| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0915/Э |
| Дугаар | 2019/ДШМ/377 |
| Огноо | 2019-04-25 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2019/ДШМ/377
Ш.Г-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнгөншагай,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т, түүний өмгөөлөгч С.Батжаргал,
шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, Б.Наранцэцэг,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, Л.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т, шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг, Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлоор Ш.Гт холбогдох 1809032750710 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
О овгийн Ш-ын Г, 1981 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, техник хангамжийн мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 5 дугаар байрны 8 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Ш.Г нь 2018 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустайн зуслангийн задгайд байрлах, зуслангийн байшиндаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Т.Уг зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ш.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар шүүгдэгч Ш.Гийг 18 (арван найм) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гийн урьд цагдан хоригдсон 169 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Ш.Г нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл заслын эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 2 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч Ш.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ш.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хань надтай танилцахаасаа өмнө нилээд өрөнд орчихсон байсан. Хавтас хэрэгт авагдсанаар “Шунхлай” ХХК-иас тээвэр зуучлалын 3.000.000 төгрөг, “Монос” эмийн сангаас 2.500.000 төгрөг, ББСБ-аас цалингийн зээл 3.500.000 төгрөг, мөн бусад өрнүүд байсан ба тухайн үед эрэн сурвалжлагдаж, өр барагдуулах албанаас удаа дараа төлбөрийн нэхэмжлэл ирдэг байсан. Хамгийн сүүлд 2016 оны 6 дугаар сард 3.500.000 төгрөгийг би өөрийн биеэр “Жи Эс Би Капитал”-д төлж бүх төлбөрийг барагдуулсан.
Би эхнэр, хүүхэд, гэр бүлээ тэжээх үүрэг хариуцлагаа биелүүлэхийн тулд 2015 оны 6 дугаар сард Солонгос улсад ажил хийж байгаад, эхнэр төрөх дөхөж, хүүхдүүдийг маань сургууль, цэцэрлэгт зөөх хүнгүй болсон учраас 2015 оны 9 дүгээр сарын дундуур буцаж ирсэн. 2016 онд дахин Солонгос руу явах гэж Гэрэлтуяа, Ундармаа гэх этгээдүүдэд 6.000.000 төгрөг өгч залилуулсан ба Баянзүрх дүүрэгт шалгагдаж байгаа. 2017 онд албан шугамаар явах гэж Хөдөлмөрийн биржид бүртгүүлж, хэлний шалгалт, эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр надад Солонгос улсын Инчеон хотод ажиллах ажлын санал ирсэн бөгөөд цахим визэнд орсон боловч татгалзсан хариу авсан. Энэ бүх хугацаанд ах Энхтайвантай хамтарч барилгын ажил хийдэг байсан. Эхнэрээ ажилд оруулж, өөрөө хүүхдийн сургууль, цэцэрлэг эхлэхээр намраас ажил хийхээр эхнэртэйгээ зөвшилцсөн байсан.
2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр эхнэр маань согтуу байсан ба “хүүхэд алдчихлаа” гэж уурлаад баруун цээжнээс хазаад тавихгүй байсан тул болиулахын тулд алгадаж, хөл рүү нь өшиглөсөн. Үүнээс болж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтэст байцаалт өгч байхад эхнэр болон хадам эх хоёроос миний утсанд мессеж ирсэн. Тэр “...”Голден парк” хотхоны дулаан зогсоол, “Тоёота Клугер” загварын автомашинаа миний нэр дээр шилжүүлэх юм бол энэ хэргийг өршөөе. ...” гэх утгатай мессежийг байцаагч ахмад Мөнхзулд уншуулсан. Ахмад Мөнхзул “...Эхнэр дээр чинь эрүү үүсгэн шалгана, эхэлж цээжнээс чинь хазсан, мессеж ирүүлсэн, мөн нүдээр харсан гэрч П.Энхбаатар байгаа гэсэн байхаа. ...” гэж хэлэхэд нь би “...Та эх хүн, миний эхнэр хөхүүл, 8 сартай нялх хүүхэдтэй. Хадам эх хажууд нь янз бүрийн юм ярьж нөлөөлж байгаа юм. Би удахгүй Солонгос руу явах гэж байгаа. Энэ явдлыг ингээд өнгөрөөж болох уу. Би танд амлалт бичиж өгье. ...” гэж гуйсан. Энэ явдлаас болж манай хадам эх надад өс хонзон санаж “...Энэ нөхөр яагаад арга хэмжээ авахуулахгүй зүгээр явж байдаг билээ. Би хэзээ нэгэн цагт арга хэмжээ авхуулна. ...” гэж удаа дараа хэлдэг байсан. Үүнийгээ хавтас хэрэгт мэдүүлэг өгөхдөө хоёр ч удаа хэлсэн байдаг. Энэ явдал дээр хадам эх намайг “...эхнэрийнхээ хөлийг хугалсан. ...” гэж худал мэдүүлсэн байдаг.
2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр миний эхнэрийн хөл хугарч, цуурсан, зөөлөн эдийн няцрал, тархины бэртэл гэмтэл байхгүй. Харин хаван буулгах зорилгоор гибс тавьсан, “гэмтлийн зэрэг байхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт хавтас хэрэгт байгаа. Хадам эх болох Г.Т нь газар дээрх ганц охин нь насан өөд болсонд өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлоор хэн нэгэн нь гэм буруутай, үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй гэж үзэж, өс хонзон санасан сэтгэлээр намайг эхнэрээ 2013 оноос хойш байнга зодож байгаа гэж худал мэдүүлэг өгч, намайг буруутай гэж үздэг нь надад болон миний хойч үе, үр хүүхдэд маань хэцүү байна. Миний хавтас хэргийг эхнэрээ удаа дараа зодож алсан мэт харагдахаар гэмт хэргийн шинжтэй материалуудыг хавсарган, мөрдөн шалгах ажиллагаа анхнаасаа миний эсрэг хэт нэг талыг барьсан миний эсрэг ажилласан. Эцгийнхээ эсрэг өгсөн хүүхдүүдийн мэдүүлгийг хууль зөрчиж авсан. Мөн надад хамааралгүй дуудлага, худал мэдүүлэг, бэртэл гэмтэл зэргийг хавсаргасан байдаг.
2013 оны 4 болон 6 дугаар сард найз болох Чинбат гэх хүнд зодуулан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хэлтэс дээр шалгагдаж байгаад гомдлоо эргүүлэн авч байсан тэмдэглэл байдаг ба дээрх гэмтэл дээр шинжээчийн дүгнэлт гаргуулж, намайг зодсон гэж гүжирдэн, хадам эх “...2013 оноос эхлэн зодож эхэлсэн” гэх худал мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн хугацаа нь эхнэртэйгээ анх танилцаж, татагдаж байсан үе байдаг.
Миний эхнэр намайг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр миний алгадаж, өшиглөсөн үйлдлийг өөрийн найз Ариунаад хэлсэн бөгөөд энэ талаар Ариунаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлсэн байдаг. Уг мэдүүлгээс намайг талийгаачийг өөр өөр цаг хугацаанд зодож байсан мэтээр ойлгохоор байдаг. Миний эгч Ундармаа талийгаачийн салтаа руу нь өшиглөж, бэлэг эрхтний дээр хөхрүүлж гэмтээснээ анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн бөгөөд үүнийг миний дагавар хүү А.Тулга, гэрч Энхтуяа нар харсан байдаг. Гэтэл эхнэрийн найз Ариунаа нь энэ талаар эзэн холбогдогч нь тодорхойгүй зүйл ярьсан байдаг. Ажлын газрынх нь хүмүүс “...Т.Угийн нүд бага зэрэг хөхөрч, доголчихсон явж байсан. ...” гэж мэдүүлсэн байгаа нь надад ямар ч хамааралгүй. Үүнийг нотлох баримт гарган өгөхөд бэлэн байна. Миний эгч Ундармаа нь талийгаач эхнэртэй маань адилхан нэртэй бөгөөд өөрийн 96686809 дугаартай утаснаас “...Нөхөр агсан, согтуу тавиад байна. Гэрийн хаяг 11 дүгээр хороолол, 5-8 тоот” гэх дуудлагыг 2018 онд өгч байсныг намайг эхнэр Т.Уд агсан тавьсан мэт баримтыг хавтас хэрэгт хавсаргасан нь надад ямар ч хамааралгүй юм. 2018 оны тэр өдөр миний буруу гишгэхийг анаж байсан хадам эх гаднаас орж ирээд, намайг халамцуу сууж байсныг хараад шууд цагдаад дуудлага өгснийг миний эхнэр сонсоод “...Миний хайр хурдхан шиг яв. Ээжийн өвчин нь хөдөлчихөж. ...” гэж хэлээд намайг явуулсан. Энэ талаар хадам эх “...Эхнэр нь нөхрөө явуулчихсан. ...” гэж мэдүүлсэн байдаг.
Миний хайрт хань 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр таалал төгссөн билээ. Энэ золгүй явдлын цор ганц гэрч болох миний охин Г.Цгоос талийгчийг өнгөрсөн өдрийн маргааш орой нь 20 цаг 30 минутаас 21 цаг 30 минутын хооронд эцгийнх нь эсрэг мэдүүлэг авсан байдаг. Миний хүүхэд 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн бөгөөд тухайн өдөр хүүхэд 3 нас 10 сар 4 хоногтой байгаагүй. Бодит байдал дээр 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Г.Ц нь огт мэдүүлэг өгөөгүй байдаг.
2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр миний ах Отгонбаяр нь манай зуслангаас гэрч Г.Цг өөрийн биеэр авч яваад, Шарга морьтод ээжийн зусланд хүргэж өгсөн. Гэрч Г.Ц нь 2018 оны 7 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд ээжийн зуслангаас гарч яваагүй бөгөөд гаднаас ямар ч цагдаа ирж уулзаагүй. Хоёр хоног манай ээж болон Цацрал нартай хамт байж байгаад 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Цацрал өөрийн биеэр 11 дүгээр хорооллын 8 тоотод хүргэж өгсөн байдаг. Гэтэл хадам эх анхан шатны шүүх хуралдаан дээр “...2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гэрч Г.Цг 11 дүгээр хорооллоос очиж авсан...” гэж худал ярьдаг. Миний эх Цэндсүрэн нь 2018 оны 7 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд Г.Ц нь Цацрал бид хоёртой хамт байсан гэж анхан шатны шүүх хуралдаан дээр хэлэх гэсэн боловч сэтгэл санаа нь тогтворгүй, чих хатуу, 80 нас дөхөж яваа учир гэрчээр мэдүүлэг өгүүлэхээс татгалзуулсан байдаг. Энэ талаар гэрч Цацрал мэдүүлэг өгөхөд бэлэн байсан боловч хавтас хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөөгүй учраас анхан шатны шүүх хуралдаан дээр гэрчээр оролцож, үг хэлэх боломж олдоогүй.
Насанд хүрээгүй гэрчийн хууль ёсны төлөөлөгч гэх хүн нь надад өс санасан, надад дургүй, миний эсрэг мэдүүлэг өгсөн манай хадам эх юм. Ийм үндэслэл байсаар байтал хүүхдийн эрх ашгийг зөрчин өвөр дээрээ суулгаад, хүүхдэд нөлөөлж, үг зааж өгч “...Миний охин нөгөөдхөө яриад байгаарай. ...” гэж давтуулсан яриагаа яриулж, мэдүүлэг өгсөн байдаг.
Г.Ц 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлэг өгөхдөө 3 нас 9 сар 26 хоногтой байсан. Гэтэл 3 нас 10 сар 4 хоногтой гэж 9 хоногийн зөрүүтэй тэмдэглэл үйлдсэн. Хэрвээ мэдүүлэг өгсөн гэж үзвэл 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр мэдүүлэг өгсөн болж таарч байна. Энэ бүхнээс үзвэл миний охин Г.Ц нь 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлэг өгөөгүй болох нь ямар ч эргэлзээгүй тогтоогдож байна.
Мөн хавтас хэрэгт авагдсан дагавар хүү А.Тулгаагийн мэдүүлгийг хадам эхийн мэдүүлэгтэй харьцуулж үзвэл нэг л хүн ярьсан мэт үг, өгүүлбэр байдаг нь хадам эх хүүхдэд нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг 2 хувааж үзэх нь зүйтэй гэж би бодож байна. 12 ширхэг фото зураг дээр байгаа 6 хоногийн өмнө унаж, зулгарсан гэмтэл, зүүн нүдний зовхи, зүүн хөмсөгний үзүүрийн язрал болон жижиг хөхөрлүүдийг шинжээч “...3-аас 5 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл учраас үхэлд хамааралгүй. Харин талийгаачийн баруун талын тархины чамархай хэсэгт 1 удаагийн хүчтэй цохилт авч нас барсан ба уг гэмтлийг авснаас хойш дээд тал нь 24 цаг амьд байх боломжтой. ...” гэж дүгнэсэн байдаг. Мөн тухайн өдөр шинээр үүссэн зүүн өвдөг дээрх хумсын чинээ арьс нь сөрж, өм авагдсан шалбархай, баруун мөр, баруун гуя, баруун шилбэний гадна талын зулгаралт, 2 гарын сарвуунд цус хуралт зэрэг гэмтлүүд нь намайг унтаж байхад, тасралтын зэрэгтэй хүн шат өөд өгсөх үедээ бүдэрч хий гишгэж, баруун талаараа унах үед үүссэн гэж би таамаглаж байгаа бөгөөд шинжээч эмч “...Шатан дээр унах үед үүсэх боломжтой. ...” гэсэн дүгнэлт гаргасан байдаг.
Би урьдчилсан хэлэлцүүлэг болон анхан шатны шүүх хурал дээр шинжээчийн дүгнэлт маш эргэлзээтэй гарсан тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж өгөөч, шатан дээр унах үед сүүлд авсан зулгаралтууд нь таарч, тохирч байна уу гэдгийг модел, загвар дээр туршилт хийлгэж, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт тавьсан боловч татгалзсан хариу өгсөн бөгөөд өөрийн охин Г.Цг шүүх хуралдаанд оролцуулж, юу ярихыг нь сонсох гэсэн боловч мөн татгалзаж, намайг гэм буруутайд тооцож 18 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн би гомдолтой байна.
Намайг унтаж байхад талийгаачийг 1 давхарт их хэмжээний согтолттой явж байсныг гэрч Ц.Цоггэрэл харсан байдаг ба 3.8 хувийн промилли алкохол, гүн согтолтын байдалтай хүн өөрөө ойчиж нас барсан бөгөөд миний 3 настай охины мэдүүлгээр намайг ялласанд маш их гомдолтой байна. Би эхнэртэйгээ хамт архи уудаг байсандаа маш их харамсаж, гэмшиж байна. Үүнд: Би маш их гэм буруутай. Миний хайрт хань, халамжит гэргий, гурван хүүхдийн минь эх энэ хорвоогоос үүрд салан одсонд надад маш хүнд, хэцүү байгаа боловч ард минь үлдсэн хүүхдүүдийн минь ирээдүй тодорхойгүй, хайр халамж дутах нь туйлын хүнд, үгээр илэрхийлэхийн аргагүй байна. Эцэст нь хэлэхэд эрхэм шүүгч нараа, би ийм хүний санаанд оромгүй хэргийг үйлдээгүй гэдгээ дахин хэлж, уг хэргийг сайтар тунгаан шүүж, үнэнийг ялган салгаж шийдвэрлэж өгнө үү. ” гэв.
Шүүгдэгч Ш.Гийн өмгөөлөгч Б.Наранцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Ш.Гийг хамтран амьдрагч Т.Угийн амь насыг хохироосон гэм буруутай гэж үзээд ял халдаасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Ш.Г-ийн зодуурын улмаас дээрх шархыг олж авсныг нотолж чадаагүй гэж үзэж байна.
Миний хувьд уг хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас эхлээд өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр гарсан гавал тархины хүнд гэмтэл дээр ямар нэгэн маргаан байхгүй. Шинжээч Ц.Оюун-Эрдэнэ анхны дүгнэлтээ зөрүүтэй тайлбарлаж байгаа нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, Шүүх эмнэлэгт 1-ээс 2 жил ажилласан шинжээчээр анхны дүгнэлтээ гаргуулж, туршлагатай шинжээч нараар бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргадаг журамтай болсон. Өөрөөр хэлбэл, гавал тархины шугаман хугарал нь хавтгай талбай дээрх гадаргуу дээр унах үед үүсдэг. Гэтэл үүнийг шинжээч Ц.Оюун-Эрдэнэ “...Унах, цохих үед үүснэ. ...” гэж ярьдаг мөртлөө “...Унах үед үүсэх бөгөөд цохих үед үүсэх магадлал муутай. ...” гэж хоёр янзаар тайлбарладаг. Шинжээч эмч Ч.Эрдэмболор хохирогчийн талаас гаргаж өгсөн Ш.Гийг урьд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан талаарх материалууд дээр үндэслэн дүгнэлт гаргасан. 2013 онд Ш.Г хохирогчид гар хүрээгүй бөгөөд өөр этгээд зодсон байдал дээр шинжээч эмч Ч.Эрдэмболор дүгнэлт гаргасан. Ч.Эрдэмболор дүгнэлт гаргахдаа цаг хугацааны хувьд шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнээс эргэлзээтэй зүйл ярьдаг. Тэрийг мөрдөн байцаагч мэдүүлгээрээ давхар лавлаж асуусан байдаг.
Утасны зураг дээрх гэмтэл, талийгаачийн нас барсан цогцосны гэмтэл хоорондоо зөрүүтэй. Цогцсон дээрх өвдөгний арьс нь шалбараад сөрсөн байдаг бөгөөд эгэм, хоёр сарвууны шалбархай гэмтлийн цаг хугацааг нарийн тогтоох ёстой байсан. Миний зүгээс үүнд цаг хугацаа хэлж өгөөч гэж хүсэж байна. Шинжээч эмч дүгнэлтдээ зарим гэмтлүүдийг орхисон байдаг. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ эгэмний доод талын гэмтлийг огт бичээгүй.
Миний үйлчлүүлэгч хэлэхдээ “...Би эхнэрээ тамлаж алаагүй. Намайг унтсан хойгуур шатнаас 3.8 бүхэл согтолттой хүн унасан байх магадлалтай. ...” гэж ярьдаг. Үүнд, туршилт хийж өгөхийг хүссэн боловч анхан шатны шүүх амь насанд аюултай, хийхгүй гэсэн. Энд нарийн шинжээчийн дүгнэлт гарч болно. Физикийн талаас ямар байдлаар, яаж унах боломжтой эсэхийг шалгаж үзэх боломжтой. Өмнө нь шатнаас унаж, мөн нүд рүү стакан унасан талаар миний үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр дахин шатнаас унасан байх магадлалтай бөгөөд үүнийг тогтоож өгнө үү. Гэм буруугүй байж ял авч байгаадаа үнэхээр харамсаж байгаа талаараа өөрөө хэлдэг. Анх өмгөөлөгчөөр очиход Ш.Г надаас “...Манай эхнэрийн архины хордлого ямар хэмжээтэй байна. ...” гэж асууж байсан. Миний үйлчлүүлэгч хүний амь нас хохироосон бол өөрийн гэм бурууг нууж, хаах санаа байхгүй. Уг хэрэг мөрдөн байцаалтын шатнаас эхлээд нэг тал руугаа хэлбийсэн.
Насанд хүрээгүй гэрч Г.Цгийн мэдүүлэгт “аав ээжийн толгой руу цохиж зодсон” тухай өөрийн нас, оюун ухааны түвшинд болсон үйл явдлыг мэдүүлсэн байх бөгөөд амь хохирогч өөрөө шатнаас унахыг хараагүй. Өөрөөр хэлбэл, тийм зүйл болоогүй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Гэтэл миний үйлчлүүлэгчийн хэлж байгаагаар Г.Цг өвөр дээрээ суулгаж байгаад тулгаж, зааж мэдүүлэг авсан мөрдөн байцаагчийн асуулт байдаг. Мөрдөн байцаагч асуухдаа ...“Аав Ш.Г нь төмөр шанагаар ээж Т.Угийн хаана цохисон бэ. ...” гэж Г.Цгоос мэдүүлэг авсан байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Мөрдөн байцаагч 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Г.Цгоос мэдүүлэг авсан гэж нас заахдаа “...2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Г.Ц нь 3 нас 10 сар 4 хоногтой байна. ...” гэсэн тэмдэглэлтэй мэдүүлэг байдаг. Анхан шатны шүүх уг тэмдэглэгээг зөв байна гэж үзсэн. Ш.Г бид хоёр хамт тооцож үзэхэд 2018 оны 7 дугаар сарын 26-нд мэдүүлэг авсан бол Г.Ц нь 3 нас 9 сар 26 хоногтой байх ёстой гэдэг нь тогтоогдсон. Энэ талаар анхан шатны шүүх “...3 нас 10 сар 4 хоногтой. ...” гэсэн нь зөв байна гэж үзсэн. Хэрвээ 3 нас 10 сар 4 хоногтой гэдгийг зөв гэж үзэх юм бол 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр мэдүүлэг авсан болж таардаг. Иймд дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилон тайлбар авч өгөхийг хүсэж байна.
Шүүх хурал дээр Ш.Отгонбаяр “...2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр талийгаач нас барсан учир ээжийнхээ зуслан дээр хүргэн өгч, 2018 оны 7 дугаар сарын 27-нд буцаж ирсэн. ...” гэж мэдүүлдэг. Тухайн үед манай зуслан дээр ямар ч цагдаа ирээгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хурал дээр “...Надтай Г.Ц зууралдаж, цагдаагийн ажилтантай тэр дороо явсан. ...” гэж мэдүүлдэг. Гэтэл Ш.Г “...Тийм зүйл болоогүй, манай ах миний хүүхдүүдийг авч явсан. ...” гэж хэлдэг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн уг мэдүүлгийг сүүлд нь анзаарсан. Уг асуудлын талаар Ш.Гийн эх болон Ш.Отгонбаярын эхнэрээс асууж болох байтал асууж тодруулаагүй. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ш.Гийн өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих зүйлсийг хуульчлан заасан бөгөөд уг гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг бүрэн тогтоож чадаагүй, хэрэгт эргэлзээ бүхий нотлох баримтууд авагдсан байхад, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэт яллах талыг баримтлан ял оногдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.” гэж хуульчлан заасаар байхад хавтас хэрэгт авагдсан эргэлзээ бүхий баримтуудыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлээгүй.
Хавтас хэрэгт авагдсан эргэлзээ бүхий нотлох баримтуудын хүрээнд нэгдүгээрт, яллагдагч Ш.Г нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр сэжигтнээр, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар удаа дараа мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлгүүдээр миний үйлчлүүлэгч 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр амь хохирогч шатнаас унасан, мөн хавтас хэрэгт фото зургаар авагдсан гэмтлүүдийн талаар хэрхэн учирсан талаар тогтвортой мэдүүлсэн байхад уг мэдүүлгийн ач холбогдол нөхцөл байдалд мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “ бүх насаар хорих ял оногдуулж болох” хэрэгт заавал өмгөөлөгч оролцуулан мэдүүлэг авах байхад уг хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй.
2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “...Т-ийн У-ийн биед гавал тархины битүү гэмтэл, баруун чамархайн ясны баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорх голомтод цус харвалт, тархины баруун бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн эдийн няцрал, тархины эд дэх голомтлог цэгчилсэн цус харвалт, баруун чамархай хэсэг ба баруун чамархайн булчингийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зүүн шуу, зүүн өвдөг, хэвлий, зүүн буглаг, зүүн, баруун шилбэ, баруун гуя, зүүн тавхайны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. ...” гэсэн шинжээчийн 1654 дугаартай дүгнэлт гарсан байдаг. Уг дүгнэлтийн талаар шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ мэдүүлэхдээ “...Асуулт, амь хохирогчийн гавал тархинд учирсан гэмтлүүд нь унах, цохихын алинд үүсгэгдэх боломжтой вэ, амь хохирогч Т.У-ийн биед учирсан бүх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд хэзээ учирсан байх боломжтой вэ гэхэд, хариулт, гавал тархины гэмтлүүд нь унах, цохихын аль алинд нь боломжтой. ...” гэх мэдүүлэг, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ “...Талийгаачийн цогцост тогтоогдсон гавал тархины гэмтэл нь баруун чамархайн яснаас баруун нүдний ухархайн дээд хана, үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл баруун чамархайн хэсэгт хүч үйлчилснээс үүсэх ба шугаман хугарал нь хавтгай гадаргуутай талбай хэмжээ томтой зүйл дээр унах, ойчих үед үүсэх боломжтой. ...“ гэж эргэлзээ бүхий нөхцөл байдлаар хариулсан.
Хэргийн газрын үзлэгийн фото зураг /3хх 15/ нотлох баримтаар авагдсан байх бөгөөд уг зурагт амь хохирогчийн зүүн өвдөг зулгарч, шалбарсан, мөн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 19/-д “...Баруун мөрний гадна дээд хэсэгт “3*6 см хүрэн өнгийн зулгаралттай байсныг тэмдэглэв” гээд, фото зургийн үзүүлэлт /1хх 20/ авагдсан байна. Амь хохирогчийн биед зулгаралт гэмтлүүд байсаар байхад шинжээч эмч дүгнэлтдээ тусгаагүй орхигдуулсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана.” гэж хуульчлан заасныг зөрчсөн. Мөн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн шинжээч томилох тогтоол /1хх 57/ авагдсан байх ба уг тогтоолтой танилцаж, гарын үсэг зураагүй байна. Энэ нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь шинжээчид эрх үүргийг тайлбарлан өгч , дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхих, тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэх, санаатайгаар худал дүгнэлт гаргавал түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж гарын үсэг зуруулна.” гэж хуульчлан заасан байхад гарын үсэг зуруулаагүй нь уг шинжээчийн дүгнэлтийг нотлох чадвараа алдсан гэж үзэх хууль зүйн үндэстэй.
Хавтас хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээс үзэхэд амь хохирогч болон холбогдогч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг болох нь нотлогдож байгаа боловч ялангуяа хохирогч талаас Ш.Гийг гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдэгч байсан мэтээр мэдүүлэг өгч байгаа нь тодорхой нотлогдож байна. 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хууль ёсны төлөөлөгч буюу хохирогч Г.Тийг оролцуулан 3 нас 10 сар 4 хоногтой Г-ийн Ц-с мэдүүлэг авсан /1хх 54/, 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн насанд хүрээгүй гэрч Тулгын мэдүүлэг /1хх 163/-т хохирогч Г.Тийг оролцуулсан байцаалтууд хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан байх бөгөөд уг гэрч нарын мэдүүлэгт шууд ба шууд бусаар нөлөөлсөн байх үндэслэлүүд харагдаж байна. Учир нь, Г.Т нь амь хохирогчийн эх, уг гэмт хэргийг Ш.Г үйлдсэн гэж үздэг хүн насанд хүрээгүй гэрч нарын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдон мэдүүлэг өгүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 2-т “Арван найман насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахад түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл, садангийн хүн, сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах бөгөөд тэдэнд эрх, үүргийг нь тайлбарлан өгч, энэ тухай тэмдэглэлд тусгана.”, 3-т “Арван найман насанд хүрээгүй хүний эрх ашиг зөрчигдөх бодит үндэслэл байвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнийг оролцуулахгүй байж болох ба өмгөөлөгчийг оролцуулна.” гэж хуульчлан заасан байхад уг хэргийн хохирогч Г.Тийг гэрч нарын хууль ёсны төлөөлөгчөөр томилж, оруулсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” гэж хуульчлан заасан байхад дээрх эрхийг эдлүүлэхгүйгээр дан ганц яллах талын нотлох баримтыг бүрдүүлсэн.
Мөн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр мөрдөгч Баасанбаатар өмгөөлөгч Ж.Баасанжав, өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан насанд хүрээгүй гэрч Г.Цогоос мэдүүлэг авсан байх боловч уг байцаалт авсан өдөр Г.Ц нь аав Ш.Г-ийн ээж дээр байсан бөгөөд ямар нэгэн байдлаар мөрдөгч дуудаж, ирж байцаалт аваагүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг, нөгөө талаас уг байцаалтад Г.Цгийн насыг 3 нас 10 сар 4 хоногтой гэж тэмдэглэсэн байх бөгөөд өмгөөлөгчийн зүгээс насанд хүрээгүй гэрч Г.Цгийн 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар насыг нь тоолж үзвэл 3 нас 9 сар 26 хоногтой байхаар байсан байна.
Нас тоолсон тэмдэглэл 2018 оны 9 дүгээр сарын З0-ны өдөр 4 нас хүрнэ.
Мөрдөн байцаалтыг 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр авсан бөгөөд төрсөн жил, сар, өдрөөр нь хөөж үзвэл 3 нас 9 сар 26 хоногтой байхаар байна. Энэ бүхнийг өмгөөлөгчийн зүгээс техник, технологийн алдаа гэж үзэхгүй байгаа бөгөөд гэрч нарын мэдүүлгүүдээр уг өдөр байцаалт аваагүй болох нь нотлогдож байна.
Хэрэв мөрдөн байцаагч насанд хүрээгүй гэрч Г.Цг 3 нас 10 сар 4 хоногтойд нь байцаасан гэж үзвэл, уг байцаалт авсан өдөр нь 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр буюу хагас сайн өдөр байцаалт авсан байна. Уг гэрчийн мэдүүлгийг шүүх ялтны гэм бурууг тогтоохдоо гол нотлох баримтаа болгосон бөгөөд хүн амины гэмт хэрэг үйлдээгүй хүнийг хэлмэгдүүлэн ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн 4-т “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ.”, 6-д “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно.”, 7-д “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй.” гэж заасан байхад уг нотлох баримтыг нотлох баримтаар үнэлсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон.
2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 27-31/ байх ба уг үзлэгт нэгдүгээрт 103 дугаар луу 12 цаг 34 минутад 35 секунд, 12 цаг 19 минутад 33 секунд ярьсан, хоёрдугаарт 96029811 дугаар луу 12 цаг 46 минутад 31 секунд, 12 цаг 47 минутад 43 секунд ярьсан, гуравдугаарт 99046764 дугаар луу 13 цаг 48 минутад 58 секунд, дөрөвдүгээрт 96686806 дугаар луу 12 цаг 50 минутад 40 секунд, тавдугаарт 8662700 дугаар луу 12 цаг 51 минутад 40 секунд, зургаадугаарт 96686806 дугаар луу 12 цаг 57 минутад 43 секунд, 13 цаг 00 минутад 26 секунд , 13 цаг 16 минутад 11 минут, 13 цаг 16 минутад 19 секунд , 13 цаг 16 минутад 33 секунд утсаар ярьсан байна. Ялтан Ш.Г нь 12 цагийн үед эхнэрээ дээд давхраас буухгүй болохоор нь дээшээ гарч үзээд бие нь хөшөөд нэг биш болохоор нь шууд 103 дуудлага өгсөн талаар мэдүүлдэг бөгөөд уг баримтаар Ш.Г болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн нь нотлогдож байгаа боловч дээрх ярьсан утаснууд хэний эзэмшил болох, тухайн үед Ш.Г ямар байдалтай яг юу гэж ярьсан талаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгүй орхигдуулсан.
Гэрч Д.Оюунзаяа /1хх 46/, гэрч Ц.Цоггэрэл /1хх 48-49/, гэрч Ш.Отгонбаяр /1хх 51/, гэрч Ш.Энхболд /1хх 52-53/ нарын мэдүүлэг хавтас хэрэгт авагдсан байх бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 24-нөөс 25 шилжих шөнө хэрэг болсон хашаанд очсон бөгөөд харсан үзсэн зүйлээ мэдүүлсээр байхад уг мэдүүлгийг анхан шатны шүүх үнэлээгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд, хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокурор, хэргийг эргэлзээгүй тогтоох нөхцөл байдал авагдсан байдаг. Гэтэл хавтас хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд уг хэрэг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлох баримтуудаар тогтоогдсон уу гэвэл, энэ байдал хараахан бүрдэж чадаагүй. Анхан шатны шүүх Ш.Гийг Г.Цгийн мэдүүлгээр буруутгадаг. Г.Цгийн мэдүүлэг нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг, мөн Монголд Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийн зөрчсөн байдаг. Уг хэргийг анх шалгаж эхлэхдээ эрүүгийн хуулийг зөрчсөн.
Ш.Гийг анх 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр сэжигтнээр, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар татахдаа өмгөөлөгчгүй байцаалт авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өмгөөлөгчтэй заавал байцаалт авах нөхцөл байдлыг хуульд зааж өгсөн.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг, насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг дээр оролцуулж байгаа нь хууль ёсны нөхцөл байдал мөн үү. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь ганц охиноо алдсан, сэтгэл зүйн болон тодорхой нөхцөл байдлын хувьд хэн нэгний буруутай үйлдлийн улмаас охиноо нас барлаа гэж асуудалд хандаж байгаа бөгөөд үүнийг буруутгах эрх байхгүй. Гэтэл ингэж буруутгаж байгаа хүн, гэрчийг мэдүүлэг өгөх үед сууж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэж байгаа юу гэдэг асуудал зайлшгүй яригдах ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн тохиолдолд, нотлох баримтаар үнэлэгдэхгүй байх хууль зүйн нөхцөлүүд байгаа.
Хавтас хэрэгт авагдсан гол нотлох баримт болох гэрч А.Тулга нь талийгаачийн биед учирсан гэмтлийг утсан дээр фото зургаар баримтжуулан авсан баримтуудыг өгдөг. Тухайн утсан дээр авагдсан баримтууд, мөн Шүүх эмнэлгийн дүгнэлт хоёрын хооронд хэд хэдэн зөрүүтэй нөхцөл байдлын талаар Б.Наранцэцэг өмгөөлөгч хэлсэн. Өмгөөлөгчийн зүгээс Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай гэж үзэж байна.
Хавтас хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн гаргасан тогтоол дээр шинжээч эмч гарын үсэг зураагүй байдаг. Шинжээч эмч гарын үсэг зураагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарлах үед прокурор тухайн архиваас гарын үсэг зурсан гэх баримтыг гаргаж ирдэг. Гэтэл хавтас хэрэгт авагдсан гэмтлийн зэргүүдийг нарийн тогтоож, хэзээ хэдийд, хаана учирсан, энэ гэмт хэргийг хэн үйлдсэн талаар эцэслэн шийдвэрлэх ёстой.
Хавтас хэрэгт авагдсан баримтаар Г.Цгоос хэдэн сарын хэдэнд мэдүүлэг авсан нь эргэлзээтэй.
2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Ш.Гийн утас, эд зүйлд үзлэг хийсэн байдаг /1хх 21-31/. Ш.Г “...12 цагт хохирогчийг нас барсныг мэдээд 103-т дуудлага өгсөн. ...” гэж мэдүүлдэг. 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 12 цаг 34 минут 35 секундэд 103-т дуудлага хийгээд, дараа нь 96029811, 99046764, 86627000 гэсэн дугаарууд руу дуудлага хийсэн байдаг. Ийм нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан бөгөөд анхан шатны шүүх уг асуудал дээр ач холбогдол өгдөггүй. Ш.Г нь 3 удаа мэдүүлэг өгөхдөө тогтвортой мэдүүлдэг.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг хөтөлж байцаасан талаар хавтас хэргийн 161 дүгээр хуудсанд авагдсан А.Тулгын мэдүүлэг байдаг. Үүнд, “...Асуулт, Г.Т нь 2018 оны 7 дугаар сарын 24-нд ирэхдээ ээж нь утсан дээр зургаа дарж үлдээсэн талаар яриарай, мөн гэр орны ажил хэн хийдэг байсан талаар, аав ээжийнх нь харилцаа ямар байсан бэ. ...” гэж хөтөлж асуусан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмын заалтыг зөрчсөн байна. Иймд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ш.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг санаатай алсан гэм буруутай гэж үзээд, түүнд 18 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг хохирогчийн хувьд түүнд хөнгөн ял оногдууллаа гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.
Ш.Г нь миний охиныг удаа дараа зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан ба эцэст нь санаатайгаар амь насыг нь хохироосон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ямар ч эргэлзээгүйгээр, хангалттай нотлогдсон байдаг. 2016 онд маш харгисаар зодож, хөлийг нь хугалсан талаар цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн байхад нь Ш.Г нь "...би дахиж зодохгүй. ..." гэсэн баталгааг цагдаад өөрийн гараар бичиж өгөөд улмаар охиныг минь гуйж, дарамталж байгаад гомдолгүй гэж хэлүүлэн, хэргээ хэрэгсэхгүй болгуулсан. Миний охиныг Ш.Г удаа дараа яаж зодож, ямар гэмтэл учруулж байсныг Ариунаа гэдэг найз нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлж гэрчилдэг. Мөн цагдаагийн 102 дугаарт өгч байсан дуудлагууд зэрэг нь түүнийг гэр бүлийн хүчирхийлэгч байсан гэдгийг хангалттай нотолдог. Гэтэл Ш.Г нь “...Би Т.Уг огт зодож, цохиж, хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Тэр өөрөө шатнаас унаад амь насаа алдсан. ...” гэж талийгаач болсон охиныг минь буруутгаж, янз бүрээр хэлж доромжилсон мэдүүлэг өгч байгаа нь ганц охиноо алдсан надад сэтгэл зүйн хувьд маш хэцүү байсан.
Талийгаач нас барахаасаа 7 хоногийн өмнө намайг харж байхад шатнаас унаж гэмтсэн. Тэрнээсээ болоод нас барсан гэж Ш.Г мэдүүлдэг боловч үүнийг нь түүний төрсөн ах Ш.Энхтайван нь шүүх хурал дээр үгүйсгэсэн мэдүүлэг өгч байсан. Мөн шүүх хуралд оролцсон шинжээч эмч Ц.ОюунЭрдэнэ нь талийгаачид учирсан гэмтлүүд шинэ гэмтэл байсан бөгөөд тархиндаа ийм гэмтэл авсан хүн 7 хоног амьд явах боломжгүй талаар мэдүүлсэн зэрэг нь Ш.Гийг илт худал мэдүүлэг өгч байгааг нотолж байсан.
Энэ хүн 20 хүрэхгүй шахам жил шоронд суугаад ах дүү нартаа хүрээд ирнэ. Мөн энэ хугацаанд ар гэрийнхэнтэйгээ уулзаж, учирч байна. Гэтэл миний охин хэзээ ч бидэнд эргэж ирэхгүй болсон. Ш.Г нь ханилсан хань, 2 хүүхдийнхээ эхийн амь насыг санаатай хохироочхоод "...Би хүн алаагүй. Миний ял хүндэдсэн. ..." гээд давж заалдаж байгаад нь үнэхээр дургүй хүрч, маш их гомдож байна.
Шүүх эмнэлгийн шинжээч Ц.Оюун-Эрдэнийн хэлснээр “...Гэмтсэн даруйд нь арга хэмжээ авч, эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлсэн бол амьд гарах боломж байсан. ...” гэдэг. Харин Ш.Г нь хэрэг болсон өдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хоёр охин нь өглөө босоод ээжийнхээ тухай аавдаа удаа дараа хэлээд байхад үл тоомсорлосон нь хэтэрхий цэвдэг сэтгэлтэйг харуулж байна. Хүний амийг аварч болох өчүүхэн боломж байвал туслалцаа үзүүлдэг нь хүний ёс биш билүү. Миний охиныг аварч болох цорын ганц боломж байсаар байтал санаатайгаар ашиглаагүйг сонсоод төрсөн эх миний бие гомдохын дээдээр гомдож байна. Ш.Г нь тухайн үед ийм хуншгүй зан гаргаснаар өнөөдөр би үлдсэн насаараа охингүй, миний зээ нар төрсөн ээжгүй боллоо.
Ш.Г нь ажил хийж мөнгө олдог ид насан дээрээ байгаа хэдий ч ердөө ажил хийж байгаагүй. Бэлэн юман дээр байсан ба эхнэрээ бага цалинтай ажил хийж байна гэж загнадаг. Орчуулга хийж, ганц хоногийн ч болов мөнгө авсангүй гэж загнаж байсан нь үнэхээр ямар ч ичгүүргүй хүн юм гэдгийг дахин харуулж байна.
Ш.Г нь миний сайхан охиныг амьд мэнд дагуулж явчихаад эцэст нь өөрийнх нь ээжид “...Охин чинь үхсэн байна. ...” гэж ямар аймшиггүй зүрхээр хэлж чадаж байгаа юм бэ. Харин ийм харгис хэрцгий, өөрийн хийсэн хэргээ үнэн зөвөөр нь хүлээгээд уучлалт гуйчих хүн чанаргүй энэ этгээдэд шүүхээс хөнгөн ял шийтгэл оноосон гэж үзэж байгаа тул тухайн зүйлд нь заасан хамгийн хүнд ял шийтгэлийг оногдуулж өгөхийг хүсэж байна. Хохирогч миний хувьд маш их гомдолтой байна.
Би ганц охинтой, охинтойгоо хамт амьдардаг байсан бөгөөд охиныхоо соёл боловсрол, хүмүүжлийг анзаарч хардаг байснаас биш өөрөөсөө холдуулж үзээгүй. Гэтэл өнгөрсөн зун нэг сар охинтойгоо уулзаагүй, утсаар харьцдаг байсан. Миний хувьд Ш.Гийг үзэн ядсан зүйл байхгүй. Ш.Гт охиныхоо амь насыг даатгаад явуулсан. Миний гомдох шалтгаан бол шалбарсан, хөхөрсөн, няцарсан ч бай миний охин өнөөдөр амьд, надад болон хүүхдүүдэд маань харагдаж байсан бол болох байсан.
Миний охиныг үхэлд хүргэсэн шалтгаан нь тархины гэмтэл. Уг гэмтэл нь шатнаас унаснаас үүссэн бөгөөд Ш.Г миний охиныг шатнаас түлхэж, охин маань бүтэн биеэрээ өнхөрч унасан талаар надад хэлсэн. Би охиноосоо юунаас болж унасан талаар асуухад, “...Байрнаас болсон. ...” гэж хэлсэн. Ш.Гоо чи мэдэж байгаа шүү дээ. Та нар манайд амьдарч байсан. Энэ хугацаанд чи ажил хийдэггүй, эцсийн дүнд охин маань аргаа бараад чамд үг хэлдэг байсан. Тэр үед би охиноо дандаа загнадаг. Харин чамд үг хэлж үзээгүй, чамд ярилцъя гэж хэлэхээр чи надаас зугтаадаг байсан. Өнөөдөр би худлаа яриад яах юм.
Зуслан дээр байхад чи Г.Ануцэцэнг тэвэрч байсан. Тухайн үед би охиноо үхсэн гэж бодоогүй. Нүүр нь муухай болчихоод, нуугдаад, айгаад байна гэж бодсон. Миний хувьд цагдаагийн хойно, урдуур нь гүйж байгаад тэр байшин руу оръё гэж бодож байхад Г.Ц надаас зуураад байсан. Тэгэхээр нь Г.Цг өөрөөсөө салгаад машинд суулгасан.
2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр надаас мэдүүлэг аваагүй. Учир нь намайг хавтас хэргээс охиныхоо зургуудыг харж байх үед байцаагч надад “...Та мэдүүлэг өгөх чадалгүй байна, өмгөөлөгч ав. ...” гэж зөвлөсөн. “...Хүүхэд амархан юмаа мартдаг, та хүүхдээ аваад ир. ...” гэж хэлэхээр нь бид нар 11 дүгээр хороололд очиж, Г.Ц, Г.Ануцэцэн хоёрыг авчирсан. Г.Цгоос мэдүүлэг авах гэтэл ганцаараа орохгүй байсан. Тэр үед байцаагч надад “...Г.Цтой хамт ор, гэхдээ та юм ярьж болохгүй шүү. ...” гэж хэлсэн. Надад угаасаа юм ярих чадал байгаагүй. Би охиныхоо улаан нязрал, цус, хамаг юмыг нь задалсан байхыг хараад ухаан алдсан.
Хүмүүс надаас “...Нилээд хэдэн сар өнгөрчихлөө, одоо таны сэтгэл санаа гайгүй болж байна уу. ...” гэж асуудаг. Цаг хугацаа өнгөрөх тусам сэтгэл, санаа улам хэцүү болж байна. Хамгийн гол нь шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ надад хэлэхдээ “...Унасан даруй эмнэлэг рүү аваад явсан бол хохирогчийн амь насыг аврах боломж байсан. ...” гэж хэлсэн. Ш.Гоо чи яагаад амыг нь авраагүй юм бэ. Би үүнд маш их гомдож байна.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Тийн өмгөөлөгч С.Батжаргал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: “Ш.Гийг гэр бүлийн хүчирхийлэгч байсан гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. 2013 онд хохирогчийг зодож, шүүх эмнэлэгт үзүүлэхгүйгээр цагдаагийн байгууллагад өөрөө дахин хохирогчийг зодохгүй гэсэн, амлалтыг бичиж өгөөд хэрэг хэрэгсэхгүй болж байсан. Тухайн үед хохирогчийн гомдлоор хэрэг хэрэгсэхгүй болдог байсан. Манай эгчийг нөхөр нь зодоод, тэр дуудлагыг манай эхнэрийг дуудсан мэтээр анхан шатны шүүх тогтоолдоо тусгасан гэж ярьж байна. Хавтас хэргийн 43, 44 дүгээр хуудсанд авагдсан Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн лавлагаагаар Г.Тийн утаснаас 10 удаагийн дуудлага ирсэн байдаг. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэгч байсан гэдгийг эргэлзээгүй нотлох баримт болж байгаа.
Хавтас хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт нь ямар ч маргаангүй, анагаахын шинжлэх ухааны үндэслэлтэй гарсан дүгнэлтүүд байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд хоёр шинжээчийг оролцуулахад, шинжээч нар гаргасан дүгнэлтээ хангалттай тайлбарлаж, асуусан асуултад хариулсан. Мөн талийгаачийн тархинд Ш.Гийн үйлдлийн улмаас гэмтэл учирсан ба энэ талаар эргэлзээтэй асуудал хавтас хэрэгт байхгүй.
Утасны зураг дээр байгаа гэмтэл болон цогцосны гэмтэл зөрүүтэй байсан талаар ярьж байна. Шинжээч эмчийн дүгнэлтэнд нэг, хоёр мөрний зулгарал тусгагдаагүй. Энэ нь хохирогчийн амь нас хохирсонтой холбоогүй. Тухайн үед шинжээч эмчээс хохирогчид учирсан гэмтлийн талаар асуухад, долоо хоногийн өмнө үүссэн гэмтэл биш, шинэ гэмтэл гэдгийг тайлбарлаж хэлж байсан.
Г.Цгоос долоо хоногийн зөрүүтэй мэдүүлэг авсан нь хэрэгт ямар ч ач холбогдолгүй. Г.Цг мэдүүлэг өгөх үед сурган хүмүүжүүлэгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарыг байлцуулж мэдүүлэг авсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Ш.Г нь 2018 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустайн зуслангийн задгайд байрлах, зуслангийн байшиндаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Т.Уг зодож алсан болох нь:
гэрч Б.Цэгмидийн "...Г.Ттэй хамт явж байсан чинь хүргэн нь залгаад "Танай охин нас барсан юм шиг байна." гэтэл Г.Т "Чи миний хүүхдийг алсан, чи л байнга зодож, нүддэг биз дээ." гээд утсаа салгасан. ...Хашаанд ирэхэд тэр залуу “...Унтаад байхаар нь эхнэрийгээ сэрээгээгүй. ...” гэсэн. Г.Т “Миний охин өглөө болгон 7 цагт босож, хоол унд бэлдэж, хүүхдүүдээ хооллодог. Амьдралынхаа хэвшил болгосон байтал яагаад 12 хүртэл сэрээгээгүй юм бэ. ...чи байнга зоддог биз дээ. ..." гээд байсан. ..." /1хх 45/,
гэрч Ц.Цоггэрэлийн "...Ш.Г, талийгаач хоёрын хооронд хэрүүл, маргаан болж гэж сонсогддог. ..." /1хх 49/,
гэрч Ш.Отгонбаярын "...Би Ш.Г-ийн ах нь байгаа юм. ...Өмнө нь хадам ээж нь намайг дуудахаар нь очсон чинь талийгаачийн хөл өвдөөд явж чадахгүй байсан. ...Би шинэ гэмтэл рүү хүргэж өгч байсан. ..." /1хх 51/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Тийн "...2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүргэн Ш.Г над руу залгаад миний охиныг үхсэн гэж хэлсэн. ... Охиныг маань насилк дээр гаргаж ирэхэд нь би гуйж байгаад охиныхоо царайг харахад доод уруулаа дээд шүдээрээ хазсан, хөмсгөө аймаар зангидсан, баруун, зүүн гар нь цээж хэсэгтээ ирчихсэн, баруун талынхаа өвдөгийг дээш нь татчихсан байсан. Нүүр нь энэ тэндээ хөх няц болчихсон байсан. Би охиныгоо зөндөө тамлуулсан байна гэж бодсон. Охин маань их шаналсан, зовсон царайтай байсан. Зүгээр унтсан хүн юу гэж ийм байхав дээ. ...Би тэнд байхдаа том зээ охин Г.Цгоос "...Миний охин юу болсон юм бэ, яасан юм бэ, аав нь архи уусан уу. ..." гэхэд зээ охин "...Аав архи уусан, ээжийг зодсон, ээжийг түлхсэн, ээж унасан, ээж ёо ёо болсон. Тэгээд ээжийг босохгүй болохоор нь аавд хэлэхэд “зүгээр” гэж хэлсэн. Аав бид нарыг түгжчихсэн учраас шээсээ асгаж чадахгүй байсан. ..." гэж хэлж байсан. ...Ш.Г нь Т.Уг зодсон талаар 3 удаа цагдаад тэмдэглүүлж байсан. Цагдаад тэмдэглүүлээгүй нь 3 удаагийн асуудал байгаа байх. Байнгын айдас түгшүүртэй биш боловч охиныг маань үө үө зодчихоод байдаг байсан. 2013 оноос эхэлж зодож эхэлсэн. Т.У надаас нуугаад хэлдэггүй байсан. ...Тухайн үед манай компани дээр Оросууд ирчихсэн, орчуулгын ажил байсан болохоор би "...Чи маргааш орчуулга хийгээд өгөөч ээ. ..." гэхэд “...Ээж би одоогоор орчуулга хийх боломжгүй байна. Яагаад гэвэл миний нүүр ам хөх няц болоод нүүрэн дээрээ сорвитой болчихсон байгаа. Би хүүгийн утсан дээр зураг аваад нуугаад үлдээчихсэн байгаа. Та ажлаасаа ирээд зургуудыг үзээрэй. Та Ганзо дээр арга хэмжээ авахуулна гэж ярьдаг байсан. Одоо тэр арга хэмжээгээ ав даа, битгий санаа зов доо, орой утсаар яръя. ..." гэж хэлсэн. Тэгэхээр нь би "...Чи яагаад сорвитой, хөх няц болчихов оо, юу болсон юм бэ, чи надад болон хүүхдүүддээ эрүүл саруул хэрэгтэй шүү. ..." гэж хэлэхэд Т.У "Ганзо намайг зодсон." гэхээр нь би "Шалтгаан нь юу юм бэ, юунаас болов оо. ..." гэхэд Т.У "Байрнаас болсон. “Намар боллоо зуслангаас буугаад хаана амьдрах юм бэ.” гэж асуусан чинь “Байр ямар хамаатай юм бэ.” гээд тэрнээс болоод бид хоёр хэрэлдээд зодуулсан. ..." гэж хэлсэн. ...Би хоол хийж байгаад хүүгээсээ "Ээж чинь зураг гээд байсан, утсаа надад үзүүлээдэх, ээжийн чинь нүүр царай нь ямар байсан бэ. ..." гэхэд А.Тулга "Хөх няц болчихсон байсан. Тэгээд ээж “Миний толгой өвдөөд, чих шуугиад байна.” гэхээр нь би “Ээж та эмнэлэгт очиж үзүүлээч ээ.” гэхэд ээж “Ингэж байгаад зүгээр болчихно доо.” гэж хэлсэн. ...” гэж хэлээд утсан дээрх Т.Угийн зургуудыг надад үзүүлсэн. Т.У маань өөрийнхөө биеийн хөх няц болсон хэсгүүдийн зургийг аваад, Ганзогоос нуугаад үлдээсэн байсан. Би энэ зургийг үзээд шууд орой 21 цаг өнгөрч байхад Т.Угийн 99816161 дугаар луу залгасан. Т.У утсаа авахаар нь би "Т.У яаж зодуулахаараа ийм болчихдог юм бэ, юу болоод байгаа юм бэ, би зөвхөн нүүрэн талдаа гэж бодсон чинь бие хаа чинь авах юм алга, явж үзүүлээч ээ. ..." гэхэд Т.У "Гайгүй дээ ээж ээ, харин над руу Ганзо уурлаад “...Ээж чинь чамд орчуулгын ажил олж өгөөд байхад явж орчуулгыг нь хий, ганц өдрийн мөнгө ч болов ав, мөнгө хэрэгтэй байна ш дээ, наад нүүр, амаа кремээр тосдоод ч хамаагүй яв гээд намайг загнаад байна." гэхээр нь би “Ийм хөх няц болчихсон байж, намайг төлөөлөөд орчуулга хийхээр очвол миний нэр хүндийг унагана, надад ийм орчуулагч хэрэггүй, чи наад Ганзодоо хэл. ...” гэж хэлсэн. Т.У “Нэгдүгээрт Ганзогоос айж байна, шоронд яваад ирвэл улам харгис болно ш дээ, тэгээд ч бид хоёр дундаасаа хүүхэдтэй юм чинь гайгүй байлгүй. ...Зургаа өөрийнхөө утсан дээр авсан чинь Ганзо устгачихсан. ...” гэж хэлж байсан...” /1хх 141-151/,
насанд хүрээгүй гэрч А.Тулгын "...Талийгаач ээж 7 дугаар сарын 24-ний өдөр урлангийн гэрт ирэхдээ надад “Ганзо намайг шатнаас түлхэж унагаад, би бүтэн биеэрээ өнхөрч унаад толгой өвдөөд байгаа, чих дүнгэнээд байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Би ээж та эмнэлэгт очиж үзүүлээч” гэхэд ээж “Гайгүй ээ, ингэж байгаад гайгүй болчихдог юм...” гэж хэлсэн. Тэр өдөр ээж Ану, Цэцээ хоёрын багадаа ашиглаж байсан орыг зарсан юм. Тэгээд ээжийг ярьж байхад аав гаднаас орж ирэхэд ээж ярихаа больсон. Тав дахь өдөр болгон аав найз нартайгаа гадагшаа яваад өгдөг. Хагас, бүтэн сайнд ээж уурлаад аав руу залгахаар аав утсаа авахгүй. ...Нэг дэх өдөр эмээг ажилдаа явсан дараа аав ...архитай орж ирээд ээжийг тайвшруулах гээд архи өгдөг байсан. Аав согтуу байхаараа ээжийг хөл гараараа өшиглөж зоддог. Бүр хуучин эмээгийн ажлаасаа ирэх цаг болж байхад аав согтуу урлангийн гэрт унтаж байсан чинь ээж аавыг "Сэрээрэй" гээд мөрнөөс нь татахад аав “Битгий солиороод бай” гээд хөлөөрөө гуя хавьцаа нь өшиглөөд, ээж хойшоо шкаф мөргөөд унаж байсан. Аав архи уухаараа ээжийг дандаа хараалаар дууддаг. Ерөнхийдөө согтуудаа зодож өшиглөдөг. ...Ээж тэр өдөр ирэхдээ миний утсан дээр өөрийнхөө хөх няц болчихсон зургийг аваад үлдээсэн. Би орой нь эмээг ажлаас ирэхэд нь ээжийн тэр зургуудыг үзүүлсэн юм..." /1хх 161-162/,
гэрч Д.Ариунбаатарын "...2018 оны 7 дугаар сарын 24-ний 16 цагийн орчим намайг залгахад ямар ч ярианы чадваргүй эрэгтэй хүн утсыг нь аваад юм ярихгүй, согтуу байх шиг байсан. ...Цаана нь хүүхэд дуугарч байсан. ..." /1хх 186/,
Гэрч Г.Туяагийн мэдүүлэг "...Хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. Эгч маань над руу утсаар яриад "Ш.Г Т.Угийн хөлийг хугалсан байна. Одоо бид нар Ш.Гийн ахтай хамт Гэмтлийн эмнэлэг рүү аваад явж байна..." гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэгт очоод гипс хийлгэсэн гэж байсан. Өмнө нь бас Ш.Г Т.Угийн нүүр, ам руу цохиод хөх няц болгосон гэж сонсогдож байсан. Яг хэзээ, ямар байдлаар зодож, цохисон талаар мэдэхгүй. Энэ хүнтэй хамтран амьдарснаас хойш энэ хүн нь архи уудаг болж таараад, сүүлдээ бүр зоддог болсон байсан. ...Би "Хүчирхийллийн эсрэг төвд хандаач ээ, цагдаад хэлээч ээ, хүнийг ингэж даврааж болохгүй, эсвэл наад хүнээсээ салаач. ..." гэж зөвлөгөө өгч байсан. ...Хоорондоо зодолдсон, хоёр талаас зодолдсон биш, дандаа Ш.Г зодсон яриа гардаг байсан. ..." /1хх 189-191/,
гэрч Ц.Ариунаагийн "...Талийгаач 3 хүүхдээ дагуулаад “Ш.Гт зодууллаа, муудалцлаа.” гэж манайд оройн цагаар 3 удаа ирж байсан. Хонож байгаагүй санагдаж байна. Оройдоо юм уу, шөнөдөө Ш.Г нь ирээд аваад явж байсан. Энэ 3 ирсэн тохиолдлыг он, сар, өдрөөр нь хэлж мэдэхгүй байна. Хааяа би талийгаачийн гэрт очдог байсан. Талийгаач “Ш.Г намайг зодсон.” гээд хөх няц болсон гар, хөл, эмзэг эрхтнээ хүртэл үзүүлж байсан. Эмзэг эрхтнийх нь дээд талд хэвлийгээс жаахан доор газар хөхөрчихсөн байсан. Талийгаач “Зодсон, өшиглөсөн” гэж хэлдэг байсан. Талийгаач “Ш.Г уугаад байна аа, бас намайг уулгаад байна...” гэж хэлдэг байсан. Талийгаач над руу бас утсаар ярьж зодуулсан талаараа хэлдэг байсан. Би бас Орос хэлтэй, гаралтай болохоор утсаар нууц ярих юм аа Орос, Монголоор ярьдаг байсан. Талийгаач хажууд нь ярьж чадахгүй хэцүү байсан юм болов уу даа гэж боддог..." /1хх 192-193/,
шинжээч Ц.Оюун-Эрдэнийн “...Талийгаачийн биед учирсан гэмтэл нь олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. ...Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. ...Талийгаачийн биед учирсан гавал тархины гэмтэл нь явганаас өөрийн аясаар унах, ор, сандал гэх мэт тодорхой өндрийн хэмжээ багатай зүйлээс унаж, ойчих үед үүсэх боломж багатай. Харин тодорхой өндөртэй шат мэт зүйлээс унахад үүсэж болно. Мөн гараар цохиод унах үед үүсэх боломжтой. ...Талийгаачийн биед учирсан гэмтэл нүүрээр унах үед үүсэх боломжгүй, цохих үед үүсэх боломжтой. ...Босоо болон хэвтээ, суугаа байрлалд өөрийн хүчээр хана, шал мөргөх үед гавал тархины гэмтэл авах боломж багатай” /1хх 201-205/ гэх мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Талийгаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай ясны баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн эдийн няцрал, тархины эд дэх голомтлог цэгчилсэн цус харвалт, баруун чамархай хэсэг ба баруун чамархайн булчингийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зүүн шуу, зүүн өвдөг, хэвлий, зүүн бугалга, зүүн, баруун шилбэ, баруун гуя, зүүн тавхайны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн эмгэг өвчин тогтоогдсонгүй. ...” гэх 1654 дугаартай дүгнэлт /1хх 195-197/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1044 дугаартай шинжээчийн “...Т.Угийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, хоёр нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт, зүүн мөр , гар, цээжний зүүн ар хэсэг, бүсэлхийн зүүн хэсэг, баруун, зүүн ташаа, өгзөг, хоёр хөлийн гуянд цус хуралт, зүүн нүдний гадна дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд 2013 оны 4 дүгээр сард тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, 2013 оны 6 дугаар сард хоёр нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт, зүүн мөр, гар, өгзөг, хоёр хөлийн гуянд цус хуралт гэмтэл учирсан байна. Фото зургаас үзэхэд 2018 оны 7 дугаар сард зүүн нүдний зовхи, цээжний зүүн ар хэсэг, бүсэлхийн зүүн хэсэг, баруун, зүүн ташаанд цус хуралт, зүүн нүдний гадна дээд хэсэгт зулгаралт гэмтэл учирчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдээс зүүн нүдний гадна, дээд хэсгийн зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусад гэмтэл нь тус бүрдээ 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Фото зурагт тусгагдсан зүүн нүдний зовхи, цээжний зүүн ар хэсэг, бүсэлхийн зүүн хэсэг, баруун, зүүн ташааны цус хуралт, зүүн нүдний гадна, дээд хэсгийн зулгаралт нь зураг авагдсан өдрөөс 3-аас 5 хоногийн өмнө үүссэн байхаар гэмтэл байна. ...” /1хх 243-244/,
Шүүх сэтгэц, эмгэг судлалын 766 дугаартай комиссын “А.Тулга нь хэргийн талаар өөрийн насны түвшинд зөв тусган ойлгож, болсон хэргийн талаар өөрийн насны түвшинд зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. А.Тулга нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн өвчнөөр өвчилсөн гэх шинж тэмдэг үгүй байна. А.Тулга нь одоогоор цочирдлын дараах сэтгэл зүйн хариу урвалтай байна. ...” /1хх 230-232/,
Шүүх сэтгэц, эмгэг судлалын 762 дугаартай комиссын “...Г.Ц нь хэргийн талаар өөрийн насны түвшинд зөв тусган ойлгож, болсон хэргийн талаар өөрийн насны түвшинд зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Ц нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн өвчнөөр өвчилсөн гэх шинж тэмдэг үгүй байна. ...” /1хх 235-238/ гэх дүгнэлтүүд,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 4-7/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 8-16/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 17-18/, цогцосны гадна үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /1хх 19-21/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “Хуулийн үйлчлэлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд нэгэн адил хамаарна.” гэж заажээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.Гт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Ш.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна.
Шүүгдэгч Ш.Г нь “...Би урьдчилсан хэлэлцүүлэг болон анхан шатны шүүх хурал дээр шинжээчийн дүгнэлт маш эргэлзээтэй гарсан тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж өгөөч, шатан дээр унах үед сүүлд авсан зулгаралтууд нь таарч, тохирч байна уу гэдгийг модел, загвар дээр туршилт хийлгэж, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт тавьсан боловч татгалзсан хариу өгсөн бөгөөд өөрийн охин Г.Цг шүүх хуралдаанд оролцуулж, юу ярихыг нь сонсох гэсэн боловч мөн татгалзаж, намайг гэм буруутайд тооцож, 18 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн би гомдолтой байна. ...” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг нь “...Миний үйлчлүүлэгч хэлэхдээ “...Би эхнэрээ тамлаж алаагүй. Намайг унтсан хойгуур 3.8 бүхэл согтолттой хүн шатнаас унасан байх магадлалтай. ...” гэж ярьдаг. Үүнд, туршилт хийж өгөхийг хүссэн боловч анхан шатны шүүх амь насанд аюултай, хийхгүй гэсэн. Энд шинжээчийн дүгнэлт гарч болно. Физикийн талаас ямар байдлаар, яаж унах боломжтой эсэхийг шалгаж үзэх боломжтой. ...Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж нь “...Хэргийн газрын үзлэгийн фото зураг /3хх 15/ нотлох баримтаар авагдсан байх бөгөөд уг зурагт амь хохирогчийн зүүн өвдөг зулгарч, шалбарсан, мөн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 19/-д “...Баруун мөрний гадна дээд хэсэгт “3*6 см хүрэн өнгийн зулгаралттай байсныг тэмдэглэв” гээд фото зургийн үзүүлэлт /1хх 20/ авагдсан байна. Амь хохирогчийн биед зулгаралт гэмтлүүд байсаар байхад шинжээч эмч дүгнэлтдээ тусгаагүй орхигдуулсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана.” гэж хуульчлан заасныг зөрчсөн. ...Иймд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү.” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1654 дугаартай “...Талийгаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай ясны баруун нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийн эдийн няцрал, тархины эд дэх голомтлог цэгчилсэн цус харвалт, баруун чамархай хэсэг ба баруун чамархайн булчингийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зүүн шуу, зүүн өвдөг, хэвлий, зүүн бугалга, зүүн, баруун шилбэ, баруун гуя, зүүн тавхайны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. ...” гэсэн дүгнэлт болон дээр дурдагдсан шинжээчийн дүгнэлтүүдээс үзэхэд шүүгдэгч Ш.Гийн гэмт үйлдлийн улмаас хохирогч нас барсан нь шууд шалтгаант холбоотой байх бөгөөд үйл баримтыг өөрөөр үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Түүнчлэн хэрэгт тусгай мэдлэг бүхий Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэд хэдэн удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн гаргасан 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1654, Ч.Эрдэмболорын гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1044 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг шинжлэн судалж нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгох эрхгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Тийн “...Тухайн зүйл ангид нь заасан хамгийн хүнд ял шийтгэлийг оногдуулж өгөхийг хүсэж байна. ...” гэх, шүүгдэгч Ш.Гийн “...Намайг гэм буруутайд тооцож, 18 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн би гомдолтой байна. ...” гэх, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэгийн “...Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэх, Б.Дашдоржийн “...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү ...” гэх давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж заажээ.
Дээрх хуулийн заалтаас үзвэл, гэрчээр асуугдах этгээд нь гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөх, өгөхгүй байх эрхийн утга агуулга, ач холбогдлыг мэдсэний үндсэн дээр мэдүүлэг өгөх эсэхээ бие даан шийдвэрлэх чадамжтай хүнд хамаарах асуудал байна гэж үзэв. Иймд 3 нас 10 сар 4 хоногтой Г.Цгийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т, шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг, Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ