Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 132/2019/00216/И |
Дугаар | 001/ХТ2021/00008 |
Огноо | 2021-01-06 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2021/00008
2021 01 06 001/ХТ2021/00008
Б.Батчулууны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 132/ШШ2019/00262 дугаар шийдвэр,
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр магадлалтай,
Б.Батчулууны нэхэмжлэлтэй,
Д.Оюунгэрэлд холбогдох
540.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 2013 оны хавар ноолуураа тушаачихаад охин Б.Ундармаатай хамт зах дээр явж байтал Д.Оюунгэрэлийн нөхөр М.Батжаргалтай таарсан. М.Батжаргал хэлэхдээ Б.Батчулуун эгчээ танд маш гоё зүйл санал болгоё гээд машиндаа суулган ALL MART дэлгүүрт очиж эхнэр Д.Оюунгэрэлтэй уулзуулсан. Түүний эхнэр сүлжээний бизнесийн талаар хэлж, ийм боломж байна гээд элсэх талаар санал тавьсан. Би хэлэхдээ Эгч нь хөдөөний хүн, сайн мэдэхгүй, та хоёрт л найдъя гээд элссэн. Би 270.000 төгрөгийг М.Оюунгэрэлд тоолж өгсөн, харин тэр хажууд сууж байсан төрсөн эгч М.Оюун-Эрдэнэд мөнгийг маань өгсөн. Би эгчийг нь сайн танихгүй ба М.Батжаргал, М.Оюунгэрэл нарыг сайн танина. Миний охин Б.Ундармаад Хөвсгөл аймгийн залуу сүлжээнээс гарсан, түүний нэр дээр орох талаар хэлсэн, охин минь ч мөн адил элссэн. Үүний дараагаар дахин хөдөөнөөс аймагт орж ирээд явж байтал та мөр нь дээр гарсан, нэг хүний мөнгө өгвөл гарна гэхээр нь нэмж 270.000 төгрөгийг өгсөн. Нийт 540.000 төгрөг өгсөн ба энэ талаар 2013 онд шүүхэд хандсан. М.Батжаргалд мөнгийг маань өгөөч гэж олон удаа хэлсэн. Иймд Д.Оюунгэрэлээс 540.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь 10 жилийн өмнө өөрөө шийдвэр гаргаж сүлжээний бизнест элссэн мөнгөө надаас нэхэмжилж байна. 2013 онд анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч хандаж хэргийг хэлэлцсэн байдаг боловч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байдаг. Анхан шатны шүүх тус хэрэг хэлэлцэх шүүх хуралдаан болох үед нэхэмжлэгч Б.Батчулуун, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нар нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд ирээгүй учир нэхэмжлэлийг буцаасан байдаг. Миний бие 2008 онд Булган аймагт анх удаа Миний дэлгүүр сүлжээ супер маркетийг нээж байсан. Тухайн үед Миний дэлгүүр-тэй байнга интернэтээр холбогдох шаардлага гарч байсан тул Мэдээлэл холбоо ТӨХК-ийн Булган салбараар интернэт тавиулсан. Энэ асуудал 2009-2010 онд болсон явдал юм. Миний эгч Д.Оюун-Эрдэнэ надад интернэтийг чинь ашиглаж хийх зүйл байна гэхээр нь илүү ширээ байсан тул зөвшөөрсөн. Миний өрөөнд сууж ажилладаг байсан. Эхэндээ би юу хийж байгааг нь мэдээгүй, түүнээс энэ тухай лавлахад сүлжээний бизнес, интернэтээр хийдэг л гэж хэлсэн. Тухайн үед хүмүүс манай дэлгүүрээр их орж гарч байдаг байсан, тус сүлжээнд 270.000 төгрөгөөр элсдэг байсан. Сүлжээнд орж буй хүмүүсийн мэдээллийг гадаад компанийн бүртгэлд шивж нэрийг нь оруулдаг байсан ба мөнгө нь тус компанийн дансанд орсны дараа компьютерт пирамид үүсч мэдээллүүд нь гарч ирдэг байсан. Тухайн үед би Оюу Оюу ч билүү, тийм нэрээр орж 2.000.000 гаруй төгрөгөөр тус сүлжээнд ороод алдсан байдаг. Одоогоос бараг 10 жилийн өмнө болохоор тус сүлжээний зарим зүйлийг нь сайн санахгүй байна. Намайг ажлаа хийгээд сууж байхад их хүмүүс бужигнадаг байсан, сар гаран хугацаанд энэ ажил нь явсан. Нэг өдөр манай нөхөр Б.Батчулуун гуайтай цуг гаднаас орж ирсэн. Манай нөхөр арьс, шир худалдаж авдаг тул нэхэмжлэгчтэй тус өдөр таарсан байх. Манай нөхөр хэлэхдээ Энэ хүн сүлжээг сонирхоод байна гэхээр нь сүлжээний бизнесийн талаар тайлбарлаж өгсөн. Үүнд ажиглаад байхад 8-10 хүн оруулж байж 1.000.000 доллар авдаг юм байна, хүн элсүүлэхгүй бол мөнгө авахгүй юм байна шүү гэж хэлж тайлбарласан. Би сүлжээнд ор гэж ятгах, дарамтлах зүйл хийгээгүй, зүгээр л мэдээлэл өгсөн төдий. Тэр сүлжээг ажиглаж байхад элсэн орсон хүмүүсийн мөнгө тухайн гадаадын компанийн дансанд оронгуут тэр хүний нэр, нууц үг интернетээр пирамид хэлбэрээр гарч ирдэг байсан. Мөнгөө шилжүүлээгүй бол нэр нь гарч ирдэггүй. Интернетээр тухайн хүн хаанаас ч нууц үгээрээ ороод өөрийгөө хаана яваагаа хянаад ажиллаад явчих боломжтой тийм сүлжээ байсан. Сүлжээний хүмүүс Б.Батчулуун гэдэг энэ хүний мөнгийг нь тушаагаад нэр, нууц үг зэргийг нь өөрт нь хэлж дэлгэц дээр харуулж байсныг би сайн санаж байна. Тэгэхээр энэ хүн элсэж ороод тэр компанид л мөнгөө өгсөн. Надад мөнгөө тоолж өгөөгүй, би тус сүлжээг ажиллуулж ч байгаагүй. Би энэ хүнтэй л адил сүлжээнд элсэгч байсан. Манай нөхөр энэ талаар мэдэхгүй, мөнгийг хэн авсныг ч мэдэхгүй. Дараа нь өгсөн 270.000 төгрөгийг надтай хамааруулж байна. Би түүнд та дээшээ гарсан байна дахиад төл гэж хэлээгүй. Нэхэмжлэгч сүлжээнд орсон хүмүүстэй уулзан мэдээлэл авсныхаа дараа мөрөнд гарсан байна гээд өгсөн байж магадгүй. Би түүнд мөнгөө өгсөн хүнээ шүүхэд өг, мэдээлэл өгсөн хүнээ өгөөд байна гэж хэлсэн. Өмнөх шүүх хуралдааны тэмдэглэл, тайлбар гэрчийн мэдүүлэг хэрэгт байгаа. Түүнээсээ одоо нэхэмжлэгч зөрж яриад байна. Сүлжээнээс авсан хүн, алдсан хүн ч байгаа. Бие хүн учир өөрийн гаргасан шийдвэрийнхээ өмнөөс хариуцлага хүлээх үүрэгтэй. Иймд иргэн Б.Батчулуун бид хоёрын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, би мөнгийг аваагүй тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 132/ШШ2019/00262 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Оюунгэрэлээс 540.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Батчулууны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 16.850 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр магадлалаар: Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шүүх, давж заалдах шатны шүүхэд иргэн Д.Оюунгэрэл, М.Батжаргал нарт сүлжээний асуудлаар 540.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Хоёр шатны шүүх илт хүнийг хууран мэхэлсэн асуудлыг зөв шийдсэнгүй. Би хүнд өгөөгүй мөнгө нэхэхгүй. Ноос ноолуураа тушаагаад явж байхад зуучлагч М.Батжаргал надад миний мэдэхгүй санал буюу сүлжээгээр мөнгө олдог санал тавьсан. Би үүний чинь учрыг мэдэхгүй, та нар наад асуудлаа шийднэ биз гэсэн. Гэтэл дахин таных дээр гарсан байна. Дахин нэг хүний мөнгө өгчих гэсээр энэ байдлыг мэдэх гэрч Б.Ундармааг Хөвсгөлийн гэх залуугийн нэр дээр оруулан 270.000 төгрөг би Д.Оюунгэрэлд өгсөн. Тэр мөнгийг Д.Оюунгэрэлд өгсөнөөс биш Оюун-Эрдэнэ гэж хүнд өгөөгүй. Оюун-Эрдэнэ гэж хүнийг ч танихгүй. Мөн энэ асуудалтай холбогдох гэрч Б.Ундармааг гэрчээр оролцуулаагүй. Би өгсөн 540.000 төгрөгөө энэ хүмүүсээс олж авмаар байна. Шүүх хуралд зуучлагч болох М.Батжаргал, гэрч Б.Ундармаа нарыг оролцуулах хүсэлт гаргасан боловч эрхийг хангаагүй, зуучлагч М.Батжаргал, гэрч Б.Ундармаа нарыг оролцуулаагүй иргэний эрхийг зөрчсөнд гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.Батчулуун нь Д.Оюунгэрэлээс сүлжээнд тушаасан 540,000.00 төгрөг гаргуулахаар шаардсан ба ...сүлжээний талаар мэдээлэл өгсөн, мөнгийг аваагүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж хариуцагч маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна.
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан ...хоёр шатны шүүх ...зөв шийдсэнгүй. ... М.Батжаргал, гэрч Б.Ундармаа нарыг оролцуулаагүй иргэний эрхийг зөрчсөн тухай гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Батчулууныг Д.Оюунгэрэлд 540,000.00 төгрөгийг өгсөн тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр гэрчээр асуугдсан Б.Ундармаагийн өгсөн мэдүүлэг өмнөх мэдүүлгээс зөрүүтэй, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нийцсэн байна.
1. Хэрэгт авагдсан баримтаар 2009-2010 оны үед нэхэмжлэгч Б.Батчулуун нь сүлжээнд элсэж эхний удаа 270,000 төгрөг, дахин 270,000 төгрөг бүгд 540,000 төгрөгийг тушаасан гэх боловч хэдэн онд, хэнд мөнгө өгсөн талаар зөрүүтэй тайлбар гаргасан байх бөгөөд 2012-2013 оны үед болсон үйл явдал, мөнгийг хариуцагч Д.Оюунгэрэлд өгсөн гэж Б.Батчулуун нэхэмжлэлдээ заасан боловч өмнө нь энэ асуудлаар шүүхэд хандаж байсан ба давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаасан, нэхэмжлэгч ирээгүйгээс нэхэмжлэлийг буцаасан байна.
Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 03 сарын 19-ний өдрийн 132 дугаар шийдвэрт ...2010 оны 5 дугаар сард 270,000 төгрөгийг Д.Оюунгэрэлийн төрсөн эгч Д.Оюун-Эрдэнэд өгсөн гэж, гэрч Б.Ундармаа 2-3 жилийн өмнө болсон асуудал. ...Тэнд Батжаргалын эхнэр Д.Оюунгэрэл, түүний төрсөн эгч нар байсан. Тэр эгчид нь 270,000 төгрөгөө тоолж өгсөн тухай тайлбар, мэдүүлэг өгчээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Батчулууныг Д.Оюунгэрэлд 540,000.00 төгрөгийг өгсөн тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр гэрчээр асуугдсан Б.Ундармаагийн өгсөн мэдүүлэг өмнөх мэдүүлгээс зөрүүтэй, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нийцсэн байна.
а/ ...сүлжээнд элсэж, мөнгө тушаасан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар хэлцлийг амаар хийсэн гэж үзвэл мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.11-ийн дагуу гэрчээр нотлуулах эрхтэй боловч түүний шүүхэд дуудсан гэрч Б.Ундармаагийн мэдүүлэг нотолгооны шаардлага хангаагүй гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцнэ.
Нэхэмжлэгч Б.Батчулуун нь Г.Нямдорж, Б.Ундармаа нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан, шүүх хуралдаанд гэрч Г.Нямдоржоос татгалзсан, харин Б.Ундармаа нь гэрчээр асуугдсан байх тул ...М.Батжаргал, Б.Ундармаа нарыг гэрчээр оролцуулаагүй, эрх зөрчигдсөн гэсэн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзлээ./хх-17,47-53/
б/ Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн зохицуулалтыг хэрэглэсэн нь зөв боловч хуулийн зохицуулалтыг оновчтой сонгон хэрэглээгүй алдаа гаргасныг хяналтын шатны шүүхээс залруулах боломжтой байна.
2. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
а/ Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулаагүй нь буруу, 2019 оны 07 сарын 08-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн хурлын ирцэд нэхэмжлэгч, хариуцагч нарыг дурдсан байх боловч хуралдаанд гэрч Б.Ундармаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар (хурлын тэмдэглэлд нэр бичигдээгүй) оролцсон болох нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байхад харин мөн өдрийн 11 дугаартай магадлалд нэхэмжлэгч Б.Батчулуун, өмгөөлөгч П.Ган-Очир, хариуцагч Б.Оюунгэрэл нарыг оролцсон гэж алдаатай бичигдсэн болохыг тэмдэглэж байна./хх-69-73,75/
б/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гэрч Б.Ундармаа оролцож, мэдүүлэг өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 166 дугаар зүйлийн 166.5-д нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.5-д Шүүх хуралдаанд хэргийг нэг шүүгч илтгэнэ. Дараа нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тайлбар гаргах, харилцан асуулт тавих бөгөөд хэргийн материалыг судалснаар шүүх хуралдаан завсарлан шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөнө. гэж давж заалдах шатны шүүх хуралдааны дэгийг зохицуулсан байх тул мөн хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д заасан Давж заалдах шатанд хэргийг хянан шийдвэрлэхэд хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны шүүх хуралдааны журмыг нэгэн адил баримтална. гэсэн зохицуулалт үйлчлэхгүй.
в/ Давж заалдах шатны шүүхийн гаргасан дээрх хоёр алдаа маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэлд хамааралгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаах шаардлагагүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймээс хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг, Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 132/ШШ2019/00262 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын ...492.1 гэснийг ...492.1.1 гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Нэхэмжлэгч Б.Батчулууны хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 16,850.00 /арван зургаан мянга найман зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН