Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 233

 

Д.М-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баясгалан,

нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 429 дүгээр магадлалтай, 201525030203 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.М-ын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Д-ийн М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэн авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.М-ыг дангаараа болон бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авч, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Д.М-т 500,000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэж, 11 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...нийт 76,020,000 төгрөг...” гэснийг “...нийт 66,020,000 төгрөг...” гэж өөрчлөн, “...иргэний нэхэмжлэгч Ч.М-д 10,000,000 төгрөг...” гэснийг хүчингүй болгож, тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний нэхэмжлэгч Ч.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Д.М-ын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяагийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч О.Баясгалангийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.М хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Л.Б гэх хүнд ямар ч төлбөргүй байсаар байтал намайг 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж гомдол гаргаад шүүхээс уг мөнгийг хэрэгсэхгүй болгосон боловч прокурор 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж тогтоож, улмаар уг мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Г.М бид хоёр хэрэг үүсэхээс 2 сарын өмнө иргэний гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулж, уг гэрээний дагуу хохирлыг бэлэн болон дансаар төлсөөр байтал мөрдөн байцаалтын шатанд Г.М-аар өргөдөл бичүүлж энэхүү асуудлыг эрүүгийн хэрэгт оруулсан. Мөн Ч.М-ийн хохирлыг нэмсэнээр миний эрх зүйн байдал улам дордсон. Иймээс Г.М-ийн хохирлыг энэ хэргээс тусад нь шийдвэрлэж өгөхийг хүсч байна.

Иргэний нэхэмжлэгч Ц.Б 12,500,000 төгрөг, Ж.Ж 3,820,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Миний зүгээс өөрийн шүрэн толгойтой хөөрөг болон эцэг өвгөдөөс уламжилж үлдсэн 5 ширхэг мөнгөн аяга, шүрэн толгойтой жижиг халтар манан хөөргийг тэдэнд зарсан.

Хохирогч Б.Г-ийн шүрэн толгой болон халтар манан хөөргийг барьцаалан зээлдүүлэх газарт тавьж сунгалтын төлбөрийг цаг хугацаанд нь хийсээр байтал уг газар дээрх зүйлийг үгүй хийснээр миний бие хохирсоноос гадна Б.Г бас хохирсон юм. Мөн Г.Б-ийн шүрэн толгойтой хөөргийг Барьцаалан зээлдүүлэх газар бас үгүй хийсэн. Барьцаалан зээлдүүлэх газар миний эд зүйлээс гадна Г.Б, Б.Г нарын хөөргийг маш хурдан хугацаанд зарсан байсан бөгөөд миний бие хохирогч болсон байхад дээрх эд зүйлийн төлбөрийг надаас нэхэмжилж байгаад гомдолтой байна. Б.Г-ийн зөвшөөрснөөр түүний хөөргийг барьцаалан зээлдүүлэх газарт тавьж н.Л-д өгөх төлбөрөө дарсан. Гэтэл намайг залилж авсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Г-ийн хөөрөг биет байдлаар болон зураг нь байхгүй байхад худал үнэлгээ гаргасанд гомдолтой байгаа тул дахин үнэлгээ гаргуулж, барьцаалан зээлдүүлэх газрыг шалгуулмаар байна. Үүнээс гадна энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр П.М, Ч.Б гэх хүмүүсийг хамаатуулан оруулж ирсэн бөгөөд эдгээр хүмүүсийг огт танихгүй учир энэ хэргээс хасуулах хүсэлтэй байна.

Миний бие эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд өөрийн байшин, машинаа зараад хохирлыг тодорхой хэмжээнд барагдуулсан. Хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа тул хорих ял ядлэх дэглэмийг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна. Энэ хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баясгалан хяналтын шатны шүүх хуралдаанд: Шүүгдэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргаагүй учраас тусгайлан гаргах саналгүй гэв.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Д.М нь удаа дараагийн үйлдлээр дангаараа болон бүлэглэн бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг Д.М-т буцаан хэрэглэх үндэслэл тогтоогдож байх тул уг хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хэмжээнд түүний хорих ялыг нийцүүлэн хасах саналтай байна гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэхэд:

Шүүгдэгч Д.М нь удаа дараагийн давтан үйлдлээр 2014 оны 12 дугаар сарын эхээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Б-өөс алтан нуухтай шүрэн толгойтой, тэмээний ясан халбагатай, луу сийлбэртэй их гарын ногоон өнгийн пийсүү хөөрөг, хажтай алтан нуухтай, шүрэн толгойтой дунд гарын цагаан хаш хөөрөг, алтан нуухтай зааны ясан халбагатай улаан шүрэн толгой зэргийг борлуулж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар залилан авч ломбард /барьцаалан зээлдүүлэх газар/-д барьцаалан 30,000,000 төгрөгийн,

Г.Л-тэй бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Мөнгөн товч” дэлгүүрийн Л.Б-аас цагаан өнгийн хаш хөөргийг 13,000,000 төгрөгөөр борлуулж өгнө гэж хуурч мэхлэх аргаар залилан авч, улмаар 10,000,000 төгрөгөөр Ч.М-д зарж борлуулан мөнгийг нь өөртөө хууль бусаар олж аван, 8,000,000 төгрөгийн,

2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун сэлбийн 7а байранд Г.М-аас 32.2 грамм жинтэй, тойргийн диаметр 2.5 см, өндөр нь 2.7 см хэмжээтэй цайвар улаан өнгөтэй шүрэн толгой, Л.Ба-аас халтар манан хөөрөг зэргийг нийлүүлэн борлуулж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар залилан авч ломбард /барьцаалан зээлдүүлэх газар/-д барьцаалан, хохирогч Г.М-т 10,500,000 төгрөгийн, хохирогч Л.Б-д 3,000,000 төгрөгийн,

2014 оны 07 дугаар сард хохирогч Б.Г-ээс шүрэн толгойтой, алтан нуухтай хуучин цагийн халтар манан хөөрөг, алтан нуухтай шүрэн толгой, алтан нуухтай шүрэн толгойтой хавтгай хуучны халтар манан хөөрөг зэргийг борлуулж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар залилан авч ломбард /барьцаалан зээлдүүлэх газар/-д барьцаалан, 36,000,000 төгрөгийн,

2014 оны 08 дугаар сард хохирогч Б.Б-аас шүрэн толгойтой цагаан хаш хөөрөг, бага гарын шүрэн толгойтой халтар манан хөөрөг зэргийг борлуулж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар залилан авч ломбард /барьцаалан зээлдүүлэх газар/-д барьцаалан, 14,800,000 төгрөгийн,

2015 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Ө-оос цагаан хаш хөөргийг борлуулж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар залилан авч, С.Г-т барьцаанд өгч 2,500,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу залилан мэхлэх 6 удаагийн үйлдлээр бусдад нийт 104,800,000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.М-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Д.М-ыг дангаараа болон бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авч, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Шүүхийн шүүгдэгч Д.М-оос 10,000,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ч.М-д олгохоор шийдвэрлэсэн заалтыг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болжээ.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ 10 жил, дээд хэмжээ 15 жил байсныг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт хорих ялын доод хэмжээг 2 жил, дээд хэмжээг 8 жил болгон ялын дээд болон доод хэмжээг багасгаснаас гадна арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох сонгох ялтай болгосон нь 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл болж байна.

Иймээс шүүгдэгч Д.М-т холбогдох хэргийг шинэ хуульд нийцүүлэн оногдуулсан хорих ялын хэмжээг хасаж, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Хяналтын  шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул шүүгдэгч Д.М-ын гаргасан Г.М-т учирсан хохирлыг энэ хэргээс тусад нь шийдвэрлүүлэх, Г.Б, Б.Г нарт учирсан хохирлыг ломбарднаас гаргуулах, эд зүйлийн үнэлгээ дахин гаргуулах тухай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4, 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 429 дүгээр магадлалд:

 “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Д.М-ын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг болгон өөрчилж, 5 /тав/ жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Д.М-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Д.М-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ,

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Т.УРАНЦЭЦЭГ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН