Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/00176

 

  С.Тунгалагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 626 дугаар шийдвэр,

 Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 74 дүгээр магадлалтай,

 С.Тунгалагийн нэхэмжлэлтэй,

Ш.Саранцэцэгт холбогдох,

Төрсөн ах С.Баатарын эзэмшилд байсан Santa Fe маркийн автомашины үнэ 8 500 000 төгрөгийг гаргуулах, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл 1 дүгээр баг 17 дугаар байрны 6 тоот байрны эзэмшигч С.Баатар мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ш.Саранцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч С.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Саранцэцэг нь миний төрсөн ах С.Баатарын эзэмшилд байсан 2000 онд үйлдвэрлэгдсэн саарал өнгөтэй Хюндай Santa Fe маркийн KMJSFG7PPYU002963 арлын дугаартай 49-07 УНЯ улсын дугаартай автомашиныг Оросын холбооны улсын Эрхүү хотод аваачин бусдад худалдан борлуулсан болохыг бид нараас нууж байсныг олж мэдлээ. Миний ах энэ машиныг хүнд битгий хэл бидэнд унуулдаггүй байсан бөгөөд машинаа яаснаа тодорхой хэлдэггүй байсан. Энэ машиныг авсан эх үүсвэр нь бидний аавын ахмад дайчинд олгосон орон сууцыг худалдан борлуулан хүүхдүүддээ тараан өгсөн мөнгөөр худалдан авсан байдаг. Авто машиныг өөр хүн унаж явж байгааг нь би харсан бөгөөд ахаас тухайн үед асуухад ерөөсөө үнэнийг нь хэлдэггүй байсан. Сүүлд гэрээсээ хөөгдөж ирсний дараа миний машиныг хойно зарсан юм шиг байна. Хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй байна гэж хэлж машинаа олж авахыг надад даалгаж захиж байсан. Тэр машиныг миний ах өөрөө ч бараг унаж байгаагүй. Ш.Саранцэцэг наймаа хийх зорилгоор болон түүний охидууд унадаг байсан. Дээрх автомашиныг хил давуулан худалдахдаа хуурамч бичиг баримт үйлдсэн, ашигласан байх магадлалтай байна.

Миний ах С.Баатар нь Боржигон овогт Баасанжавын Алтанчимэгтэй 1993 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэж, 2007 оны 2 дугаар сарын 09-ний өдөр цуцлуулсан бүртгэлтэй байна. Үүнээс хойш гэрлэсэн бүртгэл хийгдээгүй болно. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ гэж заасан. Иймээс миний ах С.Баатар нь Ш.Саранцэцэгтэй гэр бүл болоогүй хамтран амьдарч байсан нь тодорхой байна.

Миний ах нас барахаасаа өмнө надад итгэмжлэл хийж өгсөн бөгөөд энэхүү итгэмжлэлд дээрх тээврийн хэрэгслийг Ш.Саранцэцэгээс шаардан авах талаар эрх олгосон байдаг. Үүнээс гадна миний бие дээрх тээврийн хэрэгслийн өвлөн авахаар хүсэлт гаргасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон, тээврийн хэрэгслийг өмчлөх эрх үүссэн болно.

Иймд иргэн Ш.Саранцэцэгээс 49-07 УНЯ улсын дугаартай, KMJSFG7PPYU002963 арлын дугаартай 2000 онд үйлдвэрлэгдсэн саарал өнгийн Hyundai Santa Fe маркийн автомашины үнэ болох 8 500 000 төгрөгийг гаргуулан олгож өгнө үү.

Мөн Ш.Саранцэцэг нь миний ах /Самбаадивын Баатар/-ын 2012 онд Худалдаа хөгжлийн банкнаас авсан цалингийн зээлээр худалдан авсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл 1 дүгээр баг 14 дүгээр байрны 21 тоотыг хожим нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл 1 дүгээр баг, 17 дугаар байрны 6 тоот байраар сольж энэ байрны эзэмшигчээр өөрийгөө бүртгүүлсэн байсан. Тухайн үед талийгаач ахаас ямар учир шалтгааны улмаас байраа сольсон талаар асуухад ерөөсөө юм хэлдэггүй байсан нь Ш.Саранцэцэгт бүрэн итгэдэг байсны илрэл гэж үздэг. Ш.Саранцэцэг нь миний ахын цалингийн зээлээр авсан байрнаас нь хагалгаанд ороод удаагүй байхад нь удаа дараа хөөж, туун дарамталж, өмнө салсан нөхөртэйгөө хамт амьдарч, миний ахаар тохуурхан даажигнаж байсан тохиолдол ч байдаг юм. Иймээс Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл 1 дүгээр баг, 17 дугаар байрны 6 тоот байрны эзэмшигч С.Баатар болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Ш.Саранцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн ах С.Баатартай 2010 оны 2 сараас эхлэн нас барах хүртэл хугацаа буюу 2017 оны 12 дугаар сар хүртэл хамт амьдарч ирсэн. Хамтын амьдралтай байх дээрх хугацаанд С.Баатар нь ходоодны хавдар өвчнөөр өвчилж сүүлийн нэг жил гаруй хугацаанд байнгын эмчилгээ сувилгаанд байж сүүлдээ химийн эмчилгээ хийлгэх болсон. Эмчилгээнд байж байгаад ходоодны хагалгаанд орох болж нэг бүрийн үнэ нь 2 700 000 төгрөгийн үнэтэй оёдол тавих аппарат 3 ширхэг шаардлагатай болоход үүнийг би авч өгч хагалгааг нь хийлгэж байсан. Мөн өдрийн 380 000 төгрөгийн үнэтэй уургийг тасралтгүй 12 хоногийн турш хийлгэж эмчлүүлж байсан. Албан ёсны гэр бүлийн баталгаагүй ч хамтын амьдралтай байсныхаа хувьд түүний эмчилгээнд би сэтгэлээсээ хандаж эмчлээд эрүүл саруул болгоод авчих юмсан гэж зүтгэсэн ч тусыг эс олж тэр маань нас барсан. Талийгаач өвдөхөөсөө өмнө ажил хөдөлмөр эрхэлж байсан ч надтай хамт байсан хамтын амьдралтай байх хугацаандаа нэг ч төгрөг амьдралдаа зарцуулж байгаагүй, цалин мөнгөө ч өгч байгаагүй, би ч авъя гэдэггүй байсан билээ.

Учир нь би насанд хүрсэн хүүхдүүдийнхээ хамт олон жил бизнес эрхэлж, дэлгүүр ажиллуулж, Солонгос улсаас удаа дараа Santa Fe маркийн машинууд Монголд оруулж ирж худалдан борлуулж байсан. Бидний энэ үйл ажиллагаанд С.Баатар нь биечлэн оролцдоггүй, оролцож байгаа ч үгүй, би хүүхдүүдийн хамтаар энэ үйл ажиллагаагаа эрхлэн явуулж ирсэн. 2013 онд би оруулж ирсэн машинуудаасаа нэгийг өөрийн хэрэгцээнд унаж хэрэглэх болж С.Баатарын нэр дээр эзэмшлийн гэрчилгээг авч байсан. Өрхийн тэргүүн, эр хүн гэдэг утгаар нь машин эзэмших эрхийн гэрчилгээг түүний нэр дээр аваад 3 жил унаж ашигласан. 2016 онд Орос улсад ажил хөөцөлдөж явахад уг машин эвдэрч сэлбэг нь Оросод олдохгүй, нааш нь ачиж ирэх гэхээр машины үнэнээс илүү зардал хөрөнгө гаргах гээд байсан учир арга буюу тэнд нь зарж борлуулж ирж байсан. Энэ нөхцөл байдлыг тухайн үед надтай хамт явж байсан Алтанцэцэг, Энхбаяр гэж хүмүүс сайн мэднэ. Нэхэмжлээд байгаа машин нь 2016 онд зарагдаад мөнгийг нь эм тариа эмчилгээнд хэрэглээд дууссан байхад надаас энэ машины мөнгийг нэхэмжлээд байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба энэ байтугай мөнгө надаас гарч эмчилгээ сувилгаа хийлгэж байсныг ах дүү, төрөл садан нь бүгд л мэдэх юм. Нас барахад нь ч гэсэн би тодорхой хэмжээний мөнгө гаргаж зарцуулсан байхад Тунгалаг жудаггүй зан гаргаж үндэслэлгүй нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

Миний байрны өмчлөгч нь С.Баатар биш, тус байрыг худалдан авахад түүнээс нэг ч төгрөг ороогүй. С.Баатартай гэр бүл болохдоо би өөрийн орон байртай байсан. Насанд хүрсэн хүүхдүүдийнхээ хамтаар олон дэлгүүр, лангуу ажиллуулдаг, мөн БНСУ-аас машин оруулж ирж, зарж борлуулдаг, хоёр хүүхэд маань Солонгос улсад ажиллаж амьдардаг байсан. Сэлэнгэ аймгийн Сайхан сум /Хөтөл/ дахь орон сууцыг Хас банкны зээлээр авч өөрийн ашиг орлогоороо зээлээ төлж байсан. С.Баатарыг ажилгүй байхад нь би ажилд оруулж, тэр 300,000 төгрөгийн цалин авдаг байсан хэдий ч би түүний цалин мөнгийг авдаггүй байсан. Тэр цалингаа өөртөө зарцуулж байсан. Харин ч би түүнд мөнгө төгрөг өгч Улаанбаатарын Амгаланд байсан байрыг нь өөрийн зардлаар засаж сайхан болгож өгч байсан. Хамтын амьдралтай байх хугацаандаа би тус дэм болж явсан уу гэхээс тэжээлгэж яваагүй юм. С.Баатар бид хоёр сүүлийн хэсэг саруудад С.Тунгалагаас болж муудалцаж хэсэг хугацаанд тусдаа байсан нь үнэн бөгөөд өвдөж хагалгаанд ороход нь би бүх зардлыг гаргаж эмчилгээ сувилгаа хийлгэж байсан гэдгийг мэдэх нь мэднэ. Тухайн орон сууцыг би өөрөө худалдаж авсан. С.Баатарт холбогдолгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 626 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Тунгалагийн хариуцагч Ш.Саранцэцэгт холбогдуулан гаргасан машины үнэ 8 500 000 төгрөг гаргуулах, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл 1 дүгээр баг 17 дугаар байрны 6 тоот байрны эзэмшигч С.Баатар болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 74 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 626 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221 150 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 Хариуцагч Ш.Саранцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн 2019 оны 07-р сарын 04-ний өдрийн 626 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаасанд гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна гэж би үзэж байна.

Миний бие нэхэмжлэгч С.Тунгалагийн ах С.Баатартай 2010 оноос 2017 оны 12-р сар хүртэл хамтын амьдралтай байсан. Би түүнтэй хамтын амьдралтай болохоос өмнө БНСУ- аас хүүхдүүдийн хамтаар машин оруулж ирж зардаг байсан, хамтын амьдралтай байхдаа ч энэ ажлаа хийдэг л байсан, харин энэ ажиллагаанд С.Баатар огт оролцож байгаагүй юм.

Би оруулж ирсэн машинуудаасаа нэгийг хувьдаа авч тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь С.Баатарын нэр дээр гаргуулж байсан ба энэ машинаар 2016 онд ОХУ-д ажил хөөцөлдөж явахад машин маань эвдэрч сэлбэг олдохгүй, ачуулаад Монголд оруулж ирэхэд их хэмжээний зардал гарах байсан тул С.Баатартай утсаар ярилцаж байгаад сэлбэгэнд өгөөд Монголдоо ирж байсан.

Намайг ОХУ-ын хил дээрээс С.Баатар тосч авч байсан бөгөөд машинаа сэлбэгэнд өгсөн явдлыг бид хоёр харилцан ярилцаж хийсэн бөгөөд сэлбэгэнд зарагдсан машины мөнгийг түүний эмчилгээнд нь зарцуулаад дууссан. Түүнээс би нас барсан хойно нь машин тэргийг нь зарж үрээд байсан юм байхгүй билээ. Тэрээр 2017 оны 12-р сар хүртэл амьд сэрүүн байхдаа машины талаар надтай ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй ба үүнээс хойш жил гаруй хугацаанд ч бид хамт амьдарч ирсэн шүү дээ .

Тухайн үед машины хасалтыг С.Баатар өөрөө яагаад хийлгээгүйг би сайн мэдэхгүй байна. Ер нь С.Баатар сүүлийн 1 жилийн турш байнгын эм тариа хэрэглэж эмчилгээ хийлгэж байсан, үүнд мөнгө их зарцуулагдаж байсныг ах дүү нар нь бүгд л мэдэж байгаа шүү дээ.

Гэтэл С.Тунгалаг нь байхгүй машин дээр Автотээврийн газрын лавлагааг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ бичүүлж авсан байсан. Нотариатын газар ч өвлөх эрхийн гэрчилгээг бичихдээ өвлөгдөх гэж буй хөрөнгийн гэрчилгээг эх хуваарь нь шаарддаг байх учиртай. Яагаад тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь байхгүй, бодит байдлаар байхгүй машиныг өвлүүлж гэрчилгээ олгосон нь ойлгомжгүй байгаа юм. Хил гаалийн асуудалтай холбоотой нотлох баримт энэ нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй ба энэ нотлох баримт хэргийн шийдэлд нөлөөлөхгүй гэж би үзэж байна.

Нэхэмжлэгчийн 2 дахь шаардлагын тухайд: ...Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл 1-р баг, 14-р байрны 21 тоот орон сууцыг худалдаж авах, мөн арилжаагаар авсан 06 тоот орон сууцууд С.Баатарт огт хамааралгүй, бүгд миний өмчлөлийн хөрөнгүүд байсан. Энэ нь нотлох баримтаар хангалттай нотлогдоно.

С.Баатар надтай амьдарч эхлэхдээ ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ямар ч орлогогүй байсан ба би ажилд оруулж 300 000 төгрөгийн цалин, орлоготой болгож байсан, тэрийгээ тэр зөвхөн өөртөө л зарцуулдаг байсан. Ийм хэмжээний мөнгөөр орон сууц худалдан авах ямар ч боломжгүй юм. Тиймээс нэхэмжлэгчийн ах болох С.Баатарын нэр дээр 06 тоот орон сууц байгаагүй юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлгүй бөгөөд С.Тунгалаг нь байртай холбогдолтой нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй, ийм эрх өвлөөгүй, С.Тунгалаг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж би үзэж байна.

Анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн. Хэрэгт хамааралгүй хүсэлтүүд нэхэмжлэгч нь шүүхэд гаргаж байсан учраас шүүх хүсэлтийг татгалзаж байсан нь хуульд нийцэж байна.

Харин давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй ба нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан, хэрэгт ач холбогдолгүй нотлох баримт бүрдүүлэх нь ач холбогдолтой гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна.

Миний өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.Билгүүн-Төгөлдөрийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан ч М.Билгүүн-Төгөлдөрийг нэхэмжлэгч төрөл садан учраас зугтаалгаж, сүүлдээ М.Билгүүн-Төгөлдөр нь утсаа хаачихсан. Оршин суугаа газартаа ч байхгүй, хөдөө байна гээд шүүх дуудахад ирэхгүй байсан учраас шүүх өмнөх захирамж хангагдах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул захирамжаа хүчингүй болгож хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй юм.

Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Нэхэмжлэгч С.Тунгалаг нь Ш.Саранцэцэгт холбогдуулан төрсөн ах С.Баатарын эзэмшилд байсан Santa Fe маркийн автомашины үнэ 8 500 000 төгрөгийг гаргуулах, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл 1 дүгээр баг 17 дугаар байрны 6 тоот байрны эзэмшигч С.Баатар мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, автомашиныг 2016 онд ОХУ-д ажил хөөцөлдөж яваад эвдрэхээр нь сэлбэгт зараад мөнгийг нь С.Баатарын эмчилгээнд зарцуулсан, орон сууцыг өөрийн хөрөнгөөр 2015 онд худалдаж авснаас хойш миний өмчлөлд бүртгэлтэй байгаа, С.Баатарт хамааралгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

 Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо ...талийгаач С.Баатарын өмчлөлийн автомашиныг Монгол Улсын хил нэвтрүүлсэн талаарх гаалийн дэлгэрэнгүй лавлагаа гаргуулах, ...талийгаачийн болон хариуцагч Ш.Саранцэцэгийн Худалдаа хөгжлийн банк болон Хаан банкинд эзэмшиж байсан дансны орлого, зарлагын дэлгэрэнгүй мэдээлэл, цалингийн зээлийн гэрээ, түүнтэй холбоотой баримт зэргийг гаргуулах хүсэлтүүд хэрэгт хамааралтай байхад хамааралгүй гэж үзэн хангахаас татгалзсан нь талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн, ...мөн гэрчээр М.Билгүүн-Төгөлдөрийг оролцуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн боловч захирамжийн биелэлт хангагдаагүй, хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзаагүй байхад оршин суух хаяг нь тодорхойгүй... гэсэн үндэслэлээр өмнө гаргасан шийдвэрт өөрчлөлт оруулж, хүсэлтийг хангахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль хэрэглээний алдаа гаргасан, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... гэх үндэслэл заажээ.

 Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1.-д зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө.

 Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох Santa Fe автомашин талийгаачийг амьд байхад нь буюу 2016 онд Монгол Улсын хилээр гарсан, хариуцагчийн тайлбараар ОХУ-д зарагдсан гэх бөгөөд энэ хугацаанаас хойш талийгаач нь эзэмшээгүй, талийгаачийг нас барахад байгаагүй болох нь тогтоогдсон.

 Харин эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл 1 дүгээр баг, 17 дугаар байрны 6 тоот орон сууцыг Ш.Саранцэцэг 2015 оноос хойш ганцаараа өмчилж байсан, талийгаач С.Баатар нь хариуцагчтай хамтран амьдарч байхдаа тухайн орон сууцны өмчлөлийн болон эзэмшлийн талаар маргаж байсан үйл баримт тогтоогдоогүй байна.

 Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд нотлох баримтыг бүрдүүлэхээр гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан хэрэгт хамааралгүй гэж үзэж, хүсэлтийг хангахаас татгалзсан анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1., 38 дугаар зүйлийн 38.6. дахь заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй.

 Мөн хэрэгт гэрчээр оролцох этгээдийг дуудсан боловч ирээгүй, хаягтаа байхгүй, хаяг нь тодорхойгүй үндэслэлээр хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзсанд хариуцагч гомдол гаргаагүй болно.

 Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь заалтад нийцээгүй байх тул магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

 Нэхэмжлэгч нь нас барагчийн өмчлөлийн автомашиныг Өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөж авсан гэх үндэслэлээр тус автомашины үнийг шаардаж нэхэмжлэл гаргасан боловч уг автомашин бодитоор байхгүй, талийгаачийг амьд байхад буюу 2016 онд ОХУ-д эвдэрч, сэлбэгэнд зарагдсан гэх хариуцагчийн тайлбар, Алтанбулаг авто замын боомтоор 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан тухай Хил хамгаалах Ерөнхий газрын 2019.01.24-ний №2-Ба/794 тоот баримтаар тогтоогдсон тул Тээврийн хэрэгслийн лавлагааг үндэслэн тус автомашиныг өвлөгдсөн эд хөрөнгө гэж үзэхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1. дэх заалтад нийцжээ.

 Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1.-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэх бөгөөд хэрэгт цугларсан баримтаар нас барагч С.Баатарыг маргаж буй орон сууцны шударга эзэмшигч байсан гэх үндэслэл тогтоогдоогүй, улмаар нэхэмжлэгч нь С.Баатарыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй болохоо нотлоогүй үндэслэлээр С.Тунгалагийг орон сууцны эзэмшигчийн талаар шаардлага гаргах эрхгүй этгээд гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэрэгт цугларсан баримтад тулгуурлан үйл баримтыг үндэслэл бүхий үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1., 90 дүгээр зүйлийн 90.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 74 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 626 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Ш.Саранцэцэгийн гомдлыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ш.Саранцэцэгээс 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 221 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН               Х.СОНИНБАЯР

                ШҮҮГЧИД               П.ЗОЛЗАЯА

                                                       Г.ЦАГААНЦООЖ

                                              Д.ЦОЛМОН

                                                     Х.ЭРДЭНЭСУВД