Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 00012

 

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2018/00012

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Д.Г-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Б.О-д холбогдох

            28 050 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.Г -  би хариуцагч Б.О-д 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 17 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай бэлнээр өгч зээлдүүлсэн ба тухайн өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан юм. Надад өөрийн эзэмшлийн тус сумын 2 дугаар хороололын 11 дүгээр байрны урд байрлалтай 92 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан боловч уг барилга нь газрын зөвшөөрөлгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй. Гэрээг нотариатаар батлуулж Үдугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь өгсөн. Б.О- нь надаас мөнгө зээлэхдээ 500 000 000 /таван зуун сая/ төгрөгийн зээл авахаар хөөцөлдөж байгаа тул мөнгө хэрэгтэй байна хэлж байсан. Гэтэл банкнаас зээл нь бүтээгүй өөр хүнээс мөнгө зээлж аваад өгнө гэж хэлдэг. Мөнгөө нэхэхээр надад барьцаалсан үйлчилгээний зориулалттай байрыг зараад өгнө гэж хэлсээр өдий хүрсэн. Иймд Б.О-аас үндсэн зээл 17 000 000 төгрөг, зээлийн гэрээнд заасан хүү 2 550 000 төгрөг, гэрээний дагуу алданги 8 500 000 төгрөг нийт 28 050 000 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болж өгнө үү гэв.

Хариуцагч Б.О- шүүхэд ирүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.О- нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 17 000 000 төгрөгийг Д.Г -  ахаас аваагүй бөгөөд 2016 оны 03 дугаар сард Говилд байдаг байгууламжийг нь худалдан авах гэж Төрийн банкнаас зээл хөөцөлдөж байгаад Төрийн банкны хуулийн хэлтсийн дарга  А-  гэдэг хүнд шан харамж өгөх болоод Г-  ахаас 10 000 000 төгрөгийг түр зээл гартал гээд авсан юм. Уг мөнгөнөөс нийт 5 100 000 төгрөгийг буцаан өгсөн. Миний хөөцөлдөж байсан бүх төрлийн зээл гараагүйн улмаас би тодорхой хэмжээнд хохироосон ч төлбөрөө бүрэн барагдуулах чин хүсэл байсан боловч үнэхээр эдийн засгийн гүн хямралд ороод үйл ажиллагаа бүрэн зогсоод 1 жил гаруй хугацаа өнгөрч байгаа юм. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ах гэрт ирж гэрээ байгуулах хэрэгтэй гээд хуучин Мобикомын 2 давхарт байдаг нотариат дээр дагуулан очоод нотариатын хүнд нөхөж гэрээ хийсэн байна гээд гэрээ байгуулсан бөгөөд надад хувийг нь өгөөгүй, Г-  ах өөрөө авсан юм. Тэрнээс би тэр өдөр 17 000 000 төгрөг бэлнээр өгч, авалцсан юм болоогүй би мөнгө аваагүй юм гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Г -  нь хариуцагч Б.О-д холбогдуулан үндсэн зээл 17 000 000 төгрөг, хүүний төлбөрт 2 550 000 төгрөг, алданги 8 500 000 төгрөг, нийт 28 050 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч Б.О- 17 000 000 төгрөг аваагүй, зээлийн гэрээг нөхөж байгуулсан. Д.Г - т 5 100 000 төгрөгийг буцааж төлсөн гэж хариу тайлбар гаргасан байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Зохигчид 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 17 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, алданги 0.5 хувь, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 2 дугаар хороолол 11 дүгээр байрны урд 00 тоот Үулсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцаат зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн байна. /хх 3-4/

            Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч Д.Г -  шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-д Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасан байх тул хариуцагч Б.О-аас үндсэн зээл 17 000 000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2 550 000 төгрөг, алданги 8 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Г - т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д ...татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан тул хариуцагч Б.О- энэхүү үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 17 000 000 төгрөгийг бэлнээр аваагүй, 5 100 000 төгрөгийг Д.Г - т буцаан төлсөн гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т хариуцагч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд хариуцагч Б.О- нь шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч товлосон өдөр, цагт ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн төлөөлөгч түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэргийн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 298 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-аас 298 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г - т олгохоор заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                               ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.О-аас 28 050 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Г - т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 298 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-аас 298 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г - т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Л.АРИУНЦЭЦЭГ