Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинсүрэнгийн Гансүх |
Хэргийн индекс | 105/2016/0167/э |
Дугаар | 429 |
Огноо | 2017-06-15 |
Зүйл хэсэг | 148.4., |
Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 429
Д.Мөнх-Очирт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
ялтан Д.Мөнх-Очир /цахимаар/, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар,
иргэний нэхэмжлэгч Ч.Мижиддоржийн өмгөөлөгч О.Баясгалан,
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч С.Батгэрэл, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Мөнх-Очирын гаргасан давж заалдах гомдлоор, түүнд холбогдох 2015 2503 0203 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Гэдгээ овогт Дашдоржийн Мөнх-Очир, 1985 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цөмийн физикч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 47 дугаар байрны 38а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ГД85080277/;
Д.Мөнх-Очир нь удаа дараагийн давтан үйлдлээр 2014 оны 12 дугаар сарын эхээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Бат-Өлзийгөөс алтан нуухтай шүрэн толгойтой, тэмээний ясан халбагатай, луу сийлбэртэй их гарын ногоон өнгийн пийсүү хөөрөг, хажтай алтан нуухтай, шүрэн толгойтой дунд гарын цагаан хаш хөөрөг, алтан нуухтай зааны ясан халбагатай улаан шүрэн толгой зэргийг борлуулж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар залилан авч ломбард /барьцаалан зээлдүүлэх газар/-д барьцаалан 30.000.000 төгрөгийн,
Г.Лхагвасүрэнтэй бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Мөнгөн товч” дэлгүүрийн Л.Батжаргалаас цагаан өнгийн хаш хөөргийг 13.000.000 төгрөгөөр борлуулж өгнө гэж хуурч мэхлэх аргаар залилан авсан. Улмаар 10.000.000 төгрөгөөр Ч.Мижиддоржид зарж борлуулан мөнгийг нь өөртөө хууль бусаар олж аван, 8.000.000 төгрөгийн,
2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун сэлбийн 7а байранд Г.Мөнгөнхуягаас 32.2 грамм жинтэй, тойргийн диаметр 2.5 см, өндөр нь 2.7 см хэмжээтэй цайвар улаан өнгөтэй шүрэн толгой, Л.Батжаргалаас халтар манан хөөрөг зэргийг нийлүүлэн борлуулж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар залилан авч ломбард /барьцаалан зээлдүүлэх газар/-д барьцаалан, хохирогч Г.Мөнгөнхуягт 10.500.000 төгрөгийн, хохирогч Л.Батжаргалд 3.000.000 төгрөгийн,
2014 оны 7 дугаар сард хохирогч Б.Гачинхүүгээс шүрэн толгойтой, алтан нуухтай хуучин цагийн халтар манан хөөрөг, алтан нуухтай шүрэн толгой, алтан нуухтай шүрэн толгойтой хавтгай хуучны халтар манан хөөрөг зэргийг борлуулж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар залилан авч ломбард /барьцаалан зээлдүүлэх газар/-д барьцаалан, 36.000.000 төгрөгийн,
2014 оны 8 дугаар сард хохирогч Б.Баатараас шүрэн толгойтой цагаан хаш хөөрөг, бага гарын шүрэн толгойтой халтар манан хөөрөг зэргийг борлуулж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар залилан авч ломбард /барьцаалан зээлдүүлэх газар/-д барьцаалан, 14.800.000 төгрөгийн,
2015 оны 1 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Өлзий-Оршихоос цагаан хаш хөөргийг борлуулж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар залилан авч, С.Ганхуягт барьцаанд өгч 2.500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу залилан мэхлэх 6 удаагийн үйлдлээр бусдад нийт 104.800.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Мөнх-Очирын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Гэдгээ овгийн Дашдоржийн Мөнх-Очирыг дангаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авч, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Д.Мөнх-Очирт 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэж, 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Мөнх-Очирт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон нийт 236 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Мөнх-Очироос нийт 76.020.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Батжаргалд 3.000.000 төгрөг, Г.Мөнгөнхуягт 7.000.000 төгрөг, Б.Гачинхүүд 13.000.000 төгрөг, Б.Баатарт 5.700.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Мижиддоржид 10.000.000 төгрөг, Ц.Буяндэлгэрт 12.500.000 төгрөг, Ж.Жүгдэрт 3.820.000 төгрөг, П.Моломжамцад 15.000.000 төгрөг, Ч.Бүнжинд 6.000.000 төгрөгийг тус тус олгуулахаар, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Мөнх-Очирыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Ялтан Д.Мөнх-Очир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд /цахимаар/ гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
1. Мижиддорж гэх хүнд зарсан цагаан хаш хөөргийг миний бие огт мэдэхгүй бөгөөд Лхагвасүрэн гэх хүн Батжаргалаас зарах үеийн хугацаанаас 1 сарын өмнө авсан ба үүнийг Батжаргал хүртэл өөрөө гэрчилдэг. Лхагвасүрэн гэх хүн Мижиддорж гэх хүнд олон удаа очиж үзүүлсэн тухай Мижиддорж мөрдөн байцаалтад хэлсэн байдаг. Мижиддорж тухайн үед хаш хөөргийг мөрдөн байцаагчид хураалгасан бөгөөд хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй байхад Батжаргалд шууд өгсөн бөгөөд Батжаргалын хөөрөгний 8.000.000, Мижиддоржийн 10.000.000 төгрөгийг надаас нэхэмжилдэг. Уг нь Лхагвасүрэн гэх хүн мөнгийг өөрөө авсан бас “Хатан Сүлд” валют арилжааны газар очиж солиулсан. Энэ тухай баримтыг хавсаргасан бөгөөд бичлэгийг нь авч болно гэсэн боловч мөрдөн байцаагч үүнийг тоогоогүй. Төв шуудангийн ард Алтанхуяг гэх хүнд Лхагвасүрэн өрөө төлж мөнгө өгсөн байдаг. Энэ тухай Алтанхуяг өөрөө гэрчилж байхад энэ зарсан мөнгийг над руу хамаатуулж байна. Би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй юм. Үүнд гомдолтой бөгөөд уг мөнгийг хохирлоос хасч өгнө үү.
2. Мөнгөнхуяг бид хоёрын дунд гэрээ хийж нотариатаар баталгаажуулж хэрэг үүсгэхээс өмнө тохирсон байхад хэрэгт заавал оруулж эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Би Мөнгөнхуягт мөнгийг бэлнээр болон дансаар шилжүүлж өгсөөр байтал эрүүгийн хэрэгт хамруулсан, уг хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү.
3. Гачинхүү гэх хүнээс хөөрөг авсан байтал Моломжамц, Бүжин гэх хүнийг хамаатуулсан. Уг хэрэгт хамаарах хөөрөг болон шүрэн толгойг ломбарданд зарж үгүй хийсэн байхад ямар ч зураг болон биет зүйлгүй байхад хохирогчийн аман үнээр үнэлгээ гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд дахин үнэлгээ гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.
4. Бат-Өлзийгийн хөөргийг ломбарднаас хурааж авахад Гачинхүүгийн хөөрөг цуг байсаар байтал ганцхан Бат-Өлзийгийн хөөргийг авч Гачинхүүгийн хөөрөг, шүрэнтолгойг хураагаагүй учраас миний хохирол нэмэгдэж эрх зүйн байдал дордсонд гомдолтой байна.
5. Миний бие одоо гурван хүүхэдтэй, хэрэг үүсэх үед өөрийн байшин болон автомашинаа зарж хохирлыг тодорхой хэмжээгээр төлсөн, хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. Иймд миний эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Ялтны өмгөөлөгч Ч.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдолд нэмэлт тайлбар хийхэд Батжаргал Лхагвасүрэн гэх хүнд хөөрөг зарсан талаар мэдүүлэхдээ “Тухайн үед Лхагвасүрэн миний хөөргийг авсан. Д.Мөнх-Очир байгаагүй. Дараа нь Ч.Мижиддоржид зарсан болохыг мэдсэн. Тэгээд асуухад Д.Мөнх-Очирт мөнгө өгсөн талаар яриагүй” гэж хэлдэг. Д.Мөнх-Очир яагаад хамт явсан бэ гэхээр тухайн үед Лхагвасүрэнгээс 10.000.000 төгрөг зээлсэн байсан. Зээлсэн мөнгөө өгч чадахгүй байсан учраас хүүхдийнхээ хамт очиж Шадивлангийн зуслангийн газарт байдаг түүнийг чингэлэгт хорьж зодсон байдаг. Үүнийг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ганчинхүү мэдүүлэгтээ “нүд ам нь хөхөрсөн, байдалтай ирсэн. Д.Мөнх-Очирыг дагуулж явж яах гэж байна вэ гэхэд, Лхагвасүрэн хөөрөг заруулна” гэдэг. Ингээд яах аргагүй дагаж яваад миний хөөрөг гэж хэлснээс өөр залилан мэхлэх үйлдэл байгаагүй. Эдгээр үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй гэх баримт хавтаст хэрэгт хангалттай авагдсан. Хохирогч Өлзий-Орших хэлэхдээ 2.500.000 төгрөгийн хөөрөг гэж хэлээд байдаг боловч 2хх 250 дугаар талд үнэлгээний газраас 2.000.000 төгрөг гэж үнэлсэн байдаг. Мөн 2015 оны 12 дугаар сарын 8-нд гомдол гаргаад 2015 оны 12 дугаар сарын 9-нд эрүүгийн хэрэг үүсээд шалгагддаг. Гэтэл 2015 оны 12 сарын 16-нд хохирол, төлбөрөө авсан гэсэн баримт өгсөн байдаг. Ингээд төлбөрөө төлсөн байхад залилангийн гэмт хэрэг гэж үзээд байгааг өмгөөлөгчийн зүгээс зөвшөөрөхгүй байна.
Шүүхийн шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэгч Ч.Мижиддоржид 10.000.000 төгрөг, Ц.Буяндэлгэрт 12.500.000 төгрөг, Ж.Жүгдэрт 3.820.000 төгрөг гаргуулахаар заасан. Ломбарданд тавьсан хөөрөгний үнэлгээ нийт 79.000.000 төгрөг байдаг. Тэгэхээр уг ломбардууд хүү, алданги нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Хүү, алдангийн тухайд бол цаг бүрт нь төлөөд явсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Баатар, Гачинхүү, Бат-Өлзий нарын мэдүүлгүүдээр “Мөнгөн ундрага” ХХК-нд Баатар, Гачинхүү, Бат-Өлзий нарын 3 хөөрөг байсан. Үүнийг мөрдөн байцаагчийн хамт очиж эдгээр хөөргийг эд мөрийн баримтаар хураагаад өгөөч хөөрөгний эзэд нь нэхээд байна гэхэд, тухайн үед хохирогч Бат-Өлзийн хөөргийг аваад бусдыг нь аваагүй үлдээсэн учраас хохирогч нарт хохирол үүссэн байдаг. Иймд уг ломбардны асуудлыг дахин шалгуулах хүсэлтэй байна гэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Мижиддоржийн өмгөөлөгч О.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг өмнө анхан шатны шүүхээр хэлэлцэгдээд давж заалдах шатны шүүхээс буцсан байдаг. Энэ хоёр шүүх хуралдаанд хуралдаанд оролцсон. Харин 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд хуралдааны зар ирээгүй учраас биечлэн оролцоогүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль болон бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн байдаг. Ч.Мижиддорж “өөртэй нь урьд хамтран ажиллаж байсан Лхагвасүрэнгээс хөөрөг авахдаа хөөрөгний үнээ хямдруулж өгөөч гэсэн. Гэтэл Д.Мөнх-Очирыг дагуулж ирэхэд хажууд нь мөнгөө бэлнээр төлөөд худалдан авалт хийсэн. Тэгэхээр Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт “эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно” гэсэн байдаг учраас Ч.Мижиддорж иргэний эрх зүйн харилцаанд орж 10.000.000 төгрөгийн үнэтэй хөөрөг худалдаж авсан. Гэтэл мөрдөн байцаагч уг хөөргийг эд мөрийн баримтаар түр хураан авсан тогтоол гаргаад, хөөргийг Батжаргалд өгч Ч.Мижиддоржийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Үүнээс Иргэний хуульд шудрага өмчлөгчөөс шаардах эрх үүсэхгүй гэсэн зүйл байдаг учраас тухайн хөөргийг мөрдөн байцаагч Ч.Мижиддоржид олгох байсан. Гэтэл шудрага өмчлөгчөөс хөөргийг хураан аваад Батжаргалд олгосон. Лхагвасүрэн гэх хүнтэй наймаа хийсэн хүний өмнөөс 10.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэр гаргасан. Анх наймаа Лхагвасүрэн, Ч.Мижиддорж хоёрын хооронд хийгдсэн. Өмгөөлөгчийн зүгээс Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гомдол гаргахад прокуророос гомдлыг хүлээн аваад “мөрдөн байцаагчийн буруутай ажиллагаа байна гээд хөөргийг дахин хурааж, шүүх хэргийг шийдвэрлэх хүртэл нотлох баримт болгон гаргуулж ав” гэсэн даалгавар бичдэг. Гэтэл мөрдөн байцаагч уг даалгаврыг биелүүлээгүй. Ингээд давж заалдах шатны шүүх хуралдаанаас хурлын тов мэдэгдэж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Мөрдөн байцаагч шударга өмчлөгчийн хөрөнгийг хурааж бусдад шилжүүлээд одоо хоригдож байгаа хүнээс хохирлоо гаргуулж авахуулахаар заасан нь иргэний нэхэмжлэгч Ч.Мижиддоржийн хууль ёсны эрх ашгийг хангасан шийдвэр гараагүй байна. Энд буруутай ажиллагааны улмаас алдаа гаргасан мөрдөн байцаагчаас хохирлыг нэхэмжлэн гаргуулах асуудал үүсэх ёстой. Хэрэгт хамааралгүй Д.Мөнх-Очироос хөөрөгний үнийг гаргуулахаар заасан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байгаа учраас шударга өмчлөгч хохирсон байна. Иймд шийтгэх тогтоолоос Ч.Мижиддоржтой холбогдох хэсгийг хасч өгнө үү гэсэн хүсэлттэй байна, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа мөрдөн байцаагчийн хууль бус ажиллагааны улмаас хохирсон тул хохирол нэхэмжлэх эрхийг эдлүүлж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.2 дахь хэсэгт заасныг үндэслэн зөвхөн ялтан Д.Мөнх-Очирын давж заалдсан гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр тухайн хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Д.Мөнх-Очир нь удаа дараагийн давтан үйлдлээр:
2014 оны 12 дугаар сарын эхээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Бат-Өлзийгөөс алтан нуухтай шүрэн толгойтой, тэмээний ясан халбагатай, луу сийлбэртэй их гарын ногоон пийсүү хөөрөг, хажтай алтан нуухтай, шүрэн толгойтой дунд гарын цагаан хаш хөөрөг, алтан нуухтай зааны ясан халбагатай улаан шүрэн толгой зэргийг борлуулж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар залилан авч ломбард /барьцаалан зээлдүүлэх газар/-д барьцаалан 30.000.000 төгрөгийн,
Г.Лхагвасүрэнтэй бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Мөнгөн товч” дэлгүүрийн Л.Батжаргалаас цагаан хаш хөөргийг 13.000.000 төгрөгөөр борлуулж өгнө гэж хуурч мэхлэх аргаар залилан авсан. Улмаар 10.000.000 төгрөгөөр Ч.Мижиддоржид зарж борлуулан мөнгийг нь өөртөө хууль бусаар олж аван, 8.000.000 төгрөгийн,
2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баруун сэлбийн 7а байранд Г.Мөнгөнхуягаас 32.2 грамм жинтэй, тойргийн диаметр 2.5 см, өндөр нь 2.7 см хэмжээтэй цайвар улаан шүрэн толгой, Л.Батжаргалаас халтар манан хөөрөг зэргийг нийлүүлэн борлуулж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар залилан авч ломбард /барьцаалан зээлдүүлэх газар/-д барьцаалан, хохирогч Г.Мөнгөнхуягт 10.500.000 төгрөгийн, хохирогч Л.Батжаргалд 3.000.000 төгрөгийн,
2014 оны 7 дугаар сард хохирогч Б.Гачинхүүгээс шүрэн толгойтой, алтан нуухтай хуучин цагийн халтар манан хөөрөг, алтан нуухтай шүрэн толгой, алтан нуухтай шүрэн толгойтой хавтгай хуучны халтар манан хөөрөг зэргийг борлуулж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар залилан авч ломбард /барьцаалан зээлдүүлэх газар/-д барьцаалан, 36.000.000 төгрөгийн,
2014 оны 8 дугаар сард хохирогч Б.Баатараас шүрэн толгойтой цагаан хаш хөөрөг, бага гарын шүрэн толгойтой халтар манан хөөрөг зэргийг борлуулж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар залилан авч ломбард /барьцаалан зээлдүүлэх газар/-д барьцаалан, 14.800.000 төгрөгийн,
2015 оны 1 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Өлзий-Оршихоос цагаан хаш хөөргийг борлуулж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар залилан авч, С.Ганхуягт барьцаанд өгч 2.500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу бусдад нийт 104.800.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт ялтан Д.Мөнх-Очир, хохирогч Б.Гачинхүү /1хх-199, 206-208, 2хх-159, 3хх-41/, Б.Баатар /1хх-203-204/, мөрдөн байцаалтад хохирогч Л.Батжаргал /1хх-59-60, 131/, Г.Мөнгөнхуяг /1хх-100-101, 130/, Э.Өлзий-Орших /1хх-238-239/, иргэний нэхэмжлэгч Ж.Жүгдэр /1хх-26-27, 212/, Ц.Буяндэлгэр /1хх-29/, Ч.Мижиддорж /1хх-75-76/, гэрч Дүгэржавын Алтанхуяг /1хх-77/, Х.Саранцэцэг /1хх-106/, Доржсүрэнгийн Алтанхуяг /1хх-107/ нарын өгсөн мэдүүлгүүд, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1хх-30, 32/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-31, 33-35/, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний гэрээ /1хх-36-37, 108/, Геологийн төв лаборатори, Төрийн өмчит үйлдвэрийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 664 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-42-43/, Геологийн төв лабораторын шинжилгээний дүн /1хх-44/, Геологийн төв лаборатори, Төрийн өмчит үйлдвэрийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 663 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-88/, Геологийн төв лабораторын шинжилгээний дүн /1хх-89-90/, эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл /1хх-52/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-72/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /1хх-73-74/, “Хатан сүлд” ББСБ-ын валют арилжааны 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн баримт /1хх-54/, 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 18-15 дугаартай Бизнесийн төсөл, үнэлгээ, зөвлөгөө “Золач” төвийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-61-68/, “Ноён буянт” ХХК-ийн өдөр тутмын журнал хөтлөлтийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-80/, эд зүйлийн үнэлгээ /1хх-209-210, 2хх-123, 126, 129, 132/ зэрэг болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.
Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан Д.Мөнх-Очирын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй байна.
Ялтан Д.Мөнх-Очирын: “…Мижиддорж гэх хүнд зарсан цагаан хаш хөөргийг миний бие огт мэдэхгүй бөгөөд Лхагвасүрэн гэх хүн Батжаргалаас зарах үеийн хугацаанаас 1 сарын өмнө авсан. Үүнийг Батжаргал хүртэл өөрөө гэрчилдэг. Лхагвасүрэн гэх хүн Мижиддорж гэх хүнд олон удаа очиж үзүүлсэн тухай Мижиддорж мөрдөн байцаалтад хэлсэн байдаг. ... Лхагвасүрэн гэх хүн мөнгийг өөрөө авч “Хатан Сүлд” валют арилжааны газар очиж солиулсан. Энэ тухай баримтыг хавсаргасан …Төв шуудангийн ард Алтанхуяг гэх хүнд Лхагвасүрэн өрөө төлж мөнгө өгсөн байдаг. Энэ тухай Алтанхуяг өөрөө гэрчилж байхад энэ зарсан мөнгийг над руу хамаатуулж байна. Би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй.
Мөнгөнхуяг бид хоёрын дунд гэрээ хийж нотариатаар баталгаажуулж хэрэг үүсгэхээс өмнө тохирсон байхад хэрэгт заавал оруулж эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. ...
... хөөрөг болон шүрэн толгойг ломбарданд зарж үгүй хийсэн байхад ямар ч зураг болон биет зүйлгүй, хохирогчийн аман үнээр үнэлгээ гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
... Бат-Өлзийгийн хөөргийг ломбарднаас хурааж авахад Гачинхүүгийн хөөрөг цуг байсаар байтал ганцхан Бат-Өлзийгийн хөөргийг авч Гачинхүүгийн хөөрөг, шүрэн толгойг хураагаагүй учраас миний хохирол нэмэгдэж эрх зүйн байдал дордсонд гомдолтой байна.…” гэсэн давж заалдах гомдлуудын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл:
мөрдөн байцаалтад ялтан Д.Мөнх-Очир: “...2014 оны 12 дугаар сарын сүүлээр ... Мижиддоржтой утсаар ярихдаа “надад яаралтай мөнгө хэрэгтэй байна, би энэ хөөрөгний эзэн нь байгаа юм гэж яриад би авто тээврийн яам дээр явж байна, та 11.000.000 төгрөгөөр худалдаж авах уу гэхэд үгүй гэж хэлсэн, тэгэхээр нь танд 10.000.000 төгрөг бэлэн байгаа бол 10.000.000 төгрөгөөр худалдаж ав гэж хэлээд зарахаар болж Мижиддорж гэх хүний ажил дээр нь очиж тухайн хөөрөгний эзэн нь болж намайг уулзуулсан юм. Тэгээд Мижиддорж надад 575.000 төгрөг, 5000 ам.долларыг бэлнээр өгсөн /1хх-115/,
- “... Мөнгөнхуягаас таны шүрэн толгойг аваад явж болох уу, хүнд үзүүлэх хэрэгтэй байна гэж хэлэхэд хажуу талд нь байсан Батжаргал ахаас шинэ цагийн зассан манан хөөрөгний бөгс авч өгөөд шүрэн толгойтой нь нийлүүлээд авч явахдаа би үүнийг зарсны дараа мөнгийг нь өгнө, удаж магадгүй шүү гэж хэлсэн. Тэгэхэд Мөнгөнхуяг нь “за болно” гээд манан хөөрөгний бөгсийг 3.000.000 төгрөг, шүрэн толгойг 8.000.000 төгрөгөөр нийлүүлээд 11.000.000 төгрөгөөр зарахад болно гэж надад хэлсэн. ... Мөнгөнхуяг ахаас авсан халтар манан хөөрөгний бөгс болон шүрэн толгойг 3.800.000 төгрөгөөр хорооллын “Өргөө”-гийн урд талын “Ломбард 5” хувь нэртэй ломбарданд тавьсан юм. ... би Хаан, Голомт банкинд зээлтэй байдаг юм, тэгээд зээлийн мөнгөө тушаачихсан...” /1хх-117/,
- “...надад мөнгөний хэрэг гарсан учир шүрэн толгой болон цагаан хаш хөөргийг нь 3.800.000 төгрөгөөр “Завьяа тагш” гэдэг ломбарданд тавьсан. Түүний дараа Бат-Өлзий ахад ногоон писү хөөргийг нь аваачиж өгөөд “ахаа зарагдахгүй юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь ахиж Бат-Өлзий ахаас писү хөөргийг нь буцааж аваад хөөргийг нь бас нэг хүнд үзүүлээд 2-3 хоногийн дараа Бат-Өлзий ах руу залгаад “би хүнд үзүүлээд явж байгаа шүү” гэж хэлсэн. Удалгүй тус писү хөөргийг 11 дүгээр хороололд байрлах “Мөнгөн-Ундарга” ломбарданд 8.000.000 төгрөгөөр тавьсан...” /1хх-121/,
- “...өөрийн танил Гачинхүү ахаас 2014 оны 7 дугаар сард халтар манан дунд гарын нөхөөстэй шүрэн толгойтой шинэ цагийн хөөргийг хүнд зарж өгнө гэж хэлээд хамтдаа явж нэг танихгүй хүнд үзүүлэхэд тэр хүн хөөргөө үлдээчих гэж хэлэхээр нь би Гачинхүү ахад хэлэхэд зөвшөөрөөд хөөргийг үлдээгээд явсан. Тухайн үед уг хөөргийг 8.000.000 төгрөгөөр зараад Гачинхүү ахад 6.000.000 төгрөг, харин өөртөө зарж өгсөний 2.000.000 төгрөгийг авья гэж тохиролцсон байсан. Тэгээд нөгөө зарж өгөх гэж байсан хүнтэй байнгын холбоотой явсаны эцэст сар гаруй хугацааны дараа “Завьяа тагш” ломбарданд 3.500.000 төгрөгөөр барьцаанд тавьчихсан. Гачинхүү ахаас 32-той алтан нуухтай, шүрэн толгой хэрэгтэй байна гэж асуухад Гачинхүү ах надад уг шүрэн толгойг өгсөн. ... тэгээд уг шүрэн толгойг Мөнгөн-Ундарга ломбарданд 4.800.000 төгрөгийн барьцаанд тавьсан... Баатар ахаас 2014 оны 8 дугаар сарын дундуур шүрэн толгойтой хуучны хаш хөөргийг хүнд 13.000.000, жижиг гарын хуучны халтар мөнөн хөөргийг 1.800.000 төгрөгөөр хүнд зарж өгнө гэж хэлж аваад хэд хэдэн хүнд үзүүлж харуулж байгаад мөнгөний хэрэг гарсан тул цагаан хаш хөөргийг нь “Завьяа тагш” ломбарданд 5.800.000 төгрөг, харин жижиг хөөргийг нь 250.000 төгрөгийн барьцаанд тавиад сунгуулж байгаад 2014 оны 11 дүгээр сарын сүүлчээр хоёр хөөргийг нь буцаан авч өгсөн. ... би Баатарт 2.800.000 төгрөг л өгнө, өөр мөнгө өгөх шалтгаан байхгүй...” /1хх-214/,
шүүхийн хэлэлцүүлэгт ялтан Д.Мөнх-Очир: “...Мөнгөнхуяг ах бид хоёр хоорондоо 8.000.000 төгрөгөөр тохиролцож, гэрээ хийсэн. Би энэ мөнгөнөөсөө 1.000.000 төгрөг өгчихсөн байгаа. Би мөнгө өгөхдөө дансаар болон бэлнээр өгсөн. Одоо 7.000.000 төгрөг дутуу байгаа. Би Батжаргалын халтар манан хөөрөгний үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Гачинхүүд 36.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь үнэн, үүнээс хохирлоо төлж барагдуулж байгаа. Баатар ах бид хоёрын хооронд 6.600.000 төгрөгийн өр байгаа. Бид хоёр аман гэрээ хийсэн ба би саяхан 500.000 төгрөгийг төлсөн. Би Өлзий-Оршиход төлөх өргүй...” /3хх-128/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Гачинхүү: “....Би Нарантуул зах дээр гар дээрээс хөөрөг зардаг юм. Тэгээд 2014 оны 5 дугаар сараас хойш Мөнх-Очир гэх залуутай танилцаж байсан. Тэгээд 2014 оны 7 дугаар сарын эхээр Мөнх-Очир нь надаас шүрэн толгойтой алтан нуухтай хуучны халтар манан хөөргийг 15.000.000 төгрөгөөр зарж өгөхөөр авсан. Тэгээд нэг найзыгаа дагуулж ирээд тэр хүнд уг хөөргийг зарна гэж ярьж байсан. Тэгтэл тэр хүн нь худалдаж авахаа больчихсон бөгөөд ингэж явсаар 1 жил гаруй хугацаа өнгөрсөн юм. 2014 оны 8 дугаар сард дахиад 32 диаметртэй алтан нуухтай шүрэн толгойг 15.000.000 төгрөгөөр хүнд зарж өгнө гэж хэлсэн мөн хуучны шүрэн толгойтой алтан нуухтай хуучны хөөргийг гаальд ажилладаг хүнд зарж өгнө, одоо мөнгийг нь авлаа гэж хэлээд надаас авсан юм. Тэгтэл аль аль нь худал ярьж байсан болох нь тогтоогдсон юм. Тэгтэл би өөрөөс нь сайн лавлаж асуухад би танаас авсан хөөрөг болон шүрэн толгой зэргийг ломбарданд барьцаанд тавьчихсан юм тэгээд хүүг нь төлөөд байгаа юм, удахгүй авч өгнө гэж хэлээд яваад байсан. Тэгтэл өдийг хүртэл надад худлаа ярьж явсан. ... Тухайн үед Мөнх-Очир нь өөрийгөө гаальд ажилладаг гэж ярьж байсан...” /1хх-199/,
хохирогч Б.Гачинхүүгийн дахин өгсөн: “...Д.Мөнх-Очир нь надаас шүрэн толгойтой алтан нуухтай хуучны халтар манан хөөргийг хүнд 15.000.000 төгрөгөөр зарж өгөхөөр авсан юм. Тэгээд найзыгаа дагуулж ирсэн юм тэр хүнд уг хөөрөгийг зарна гэж ярьж байсан. Тэгтэл тэр хүн нь худалдаж авахаа больчихсон бөгөөд ингэж явсаар байгаад 1 жил гаруй хугацаа өнгөрсөн юм. Тэгтэл дахиж 2014 оны 8 дугаар сард 32 диаметртай алтан нуухтай …шүрэн толгойг 15.000.000 төгрөгөөр хүнд зарж өгнө гэж хэлсэн, мөн хуучны шүрэн толгойтой алтан нуухтай хуучны хөөргийг гаальд ажилладаг хүнд зарж өгнө, одоо мөнгийг нь авлаа гэж хэлээд надаас авсан юм. Тэгтэл аль аль нь худал ярьж байсан болох нь тогтоогдсон юм. Тэгтэл би өөрөөс нь сайн лавлаж асуухад би танаас авсан хөөрөг болон шүрэн толгой зэргийг ломбарданд барьцаанд тавьчихсан, тэгээд би хүүг нь төлөөд байгаа, удалгүй авч өгнө гэж хэлээд яваад байсан, тэгтэл өдийг хүртэл надад худлаа ярьж явсан байна...”/1хх-207/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Гачинхүү: “...Анх нэг халтар манан хөөргийг 18 сая төгрөгөөр зарчих гэж хэлээд Мөнх-Очирт өгсөн. Мөнх-Очир Дашдорж гэдэг хүнийг дагуулж ирсэн. Мөнх-Очир “би Дашдорж гэдэг хүнд 18.000.000 төгрөгөөр хөөргийг өгчихсөн” гэж хэлэхээр нь би “надад 15.000.000 төгрөгөө л өгчих” гэж хэлсэн. Дашдорж “би таны хөөргийг авсан, энхийг сахиулах руу хүүхэд маань явсан. Ирэхээр нь мөнгийг чинь өгнө” гэж надад хэлсэн. Намайг Дашдорж хороололд ирж мөнгөө аваарай гэхээр нь хороололд очсон боловч ирээгүй, утас руу нь залгахад утсаа салгасан байсан. Би Дашдорж гэдэг хүн чинь яасан бэ гэж Мөнх-Очироос асуухад нас барсан гэж хэлсэн. Мөн төмөр замын гаалийн газарт хүнд хөөрөг үзүүлэх гэж байна гэж хэлээд миний хүнээс авсан хөөрөгний толгой, хөөрөг хоёрыг аваад явсан. Тэгээд хөөргийг тань авахаар боллоо орой ирээд мөнгийг нь авчих гэж хэлж байна гэхэд нь би итгэсэн. Маргааш нь мөнгөө авах гэж очоод Мөнх-Очир дотогшоо орж, би гадаа нь үлдсэн. Мөнх-Очир гарч ирээд хүмүүс нь архидаад нэмэр алга, дараа нь мөнгөө авъя гэж хэлсэн. Би 3 хөөрөг, нэг хөөрөгний толгойг Мөнх-Очирт өгчихсөн. ... Гэтэл над руу нэг өдөр манай нутгийн зөвлөлийн дарга яриад би хөөрөг авах гэсэн юм чи хөөрөг мэддэг хүн байна ирээд үзээд өг гэхээр нь очсон. Би авах гэж байгаа хөөргийг нь үзэхэд миний хоёр хөөрөг, нэг хөөрөгний толгой, бас Баатарын хөөрөг гээд бүгд байсан. Тэгэхээр нь би Мөнх-Очирт чиний ломбарданд тавьсан хөөрөг чинь энд зарагдаад өөр хүн дээр байна гэхэд Мөнх-Очир би байцаагчтай хамт очоод бүгдийг нь хураалгачихлаа, одоо зарагдахгүй гэж хэлсэн. ... Миний хөөргийг ломбарданд тавьсан үнээр үнэлсэн байсан. Би энэ үнэлгээг нь хүлээн зөвшөөрөөгүй. Одоо үнэлсэн байгаа 36.000.000 төгрөгийн хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс надад 2.000.000 төгрөгийг Мөнх-Очир цувуулж өгсөн. Үлдсэн 34.000.000 төгрөгийг би Мөнх-Очироос нэхэмжилж байна...” /3хх-131/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Баатар: “...Мөнх-Очир нь өөрийгөө Гаалийн ерөнхий газарт ажилладаг гэсэн. 2014 оны 8 дугаар сард Мөнх-Очир нь шүрэн толгойтой цагаан хаш хөөрөг 15.000.000 төгрөгөөр хүнд зарж өгнө гэж хэлээд аваад явсан, дараа нь 2014 оны 8 дугаар сарын сүүлчээр бага гарын шүрэн толгойтой халтар манан хөөргийг 2.000.000 төгрөгөөр зарж өгнө гэж хэлээд аваад явсан. 2014 оны 12 дугаар сарын үед надаас авсан 2 хөөргийг ломбарданд тавьсан болохыг мэдсэн. Мөнх-Очир өөрөө надад энэ талаар бүгдийг хэлсэн. Тэгэхээр нь би 2015 оны эхээр Модны хоёрын ойролцоох ломбарднаас цагаан хаш хөөргийг 7.400.000 тавьсан байсныг өөрөөсөө 5.400.000 төгрөг гаргаад Мөнх-Очироос 2.000.000 төгрөг гаргуулаад хөөргөө буцаан авсан. ... Надад яг баримт байхгүй, тухайн үед ломбард нь надад бичиг баримт үйлдэж өгөөгүй. ... Үлдсэн халтар манан хөөргийг Мөнх-Очир өөрөө ломбарднаас авчирч ирээд надаас гуйсаар байгаад дахиад нэг хүнд үзүүлж харуулах хэрэгтэй байна гэж хэлээд авч яваад 1.000.000 төгрөгийг надад өгөөд үлдсэн 1.000.000 төгрөгийг буцаан өгөөгүй. Би Мөнх-Очироос нийт 6.600.000 төгрөг нэхэмжилж байна. Урьд нь Мөнх-Очир надаас 200.000 мянган төгрөг зээлж байсан. Тэрнийг давхар нэхэмжилж байна...” /1хх-203-204/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Баатар: “...Мөнх-Очирын ээжийнх нь дүү бид нартай хамт ажилладаг байсан болохоор түүнийг таньдаг болсон. Мөнх-Очир миний нэг хөөргийг зарж өгье гээд авсан. Хэд хоногийн дараа хөөрөг зарагдахгүй бол ах нь хөөргөө буцаагаад авъя гэж би Мөнх-Очирт хэлсэн боловч дахиад нэг хөөргийг минь хүнд үзүүлье гээд авч явсан. Үүний дараа хөөрөг авах гэж байгаа гээд нэг залууг Мөнх-Очир дагуулаад ирсэн. Тэгэхээр нь би тэр залуугийн утасны дугаарыг нь аваад 2-3 хоног утсаар ярьсан. Дараа нь надад “ахаа би Мөнх-Очирыг зүгээр таньдаг, намайг хэд хоног хөөрөг авах гэж байгаа хүн болоод тантай уулзаад яриад өгөөч гэж гуйсан, би хөөрөг аваагүй” гэж хэлсэн. Тэгээд Лхагвасүрэн, Гачинхүү бид гурав Мөнх-Очирыг 7 хоногоор дагахаар болж дагаж эхэлсэн. Мөнх-Очир 2 давхар хашаа байшинтай байсан. Энэ үл хөдлөх хөрөнгийнх нь гэрчилгээг авах гэсэн боловч “Хаан банк”-ны барьцаанд тавьчихсан байсан. Тэгээд Гачинхүү бид хоёр Мөнх-Очирыг барьж авсан боловч Мөнх-Очир “та хоёрын хөөрөг манай гэрт байгаа, очоод ав” гэж уйлаад гуйгаад байсан. Гэвч цагдаагийн хэлтэс дээр бид хоёрын хөөргийг ломбарданд тавьсан гэж хэлсэн. Ингэж л хөөргөө ломбарданд байгааг бид хоёр мэдсэн. Мөнх-Очир, Гачинхүү бид гурав ломбард руу явсан. Мөнх-Очир “та хоёр ломбарданд ороод миний хөөрөг гэж битгий хэлээрэй, худалдаж авах гэж байгаа хүн шиг үзээрэй” гэж гуйсан. Мөнх-Очирын эхнэр нь “ээж маань хөдөөнөөс малаа зараад таны мөнгийг өгнө” гэж хэлээд гуйгаад байхаар нь бид хоёр өргөдлөө татаж авсан. Гэтэл дараа нь бид хоёр прокурорт хэрэг шилжсэн хойно мэдсэн, тэгээд бид хоёр өргөдлөө бичиж өгсөн. Би том цагаан хөөргөө ломбарднаас өөрөө мөнгөө төлөөд авъя чи хэдэд тавьсан юм бэ гэж Мөнх-Очироос асуухад хүүгээ төлөөд 5.000.000 төгрөг болох байх гэж хэлсэн. Тэгээд ломбарднаас хөөргөө авах гэхэд 7.400.000 төгрөг болно гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгө байгаагүй маргааш нь би 5.000.000 төгрөгтэй ирсэн ба Мөнх-Очироос 2.000.000 төгрөгийг нь гаргуулж бид хоёрын мөнгө нийлээд 7.000.000 төгрөг болсон. Надад 400.000 төгрөг дутсан болохоор Лхагвасүрэн ахаас мөнгө гуйж Лхагвасүрэн ахын хүүхдээс нь 500.000 төгрөг зээлсэн. Тэгээд би ломбарднаас 7.400.000 төгрөгөөр том цагаан хөөргөө авсан. Би халтар хөөргөө хэдэн төгрөг төлж авах вэ гэхэд 700.000 төгрөг төлж авна гэсэн. Дараа нь 700.000 төгрөгөөр Мөнх-Очирын ломбарданд тавьсан миний халтар манан хөөргийг Мөнх-Очир над дээр авч ирээд би энэ хөөргийг заръя гэхээр нь би хөөргөө үгүй гээд өөрөө авчихсан юм. Хөөргөө аваад 2 хоног болоход над руу Мөнх-Очир байнга залгаад байсан. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэхэд Мөнх-Очир би наад хөөргийг чинь хүнд үзүүлчихсэн юм гэсэн. Мөнх-Очирын эхнэр нь бас надаас гуйгаад байсан болохоор хөөргөө буцаагаад Мөнх-Очирт өгсөн. Намайг захаас гараад явж байхад утсаар Мөнх-Очир яриад Төв аймгийн ойролцоо машины дугуй буудчихлаа, би гэр бүлээрээ явж байна, дугуйны мөнгө өгөөч гэж гуйхаар нь би эхлээд 200.000 төгрөгийг Мөнх-Очир руу шилжүүлсэн. Иймд ломбарднаас авсан үнэ болох 5.400.000 халтар манан хөөрөгний үлдэх 800.000 төгрөг, үүн дээр дээр дугуй засуулахаар шилжүүлсэн 200.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаагаас 500.000 төгрөгийг нь Мөнх-Очироос авсан...”/3хх-132/,
мөрдөн байцаалтад хохирогч Г.Мөнгөнхуяг: “...Уг халтар манан хөөрөгний бөгс нь Батжаргалынх харин шүрэн толгой нь минийх тухайн өдөр Мөнх-Очир манай дэлгүүр дээр ирээд хүн шүрэн толгойтой халтар манан хөөрөг авах гээд байна гээд надаас гуйсаар байгаад нэг шүрэн толгой аваад гарахдаа эсрэг лангууны Батжаргалаас хөөрөгний бөгс аваад явсан байсан. ... би анхнаасаа уг халтар манан хөөрөгний бөгс Батжаргалынх гэдгийг нь хэлсэн. Миний шүрэн толгой, Батжаргалын хөөрөгний бөгсийг аваад явсан гэснийг надаас авсан гэж ойлгоод яваад байсан юм шиг байна лээ...” /2хх-130/,
мөрдөн байцаалтад хохирогч Л.Батжаргал: “...Мөнх-Очир нь “Урт цагаан” худалдааны төвийн орчимд Мөнгөн дөш-2 худалдааны газарт орж ирээд манай эсрэг талаас харсан Мөнгөнхуягийн лангуунд сууж шүрэн толгой барьж гарч ирээд “хүн хөөрөг авъя гээд байна. Энэ толгойд таарах бөгс байна уу” гэж хэлээд халтар манан хөөрөгний бөгс үзэж байгаад энийг чинь хүнд аваачиж зараад мөнгийг нь аваад ирье гэхээр нь Мөнгөнхуяг хөөрөгний толгойгоо …итгээд өгөөд явуултал ирээгүй. Тэрнээс 4 сар орчмын дараа талийгаач Лхагвасүрэн манай лангуун дээр ирээд “манай хуурай дүү гавъяат авч байна, үдээс хойш төрийн ордонд орохоор боллоо хөөрөг авах хэрэгтэй байна. Манай дүү Улаанбаатар Төмөр замын орлогч дарга хийдэг” гэж хэлээд 25.5 мм амтай, толгойгүй цагаан өнгийн хаш хөөрөгний бөгсийг 13.000.000 төгрөгөөр авахаар тохиролцоод аваад явсан. Сүүлд бусдын амнаас сонсоход Мөнх-Очир нь хамт явж байсан юм шиг байна лээ, надад өртэй байсан болохоор орж ирээгүй байх...” /2хх-131/,
мөрдөн байцаалтад хохирогч Э.Өлзий-Орших: “...2015 оны 1 дүгээр сарын 15-ны үед миний танил Д.Мөнх-Очир над руу утсаар яриад зарах хаш хөөрөг байна уу гэж асуусан тэр үед надад цагаан хаш хөөрөг байсан учир Мөнх-Очиртой уулзаад тэр өдрөө хөөргөө заруулахаар болоод Мөнх-Очирт өгч явуулсан. Тэгтэл Мөнх-Очир нь буцаагаад миний хөөргийг аваад ирсэн. Тэгэхдээ хүн нь мөнгөтэй болохоороо авна гэнээ гэж хэлсэн. Тэгээд дараа нь 2-3 хоногийн дараа Мөнх-Очир нь над руу залгаад нөгөө хүн чинь мөнгөтэй болчихсон гэж байна. Хөөргөө өгөөч 5.000.000 төгрөгөөр зарчихаад аваад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь тэг тэг гэж хэлээд өгч явуулчихаад эргээд залгаж юу болж байна гэж асуухад ажил төрөл бүтэмжтэй байна. ... Маргааш өглөө 9 цагт ирж мөнгөө аваарай гэж хэлсэн. Тэгээд Бөхийн өргөөн дээр 3-4 цаг хүлээж байгаад мөнгөө авч чадаагүй сүүлдээ утсаа авахгүй худал ярьж өдий хүрч байна. Тэгээд сүүлд Хүнсний нэг дээр таарахад би чиний хөөргийг зараагүй барьцаанд тавьчихсан Ганхуяг гэж хүнд барьцаалчихсан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр дор нь Ганхуягтай утсаар “танд Мөнх-Очир өгсөн гэх хаш хөөрөг байгаа юм уу” гэж ярихад “тиймээ надад хөөрөг нь байгаа миний шүрэн толгойг аваад явхаар нь барьцаалаад тавьчихсан байгаа” гэж хэлсэн. Тэгээд саяхан Ганхуягтай утсаар холбогдоход чиний хөөрөгний бөгсийг 3.000.000 төгрөгөөр зарчихсан. Тэгээд өнөөдөр Мөнх-Очир бид хоёр уулзаж хоорондоо ярилцаж тохиролцоод хөөргөө 2.500.000 төгрөгөөр үнэлээд Мөнх-Очироос 2.500.000 төгрөгийг гаргуулж авсан. Тухайн үед Мөнх-Очир нь миний хөөргийг хүнд 5.000.000 төгрөгөөр зарж өгнө гэж хэлээд авсан юм. Цагаан өнгийн хаш чулуун хөөрөг 20 мөнгөний амтай, хоёр мөрний ойролцоо бор өнгийн толботой, 5.000.000 төгрөгийн үнэлгээтэй шинэ цагийн хөөрөг байгаа юм...” /1хх-238-239/,
мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Ж.Жүгдэр: “...Д.Мөнх-Очир нь 2014 оны дундуур он, сар өдрийг нь санахгүй байна, дунд гарын шинэ цагийн нөхөөстэй шүрэн толгойтой халтар манан хөөрөгний 3.500.000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан ... Тухайн үед “энэ миний хөөрөг байгаа юм. Манай аав хөөрөг хийдэг хүн байсан. Манай гэр бол музей л гэсэн үг” гэж ярьж байсан. Тухайн үед миний санаж байгаар цагаан хаш хөөргийг барьцаанд тавьж зээл авч байсан санагдаж байна. Тэгээд сүүлд нь 2015 оны эхээр мөнгөө бага багаар төлж байгаад ойролцоогоор нийт 7.000.000 гаруй төгрөг төлөөд хөөргөө буцаан авсан....” /1хх-26-27, 212/,
мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Ц.Буяндэлгэр: “...Д.Мөнх-Очир нь манай Мөнгөн ундарга ХХК-ний ломбарданд 2015 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ногоон писү хөөрөг, жижиг хоёр ширхэг шүрэн толгой, жижиг хөөрөг зэргийг 15.000.000 төгрөгөөр барьцаалан зээл авсан. Тэгээд 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш зээлийн хүү огт өгөөгүй учир Мөнх-Очирт удаа дараа мэдэгдсэний дараа хоёр ширхэг шүрэн толгой болон жижиг хөөрөг зэргийг нийлүүлээд 2.500.000 төгрөгөөр Нарантуул зах дээр танихгүй хүмүүст зарж борлуулсан. Тэгээд Фисү хөөрөг нь 12.500.000 төгрөг болж үлдсэн. ... Тухайн үед хөөрөг болон шүрэн толгой зэргийг барьцаанд тавихдаа ээж Цэцэгмаагийн хамт ирсэн. Д.Мөнх-Очирын ээж Цэцэгмаа “энэ хөөрөг нь манай эзэмшлийн хөөрөг байгаа юм” гэсэн утгатай баталгаа гаргаж өгч байсан...” /1хх-29/,
мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Ч.Мижиддорж: “...талийгаач надад “би нэг цагаан хаш хөөрөг оллоо шүү” гээд надад тэр хөөргөө авчирч үзүүлсэн. Тухайн үед Лхагвасүрэн нь 15.000.000 зарна гэж хэлэхээр нь би “үнэтэй байна би ийм үнэтэй хөөрөг авахгүй намайг эзэнтэй нь уулзуулаад өгөөч” гэж хэлсэн. Тэгсэн чинь хэсэг хугацааны дараа над дээр ирэхдээ “нөгөө хөөрөг чинь 12.000.000 болсон шүү” гэхээр нь би “өшөө буулгаа би эзэнтэй нь уулзах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгэхэд уг хөөрөгний эзэн гээд Мөнх-Очир гэх залууг дагуулж ирэхээр нь “наад хөөргийг чинь 10.000.000 төгрөгөөр авъя” гэхэд Мөнх-Очир нь “би машин худалдаж аваад явж байгаа юм надад мөнгө дутаад байна та 10.000.000 төгрөгөөрөө авдаа” гэж зөвшөөрч би нийт 10.000.000 төгрөгийг бэлэн 575.000 төгрөг дээр 5000 ам.доллар нэмж бодож өгч байсан. Тухайн үед доллар болон төгрөгийн нийлбэр нь 10.000.000 төгрөг болж байсан. Тэгээд Лхагвасүрэн, Мөнх-Очир хоёр нь мөнгөө аваад гараад явсан. ... Хаш хөөргийг өгч авалцахад ямар нэг баримт бичиг үйлдээгүй миний ажлын өрөөнд бид 3 сууж байгаад өгч авалцсан....” /1хх-75-76/,
мөрдөн байцаалтад гэрч Дүгэржавын Алтанхуяг: “...Би гоёл чимэглэлийн дэлгүүрийг 10 жил ажиллуулж байгаа. Талийгаач Лхагвасүрэнг мэддэг болоод их удаж байна. 2014 оны 11 дүгээр сарын үед би ломбарданд өөрийнхөө шүрэн хөөргийг тавьчихсан юм. Тэгээд хугацааг нь сунгаад явж байхад Лхагвасүрэн нь ямар ломбарданд тавьсан юм бэ? Би хөөргийг чинь авч өгөөд зараад өгье гэж хэлээд ломбарднаас миний хөөргийг авч өгөөд зарна гээд аваад явсан юм. Тэгээд надад 2014 оны 5 дугаар сард 5.000.000 төгрөг өгч байсан. Тэгээд сүүлд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2.000.000 төгрөгийг Төв шуудангийн арын зогсоолд Д.Мөнх-Очирын машинд сууж байгаад өгч байсан. Тухайн үед надад мөнгө өгөхөд Д.Мөнх-Очир байгаагүй...” /1хх-77/,
мөрдөн байцаалтад гэрч Х.Саранцэцэг: “... “Ист манчир” ХХК болох барьцаалан зээлдүүлэх газарт 2010 оноос эхэлж ажиллаж байгаа юм. Уг байгууллагад зээлийн ажилтан хийдэг юм. ... 2014 оны 11 дүгээр сарын үед хөөрөг барьцаанд тавьж зээл аваад уг хөөрөг барьцаалсан зээл дээр нэмж мөнгө авч байсан санагдаж байна. Тэгээд уг хөөргөө огт сунгуулаагүй алга болчихсон юм. Тэгээд барьцаалан зээл авсан хугацаа дуусч Д.Мөнх-Очирт мэдэгдсэний үндсэн дээр хөөргийг 2015 оны 3 дугаар сарын үед зарж борлуулсан. Хаана ямар хүнд зарж борлуулсан талаар мэдэхгүй байна. ... Тухайн үед Мөнх-Очир нь ямар хөөрөг болон бусад эд зүйлсийг барьцаалан зээл авсныг сайн санахгүй байна. Д.Мөнх-Очир нь “би хөөрөг цуглуулдаг манай эцгийн хөөрөг байгаа юм” гэж хэлж байсан санагдаж байна...” /1хх-106/,
мөрдөн байцаалтад гэрч Доржсүрэнгийн Алтанхуяг: “...Би “Ист манчир” ХХК болох барьцаалан зээлдүүлэх газарт 2013 оноос эхэлж ажиллаж байгаа юм. ... 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Д.Мөнх-Очир гэх хүн шүрэн толгойтой хаш хөөргийг барьцаанд тавьж 4.200.000 төгрөгийг зээлээд дээр нь мөнгө нэмж авсаар байгаад 11.700.000 төгрөг болсон байсан. Дараа нь 2014 оны 10 дугаар сарын үед байх Д.Мөнх-Очир өмнө нь тавьсан байсан хаш хөөргийг буцаан авч оронд нь шүрэн толгойтой манан хөөргийг 5.000.000 төгрөгөөр үнэлүүлж тавиад бусад төлбөр тооцоогоо хийчхээд явсан. Тухайн үед зээлийн хугацаа дуусаж энэ талаар Д.Мөнх-Очирт удаа дараа утсаар мэдэгдсэн боловч зээлийн хугацаа дууссанаар сүүлд тавьсан байсан халтар манан хөөргийг зарах эд зүйлс хайж явсан танихгүй хүнд ойролцоогоор 5.000.000 гаран төгрөгөөр зарж борлуулсан. Д.Мөнх-Очир нь манай ломбарданд эд зүйлс тавихдаа өөрийн биеэр ирж бичиг баримтаа үзүүлж барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулж барьцаанд тавих гэж буй эд зүйлсээ миний өөрийн эд зүйлс гэж ярьдаг байсан. Тэгээд зээлийн хугацаа дуусч Д.Мөнх-Очирт энэ талаар удаа дараа мэдэгдээд байхад ямар нэгэн төлбөр тооцоо өгөхгүй алга болсон учир өөрийн байгууллагыг хохиролгүй болгох үүднээс 2015 оны эхээр танихгүй хүнд зарж борлуулсан...” /1хх-107/ гэх мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд Д.Мөнх-Очир нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн, төөрөгдүүлэх замаар өөрөө өгөхөд хүргэж, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх болон няцаах нөхцөл байдал тогтоогдоогүй тул ялтан Д.Мөнх-Очирын гаргасан давж заалдах гомдлын дагуу тухайн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хуулийн үндэслэлгүй.
Гэвч хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Батжаргалын: “Г.Лхагвасүрэн нь төрийн ордонд дүү минь гавьяатын шагнал авч байгаа юм гээд авсан” /1хх-48/, “...2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Лхагвасүрэн нь төмөр замын орлогч дарга хийдэг манай хуурай дүү гавьяат авч байна. Барих сайхан хөөрөг хэрэгтэй байна гэж хэлээд 25 мм амтай, толбогүй, цэвэр цагаан хаш хөөрөг авч явсан...” /1хх-60/,
Иргэний нэхэмжлэгч Ч.Мижиддоржийн: “2014 оны 12 дугаар сарын сүүлээр ... уг хөөрөгний эзэн гэх Мөнх-Очирыг дагуулж ирэхэд “би наад хөөргийг чинь 10.000.000 төгрөгөөр авья” гэхэд Мөнх-Очир нь “би машин худалдаж аваад явж байгаа юм, надад мөнгө дутаад байна та 10.000.000 төгрөгөөрөө ав” гээд зөвшөөрч нийт 10.000.000 төгрөгийг бэлэн 575.000 төгрөг болон 5000 ам доллараар бодож өгч байсан юм. Тэгээд Лхагвасүрэн, Мөнх-Очир нар мөнгөө аваад гарсан. /1хх-76/,
гэрч Д.Алтанхуягийн: “...2014 онд 5.000.000 төгрөг өгч байсан. Тэгээд сүүлд 2014 оны 12 дугаар сарын 26-нд төв шуудангийн арын зогсоолд Мөнх-Очирын машинд сууж байгаад өгч байсан. Мөнгө өгөхөд Мөнх-Очир байхгүй байсан.” /1хх-77/, “...2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Лхагвасүрэн гуай надад хөөрөг зарсан мөнгөний үлдэгдэл гэж хэлээд өгсөн. Тэр үед Мөнх-Очир хамт явж байсан. Мөнгө өгөх үед байгаагүй, хаашаа явсныг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг /2хх-161/,
гэрч, “Ноён буянт” ломбардын ажилтан Л.Алтанцэцэгийн: Г.Лхагвасүрэн нь 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 159.000 төгрөгийн 17 хоногийн хүү төлөөд 3.500.000 төгрөгийг бэлнээр төлж аваад явсан. Энэ нь журналаар нотлогдож байгаа. Тухайн үед Лхагвасүрэн нь ганцаараа явж байсан. /1хх-78/, “Хатан сүлд” ББСБ-ын бэлэн мөнгө солиулсан баримт /1хх-54/, цагаан хаш хөөргийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тогтоол /1хх-56/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-72/, “Ноён Буянт” ломбардны журнал хөтлөлтийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-80-83/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл 13.000.000 төгрөгөөр борлуулж өгнө гэж хохирогч Л.Батжаргалын цагаан хаш хөөргийг Г.Лхагвасүрэн гэгч авч иргэний нэхэмжлэгч Ч.Мижидоржид 10.000.000 төгрөгөөр худалдаж, үүнээс 3.500.000 төгрөгийг “Ноён буянт” ломбардад өгч барьцааны хөөрөг чөлөөлүүлж, 2.000.000 төгрөгийг Д.Алтанхуягт хөөрөгний үнэд өгөх зэргээр хөөрөгний үнийн дийлэнх хувийг захиран зарцуулсан үйлдэлд талийгаач Г.Лхагвасүрэн нь голлон оролцсон бөгөөд ялтан Д.Мөнх-Очир “би энэ хөөрөгний эзэн нь байна” хэмээн иргэний нэхэмжлэгч Ч.Мижиддоржид хуурамчаар итгүүлэн уг хөөргийг түүнд худалдахад дэмжлэг үзүүлж хамтран оролцсон нь тогтоогдсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Гэтэл анхан шатны шүүх гэм хорын хохиролд хөөрөгний үнэ 10.000.000 төгрөгийг зөвхөн ялтан Д.Мөнх-Очироос иргэний нэхэмжлэгч Ч.Мижиддоржид олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь, хохирогч Л.Батжаргалын хөөргийг Г.Лхагвасүрэн, ялтан Д. Мөнх-Очир нар иргэний нэхэмжлэгч Ч.Мижидоржид 10.000.000 төгрөгөөр худалдаж, түүний үнэ 5.500.000 төгрөгийг Г.Лхагвасүрэн дангаар зарцуулсан нь тогтоогдсон төдийгүй, мөрдөн байцаагч цагдаагийн д/ч М.Батсайхан нь уг хөөргийг эд мөрийн баримтаар 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр иргэний нэхэмжлэгч Ч.Мижиддоржоос хураан авч, 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр тэмдэглэл үйлдэн хохирогч Л.Батжаргалд хүлээлгэн өгсөн нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 144.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн заалтуудыг зөрчиж, хууль ёсны буюу шударга эзэмшигч Ч.Мижиддоржийн эд хөрөнгө өмчлөх болон бусдын хууль бус эзэмшлээс өмчлөх хөрөнгөө шаардах эрхийг зөрчихөд хүргэсэн маргаан бүхий нөхцөл байдал үүссэн байхад анхан шатны шүүх түүний нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолд Д.Мөнх-Очироос Ч.Мижиддоржид 10.000.000 төгрөг олгохоор заасан хэсгийг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч Ч.Мижиддорж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсан нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан Д.Мөнх-Очирын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.