Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/00177

 

  *******,******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 539 дүгээр шийдвэр,

 Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 67 дугаар магадлалтай,

 *******,******* нарын нэхэмжлэлтэй,

Г.Ундармаа,******* нарт холбогдох,

Зохигчийн хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан тул гэрээний дагуу шилжүүлсэн 10 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 Орон сууцыг ашигласан хугацаанд олох байсан орлого 8 125 000 төгрөг, байранд үүссэн элэгдэл, хорогдол, эвдрэл гэмтлийг сэргээн засварлахад шаардлагатай зардал 1 875 000 төгрөг, ашиглалтын зардал буюу ус дулааны төлбөр 521 000 төгрөг, нийт 10 521 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч*******,******* нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч*******гийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч *******,******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч *******,******* бид өмнө нь*******д холбогдуулан 2015 оны 09 дүгээр 23-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг, мөн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн*******тэй хийсэн Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байсныгаа дараах байдлаар өөрчилж байна.

Бид 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дархан сумын 8-р баг Будда тауны 17-р хороолол 1-8 тоот орон сууцыг худалдах-худалдан авахаар*******тай харилцан тохиролцож Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хийсэн. Гэрээг хийхдээ байрны урьдчилгаанд 10 000 000 төгрөгийг бид түүнд өгөх,******* нь биднийг 8 хувийн банкны зээлд хамааруулж өгөхөөр тохиролцсон. Тэр үед бид 2-ын аль аль нь банкинд зээлтэй байсан учраас дахин зээлд хамрагдаж болох боловуу гэж асуухад болгоод өгнө өө гэж хэлсэн учраас бид итгэсэн. Ингээд тэр өдрөө мөнгөө бэлнээр өгч******* нь банкны зээлийг дариу хөөцөлдөж өгөхөөр болсон. Бид түүнтэй холбогдож юу болж байна, нэлээд удчихлаа байр савгүй хэцүү байна, болж бүтэхгүй байгаа бол мөнгөө буцааж авъя гэж утсаар хэлэхэд та нар энэ байрандаа орчих, мөнгө чинь эргэлтэд орсон байхгүй, буцааж өгөх боломжгүй байна гэж хэлсэн. Ингээд бид байранд нь 11 сарын 15-нд орсон.******* нь банкинд материалаа өгөөдөх гэж хэлээд хоёр ч банк руу биднийг явуулсан. Банкууд 8 хувийн орон сууцны зээл зогссон гээд гаргаж өгөхгүй явсаар 9 сар болсон. Энэ хооронд биднийг наад байраа суллаад өөр байр луу ороодох энэ байр чинь барьцаанд байгаа та нарыг байлгаад байх боломжгүй боллоо гэж хэлж байсан. Дараа нь дахин гэрээ хийгээдэх гээд шаардаад байсан. Хэрэв гэрээ хийхгүй гэвэл гар гээд байсан учир өвөл байсан учраас, орон байргүйн зовлон байсан учраас арга буюу гэрээг нь хийсэн. Тэр гэрээгээ******* гэж хүнтэй хийлгэсэн. Тэр******* гэж хүн нь ч өөрөө байгаагүй. Ор гэсэн байранд нь орж амжаагүй байтал 9 дүгээр сарын 15-нд манайхыг гар гээд байрнаас гаргасан. Урьдчилгаанд өгсөн мөнгөө тэгвэл авмаар байна гэтэл түрээсийн мөнгөнд тооцож авна гээд өгөөгүй. Ийнхүү бидний хооронд маргаан үүсэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.******* нь гэрээнээсээ татгалзаж биднийг байрнаасаа хөөж гаргасан учраас урьдчилгаанд өгсөн 10 000 000 төгрөгөө буцаан гаргуулж авахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Иймд*******гаас урьдчилгаанд өгсөн 10 000 000 төгрөгийг бидэнд гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч*******,******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дархан-Уул аймаг, Дархан сум 8 дугаар баг, 17 дугаар хороолол 21 дүгээр байрны 8 тоот орон сууцыг 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхээ баталгаажуулсан бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Г.Өсөхбаяртай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 2.1-д үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 53 462 500 төгрөгөөр худалдахаар, 2.2-д төлбөр нөхцөл бэлнээр төлөх, банкны зээлээр, 2.3-д төлбөр төлөх хугацаа 2015 оны 10 дугаар сарын 10-ны дотор гэж тус тус тохиролцож төлбөрийн урьдчилгаа болгон 10 000 000 төгрөгийг худалдаг авагч тал болох ******* төлж байрандаа нүүн орж, 2018 оны 9 дүгээр сарыг хүртэл эзэмшин амьдарч байсан бөгөөд худалдан авагч ******* нь гэрээнд заасан хугацаанд орон сууцны төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 43 462 500 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй өдийг хүрсэн бөгөөд энэ хугацаанд төлбөрөө гүйцээн төлөх санаачлага гаргахгүй, арга саам хайж байсан бөгөөд миний зүгээс Ариг, Голомт, Капитрон банкнаас орон сууцны зээл авахуулахаар удаа дараа хөөцөлдсөн боловч худалдан авагч талаас бичиг баримт дутуу, зээл авах шаардлагыг хангаагүй учир орон сууцны зээл бүтээгүй болно. Миний бие нь эдгээр хүмүүст тус болох үүднээс зээлийн асуудлыг зохицуулж өгье гэсэн болохоос надад гэрээгээр хүлээсэн үүрэг байхгүй бөгөөд гэрээний дагуу орон сууцаа нэхэмжлэгч нарын эзэмшилд шилжүүлж, 3 жилийн хугацаанд орон сууцандаа амьдруулсан бөгөөд энэ хугацаанд хэрэглэсэн усны төлбөр 247 000 төгрөг, дулааны төлбөр 540 000 төгрөгийн тооцоогоо дуусгаагүй байгаа бөгөөд энэ төлбөрүүдээ дуусгахыг шаардсан боловч өнөөг хүртэл дуусгаагүй, мөн эзэмшиж байсан хугацаандаа байрны ханын цаасыг урж гэмтээх, орох хаалгыг гэмтээсэн, цахилгааны залгуурыг шатаасан, угаалгын өрөөний плитаг хагалсан зэрэг биет байдлын доголдолд оруулсан байх тул энэ хохирлуудаа сөрөг нэхэмжлэл гарган шаардах болно. Мөн нэхэмжлэлд дурдагдсан*******тэй хийсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан бөгөөд гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулах үед******* байхгүй байсан учир нотариатч Ш.Алтанцэцэг нь гэрээний хувиудыг авч үлдэн гэрээний оролцогчдыг ирсэн үед гарын үсэг зуруулан баталгаажуулсан болно. Нэхэмжлэгч нар нь гэрээ байгуулах үед гэрээ болон гэрээнээс үүсэн гарах үр дагаврын ойлгон мэдэх чадвартай насанд хүрсэн эрх зүйн чадамжтай иргэд байсан бөгөөд хууль бус хуурамч гэрээ гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй болно. Энэ гэрээг миний ээж болох*******тэй хийсэн шалтгаан нь нэхэмжлэгч тал 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн гэрээний дагуу гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан учир дахин гэрээ байгуулан гэрээний хугацааг 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж, 2017 оны 11 сараас эхлэн сар бүр үндсэн төлбөрөөсөө 500 000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан нь тэдэнд мөнгөө төлөх боломж олгосон боловч мөн дахин төлбөрөө барагдуулаагүй учир гэрээний 3.7-д заасны дагуу банкны зээлд хамрагдахгүй тохиолдолд /мөнгөө төлөөгүй/ урьдчилгаанд төлсөн төлбөрийг түрээсийн төлбөрт тооцон авч байрнаасаа гаргасан болно. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч*******,******* нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: *******,******* нарын нэхэмжлэлтэй*******,******* нарт холбогдох 10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт гаргасан 2 өрөө шинэ байр нь *******,******* нарын ашиглалтын хугацаанд эвдэрч, хэмхэрсэн, элэгдсэний улмаас буурсан үнэ болон ус дулааны төлбөр нийт 10 521 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр өөрчилж байна.

Капитал зууч ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн Үнэлгээний тайланд маргаан бүхий байранд үүссэн элэгдэл, хорогдол, эвдрэл, гэмтлийг сэргээн завсарлахад 1 875 000 төгрөг зарцуулагдана гэсэн хөрөнгийн үнэлгээ гарсан байна.

*******,******* нар нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р баг, 17-р хороолол, Будда хотхон, 1-р байр, 08 тоот 42.77 м.кв талбайтай 2 өрөө байранд орж амьдарсан ба 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Будда хотхон 1-р байр 41 тоот 42.77 м.кв талбайтай 2 өрөө яг адилхан байранд шилжиж орохоор тохиролцож, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг шинээр байгуулсан ба гэрээний 3.6-д 2018 оны 6-р сарын 01-ны дотор банкны зээлд заавал хамрагдаж үлдэгдэл төлбөрийг төлөх үүргийг худалдан авагч хүлээсэн ба 3.7-д Худалдан авагч нь орон сууцанд 2015 оны 11-р сарын 15-ны өдөр орсон бөгөөд банкны зээлд хамрагдаагүй тохиолдолд гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн төлбөрийг орон сууцанд амьдарсан хугацааны түрээс хэлбэрээр тооцож орон сууцыг суллах арга хэмжээг авна гэж гэрээг цуцлах, гэрээг цуцалсан тохиолдолд уг байранд амьдарсан хугацаандаа худалдан авагч тал түрээсийн төлбөр тооцохоор заасан. Нөгөө талаар уг шинэчилсэн гэрээний зорилго нь худалдах худалдан авах гэрээг шууд цуцлах нэмэлт хугацаа тогтоож, төлбөр төлөх хугацааг худалдан авагчид олгож, гэрээг цуцлах хугацааг хойшлуулсан юм. /Гэхдээ худалдан авагч нар нь байраа сольж ороогүй/

Худалдах-худалдан авах гэрээнд түрээсийн төлбөр тооцохоор заагаагүй байсан ч худалдан авагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсан тул орон сууцны үнийг бүрэн төлөх үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар худалдагч тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо шаардах эрхтэй.

2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөх хүртэл 34 сарын хугацаанд худалдагч тал нь худалдан авагч нарыг өөрийн байранд үнэ төлбөргүй байлгаж тохирсон тул Иргэний хуулийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасныг үндэслэн хэрэв энэ хугацаанд байрыг бусдад түрээсэлсэн бол дор хаяж 8 125 000 төгрөг олох байсан.

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан маргаан бүхий байранд үүссэн элэгдэл, хорогдол, эвдрэл, гэмтлийг сэргээн засварлахад шаардлагатай 1 875 000 төгрөг, усны төлбөр 247 000, дулааны төлбөр 274 000 төгрөг, түрээсэлсэн бол олох ёстой байсан орлого 8 125 000 төгрөг буюу нийт 10 521 000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

 Нэхэмжлэгч *******,******* нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр бидний хооронд үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ хийгдэж, гэрээний 2.2-т зааснаар төлбөр төлөх нөхцөлийг банкны зээлээр төлөхөөр тохиролцсон. Учир нь******* нь анх гэрээ хийхэд та нар урьдчилгаанд 10 000 000 төгрөг төлчих, би банкны 8 хувийн зээлд хамруулаад өгье гэж хэлээд бидэнтэй гэрээ хийж байсан. Тэгээд банкуудаар хөөцөлдөж эхлээд 8 хувийн зээл зогссон гээд зээл чинь бүтэхгүй боллоо гэж хэлсэн. Бид гэрээ хийхдээ банкинд зээлтэй тухайгаа хэлж дахиад зээл олдох уу гэж асуухад болноо, болно бүтнэ гэж хэлээд гэрээ хийж 10 000 000 төгрөгийг минь авсан. Бид зээл бүтэхгүй болсон гэрээгээ цуцлаад мөнгөө буцаагаад авъя гэж хэлэхэд та нар юу ч гэсэн байрандаа орчих мөнгө чинь эргэлтэд орсон. Одоо өгөх бэлэн мөнгө алга гээд байранд оруулсан. Бид мөнгөө өгчихөөд 2 сар гаруй хугацааны дараа байранд орсон. Энэ хугацааны хүү энэ тэр гэж би огт хэлж ярьж байгаагүй байхад биднээс сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа нь хачирхалтай байна.*******гийн бичсэн шиг байранд нь тийм эвдрэл элэгдэл хорогдол гаргаагүй. Банны өрөөний таазнаас ус гоожоод байдаг байсан. Дээд айлд хэлэхээр манайхаас ус алдаагүй гээд байдаг байсан. Гэрт нь ус гоожоогүй байгаад байдаг байсан. Айл хоорондын тааз, шал завсар байдаг шугамаас нь ус гоожоод байдаг байсан. Энэ нь манайхаас шалтгаалаагүй барилгынх нь чанаргүй байдлаас болсон гэж үзэж байгаа. Ашиглалтын зардалд гарсан мөнгөний зарим хэсгийг төлнө. Яагаад гэвэл манайхыг орохоос өмнө тоолуур 17 тонн хүйтэн ус хэрэглэсэн заалттай халуун ус нь 1 тонн хэрэглээний заалттай байсан. Дулаан дээр нь 50-аад мянган төгрөгийг төлбөр өр байсан. Баримтыг нь гаргаж өгнө. Гэрээ цуцлах асуудал нь Ундармаагаас өөрөөс нь үүдэлтэй учраас бид ямар нэгэн төлбөр төлөх ёсгүй болно.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нь өөрийн хэрэглэсэн ус дулааны мөнгийг нь хэрэглэсэн хэмжээгээрээ өгнө. Бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 539 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч*******гаас 10 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгч Ү.Алтанцогийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас 1 875 000 төгрөгийг гаргуулан хариуцагч*******д олгож, үлдэх 8 125 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч*******ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч Ү.Алтанцогтой холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч нар нь хариуцагч*******ээс татгалзсаныг, зохигчдын хариуцагч******* нь ус дулааны төлбөр 521 000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа багасгаж, 421 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг нэхэмжлэгч *******, Ү.Алтанцог нар нь төлөхийг зөвшөөрсөн эвлэрлийг баталж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гаас улсын тэмдэгтийн хураамж 174 950 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамж 51 686 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******д олгож шийдвэрлэжээ.

 Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 67 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 539 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагч*******,******* нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 539 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 67 дугаартай магадлалын зарим хэсгийг тус тус эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж, нэхэмжлэгч нараас 10 521 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр хариуцагч*******гаас Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, Будда хотхон, 1 дүгээр байрны 8 тоот 42.77 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч ******* 53 462 500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, орон сууцны урьдчилгаанд 10 000 000 төгрөг төлсөн. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар тохиролцож, гэрээг хийж байрны урьдчилгаанд 10 сая төгрөг өгч, 53 462 500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэж бичсэнээс үзэхэд талууд гэрээний гол нөхцөл болох орон сууцны үнийн талаар тохирсон байх ба хариуцагч урьдчилгаа төлбөрийг төлж, эд хөрөнгийг хүлээн авсан байх тул худалдах-худалдах авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Харин хариуцагч орон сууцны үнийг бүрэн төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй байсан боловч үнийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Тухайлбал *******,******* нар нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум 8-р баг, 17-р хороолол, Будда хотхон, 1-р байр 08 тоот 42.77 м.кв талбайтай 2 өрөө байранд орж амьдарсан боловч байрны үлдэгдэл төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй 2 жил гаран байранд оршин суусаар байсан тул хариуцагч******* нь өөрийн төрсөн эх*******ийн өмчлөлийн Будда хотхон, 1-р байр 41 тоот 42.77 м.кв талбайтай 2 өрөө яг адилхан байранд шилжиж орох санал тавьсныг нэхэмжлэгч *******,******* нар хүлээн зөвшөөрч, 2017 оны 12 сарын 20-ны өдөр талуудын хооронд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээ шинээр байгуулсан ба уг гэрээний 3.6-д 2018 оны 6-р сарын 01-ний дотор банкны зээлд заавал хамрагдаж үлдэгдэл төлбөрийг төлөх үүргийг худалдан авагч хүлээсэн ба 3.7-д Худалдан авагч нь орон сууцанд 2015 оны 11-р сарын 15-ны өдөр орсон бөгөөд банкны зээлд хамрагдаагүй тохиолдолд гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн төлбөрийг орон сууцанд амьдарсан хугацааны түрээс хэлбэрээр тооцож орон сууцыг суллах арга хэмжээг авна. гэж гэрээг цуцлах, гэрээг цуцалсан тохиолдолд уг байранд амьдарсан хугацаандаа худалдан авагч тал түрээсийн төлбөр тооцохоор заасан. Нөгөө талаар уг шинэчилсэн гэрээний зорилго нь худалдах, худалдан авах гэрээг цуцлах нэмэлт хугацаа тогтоож, төлбөр төлөх хугацааг худалдан авагчид олгож, гэрээг цуцлах хугацааг хойшлуулсан юм. Гэвч худалдан авагч нар нь байраа сольж ороогүй, хуучин байраа чөлөөлөөгүй, байрныхаа үлдэгдэл төлбөрийг төлөөгүй.

Нэхэмжлэгч ийнхүү байрны үнийг төлөхгүй байгаа шалтгаанаа банкны зээлд хамрагдаагүйн улмаас төлж чадаагүй гэж тайлбарладаг ба энэ нь нэхэмжлэгчийг зээлийн гэрээгээр хүлээсэн байрны үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөхгүй тул нэхэмжлэгч орон сууцыг хүлээн авсан атлаа үнийг төлөөгүй тул хариуцагч гэрээг цуцалж, хохирлоо шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т нийцжээ.

Нэг талаас 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээнд түрээсийн төлбөр тооцохоор заагаагүй байсан, нөгөө талаас худалдан авагч нь 2017 оны 12 сарын 20-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээ-ний дагуу 41 тоот байранд шилжиж ороогүй боловч 2015 оны 11 сарын 15-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 34 сарын хугацаанд худалдагч тал нь худалдан авагч нарыг өөрийн байранд үнэ төлбөргүй байлгаж хохирсон тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар худалдагч тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар хэрэв энэ хугацаанд байрыг бусдад түрээсэлсэн бол дор хаяж 8 125 000 төгрөг олох байсан орлогоор худалдагч тал нэхэмжилсэн.

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг баримтлан маргаан бүхий байрыг түрээсэлсэн бол олох ёстой байсан орлогыг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байсан боловч 8 125 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ******* нь эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь талуудын хооронд анх гэрээ байгуулагдаж, орон сууцыг шилжүүлэн өгөх үед маргаан бүхий 8 тоот 42.77 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц нь*******гийн өмчлөлд байсан ба харин худалдан авагч тал байрны мөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй байсан тул уг байрыг бусдын барьцаанд 2 жилийн дараа тавьсан.

Хэрвээ худалдан авагч гэрээгээр тохирсон хугацаандаа орон сууцны төлбөрийг төлсөн бол уг байрыг барьцаанд тавихгүй байсан. Өөрөөр хэлбэл худалдан авагч тал төлбөрөө төлөхгүй 2 жилийг өнгөрөөсөн буруутай үйлдлээс улбаалан байрыг барьцаалсан болохоос худалдагч тал болох******* анхнаасаа эрхийн зөрчилтэй байрыг шилжүүлээгүй юм.

Ийнхүү анх тохиролцсон орон сууцыг барьцаанд тавьсан тул яг адилхан 41 тоот 42.77 м.кв талбайтай 2 өрөө байрыг худалдах-худалдан авах гэрээг талууд 2017 оны 12 сарын 20-ны өдөр байгуулсан нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй, 220.3-т талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй гэж заасан хуульд нийцсэн үйлдэл байсан. Шинээр байгуулсан гэрээний 3.7-д ...урьдчилгаанд өгсөн төлбөрийг орон сууцанд амьдарсан хугацааны түрээс хэлбэрээр тооцож... заалт орсон нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 199.2-т заасантай нийцэж байгааг дурдаж байна. Өөрөөр хэлбэл 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр анх гэрээ байгуулагдснаас хойш 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 34 сарын хугацаанд талуудын хооронд байгуулагдсан 2 гэрээгээр худалдагчийн буруутай үйлдлийн улмаас худалдан авагч талд ямар нэгэн бодит хохирол учраагүй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан 2 дахь гэрээний талаар дүгнэлт өгөлгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8 125 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэлээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн, 199, 220 дугаар зүйлийг хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн тул хариуцагчаас 8 125 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 Нэхэмжлэгч *******,******* нараас*******,******* нарт холбогдуулан хариуцагч нь зохигчийн хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан тул гэрээний дагуу шилжүүлсэн 10 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, орон сууцыг ашигласан хугацаанд олох байсан орлого 8 125 000 төгрөг, байранд үүссэн элэгдэл, хорогдол, эвдрэл гэмтлийг сэргээн засварлахад шаардлагатай зардал 1 875 000 төгрөг, ашиглалтын зардал буюу ус дулааны төлбөр 521 000 төгрөг, нийт 10 521 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 Анхан шатны шүүх хариуцагч*******гаас 10 000 000 төгрөгийг гаргуулан *******т олгож,*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******аас 1 875 000 төгрөгийг гаргуулан хариуцагч*******д олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх шаардлага, нэхэмжлэгч*******т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нар нь*******т холбогдох шаардлагаас татгалзсныг, мөн хариуцагч******* нь ус дулааны төлбөр 521 000 төгрөгийн шаардлагыг багасгаж, 421 000 төгрөг болгосныг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрснийг тус тус баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Хэрэгт авагдсан баримтаар *******,******* нар 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж,******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р баг, Будда тауны 17 дугаар хороолол, 1-8 тоот орон сууцыг худалдахаар, ******* тус орон сууцыг 53 462 500 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон бөгөөд худалдан авагч урьдчилгаа 10 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр худалдагчид өгөх, үлдэх төлбөрийг банкны зээл авч төлөхөөр харилцан тохиролцжээ.

 Гэрээний дагуу ******* урьдчилгаа 10 000 000 төгрөгийг худалдагчид шилжүүлж, орон сууцанд орсон боловч орон сууцны 8%-ийн хүүтэй зээл бүтээгүйгээс үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул******* нь өөрийн өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалж, дээрх орон сууцтай ижил нөхцөл, талбайтай ээж*******ийн өмчлөлийн орон сууцыг худалдан авагч нарт шилжүүлэхээр 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр******* болон *******,******* нарын хооронд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээ байгуулагджээ.

 Дээрх гэрээнд заасан орон сууцанд нэхэмжлэгч нар шилжиж ороогүй байхад худалдагч******* 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрээнээс татгалзаж, худалдан авагчийг орон сууцыг чөлөөлөхийг шаардсан үйл баримт тогтоогджээ.

 Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, худалдагч гэрээнээс татгалзаж, өөрт учирсан хохирлыг нэхэмжилсэн, худалдан авагч гэрээний үр дагаврыг шаардсан үйл баримтад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

 Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй.

 Талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д зохицуулжээ.

 Гэрээний дагуу худалдан авагч ******* 2015 оны 11 дүгээр сард орон сууцыг хүлээн авч, эзэмшиж эхэлсэн боловч 2018 оны 09 дүгээр сар хүртэл орон сууцны үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөөгүй үндэслэлээр худалдагч гэрээнээс татгалзсан нь хууль зөрчөөгүй.

 Аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй тул худалдан авагч гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 10 000 000 төгрөгийг худалдагчаас шаардсаныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1. дэх заалтад нийцжээ.

 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй үндэслэлээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 10 521 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаснаас шүүх орон сууцны эвдрэл, гэмтлийг сэргээн засварлахад шаардагдах зардал 1 875 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ хэрэгжээгүй тул******* гэрээний үүргийг шаардах эрхгүй, зохигч 2015 онд байгуулсан гэрээгээр урьдчилгаанд өгсөн төлбөрийг орон сууцанд амьдарсан хугацааны түрээсийн төлбөрт тооцохоор харилцан тохироогүй, мөн 8 125 000 төгрөгийг хариуцагчид зайлшгүй орох байсан орлого гэж үзэх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргаагүй байна.

 Харин орон сууц ашиглалтын зардал буюу буюу ус, дулааны төлбөрт 421 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталсан нь хуульд нийцжээ.

 Иймд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний талаар дүгнэлт өгөөгүй үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангахыг хүссэн хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч*******ийн овгийн үсгийг Ү гэж ташаа бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 539 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 67 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч*******,******* нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч*******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                   Х.СОНИНБАЯР

                ШҮҮГЧИД                  П.ЗОЛЗАЯА

                                                          Г.ЦАГААНЦООЖ

                                                 Д.ЦОЛМОН

                                                         Х.ЭРДЭНЭСУВД