Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
Хэргийн индекс | 106/2016/0095/э |
Дугаар | 133 |
Огноо | 2016-10-05 |
Зүйл хэсэг | 096.1., |
Улсын яллагч | Э.Одончимэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Л.Оюун, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн
улсын яллагч Э.Одончимэг
шүүгдэгч М.Мөнгөнсүх, түүний өмгөөлөгч Л.Амартогос
хохирогч Ц.Идэр
иргэдийн төлөөлөгч Ч.Тунгалаг
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201526021274 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 21 дүгээр гудамж 211 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Эрэлийн 36 дугаар байрны 00 тоотод түр оршин суух хаягтай,
ял шийтгэл: 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 370 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,
ХИ86113012 дугаарын регистртэй, Цагаан овогт Мижиддоржийн Мөнгөнсүх
Шүүгдэгч М.Мөнгөнсүх 2015 оны 8 дугаар сарын 19-ний орой Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Мебелийн 12 дугаар байрны орцонд хохирогч Ц.Идэртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч М.Мөнгөнсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2015 оны 8 дугаар сарын 19-ний орой 20:40 цагийн үед би ажлаасаа тараад гэртээ ирж байж байгаад тамхи татахаар гадагшаа гарсан. Тулгаа ах гадаа машинаа засаад зогсож байхаар нь би очоод мэнд мэдчихээд, тамхи татаад зогсож байтал Идэр гэх залуу согтуу хүрч ирээд агсам тавьж эхэлсэн. Тэгэхээр нь би Идэрт хандаж хэн ч гэсэн согтууруулах ундаа хэрэглэдэг, одоо болно гэж хэлсэн чинь миний өмнөөс чамайг ална, та нарыг түйвээнэ гэх мэт үг хэлэхээр нь би Идэрийг заамдаж аваад зогсож байтал Тулгаа ах намайг согтуу хүн цохиж зодож болохгүй, одоо боль, гэртээ ор гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ орсон. Харин Идэр гадаа та нарыг ална гэх мэтээр орилоод байхаар нь цагдаа дуудсан гэв.
Хохирогч Ц.Идэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Би тэр орой бага зэргийн согтолттой байсан. Гадаа орцны үүдээр явж байтал Мөнгөнсүх тамхи татаад зогсож байсан. Тэгэхээр нь би сайн байна уу гэж асуусан чинь Мөнгөнсүх миний өмнөөс чи манай эхнэртэй явалдаж, хамт архи уудаг юм уу гэж хэлсэн. Тэгээд маргаан үүссэн. Хэсэг маргалдаж байгаад гэр гэртээ орсон. Харин би учир зүйгээ олоё гэж бодоод эргэж гарч ирээд Мөнгөнсүхийн гэрт нь орсон боловч дахин маргалдаж байгаад бид хоёр заамдалцаж аваад гадаа гарч ирсэн. Тэр хооронд би Мөнгөнсүхийг хавсарч унагаах гэсэн боловч унаагүй. Тэгсэн чинь Мөнгөнсүх намайг газар унагаагаад дээрээс дэвссэн. Тэгээд тэр оройдоо эмнэлэгт хүргэгдсэн. Миний элэгийн урагдсан байна гээд хагалгаанд орсон. Одоо биеийн байдал гайгүй. Гэхдээ хүнд юм өргөж болохгүй, архи дарс ууж болохгүй гэж эмч хэлсэн.
Хохирол төлбөрийн хувьд би Мөнгөнсүхээс нэг ч төгрөг аваагүй, надад мөнгө өгөөгүй. Уг нь би 1.5 сая төгрөг нэхэмжилсэн. Баримтаар бол 800.000 орчим төгрөгийн баримт байгаа байх. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Мөнгөнсүх миний хохирлыг барагдуулах юм бол түүнд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч М.Мөнгөнсүхийн хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 64/,
Нягт холбоос констракшн ХХК-ийн тодорхойлолт /хх-н 71/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 73/, захиргааны зөрчлийн лавлагаа /хх-н 12-14/,
гэрч Мижиддоржийн Мөнхзаяагийн ... би Мөнгөнсүх гэдэг хүнийг танина. Мөнгөнсүх миний төрсөн дүү байгаа юм. Би Мөнгөнсүхийн төрсөн эгчийн хувьд дүүгийнхээ зан чанарыг сайн мэднэ. Мөнгөнсүх эхээс 11-үүлээ буюу доороосоо 8 дахь хүүхэд. Бага байхдаа эцэг, эх, ах, эгчтэйгээ өсөж хүмүүжсэн. Зан чанарын хувьд бусадтай эелдэг, даруу зангаар харьцдаг. Хүнийг ялгаварлан гадуурахаад байдаггүй. Найз нөхөдтэйгээ нийлэхээрээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд байхгүй. Ерөнхийдөө архийг бага зэрэг л уудаг, тамхи татдаг. Мөнгөнсүх тусдаа гараад хоёр жил болж байна. Гадуур ажил төрөл хийгээд амьдрах гээд л явж байгаа хүн. Мөнгөнсүх тусдаа гарч нэг эмэгтэйтэй хамт амьдарч байгаа. Тэр эмэгтэйгийнх нь нэрийг нь мэдэхгүй. Нэг дагавар хүүхэдтэй, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барсын шинэ гүүрний доод талд байдаг нийтийн байранд байдаг юм байна лээ. Тэр эмэгтэй нь нилээд архи уудаг, тэр хавийн сонин хүмүүстэй нийлээд архи уугаад байдаг. Түүнээс болоод эхнэртэйгээ хардаад байдаг юм шиг байна лээ. Тэгээд Мөнгөнсүх тэр хавийн хүмүүстэй зодоон цохион хийсэн сураг гараад байдаг. Би хамт байдаггүй болохоор сайн хэлж мэдэхгүй. Энэ хэрэгт шалгагдахаасаа өмнө одоо хамт амьдарч байгаа эмэгтэйгээ хардаад зодож, цохиод Баянзүрх дүүргийн шүүхээр нэг удаа орж байсан. Тийм болохоор Мөнгөнсүхийг хартай юм болов уу гэж бодож байна гэсэн мэдүүлэг /хх-н 131-132/,
М.Мөнгөнсүхэд холбогдох эрүүгийн хэргийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 370 дугаартай шийтгэх тогтоол /хх-н 66-68/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Мөнгөнсүх 2015 оны 8 дугаар сарын 19-ний орой Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Мебелийн 12 дугаар байрны орцонд хохирогч Ц.Идэртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан
хохирогч Цогтхүүгийн Идэрийн ... би Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мебелийн 12 дугаар байранд нэг хэсэгтээ эгч Гантөмөрийн байранд амьдарч байсан юм. Тэгээд тухайн өдөр буюу 2015 оны 8 дугаар сарын 19-нд манай хамаатны хоёр ах болох Уранбэрх, Түвшинтөгс нар манайд ирээд намайг дэлгүүр рүү гараад ир гээд надад мөнгө өгөөд гаргасан. Би дэлгүүрээс 2 ширхэг том савтай пиво аваад гэр рүүгээ орж, нөгөө 2 ахтай хувааж уусан. Тэгээд манай хоёр ах гэртээ харьцгаалаа гээд гараад явсан, тэр хоорондуур нь би гэрээсээ гарч бие засаад байрныхаа эсрэг талын орцны урдуур дэлгүүр рүү орох гээд явж байтал манай нөгөө орцонд зүс таних Мөнгөнсүх ах байрныхаа орцноос гарч ирсэн. Тэгээд надад Мөнгөнсүх ах хэлэхдээ чи манай эхнэртэй архи уугаад байгаа юм уу, юундаа манай эхнэрийг уруу татаж архи уугаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэртэй чинь архи дарс уугаагүй гэж бага зэрэг маргаан үүсгэхэд манай байрны Тулга гэх ах та хоёр больцгоо гэж хэлээд бид хоёрыг салгахад эхнэр нь нөхрийгөө аваад гэртээ орсон. Тэгэхээр нь би араас нь эв зүйгээ ололцдог юмуу гээд ортол чи яах гэж орж ирж байгаа юм бэ, манай гэрээс гар гэж эхнэр нь надад хэлэхээр нь би эхнэрт нь би тантай ямар архи, дарс уусан биш дээ, зүгээр байгаарай гэж хэлсэн. Гэтэл нөхөр нь босч ирэнгүүтээ чи муу яадаг бацаан бэ гэж хэлэхээр нь би бацаан байхад нь уулзахгүй яасан юм бэ гэхэд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлж заамдаж аваад заамдаастайгаа гэрээс нь гарсан. Тэгтэл байрны орцонд намайг хаалганы булан мөргүүлсэн. Би гадаа гараад Мөнгөнсүх ахыг хавсаргаж унагаах гэхэд унаагүй. Тэгээд намайг Мөнгөнсүх ах заамдаастай чигээрээ хана руу хоёр удаа түлхэж мөргүүлээд, миний хоолойг цамцаар боогоод, газар унагаагаад дээрээс нэг удаа дэвссэн. Тэгтэл миний бие сонин болоод амьсгалж чадахгүй, элэгээ тэврээд эвхэрч хэвтсэн. Тэр үед надтай хамт амьдарч байсан Батзоригийн найз эмэгтэй нь нэг найзтайгаа ирээд намайг өргөөд гэр рүү оруулсан. Би гэртээ ороод зүгээр болчих байх гэж бодтол миний элэг хавьцаа өвдөөд, амьсгалахад хэцүү болоод байсан. Тэр үед Түвшинтөгс ах Уранбэрх ахтай ирснийг санаж байгаа, мөн нэг мэдсэн миний дээрээс ус асгаж сэрээсэн. Тэгэхэд манай гэрт цагдаа ирчихсэн байсан. Намайг Түвшинтөгс ах Уранбэрх ах хоёр Хан-Уул дүүргийн эмнэлэг рүү авч очиход гэмтлийн эмнэлэг рүү аваад яв гэсэн. Ингээд гэмтлийн эмнэлэг рүү очиход намайг яаралтай хагалгаанд орох шаардлагатай, дотор шингэнтэй байна гэж хэлээд хавсарсан гэмтлийн тасагт хагалгаанд ороод, уг тасагтаа 6 хоног эмчлүүлээд гарч ирсэн. Одоогийн байдлаар биеийн байдал тааруухан байна. Шөнөдөө халуураад чинэрч өвдөөд байгаа. Би хагалгаа хийлгэж оёдол тавиулсан. Энэ хугацаанд нилээд их зардал мөнгө гаргасан. Зарим нэг эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримтыг хэрэгт хавсаргуулахаар өгсөн байгаа. Дахин нэмж эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Тархины гэмтэлтэй байж магадгүй гээд томографикийн зураг авахуул гэж хэлсэн. Уг зургийг авахуулах гэхээр мөнгөний боломж бололцоо болохгүй байгаа учраас одоог хүртэл авахуулж амжаагүй явна. Би Мөнгөнсүхийн эхнэртэй ямар нэгэн хувийн болон дотно харьцаа байхгүй. Яагаад надтай хардаад байгаа гэхээр эхнэр нь нөхрийгөө байхгүй үед манайд орж ирээд утсаар нөхөртэйгөө ярьдаг болохоор л харддаг байх. Миний ойлгосноор бол Мөнгөнсүх ах архи уугаад явчихдаг юм шиг байна лээ. Тэгээд араас нь эхнэр нь залгах гэж манайд орж ирдэг. Түүнээс эхнэртэй нь хувийн ямар нэгэн харьцаа байхгүй. Би Мөнгөнсүхэд зодуулахаасаа өмнө биедээ ямар нэгэн хуучин гэмтэл, бэртэлгүй байсан. Миний биед учирсан гэмтлийг Мөнгөнсүх учруулсан. Эхнэр нь урьд өмнө манайд орж ирж утсаар ярихдаа ч хэлж байсан ба манай нөхөр намайг хардаад байдаг юм шиг байна лээ гэж хэлж байсан.
Одоогийн байдлаар биеийн байдал хэвийн, ямар нэгэн өөрчлөлтгүй байгаа. Гэхдээ хүнд хүчир ажил эрхэлж болохгүй гэж эмч хэлж байсан. Мөн элэгний Ессенциал гэдэг эм ууж байгаа. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлснээс хойш ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй байгаа. Намайг тэр залуу дэвслэх үед пүүзэн гуталтай байсан. Намайг газар унагаж байгаад нэг удаа цээжин хэсэг рүү дэвсэлсэн. Тэр үед амьсгаа боогдсон. Хүний аймхай хэсэг рүү цохих үед амьсгаа боогдож нэг хэсэг бие эвгүйхдэг шиг болсон. Тэгээд түүнээс хойш өвдөж эхэлсэн. Одоогийн байдлаар нийтдээ 800.000 гаруй төгрөгийн эмчилгээ хийлгэсэн байгаа. Цаашид дахин эмчилгээ хийлгэх учир Мөнгөнсүх гэх залуугаас 1.500.000 орчим төгрөг нэхэмжилмээр байна. Мөнгөнсүхийн эхнэр Лхагвацэнд гэж эмэгтэйтэй хувийн таарамжгүй харьцаа байхгүй. Би тэр эмэгтэйн нэрийг нь л мэдэхээс цаашгүй. Манайх руу орж ирж утсаар л ярьдаг. Хохирлоо барагдуулаад авчихвал надад гомдол санал байхгүй.
Мөнгөнсүх намайг дэвслэх үед ямар гуталтай явж байсныг сайн санахгүй байна. Ямар ч гэсэн гэрээсээ гарч ирээд л надтай зууралдаж, барьцалдаж аваад намайг унагаж байгаад дээрээс дэвсэлсэн. Тэр үед би бага зэрэг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор яг ямар гутал өмссөн байсныг санахгүй байна. Ямар ч байсан дээрээс дэвсэлсэн нь үнэн. Гэртээ орчихоод гарч ирсэн болохоор таавчигтай байсан байж магадгүй. Би тухайн үед харж амжаагүй болохоор урьд өмнө мэдүүлэхдээ пүүзтэйгээ байсан л гэж мэдүүлсэн. Өөрөө надад хэлэхдээ таавчигтайгаа байсан гэж хэлж байсан. Надад харуулж байгаа энэ таавчигтайгаа байсан байх.
Миний бусдад зодуулсан цаг хугацаа нь 2015 оны 8 дугаар сарын 19-ний оройн 20 цагийн орчим болсон асуудал. Тэгээд би тэр оройдоо гэмтлийн эмнэлэгт очиж хэвтээд шөнө 00 цаг өнгөрсөн байхад хагалгаанд орсон. Энэ үйл явдал нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мебелийн 12 дугаар байрны гадна болсон асуудал. Би мөрдөн байцаалтын шатанд Төв аймгийн Заамар суманд алтны уурхайд ажиллаж байсан учир ирж амжаагүй юм /хх-н 22-24, 83, 123, 130/ гэсэн,
гэрч Ганбаатарын Бат-Оршихын ... тухайн өдөр буюу 2015 оны 8 дугаар сарын 20-ны орой Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мебелийн байрны гадна буюу орцны үүдэнд байрныхаа ах Тулгаа гэдэг хүнтэй юм яриад зогсож байсан. Гэтэл манай байрны зүс таних залуу бид хоёр дээр ирээд би бага зэрэг архи уучихлаа гээд байсан ба ярьж хэлж байгаа зүйл нь ойлгогдохгүй байсан. Тэр үед манай байрны Мөнгөнсүх гэх зүс таних залуу ажлаасаа тараад гэр рүүгээ орж байсан. Тэгтэл тэр согтуу залуу араас нь яваад би энэ залууг ална гээд орцруу нь орсон. Тэгээд удалгүй Мөнгөнсүх тэр залуутай зууралдаад гараад ирэхээр нь Тулгаа ах бид хоёр очиж, та хоёр яаж байгаа юм бэ гээд салгасан. Мөнгөнсүх гэр рүүгээ яваад орсон харин нөгөө залуу нь тэндээ үлдсэн. Тэр хоёр зодолдож, цохилцсон зүйл байхүй, заамдалцаад гараад ирэхээр нь очиж салгасан. Түүнээс хэн нэгэн нь нэгнийгээ цохиж, зодсон зүйл байхгүй. Би харж, үзсэн зүйлээ л хэлж байна /хх-н 25/ гэсэн,
гэрч Хатанбаатарын Балдандоржийн ... би Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст хэв журмын цагдаагийн ажлыг хийгээд 2 жил гаруй хугацаа болж байна. Би тухайн орой буюу 2015 оны 8 дугаар сарын 20-ны орой Бугат 114 чиглэлийн машинт эргүүлийн үүргийг дэслэгч Дарханбаатарын хамт гүйцэтгэж байсан. Тэгтэл Бугат 10-аас Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Мебелийн 12 дугаар байрны орчим хүн зодууллаа гэх дуудлагын дагуу дэслэгч Дарханбаатарын хамт очиж шалгахад Идэр гэгч залуу нь бусдад зодуулсан гээд Мебелийн байранд байрлах гэртээ атиралдаад хэвтэж байсан. Хохирогч өөрөө нилээд согтуу байдалтай байсан. Гэрт нь өөрийнх нь насны 2 эмэгтэй байсан ба хэнд зодуулсан талаар асуухад хажуугийн орцны залуу зодсон гэж хэлж байсан. Ингээд зодсон гэх залууг дагуулж ирэхэд Мөнгөнсүх гэх залуу байсан ба би өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэж хэлж байсан. Ингээд юу болсон талаар асуухад манай гэрт орж ирж агсам согтуу тавиад байхаар нь би өөрөө гэрээсээ гаргахад гадаа барьцалдаж авсан гэж хэлж байсан. Мөн Мөнгөнсүх нь би энэ залууг зодож, цохисон зүйл байхгүй гэж хэлж байсан. Харин хохирогч болох Идэр нь намайг наад залуу чинь зодсон гэж хэлж байсан. Хамт байсан хоёр эмэгтэй нь хэлэхдээ нөгөө зодсон гэх Мөнгөнсүхэд хандан танд зодуулчихлаа гэж орж ирсэн шүү дээ гэж хэлж байсан. Тэр хоёр эмэгтэй нь харсан хараагүй эсэхийг хэлж мэдэхгүй байна. Ингээд Мөнгөнсүхийг нь эхнэртэй нь хамт цагдаагийн хэлтэс рүү авч явсан, харин хохирогч гэх залууг ах нь гэх хоёр залуу орж ирээд эмнэлэг рүү аваад явсан. Мөнгөнсүхийг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгөөд дараагийн дуудлагандаа явсан. Мөнгөнсүх зодож, цохисон гэж хэлж яриагүй. Мөнгөнсүх архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан байх, үнэртэхгүй байсан. Харин хохирогч Идэр гэх залуу нилээд согтолттой байсан. Хэвтээд орилж, татаад байх шиг байсан. Уусан архиныхаа согтууд болоод юм уу өвдөж шаналаад өвчиндөө тийм үйлдэл хийсэн эсэхийг хэлж мэдэхгүй байна.
Тухайн үед болсон асуудал 2015 оны 8 дугаар сарын 19-ний орой болсон асуудал. Би 2015 оны 8 дугаар сарын 19-ний орой Бугат 114 чиглэлийн машинт эргүүлд дэслэгч Дарханбаатарын хамт явж байсан юм. Урьд өгсөн мэдүүлэг дээрээ хэрэг болдог өдрийг 20-ны өдөр гэж мэдүүлсэн байсан. Дуудлагаар очдог тэр өдөр нь 19-ний өдөр байсныг санаж байна. Өөр бусад мэдүүлэг нь үнэн зөв /хх-н 26-27, 129/ гэсэн,
гэрч Чулуунбаатарын Уранбэрхийн ... тухайн өдөр буюу 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр найз болох Түвшинтөгстэй ТБД андуудын хавьцаа уулзаж, хүн тус бүрийн нэг шил пивыг гадна байдаг саравчинд уугаад манай хамаатны дүү болох Идэрийнд очсон. Тэгэхэд Идэр танихгүй хоёр эмэгтэйтэй байж байсан. Тэгээд Идэрийг ахын дүү гараад пиво аваад ир гэж хэлээд явуулсан юм. Идэр гаднаас хоёр том савтай пиво авч ирсэн. Идэрт 2-3 удаа л пиво хийж өгсөн. Бусдыг нь манай Түвшинтөгс найз бид хоёр хувааж уугаад Идэрийнхээс гарах үед 16 цаг өнгөрч байсан. Тэгээд бид хоёр гадуур явж байгаад буцаад харих гээд тэдний урдуур явж байтал Идэрийн гэрийнх нь гэрэл асаалттай байхаар нь гэр рүү нь ортол цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд юу болсон талаар Идэрээс асуухад тухайн үедээ хэлэх тэнхэлчгүй байсан. Тэгээд бид хоёр Хан-Уул дүүргийн эмнэлэг рүү аваад очиход Хан-Уул дүүргийн жижүүрийн эмч нь манай харъяаллынх биш, энэ хүнээ гэмтлийн эмнэлэг рүү авч яв гэсэн. Ингээд бид хоёр Гэмтлийн эмнэлэг рүү авч явж байх замд Идэр татаж унаад, ухаан алдаад байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлэхэд эмч нар үзэж байснаа эхлээд толгой цээжний зураг авахуул гэхэд зүгээр байсан. Дараа нь эхо-д харуулахад яаралтай хагалгаанд оруулна, дотор шингэнтэй байна гэж хэлсэн. Ингээд тухайн шөнөдөө хагалгаанд орж гэмтлийн эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлсэн. Эмч нь оношийг нь хэлэхдээ дотуур цус алдалттай, элэг нь хоёр см язралттай байна гэж хэлсэн. Бид хоёрын авахуулсан пивноос 2-3 удаа л хийж өгөхөд түүнийг л уусан. Харин бид хоёрыг очиход бага зэрэг үнэртээд уучихсан байсан. Гэхдээ согтолтын зэрэг байхгүй байсан. Бид хоёр Идэрийг зодсон гэх залууг харж байгаагүй, таньж мэдэхгүй залуу байсан. Сүүлд Идэрээс сонсоход намайг эхнэртэйгээ хардаад зодчихсон гэж хэлж байсан. Эхнэр нь Идэрийнд орж нөхөртэйгээ Идэрийн утаснаас байнга ярьдаг гэж хэлж байсан. Хэрэг болдог өдөр 2015 оны 8 дугаар сарын 19-ний орой лхагва гараг байсан. Харин би 20-ны орой ажлаасаа тараад гэр рүүгээ харьсан юм. Хажуу айлынх нь хүн болох Мөнгөнсүх залуу намайг өшиглөсөн гэж Идэр надад хэлж байсан /хх-н 28-29, 122/ гэсэн,
гэрч Гүн-Аранзын Батзоригийн ... би 2015 оны 8 дугаар сарын эхээр өөрийн найз болох Идэрийн эгчийн гэр болох Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мебелийн 12 дугаар байранд найз Идэртэй хамт амьдардаг байсан юм. Тэгтэл 2015 оны 8 дугаар сарын 19-ний орой ажлаа тараад 22 цагийн орчим гэртээ очтол манай найз Идэр хүнд зодуулсан, манайд цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд түргэн дуудсан боловч түргэний машин ирээгүй. Идэрийг ах нь гээд Түвшинтөгс гэх залуу өөр нэг залуутай хамт эмнэлэг рүү аваад явсан. Харин би Идэрийг хэнд зодуулаад ямар гэмтэл учирсныг нь мэдэхгүй байна. Ил харагдах ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй байсан. Элгээ тэврээд уйлаад, эвхэрч хэвтээд байсан. Сүүлд нь сонсоход манай байрны нөгөө талын орцны ах зодсон гэж хэлж байсан. Түүнийг нь би танихгүй, зүсийг нь бол харж байсан. Манай найз Идэрийг эхнэртэйгээ хардаад зодсон юм шиг байна лээ. Уг нь хардаад байх зүйл байхгүй. Эхнэр нь манайд хааяа орж ирж бид хоёрын утсыг гуйгаад нөхөр рүүгээ ярьдаг байсан юм. Түүнээс биш эхнэрийг нь хардуулах ямар нэгэн зүйл хийгээгүй. Тухайн орой Идэрийн ах Түвшинтөгс болон Уранбэрх мөн Дөлгөөнөө гэх миний найз түүний найз эмэгтэй бас цагдаа нар байсан /хх-н 30-31/ гэсэн,
гэрч Гүндсамбуугийн Баттулгын ... 2015 оны 8 дугаар сарын 19-ний өглөөний 09:00 цагаас эхлээд өөрийн эзэмшлийн Аксент маркийн 08-38 УБЛ дугаартай авто машинаа янзлаад гэрийнхээ гадаа буюу Бангол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мебелийн 12 дугаар байрны гадаа сууж байсан. 11 цаг болж байхад манай байранд байдаг зүс таних залуу /Идэр/ над руу ирэхдээ согтуу байсан. Тэгээд ирээд сайн байна уу Тулгаа ахаа, машин тэрэг гайгүй юу гэж надаас асуухаар нь би мэндлээд гайгүй гэж хэлээд явуулсан. Гэтэл үдээс хойш 15 цагийн орчим Идэр дахин над руу ирэхдээ нилээд согтуу байдалтай гуйваж, дайвалзаад, хөл дээрээ тогтож ядан л явж байсан ба хоёр эмэгтэй хүн дагуулчихсан явж байсан. Тэгээд дахин надтай мэндлээд гэр рүүгээ орсон. Би машинаа янзлаж дуусаад гэр рүүгээ ороод, машинаа угааж цэвэрлэх гээд буцаж гарч ирэх үед 19:00 цаг өнгөрч байсан байх. Тэр үед байрны орцноос нөгөө согтуу явсан залуу болон мөн байранд амьдардаг зүс таних /Мөнгөнсүх/ залуутай заамдалцаад орцноос гараад ирсэн. Тэгэхээр нь би та хоёр юу болоод байгаа юм бэ, больцгоо гэж хэлтэл эрүүл байсан /Мөнгөнсүх/ залуу ажлаасаа гэртээ ирээд байж байтал энэ залуу гаднаас орж ирээд надад учир зүггүй агсам, согтуу тавиад байна гэсэн. Би тэр үед нь та хоёр одоо больцгоо, наад залуу чинь согтуу байна, битгий цохиж, зодоорой гэж нөгөө залууд хэлсэн. Тэгээд тэр хоёр салцгаагаад нөгөө залуу гэр рүүгээ яваад орсон. Харин согтуу залуу орилоод л явган суугаад үлдсэн. Би тэр залууд очиж одоо ахын дүү орж унт, битгий согтуудаа айлын гэрт орж, агсам согтуу тавиад бай гэж л хэлээд гэр рүүгээ орсон. Харин тэр залуу суугаад л үлдсэн. Тэгээд удаагүй гэртээ орж цай уугаад гарч ирэхэд тэр залууг өдөр нь хамт явж байсан хоёр эмэгтэйгийнх нь нэг буюу шар үстэй эмэгтэй нь аваад явж байсан. Өөр ямар нэгэн зүйл хараагүй. Намайг харж байхад лав цохиж, зодсон зүйл байхгүй. Би болсон үйл явдлыг бүгдийг нь харсан. Заамдалцаад хэрэлдэж маргалдаад байснаас өөр ямар нэгэн зүйл болоогүй. Тэр хоёрыг хэрүүл хийж эхлэхээс нь дуустал хажууд нь хамт байж байгаад хамгийн сүүлд би өөрөө дундуур нь орж салгаад эрүүл залууг нь гэр рүү нь оруулсан. Тэр үед манай байранд урд өмнө нь байсан Бат-Орших гэх залуу хараад зогсож байсан. Өөр ямар нэгэн хөндлөнгийн үзсэн, харсан хүн байхгүй. Би юунаас болж агсам согтуу тавьсан талаар хэлж мэдэхгүй байна. Мөн маргалдаж, муудалцах шалтаг шалтгаан байсан эсэх талаар ч хэлж мэдэхгүй байна /хх-н 32-33/ гэсэн,
гэрч Энхтайваны Түвшинтөгсийн ... би тухайн орой буюу 2015 оны 8 сарын 19-нд хамаатны хүн болох Уранбэрхийн хамт өөрийн ээжийн төрсөн дүүгийнх нь хүүхэд Идэрийн гэрийн гадуур явж байгаад Идэрийнх рүү явж орсон. Тэгтэл гэрт нь хоёр цагдаа ирчихсэн байсан ба Идэр газар эвхэрээд уначихсан байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар Идэрээс асуухад энэ хүн намайг эхнэртэйгээ хардаад гэрийнхээ гадаа боож унагаагаад дээрээс дэвссэн гэж хэлсэн. Тэр үед гэрт нь нөгөө зодсон гээд байгаа залуу эхнэртэйгээ байсан, мөн Идэрийн найз гэх хоёр эмэгтэй байсан. Харин гаднаас Идэртэй хамт амьдардаг найз нь болох Зоригоо гэх залуу орж ирсэн. Тэгээд цагдаа нар нөгөө зодсон гээд байгаа залууг аваад явсан. Харин би Идэрийг Хан-Уул дүүргийн эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд очоод үзүүлтэл Хан-Уул дүүргийн эмнэлэгийн хүлээн авахын эмч чи Гэмтлийн эмнэлэг рүү энэ хүнээ авч яв гэж хэлэхээр нь гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлтэл эхо-д харуул гэсэн. Тэгээд эход харуултал дотор шингэнтэй байна яаралтай хагалгаанд оруул гэж хэлсэн. Тэгээд хагалгаанд ороод эмнэлэгийн мэс заслын тасагт долоо хоног хэвтэн эмчлүүлсэн шиг санаж байна. Одоогоор Идэрийн биеийн байдал нь гайгүй байгаа, эмнэлэгээсээ гарсан. Тухайн үед Идэр бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх шиг байсан, амнаас нь үнэртэж байсан. Гэхдээ согтолтын зэрэг нь гайгүй байсан. Идэр надад хэлэхдээ намайг зодуулж байхад манай байрны Тулгаа гээд ах харсан. Тэр ах гадаа машинаа арчаад зогсож байсан, мөн тэр ах бид хоёрыг салгасан гэж надад хэлсэн. Түүнээс өөр ямар нэгэн хүн харсан, үзсэн талаар надад ямар нэгэн зүйл ярьж хэлээгүй. Идэрийг тухайн үед эмнэлэг рүү авч явж байхад ил харагдах гэмтэл шарх биед нь байгаагүй. Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд элэг нь хоёр см язарч дотуураа цус алдсан гэж байсан /хх-н 34-35/ гэсэн,
гэрч Хишигбаярын Лхагвацэндийн ... тухайн өдөр буюу 2015 оны 8 дугаар сарын 19-ний өглөө манай нөхөр Мижиддоржийн Мөнгөнсүх ажилдаа яваад орой 20:00 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тэгээд намайг хоолыг нь халааж өгөх гэж байхад тамхи татчихаад ороод ирье гээд гарсан. Орж ирэхдээ хажуу талын орцонд байдаг манайхаас давс ус гуйгаад байдаг залуу согтуу ирчээд надад томроод байхын. Тэгэхээр нь хажуу хаалганы Тулгаа ах чи согтуу байна зүгээр байгаа хүн рүү дайрч давшилахаа болиоч, гэр рүүгээ ор гэж хэлээд явуулчихлаа гэсэн. Тэгэхээр нь би хоолыг нь аягалаад өгтөл гаднаас нөгөө орцны залуу манай хаалгыг маш хүчтэй татаж орж ирээд та нарыг ална, шөнө унтаж байхад чинь түйвээнэ, харж байгаарай гэх мэтээр орилж хашгирсан. Тэгтэл манай нөхөр чи яахаараа айл гэрт орж ирээд ингэж агсам согтуу тавьдаг юм гэж хэлэхэд нөгөө залуу шууд манай нөхрийг заамдаад авсан. Нөхөр маань ч зөрүүлээд заамдалцаад гарахаар нь би араас нь гарахад нөгөө залуу нь манай нөхөр рүү агсарсан хэвээрээ байсан ба намайг зод, цохь, чамайг харая л даа гээд байсан. Тэгтэл хажуу хаалганы Тулгаа ах ирээд нөгөө залууд чи ямар сонин юм бэ, айлд агсам тавиад яаж байгаа юм бэ гээд салгаж авсан. Тэгэхээр нь би нөхрийгөө аваад гэр рүүгээ орсон. Харин нөгөө залуу гадаа ганцаараа суугаад үлдсэн. Манай нөхөр надад хэлэхдээ намайг гадаа тамхи татаж байхад л тэр залуу өөрөө ирж агсам тавьсан гэж хэлсэн. Манай нөхөр тухайн залууг цохиж, зодсон зүйл байхгүй. Манай нөхөр Мөнгөнсүх нь урьд өмнө нь найзуудтайгаа нэг удаа караокед хамт байхдаа Давка гэдэг залуутай намайг хардаж, надтай хэрүүл хийж байсан удаа бий. Энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсч шалгагдаад, дахин ийм асуудал гарахгүй ээ гээд хэрэгсэхгүй болж байсан. Намайг сүртэй цохиж, зодсон асуудал байхгүй. Ганц нэг удаа хацар луу алгадаж зодсоноос болоод ийм асуудал үүсч байсан юм. Намайг энэ асуудлаас өөр цохиж зодсон удаа байхгүй. Ойрын үед ч ямар нэгэн хэрүүл маргаан, хардалттай холбоотой асуудал байхгүй байгаа /хх-н 36-38/ гэсэн,
гэрч Цэен-Ойдовын Цэнд-Очирын ... Идэр манай эмнэлэгт анх ирэхдээ биеийн байдал хүнд, хэвлийгээр өвдсөн зовиуртай байсан. Ингээд яаралтай журмаар хэвлийн мэс засалд орж, элэгний задрал нь оёогдсон. Өвчтөн хагалгааны дараа эмийн болон боолт эмчилгээ хийгдээд 6 хоног хэвтэн эмчлүүлээд эмнэлэгээс гарсан. Хийгдсэн эмчилгээ болон биеийн байдал нь ямар байсан талаар өвчний түүхэнд бичигдсэн байгаа /хх-н 80/ гэсэн,
гэрч Намхайн Цогтхүүгийн ... Идэр миний ганц хүүхэд байгаа юм. Манай гэр хол биокомбинатад байдаг болохоор миний хүү Идэр нь хотын төвд нэг найзтайгаа байр түрээслэн амьдарч байсан. 2015 оны 8 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө гэмтлийн эмнэлэгээс миний гар утас руу залгаад таны хүүхэд Идэр манай эмнэлэгт элэгний хагалгаанд орж байна, дотуур цус их алдсан гэхээр нь би такси барьж гэмтлийн эмнэлэг рүү тэр шөнөдөө очиход миний хүүхэд хагалгаанд орчихсон байсан. Тэгээд би хагалгаанд орсон эмчтэй нь уулзахад таны хүүгийн элэг 2-3 см хэмжээтэй язарсан, дотуур цус алдалттай байна гэж хэлсэн. Тэгээд ухаан оронгуут нь би хүүгээсээ юу болсон талаар асуухад миний түрээслэдэг байрны хөрш залуу намайг эхнэртэйгээ хардаад зодоод би эмнэлэгт хүргэгдэж ирсэн гэж хэлсэн. Миний хүүхэд гэмтлийн эмнэлэгт 6 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан. Тухайн үедээ биеийн байдал нь хүнд байсан одоогийн байдлаар эмчилгээ хийлгээд гайгүй болсон байгаа. Гэхдээ одоо хүнд хүчир ажил эрхэлж болохгүй төдийгөөс өдий хүртэл ажилгүй байгаа учраас хүүгийнхээ өмнөөс маш их гомдолтой байна. Хүүгийнхээ эмчилгээнд зориулж нийтдээ 700.000 гаруй төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Энэ нь баримтаараа байгаа. Мөн баримтгүй нааш цааш явахаас эхлээд урсгал зардал маш их гарсан байгаа. Миний хүүхэд урд өмнө нь биедээ ямар нэгэн гэмтэлгүй, эрүүл саруул өөрийнхөө ажлыг хийгээд л явдаг байсан. Тухайн үед Идэр вакум цонхны үйлдвэрт ажиллаж байсан болохоор одоог хүртэл ажиллаж байсан. Зүгээр байсан бол цалингаа аваад л ажлаа хийгээд явах байсан байх гэж бодож байна. Миний нүдэн дээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан удаа байхгүй /хх-н 81-82/ гэсэн,
шинжээч эмч Нэргүйн Туяагийн ... хохирогч Идэрийн биед учирсан гэмтэл нэг удаагийн хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба уг гэмтлийг авсны дараа идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой. Хохирогч уг гэмтлийг авсны дараа хэвлийгээр нь өвдөж зовиурлана /хх-н 84/ гэсэн мэдүүлэг зэрэг тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Ц.Идэрийн биед хэвлийн битүү гэмтэл, элэгний няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн 12183 дугаартай дүгнэлт /хх-н 33/,
хохирогч Ц.Идэрийн Өвчний түүхийн хуулбар /хх-н 51-59/, эмнэлгийн магадлагаа /хх-н 62/, мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-н 10, 85, 124-126/ гэрэл зургаар бэхжүүлсэн баримт /хх-н 128/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул
Цагаан овогт Мижиддоржийн Мөнгөнсүхийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй,
шүүхээс шүүгдэгч М.Мөнгөнсүхэд ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзав.
Шүүгдэгч М.Мөнгөнсүх хохирогч Ц.Идэрийн бие махбодид хүнд гэмтэл учруулсантай холбоотой гарсан эмчилгээний зардал буюу хохирлыг төлж барагдуулаагүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нөхцөл болохгүй.
Түүнчлэн шүүгдэгч М.Мөнгөнсүх урьд өмнө нь шүүхийн шийтгэх тогтоолоор бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, уг хэрэг хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгогдож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан болохыг дурдах нь зүйтэй. /хх-н 66-68/
Хохирогч Ц.Идэр ... 800.000 гаруй төгрөгийн эмчилгээ хийлгэсэн байгаа, цаашид дахин эмчилгээ хийлгэх учир Мөнгөнсүхээс 1.500.000 төгрөг нэхэмжилнэ /хх-н 83/ гэх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг /хх-н 39, 51, 60-63/ шүүх судлаж үзвэл нийт 699.247 төгрөг шүүгдэгч М.Мөнгөнсүхээс гаргуулж хохирогч Ц.Идэрт олгохоор байна.
Хохирогч Ц.Идэрийн цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүх хуралдаанд буюу шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Амартогос ... гэрч Баттулгын мэдүүлгийн зөрүүг арилгах үндэслэл зааж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй. Учир нь; гэрч Л.Баттулга гэмт хэрэг гарсан байдлыг шууд нотлосон гэрч биш бөгөөд зөвхөн гэмт хэрэг гарсан тухайн үеийн үйл явцын талаар мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Мөнгөнсүхийн хувийн байдлыг нь харгалзан түүний хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч М.Мөнгөнсүх цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон