр байгуулагдсан Орон сууц буцаан худалдан авах болзолтой худалдах-худалдан авах гэрээ-г хүчингүй болгосон, хүчин төгөлдөр бусд тооцсон, гэрээний үйлчлэлийг зогсоох, дуусгавар болгох талаар талуудын хооронд байгуулсан ямар нэгэн гэрээ, хэлцэл, акт, тохиролцоо байхгүй, талууд уг гэрээг дүгнээгүй, дуусгавар болгоогүй, дуусгавар болгох талаар ямар нэгэн акт үйлдээгүй, гэрээнээс татгалзаагүй, цуцлаагүй, хүчин төгөлдөр бусд тооцуулах талаар шүүхэд нэхэмжлэл талуудын аль нэг нь гаргаагүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон ямар нэгэн шүүхийн шийдвэр байхгүй буюу уг гэрээ хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэгч нотлоогүй, нотолсон нотлох баримт гаргуулах талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байх тул уг гэрээ хүчин төгөлдөр хэвээр гэж үзнэ. Тиймээс Мандал даатгал ХК нь Эй Эс партнёрс ХХК-ийн захиалгын гэрээний дагуу Буман залуус хотхоны захиалагч болох Пирамид орд ХХК-иас барилгыг Улсын комисс хүлээн авсны дараа үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах шаардах эрхээсээ татгалзаагүй, уг эрхээ Эй Эс партнёрс ХХК-д болон бусад этгээд нарт шилжүүлээгүй тул, эрхээсээ татгалзсан, шаардах эрх нь маргаантай талаар ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул уг шаардах гэрээ Мандал даатгал ХК дээр байгаа гэж үзэж шаардах эрх нь хүчин төгөлдөр байна гэж үзнэ. Гэтэл шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсгийн ...Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Маргадын өмнөөс зээлийн төлбөр төлөх үүргийг гүйцэтгэсэн байна. Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Маргадын өмнөөс зээлийн төлбөрийг төлөх үүрэггүй байсан байх боловч төлбөрийг төлж хариуцагч Э.Маргад нь үндэслэлгүй хөрөнгөжсөн байна, магадлалын ХЯНАВАЛ хэсгийн ...Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч болон хариуцагч Э.Маргад нарын хооронд 2015 оны 08 сарын 01-ний өдөр байгуулагдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл болох талаар талууд маргаагүй, хариуцагч Э.Маргад нь тухайн гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн 1 хороо, 12 дугаар хороолол, Их тойруу гудамж 30 дугаар байр 244 тоот, 54,77м.кв талбай бүхий орон сууцыг 26 500 000 төгрөгийн зээлд барьцаалан, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Жи Эс Би Капитал ББСБ ХХК-тай зээл, барьцааны гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нь орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар Э.Маргадын зээлийн төлбөр 36 008 801 төгрөгийг зээлдүүлэгчид төлсөн зэрэг үйл баримт тогтоогджээ. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн судлаагүй, нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, зарим нотлох баримтыг буюу Мандал даатгал ХК ба хариуцагч Эй Эс партнёрс ХХК нар 2017 оны 5 сарын 11 өдөр байгуулагдсан Орон сууц буцаан худалдан авах болзолтой худалдах-худалдан авах гэрээ-г нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй орхигдуулсан байгааг харуулж байна. Мөн хэрэгт Мандал даатгал ХК нь Эй Эс партнёрс ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Эй Эс партнёрс ХХК-д төлөх төлбөрийг хүсэлтийн дагуу Жи Эс Би Капитал ББСБ ХХК руу шилжүүлсэн баримт байгаа болохоос Мандал даатгал ХК нь иргэн Э.Маргадын зээлийн төлбөрийг төлсөн гэх нотлох баримт байхгүй. Шүүх Эй Эс партнёрс ХХК нь мөнгөн хөрөнгийг нэхэмжлээгүй байхад Эй Эс партнёрс ХХК-ийн мөнгөн хөрөнгийг Мандал даатгал ХК-ийн нэхэмжлэлийн дагуу иргэн Э.Маргадаас гаргуулан авч Мандал даатгал ХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Мандал даатгал ХК ба Эй Эс партнёрс ХХК нар 2017 оны 5 сарын 11 өдөр байгуулагдсан Орон сууц буцаан худалдан авах болзолтой худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу Буман залуус хотхоны орон сууцны захиалгын эрх нь Мандал даатгал ХК-д хэвээр үлдэж нэмж 36 сая төгрөг авахаар болсон ба шүүх Мандал даатгал ХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлж, хариуцагч нарын эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дордуулсан байна.

2. Шүүх хууль буруу тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй.

Шүүх хэрэгт авагдсан Мандал даатгал ХК нь талуудын хооронд байгуулагдсан Орон сууц буцаан худалдах-худалдан авах гэрээний дагуу Эй Эс партнёрс ХХК-ийн хүсэлтээр иргэн Э.Маргадын төлбөрийг хаасан нотлох баримтыг үнэлээгүй бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх ИХ-ийн 492 дугаар зүйлийн 492.1.1 -т заасан зохицуулалтыг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг өөрчилж 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар Бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих гэсэн зохицуулалтыг хэрэглэсэн нь шүүх хууль буруу тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй гэдгийг нотолж байна. Учир нь иргэн Э.Маргадын зээлийн төлбөр нь Мандал даатгал ХК-ийн зардлаар хаасан нь нэхэмжлэгч нотолж чадаагүй, нотлох баримтыг шүүхэд өгөөгүй. Уг төлбөр нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгчийн хариуцагчид төлөх мөнгөн хөрөнгөөр хариуцагчаас нэхэмжлэгч рүү явуулсан албан бичгийн дагуу нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж төлсөн юм. Иймд иргэн Э.Маргад нь Мандал даатгал ХК-ийн хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд иргэн Э.Маргад ба Мандал даатгал ХК нар нь ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй буюу Э.Маргад нь Мандал даатгал ХК-ийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй болно. Эй Эс партнёрс ХХК нь зээлийн төлбөрийг төлүүлж хаасан бөгөөд 36 сая төгрөг нь тус компанийн гэрээний дагуу орж ирэх мөнгөн хөрөнгө мөн гэдгийг нотлох баримтаар тогтоогдож байна.

3. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байна.

Шүүх Мандал даатгал ХК ба хариуцагч Эй Эс партнёрс ХХК нар 2017 оны 5 сарын 11-ний өдөр байгуулагдсан Орон сууц буцаан худалдан авах болзолтой худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр, дуусгавар болоогүй байхад уг гэрээг нотлох баримтаар зохих ёсоор үнэлээгүй ба Эй Эс партнёрс ХХК нь нэхэмжлэл гаргаагүй, зөвшөөрөл олгоогүй, эрх өгөөгүй, Мандал даатгал ХК нь Эй Эс партнёрс ХХК-ийн нэрийн өмнөөс иргэн Э.Маргадаас Эй Эс партнёрс ХХК-ийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэх эрхтэй гэдгийн нотолж чадаагүй байхад Эй Эс партнёрс ХХК-ийн мөнгөн хөрөнгийг Мандал даатгал ХК-ийн нэхэмжлэлийн дагуу иргэн Э.Маргадаас нэхэмжилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь ИХШХШтХуульд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байгаа нэхэмжлэгч Мандал даатгал ХК нь Эй Эс партнёрс ХХК-ийн хөрөнгийг иргэн Э.Маргадаас нэхэмжлэх эрхтэй гэдгийг нотолж чадаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч Мандал даатгал ХХК нь Эй Эс партнёрс ХХК, Э.Маргад нарт холбогдуулан Э.Маргадын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 36 008 801 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Э.Маргадаас Э.Маргад, Мандал даатгал ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Баталгааны хэлцлийг хүчин төгөлдөр бусд тус тус тооцуулж, нэхэмжлэгчээс орон сууцны үнэ 100 000 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хариуцагч Э.Маргадаас 36 008 801 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Эй Эс партнёрс ХХК-д холбогдох хэсгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1.-д зааснаар Э.Маргадаас 36 008 801 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Эй Эс партнёрс ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

 Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

 Нэхэмжлэгч Мандал даатгал ХХК нь Эй Эс партнёрс ХХК болон Э.Маргад нарт холбогдуулан Э.Маргадын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 36 008 801 төгрөгийг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагаа Э.Маргадтай байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ, Эй Эс партнёрс ХХК-тай байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц буцаан худалдан авах болзолтой, худалдах-худалдан авах гэрээг үндэслэл болгожээ.

 Хариуцагч Эй Эс партнёрс ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Орон сууц буцаан худалдан авах болзолтой худалдах-худалдан авах гэрээгээр хариуцагч нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Буман залуус хотхоны 201 тоот барилгын 5 давхрын 29 тоот 79.01 м.кв талбайтай орон сууцыг худалдан авагчид шилжүүлэх, нэхэмжлэгч нь гэрээнд заасан төлбөрийг худалдагчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу төлбөрийг худалдагчийн заасан дансанд шилжүүлсэн бөгөөд гэрээ хүчин төгөлдөр тул Э.Маргадыг нэхэмжлэгчийн хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй гэж маргасан,

 Хариуцагч Э.Маргад нь ...2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгчээс 65 000 000 төгрөгөөр худалдаж авсан, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 30 дугаар байрны 244 тоот орон сууцыг Эй Эс партнёрс ХХК нь Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалж, эргэн төлөлтийг бүрэн хариуцахаар болсон. Мандал даатгал ХХК нь Эй Эс партнёрс ХХК-ийн хариуцах төлбөрийг ББСБ-д төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь үүрэг хүлээгээгүй боловч Э.Маргадын өмнөөс түүний зээлийн төлбөр төлөх үүргийг гүйцэтгэсэн үндэслэлээр Э.Маргадыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн, үйл баримтыг үндэслэл бүхий тогтоогоогүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмыг зөрчсөн, 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзсэн боловч Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1.-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн үндэслэлээ магадлалд заагаагүй байна.

 Шүүх хэрэгт цугларсан гэрээ болгоныг үнэлж, дүгнэлт хийсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх энэ үүргээ биелүүлээгүй үндэслэлээр давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгох байжээ.

 Түүнчлэн хоёр шатны шүүх үйл баримтыг өөр өөрөөр тодорхойлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх ба хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 Дээр дурдснаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлоос ...шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүй, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй... талаарх хэсгийг хангах үндэстэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2019/01027 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар 02-ны өдрийн 1453 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Э.Маргад, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах нарын гомдлын заримыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандахаас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337 994 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Б.УНДРАХ

                                 ШҮҮГЧ           Х.ЭРДЭНЭСУВД