Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 960

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 21з0/МА2018/00515

 

 

 

КБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/00344 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч КБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Л, Н.О, О.Э нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 96 306 192,77 төгрөгийг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Б.Л, Н.О нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б

Хариуцагч Б.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

   Нэхэмжлэгч КБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Л, Н.О, О.Э нар 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус банктай 363 тоот зээлийн гэрээ байгуулж, 86 800 000 төгрөгийн зээлийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн зориулалтаар авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж 88 дугаар байр 10 тоот хаягт байршилтай 61,77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан.

Зээлдэгч нар үндсэн зээл 83 292 716,22 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 10 844 563,79 төгрөгийг төлөөгүй 560 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээний 8.3.1, 8.3.2, 8.3.3, 8.3.10, 8.3.11 дэх заалтуудыг зөрчсөн. Иймд Б.Л, Н.О нараас үндсэн зээл 83 292 716,22 төгрөг, зээлийн үндсэн хүү 10 844 563,79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 168 912,76 төгрөг, нийт 96 306 192,77 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа 2 166 940,99 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж байна. Зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2204030749 тоот дугаартай эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хариуцагч О.Эд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус банктай 363 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж 86 800 000 төгрөгийн зээлийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, орон сууцны ипотекийн зээлийн зориулалтаар авсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь өнөөдрийн байдлаар цуцлагдаагүй, хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд гэрээг цуцлах тухай мэдэгдлийг аль нэг талдаа хүргүүлж байгаагүй. Харин Т.Ганзориг захирал 2-3 удаа зээлээ төлөхийг мэдэгдсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, цуцлагдаагүй байхад зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардах үндэслэлгүй. Мөн зээлийн төлбөр болон барьцаа хөрөнгийг хамтад нь гаргуулна гэсэн нь барьцааны гэрээ болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний хүү Б.Л нь 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус банктай 363 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж 86 800 000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн зориулалтаар авсан. Би тус гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан. КБнаас нэг ч төгрөгийн зээлийг аваагүй ба миний нэр дээр зээлийн данс нээгдээгүй, зээл олгогдоогүй атал намайг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2.,453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Л, Н.О нараас 94 139 251,78 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч КБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 166 940,99 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол Улсын бүртгэлийн Ү-2204030719 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000324588 тоот гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 хороолол Энхтайвны өргөн чөлөө гудамж 88 байр 10 тоот хаягт байрлах 61.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч О.Эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 709 680,96 төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагч  нараас улсын тэмдэгтийн хураамжид 698 846 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Л, Н.О нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн оролцогчид нотлох баримтыг танилцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу 2014 оны 5 дугаар сарыи 30-ны өдөр 363 тоот зээлийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч талаас 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 363 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлдүүлсэн мөнгөө хүүгийн хамт хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч шүүх гэрээ цуцалсантай холбоотой маргааныг шийдвэрлэхдээ гэрээнээс татгалзах тухай Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэргийн үйл байдалд дүгнэлт өгсөн.

2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Н.О би эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд биечлэн очоогүй бөгөөд тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас 3 хуудас нотлох баримт, 02 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд 1 хуудас бичгийн нотлох баримтуудыг гаргасан. Би уг нотлох баримтуудтай огт танилцаагүй төдийгүй баримт өгсөн талаар мэдээгүй, шүүх хуралдааны товыг надад мэдэгдэлгүйгээр хуралдааныг явуулсан. Энэ нь шүүх хуралдаанд биечлэн оролцох, нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримттай танилцах, уг нотлох баримтуудыг няцаах, шинээр баримт гаргах, цуглуулах, улмаар шүүхэд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Мөн шүүхийн шийдвэрт улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцоолсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч “КБ” ХХК нь хариуцагч Б.Л, Н.О, О.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 96 306 192,77 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Эд холбогдох шаардлагаас татгалзан, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 2 166 940,99 төгрөгөөр багасгаж 94 139 251,78 төгрөг шаардсан байна. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хариуцагч Б.Лгийн хувьд “гэрээ цуцлах талаар мэдэгдээгүй, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардсаныг зөвшөөрөхгүй” гэж, хариуцагч Н.О нь “зээлийг би аваагүй, гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан” гэж тус тус тайлбарлаж байх тул талуудыг гэрээг цуцлах үндэслэл болон гэрээний үүрэг үүссэн эсэх талаар маргасан гэж үзнэ.

            Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “КБ” ХХК нь Б.Лтэй 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 363 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 86 800 000 төгрөгийг сарын 0.67 хувийн, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлдүүлсэн байна. /хх 5-13 дахь тал/ Дээрх гэрээнүүдэд Н.О, О.Э нар хамтран зээлдэгчийн үүрэг хүлээн гарын үсгээ зурж, талууд гэрээг баталгаажуулжээ. /хх-8, 10, 13 дахь тал/

            Зохигчид дээрх үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдлын хувьд маргаагүй учир тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Энэ тохиолдолд гэрээний нэг тал нөгөө талаас үүргийн гүйцэтгэл шаардах эрхтэй, анхан шатны шүүх эрх зүйн харилцааг зөв тодорхойлон, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

            Талууд зээл, хүүгийн төлбөр төлөх хуваарийг гэрээний хавсралтаар баталж, мөн зээлдэгч нь зээлийн гэрээний 8.3.1, 8.3.2, 8.3.3 дахь хэсэгт заасан буюу гэрээний үүргээ зөрчсөн, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, зээлдэгч гэрээнд заасан зээл, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд зээлдүүлэгч нь өөрийн санаачилгаар гэрээг дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэж гэрээгээр тохиролцсон байна. Уг тохиролцоо нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцжээ.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн зээлийн хүүгийн тооцоолол болон зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваариас үзвэл хариуцагч нь сар бүрийн 28-ны өдөр зээлийн хүү, үндсэн зээлд 726 153,45 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байх ба уг зээлийн үүргээс 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд нийт 2 011 899,95 төгрөг төлсөнөөс өөр төлөлт хийгээгүй байна. /хх 74 дэх тал/

            Мөн хариуцагч Б.Л төлбөр төлөх хуваарийг зөрчсөн, зээлийн үүрэгт нийт  2 011 899,95 төгрөг төлсөн гэдэгт маргаагүй, харин 2017 оны 11 дүгээр сараас хойш 2 сая гаруй төгрөгийн хүү нэмэгдсэн байна гэж маргадаг. Гэтэл нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны хүүд 2 117 689 төгрөг тооцон шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасанд харшлахгүй байх тул хариуцагчийн дээрх татгалзал үндэслэлгүй. /хх 74 дэх тал/

            Дээрх үйл баримтаас дүгнэвэл хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 175 дугаар зүйлийн 175.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрх үүссэн учир түүнийг шүүхэд хандсанаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзнэ.

            Хариуцагч Н.Огийн хувьд мөнгийг шилжүүлэн аваагүй боловч гэрээнд хамтран зээлдэгчийн үүрэг хүлээж гарын үсэг зурсан учир гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй. Иймд нэхэмжлэгчийн хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасантай нийцэж байна.  

            Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 , 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч Б.Л, Н.О нараас үндсэн зээлийн үлдэгдэлд 83 292 716,22 төгрөг, зээлийн хүү 10 771 540,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74 995,52 төгрөг, нийт 94 139 251,78 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

            Хариуцагч Н.О нь шүүх хуралдаанд биечлэн оролцох, нотлох баримттай танилцах эрхийг хангаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

            Шүүх хариуцагч Н.Од 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг түүний 88016766 дугаарын утсаар мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна. /хх 62 дахь тал/ Түүнчлэн хариуцагч буюу Н.О, Б.Л нар нь нэг хаягт бүртгэлтэй, хамт амьдардаг болох нь хариуцагч нарын тайлбар, нэхэмжлэлийн хувь гардуулсан баримт, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 15, 18-19, 27, 34 дэх тал/ зэргээр тогтоогдож байх тул шүүх хуралдааны товыг мэдээгүй гэж үзэх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй учир хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй гэж анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй. Иймд хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

            Харин анхан шатны шүүх хариуцагч нараас гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг буруу тооцсон байх тул уг алдааг залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/00344 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтын “698 846” гэснийг “628 646”  гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 628 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

      

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Ч.ЦЭНД