Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2023/0430/З |
Дугаар | 221/МА2023/0707 |
Огноо | 2023-11-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2023/0707
“Н” ХХК-ийн
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 748 дугаар шийдвэрийг гомдол гаргагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч “Н” ХХК
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
Шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.
Хэргийн индекс: 128/2023/0430/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 748 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Н” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0002361 тоот шийтгэлийн хуудасны хууль бусаар олсон орлогын 4,045,454.54 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
2. “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хдээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “
Шүүх гомдлын шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэг нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0002361 тоот шийтгэлийн хуудасны 4,581,818.18 төгрөгт холбогдох хэсэг буюу тендерийн материалын орлого гэсэнд хамаарах орлого юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэлээ “тендер шалгаруулалтыг сонирхсон этгээдүүдэд тендерийн баримт бичиг, материалыг худалдсаны орлого нь нисэх буудлын үйл ажиллагаа албан ёсоор эхлэх буюу нислэг үйлдэж эхлэхтэй холбоогүй тул тендерийн баримт бичиг, материалыг худалдах үнэ төлбөрийг тогтоохдоо Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраар хянуулаагүй гэж хариуцагч үзэж шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй” гэжээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (цаашид Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэх)-аас 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор манай компанийг Олон Улсын нисэх буудлын үйлчилгээний зах зээлд Монгол Улсын хэмжээнд зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоолоор дээрх тогтоолд өөрчлөлт оруулж манай компанийг Олон Улсын нисэх буудлын үйлчилгээний зах зээлд зохицуулалтгүй үйлчилгээний төлбөр, хураамжийн төрөлд Монгол Улсын хэмжээнд зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон. Үүнээс хойш зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хамаарах 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дараах зохицуулалтгүй үйлчилгээний төлбөр, хураамжийг баталсан. Үүнд:
-2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Зураг авалт хийх журам, хураамж батлах тухай” А/13 дугаар тушаал;
-2020 оны 09 дүгээр 15-ны өдрийн “Үйлчилгээ эрхлэгчдийн талбайн түрээсийн төлбөр”;
-2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Нэвтрэх үнэмлэхийн төлбөр”;
-2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Засвар үйлчилгээний хураамж батлах тухай” А/19 дүгээр тушаал
-2021-10-26-ны өдрийн “Мэдээллийн технологитой холбоотой үйлчилгээний төлбөр”;
-2021-04-06-ны өдрийн “Чингис хаан олон улсын нисэх буудлын бүсүүдэд нэвтрэх үнэмлэх олгох журам”.
Тендерийн баримт бичиг, материалыг худалдах үнийг дээрх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хамаарах хугацаанд батлаагүй тул үнийг хянуулахгүйгээр тендерийн баримт бичиг худалдаж орлого олсон гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн 4,581,818.18 бол батлагдсан тарифаар түрээсийн үйл ажиллагаанаас олсон орлого биш, 2021 оны 07 дугаар сарын 04-ны өдөр нисэх буудал албан ёсоор нээлтээ хийхэд бүх байгууллагуудын үйл ажиллагаа, засвар, тохижилтыг бэлэн байлгахад бэлтгэж түрээслэгчийг урьдчилан сонгон шалгаруулсан шалгаруулалтын материал борлуулсан орлого юм. Иймд зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн хувьд Олон Улсын нисэх буудлын үйлчилгээний зах зээлд зохицуулалтгүй үйлчилгээний төлбөр, хураамжийн төрөлд хамааруулан олсон орлого биш тул үүнд шийтгэлийн хуудсаар торгууль, нөхөн төлбөр оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болно. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолын 2 дахь заалтаар “Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 04 дүгээр тогтоолын хавсралт №1-ийн “Хоёр. Зохицуулалтгүй төлбөр, хураамжийн төрөл” хэсгийн 5 (Гар тээш хадгалах үйлчилгээний төлбөр), 10 (Зар сурталчилгаа байрлуулсны төлбөр), 13 (Нэвтрэх үнэмлэхийн төлбөр), 20 (Цахилгаан, дулаан, ус ашигласны төлбөр), 21 (Концессын зүйлд хамаарах бусад төлбөр) дэх заалтууд нь хураамжийн нэр давхардсан, концессын зүйлд хамаарах аж ахуйн үйл ажиллагааны дотоод үйлчилгээ болон зохицуулалттай салбарын үнэ тарифт хамаарч байх тул зохицуулалтгүй төлбөр хураамжийн төрлөөс хассугай" гэж шийдвэрлэсэн. Үүнээс үзвэл Концессын зүйлд хамаарах бусад төлбөр буюу маргаанд хамаарч буй тендерийн баримт бичиг худалдах үнэ нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үнийг хянаж, зөвшөөрөл авах үнэд хамаарахгүй болсон байна. Гомдол гаргагч компаниас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн анхны үнийг хянахгүй, харин үнийн өөрчлөлтийг хянаж зөвшөөрөл олгох ёстой гэсэн үндэслэлээр маргаж байсан. Харин Улсын дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 55 дугаар тогтоолоор “... Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5-д заасныг үг зүйн утгаар тайлбарлахаас илүүтэйгээр хуулийн зорилго, агуулгатай нийцүүлж “... үнийн өөрчлөлт” гэдэгт “зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтоосон болон өөрчилсөн аль ч үйл ажиллагаа хамраана” гэж үзэхээр байна” гэж шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэсэн тул “Нью Улаанбаатар Интернэйшил Эйрпорт” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт үнийг хянуулахаар хүсэлт, холбогдох баримтуудыг гаргасан бөгөөд үүний дагуу үнийг хянан зөвшөөрөл олгохдоо Концессын зүйлд хамаарах бусад төлбөрийг хассан болно. Гомдол гаргагч компани нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нэгэнт үнээ хянуулахаар хүсэлтийг гаргасан байтал Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5-д зааснаар үнийг хянуулаагүй зөрчил гаргасан гэж үзэж буй нь үндэслэлгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүхээс гомдлын шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэхдээ “... нислэг үйлдэж эхлээгүй байсан 2020 онд бизнес лоунжийн орлого олно гэсэн ойлголт байхгүй...” гэж шийдвэрлэсэн атлаа тендерийн орлого нь ч нислэг үйлдэхтэй хамааралгүй орлого байтал энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь “Н” ХХК нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан концессын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу буюу концессын гэрээний 8.1 дэх хэсэгт “Гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн, Концесс эзэмшигч нь энэхүү гэрээний 16.1 дэх хэсэг (Нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл үе шатан дах Концесс эзэмшигчийн үүрэг)-т заасан үүргийг, Эрх бүхий этгээд нь энэхүү гэрээний 16.2 дах хэсэг (Нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл үе шатан дах Эрх бүхий этгээдийн үүрэг)-т заасан тус тусын үүргийг болон Шилжилтийн төлөвлөгөөнд заасан нөхцөл, хөтөлбөрийн гүйцэтгэн хэрэгжүүлнэ.” гэж заасан гэрээний үүргийг биелүүлж ажилласан. Концессын гэрээний 16.1 дэх хэсэгт “Нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл үе шатан дах Концесс эзэмшигчийн үүрэг”-ийг зааж өгсөн бөгөөд 16.1.6 дах хэсэгт “Зорчигч терминалын барилгад ажиллах жижиглэн худалдаа, хоол хүнс, уух зүйлс борлуулах эрх бүхий түрээслэгчдийг сонгох” гэж заасны дагуу нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл үе шатанд концесс эзэмшигчид хүлээлгэсэн үүргийнхээ хүрээнд концессийн зүйлд хамаарах аж ахуйн дотоод үйл ажиллагааг зохион байгуулж түрээслэгчдийг сонгон шалгаруулах зорилгоор тендерийн материал худалдан борлуулсан билээ. Энэ ч утгаараа “Н” ХХК нь 2020 оны цаг хугацаанд концессын гэрээнд заасны дагуу нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл үе шатны урьдчилсан нөхцөлүүдийг хангахаар ажиллаж байсныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай” 04 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт “Олон улсын нисэх буудлын үйлчилгээний зах зээлд Монгол Улсын хэмжээнд ...” гэж тогтоосны дагуу үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 748 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье” гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “
3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0748 дугаар шийдвэрээр “Н” ХХК-аас гаргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 0002361 тоот дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлдээ “Н” ХХК-ийн “тусгай танхим буюу бизнес лоунжийн орлого нь нислэг үйлдэж эхлэхтэй шууд холбоотой энгийнээр тайлбарлавал тусгай танхимаар үйчлүүлэх эрхтэй зорчих тасалбар /бизнесс класс/ худалдан авсан зорчигчид бизнес лоунжаар үйлчилснээс олсон орлого хамаарахаар байх ба нисэх буудлын үйл ажиллагаа албан ёсоор эхлээгүй буюу нислэг үйлдэж эхлээгүй байсан ба 2020 онд бизнес лоунжийн орлого олно гэсэн ойлголт байхгүй юм. Үүнээс үзэхэд, 2020 онд лоунжийн хураамж, бараа борлуулсны орлого олсон хэсэгт бичигдсэн уулзалтын хураамж нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тогтоосон зохицуулалтгүй төлбөр хураамжийн төрлүүдийн тусгай танхимын төлбөрт хамаарахгүй байх тул уулзалтын хураамжийн тогтоохдоо Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраар хянуулаагүй гэж үзэж гомдол гаргагчид шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж, тогтоох хэсэгт “гомдол гаргагч үндэслэлдээ “Н” ХХК-ийн гомдлын зарим хэсгийг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Зөрчилд шийлтгэл оногдуулах тухай №0002361 тоот шийтгэлийн хуудасны хууль бусаар орсон орлогын 4,054,454.54 /дөрвөн сая дөчин мянга дөрвөн зуун тавин дөрөв/ төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож...” гэж шийдвэрлэснийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 55 дугаар тогтоолоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаврыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 0002244 дүгээр шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Тус газраас уг тогтоолын биелэлтийг хангах, “Н” ХХК-ийн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчилд холбогдох хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг тогтоох зорилгоор “Н” ХХК-д 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/2059 дугаар албан бичгээр 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш тогтоосон зохицуулалтгүй үйлчилгээнд хамаарах үйлчилгээний үнэ тарифыг тогтоосон тушаал шийдвэр; дээрх тушаал шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулснаас олсон борлуулалтын орлогын мэдээллийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх байдлаар; 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш тогтоосон зохицуулалтгүй үйлчилгээнд хамаарах үйлчилгээний үнэ тарифыг тогтоосон тушаал шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулснаас олсон орлого болон хөрөнгийн талаарх мэдээллийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх байдлаар ирүүлэхийг мэдэгдсэн. “Н” ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн РС-АР/1464, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн РС-АР/122 дугаартай албан бичгээр тус тус холбогдох мэдээллүүдийг ирүүлсэн бөгөөд зохицуулалтгүй 21 үйлчилгээнээс дараах 7 үйлчилгээний үнэ тарифыг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш баталсан болох нь тогтоогдсон. Үүнд:
1. Гар тээш хадгалах үйлчилгээний төлбөр;
2. Концессын зүйл хамаарах аливаа бусад төлбөр, хураамж;
3. Оффисын түрээсийн төлбөр;
4. Концессын зүйлд хамаарах бусад төлбөр хураамж;
а. Тендерийн материалын орлого
b. ПОС төхөөрөмжийн түрээсийн орлого хамт
c. Зураг авалтын орлого
d. Засвар үйлчилгээний ажил
5. Тусгай танхимын түрээсийн төлбөр;
а. Лоунжийн бараа борлуулсны орлого
6. Автомашины зогсоолын төлбөр;
7. Хязгаарлалт бүхий талбайд нэвтрэх үнэмлэхний төлбөр.
Үүнээс “Н” ХХК нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд лоунжийн хураамжийн орлого 4,045,454 төгрөг, тендерийн материалын орлого 4,581,818 төгрөг, нийт 8,627,272.72 төгрөгийн борлуулалтын орлого олсон болох нь тус компаниас гарган өгсөн зохицуулалтгүй төлбөр хураамжийн орлогын мэдээллээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл “Н” ХХК нь “Зохицуулалтгүй төлбөр, хураамжийн орлого”-д дээрх лоунжийн хураамжийн орлого болон тендерийн материалын орлогыг хамааруулан бүртгэсэн, бусад этгээдэд тендерийн баримт бичиг худалдах, хураамж авах замаар орлого олсон болох нь тогтоогдсон.
3.2. Түрээсийн үйл ажиллагаа явуулахаар сонгогдсон аж ахуй эрхлэгчидтэй 50,000 төгрөгийн хураамжтай уулзалт зохион байгуулж олсон орлого болох 4,054,454.54 дервен сая дөчин мянга дөрвөн зуун тавин дөрөв/ төгрөг нь “Н” ХХК-иас гарган өгсөн зохицуулалтгүй төлбөр хураамжийн орлогын мэдээллээр тогтоогдсон. Нисэх буудлын үйл ажиллагаа албан ёсоор эхлээгүй буюу нислэг үйлдэж эхлээгүй байсан ч тус газар нь өөр өөр бие даасан аж ахуй эрхлэгчдээс уулзалтын хураамж авч тусгай танхимд хүлээн авсан нь тусгай танхимын орлогод шууд хамаарна.
3.3. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд лоунжийн хураамжийн орлого 4,045,454 төгрөг, тендерийн материалын орлого 4,581,818 төгрөг, нийт 8,627,272.72 төгрөгийн борлуулалтын орлого олсон нь тогтоогдож байна.
3.4. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0748 дугаар шийдвэрийг шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэснээс шийдвэрийн зарим хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон өөрчлөлтийг оруулж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг ханган, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
1. “Н” ХХК-аас хүчингүй болгуулахаар маргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 0002361 дүгээр шийтгэлийн хуудсаар тус компанийг Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар лоунжийн орлого болон сонгон шалгаруулалтын материал борлуулсан үнээ хянуулаагүй нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5-д заасан зөрчил гэж үзэж, 258818 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, хууль бусаар олсон 8,627,272 төгрөгийг хураах албадлагын арга хэмжээ авчээ.
2. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5-д “Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүнийхээ тоо, хэмжээ, үнийн өөрчлөлтийг хуульд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.
3. Анхан шатны шүүх “... 2020 онд лоунжийн хураамж, бараа борлуулсны орлого хэсэгт бичигдсэн уулзалтын хураамж нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тогтоосон зохицуулалтгүй төлбөр хураамжийн төрлүүдийн тусгай танхимын төлбөрт хамаарахгүй байх тул уулзалтын хураамжийн хэмжээг тогтоохдоо хариуцагчид хянуулаагүй гэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй ...” гэж дүгнэн, шийтгэлийн хуудасны албадлагын арга хэмжээ авсан хэсгээс холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Харин “... тендер шалгаруулалтыг сонирхсон этгээдүүдэд тендерийн баримт бичиг, материалыг худалдсаны орлого нь нисэх буудлын үйл ажиллагаа албан ёсоор эхлэх буюу нислэг үйлдэж эхлэхтэй холбоотой тул тендерийн баримт бичиг, материалыг худалдах үнэ тогтоохдоо Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраар хянуулаагүй гэж хариуцагч үзэж шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй ...” гэж дүгнэн маргаан бүхий шийтгэлийн хуудасны холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасныг буруу хэрэглэсэн байна.
4. Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд дараахь зохицуулалт хийнэ: “... 6.1.2.бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох” гэжээ.
4.1. Тус компани нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр тогтоолын 1 дэх хэсгээр “Олон улсын нисэх буудлын үйлчилгээний зах зээлд Монгол Улсын хэмжээнд хавсралтад дурдсан үйлчилгээний чиглэлээр зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон тул дээрх хуулийн дагуу бараа, бүтээгдэхүүн борлуулах үнэ[1], түүний өөрчлөлтийг мэдэгдэж, зөвшөөрөл авах үүрэгтэй, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
Харин тус компанийн “лоунжийн уулзалтын төлбөр болон тендерийн материал борлуулах үнэ”-ийг хянуулж зөвшөөрөл аваагүй зөрчил гаргасан эсэхтэй холбоотой энэхүү маргааныг шийдвэрлэхэд дээрх хуульд заасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хянуулж зөвшөөрөл авах “тухайн бараа бүтээгдэхүүний борлуулах үнэ” гэдгийг зөв ойлгож хэрэглэх шаардлага гарч байна.
4.2. Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт хийж байгаа нэг этгээд байхад л нийгмийн дундаж зардал хамгийн бага байх боломжтой зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчийг зүй ёсны монополь байдалтай гэж үзнэ” гэж заасан.
4.2.1. Үүнээс үзвэл “монополь” байдалтай аж ахуйн нэгж нь тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт хийж байгаа нэг этгээд буюу тухайн бараа, бүтээгдэхүүн /үйлчилгээ/-ийг нийлүүлэх өөр өрсөлдөгч байхгүйгээс эрэлт, нийлүүлэлтээс хамаарч “үнэ” тогтох чөлөөт зах зээлийн зарчим хэрэгжих боломжгүй тул зөвхөн “монополь” гэж тогтоогдсон зах зээлд нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ, түүний өөрчлөлтөд төрөөс хяналт тавьж, хэрэглэгчдийг хохироох (нийгмийн дундаж зардал бага байх боломж алдагдахаас сэргийлэх) зорилготой зохицуулалт бөгөөд тухайн аж ахуйн нэгжийн бүхий л үйл ажиллагааны явцад тогтоосон хураамж, төлбөрийн үнэ, түүний өөрчлөлтийг төрөөс хянах ойлголт биш болох нь харагдаж байна.
4.2.2. Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “тухайн бараа бүтээгдэхүүний борлуулах үнэ” гэдгийг аж ахуйн нэгжийн “монополь” гэж тогтоогдсон тухайн зах зээлд борлуулж байгаа тухайн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний борлуулах үнэ” гэж ойлгохоор байна.
5. Маргааны тохиолдолд дээрх хуулийн дагуу “тухайн бараа, бүтээгдэхүүний борлуулалтын үнэ” гэдэгт “олон улсын нисэх буудлын үйлчилгээ”-ний үнэ буюу тухайн үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой тогтоосон үнэ, түүний өөрчлөлт хамаарах тул зөрчил гэж үзсэн тусгай танхимын уулзалтын хураамж болон тендерийн материал худалдах үнэ нь монополь байдалтай гэж тогтоогдсон зах зээлд нийлүүлж буй олон улсын нисэх буудлын үйлчилгээний үнэд хамаарахааргүй байна.
5.1. Учир нь “Н” ХХК болон Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газрын хооронд 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх концессын гэрээ[2] байгуулсан бөгөөд уг гэрээний 16 дугаар зүйлийн 16.1-д “Нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл үе шатанд Концесс эзэмшигч дор дурдсан ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд: ... 16.1.6.Зорчигч терминалын барилгад ажиллах жижиглэн худалдаа, хоол хүнс, уух зүйлс борлуулах эрх бүхий түрээслэгчдийг сонгох” гэж заасан шинэ нисэх буудлын үйлчилгээ явуулах бэлтгэл үе шатанд түрээслэгчдийг сонгон шалгаруулах зорилгоор сонирхсон этгээдүүдэд “тендерийн баримт бичиг, материалыг худалдах” үнэ болон тусгай танхимыг шинэ буудлыг танилцуулах зорилгоор уулзалт хийхэд гарах цай кофены зардлыг гаргуулсан гэх зөвхөн тухайн уулзалтад оролцох сонирхогч этгээдээс авах төлбөр нь “олон улсын нисэх буудлын үйлчилгээг борлуулах үнэ”-д хамаарахгүй, уг үнийг тогтооход нөлөөлөхөөргүй, шинэ үйл ажиллагаа эхлэх бэлтгэл үед нэг удаагийн арга хэмжээний төлбөр байна.
6. Хариуцагч нь тус компанийн өөрсдөөс нь гаргасан тайланд “Зохицуулалтгүй төлбөр, хураамж” гэдэгт хамааруулж ирүүлснийг үндэслэсэн гэх боловч монополь байдалтай аж ахуйн нэгжийн гаргасан борлуулалтын орлогын тайлан, мэдээллээ хэрхэн гаргаснаас шалтгаалж Өрсөлдөөний тухай хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлсэн эсэхэд хяналт тавих боломжгүй, тус хуулиар тухайн бараа, бүтээгдэхүүний борлуулах үнийн өөрчлөлтийг хянуулах талаар заасан тул ийнхүү явцууруулан ойлгож хэрэгжүүлэх үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... орлого олсон болох нь тус компаниас гарган өгсөн зохицуулалтгүй төлбөр хураамжийн орлогын мэдээллээр тогтоогдсон. ... Нислэг үйлдэж эхлээгүй байсан ч тус газар нь өөр өөр бие даасан аж ахуй эрхлэгчдээс уулзалтын хураамж авч тусгай танхимд хүлээн авсан нь тусгай танхимын орлогод шууд хамаарна ...” гэх гомдлыг хангах боломжгүй.
7. Түүнчлэн Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 55 дугаар тогтоолоор “... 200,316,225.64 төгрөгийн орлого олсон талаарх ... “Орлого үр дүнгийн дэлгэрэнгүй тайлан”, ... 208,943,498.36 төгрөгийн орлого олсон талаарх “Орлого үр дүнгийн дэлгэрэнгүй тайлан” зэрэг хоёр өөр баримтаас 208,943,498.36 төгрөгийн орлого олсон гэх тайланг үндэслэсэн нь ойлгомжгүй, ... Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон өдрөөс хойш нэхэмжлэгчийн 2020 онд олсон орлогыг үнэн зөв тогтоох нь хуульд заасан хохирол гаргуулах, торгуулийн шийтгэл оногдуулахад ач холбогдолтой, үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн...” гэж шийдвэрлэсэн.
7.1. Гэтэл улсын байцаагч нь дахин шийтгэлийн хуудас гаргахдаа “... Өрсөлдөөний дээрх хуулийн дагуу хянуулах “үнэ”-д хамаарах олон улсын нислэгийн үйлчилгээ /бараа бүтээгдэхүүн/ борлуулж орлого олсон эсэхэд дүгнэлт хийж, мөн хуульд заасан үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан эсэхийг тогтоохгүйгээр шийтгэл ногдуулж, албадлагын арга хэмжээ авсан нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5-д нийцээгүй байна.
8. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт “шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хангасан” өөрчлөлт оруулж, тус компанийн давж заалдах гомдлыг хангаж, улсын байцаагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
9. Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолыг гаргах үед хэргийн оролцогч нар “... Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар “үнийн өөрчлөлт”-ийг хянуулах үүрэгтэй, харин “үнэ”-ийг хянуулахгүй” гэж маргасантай холбоотой дээрх хуулийн заалтын “үнийн өөрчлөлт” гэдэгт “үнэ, түүний өөрчлөлт” хамаарахаар нэг мөр тайлбарласан, харин “тухайн бараа бүтээгдэхүүний борлуулах үнэ” гэдгийг тайлбарлаагүй тул дээрх байдлаар маргааны үйл баримтад холбогдуулан мөн хуулийн заалтыг тайлбарлан хэрэглэсэн болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 748 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5, Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасныг тус тус баримтлан “Н” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 0002361 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хны гомдлыг хангаж, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Огийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан “Н” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Он нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ