Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/103

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Г.Золзаяа,

хохирогч Ч.Т,

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт Б.Нг холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201726010186 дугаар хэргийг 2017 оны 3 дугаар сарын 03ы өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Капитрон банкны “А” салбарт эдийн засагч ажилтай, ам бүл 5, эх, эхнэр, хүүхэд, дүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо, Хайрхан хороолол, ** байр,** тоотод оршин суух,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 435 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 450 цагийн албадан ажил хийх ял шийтгүүлсэн, Б овогт Б-йн Н /РД:***/.

Сэжигтэн Б.Н нь 2017 оны 1 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэг **дугаар хороо, Хайрхан хорооллын ** байрны ** тоотод өөрийн эхнэр болох хохирогч Ч.Ттэй “манай ээжийг хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж зодон хохирогч Ч.Тийн биед нь нүдний салст, зүүн тохойд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолоор/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийн буруутай үйлдэл байсан. Энэ үйлдэл болоогүй бол ийм хэрэг гарахгүй байсан. Хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хохирогч Ч.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 1 дүгээр сарын 06-нд найзын байрны найранд очсон. Тэгээд тэнд согтууруулах ундааны зүйл хэрэглээд согтсон байсан. Зарим зүйлийг санахгүй байгаа. 02 цагийн орчим гэртээ ирээд хадам ээжээс болж маргаан гарсан. Би хүүгээ хөхүүлээд хэвтэж байхдаа хадам ээжийг амандаа “тэнэг авгай” гээд үглэж байсан санагдаж байна. Тэгэхэд Б.Н намайг алгадсан. Хадам ээж өрөөнд орж ирээд Б.Н, манай хүү хоёрыг өрөөнөөс аваад гарсан. Би явлаа гэсэн чинь хадам ээж хүүхдээ аваад яв гэж хэлсэн. Би ээж рүүгээ утасдаад намайг ирээд аваач би Б.Нтай амьдарч чадахгүй гэсэн. Манай ээж ирээд хадам ээжтэй маргалдсан. Аав юм дуугараагүй. Нуруу хөхөрсөн, эрүү хөндүүртэй хөдөлгөж болохгүй байсан. Одоо биеийн байдал зүгээр байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй, Б.Нтай эвлэрэхгүй гэв.

 

201726010186 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн 

Хохирогч Ч.Тийн: “...2017 оны 1 дүгээр сарын 06-ны орой найзынхаа байрны найранд нөхөртэйгөө очиж би 1 хундага архи бас 2 литрийн савалгаатай пивоноос 3 ширхгийг найзуудтайгаа хувааж уусан. Шөнө 2 цагийн орчим нөхрийн хамт гэртээ ирсэн. Би Нгийн хамт өрөөнд байж байхдаа хадам ээж Даваасамбууг тэнэг авгай гээд хэл амаар доромжилсон чинь Н ээжийгээ өмөөрч уурлаад бид 2 маргалдсан. Н маргалдаж байхдаа гараараа хацар руу алгадаж, шанаа руу нэг удаа цохисон. Тэгээд намайг хойш нь түлхэж газар унагаасан. Би нуруугаараа ширээ мөргөж унасан. Тэгээд ээж аав руугаа утсаар ярьж дуудсан. Өмнө нь намайг 2016 оны 6 дугаар сард 1 удаа өшиглөж, 11 сард нүүр рүү нэг удаа цохиж байсан ч би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Би гомдолтой байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүйгэх мэдүүлэг /хх-15-16/,

Гэрч Ч.Д*йн: ...Н Т маргалдаж байгаа бололтой чанга, чанга дуугараад, хүүхэд нь уйлж байгаа сонсогдсон. Би нилээн удаан чагнаж байгаад хүүхэд уйлахаа болихгүй байхаар нь явж ороход Т орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд би хүүхэд айчихсан юм биш үү ширгэл гэж хэлээд гарсан. Тэр хоёр дахиад маргалдаж байгаа бололтой Т хашгирч орилоод байсан. Би яваад ортол Т уйлчихсан газар хэвтэж байсан. Н орны хажуу талд зогсож байсан. ...Т босож ирээд шууд Нг алгадаж, хүзүүг нь маажиж дайраад байсан. Тэгээд Н Тийг өөрөөсөө холдуулж түлхтэл шалан дээр дэвссэн хөнжил дээр гишгэж халитарч унахдаа нуруугаараа орны хажуугийн шүүгээ мөргөсөн гэх мэдүүлэг /хх-17-18/,

Гэрч Д.П-ын: ...унтаж байхад утас дугараад манай охин Т уйлаад ээжээ намайг ирж аваач надад хэцүү байна гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр хувцсаа өмсөөд байж байтал Нгийн утаснаас Т яасан бэ, ирж байна уу, хурдан ир гэж хэлсэн. Тэгээд очиж байхад Т би гэрээсээ гараад ирсэн, охинтойгоо такси бариад зогсож байна гэсэн. ...Т эрүү өвдөөд хөдөлж болохгүй байна. Н нүүр рүү алгадсан гэж хэлсэн. Нэг нүдэнд нь цус хурчихсан, нуруу нь шалбарчихсан байсан. Тэр хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх мэдүүлэг /хх-19-20/,

Гэрч Х.Б-ийн: ...Тэгээд би гэрт нь ороод Тийн хадам ээжтэй нь ярилцахад манай эхнэр хэрэлдсэн. Тэгэхээр нь би Нг хэвтэж байхаар нь “чи одоо яагаад байгаа юм бэ” гэж хэлтэл Н босож ирээд намайг цохих гээд далайсан. Н тухайн үед согтуу байсан гэх мэдүүлэг /хх-21-22/,

Хүний биед үзлэг хийсэн 2017.01.07-ны өдрийн шүүх эмнэлгийн 1331 дүгээр дүгнэлтэд: 1.Ч.Тт нүдний салст, зүүн тохойд цус хуралт тогтоодлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэжээ /хх-24/,

Б.Нгийн яллагдагчаар өгсөн: ...Ээж “та 2 хүүхэд айлгачихсан байна, ширгэлчихээд унтуул” гэж хэлчихээд өрөө рүүгээ явсан. Тэгтэл Т хойноос нь ээжийг “чи дуугүй цаашаа зайл, арчаагүй пизда, танайхан арчаагүй биз дээ” гэж хараасан. Гэхдээ ээж сонсоогүй. ...Би Ттэй маргалдаж байгаад нүүр рүү нь нэг удаа алгадчихаад маргалдаж байтал ээж орж ирээд юу болоод байгаа юм бэ, та 2 одоо боль гэж хэлсэн. Ээж намайг дагуулаад өрөөндөө оруулсан. Т өрөөндөө орилж чарлаад байхаар нь би хүүхдээ дагуулаад өрөө рүү буцаж ороод дахиж маргалдсан. Над руу дайраад байхаар нь би Тийг түлхтэл нуруугаараа шүүгээ цохиж унасан. Тэгээд Т хүүхдээ дагуулж гараад хэсэг байж байгаад өөрийнхөө аав, ээжийн хамт буцаж орж ирсэн гэх мэдүүлэг /хх-35/,

Шинжээч эмч Ц.Ганболдын: ...Ч.Тийн биед нүдний салст, зүүн тохойд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон. Тухайн гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх мэдүүлэг /хх-40/,  

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-29/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-41-50/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-52-56/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-58/ зэргийг уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.  

Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 1 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо, Хайрхан хороолол, 46а байр, 27 тоот гэртээ эхнэр Ч.Ттэй “ээжийг хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж зодон хохирогч Ч.Тийн бие махбодид нүдний салст, зүүн тохойд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгч Б.Н нь урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 435 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 450 цагийн албадан ажил хийх ял шийтгүүлж, 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр бүрэн эдэлж дууссан байна.

Шүүгдэгч Б.Нгийн урьд үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасанчлан хүндэвтэр гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй” буюу ялтай байх хугацаа нь дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Гэвч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Б.Нгийн өмнөх шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн ялгүй болох хугацаанаас үлдэх хугацааг хэрэгсэхгүй болгож түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Нд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хуульд заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хохирогч Ч.Т нь Нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Нг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Н урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 435 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шийтгүүлсэн Б.Нгийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Шүүгдэгч Б овогт Б-ийн Нг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Б.Нг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 /найм/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1920000 /нэг сая есөн зуун хорин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар Б.Н торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Н урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Нд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Нд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Л.БААТАР