Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 539

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2018/01134/и

                                  

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. баг, .. гудамж, .. тоотод оршин суух, С.Ө, Ч.А нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. баг, ..байрны, ..тоотод оршин суух Г. У,

Хариуцагч: Улаанбаатар хот, .. дүүрэг, .. хороо, .. дугаар байрны .. тоотод оршин суух Ч.О нарт холбогдох,

“10,000,000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

“10,521,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ү.А, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч Г.У, түүний өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ө, Ү.А нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч С.Ө, Ү.А бид өмнө нь Г.У-д холбогдуулан 2015 оны 09 дүгээр 23-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг, мөн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Ч.О-той хийсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байсныгаа дараах байдлаар өөрчилж байна.

Бид 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дархан сумын .. баг .. хороолол .. тоот орон сууцыг худалдах, худалдан авахаар Г.У-тай харилцан тохиролцож “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг хийсэн. Гэрээг хийхдээ байрны урьдчилгаанд 10,000,000 /арван сая/ төгрөгийг бид түүнд өгөх, У нь биднийг 8 хувийн банкны зээлд хамааруулж өгөхөөр тохиролцсон. Тэр үед бид 2-ын аль аль нь банкинд зээлтэй байсан учраас дахин зээлд хамрагдаж болох боловуу гэж асуухад болгоод өгнө өө гэж хэлсэн учираас бид итгэсэн. Ингээд тэр өдрөө мөнгөө бэлнээр өгч У нь банкны зээлийг дариу хөөцөлдөж өгөхөөр болсон. Бид түүнтэй холбогдож “юу болж байна, нэлээд удчихлаа байр савгүй хэцүү байна, болж бүтэхгүй байгаа бол мөнгөө буцааж авъя” гэж утсаар хэлэхэд “та нар энэ байрандаа орчих, мөнгө чинь эргэлтэнд орсон байхгүй буцааж өгөх боломжгүй байна” гэж хэлсэн. Ингээд бид байранд нь 11 сарын 15-нд орсон. У нь банкинд материалаа өгөөдөх гэж хэлээд хоёр ч банк руу биднийг явуулсан. Банкууд 8 хувийн орон сууцны зээл зогссон гээд гаргаж өгөхгүй явсаар 9 сар болсон. Энэ хооронд биднийг наад байраа суллаад өөр байр луу ороодох энэ байр чинь барьцаанд байгаа та нарыг байлгаад байх боломжгүй боллоо гэж хэлж байсан. Дараа нь дахин гэрээ хийгээдэх гээд шаардаад байсан. Хэрэв гэрээ хийхгүй гэвэл гар гээд байсан учир өвөл байсан учраас, орон байргүйн зовлон байсан учраас арга буюу гэрээг нь хийсэн. Тэр гэрээгээ О гэж хүнтэй хийлгэсэн. Тэр О гэж хүн нь ч өөрөө байгаагүй. Ор гэсэн байранд нь орж амжаагүй байтал 9  дүгээр сарын 15-нд манайхыг гар гээд байрнаас гаргасан. Урьдчилгаанд өгсөн мөнгөө тэгвэл авмаар байна гэтэл түрээсийн мөнгөнд тооцож авна гээд өгөөгүй. Ийнхүү бидний хооронд маргаан үүсэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Г.У нь гэрээнээсээ татгалзаж биднийг байрнаасаа хөөж гаргасан учраас урьдчилгаанд өгсөн 10,000,000 төгрөгөө буцаан гаргуулж авахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Иймд Г.У-аас урьдчилгаанд өгсөн 10,000,000 төгрөгийг бидэнд гаргуулж өгнө үү.” гэв. 

 

Хариуцагч Г.У, Ч.О нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:

 “...Дархан-Уул аймаг, Дархан сум 8 дугаар баг, 17 дугаар хороолол 21 дүгээр байрны 8 тоот орон сууцыг 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхээ баталгаажуулсан бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Г.Өсөхбаяртай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 2.1-д үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 53,462,500 төгрөгөөр худалдахаар, 2.2-д төлбөр нөхцөл бэлнээр төлөх, банкны зээлээр, 2.3-д төлбөр төлөх хугацаа 2015 оны 10 дугаар сарын 10-ны дотор гэж тус тус тохиролцож төлбөрийн урьдчилгаа болгон 10,000,000 төгрөгийг худалдаг авагч тал болох С.Ө төлж байрандаа нүүн орж 2018 оны 9 дүгээр сарыг хүртэл эзэмшин амьдарч байсан бөгөөд худалдан авагч С.Ө нь гэрээнд заасан хугацаанд орон сууцны төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 43,462,500 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй өдийг хүрсэн бөгөөд энэ хугацаанд төлбөрөө гүйцээн төлөх санаачлага гаргахгүй арга саам хайж байсан бөгөөд Миний зүгээс Ариг, Голомт, Капитрон банкнаас орон сууцны зээл авахуулахаар удаа дараа хөөцөлдсөн боловч худалдан авагч талаас бичиг баримт дутуу, зээл авах шаардлагыг хангаагүй учир орон сууцны зээл бүтээгүй болно. Миний бие нь эдгээр хүмүүст тус болох үүднээс зээлийн асуудлыг зохицуулж өгье гэсэн болохоос надад гэрээгээр хүлээсэн үүрэг байхгүй бөгөөд гэрээний дагуу орон сууцаа нэхэмжлэгч нарын эзэмшилд шилжүүлж 3 жилийн хугацаанд орон сууцандаа амьдруулсан бөгөөд энэ хугацаанд хэрэглэсэн усны төлбөр 247,000 төгрөг, дулааны төлбөр 540,000 төгрөгний тооцоогоо дуусгаагүй байгаа бөгөөд энэ төлбөрүүдээ дуусгахыг шаардсан боловч өнөөг хүртэл дуусгаагүй, мөн эзэмшиж байсан хугацаандаа байрны ханын цаасыг урж гэмтээх, орох хаалгыг гэмтээсэн, цахилгааны залгуурыг шатаасан, угаалгын өрөөний плитаг хагаласан зэрэг биет байдлын доголдолд оруулсан байх тул энэ хохирлуудаа сөрөг нэхэмжлэл гарган шаардах болно. Мөн нэхэмжлэлд дурдагдсан Ч.О-той хийсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан бөгөөд гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулах үед Ч.О байхгүй байсан учир нотариатч Ш.А нь гэрээний хувиудыг авч үлдэн гэрээний оролцогчдыг ирсэн үед гарын үсэг зуруулан баталгаажуулсан болно. Нэхэмжлэгч нар нь гэрээ байгуулах үед гарын үсэг зуруулан баталгаажуулсан болно. Нэхэмжлэгч нар нь гэрээ байгуулах үед гэрээ болон гэрээнээс үүсэн гарах үр дагаврын ойлгон мэдэх чадвартай насанд хүрсэн эрх зүйн чадамжтай иргэд байсан бөгөөд хууль бус хуурамч гэрээ гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй болно. Энэ гэрээг миний ээж болох Ч.О-той хийсэн шалтгаан нь нэхэмжлэгч тал 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн гэрээний дагуу гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан учир дахин гэрээ дахин гэрээ байгуулан гэрээний хугацааг 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж, 2017 оны 11 сараас эхлэн сар бүр үндсэн төлбөрөөсөө 500,000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан нь тэдэнд мөнгөө төлөх боломж олгосон боловч мөн дахин төлбөрөө барагдуулаагүй учир гэрээний 3.7-д заасны дагуу банкны зээлэнд хамрагдахгүй тохиолдолд /мөнгөө төлөөгүй/ урьдчилгаанд төлсөн төлбөрийг түрээсийн төлбөрт тооцон авч байрнаасаа гаргасан болно. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй , нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү

 

Хариуцагч тал нь сөрөг нэхэмжлэлдээ:

“...Өсөхбаяр, Ү.А нарын нэхэмжлэлтэй Г.У, Ч.О нарт холбогдох 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт гаргасан 2 өрөө шинэ байр нь С.Ө, Ү.А нарын ашиглалтын хугацаанд эвдэрч, хэмхэрсэн, элэгдсний улмаас буурсан үнэ болон ус дулааны төлбөр нийт 10,521,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр өөрчилж байна.

Капитал зууч ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн “Үнэлгээний тайлан”-д маргаан бүхий байранд үүсэн элэгдэл, хорогдол, эвдрэл, гэмтлийг сэргээн завсарлахад 1,875,000 төгрөг зарцуулагдана гэсэн хөрөнгийн үнэлгээ гарсан байна.

С.Ө, Ү.А нар нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, .. баг, .. хотхон, .. байр, .. тоот ... м.кв талбайтай 2 өрөө байранд орж амьдарсан ба 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр .. хотхон .. байр .. тоот .. м.кв талбайтай 2 өрөө яг адилхан байранд шилжиж орохоор тохиролцож, “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг” шинээр байгуулсан ба гэрээний 3.6-д 2018 оны 6-р сарын 01-ны дотор банкны зээлд заавал хамрагдаж үлдэгдэл төлбөрийг төлөх үүргийг худалдан авагч хүлээсэн ба 3.7-д “Худалдан авагч нь орон сууцанд 2015 оны 11-р сарын 15-ны өдөр орсон бөгөөд банкны зээлд хамрагдаагүй тохиолдолд гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн төлбөрийг орон сууцанд амьдарсан хугацааны түрээс хэлбэрээр тооцож орон сууцыг суллах арга хэмжээг авна” гэж гэрээг цуцлах, гэрээг цуцалсан тохиолдолд уг байранд амьдарсан хугацаандаа худалдан авагч тал түрээсийн төлбөр тооцохоор заасан. Нөгөө талаар уг шинэчилсэн гэрээний зорилго нь худалдах худалдан авах гэрээг шууд цуцлах нэмэлт хугацаа тогтоож, төлбөр төлөх хугацааг худалдан авагчид олгож, гэрээг цуцлах хугацааг хойшлуулсан юм. /Гэхдээ худалдан авагч нар нь байраа сольж ороогүй/

Худалдах, худалдан авах гэрээнд түрээсийн төлбөр тооцохоор заагаагүй байсан ч худалдан авагч нь  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсан тул орон сууцны үнийг бүрэн төлөх үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар худалдагч тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо шаардах эрхтэй.

2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 15-ны  өдөх хүртэл 34 сарын хугацаанд худалдагч тал нь худалдан авагч нарыг өөрийн байранд үнэ төлбөргүй байлгаж тохирсон тул Иргэний хуулийн 227.1-т “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасныг үндэслэн хэрэв энэ хугацаанд байрыг бусдад түрээслэсэн бол доор хаяж 8,125,000 төгрөг олох байсан.

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан маргаан бүхий байранд үүссэн элэгдэл, хорогдол, эвдрэл, гэмтлийг сэргээн засварлахад шаардлагатай 1,875,000 төгрөг, усны төлбөр 247,000, дулааны төлбөр 274,000 төгрөг, түрээсэлсэн бол олох ёстой байсан орлого 8,125,000 төгрөг буюу нийт 10,521,000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.” гэв.

 

Нэхэмжлэгч тал нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

“... 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр бидний хооронд үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ хийгдэж гэрээний 2.2-т зааснаар төлбөр төлөх нөхцөлийг банкны зээлээр төлөхөөр тохиролцсон. Учир нь У нь анх гэрээ хийхэд та нар урьдчилгаанд 10,000,000 төгрөг төлчих, би банкны 8 хувийн зээлэнд хамруулаад өгье гэж хэлээд бидэнтэй гэрээ хийж байсан. Тэгээд банкуудаар хөөцөлдөж эхлээд 8 хувийн зээл зогссон гээд зээл чинь бүтэхгүй боллоо гэж хэлсэн. Бид гэрээ хийхдээ банкинд зээлтэй тухайгаа хэлж дахиад зээл олдох уу гэж асуухад болноо, болно бүтнэ гэж хэлээд гэрээ хийж 10,000,000 төгрөгийг минь авсан. Бид зээл бүтэхгүй болсон гэрээгээ цуцлаад мөнгөө буцаагаад авъя гэж хэлэхэд та нар юу ч гэсэн байрандаа орчих мөнгө чинь эргэлтэд орсон. Одоо өгөх бэлэн мөнгө алга гээд байранд оруулсан. Бид мөнгөө өгчихөөд 2 сар гаруй хугацааны дараа байранд орсон. Энэ хугацааны хүү энэ тэр гэж би огт хэлж ярьж байгаагүй байхад биднээс сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа нь хачирхалтай байна. Угийн бичсэн шиг байранд нь тийм эвдрэл элэгдэл хорогдол гаргаагүй. Банны өрөөний таазнаас ус гоожоод байдаг байсан. Дээд айлд хэлэхээр манайхаас ус алдаагүй гээд байдаг байсан. Гэрт нь ус гоожоогүй байгаад байдаг байсан. Айл хоорондын тааз, шал завсар байдаг шугамаас нь ус гоожоод байдаг байсан. Энэ нь манайхаас шалтгаалаагүй барилгынх нь чанаргүй байдлаас болсон гэж үзэж байгаа. Ашиглалтын зардалд гарсан мөнгөний зарим хэсгийг төлнө. Яагаад гэвэл манайхыг орохоос өмнө тоолуур 17 тонн хүйтэн ус хэрэглэсэн заалттай халуун ус нь 1 тонн хэрэглээний заалттай байсан. Дулаан дээр нь 50-аад мянган төгрөгийг төлбөр өр байсан. Баримтыг нь гаргаж өгнө. Гэрээ цуцлах асуудал нь Угаас өөрөөс нь үүдэлтэй учраас бид ямар нэгэн төлбөр төлөх ёсгүй болно.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нь өөрийн хэрэглэсэн ус дулааны мөнгийг нь хэрэглэсэн хэмжээгээрээ өгнө. Бусад хэсгийг зөвшөөрөхгүй.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      

Нэхэмжлэгч С.Ө, Ү.А нар нь хариуцагч Г.У, Ч.О нарт холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн хариуцагч Г.У-аас 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргаж, хариуцагч Ч.О-той холбоотой шаардлагаасаа татгалзжээ.

Хариуцагч Г.У нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан ба нэхэмжлэгч нараас 10,521,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар

Нэхэмжлэгч С.Ө, хариуцагч Г.У нарын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр хариуцагч Г.У-аас Дархан-Уул аймгийн Дархан сумын ..дугаар баг .. хороолол .. хотхон .. байрны .. тоот .. мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч С.Ө нь 53,462,500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцжээ.

Нэхэмжлэгч С.Ө нь орон сууцны урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөгийг Г.У-д өгсөн болох нь хариуцагч Г.Угийн “...тухайн орон сууц нь миний өмчлөлийн орон сууц, 10,000,000 төгрөгийг би авсан. Өсөх урам ХХК-нд өгөөгүй, орон сууц нь компанид хамааралгүй...” гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр  хэлбэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Ө нь орон  сууцны урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөгийг төлж, хариуцагч Г.У нь тухайн орон сууцыг С.Өын эзэмшил ашиглалтанд шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч С.Ө, Ү.А нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь “...дээрх орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцны урьдчилгаанд өгсөн 10,000,000 төгрөгийг хариуцагч Г.У-аас гаргуулахаар шаардсан” байна.

Нэхэмжлэгч С.Ө нь орон сууцны үнийг бүрэн төлөх үүргээ, хариуцагч Г.У нь тухай орон сууцыг бусдын өмчлөлд шилжүүлсэн, цаашид гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон нь шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэгч талын “...анх бид .. хотхон 1 дүгээр байрны 8 тоот орон сууцыг худалдаж авахаар гэрээ хийсэн боловч Г.У нь тухайн орон сууцыг зарах боломжгүй болсон ээж Ч.О-ийн тухайн байрны 41 тоот орон сууцыг авчих, тийшээ орчих гээд байсан...”, хариуцагч Г.У-гийн “..... хотхоны 1-8 тоот орон сууцыг бусдаас авсан зээлийн барьцаанд тавьж, өмчлөх эрхийг зээлдэгчийн нэр дээр шилжүүлсэн байгаа...” гэсэн тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан байх тул хариуцагч Г.У-аас 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Өт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ү.А, хариуцагч Г.У нарын хооронд орон сууц худалдах худалдан авах иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх байхгүй байх тул Ү.А-ийн Г.У-д холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Г.У нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ “...Худалдах-худалдан авах гэрээний үүргийг С.Ө, Ү.А нар нь биелүүлээгүй учир Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу гэрээгээ цуцалж, 2015 оны 11 дүгээр сарын 15-наас 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 34 сарын хугацаанд худалдагч тал нь өөрийн байранд үнэ төлбөргүй байлгаж хохироосон тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг үндэслэн энэ хугацаанд байрыг бусдад түрээсэлсэн бол дор хаяж 8,125,000 төгрөг олох байсан.

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан маргаан бүхий байранд үүссэн элэгдэл, хорогдол, эвдрэл гэмтлийг сэргээн засварлахад шаардлагатай 1,875,000 төгрөг, усны төлбөр 247,000 төгрөг, дулааны төлбөр 274,000 төгрөг, түрээсэлсэн бол олох ёстой орлого 8,125,000 төгрөг буюу нийт 10,521,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан шүүхээс томилогдсон шинжээч Капитал зууч ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “...Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. хороолол .. хотхон .. байрны ..тоот .. м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд иргэн С.Ө, Ү.А нарын амьдарсан хугацаанд тухай байранд үүссэн элэгдэл хорогдол, эвдрэл гэмтлийг сэргээн засварлахад шаардагдах материалын болон засварын ажлын хөлсний зардал 1,875,000 төгрөг байна” гэсэн дүгнэлт, хариуцагчийн өөрсдийн санаачлгаар хийлгэсэн Пийк ом Аудит ХХК-ний “...Дархан-Уул аймгийн Дархан суманд 2015 оны 4 дүгээр улирал, 2017, 2018 оны 3 дугаар улирлын байдлаар 2 өрөө орон сууцны байрыг түрээслүүлэх 1 сарын төлбөр, үнэ ханш 300,000 төгрөг байна...” гэсэн үнэлгээний тайлан зэргийг үндэслэн хариуцагч тал маргаан бүхий байранд үүссэн элэгдэл, хорогдол, эвдрэл гэмтлийг сэргээн засварлахад шаардлагатай 1,875,000 төгрөг, түрээсэлсэн бол олох ёстой орлого 8,125,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч С.Ө, хариуцагч Г.У нарын хооронд хийгдсэн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээний нэг тал нь Ч.О биш байх тул Ч.О нь дээрх гэрээнээс татгалзах, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй болно.

 

Нэхэмжлэгч С.Ө-ын гэр бүл дээрх орон сууцанд 2015 оны 11 дүгээр сарын 15-наас 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд амьдарч байсан, тухайн орон сууцыг ашиглалтанд орсноос нь хойш анхны оршин суугчид нь байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар талууд 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа тул нэхэмжлэгч С.Ө-аас тухайн орон сууцыг засварлахад гарах зардал болох 1,875,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.У-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй”гэж заасны дагуу Г.У нь олох байсан орлого буюу түрээсийн төлбөр 8,125,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т заасан зохицуулалт нь гэрээний бус үүрэгтэй холбоотой буюу гэм хор учруулснаас үүссэн хохирлын талаар зохицуулсан байх тул талуудын хооронд үүссэн худалдах худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн хохирлын талаарх маргааны шийдвэрлэхэд хэрэглэгдэх хуулийн заалт биш болно.

Шүүх хуралдаан дээр хариуцагч Г.У нь гэрээний зүйл болох орон сууцыг бусдын өмчлөлд шилжүүлсэн...гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд энэ нь хариуцагч тал гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч Г.У нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хохирол шаардах эрхгүй болно.

 Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн  318.1-т “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, 318.4-т “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хуульд заасан байна.

         Талууд гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээг цуцалсан тохиолдолд тухайн орон сууцанд амьдарсан хугацааны түрээсийн төлбөр төлөхөөр тохиролцсон зүйл байхгүй байх тул хариуцагч Г.Угийн гаргасан түрээсийн төлбөр буюу олон байсан орлого 8,125,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.з

 

Шүүх хуралдаан дээр талууд ус, дулааны төлбөр 521,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцэж гэрээ байгуулсан ба уг гэрээндээ “...хариуцагч Г.У нь ус дулааны төлбөр 521,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа багасгаж, 421,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг нэхэмжлэгч С.Ө, Ү.А нар нь төлөхийг зөвшөөрч...” тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, ус дулааны төлбөр гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

    

          1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Г.У-аас 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Өт олгож, нэхэмжлэгч Ү.А-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ө-аас 1,875,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.У-д олгож, үлдэх 8,125,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Ч.Оийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч Ү.Атой холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн   106.5-т зааснаар нэхэмжлэгч нар нь хариуцагч Ч.Оээс татгалзсаныг,  зохигчдын “хариуцагч Г.У нь ус дулааны төлбөр 521,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа багасгаж, 421,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг нэхэмжлэгч С.Ө, Ү.А нар нь төлөхийг зөвшөөрсөн” эвлэрлийг баталж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.У-аас улсын тэмдэгтийн  хураамж 174,950 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамж 51,686 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.У-д олгосугай.

 

        5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ТУНГАЛАГМАА