Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00069

 

2018 оны 01 сарын 10 өдөр

            Дугаар 182/ШШ2018/00069

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Улаанбаатар хот

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Тусгаар тогтнолын ордон 512 тоот хаягт байрлах, “М э в” ХХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай11, өөрийн байранд байрлах, “У х б” ХХК /РД:.../-д холбогдох

Гэрээний үүрэг болох 24 000 000 төгрөг, алданги 12 000 000 төгрөг нийт 36 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “М э в” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Т.Б, гэрч Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар оролцов.    

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М э в” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон “М э в” ХХК-ийн захирал О.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын банкны зээл хариуцсан захирал н.А надад “манай банкны гүйцэтгэх захирал таньтай уулзах” санал тавьж байна гэж хэлсэн. Тухайн үед би тус банкны харилцагч байсан. Ингээд би 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр захирал н.С-ой уулзахад “барилгын материалын үнэ өндөр байна”, манай барилгын төсөв дээр ажиллаж өгөөч” гэх санал тавьсан. Бид барилгын төсвийг хийж өгье, цаашдаа манай компанийг дэмжиж байх”-ыг хүссэн.

Бид төсвийг хийж өгөхөөр тохиролцсоны дагуу 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “барилгын ажлын явцад захиалагчийн хяналт хийх ажлын гэрээ”-г байгуулсан. Гэрээгээр манай компани нь Хөдөлмөрийн ордоны барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд Улаанбаатар хотын банкны өмнөөс тухайн барилгын гүйцэтгэлд хяналт хийх,  барилгад орох бараа материалд нь төсөв гаргах, барилгын буруу баригдсан алдааг нь гаргаж, засуулах, барилгын зургийн гүйцэтгэлийн инженерүүдтэй нь уулзаж, алдааг засах ...” гэх мэт үндсэн 5 чиглэлд хяналтаа хэрэгжүүлсээр л байсан...

... Манай компани гэрээний дагуу маш олон ажил хийж гүйцэтгэсэн. Жишээ нь хариуцагч компанийн тавьсан саналын дагуу бид “барилгын төсөв”-ийг 7-10 хоногт хийж баталгаажуулдаг байсан. Бид анхнаасаа “Улаанбаатар хотын банк” ХХК-д маш олон хэмнэлт гаргаж өгсөн. 10 гаруй туслан гүйцэтггэгчийн төсвийг маш их хэмнэж өгсөн. Манай компанийн гаргаж өгсөн төсөв дээр гүйцэтгүүлэгч компани нэг ч удаа маргаан хийж байгаагүй. Хөдөлмөрийн ордоны барилгын зураг нь Хятад улсын барилгын зургийг хуулбарласан зураг байсан бөгөөд маш олон алдаатай.

 Бид гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь гүйцэтгэсэн. Хариуцагч нь манай компаниар бүх ажлаа хийлгэсний дараа буюу 2016 оны 04 дүгээр сард барилга дуусах дөхөхөөр, гэрээгээ цуцалсан. Манай компани нь гэрээ цуцлах саналыг хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ цуцлагдсан. Манай компани нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд захиалагчийн хяналтын ажлыг хийсэн бөгөөд Улаанбаатар хотын банк нь 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны ажлын хөлс /4 000 000 төрөг х 6 сар/ 24 000 000 төгрөгийг төлөөгүй. Бидний зүгээс энэ хугацааны хөлсөө шаардсаар байсан юм.

Тухайн үед “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн хуульч байсан н.Чинбат гэгч нь “банкнаас авсан зээлээ төлчих юм бол мөнгөний асуудлыг шийдвэрлэж өгнө” гэдэг байсан. Бид зээлээ төлж дууссан бөгөөд ажлын хөлсөө авах тухай  хүсэлт удаа дараа гаргаж байсан. Сүүлдээ “У х б” ХХКнь мөнгө өгөхгүй гэсэн учир шүүхэд хандсан. Хариуцагч нь 2015 оны 10 сараас 2016 оны 04  сар хүртэлх 6 сарын хөлс болох 24 000 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тул алданги 12 000 000 төгрөг нийт 36 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч “У х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Талуудын хооронд 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр барилгын ажлын явцад захиалагчийн хяналт хийх ажлын гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч болох “М э в” ХХК нь барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд бүхэлд нь захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн, ажлыг хүлээлгэн өгөх, захиалагч болох Улаанбаатар хотын банк нь ажлын гүйцэтгэлийг үнэлэн, гэрээнээр тохиролцсон хөлсийг олгохоор харилцан тохиролцсон. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээ байгуулагдсан эсэхэд маргах зүйлгүй. Гэрээгээр “М э в” ХХК-ийн гүйцэтгэх ажлыг жагсаан дурдаж өгсөн байдаг. Гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу үндсэн 5 чиглэлд ажил гүйцэтгэнэ.

Үүнд: Нэгдүгээрт: Захиалагчийн нэрийн өмнөөс барилгын бүхий л үйл ажилллагаанд хяналт тавина.

Хоёрдугаарт: Төсөв харьцуулалтыг хийж, захиалагчийг мэдээллээр хангана.        

Гуравдугаарт:  Барилгын ажилд шаардлагатай материал бэлдэц бэлтгэж, газар дээр нь хяналт хийнэ.

        Дөрөвт: Барилгын ажилд хэрэглэгдэх барилгын материал, бэлдэцийн тээвэрлэлт, хадгалалт хамгаалалтыг хариуцна.

        Тавдугаарт: Захиалагчийн инженерүүд буюу “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн инженерүүдийн үйл ажиллагаанд хяналт тавина. Нэхэмжлэгчийн яриад байгаа төсөв хийх нь энэ 5 чиглэлийн үйл ажиллагааны зөвхөн нэг хэсэг нь юм. Гэтэл “М э в” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд гэрээний 6.1.6, 6.1.7-д заасныг зөрчсөн. Үүнд “Барилгын талбай дээр хийгдэж буй ажилд өдөр тутам байнгын хяналт тавина. Өдөр бүр нэгээс доошгүй удаа акт үйлдэж захиалагчийн удирдлагад танилцуулах үүрэгтэй.” гэсэн байдаг боловч энэ үүргээ биелүүлээгүй, акт авагдаагүй байдаг. Учир нь эдгээр ажлууд хийгдээгүй. Нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй хариуцагчид зохих байдлаар хүлээлгэж өгөөгүй. Энэ байдал удаан хугацаагаар үргэлжилсэн байдаг. Иймд гэрээг цуцлах мэдэгдэл явуулсан. Мэдэгдэлд гэрээг цуцлах болсон 2 үндэслэлийг заасан байдаг.

“М э в” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй,  барилга дээр ажиллаж байгаа ажилчид шаардлага хангах мэргэжил ур чадвар, туршлагагүй, барилгын ажлын захиалагчийн хяналт зохих түвшинд хийгдээгүйгээс барилгын ажил доголдох нөхцөл үүссэн тул цаашид тус компаниар үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгооор гэрээнээс татгалзсан. “М э в” ХХК нь гэрээ цуцлахыг хүлээн зөвшөөрснөөр талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.2-т “Энэхүү гэрээгээр тохиролцсоны дагуу хийж гүйцэтгэх ажлыг захилагчийн зүгээс тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэж чадаагүй тохиолдолд тухайн ажил үйлчилгээтэй холбоотой ажлын хөлсийг шаардах эрхээ алдана” гэж заасан байдаг. “М э в” ХХК ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүй. Иймд тус компанийн  гүйцэтгэсэн ажлаас хамаарч, ажлын үр дүн гарах байсан боловч, үр дүн гараагүй, ач холбогдлоо алдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

   Хариуцагч “У х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа. Ажил гүйцэтгэх тал ажлын гүйцэтгэлийн үр дүнг хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Үр дүнг хүлээж авч байж гүйцэтгэгч байгууллага ажлаа гүйцэтгэсэн гэж үзнэ. Захиалагчид  ажлын үр дүнгээ хүлээлгэж өгөөгүй. Гэрээний 6-д зааснаар ажлын үр дүн нь ... тайлан байх юм. Тайлангаа өгөөгүй, төлбөр шаардаад байгаа. Юу хийсэн нь тодорхойгүй байгаа. Захиалагч нь 5 үндсэн чиглэлд нийтдээ 38 нэр төрлийн ажлуудыг хийж гүйцэтгэх байсан ба энэ талаар ямар ч баримтгүй байна. Нэгэнт  ажлын үр дүнгийн талаар холбогдох тайлангаа тухай бүрд нь танилцуулж байсан бол маргахгүй л байсан... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М э в” ХХК  нь хариуцагч “У х б” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг болох 24 000 000 төгрөг, алданги 12 000 000 төгрөг нийт 36 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

         Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

      Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “барилгын ажлын явцад захиалагчийн хяналт хийх ажлын гэрээ”-нд гэрээнд үндэслэж, гэрээг цуцлах хүртэлх хугацааны хөлс, хэтэрсэн хугацааны алданги зэргийг шаардаж байгаа болно. /х.х-ийн 1-3, 9-12, 110 тал/

Нэхэмжлэгч “М э в” ХХК гэрээний дагуу нь 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааны хөлс 24 000 000 төгрөг нэхэмжлэснийг хариуцагч “Улаанбаатар хотын банк” ХХК, “М э в” ХХК нь захиалагчийн хяналтыг үндсэн 5 чиглэлд хэрэгжүүлэх байсан боловч, тогтмол хяналт тавиагүй, хяналтын акт дүгнэлт, тайланг бичгээр үйлдэж танилцуулан ажиллах үүргээ биелүүлээгүй, барилгын ажлын явцад зохигчийн хяналт тавих дүрмийн 2.2, гэрээний 6.1.6, 6.1.7 дах заалтыг зөрчсөн, 2015 оны 10, 11, 12 дугаар сарууд болон 2016 оны 1, 2, 3 дугаар саруудад хийж гүйцэтгэсэн гэх ажлуудаа актаар хүлээлгэн өгөөгүй, барилгын захиалагчийн хяналтын ажлыг зохих түвшинд хийгдээгүйгээс барилгын ажил доголдох нөхцөл үүссэн тул гэрээнээс татгалзсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч өөрийн татгалзлын үндэслэлээ холбогдох нотлох баримтаар нотлож чадаагүй гэж үзнэ. /х.х-ийн 22-23, 162-163 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” байхаар тус тус зохицуулжээ.

Зохигчид эдгээр эрх, үүргийн дагуу шаардлага болон татгалзлаа нотлох баримтыг шүүхэд өөрсдөө ирүүлэх үүрэгтэй.

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 15/19-ХГ тоот гэрээ нь “барилгын ажлын явцад захиалагчийн хяналт хийх ажлын гэрээ” гэж нэрлэгдсэн байгаа боловч, уг гэрээгээр “М э в” ХХК нь “У х б” ХХК-ийн захиалгаар Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Хөдөлмөрийн ордоны барилгын үйл ажиллагаанд /улсын комисст хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд/ хяналт тавих, Улаанбаатар хотын банк нь сард 4 000 000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон нь зохигчдын тайлбар, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн гэрээ, гэрч Д.Г, Н.Ж нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 9-12, 83-84 тал/

Зохигчдын хэн алин нь ажил гүйцэтгэх гэрээ гэх тайлбарыг гаргаж байгаа хэдий ч ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж бий болгох, харин захиалагч нь уг ажлын үр дүн буюу гүйцэтгэгчийн хийж бүтээсэн зүйлийг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй, уг гэрээгээр шилжүүлэн өгч буй зүйл нь гэрээний талуудын тохиролцооны үр дүнд шинээр бий болж буй эд хөрөнгө байдаг байна.

Гэтэл талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулахгүй байх ба харин “М э в” ХХК нь тухайн баригдаж буй барилгад захиалагч “У х б” ХХК-ийн өмнөөс тус банкны өгсөн үүрэг зааврын дагуу 5 үндсэн чиглэлд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэхээр “У х б” ХХКнь сард 4 000 000 төгрөгийн хөлс төлөх зэрэг харилцааг тус тус зохицуулахаар тохиролцсон нь даалгаврын гэрээний шинжийг илүү агуулсан гэж үзэхээр байна. /х.х-ийн 9-12 тал/

Даалгаварын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүрийг тус тус хүлээдэг байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан даалгаврын гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 399 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Зохигчид гэрээний үргэлжлэх хугацааг 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс барилгыг улсын комисст бүрэн хүлээлгэн өгөх хүртэл байхаар тогтоосон байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргахгүй байгаа болно. 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ хүчин төгөлдөр тул уг гэрээний биелэлтийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй.

Зохигчдын тайлбар, хэрэгт баримтаар авагдсан “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1737 тоот албан бичиг зэргээс үзэхэд “У х б” ХХКнь “М э в” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор тухайн ажлыг цаашид гүйцэтгүүлэх боломжгүй тухайгаа мэдэгдэж, улмаар 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөр гэрээ цуцалсан байна. /х.х-ийн 13 тал/

Талууд гэрээ цуцлах, гэрээнээс татгалзах эрхтэй ба Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхийг нэг тал нь мэдэгдсэнээр хэрэгжүүлдэг.

            Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.4, 405 дугаар зүйлийн 405.1.1, 405.1.2-т даалгаврын гэрээ дуусгавар болох үндэслэлийг тодорхойлжээ.

Хариуцагч “У х б” ХХК-ийн зүгээс гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2016 оны оны 04 дүгээр сарын13-ны өдрийн 1/1737 тоот албан бичгээр “М э в” ХХК-д хүргүүлж, “М э в” ХХК нь саналыг хүлээн авч, гүйцэтгэсэн хугацааны ажлын хөлсөө шаардаж байжээ. /х.х-ийн 13-14, 34-46 тал/

Нэхэмжлэгч “М э в” ХХК нь “У х б” ХХК-ийн зааврын дагуу даалгасан ажлыг 2016 оны 04 дүгээр сар хүртэл гүйцэтгэсэн гэх шаардлагаа “М э в” ХХК-иас У х банкинд 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 09/16 дугаар бүхий “дүгнэлт хүргүүлэх тухай”, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10/16  дугаар бүхий ”ажил эрчимжүүлэх тухай” 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 16/16 тоот “хяналтын төсөв хийсэн тухай”, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17/16 тоот “төсөвт хяналт хийсэн тухай”, 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 40/16 тоот “ажлын тоо хэмжээ, материалын үнэ тодруулах тухай 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 07/16 тоот “хяналтын тайлан “ 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “шал цутгах ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангасан тухай акт, 2015 оны 09 дүгээр сарын 30-ы өдрийн акт, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн акт, 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн акт, 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн акт, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн акт, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Хөдөлмөрийн ордон” барилгын хана нэмэлт ажлын төсөв, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Хөдөлмөрийн ордон”-ын гадна фасадын ажлын хэмжилт хийсэн тухай”, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 107/15 тоот албан бичиг, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 112/15 тоот албан тоот, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Хөдөлмөрийн ордон” барилгын сантехник, халаалт халуун хүйтэн ус дотор бохир ус, дулаан механик салхивчийн ажилд хяналт хийсэн тайлан, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 123/16 тоот албан тоот, гэрч Д.Г, Н.Ж нарыг мэдүүлэг зэргээр нотолж байгаа ба хариуцагч эдгээр баримтуудыг өөр баримтаар үгүйсгээгүй. /х.х-ийн 34-46, 121-138 тал/

“М э в” ХХК нь барилгын захиалагчийн хяналтын ажлыг зохих түвшинд хийгдээгүйгээс барилгын ажил доголдох нөхцөл үүссэн, үр дүн гараагүй гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

“Улаанбаатар хотын банк” ХХК-ийн захиалгаар бариулсан “Хөдөлмөрийн ордон “конторын барилга 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ашиглалтад орсон болох нь зохигчдын тайлбар, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар тогтоогдсон байна. /х.х-ийн 93-96 тал/

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 399 дүгээр зүйлийн 399.3-д зааснаар гэрээний талууд үүргийг хугацаанд нь зохих ёсоор шударгаар, биечлэн гүйцэтгэх үүрэгтэй.

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 15/19 тоот гэрээ 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөр дуусгавар болж, гэрээ цуцлагдсан болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар бүрэн тогтоогдож байна.

       Иймд “Улаанбаатар хотын банк” ХХК-иас 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэл хугацааны /сарын 4 000 000 төгрөг х 6 сар/ хөлс болох 24 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М э в” ХХК-д олгож нэхэмжлэлээс алдангид 12 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Учир нь алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын хувьд гэрээний үүргээ хугацаа хэтрүүлж биелүүлсэн, зохих ёсоор биелүүлээгүйгээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд төлөхөөр талуудын гэрээгээр тохиролцсон нэмэлт үүрэг тул гэрээг цуцалж байгаа тохиолдолд нэхэмжлэгчид алданги шаардах эрх үүсэхгүй юм.

       Иймд хариуцагч “Улаанбаатар хотын банк” ХХК-иас 24 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М э в” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 12 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлдүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “У х б” ХХК-иас 24 000 000 /хорин дөрвөн сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М э в” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 12 000 000 /арван хоёр сая/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “М э в” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 484 900 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “У х б” ХХК-иас 277 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М э в” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

   

 

                            ДАРГАЛАГЧ                          Ж.ЦЭНГЭЛ