Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 00021

 

                                  Д.Г-ийн нэхэмжлэлтэй хариуцагч

                              Б.О-д холбогдох иргэний хэргийн тухай

                                                                                

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00012 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.О-д холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэг 28.050.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Б.О-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Х.О бат, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би хариуцагч Б.О-д 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 17.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай бэлнээр өгч зээлдүүлсэн ба тухайн өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан юм. Надад өөрийн эзэмшлийн тус сумын 2 дугаар хорооллын 11 дүгээр байрны урд байрлалтай 92 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан боловч уг барилга нь газрын зөвшөөрөлгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй. Гэрээг нотариатаар батлуулж Ү-ХХХХ дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь өгсөн. Б.О нь надаас мөнгө зээлэхдээ 500.000.000 төгрөгийн зээл авахаар хөөцөлдөж байгаа тул мөнгө хэрэгтэй байна хэлж байсан. Гэтэл банкнаас зээл нь бүтээгүй өөр хүнээс мөнгө зээлж аваад өгнө гэж хэлдэг. Мөнгөө нэхэхээр надад барьцаалсан үйлчилгээний зориулалттай байрыг зараад өгнө гэж хэлсээр өдий хүрсэн. Иймд Б.О-аас үндсэн зээл 17.000.000 төгрөг, зээлийн гэрээнд заасан хүү 2.550.000 төгрөг, гэрээний дагуу алданги 8.500.000 төгрөг нийт        28.050.000 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 17.000.000 төгрөгийг Д.Г ахаас аваагүй бөгөөд 2016 оны 03 дугаар сард Говилд байдаг байгууламжийг нь худалдан авах гэж Төрийн банкнаас зээл хөөцөлдөж байгаад Төрийн банкны хуулийн хэлтсийн дарга Алтанзагас гэдэг хүнд шан харамж өгөх болоод Г ахаас 10.000.000 төгрөгийг түр зээл гартал гээд авсан юм. Уг мөнгөнөөс нийт 5.100.000 төгрөгийг буцаан өгсөн. Миний хөөцөлдөж байсан бүх төрлийн зээл гараагүйн улмаас би тодорхой хэмжээнд хохироосон ч төлбөрөө бүрэн барагдуулах чин хүсэл байсан боловч үнэхээр эдийн засгийн гүн хямралд ороод үйл ажиллагаа бүрэн зогсоод 1 жил гаруй хугацаа өнгөрч байгаа юм. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ах гэрт ирж гэрээ байгуулах хэрэгтэй гээд хуучин Мобикомын 2 давхарт байдаг нотариат дээр дагуулан очоод нотариатын хүнд нөхөж гэрээ хийсэн байна гээд гэрээ байгуулсан бөгөөд надад хувийг нь өгөөгүй, Г ах өөрөө авсан юм. Тэрнээс би тэр өдөр 17.000.000 төгрөг бэлнээр өгч, авалцсан юм болоогүй би мөнгө аваагүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00012 дугаар шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Оаас 28 050 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Гт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 298.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-аас 298.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Г-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.О давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх намайг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн тухайгаа заажээ. Тус өдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохоор Говил багаас ирж яваад тээврийн унаа ирэхгүйгээс болж хурлын цагаас хоцорсон ба энэ тухайгаа шүүгчийн туслахад хэлсэн боловч хурал нэгэнт эхэлсэн байсан тул эзгүйд шийдвэрлэсэн. Тус хэрэгт Д.Г нь өөрийн биеэр оролцдоггүй хэргийн бодит байдлыг гуйвуулан зээлийн гэрээг үнэн болгож, шүүхийн шийдвэр гаргуулсанд гомдолтой байна. 2016 оны 03 сарын 13 нд Говил багт байрлах байгууламжийг худалдан авах гэж зээл хөөцөлдаж байх үед 10.000.000 төгрөг бэлнээр авсан. Тухайн үед гэрээ байгуулья гэхэд дараа больё гэхээр нь тухайн 10.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Зээл хэдэн сард хөөцөлдөж байсныг нотлох баримт надад байгаа боловч уг баримтыг бүрдүүлж шүүхэд гаргаж өгөхөд хугацаа алдаж, шүүх хуралдааны товыг зарлуулсан учир хуралдаанд хүрэлцэн ирж хэргийг хэлэлцүүлнэ гэтэл хоцорч өөрийн тайлбараа нотолж чадаагүй. Гэхдээ хэргийн бодит байдлыг шүүх шийдвэрлэхдээ намайг худал тайлбар гаргаагүйг, ялангуяа хүү гэж 5.100.000 төгрөг төлсөн байдлыг анхаарч үзсэнгүй. Д.Г өөрийн биеэр оролцсон бол тухайн хүн өөрөө хүнээс худал мөнгө хэлж гаргуулж авах хүн биш бөгөөд хэргийн бодит үнэнийг хэлэх байсан Зээлд төлсөн 5.100.000 төгрөгийг төлсөн гэдгийг хэлэх хүн. Өөрөө оролцоогүй учир дээрх байдлыг хэлсэнгүй гэж үзэж байна. 2016.12.22 ны өдөр Д.Г эхнэрийн хамт ирж гэрээ байгуулья хүүгийн хамт төлөх мөнгө чинь 17.000.000 төгрөг байгаа гэхэд нь сарын 1.000.000 төгрөгний хүү төлөх ёстой гэж амаар тохиролцсон байснаа хүлээн зөвшөөрч нэг ч төгрөг өгөөгүй байсан учир гэрээнд гарын үсэг зурсан.Үүнээс хойш хэрэв 17.000.000 төгрөгийг өгөхгүй бол 5 хувь болгон бууруулж хүү нэмж төлнө шүү гэхэд нь цувуулан 5.100.000 төгрөгийг төлсөн билээ. Гэтэл үндсэн зээл 10.000.000 төгрөг болон хүү 7.000.000 төгрөг түүн дээр дахин хүү бодож, мөн алданги гэж нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхдээ төлсөн мөнгийг маань ч нотлоогүй байна гэх байдлаар хасч тооцсонгүй. Зээлийн гэрээнд л гарын үсэг зурсан гэдгээр мөнгийг 3 дахин төлөх үүрэг хүлээсэн шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдлыг анхаарсангүй.Гарын үсэг зурснаар их хэмжээний төлбөрт орсон шүүхийн шийдвэр гарч байгаа хэргийн үнэн зөв байдпыг анхаарч хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Б.О-аас зээлийн гэрээний үүрэгт 28.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийг шаардлагын үндэслэлээ Д.Г, Б.О нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнд үндэслэн тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Б.О-д 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 17.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай, гэрээнд заасан хугацаа хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцон зээлийн гэрээг Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут баг, 2 дугаар хороолол, 11 дүгээр байрны урд байрлах ЦТП 2-3 тоот үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан гэрээ байгуулсан болох нь хэрэг цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги төлөх үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийж хариуцагч Б.Оаас 28.050.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хариуцагч Б.Оы Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй татгалзлын үндэслэл болж буй байдлын талаархи нотлох баримтаа гаргаж өгөх цуглуулах үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгч Б.Гаас 10.000.000 төгрөг урд нь зээлдэж авсан талаар тайлбар гаргаж байгаа болон нэхэмжлэгч Б.Г нь 17.000.000 төгрөгөө хэрхэн өгсөн талаар нотлох баримт гаргаж өгөөгүй зэрэг байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан үндэслэлээр алдангийн хэмжээг багасгаж 8.500.000 төгрөгийн 50 хувийг хариуцагч Б.О-аар төлүүлэхээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн шүүх хариуцагч Б.О-ын барьцааны гэрээгээр барьцаалагдсан үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт энэ талаар дурдаагүй байх тул зохих заалт нэмж оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00012 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтанд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дүгээр зүйлийн 232.4, 232.8-д зааснаар Б.О-аас зээл 17.000.000 төгрөг, хүү 2.550.000 төгрөг, алданги 4.250.000 төгрөг, нийт 23.800.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 4.250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд “...хариуцагч Б.О-аас 298.200 төгрөг...” гэснийг “...хариуцагч Б.О-аас 275.950 төгрөг...” гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.О-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Б.ОЦЭЦЭГ

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.БАТТӨР

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ