Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 101/2019/00879/И |
Дугаар | 001/ХТ2021/00007 |
Огноо | 2021-01-06 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2021/00007
2021 01 06 001/ХТ2021/00007
Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/01328 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1240 дүгээр магадлалтай,
Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Э.Уранбилэг, Э.Уранчимэг нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 57,673,533.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Э.Уранбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин, хариуцагч Э.Уранбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Э.Уранбилэг, Э.Уранчимэг нар 2018 оны 04 сарын 18-ны өдөр манай банктай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж нийт 50,000,000.00 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 37 сарын хугацаатай зээлсэн. Уг гэрээнд хариуцагч Э.Уранчимэг нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон бөгөөд талууд Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 31 дүгээр байр, 128 тоот хаягт байрлах 26 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэвч хариуцагч нар зээлийн хүү, үндсэн төлөлтийг төлөх үүргээ үл биелүүлж, 2018 оны 06 сарын 12-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийг зохих ёсоор төлөөгүй. Бид энэ хугацаанд хариуцагч Э.Уранбилэг, Э.Уранчимэг нарт зээлийг төлөхийг удаа дараа шаардсан хэдий ч тэд үүргээ огт биелүүлээгүй. Тийм учраас банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг 2019 оны 02 сарын 25-ны өдрөөр цуцалж, үндсэн төлбөр 48.648.648 төгрөг хүү, 8.828.576 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 196.310 төгрөг, нийт 57,673,533.00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хамт гаргасан. Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны журмаар зээл олгосон тохиолдолд шимтгэл авдаг боловч миний бие тус зээлийг олгоогүй учраас энэ тухай сайн мэдэхгүй. Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг сонсоод хариуцагч Э.Уранчимэгт холбогдох хэсгээс татгалзаж байна. Иймд хариуцагч Э.Уранбилэгээс 57,673,533.00 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Бид нэхэмжлэгч Хас банк ХХК-иас 2018 оны 04 сарын 18-ны өдөр 50.000.000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 37 сарын хугацаатай зээлсэн ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо, 31 дүгээр байр, 128 тоот хаягт байрлах орон сууцыг барьцаалуулсан. Ингээд эхний нэг сарын төлбөр 2.560.000 төгрөгийг төлсөн боловч үүнээс хойш төлөлт хийгээгүй. Хариуцагч Э.Уранбилэгийн эрхэлж байсан бизнес дампуурсан тул төлбөрийн чадваргүй болсон. Хариуцагч Э.Уранчимэгийн хувьд Э.Уранбилэгийг зээл авахад хамтран зээлдэгч зайлшгүй шаардлагатай гэсэн тул хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон боловч тэрээр нэг ч төгрөг авч ашиглаагүй тул хариуцлага хүлээх ёсгүй. Хариуцагч нар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар маргахгүй ба харин нэмэгдүүлсэн хүү 196.310 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүйгээс гадна зээл олгосны шимтгэлд 500.000 төгрөгийг суутган авсанд гомдолтой байна. Учир нь, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцно гэж, мөн 24.3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021 онд дуусах байтал үүнээс өмнө нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Нөгөө талаар нэхэмжлэгч Хас банк ХХК-иас зээлийг төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлах талаар мэдэгдэл өгөөгүй, шүүх хуралдаан эхлэхээс өмнө мэдэгдэл гэх баримтыг өгч байна. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагч нарын гэрийн хаягаар шаардлагаа явуулах боломжтой байсан. Монгол Улсын зах зээлийн өнөөгийн байдал хүнд, өндөр хүүтэй зээлийн улмаас зээлдэгчийн эрх ашиг хохирч байна. Иргэний эрх зүйн харилцаанд талууд эрх тэгш оролцох ёстой. Гэтэл нэхэмжлэгч тал гэрээний 1.5.-д зааснаар 1 хувийн шимтгэл гэж 500.000 төгрөгийг авсан ба үүнээс гадна өмнө нь авсан төлөгдөөгүй зээлийг суутгасан байдаг. Гэхдээ бид нар өмнөх гэрээний үүрэг дуусгавар болоогүй байсан учир энэ талаар маргахгүй, харин нэмэгдүүлсэн хүү болон зээлийн шимтгэл 500.000 төгрөгийг төлөх ёсгүй. Хариуцагч нар уг 50.000.000 төгрөгийг 37 сарын хугацаанд бүрэн ашигласан бол үр ашгаа өгөх байсан, гэвч сар бүр 2.000.000 төгрөгийг төлөхөөр бүрэн ашиглахгүй байхад шимтгэл авсан байна. Иймд, хариуцагчийн төлсөн 699.331 төгрөгийг зээлийн үнийн дүнгээс хасч, зээлийн гэрээг өнөөдрөөр цуцалж өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/01328 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Э.Уранбилэгээс 57,043,039.09 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 630,493.01 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байр, 128 тоот хаягт байрлах Ү-2204006831 тоот улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн хариуцагч Э.Уранчимэгт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 516.518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 513.365 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1240 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/01328 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагч Э.Уранбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д зааснаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 101/ШШ2019/01328 тоот шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1240 тоот магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд гэрээний хугацааг 2018 оны 04 сарын 18-ны өдрөөс 37 сарын хугацаатай байхаар тохиролцсон тул гэрээний хугацаа дуусаагүй тул нэмэгдүүлсэн хүү тооцох хууль зүйн үндэслэлгүй байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25.1-д Зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөгдөөгүй зээл, түүний хүүг хугацаа хэтэрсэн зээлийн болон тусгай дансанд бүртгэнэ." гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалсан тухай зээлдэгчид мэдэгдээгүй, гэрээний хугацаа дуусаагүй, хугацаа хэтэрсэн зээлийг тусгай дансанд бүртгэсэн тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүд тооцож нэхэмжилсэн 196.310 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3 дахь заалт болон Иргэний хуулийн 452.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд нэмэгдүүлсэн хүүд тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн 196.310 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Э.Уранбилэг, Э.Уранчимэг нарт холбогдуулан ... зээлийн гэрээг 2019 оны 02 сарын 25-ны өдрөөр цуцалж, үндсэн төлбөр 48,648,648.00 төгрөг, хүү 8,828,576.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 196,310.00 төгрөг, нийт 57,673,533.00 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан.
Хариуцагч нар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрч, харин зээл олгосны шимтгэлд суутгасан 500,000.00 төгрөг болон нэмэгдүүлсэн хүү 196,310.00 төгрөгийг төлөхөөс татгалзжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 630,493.01 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг даалгаж, хариуцагч Э.Уранчимэгт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хариуцагч Э.Уранбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо шүүх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэмэгдүүлсэн хүү 196.310 төгрөгийг хасуулна гэсэн агуулгыг тусгасан ба гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
1. Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.
Хэрэгт авагдсан 2018 оны 04 сарын 18-ны өдөр Хас банк ХХК болон Э.Уранбилэг, Э.Уранчимэг нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 50,000,000.00 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 37 сарын хугацаатай зээлүүлэх, зээлдэгч нар эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийг хүүгийн хамт буцааж төлөхөөр тохиролцжээ.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д нийцсэн байна.
Зээлдүүлэгч гэрээнд заасан 50,000,000.00 төгрөгийг бүрэн шилжүүлээгүй гэсэн шүүхийн дүгнэлт хууль хэрэглээний хувьд үндэслэл бүхий болжээ.
а/ Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-д ... банк зээлийн үйлчилгээний шимтгэлийг зээлийн нийт үнийн дүнгийн 1 хувиар тооцож, зээлийг бэлэн бусаар олгох үед харилцах данснаас авах бөгөөд буцаан олгохгүй гэсэн нөхцөл заажээ.
Зээлдэгч аваагүй мөнгийг хүүгийн хамт төлөх тухай талуудын тохиролцоо нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.4, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн заалтад нийцээгүй, гэрээнд заасан мөнгийг бүрэн хэмжээгээр шилжүүлэх үүргээ биелүүлэхийг шаардах зээлдэгчийн эрхийг хязгаарласан гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д нийцсэн байна.
Түүнчлэн зээлийн үйлчилгээний шимтгэлийг зээл олгоход гаргасан зардлын хэмжээгээр бус, харин олгох зээлийн нийт үнийн дүнгийн 1 хувиар тооцож байгааг зээл олгохоос өмнөх үйл ажиллагааны зардал гэж үзэх боломжгүй, гэрээний стандарт нөхцөлийн энэ заалтыг зөвшөөрсөн нь зээлдэгч нарт хохиролтой гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д заасныг үндэслэл бүхий хэрэглэж, 49,500,000.00 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас 500,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.
Зээлийн гэрээний үүргийн хэрэгжилтийн тухайд:
а/ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай.
Зохигчдын байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн, зээлдүүлэгч нь зээлдэгч Э.Уранбилэгийн ...дансанд 2018 оны 04 сарын 18-ны өдөр гэрээнд заасан мөнгийг шилжүүлсэн ч 500,000.00 төгрөгийг зээлийн үйлчилгээний шимтгэлд авсан тул зээлдэгч нарт 49,500,000.00 төгрөгийн зээлийн үүрэг үүссэн гэж үзнэ.
Зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийх үүрэгтэй боловч 2018 оны 06 сарын 11-ний өдрөөс хойш энэ үүргээ зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагч нарыг гэрээний үүргээ зөрчсөн буюу хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 222 дугаар зүйлийн 222.1-д нийцсэн байна.
б/ Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй. Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ.
Гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болохгүй гэж үзэх нөхцөл байхгүй, зээлдүүлэгч нь зээлийн төлбөрөө хийхийг шаардах хуудсаар сануулж байсан, хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул 2019 оны 02 сарын 25-ны өдрөөс гэрээг цуцалсан зээлдүүлэгчийн үйлдлийг зээлийн гэрээний 5.1.1 болон Иргэний хуулийн 225 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэхгүй.
в/ Шүүх зээлдэгч нарын бодитойгоор авч ашигласан 49,500,000.00 төгрөгийн хэмжээнд үндсэн хүүг тооцож 8,698,081.25 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй, зээлдэгч нь гэрээнд бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй гэсэн Иргэний хуулийн зохицуулалтад нийцжээ.
Г/ Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй зээлийн гэрээний 4.1.-т нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг сарын 0.4 хувь /2x20%=0.4/ гэж талууд тохирсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцсэн, анхан шатны шүүх нэмэгдүүлсэн хүүг нийт 1,734,754.73 төгрөг байна гэж тооцоолсон ч нэхэмжлэгчийн шаардсан хэмжээнд 196,310.00 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д заасныг зөрчөөгүй байна.
д/ Хариуцагчийг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д нийцжээ.
е/ Хариуцагч нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгч мөн байна. Гэхдээ үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Уранчимэгээс татгалзсаныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 630,493.01 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгч нь хариуцагч Э.Уранчимэгт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдсэн байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчөөгүй байна.
Хариуцагч Э.Уранбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд ...Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3 дахь заалт болон Иргэний хуулийн 452.2 дахь заалтыг буруу тайлбарлаж, нэмэгдүүлсэн хүүд тооцож нэхэмжилсэн 196,310.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй ... гэжээ.
а/ Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэсэн хуулийн зохицуулалттай.
б/ Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээний 1.2.3-т Ерөнхий хугацаа гэдэгт 37 сарыг, 1.2.4-т Хэсэгчилсэн хугацаа гэж эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийн үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх хугацаа гэж тус тус заасан. /х.х-ийн 7 дахь тал/ Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.1-т нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг сарын 0.4 хувь /2x20%=0.4/ гэж талууд тохиролцсон, зээлийн гэрээг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 37 сарын хугацаатай байгуулсан, үндсэн зээл болон хүүний эргэн төлөлтийн хуваарийг сар, сараар гаргасныг хариуцагч Э.Уранбилэг зөвшөөрч гарын үсэг зурсан, энэ талаар маргаагүй байна. /х.х-ийн 9 дэх тал/
Шүүх ...зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэдэгт тухайн зээлийг ашиглах нийт хугацаанаас гадна зээлийг төлөх эргэн төлөлтийн хуваарьт заасан тусгайлан тохиролцсон хугацааг мөн адил хамруулах бөгөөд зээлдэгч тал тус хугацаанд гүйцэтгэвэл зохих үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хугацааг ямар нэгэн үүрэг гүйцэтгэхийн тулд тогтоосон бөгөөд хэлцэлд өөрөөр заагаагүй бол хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор уг үүргийг гүйцэтгэсэн байна гэж заасны дагуу дараагийн өдрөөс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д нийцсэн, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбарын талаар дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/01328 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1240 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч Э.Уранбилэгээс хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,539.00 /зургаан мянга таван зуун гучин ёс/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН