Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Данжаадын Уранчимэг |
Хэргийн индекс | 181/2018/00456/И |
Дугаар | 181/ШШ2018/00375 |
Огноо | 2018-02-12 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2018/00375
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: С ХХК /рд/-ийн
хариуцагч: У/рд: /-д холбогдох
300 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг 2017 оны 11 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.С, хариуцагчийн төлөөлөгч Ж.О, өмгөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2013 оны 12 сарын 26-ны өдөр УХХК-иас Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах 0232751 тоот гэрчилгээ бүхий 288 м.кв талбайтай орон сууцны зориулалт бүхий газрыг Мандах ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулан 300 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс хойш 2014 оны 01 сарын 06-ны өдөр, мөн 2015 оны 6 сард газар эзэмших эрх шилжүүлэн авах хүсэлтийг Барилга, хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар болон Нийслэлийн газрын албанд хандсан боловч бидний хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн. Учир нь тус газар нь Газрын тухай хуулийг зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ, мөн тус газар нь Эрчим хүчний тухай хууль зөрчиж олгогдсон ямар ч барилга барих боломжгүй газар тул гэрээний дагуу шилжүүлэх боломжгүй гэсэн. Иймд манай компанийн хохирол болох 300 000 000 төгрөгийг хариуцагч УХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч УХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцон, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:УХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан С ХХК-тай иргэний эрх зүйн харилцаа үүсгэх, дуусгавар болгох тухай ямар нэг гэрээ хэлцэл байгуулж байгаагүй. С ХХК нь эрх зүйн хувьд Мандах ХХК-ийг төлөөлөх эрхгүй. Манай компани Мандах хоёр ХХК-ийн хооронд гэрээ хэлцэл байгуулагдсан. 2 тал татгалзаагүй. Эсхүл С ХХК-ийн нэрийн өмнөөс үйлдэл хийх эрх нь Мандах ХХК-д итгэмжлэлээр олгогдсон байсан бол өөр асуудал. Гэтэл газар эзэмших эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой асуудал яригдаж байгаа. Энэ гэрээг дүгнэх, энэ гэрээнээс татгалзах эрх өнөөдөр С ХХК-д байхгүй. Энэ гэрээг дүгнээд энэ гэрээг үндэслэл болгоод нэхэмжлэл гаргаад байгаа нь бүр ойлгомжгүй бөгөөд хуульд нийцэхгүй. С ХХК нь санхүүгийн баримтыг үндэслэл болгодог боловч энэхүү санхүүгийн баримт нь С ХХК-ийнх гэдэг нь нотлогддоггүй. Хэрэв энэ баримт байсан гэж үзвэл энэ баримтыг С ХХК гаргах боломжгүй. Хууль эрх зүйн хувьд нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзвэл энэ баримт нь зөвхөн Мандах ХХК-ийн гэрээний гүйцэтгэлтэй холбоотой баримт юм.Мөн баримтад захирал нь гарын үсэг зурсан гэх мөртлөө өөрийнх нь гаргасан албан ёсны орчуулгаар өөр хүн зурсан гэж байгаа нь ойлгомжгүй. Тэгэхээр энэхүү баримтыг үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна. Энэ гэрээний хүрээнд үүргээ гүйцэтгэх явдалд УХХК-д буруу байгаа эсэхийг дүгнэнэ гэвэл гэрээний тухай ярихаас аргагүй. Гэхдээ энэхүү маргааны хувьд С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан хуулийн шаардлага хангасан бичмэл баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч УХХК-д холбогдуулан гэрээний үнэд шилжүүлсэн 300 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч С ХХК нь өөрийн шаардлага, түүний үндэслэлийг газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан, газрын үнэ 300 000 000 төгрөгийг хариуцагчид төлж хүлээлгэн өгсөн боловч эзэмших эрхийн зөвшөөрөл олгогдоогүй, худалдсан газар нь барилга барих боломжгүй, эрх бүхий байгууллагууд шийдвэрлэх боломжгүй хариу өгсөн эрхийн доголдолтой тул газрын үнэд төлсөн 300 000 000 төгрөгөө буцаан гаргуулна гэж тайлбарлаж,
хариуцагч УХХК нь өөрийн татгалзал, түүний үндэслэлийг нэхэмжлэгч компанитай иргэний эрх зүйн харилцаа үүсгэх, дуусгавар болгох аливаа гэрээ, хэлцэл байгуулж байгаагүй, газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч нь шаардах эрхгүй гэж маргана.
Шүүх дараах үндэслэлээр С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн, /хэргийн 7 дугаар тал/ 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Улаанбаатар хэвлэл констракшн” ХХК болон “Мандах-Инвест” ХХК-ийн хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ авагдсан бөгөөд уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 288 м.кв орон сууцны зориулалт бүхий газрыг “Улаанбаатар хэвлэл констракшн” ХХК-иас “Мандах-Инвест” ХХК-д шилжүүлэхээр тохиролцжээ.
Дээрх газрын эзэмшигч “Улаанбаатар хэвлэл констракшн” ХХК болох нь 2012 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 0232751 дугаартай Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ болон талуудын тайлбараар тогтоогджээ.
Гэтэл нэхэмжлэгч С ХХК нь тус газар эзэмших эрхийг 300 000 000 төгрөгөөр худалдаж авсан байтал гэрээний үүрэг биелэгдээгүй, өөрөөр хэлбэл газар эзэмших эрх С ХХК-ий буруугаас “Мандах-Инвест” ХХК-ий нэр дээр шилжээгүй үндэслэлээр С ХХК-иас газар эзэмших эрхийн үнэд шилжүүлсэн 300 000 000 төгрөгийг “Улаанбаатар хэвлэл констракшн” ХХК-иас нэхэмжилжээ.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн Нийслэлийн засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А 37 захирамжийн хавсралт Газар эзэмших ашиглах эрхийн нэр шилжүүлж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын жагсаалтын 69 дүгээрт Мандах ХХК эзэмшиж шилжүүлж байгаа этгээд нь орон сууцны зориулалттай өмнөх эзэмшигч нь УХХК хэмжээ 128 метр, хугацаа 20 жил гээд тайлбарт хэсэгт нь газар дээр нь барилга байгууламж бариагүй тул асуудлыг судлахаар хойшлуулав гэж бичигдсэн. 2013 оны 12 сарын 26-ны өдрийн УХХК-ийн кассын орлогын ордер гэх баримт ирүүлсэн ба гэрч С ХХК-д нярав ажилтай БНХАУ-ын иргэн Гао Чифэн /Gao Qifeng/-ээс 300 000 000 төгрөгийг бэлнээр УХХК-д Мандах ХХК-ийн захирал Мандах, С ХХК-ийн ерөнхий захирал, жолооч, төслийн менежер өөрөө гэсэн нэр бүхий 5 хүний хамт хүлээлгэн өгсөн, баримтад С ХХК-ийн ерөнхий захирал Миаофэй гарын үсэг зурсан гэж мэдүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч талаас орчуулга хийлгэж ирүүлсэн энэ кассын орлогын ордер баримтад зурагдсан гарын үсгийн орчуулгаар “тушаагч Гао Цифөн” гэсэн нэртэй хүний нэр бичигдсэн байгаа нь ерөнхий захирал Миаофэй гарын үсэг зурсан гэсэн гэрчийн мэдүүлэг зөрж байна.
2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд Гао Чифэн /Gao Qifeng/, Мандах ХХК-ийн захирал Д.Мандах /хх-47-48 тал/ нар гэрчээр оролцон мэдүүлэхдээ 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг Мандах ХХК болон Улаанбаатар хэвлэл констракшин ХХК-тай байгуулсан. Мөн газар эзэмших эрх шилжүүлэхдээ холбогдох бичиг баримт, газрын гэрчилгээ зэргийг хүлээн авах баримтад гарын үсэг зурсан. С ХХК нь Мандах ХХК-д албан ёсоор итгэмжлэл өгөөгүй, амаараа ярилцаж байсан гэх мэдээллийг агуулсан мэдүүлэг өгчээ.
Мандах ХХК болон Улаанбаатар хэвлэл констракшин ХХК нарын хооронд байгуулсан газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээний хүчин төгөлдөр эсэх дээр нэхэмжлэгч хариуцагч талууд маргаан үүсгэсэн баримт баримт хэрэгт авагдаагүй учир Мандах ХХК болон Улаанбаатар хэвлэл констракшин ХХК-иудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдал, татгалзал, цуцлах зэрэг асуудлыг хэлэлцэх боломжгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь үнэ төлөгдсөн гэх газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээний оролцогч биш байтал гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн мөнгийг буцаан шаардаж байгаа нь 2 талын гэрээнд шаардлага гаргах эрх зүйн байдал тогтоогдохгүй, гэрээний талуудын хооронд байгуулагдсан гэрээнд дүгнэлт хийх эрх зүйн үндэслэлгүй болно.
Иймд С ХХК нь Мандах ХХК болон Улаанбаатар хэвлэл констракшин ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний оролцогч тал биш бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн гэж байгаа 300 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхийн үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ”-нд гэрээний үнэ, нэхэмжлэгчтэй холбоотой аливаа мэдээлэл тусгагдаагүй тул 300 000 000 төгрөгийг уг гэрээний үндсэн дээр шилжүүлэн өгсөн гэж үзэхэд учир дутагдалтай болно.
Гэрээний талууд маргаан үүсгээгүй байхад гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн гэх 300 000 000 төгрөгийг С ХХК шаардах үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч С ХХК-ийн Улаанбаатар хэвлэл констракшин ХХК-д холбогдуулан гаргасан 300 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэлд төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар хариуцагч УХХК-иас 300 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 658 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигчид шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ