Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 01027

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

                                                                        

Нэхэмжлэгч: “М” ХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Э” ХХК/РД: /,

 

Хариуцагч: Э.М/РД: УК91071666/ нарт холбогдох,

         

Хариуцагч Э.Мын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 36 008 801 төгрөгийг баталгаа гаргасан “Э” ХХК болон Э.М нараас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, 100 000 000 төгрөгийг гаргуулах, баталгааны хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа, Э.Оюунсайхан, хариуцагч “Э” ХХК-ийн төлөөлөгч В.Мандах, хариуцагч Э.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах, хариуцагч Э.Мын өмгөөлөгч П.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

  

               ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “М” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани Монгол Улсын иргэн Э.Мтай дүр үзүүлсэн хэлцэл 2015 оны 08 сарын 01-ний өдөр хийсэн бөгөөд тус хэлцэлийн дагуу БЗД, 1-р хороо, 12 хороолол, 30-р байр, 244 тоот хаягт байрлах, Ү-2204065882 тоот улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууцыг Э.Мын өмчлөлд шилжүүлсэн.

Дээрх гэрээг дүр үзүүлж хийсэн хэлцэл гэдгийг талууд хүлээн зөвшөөрч, үр дагаврыг нь арилгаж, “М” ХХК буцаан өмчлөлдөө шилжүүлэхийг Э.Маас шаардсан.

Э.М нь хүчин төгөлдөр бус хэлцэлийн үндсэн дээр шилжүүлэн авсан дээрх орон сууцыг “М” ХХК-д буцаан шилжүүлэх гэсэн боловч тус орон сууцыг “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК-д 36 008 801.00/гучин зургаан сая найман мянга найман зуун нэг/ төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан байсан тул “М” ХХК нь Э.Мын өмнөөс түүний хүлээсэн зээлийн үүргийг гүйцэтгэсэн.

М ХХК нь Э.Мын авч ашигласан зээлийн үүргийг түүний өмнөөс гүйцэтгэхдээ Э.Мыг дээрх төлбөрийг буцаан төлөх төлбөрийн баталгаа болгож “Э” ХХК-тай 2017 оны 05 сарын 11-ний өдрийн Орон сууц буцаан худалдан авах болзолтой худалдах, худалдан авах гэрээг байгуулж, “Э” ХХК нь тус гэрээнд заасан орон сууцыг буцаан худалдан авах болзол тавьж хэлцэл хийсэн.

Гэтэл дээрх гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгө нь улсын бүртгэлийн гэрчилгээгүй ямар ч баталгаагүй зөвхөн Захиалгын гэрээ л байгаа энэхүү гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байх тул хүчин тегөлдөр бус хэлцэл юм.

Иймд Хариуцагч Э.Мын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 36 008 801.00/гучин зургаан сая найман мянга найман зуун нэг/ төгрөгийг төлбөрийн баталгаа гаргасан “Э” ХХК болон Э.М нараас гаргуулж, “М” ХХК-д олгож хохиролгүй болгож өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч “М” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Талуудын хооронд байгуулж байсан 2017 оны 5-р сарын 11-ний өдрийн баталгаа нь хүчин төгөлдөр юм. Энэ баталгаагаар талууд 2015 оны 08 сарын 01-ний өдөр эд хөрөнгө худалдах худалдан гэрээг дүр үзүүлсэн хэлцэл гэж өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч талын ярьж байгаа ИХ-ийн 56.1.2-т заасан хэлцэл нь өөрөө заавал шүүхээр тогтоолгох ч юм уу, хэн нэгэн эрхтэй этгээдийн тогтоодог хэлцэл биш үр дагавар нь бол анхнаасаа байгуулсан цагаасаа ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй учраас талууд үүнийг илэрхийлэн баталгаа гарган тодорхойлсон байдаг. Түүнээс биш ямар нэгэн эрхгүй этгээдээр хүлээн зөвшөөрүүлснээр тэр хэлцэл хүчин төгөлдөр бус гэж илэрхийлэхгүй. Хариуцагч талаас баталгаанд зааснаар Э.Мтай холбоотой шүүхэд гомдол гаргахгүй, санхүүгийн үүрэг хүлээхгүй гэж байна. Гэтэл юу? гэж заасан бэ гэхээр 65,000,000 төгрөгийг хүлээн аваагүй, зөвхөн энэ гэрээний дагуу бүрдүүлбэртэй холбоотой ямар нэгэн байдлыг М хариуцна гэсэн байдаг. Э.М, “М” ХХК-ийн нарын хооронд байгуулагдсан 20,000,000 төгрөгийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах зорилготой, ямар нэгэн байдлаар ноцтой төөрөгдүүлсэн хэлцэл биш юм. Тийм учраас “М” ХК-иас нэхэмжилж байгаа 100,000,000 төгрөг бол бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй. Дээр нь баталгааг ямар үндэслэлээр хүчингүй болгуулах гэж байгаа нь тодорхойгүй. Гэтэл “М” ХХК-ийн зүгээс баталгаанд заасан нөхцөлийг зөрчсөн гэж ярьдаг боловч тийм зүйл байгүй. Орон сууцыг буцаан шилжүүлэхтэй холбоотой бүхий л татвар хураамжийг төлнө гэсэн “М ХХК” төлсөн байгаа баримтаар бүгд байгаа. Мөн 65,000,000 төгрөгийн дүр үзүүлсэн хэлцлээр ямар нэгэн байдлаар шүүхэд хандахгүй гэснээр шүүхэд хандсан зүйл байхгүй. Энэ баталгаа нь ИХ-ийн ямар заалтаар хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа юм уу эсхүл хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзэж байгаа юм уу тодорхойгүй учраас талуудын хооронд хийсэн тохиролцоо нь хүчин төгөлдөр юм. Хариуцагчийн гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Э.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М ХХК нь Э.М, Э ХХК нарт холбогдуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн 36.008.801 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа тул дараах үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариу тайлбарыг гаргаж байна.

Э.М нь М ХХК-тай 2015 оны 8 сарын 1 өдөр Ү-2204065882 дугаарын бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 хороо, 12 хороолол, 30 байр, 244 тоот хаягаар байрлах орон сууцыг 65.0 сая төгрөгөөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хуульд заасан журмын дагуу татвар төлөгдөж, гэрээ нотариатаар баталгаажуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Уг орон сууц нь иргэн Г.Энхтайван ба М ХХК нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу М компанийн өмчлөлд шилжиж ирсэн. Иргэн Г.Энхтайван нь дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10-р сарын 09-ний өдрийн 6740 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12-р сарын 28-ны өдрийн 32 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны 2016 оны 3-р сарын 15-ны өдрийн иргэний хэргийн шүүх хуралдааны 001/XT2016/00250 тоот тогтоолоор иргэн Г.Энхтайван ба М ХХК нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон.

М ХХК нь ажиллаж байсан компанид гэрээний дагуу ажлын хөлсийг төлөхгүй зайлсхийж байсан тул компанийн удирдлагын зүгээс уг байрыг Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д 2016 оны 2 сарын өдөр зээлийн гэрээ байгуулж, сарын 3.5 хувийн хүүтэй 26.5 сая төгрөгийн зээл авсан. Уг зээлийн зориулалтыг Э ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан ба зээлийн эргэн төлөлтийг бүрэн хариуцахаар тохиролцсон.

Үүний дагуу М ХХК нь иргэн Э.Маас байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцлаж орон сууцны өмчлөлийг шилжүүлэхийг хүссэн.

М ХХК нь гэрээний дагуу ажлын хөлсийг Э ХХК-д төлөхгүй удааж байсан тул нь Э ХХК нь иргэн Э.Мын өмчлөлийн байрыг Жи Эс Би Капитал ББСБ-д барьцаалж санхүүжилт авсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийг бүрэн хариуцахаар тохиролцсон.

М ХХК нь гүйцэтгүүлсэн ажлын хөлсийг төлөхгүй байсан тул Э ХХК нь зээлийн төлбөрийг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөх боломжгүй байснаас болж зээлийн төлбөр хуримтлагдаж зээлийн үндсэн хүү дээр нэмэгдүүлсэн хүү тооцогдсон.

Иргэн Э.М зээлийн гэрээний дагуу Жи Эс Би Капитал ББСБ-д зээлийн үндсэн төлбөр, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 36 008 801 төгрөгийн төлбөртэй болсон.

М ХХК нь иргэн Э.Мтай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалж, Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д Э ХХК-ийн хариуцах 36 008 801 төгрөгийн төлбөрийг төлсөн.

М ХХК нь 2017 оны 5-р сарын 11-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалж иргэн Э.Мад Баталгаа гаргасан ба уг баримтаар “М ХХК нь ... Э.Мад холбогдуулж ... иргэний шүүхийн журмаар нэхэмжлэл гаргахгүй баталгаа гаргаж байна. М ХХК-ийн хүсэлтээр байгуулсан дүр үзүүлсэн гэрээгээр Э.Мад шилжсэн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхтэй холбоотой гарах бүх зардлыг М ХХК бүрэн хариуцах бөгөөд иргэн Э.Мад ямар нэгэн санхүүгийн үүрэг хүлээлгэхгүй болно. Иргэн Э.М нь М ХХК-д 2015 оны 8-р сарын 1-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдах авах гэрээ”-тэй холбоотой ямар нэгэн төлбөр тооцоо хийхгүй бөгөөд өр төлбөргүй болно” гэсэн баталгаа гаргасан.

Иргэн Э.М нь уг зээлийг аваагүй ба зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Э ХХК нь бүрэн хариуцахаар тохиролцсон Э ХХК нь харилцагч М ХХК нь гэрээнд заасан гүйцэтгүүлсэн ажлын төлбөрийг төлөөгүйгээс болж зээл авах, төлбөрийн дарамтанд орсон.

М ХХК нь дээрх гэрээтэй холбоотой ямар нэгэн төлбөр нэхэмжлэхгүй талаар баталгаа гаргаж орон сууц худадах, худалдан авах гэрээг цуцласан тул М ХХК-ийн Э.Мад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоноуу.” гэв.

 

Хариуцагч “Э” ХХК-ийн төлөөлөгч В.Мандах шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь Э.М, “Э” ХХК нарт холбогдуулж 36.008.801 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

“Э” ХХК нь нэхэмжлэлтэй холбоотойгоор дараах хариу тайлбар гаргаж байна. Үүнд:

“Э” ХХК нь Монгол Даатгал ХХК-тай 2014 оны 5 сарын 20 өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба гэрээг дуусгавар болоход 2015 оны 5 сарын 20 өдөр Ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 7 сарын 29 өдөр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж жил бүр сунгаж ажиллаж ирсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 1-рт үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 36,008,801 төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Э.Мын хувьд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 08 сарын 01-ний өдөр Ү-2204065882 тоот улсын бүртгэлийн дугаартай, БЗД, 1-р хороо, 12 хороолол, 30-р байр, 244 тоот хаягт байрлах байрыг орон сууцыг 65,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Үл хөдлөх хөрөнгийн татварын тухай хуулийн дагуу 2 хувийн татвар төлөгдсөн. Иргэний Эрх Зүйн харилцаа үүссэн байгаа. Өмчлөгчийн хувьд Э.М нь өөрийн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй бөгөөд үүний дагуу “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК-д 2016 оны 02 сарын 17-ны өдөр зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулсан байдаг бөгөөд эдгээр гэрээнүүд нь бүгд хүчин төгөлдөр. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 08 сарын 01-ний өдөр байгуулагдсан орон сууц буцаан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Эдгээр гэрээнүүд бүгд хүчин төгөлдөр юм. М ХХК нь н.Энхтайван гэж хүнээс худалдах худалдан авах гэрээ байгуулан өөрийн өмчлөлд шилжүүлж авсан байдаг. н.Энхтайван нь М ХХК-ийг шүүхэд өгч өмчлөх эрхийг өөрт шилжүүлэн авсан байдаг. М ХХК нь Э.Мад тус байрыг худалдсан болохоор бага зардлаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд буцаагаад худалдан авахыг хүссэн байдаг. Хэрэгт авагдсан баримтад баталгаа байдаг. Тус баталгаанд Э.М нь 2015 оны 08 сарын 01-ний өдөр байгуулсан гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл байсан. Нөгөө талаас М ХХК нь Э.Мад ямар нэгэн байдлаар шүүх цагдаагаар явахгүй гэсэн баталгаа гаргасан байдаг. Тухайн үед н.Бат-Идэр захирал нь компанийн тухай хууль болон дүрэм хөдөлмөрийн гэрээг зөрчин орон сууцыг худалдсан байдаг. Үүний дагуу нотлох баримт гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх хангасангүй. М ХХК нь 2018 онд Хувьцаат компани болсон бөгөөд санхүүгийн зохицуулах хорооны хяналтад байдаг бөгөөд эдгээр доголдолууд илрэхээр компанийн тухай хуулиар 65,000,000 төгрөгийн торгууль төлж таарах байсан. Тэгэхээр Э.Мтай байгуулсан гэрээгээр 20,000,000 төгрөгийн торгууль төлөхийг хүссэн байдаг. Э.М нь М ХХК-ийн хуулийн ажилтанд н.Удвалд итгэмжлэл олгож гэрээ байгуулах эрх олгосон байдаг. Э.М анх гэрээ байгуулахдаа итгэмжлэл өгөх эрхээ хууль ёсны дагуу олж авсан байдаг бөгөөд талуудаас энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Энэ гэрээ хүчин төгөлдөр байгаа учраас түүний дараа дараагийн гэрээ мөн хүчин төгөлдөр гэж үзэж байна. Тэгэхээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Э ХХК-ийн хувьд М ХХК-д 2014 оноос хойш ажил гүйцэтгэх гэрээ гүйцэтгэсээр ирсэн. Энэ компани одоогийн байдлаар манайд 107,000,000 төгрөгийн өртэй явж байгаа. Энэ гэрээ нь СБД-ийн ИХАШШ-д иргэний хэрэг үүссэн байгаа бөгөөд үүнийг шүүхэд гаргаж өгсөн. Компанийн зүгээс нэхэмжлэгч орон сууц буцаан худалдах худалдан авах гэрээг хүчингүй гэж үзэж байгаа учраас бид сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Э ХХК-ийн хувьд ямар нэгэн батлан даалт баталгаа хэн нэгэнд гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Э.Мын өмгөөлөгч П.Болортуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын хувьд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж Иргэний хуулийн 492-т зааснаар нэхэмжилсэн байгаа. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг хуулийн заалт нь хамгийн түрүүнд Э.М, Э ХХК-ийн аль нэгт нь мөнгийг шилжүүлсэн байх ёстой. Гэтэл энэ нэхэмжлээд байгаа мөнгийг хэн нь ч аваагүй учраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн суудал огт байхгүй. Дээр нь Э.Мын хувьд тус мөнгийг олж авсан буюу эзэмшсэн гэдэг дээр баримт байхгүй юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох батлах үүрэгтэй. 2-рт шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ. Мөн энэ гэрээний үндсэн дээр Э.Мад шилжүүлсэн мөнгө үү гэхээр бас биш байна. Маш олон төрлийн гэрээ. Маас Э.Мад шилжүүлсэн гэрээ нь дүр үзүүлсэн гэрээ юм. Дүр үзүүлсэн гэрээ хэлцэл өөрөө ямар ч үр дагаваргүй бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагаас харагддаг. Энэ шаардлагаас бултах зайлсхийх зорилгоор Э.Мад шилжүүлсэн байдаг. Энэ үр дагаврыг М өөрөө хүссэн. Үүнийг нь Э.М ч хүлээн аваад гэрээг байгуулсан байгаа. Энэ хүсэлт зоригийг хэн аль нь мэдэж байсан. Худалдах худалдан авах гэрээ нь өөрөө Иргэний хуулийн 195.1.6, 196.1.1-т зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно гэсэн байна. Иргэний хуулийн 119.1, 40-д үүнийг дүр үзүүлсэн хэлцэл гэж тайлбарлаад нэхэмжлэлийн шаардлага гарахгүй байх шаардлагагүй гэж үзэж байх шиг байна. Гэтэл яг ийм нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй. Хэлцэл өөрөө хүчин төгөлдөр юм. Яагаад Э.Маас төлүүлэхээр буцаан шаардсан бэ гэхээр нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрөө тайлбарлалаа. Шүүх дээр маргаан байсан, бид энэ маргаанаар н.Энхтайванд буцаан өг гэсэн учраас Э.Мад хүсэлт гаргаснаар буцаагаад худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Үнэхээр дүр үзүүлсэн хэлцэл байсан юм бол буцаан шаардах эрхтэй юм. Дүр үзүүлсэн хэлцэл байсан юм бол мөнгө төлж, эргээд 20,000,000 төгрөгийн худалдах худалдан авах гэрээ байгуулъя гэж санал тавьж яагаад итгэмжлэл өгсөн юм бэ?, энэ нь дүр үзүүлсэн хэлцэл биш учраас үр дагаврыг буцааж хүсэж байгаагийн хэлбэр юм. Орон сууц худалдан авах гэрээгээр Эй Эм Партнёрс ХХК өөрөө хүсэлт гаргаж шилжүүлсэн гэж тайлбарладаг. Хүсэлт гаргасан нотлох баримт нь байдаг боловч мөнгө шилжүүлсэн нотлох баримт нь байдаггүй. 2-рт энэ гэрээг бас хүчин төгөлдөр бус хэлцэл гэж байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй бол гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн зохицуулалт байхгүй. Хүчин төгөлдөр бус гэх ямар ч үндэслэл байхгүй байна. Мөн 2 хариуцагчийн хувьд хэдэн ч хариуцагч татаж болно. Нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой бус гэж үзэж байна. 36,000,000 төгрөгийг хэнд өгөөд хэнийг нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа юм. ИХШХШТХ-ийн 62.1-т заасан бүрдүүлбэр хангаагүй гэж үзэж байна. ИХШХШТХ-ийн 27.1, 117.1-т зааснаар шаардлага хангахгүй байх ба нотлох баримт ч мөн хангалттай бус байна. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Э.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Э.М нь М ХК-тай 2015 оны 8-р сарын 1-ний өдөр Ү-2204065882 дугаарын бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 хороо, 12 хороолол, 30 байр, 244 тоот хаягаар байрлах орон сууцыг 65.0 сая төгрөгөөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хуульд заасан журмын дагуу гатвар төлөгдөж, гэрээ нотариатаар баталгажуулж улсын бүртгэлд бүртгүүлж хууль ёсны өмчлөгч болсон.

2016 оны 2 сарын 17 өдөр иргэн Э.М нь Жи Эс Би Капитал ББСБ ХХК-тай сарын 3.5 хувийн хүүтэй 26.5 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан.

2016 оны 5 сарын 3 өдөр М ХК нь иргэн Э.Мтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцлах гэж үзсэн бөгөөд дараа нь дээрх орон сууцыг буцаан худалдах авах хүсэл зориг илэрхийлсэн.

Иргэн Э.М нь орон сууцыг худалдан авах хүсэл зоригийг нь хүлээн авсан бөгөөд талууд тохиролцсоны үндсэн дээр М ХК нь иргэн Э.Мын зээлийн гэрээний дагуу Жи Эс Би Капитал ББСБ-д зээлийн үндсэн төлбөр, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 36.008.801 төгрөгийн төлбөрийг төлж бэлнээр 20.0 сая төгрөг өгсөн тухай санхүүгийн баримт үйлдсэн бөгөөд дээрхи төлбөрийг М ХК нь өгөөгүй болно.

Иргэн Э.М нь М ХК-ийн хуулийн мэргэжилтэн Э.Удвалд итгэмжлэл хийж орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулах болон холбогдох үйлдэл хийх эрхийг олгосон. Уг итгэмжлэлд байрны үнийг 20.0 сая төгрөг гэж зааж орон сууц худалдах, худалдан авах гэрээний агуулгын талаар ноцтой төөрөгдөж тусгасан байна. Учир нь М ХК-ийн Жи Эс Би Капитал ББСБ-д төлсөн 36.008.801 төгрөгийг байрны үнэдшингэсэн гэж ойлголттой байсан.

Өөрөөр хэлбэл, иргэн Э.М нь М ХК-д өөрийн өмчлөлийн байрыг 65.0 сая төгрөгөөр худалдах хүсэл зорилготой байсан бөгөөд 65.0 сая төгрөгөөр худалдаж байгаа гэсэн ойлголттой байсан. Ямар ч эрүүл, саруул ухаантай хүн 65.0 сая төгрөгөөр худалдан авсан байрыг 20 сая төгрөгөөр худалдаж өөртөө илт хохиролтой гэрээ байгуулахгүй.

Үүнээс үзэхэд М ХК ба түүний хуулийн мэргэжилтэн Э.Удвал нар үгсэн хуйвалдаж иргэн Э.Мыг ноцтой төөрөгдөлд оруулж хүчин төгөлдөр бус гэрээ байгуулах замаар Э.Мын өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар авсан байна.

Иймд иргэн Э.М нь М ХК-тай байгуулагдах худалдах, худалдан авах гэрээний агуулгын талаар ноцтой төөрөгдсөн байсан тул ИХ-ийн 58 зүйлийн 58.2.2-т заасны дагуу иргэн Э.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвалын М ХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож Ү-2204065882 дугаарын бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 хороо, 12 хороолол, 30 байр, 244 тоот хаягаар байрлах орон сууцыг иргэн Э.Мын өмчлөлд шилжүүлж, хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Иргэн Э.М нь М ХК-тай байгуулагдах худалдах, худалдан авах гэрээний агуулгын талаар ноцтой төөрөгдсөн байсан тул ИХ-ийн 58 зүйлийн 58.2.2-т заасны дагуу иргэн Э.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвалын М ХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож Ү-2204065882 дугаарын бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 хороо, 12 хороолол, 30 байр, 244 тоот хаягаар байрлах орон сууцыг иргэн Э.Мын өмчлөлд шилжүүлж, хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан.

Иргэн Э.М нь дээрх орон сууцны худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед М ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлан, тус компанийн хуулийн ажилтан Э.Удвал нарын хүсэлтээр талууд 2017 оны 5 сарын 11 өдөр баталгааны хэлцэл үйлдсэн.

Уг баталгаанд талууд бодит нөхцөл байдлыг үгүйсгэсэн, бие биендээ гомдол гаргахгүй зэрэг Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн зүйл заалт орсон бөгөөд энэ нь дээрх баталгаа нь Иргэний хуулийн 56 зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг нотолж байна.

Мөн иргэн Э.М нь М ХК-ийн хуулийн ажилтан Э.Удвалд итгэмжлэл олгож худалдах, худалдан авах гэрээ байгуулах гэрээ байгуулах зэрэг эрх олгосон байдаг. Гэтэл худалдах, худалдан авах гэрээний нөхцлийг бүрэн хүлээн зөвшөөрөх эрх олгоогүй бөгөөд Э.Удвал нь худалдах, худалдан авах гэрээний төслийг иргэн Э.Мад танилцуулж батлуулах ёстой байсан. Үүнээс үзэхэд Э.Удвал нь М ХК нар нэгдмэл сонирхолтой этгээд байх бөгөөд Э.Удвал нь итгэмжлэл олгосон Э.Мын ашиг сонирхолын эсрэг үйлдэл хийсэн байна.

Иргэн Э.Мад 65.0 сая төгрөгөөр худалдан авсан өөрийн өмчлөлийн орон сууцыг 65,0 сая төгрөгөөр худалдах хүсэл зорилго байгаагүй бөгөөд орон сууц худалдан борлуулсан үнийн дүнгийн тодорхой хэсгийг Жи Эс Би Капитал ББСБ ХХК-тай байгуулсан байсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний төлбөрт төлүүлж үлдэгдэл төлбөрөөр нь худалах, худалдан авах гэрээ байгуулж байгаа гэсэн итгэл үнэмшилтэй байсан.

М ХК нь иргэн Э.Мын зээлийн төлбөрт шилжүүлсэн төлбөрийг шүүхийн журмаар буцаан нэхэмжилж байгаагаас үзэхэд М ХК нь итгэл үнэмшлийг эвдэж, ноцтой төөрөгдөлд оруулж Э.Мын өмчлөлийн орон сууцыг зах зээлийн үнээс асар хямд үнээр худалдан авахаар санаархаж худалдах, худалдан авах гэрээнд 20.0 сая төгрөгийн үнийг зааж гэрээ байгуулж орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч асар их хэмжээний ашиг хонжоо олсон.

Иймээс иргэн Э.М нь ноцтой төөрөгдөлд орсоны улмаас М ХК-тай өөртөө илт хохиролтой орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд 2017 оны 5 сарын 11 өдөр иргэн Э.М ба М ХК нарын хооронд байгуулсан баталгааны хэлцлийг хүчин төгөлдөр бус тооцуулж өгнө үү.

Иргэн Э.М нь М ХК-тай байгуулагдах худалдах, худалдан авах гэрээний агуулгын талаар ноцтой төөрөгдсөн байсан тул Иргэний хуулийн 58-р зүйлийн 58.2.2-т заасны дагуу иргэн Э.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвалын М ХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож Ү-2204065882 дугаарын бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 хороо, 12 хороолол, 30 байр, 244 тоот хаягаар байрлах орон сууцыг иргэн Э.Мын өмчлөлд шилжүүлж, хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, 2017 оны 5-р сарын 11-ний өдөр иргэн Э.М ба М ХК нарын хооронд байгуулсан баталгааны хэлцлийг, өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нараас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн ажиллагааны дагуу улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн нотлох баримтуудтай танилцаад ИХШХШТХуулийн 26-р зүйлийн 26.2-т заасан эрхийн дагуу дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна.

М ХК, улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн нотлох баримтаар маргаан бүхий Ү-2204065882 дугаарын бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 хороо, 12 хороолол, 30 байр, 244 тоот хаягаар байрлах орон сууц нь гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн байгаа нь тогтоогдож байна. Үүнээс үзэхэд хэрэв шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд М ХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй юм.

Иймд иргэн Э.М нь М ХК-тай байгуулагдах худалдах, худалдан авах гэрээний агуулгын талаар ноцтой төөрөгдсөн байсан тул талуудын байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож орон сууцыг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн тул Баянзүрх дүүргийн 12 хороололд байрлах ижил талбай бүхий орон сууцны зах зээлийн үнээр тооцож 100 000 000 төгрөг гаргуулах, 2017 оны 5-р сарын 11-ний өдөр иргэн Э.М ба М ХК нарын хооронд байгуулсан баталгааны хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд Э.М нь н.Удвалд М ХХК-ийн хуулийн үйлчилгээ явуулах батламж олгосон байдаг. Компанийн удирдлагаас гаргасан хүсэлтийн дагуу анх байгуулсан гэрээний үнийн дүнгээр тохирсон. Сүүлд нь эдгээр зөрчлүүд байгаа учраас санхүүгийн хяналтаар зөрчил үүсэж арга хэмжээ авагдана гэж мэдсэн учраас орон сууц худалдан авах гэрээг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ гэрээ нь бусдыг төөрөгдөлд оруулсан гэж үзэж байгаа учраас гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлтэй юм. Уг барилга нь гуравдагч этгээдэд шилжиж цааш гуравдагч этгээдээс шилжүүлсэн учраас М ХХК-иас тухайн байрны зах зээлийн үнийн дүнгээр 100,000,000 төгрөг гаргуулах, мөн М ХХК-ийн хүсэлтээр Э.Мын гаргаж өгсөн баталгааг хүчингүй болгож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “М” ХК нь хариуцагч “Эй Эс Партнерс” ХХК, хариуцагч Э.М нарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 36 008 801/гучин зургаан сая найман мянга найман зуун нэг/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Э.М нь нэхэмжлэгч “М” ХК-д холбогдуулан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, 100 000 000/нэг зуун сая/ төгрөгийг гаргуулах, баталгааны хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Э” ХХК нь ямар нэгэн батлан даалт, баталгаа хэн нэгэнд гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж маргасан.

 

Хариуцагч Э.М нь уг зээлийг аваагүй ба зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг “Э” ХХК нь бүрэн хариуцахаар тохиролцсон гэж маргасан.

 

Нэхэмжлэгч “М” ХК нь талууд 2015 оны 08-р сарын 01-ний өдрийн гэрээг дүр үзүүлсэн хэлцэл гэж өөрсдөө хүлээн зөвшөөрсөн гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч компанийн хэлбэр өөрчлөгдөж 2018 оны 9 дүгээр сард ХК болсон талаар зохигчид маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Мтай 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Улсын бүртгэлийн Ү-2204065882 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 1 хороо, 12 хороолол, Их тойруу гудамж 30 байр, 244 тоот, 54.77/тавин дөрөв зууны далан долоо/ м.кв талбайтай орон сууц/цаашид “Орон сууц” гэх/-ыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”/цаашид “Гэрээ” гэх/-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Тус Гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл болох нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Баталгаа, Голомт банкны 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн орлогын мэдүүлгийн хуулбар, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний болон Улаанбаатар хотын банкны 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн орлогын мэдүүлгүүдийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч, хариуцагч Э.М нарын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр үйлдсэн баталгаанд 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Гэрээг дүр үзүүлж байгуулсан болохыг хүлээн зөвшөөрч, Орон сууцыг шилжүүлэн авахад төлөх шаарадлагатай Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний хураамжийг худалдсан гэх нэхэмжлэгч нь төлсөн болох нь Голомт банкны 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн орлогын мэдүүлгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Э.М нь Орон сууцны төлбөрийг нэхэмжлэгчид бэлнээр төлсөн гэж маргаж байх боловч нэхэмжлэгч нь уг мөнгийг бэлнээр хүлээн аваагүй гэх тайлбар гаргаж байх ба хариуцагч Э.М Орон сууцны төлбөрийг бодитоор төлсөн болох нь банкны мөнгөн шилжүүлгийн зэрэг баримтаар нотлогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2 дахь заалтад зааснаар 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх ... үүрэгтэй.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Орон сууцыг буцаан шилжүүлэн авах зорилгоор хариуцагч Э.Мтай 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г үйлдсэн болох нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний болон үйлчилгээний хураамж, татвар төлсөн Улаанбаатар хотын банкны 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн орлогын мэдүүлгүүдийн хуулбараар тогтоогдож байна.

Хариуцагч Э.М нь “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 26 500 000/хорин зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, Орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан болох нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн № ЗГ0300160048 Зээлийн гэрээний болон № ЗБ0300160048 дугаар Барьцааны гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

          Хариуцагч Э.М нь зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй байх ба нэхэмжлэгч нь Орон сууцыг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлэн авах зорилгоор 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн төлбөрт “Жи Эс Би Капитал ББСБ” ХХК-д 36 008 801/гучин зургаан сая найман мянга найман зуун нэг/ төгрөгийг төлж Орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлсэн болох нь Хаан банкин дахь 5070080238 дугаар дансны хуулга, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Мемориалын ордероор нотлогдож байна.

 

          Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Мын өмнөөс зээлийн төлбөр төлөх үүргийг гүйцэтгэсэн байна.

 

          Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “Бусдын өмнө ... хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:”, 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ...” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Мын өмнөөс зээлийн төлбөрийг төлөх үүрэггүй байсан байх боловч төлбөрийг төлж, хариуцагч Э.М нь үндэслэлгүй хөрөнгөжсөн байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч Э.Маас 36 008 801/гучин зургаан сая найман мянга найман зуун нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.М нь нэхэмжлэгчид 36 008 801/гучин зургаан сая найман мянга найман зуун нэг/ төгрөгийг төлөх хэлцэл, гэрээ байгуулаагүй байх ба хариуцагч “Эй Эс Партнерс” ХХК нь 36 008 801/гучин зургаан сая найман мянга найман зуун нэг/ төгрөгийг төлөх батлан даалтын гэрээ байгуулаагүй байх тул хариуцагч “Эй Эс Партнерс” ХХК-иас 36 008 801/гучин зургаан сая найман мянга найман зуун нэг/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Э.М нь нэхэмжлэгч “М” ХК-д холбогдуулан ноцтой төөрөгдсөн буюу хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэх үндэслэлээр “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, 100 000 000/нэг зуун сая/ төгрөгийг гаргуулах, баталгааны хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т “Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.”, 58.2-т “Дараахь тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзнэ:”, 58.2.2.-т “хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч Э.М нарын 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах Гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул хариуцагч нь нэхэмжлэгчид Орон сууцыг буцааж өгөх үүрэг хүлээсэн байна.

 

          Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч Э.М нар нь Орон сууцыг буцаан шилжүүлэх зорилгоор 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г үйлдсэн болох нь Хаан банкин дахь 5070080238 дугаар дансны хуулга, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Мемориалын ордер, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний болон Улаанбаатар хотын банкны 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн орлогын мэдүүлгүүдийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч, хариуцагч Э.М нар нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Орон сууцыг буцаан шилжүүлэх талаар баталгаа буюу хэлцэл хийсэн болох нь Баталгаагаар тогтоогдож байна.

 

2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Баталгаанд хариуцагч нь Гэрээг дүр үзүүлж байгуулсан болохыг хүлээн зөвшөөрсөн болох нь Баталгаагаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч, хариуцагч Э.М нар 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Баталгааг хүсэл зоригоо илэрхийлж үйлдсэн болох нь Хаан банкин дахь 5070080238 дугаар дансны хуулга, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Мемориалын ордер, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний болон Улаанбаатар хотын банкны 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн орлогын мэдүүлгүүдийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Э.М нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Баталгаа болон 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г ноцтой төөрөгдөж буюу хэлцлийнхээ агуулгыг эндүүрч хийсэн гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байх ба уг тайлбар нь үндэслэлгүй байна.

 

2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Баталгаа болон 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчээс 100 000 000/нэг зуун сая/ төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Э.Маас 36 008 801/гучин зургаан сая найман мянга найман зуун нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХК-д олгож, үлдсэн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Орон сууц худалдах худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, орон сууцны зах зээлийн үнэ 100 000 000/нэг зуун сая/ төгрөгийг гаргуулах, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр иргэн Э.М ба “М” ХХК нарын хооронд байгуулагдсан баталгааны хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох хариуцагч Э.Мын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Э.Маас 36 008 801/гучин зургаан сая найман мянга найман зуун нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХК-д олгож, үлдсэн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Орон сууц худалдах худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, орон сууцны зах зээлийн үнэ 100 000 000/нэг зуун сая/ төгрөгийг гаргуулах, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр иргэн Э.М ба “М” ХХК нарын хооронд байгуулагдсан баталгааны хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох хариуцагч Э.Мын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “М” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Маас улсын тэмдэгтийн хураамжид 338 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХК-д олгож, хариуцагч Э.Маас улсын тэмдэгтийн хураамжид нийт 328 150 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ