Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
Хэргийн индекс | 106/2016/0000/э |
Дугаар | 123 |
Огноо | 2016-09-28 |
Зүйл хэсэг | 181.2.1, |
Улсын яллагч | Г.Эрдэмбаатар |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн
улсын яллагч Г.Эрдэмбаатар
шүүгдэгч Н.Жавхланбаяр, түүний өмгөөлөгч А.Ариунаа
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626021501 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 29-нд Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 5; эцэг, эх, эгч, дүүгийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар хороолол, Голден парк хотхоны 103 дугаар байрны 176 тоотод оршин суух, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, ДЭ93042916 дугаарын регистртэй, Цоохор овогт Нармандахын Жавхланбаяр
Шүүгдэгч Н.Жавхланбаяр согтуугаар 2016 оны 5 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Парис баарны гадна хохирогч З.Тэмүүжинг зодож түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Н.Жавхланбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2016 оны 5 дугаар сарын 6-ны орой Мөнх-Эрдэнэ, Алтанбагана, Зоригоо, Ундрахбаяр гэсэн найзуудтайгаа уулзаад шөнийн 00:00 цагийн үед Парис бааранд орсон. Бааранд ороод Ундрахбаяр бүжгийн талбайд бүжиглэж байгаад Тэмүүжин гэх залуутай маргалдсан. Тэгэхээр нь Алтанбагана очоод салгасан. Гэтэл Тэмүүжин Алтанбаганад хандаж чи хэн юм бэ, надтай халз зодолдох уу гэж хэлэхээр нь би очиж Алтанбагана, Ундрахбаяр хоёрыг салгаад ширээндээ суулгасан. Тэгээд Алтанбагана бид хоёр гадаа гараад тамхи татаж байгаад Алтанбагана тамхиа өгчих гэж хэлсэн. Харин тухайн үед нь би тамхиа газар хаяад гишгэсэн чинь Тэмүүжин хүрч ирээд чи хэн юм бэ, хоёулаа халз зодолдох уу, би цагдаа байна гэж хэлээд над руу дайраад намайг цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа түлхсэн. Тэгсэн чинь Тэмүүжин доошоо шатаар буухдаа унаж байгаа харагдсан. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа буцаж ирээд миний шүд уначихлаа гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудаад намайг авч явсан гэв.
Шүүгдэгч Н.Жавхланбаярын хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 33/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 34/, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 44/,
гэрч Галиндавын Нармандахын ... миний хүү Жавхланбаяр 1993 оны 4 дүгээр сарын 29-нд Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн. Бага насандаа сумын цэцэрлэгээр хүмүүжээд Дэлгэр сумын дунд сургуулийн 8 дугаар ангийг 2008 онд, аймгийн 1 дүгээр 10 жилийн сургуулийг 2011 онд 11 дүгээр ангийг тус тус төгссөн. Тэр жилдээ ШУТИС-ийн Холбооны инженерийн ангид элсэн орж, одоо 4 дүгээр курсэд сурч байгаа. Зан байдлын хувьд хүний үгэнд оромтгой, төлөв даруу зантай хүүхэд байгаа юм. Ямар нэгэн муу зуршилгүй, архи, тамхи хэрэглээд байдаггүй. Урьд нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Жавхланбаярын 10 жилийн сургуулийн найз Ундрахбаяр, Мөнх-Эрдэнэ нарыг нь мэднэ. Мөн манай Дэлгэр сумын Алтанбагана гэх хүүхэдтэй нийлж нөхөрлөдөг /хх-н 20-21/ гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Жавхланбаяр 2016 оны 5 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Парис баарны гадна хохирогч З.Тэмүүжинг зодож түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан
хохирогч Золбоогийн Тэмүүжингийн … 2016 оны 5 дугаар сарын 6-ны орой 23 цагийн үед байх би найз Чинбат, Цэдэндамба нартай Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны гадна уулзаад бид гурав Парис бааранд орсон. Намайг баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байтал хажууд бүжиглэж байсан залуу миний хөл дээр гишгэчихсэн. Тэгээд би гар бариад байж байтал цаанаас намайг муудалцаж байна гэж бодсон уу яасан нэг залуу ирээд би бол чамайг зодно шүү, барна шүү гэсэн утгатай зүйл ярьсан. Тэр үед манай найз Цэдэндамба ирээд тэр залуугийн нэг найз нь бас ирээд салгасан. Тэгээд Чинбат, Цэдэндамба бид гурав баарнаас гараад явахад баарны шатан дээр надтай анх маргалдсан залуу таарахаар нь гар бариад, тамхи асуухад тэр залуу асаах гэж байсан тамхиа надад өгөхөөр нь би юм ярингаа тамхиа татаад зогсож байтал надад тамхи өгсөн залуу тамхиа авъя пизда минь гэхээр нь би тамхийг нь газар унагаад, өөрөө авчих гэхэд цаанаас Жавхланбаяр гэх залуу ирээд намайг боогоод, хана руу түлхэхээр нь би тавиулах гэж зууралдаж байгаад шат руу доошоо уруудсан. Гэтэл намайг боосон Жавхланбаяр миний нүүр рүү гараараа хэдэн удаа цохисныг нь санахгүй байна, ямар ч байсан нэг удаа цохиход нь Цэдэндамба ирж салгасан. Тэр үед миний хамраас цус гараад байсан. Цэдэндамба харчихаад чиний шүд чинь уначихсан байна ш дээ гэхээр нь би намайг цохисон Жавхланбаяр дээр очоод чи миний шүдийг хугалчихлаа гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд Жавхланбаярыг аваад явсан. Жавхланбаяр бид хоёр маргалдаж, муудалцаагүй. Надтай анх маргалдсан залуутай хамт явсныг нь би мэдээгүй. Шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа. Асуух зүйл байхгүй. Надад учирсан гэмтлийг Жавхланбаяр учруулсан. Чинбат намайг маргалдаж байхад дээрээс доошоо бууж байсан. Тэгэхэд анх надтай маргасан залуу Чинбаттай барьцалдаж зууралдаж авсан гэсэн. Харин Цэдэндамба болсон явдлыг хараад зогсож байсан. Би тухайн үед нэг их согтоогүй, нэг пиво уучихаад дараагийнхаа пивыг ууж дуусгаагүй гарч байсан юм. Жавхланбаяр тэр үед дөрвүүлээ явж байсан шиг санагдаж байна. Би унасан шүд, мөн зүүн дээд үүдэн шүдний эмтэрсэн, суларсан шүднийхээ эмчилгээний мөнгийг нэхэмжилж байна. Эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг нэхэмжилнэ. Шүдний эмнэлгээр явахад тийм ханштай байна лээ /хх-н 16-17/ гэсэн,
гэрч Баясгалангийн Цэдэндамбын ... 2016 оны 5 дугаар сарын 6-ны орой 23 цагийн үед би найз Тэмүүжинтэй 10 дугаар хороололд уулзахад Тэмүүжин найз Чинбатын хамт явж байсан. Тэгээд бид гурав Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байрлах Парис нэртэй бааранд орсон. Тухайн үед би эмчилгээ хийлгэж байсан болохоор ус, ундаа уусан. Харин Чинбат, Тэмүүжин хоёр тус бүр хоёр пиво аваад ууж суусан. Тэгээд Тэмүүжин бүжиглэж байгаад танихгүй залуутай муудалцаж байхаар нь би очиж салгасан. Би Тэмүүжинг аваад баарнаас гарахаар болоод баарны гадна шатаар бууж байхад Тэмүүжинтэй муудалцсан залуу 2-3-уулаа шатанд дээр тамхи татаад зогсож байсан. Тэгээд Тэмүүжин тэр залуучуудтай маргалдаад эхэлсэн ба намайг салгаад явах гэхэд тэр залуучууд намайг чи байж бай, чамд ер нь ямар хамаатай юм гээд ойртуулаагүй. Нэг залуу нь Тэмүүжинг заамдаж аваад нүүр рүү нь нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би салгах гэсэн боловч тэр залуучууд зодолдох гээд дийлдэхгүй байсан ба би өөрийнхөө 99066521 дугаарын утсаар цагдаад дуудлага өгсөн. Тэр үед Тэмүүжин шүд уначихлаа гээд надад харуулахад үүдэн нэг шүд нь уначихсан байсан. Тэмүүжингийн шүдийг тэр цохисон залуу хугалсан байх. Тэгээд хоорондоо маргалдаад зогсож байтал цагдаа ирсэн. Тэмүүжин энэ залуу миний шүдийг цохиж хугалсан гээд заасны дагуу цагдаад тэр залууг нь аваад явсан. Тэмүүжинг нэг биерхүү байрын залуу цохисон. Тэр цохисон хүнээ Тэмүүжин өөрөө заагаад байсан. Тэмүүжинг цохисон залуучууд дөрвүүлээ явсан шиг санагдаж байна. Тэмүүжинг цохисон залуучуудаас бусад нь зодоонд оролцоогүй, салгах гэж оролдож байсан. Тэр залуучууд бүгд бага зэргийн согтолттой, биеэ авч явах чадвартай байсан. Бүжгийн талбай дээр Тэмүүжин юунаас болж маргалдсныг мэдээгүй. Шатан дээр тамхины талаар яриад маргалдаад байсан /хх-н 18-19/ гэсэн,
гэрч Баавгайн Энхчулууны ... 2016 оны 5 дугаар сарын 6-ны орой 19 цагаас ээлж хүлээн авч, Бугат 112 чиглэлд цагдаагийн ахлах ахлагч Б.Сугарсайханы хамт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Бугат 10-аас Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Парис бааранд хүн зодууллаа гэх дуудлагын дагуу очиж шалгахад Тэмүүжин гэх залуу Жавхланбаяр гэх хүнд зодууллаа гэж заасан. Жавхланбаяр тэр үед гурвуулаа явж байсан. Жавхланбаярыг авч явж саатуулах гэхэд Жавхланбаяртай хамт явж байсан залуу нь найзыгаа өгч явуулахгүй гээд машин доогуур орж хэвтээд явуулахгүй байсан. Ингээд Тайшир 20 буюу Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байрандаа Жавхланбаярыг хүлээлгэн өгсөн. Харин Тэмүүжин нь амаа дараад шүд хугарчихлаа гэж байсан ба уруул нь хавдчихсан, хугарсан шүдээ үзүүлж байсан. Би тухайн үед хэзээ хугарсан шүд гэдгийг нь мэдэх боломжгүй байсан тул хэлтэс дээр очоод өргөдлөө өгөөд, шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол аваад яв гэж хэлээд явуулсан. Жавхланбаярын биед гэмтэл, шарх учраагүй байсан. Тэмүүжин гурвуулаа явж байсан ба хамт явж байсан хоёр залуу нь хамжиж Жавхланбаяр гэх залууг машинд суулгалцаж өгсөн /хх-н 22-23/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Тэмүүжингийн биед баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, баруун дээд 2, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, дээд, доод уруулын язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 5% нөлөөлнө гэсэн 6309 тоот дүгнэлт /хх-н 25/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул
Цоохор овогт Нармандахын Жавхланбаярыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Н.Жавхланбаярт ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал тухайлбал; анх удаа хүндэвтэр ангилалын гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч З.Тэмүүжин гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Н.Жавхланбаяр цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч А.Ариунаа нь шүүгдэгч Н.Жавхланбаярт холбогдох хэргийг ЭБШХ-ийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах, эсхүл ЭБШХ-ийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх гэсэн санал гаргасныг хүлээн авах боломжгүй. Үүнд; ... хэргийг мөрдөн байцаалтад буцааснаар нэмж тодруулан хийх ажиллагаа байхгүй бөгөөд гэмт хэрэг гарсан, тухайн гэмт хэргийг шүүгдэгч Н.Жавхланбаяр үйлдсэн болох нь нотлогдсон, хэргийн зүйлчлэлийн хувьд уг хэргийг хувийн сэдэлттэй үйлдэгджээ гэж үзэх ямар ч үндэслэлгүй, хэргийн үйл баримт /факт/-ыг нотлох баримтуудтай харьцуулан дүгнэвэл танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоожээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон