Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1038

 

 

Ч.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/00424 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Н” ХХК-д холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөр 46 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК болон Ч.Э, М.Х нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр орон сууц зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ байгуулагдсан. 2015 онд “Номин даатгал” ХХК, Төрийн банкны хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээний зорилго нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд орон сууцны ипотекийн зээлэнд хамрагдаж байгаа зээлдэгч болон хамтран зээлдэгчийг зээлийн эрсдлээс хамгаалах зорилготой. Төрийн банк, “Н” ХХК-тай байгуулсан гэрээний 1.4.8-д... зээлдэгч болон хамтран зээлдэгчийн амь насыг даатгана, гэрээний 1,4.15-д... зээлийн бүтээгдэхүүний даатгал гэдэгт зээлээр авч байгаа эд хөрөнгө болоод үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгчийн амь насыг даатгана гэж заасан байдаг. Төрийн банк өөрийн үйлчлүүлэгчийг “Н” ХХК-д зуучилсан ба уг гэрээний хүрээнд Ч.Э, М.Х, “Н” ХХК-ийн хооронд байгуулсан даатгалын гэрээний харилцаа явагдах ёстой. Гэтэл “Н” ХХК даатгалын гэрээ байгуулахдаа тодорхой нөхцөлүүдийг сонгон авсан буюу гэнэтийн ослын даатгал, хөдөлмөрийн чадвар алдалт /70%-иас дээш алдсан/ гэх тохиолдлыг л даатгасан. Зүй бус даатгалын гэрээнээс нөхөн төлбөр олгох нөхцөл үүссэн байхад даатгалын нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж байна. Даатгалын харилцаанд Ч.Э, М.Х нар нь орохдоо Төрийн банкнаас зээлдэгчдээ тавьж байгаа шаардлагын хүрээнд л даатгалын гэрээ байгуулсан болохоос өөрөө хүсэж байгуулаагүй, зээлдүүлэгчээс тавьж байгаа стандарт нөхцөлийн хүрээнд тавьсан гэрээг л байгуулсан. Гэсэн хэдий ч даатгалын нөхцөл бий болсон байхад “Н" нөхөн төлбөр төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Нөгөө талаар “Н” ХХК-ийн хувьд манай үйлчлүүлэгчид гэрээний агуулгыг тайлбарлаж ойлгуулаагүй. Хууль зүйн үндэслэлийн хувьд амь насны даатгалын гэрээ. Амь насны даатгалын гэрээнд гэнэтийн ослын улмаас нас барсан бол нөхөн төлбөр олгоно гэж заасан. Тиймээс нэхэмжлэгч талаас талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулахаар шинжээч томилох хүсэлт гаргаж, шинжээчийн дүгнэлтэд... талийгаачийн үхлийн шалтгаан болсон өвчин нь хурц, цочмог хэлбэрээр илэрч гэнэт нас барсан гэж дүгнэсэн. Нэхэмжлэлийн шаардлагад талийгаач урьд нь нойр булчирхайн өвчнөөр өвчилж байгаагүй, ямар нэгэн байдлаар ийм хэлбэрийн эмчилгээ хийлгэж байгаагүй гэдэг ба энэ нь хэрхэн илэрсэн талаар шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгасан. Өвчин гэдэг нэртэй боловч энэ нь гэнэтийн хэлбэрээр илэрдэг учраас гэнэтийн ослын улмаас нас барсан гэж үзэж байна. Ч.Энхтуяа өнөөдрийг хүртэл зээлээ төлж байгаа. Гэхдээ өрхийн орлогын 50 хувь байхгүй болж байгаа учраас үүнийг даатгалынхаа нөхөн төлбөрөөс тодорхой хувийг төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгчид ногдох зээлийн хэмжээ багасах юм. Ч.Э, “Н” ХХК-ийн хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд яг ямар тохиолдолд амь насаа алдсан бол даатгалд хамаарахгүй тухай гэрээний 5 дугаар зүйлд маш тодорхой заасан байдаг бөгөөд талийгаач М.Хаянхярваагийн нас барсан шалтгаан нь даатгалын гэрээнд хамаарахгүй нөхцөлд тусгагдаагүй байна. Иймд даатгалд хамрагдах боломжтой гэж үзэж байгаа тул даатгалын нөхөн төлбөр болох 46 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даатгалын гэрээ маань өөрөө сайн дурын үндсэн дээр хийгддэг. Хамтын ажиллагааны гэрээний 3.1.1 дэх заалтад ямар тохиолдолд амь насны даатгалд хамрагдах талаар заасан. Тухайлбал даатгуулагч гэнэтийн ослын улмаас амь насаа алдсан бол, даатгалын гэрээний 3.2.1 дэх заалтад үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барсан үед нөхөн төлбөр олгохоор заасан байгаа. Талийгаач М.Х-ийн нас барсан тохиолдол нь гэрээнд заасан нөхөн төлбөр олгох нөхцөлд хамаарахгүй байна. Шинжээчийн дүгнэлтийн эд эсийн шинжилгээний хариунаас харахад талийгаач М.Х нь нойр булчирхайн архаг, эвдрэлт, цочмог өвчний улмаас нас барсан, уг өвчин нь цочмог хурц хэлбэрээр илэрч гэнэтийн нас баралтад хүргэдэг. Энэхүү дүгнэлт нь Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн өвчний түүх, Эмгэг судлалын үндэсний хүрээлэнгийн дугаар бүхий протокол, эд эсийн шинжилгээний хариунаас тулгуурлан хийсэн шинжээчийн дүгнэлт юм. Уг дүгнэлтээс үзэхэд гэнэтийн осол гэсэн нэг ч өгүүлбэр байхгүй бөгөөд талийгаачийг өвчний улмаас буюу нойр булчирхайн үрэвсэлт өвчний улмаас нас барсан гэж дүгнэлт гарсан байдаг. Тэгэхээр талуудын хооронд байгуулсан амь насны даатгалын гэрээний 3.2.1-т заасан даатгалд хамаарахгүй нөхцөлд тооцогдож байгаа учраас даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй. Гэнэтийн осол гэдгийг юу гэж үзэж байна гэхээр хэрвээ гэрээлэгч нас барсан бол манай байгууллага холбогдох материалуудыг бүрдүүлээд нөхцөл байдлыг шинжлэн судалдаг. Голлох баримт нь нас барсны гэрчилгээ. Эмнэлгийн гэрчилгээнд нас барсан газар, нас барсан хэлбэр гэж байдаг. Нас барсан гэдэгт эмнэлэгт, гэрт, хээр гадаа, тээврийн хэрэгсэл, ажил дээр, бусад газар гэж, нас барсан хэлбэр гэдэгт амиа хорлосон, бусдад хорлогдсон, үйлдвэрийн осол, зам тээврийн осол, бусад осол, өвчнөөр тодорхой бус гэсэн гэрчилгээ байдаг. Талийгаач М.Х-ийн хувьд эмнэлэгт, өвчний улмаас нас барсан гэж тодорхой заасан, энэ нь дээрх заалтад хамааарахгүй. Даатгуулагчид гэрээ таалагдахгүй буюу нөхцөл шаардлага нь хууль бус гэж үзэж байсан бол өөрчлөлт оруулах, эсвэл гэрээ байгуулахгүй, татгалзах эрх нээлттэй байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н ХХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 46 000 000 төгрөг гаргуулах тухай Ч.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   56 дугаар зүлийн 56.1, 60 дугаарзүйлийн 60.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ч.Э, М.Х нар нь 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 10 дугаар байрны 252 тоот орон сууцыг Төрийн банкны зээлээр авсан. Тухайн үед Төрийн банкны шаардлагын дагуу 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Н” ХХК-нд Ч.Э, М.Х нар нь амь насаа даатгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, Төрийн банкнаас зээлдэгчдээ тавьж байгаа шаардлага, стандарт нөхцөлийн хүрээнд даатгалын гэрээ байгуулсан бөгөөд өөрөө хүсч байгуулаагүй, “Н” ХХК-аас ч даатгалын гэрээний агуулгыг тайлбарлаж ойлгуулаагүйгээс шалтгаалан Ч.Э, М.Х нар нь амь насаа л даатгуулж байна гэж ойлгосон байдаг. Гэтэл “Н” ХХК нь өөрийн эрх ашгийг хамгаалсан гэрээг тулган байгуулж түүнийг нь анхан шатны шүүхээс дүгнэхдээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, зохигчид орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээг хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан гэж тайлбарлаж байгаад гомдолтой байна. Ч.Э нарын хувьд ямар шалтгаан гэдгээс үл шалтгаалан амь нас эрсдсэн тохиолдолд даатгал үйлчлэн гэж ойлгосон бөгөөд даатгагчийн зүгээс дээрх байдалд тодруулга хийж тайлбарлаж өгөөгүй, амь насны даатгал л гэж ойлгуулсан байдаг. М.Х-ийн өвчин нь цочмог хурц хэлбэрээр илэрч гэнэт нас барсан нь гэнэтийн осол буюу талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2.1 дэх заалтад хамаарч байхад шүүхээс хамааруулах үндэслэлгүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1203 дугаар дүгнэлтэд “...М.Х нь нойр булчирхайн эвдрэлт цочмог үрэвсэл өвчний улмаас нас барсан байна...”, “...уг өвчин нь цочмог хурц хэлбэрээр илэрч гэнэтийн нас баралтад хүргэдэг болно...” гэж тодорхой дүгнэсэн байдаг. Иймд анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 46 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Ч.Э, М.Х нар нь Төрийн банктай 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 153 тоот орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулан 46 000 000 төгрөгийн зээлийг орон сууц худалдан авах зориулалтаар авсан бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Н” ХХК-тай зээл-орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээг тус тус байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

           /хх-7-10 дахь тал/

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Зохигчид дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдал, гэрээ байгуулагдсан талаар талууд маргаагүй. Харин даатгалын тохиолдол бий болсон эсэх талаар талууд маргасан байна.

 

            Хэрэгт цугларсан баримтаар талууд амь насны даатгалын гэрээ байгуулсан, даатгуулагч хураамжийг төлсөн, даатгалын гэрээний хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр даатгуулагч М.Х нь өвчнөөр нас барсан үйл баримт тогтоогджээ.

 

            Талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлд даатгалын эрсдэл гэдгийг 3.1.1.1/ гал түймэр, дэлбэрэлт, 3.1.1.2/ цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзэл, 3.1.1.3/ сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах, ус чийгний нөлөөлөл, 3.1.1.4/ байгалийн гамшиг /үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи гэх мэт/, 3.1.1.5/ гуравдагч этгээдийн санамсаргүй учруулсан хохирол гэж тодорхойлсон, мөн гэрээнд зээлдэгчийн амь насны даатгалын хамгаалалтыг “үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барах”, “үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах” гэж талууд тохиролцсон байна.  

 

Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 02/540 дугаар албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн талийгаач М.Х-ийн өвчний дүгнэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилжээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1203 дугаар дүгнэлтээр “М.Х нь нойр булчирхайн эвдрэлт цочмог үрэвсэл өвчний улмаас нас барсан, уг өвчин нь цочмог хурц хэлбэрээр илэрч гэнэтийн нас баралтад хүргэдэг болно” гэж дүгнэжээ.

 

Дээрх шинжээчийн дүгнэлт болон Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн талийгаач М.Хаянхярваагийн өвчний түүх зэрэг баримтуудаар даатгуулагчийн нас барсан шалтгаан нь даатгалын гэрээнд заасан “гэнэтийн ослын улмаас” бус нойр булчирхайн эвдрэлт цочмог үрэвсэл өвчин буюу өөрөөр хэлбэл гэнэтийн өвчлөлийн улмаас нас барсан нь тогтоогдож байх тул даатгалын тохиолдол бий болсон гэж үзэхгүй. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байв.

 

Иргэний хуулийн 436 дугаар зүйл, 443 дугаар зүйлийн 443.17-д заасан зохицуулалтаас үзэхэд даатгалын эрсдэл нь гэнэтийн, даатгуулагчаас үл хамаарах шалтгаанаар тохиолддог үйл явдал байна. Даатгуулагч нь даатгалын тохиолдолд бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдлыг даатгагчид нэн даруй мэдээлэх үүргээ биелүүлээгүй, даатгуулагч аюулыг санаатайгаар ихэсгэсэн бол даатгуулагч гэрээг цуцлах, даатгагч амь насаа даатгуулсан атлаа амиа хорлосон бол даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөхийг хуульд тус тус зааснаас үзвэл эрсдэл нь гэнэтийн, санамсаргүй, тохиолдлоор бий болдог шинжтэй байна.

 

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэх гэж тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, даатгалын зүйлд хохирол учирсан байхаас гадна уг хохирол учирсан шалтгаан нөхцлийг хамааруулж, хамтад нь даатгалын тохиолдол гэх ойлголтыг тодорхойлдог байх тул даатгуулагч нас барсан боловч учирсан хохирол юунаас шалтгаалсан гэдгийг тогтоох нь даатгалын тохиолдол бий болсон эсэхийг дүгнэх үндсэн нөхцөл болно.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний заалт, Иргэний хуулийн болон Даатгалын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хамтран зээлдэгч М.Х-ийн нойр булчирхайн эвдрэлт цочмог үрэвсэл өвчний улмаас гэнэт нас барсныг зээлдэгчийн амь насны даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2.1-т заасан заалтад хамааруулах үндэслэлгүй гэж дүгнэн “Н” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 46 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/00424 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388 500 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ