Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2018/00344

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: дүүрэг хороо, өөрийн байранд байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, К банк ХХК-ийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  дүүрэг,  хороо, у гудамж байр  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Б.Л,

 

Хариуцагч:  дүүрэг,  хороо, у гудамж байр  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Н.О,

 

Хариуцагч:  дүүрэг,  хороо, у гудамж байр  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт О.Э нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 96,306,192.77 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах  тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н, Ц.О, хариуцагч Б.Л,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч К банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Б.Н, Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Л, Н.О, О.Э нар  2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус банктай 363 тоот зээлийн гэрээ байгуулж, 86,800,000 төгрөгийн зээлийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн зориулалтаар авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Нийслэлийн Дүүргийн дугаар хороо, дугаар хороолол гудамж дугаар байр тоот хаягт байршилтай 61,77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар үндсэн зээл 83,292,716.22 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 10,844,563.79 төгрөгийг төлөөгүй 560 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээний 8.3.1, 8.3.2, 8.3.3, 8.3.10, 8.3.11 дахь заалтуудыг зөрчсөн байна. Иймд Б.Л, Н.О, нараас үндсэн зээл 83,292,716.22 төгрөг, зээлийн үндсэн хүү 10,844,563.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,168,912.76 төгрөг, нийт 96,306,192.77 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа 2,166,940.99 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж байна. Зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү- тоот дугаартай хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, хариуцагч О.Эд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж  өгнө үү гэв.

 

  Хариуцагч Б.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус банктай 363 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж 86,800,000 төгрөгийн зээлийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, орон сууцны ипотекийн зээлийн зориулалтаар авсан. Талуудын хооронд байгуулсан 363 тоот зээлийн болон барьцааны гэрээ нь өнөөдрийн байдлаар цуцлагдаагүй, хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд гэрээг цуцлах тухай мэдэгдлийг аль нэг талдаа хүргүүлж байгаагүй. Харин Т.Г захирал 2-3 удаа зээлээ төлөхийг мэдэгдсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, цуцлагдаагүй байхад зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байгаа нь үндэслэлгүй, мөн зээлийн төлбөр болон барьцаа хөрөнгийг хамтад нь гаргуулна гэсэн нь барьцааны гэрээ болон холбогдох хууль тогтоомжийг зөрчиж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.О шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хүү Б.Л нь 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус банктай 363 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж 86,800,000 төгрөгийн зээлийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн зориулалтаар авсан бөгөөд миний бие тус зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасан. К банкнаас нэг ч төгрөгийн зээлийг аваагүй ба К банкинд миний нэр дээр аливаа байдлаар зээлийн данс нээгдээгүй, зээл олгогдоогүй атал намайг уг иргэний хэрэгт хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Н.О надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй  болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч К банк ХХК нь хариуцагч Б.Л, Н.О, О.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 96,306,192.77 төгрөгийг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

 

Хариуцагч Б.Л нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч зээлийн гэрээний хугацаа дуусаагүй гэж, хариуцагч Н.О нэг ч төгрөгийн зээл аваагүй, зээлийн данс нээгдээгүй, зээл олгогдоогүй гэж маргажээ.

 

 Нэхэмжлэгч К банк ХХК нь хариуцагч Б.Л, Н.О, О.Э  нартай 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 363 тоот зээлийн гэрээ байгуулж 86,800,000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэйгээр, 240 сарын хугацаатай, орон сууцны ипотекийн зээлийн зориулалтаар, Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн  тоот гэрчилгээтэй, дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол гудамж, дугаар байр  тоот хаягт байрлах 61,77 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг барьцаалж зээлийн болон барьцааны гэрээ байгуулж зээлдэгч Б.Лгийн  тоот дансанд 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 86,800,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга /хх-ийн 65 тал/ зэрэг бичгийн нотлох баримтаар  тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч Б.Л зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, гэрээг цуцлаагүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин гэрээгээр тохирсон нөхцөл үүссэн гэж, “гэрээг цуцлах”-ыг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлээ гэж үзсэн байна. Зээлийн гэрээ болон хуульд нийцүүлэн гэрээг өөрөө цуцалж, үүргийг шаардах нь хууль зөрчихгүй гэж үзнэ.

 

Зээлдэгч нар зээлийн төлбөрт 86,800,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 87,476,828 төгрөг нийт 174,276,828 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч зээлийн гэрээний 8.3.2. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь /хавсралт-1/-ийн дагуу төлөөгүй бол, 8.3.10. Зээлийн болон барьцааны гэрээний заалтыг удаа дараа /2 ба түүнээс дээш зөрчлийг ойлгоно/ зөрчсөн, 8.3.11.Гэрээний заалтуудыг ноцтой зөрчиж байгаа талаар зээлдэгчид  мэдэгдэл хүргүүлсэн боловч зохих арга хэмжээ  аваагүй байна. Зохигчдын байгуулсан зээлийн гэрээнд зааснаар гэрээний хавсралт 1-р батлагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь нь гэрээний салшгүй хэсэг бөгөөд зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 560 хоног хэтрүүлэн зээлийн гэрээг цуцлах үндэслэлийг бий болгожээ.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байна.

 

Хариуцагч Б.Л шүүх хуралдааны явцад Т.Г захирал 2-3 удаа зээлээ төлөхийг мэдэгдсэн боловч би өндөр хүүтэй цалингийн зээлийн төлбөрөө төлсөн гэх тайлбар гаргаж, гэрээний заалтуудыг ноцтой зөрчиж байгаа талаар мэдэгдсэн тухайд маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 219.3., 225.2.-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болох ба үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үздэг байна.

  

Иймд хариуцагч Б.Л, Н.О нараас үндсэн зээлийн үлдэгдэл 83,292,716.22 төгрөг, зээлийн хүү 10,771, 540,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,995.52 төгрөг нийт 94,139,251.78 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн  тоот гэрчилгээтэй, дүүрэг, дугаар хороо, хороолол гудамж дугаар байр тоот хаягт байрлах 61,77 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

Нэхэмжлэгч К банк ХХК нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагынхаа 2,166,940.99 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан тул хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Шүүх хариуцагч Н.Од шүүх хуралдааны товыг 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдөр “Мэдэгдэх хуудас”-аар болон утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нэхэмжлэгч түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч К банк ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй .

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2.,453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Л, Н.О нараас 94,139,251.78/ ерэн дөрвөн сая, нэг зуун гучин есөн мянга, хоёр зуун тавин нэгэн мянга далан найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,166,940.99 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ  гүйцэтгээгүй бол Улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн  тоот гэрчилгээтэй, дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол гудамж  дугаар байр  тоот хаягт байрлах 61,77 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч К банк ХХК нь хариуцагч О.Эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 709,680.96 төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагч Б.Л, Н.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 698,846 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К банк ХХК-д олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.НАРАНГЭРЭЛ