Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2018/00424

 

  

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2018/00424

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.Эгийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Н.Д ХХК-д холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөрт 46.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ч.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттогтох, түүний өмгөөлөгч Г.Мөнхболд, хариуцагч Н.Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхсаруул, шинжээч М.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.                                                                                         

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Ч.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ч.Ч.Э миний бие болон миний нөхөр М.М.Х бид 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр орон сууцыг Төрийн банкны зээлээр авсан. Тухайн үед Төрийн банк амь насны даатгалд заавал хамрагдах хэрэгтэй гэж шаардсаны дагуу 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Н.Д ХХК-тай өөрсдийн амь насны даатгалыг даатгуулсан. Миний нөхөр М.М.Х нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бие жаахан өвдөөд байна, эмнэлэгт очиж үзүүлээд, шинжилгээ өгөөд ирье гэж хэлээд явсан. Гэтэл тухайн өдөр эмнэлэг дээр үзүүлж яваад гэнэт нас барсан юм. Манай нөхөр урьд нь ямар нэгэн өвчин эмгэггүй, эмчилгээ хийлгэж байгаагүй хүн. Би нөхрөө нас барсан гэж дуулаад хүнд байдалд орсон. Ингээд би Төрийн банкинд хандаж, манай нөхөр нас барсан тухай хэлэхэд та болон танай нөхөр даатгалтай шүү дээ, та даатгалаас нөхөн төлбөр авч болно гэж хэлсэн. Миний бие Н.Д ХХК-д хандсан боловч нөхөн олговор олгохоос татгалзсан. Ингээд Санхүүгийн зохицуулах хороонд хандсан гэтэл мөн л татгалзсан хариуг өгсөн. Даатгалын гэрээнд нөхөн олговорт хамаарахгүй, олгохгүй нөхцөл 5 дахь заалтад.. даатгуулагч санаатайгаар амиа хорлосон, согтууруулах ундаа, мансууруулах эсвэл сэргээх үйлчилгээтэй бодис, хэрэглэсний улмаас амь насаа алдсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэж заасан байтал Н.Д ХХК нь нөхөн төлбөр олгохгүй гэж үзсэн нь гэрээгээ зөрчиж, хууль бус үйлдэл гаргаж байна. Миний хань нойр булчирхайн өрөвслөөр нас барсан гэж эмнэлгийн дүгнэлт гарсан байдаг. Иймд даатгалын нөхөн төлбөр болох 46.000.000 төгрөгийг Н.Д ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

           Нэхэмжлэгч Ч.Ч.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Д ХХК болон Ч.Ч.Э, талийгаач М.М.Х нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр орон сууц зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ байгуулагдсан. 2015 онд Н.Д ХХК, Төрийн банкны хооронд хамтран ажиллах баримт бичиг байдаг юм байна лээ. Энэ баримт бичгийн зорилго нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд орон сууцны ипотекийн зээлэнд хамрагдаж байгаа зээлдэгч болон хамтран зээлдэгчийг зээлийн эрсдлээс хамгаалах зорилготой. Үүнээс үүдэн Төрийн банк өөрийн үйлчлүүлэгчийг Н.Д ХХК-д зуучилсан байдаг. Төрийн банк, Н.Д ХХК-тай байгуулсан гэрээний 1.4.8-д...  зээлдэгч болон хамтран зээлдэгчийн амь насыг даатгана, гэрээний 1.4.15-д... зээлийн бүтээгдэхүүний даатгал гэдэгт зээлээр авч байгаа эд хөрөнгө болоод үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгчийн амь насыг даатгана гэж заасан байдаг.  Энэ гэрээний хүрээнд манай үйлчлүүлэгч, Н.Д ХХК-ийн хооронд байгуулсан даатгалын гэрээний харилцаа явагдах байсан. Гэтэл Н.Д ХХК даатгалын гэрээ байгуулахдаа тодорхой нөхцөлүүдийг сонгон авсан буюу гэнэтийн ослын даатгал, хөдөлмөрийн чадвар алдалт /70%-иас дээш алдсан/ гэх тохиолдлыг л даатгасан байсан. Тэгээд зүй бус даатгалын гэрээнээс нөхөн төлбөр олгох нөхцөл үүссэн байхад  даатгалын нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж байна. Уг нь даатгалын харилцаанд манай үйлчлүүлэгч орохдоо Төрийн банкнаас зээлдэгчдээ тавьж байгаа шаардлагын хүрээнд л даатгалын гэрээ байгуулсан. Түүнээс биш өөрөө хүсэж байгуулаагүй, зээлдүүлэгчээс тавьж байгаа стандарт нөхцөлийн хүрээнд тавьсан гэрээг л байгуулсан. Гэсэн хэдий ч даатгалын нөхцөл бий болсон байхад Н.Д ХХК нь нөхөн төлбөр төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна. Нөгөө талаар Н.Д ХХК-ийн хувьд манай үйлчлүүлэгчид гэрээний агуулгыг тайлбарлаж ойлгуулаагүй, энэ утгаараа нэхэмжлэл гаргасан. Хэрэв анхнаасаа гэрээг сайтар ойлгуулж,  ямар нөхцөлд нөхөн төлбөр олгохыг тайлбарлаж өгсөн бол ийм нэхэмжлэл гаргахгүй байсан, хууль зүйн үндэслэлийн хувьд амь насны даатгалын гэрээ. Амь насны даатгалын гэрээнд гэнэтийн ослын улмаас нас барсан бол нөхөн төлбөр олгоно гэж заасан байдаг. Тиймээс нэхэмжлэгч талаас талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахаар шинжээч томилох хүсэлт гаргаж, шинжээчийн дүгнэлтэд... талийгаачийн үхлийн шалтгаан болсон өвчин нь хурц, цочмог хэлбэрээр илэрч гэнэт нас барсан гэж дүгнэсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад талийгаач урьд нь нойр булчирхайн өвчнөөр өвчилж байгаагүй, ямар нэгэн байдлаар ийм хэлбэрийн эмчилгээ хийлгэж байгаагүй гэдэг ба энэ нь хэрхэн илэрсэн талаар шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгасан байсан. Өвчин гэдэг нэртэй боловч энэ нь гэнэтийн хэлбэрээр илэрдэг учраас гэнэтийн ослын улмаас нас барсан гэж үзэж байна. Даатгалын компанийг санхүүгийн зах дээр мэргэжлийн байгууллага гэж үздэг. Санхүүгийн зах зээл дээрх мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах бие даасан хууль байдаг. Энэ ч утгаар даатгуулагчдын яг юу хүсэж байгааг мэдсэний үндсэн дээр мэргэжлийн арга зүйгээр ханган, даатгагч байгууллагаас санал болгох ёстой. Ч.Ч.Э өнөөдрийг хүртэл зээлээ төлж байгаа ба энэ нь өөрт оногдох ёстой хувийг төлөх ёстой гэдэг үүднээс хандан зээлээ төлж байгаа. Гэхдээ өрхийн орлогын 50 хувь байхгүй болж байгаа учраас үүнийг даатгалынхаа нөхөн төлбөрөөс тодорхой хувийг төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгчид ногдох зээлийн хэмжээ багасна гэдэг үүднээс нэхэмжлэлээ гаргасан. Ч.Ч.Э, Н.Д ХХК-ийн хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд яг ямар тохиолдолд амь насаа алдсан бол даатгалд хамаарахгүй тухай гэрээний 5 дугаар зүйлд маш тодорхой заасан байдаг бөгөөд  талийгаач н.М.Хгийн нас барсан шалтгаан нь даатгалын гэрээнд хамаарахгүй нөхцөлд тусгагдаагүй байна. Иймд даатгалд хамрагдах боломжтой гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхсаруул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даатгалын гэрээ маань өөрөө сайн дурын үндсэн дээр хийгддэг. Хамтын ажиллагааны гэрээний 3.1.1 дэх заалтад ямар тохиолдолд амь насны даатгалд хамрагдах талаар заасан байгаа. Тухайлбал даатгуулагч гэнэтийн ослын улмаас амь насаа алдсан бол, даатгалын гэрээний 3.2.1 дэх заалтад үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барсан үед нөхөн төлбөр олгохоор заасан байгаа. Талийгаач н.М.Хгийн нас барсан тохиолдол нь гэрээнд заасан нөхөн төлбөр олгох нөхцөлд хамаарахгүй байна. Шинжээчийн дүгнэлтийн эд эсийн шинжилгээний хариунаас харахад талийгаач М.М.Х нь нойр булчирхайн архаг, эвдрэлт, цочмог өвчний улмаас нас барсан, уг өвчин нь цочмог хурц хэлбэрээр илэрч гэнэтийн нас баралтад хүргэдэг. Энэхүү дүгнэлт нь Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн өвчний түүх, Эмгэг судлалын үндэсний хүрээлэнгийн дугаар бүхий протокол, эд эсийн шинжилгээний хариунаас тулгуурлан хийсэн шинжээчийн дүгнэлт юм. Уг дүгнэлтээс үзэхэд гэнэтийн осол гэсэн нэг ч өгүүлбэр байхгүй бөгөөд ерөөсөө талийгаачийг өвчний улмаас буюу нойр булчирхайн үрэвсэлт өвчний улмаас нас барсан гэж дүгнэлт гарсан байдаг. Тэгэхээр талуудын хооронд байгуулсан амь насны даатгалын гэрээний 3.2.1-т заасан даатгалд хамаарахгүй нөхцөлд тооцогдож байгаа учраас даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй. Гэнэтийн осол гэдгийг юу гэж үзэж байна гэхээр хэрвээ гэрээлэгч нас барсан бол манай байгууллага холбогдох материалуудыг бүрдүүлээд нөхцөл байдлыг шинжлэн судалдаг. Голлох баримт нь нас барсны гэрчилгээ. Эмнэлгийн гэрчилгээнд: нас барсан газар, нас барсан хэлбэр гэж байдаг. Нас барсан гэдэгт эмнэлэгт, гэрт, хээр гадаа, тээврийн хэрэгсэл, ажил дээр, бусад газар гэж, нас барсан хэлбэр гэдэгт амиа хорлосон, бусдад хорлогдсон, үйлдвэрийн осол, зам тээврийн осол, бусад осол, өвчнөөр тодорхой бус гэсэн гэрчилгээ байдаг. Талийгаач М.М.Хгийн хувьд эмнэлэгт, өвчний улмаас нас барсан гэж тодорхой заасан, энэ нь дээрх заалтад хамааарахгүй. Даатгуулагчид гэрээ таалагдахгүй буюу нөхцөл шаардлага нь хууль бус гэж үзэж байсан бол өөрчлөлт оруулах, эсвэл гэрээ байгуулахгүй, татгалзах эрх нээлттэй байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Ч.Э нь хариуцагч Н.Д ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 46.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

  Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгийг үндэслэн шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр даатгалын нөхөн төлбөрт 46.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

           Төрийн банк 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Ч.Ч.Э, М.М.Х нартай 153 тоот орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, 46.000.000 төгрөгийг 120 сарын хугацаатай, сарын 0.67 хувь, жилийн 8 хувийн хүүтэй зээлүүлж, зээлийн гэрээний баталгаа болгож мөн өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10-252 тоотод байрлах, 41 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2204003701 дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалсан байна.

 

           Төрийн банк ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Н.Д ХХК-тай 15/а56 тоот хамтран ажиллах гэрээ байгуулж, талууд банк болон даатгалын хамтын үйл ажиллагааг бий болгох, банкны бүтээгдэхүүн үйлчилгээг даатгалын үйлчилгээтэй хослуулан харилцагчдад санхүүгийн цогц үйлчилгээг нэг дороос үзүүлэх, гэрээгээр тохирсон  нөхцөлийн дагуу даатгагчийн бүтээгдэхүүн үйлчилгээг банкны нэгжээр дамжуулан борлуулах, хураамжийн орлого хуваарилах, бусад эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлж харилцан ашигтай хамтран ажиллахаар тохиролцсон байх ба уг хамтын ажиллагааны хүрээнд 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 163413022220047 тоот “Орон сууц зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ”-г зээлдэгч Ч.Ч.Э, хамтран зээлдэгч М.М.Х нартай байгуулсан байна.

 

           Дээрх гэрээгээр Төрийн банкнаас авч буй орон сууцны ипотекийн зээл эргэн төлөгдөх боломжгүй болсон буюу зээлдэгч гэнэтийн ослоор нас барах, хөдөлмөрийн чадвараа түр алдах, бүрмөсөн алдах, гэнэтийн шалтгааны улмаас ажилгүй болох тохиолдолд банкинд учирч болох санхүүгийн эрсдэлийг даатгалын компанид шилжүүлэх, банк даатгалын компанид даатгалын хураамж төлөх, даатгалын эрсдэл үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгохоор харилцан тохиролцжээ.

 

           Талуудын хооронд байгуулсан 163413022220047 тоот “Орон сууц зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ”-ний дагуу зохигчид даатгалын гэрээний үнэлгээ, хураамжийг тохирч, амь насаа 46.000.000 төгрөгөөр даатгуулж, даатгалын хураамжийг төлж байсан байх ба хамтран зээлдэгч М.М.Х нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нас барснаар даатгалын тохиолдол бий болсон гэж дээрх гэрээний дагуу 46.000.000 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

           Харин хариуцагч Н.Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд байгуулсан орон сууц зээлдэгчийн амь насны даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2.1-т ... үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч нь гэнэтийн ослын улмаас нас барах...” тохиолдолд амь насны даатгалын хамгаалалтад хамаарахаар заасан ба нэхэмжлэгчийн өвчнөөр нас барсан нь дээрх заалтад хамаарахгүй, даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзах үндэслэл болно гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

 Талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан  зээл болон барьцааны гэрээний дагуу зохигчдын хооронд байгуулагдсан 163413022220047 тоот “Орон сууц зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ” нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээ байх бөгөөд талууд гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болжээ.

 

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан ба нэхэмжлэгч даатгалын тохиолдол бий болсон харин хариуцагч тал даатгалын гэрээнд заасан тохиолдол үүсээгүй гэж тус тус маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 02/540 дугаар албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн талийгаач М.М.Хгийн өвчний дүгнэлтийг эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11174 дугаар шүүгчийн захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1203 дугаар дүгнэлтэд:Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн өвчний түүх, эмгэг судлалын шинжилгээний БЗДНЭ-06:2016 дугаартай протокол, эд эсийн шинжилгээний хариунаас харахад “....М.М.Х нь нойр булчирхайн эвдрэлт цочмог үрэвсэл өвчний улмаас нас барсан байна....” ...уг өвчин нь цочмог хурц хэлбэрээр илэрч гэнэтийн нас баралтад хүргэдэг болно...” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Ч.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь М.М.Хгийн уг өвчин нь цочмог хурц хэлбэрээр илэрч гэнэт нас барсан нь гэнэтийн осол буюу талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2.1 дахь заалтад хамаарна гэж, харин хариуцагч тал гэнэтийн осол гэдэгт зам тээврийн болон үйлдвэрлэлийн осол, өндрөөс унах зэрэг хамаарах ба хамтран зээлдэгч нь өвчнөөр нас барсныг дээрх эрсдэлд хамааруулах үндэслэлгүй гэж тус тус тайлбарлав. 


            Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т... Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй заажээ.

 

 Зохигчид орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээг хүсэл зоригоо илэрхийлэн байгуулж, гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2.1-т ... үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч нь гэнэтийн ослын улмаас нас барах...” тохиолдолд амь насны даатгалын хамгаалалтад хамаарахаар заасан байх ба хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд хамтран зээлдэгч М.М.Хгийн нойр булчирхайн эвдрэлт цочмог үрэвсэл өвчний улмаас гэнэт нас барсныг дээрх заалтад хамааруулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч тал Төрийн банкнаас зээлдэгчдээ тавьж байгаа шаардлага, стандарт нөхцөлийн хүрээнд даатгалын гэрээ байгуулсан, түүнээс биш өөрөө хүсч байгуулаагүй, нөгөө талаар Н.Д ХХК даатгуулагчид гэрээний агуулгыг тайлбарлаж ойлгуулаагүй, өөрийн эрх ашгийг хамгаалсан, даатгагчид илт хохиролтой гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч гэрээг зөвшөөрөхгүй байх, гэрээнд өөрчлөлт оруулах зэргээр ямар нэгэн шаардлага хүсэлт гаргаж байгаагүй, тэр талаар нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.


           Иймд Н.Д ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 46.000.000 төгрөг гаргуулах тухай Ч.Ч.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

   

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ НЬ:

 

           1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Д ХХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 46.000.000 төгрөг гаргуулах тухай Ч.Ч.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Ч.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                                          Д.ДАВААСҮРЭН