Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/00737

 

  “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00069 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М ХХК -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: У ХХК-д холбогдох

 

Гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс 24 000 000 төгрөг, алданги 12 000 000 төгрөг нийт 36 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа ба 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Утай барилгын ажлын явцад захиалагчийн хяналт хийх гэрээг байгуулсан. Гэрээгээр тус компани нь Хөдөлмөрийн ордоны барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд Уны өмнөөс тухайн барилгын гүйцэтгэлд хяналт хийх, барилгад орох бараа материалд нь төсөв гаргах, барилгын буруу баригдсан алдааг нь гаргаж, засуулах, барилгын зургийн гүйцэтгэлийн инженерүүдтэй нь уулзаж, алдааг засах гэх мэт үндсэн 5 чиглэлд хяналтаа хэрэгжүүлж, 10 гаруй туслан гүйцэтгэгчийн төсвийг хэмнэж өгсөн. Гаргаж өгсөн төсөв дээр гүйцэтгүүлэгч компани нэг ч удаа маргаж байгаагүй. Гэрээний үүргээ 100 хувь гүйцэтгэсэн. Хариуцагч нь манай компаниар бүх ажлаа хийлгэсний дараа 2016 оны 04 дүгээр сард барилга дуусахад  гэрээг цуцалсан. Манай компани нь гэрээ цуцлах саналыг хүлээн авснаар 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ цуцлагдсан. Гэрээ цуцлах хүртэл хугацаанд захиалагчийн хяналтын ажлыг хийснээс  2015 оны 10 дугаар сараас 2016 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны ажлын хөлс 24 000 000 төгрөгийг төлөөгүй. Бидний зүгээс энэ хугацааны хөлсөө шаардсаар байсан. Тухайн үед У ХХК-ийн хуульч байсан н.Ч гэгч нь банкнаас авсан зээлээ төлсөн тохиолдолд мөнгөний асуудлыг шийдвэрлэж өгнө гэсэн. Бид зээлээ төлж дууссан бөгөөд ажлын хөлсөө авах тухай хүсэлт удаа дараа гаргаж байсан. У ХХК нь мөнгө өгөхгүй гэсэн учир шүүхэд хандсан. Хариуцагч нь 2015 оны 10 сараас 2016 оны 04 сар хүртэлх 6 сарын хөлс болох 24 000 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тул алданги 12 000 000 төгрөг нийт 36 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.  Талууд 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр барилгын ажлын явцад захиалагчийн хяналт хийх ажлын гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч  М ХХК нь барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд бүхэлд нь захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн, ажлыг хүлээлгэн өгөх, захиалагч У нь ажлын гүйцэтгэлийг үнэлэн, гэрээгээр тохиролцсон хөлсийг олгохоор харилцан тохиролцсон. Талууд  ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр М ХХК-ийн гүйцэтгэх ажлыг жагсаан дурдаж өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн яриад байгаа төсөв хийх нь энэ 5 чиглэлийн үйл ажиллагааны зөвхөн нэг хэсэг нь юм. Гэтэл М ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд гэрээний 6.1.6, 6.1.7-д заасныг зөрчсөн. Үүнд Барилгын талбай дээр хийгдэж буй ажилд өдөр тутам байнгын хяналт тавина. Өдөр бүр нэгээс доошгүй удаа акт үйлдэж захиалагчийн удирдлагад танилцуулах үүрэгтэй байдаг боловч энэ үүргээ биелүүлээгүй, акт авагдаагүй. Нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй хариуцагчид зохих байдлаар хүлээлгэж өгөөгүй. Энэ байдал удаан хугацаагаар үргэлжилсэн. Иймд гэрээг цуцлах мэдэгдэл явуулсан. Мэдэгдэлд гэрээг цуцлах болсон 2 үндэслэлийг заасан.  М ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй, барилга дээр ажиллаж байгаа ажилчид шаардлага хангах мэргэжил ур чадвар, туршлагагүй, барилгын ажлын захиалагчийн хяналт зохих түвшинд хийгдээгүйгээс барилгын ажил доголдох нөхцөл үүссэн тул цаашид тус компаниар үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор гэрээнээс татгалзсан. М ХХК нь гэрээ цуцлахыг хүлээн зөвшөөрсөн. Гэрээний 7.2-т  тохиролцсоны дагуу хийж гүйцэтгэх ажлыг захиалагчийн зүгээс тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэж чадаагүй тохиолдолд тухайн ажил үйлчилгээтэй холбоотой ажлын хөлсийг шаардах эрхээ алдана гэж заасан байдаг. Иймд тус компанийн гүйцэтгэсэн ажлаас хамаарч, ажлын үр дүн гарах байсан боловч, үр дүн гараагүй, ач холбогдлоо алдсан.

 

 Гэрээний 6-д зааснаар ажлын үр дүн нь тайлан. Тайлангаа өгөөгүй. Юу хийсэн нь тодорхойгүй. Захиалагч нь 5 үндсэн чиглэлд нийтдээ 38 нэр төрлийн ажлуудыг хийж гүйцэтгэх байсан ба энэ талаар ямар ч баримтгүй байна. Ажлын үр дүнгийн талаар холбогдох тайлангаа тухай бүрд нь танилцуулж байсан бол маргахгүй  байсан. Нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч У ХХК-иас 24 000 000 /хорин дөрвөн сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлээс 12 000 000 /арван хоёр сая/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 484 900 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч У ХХК-иас 277 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс хууль хэрэглээний алдаа гаргаж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг буруу дүгнэсний улмаас шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. Шүүх хэргийн бодит нөхцөл байдалд буруу дүгнэлт хийж, хэт нэг талыг барьж, нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, үнэн зөв үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. “М” ХХК нь гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөөгүй байхад үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч У ХХК-нд холбогдуулан гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс 24 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүйгээс гэрээ цуцлагдсан. Ажлын хөлс шаардах эрхээ алдсан” гэж маргажээ.

 

Зохигчид 2015 оны 06 дугаар сарын 17-ний өдөр барилгын ажлын явцад захиалагчийн хяналт хийх нэртэй гэрээг байгуулж, уг гэрээ 2016 оны 4 сарын 13-ний өдөр цуцлагдсан, барилгыг Улсын комисс 2016 оны 7 сарын 6-ний өдөр ашиглалтад хүлээн авсан үйл баримт тогтоогджээ. / хх-ийн 13, 93-96 дугаар хуудас/

 

Талууд тэдний хооронд үүссэн гэрээний харилцааны төрөл, гэрээгээр нэхэмжлэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх, ажлын хөлс 24 000 000 төгрөгийг шаардах  эрхтэй эсэх асуудлаар маргажээ./ хх-ийн 1-3, 22 дугаар хуудас/ Хэргийн 9-12 дугаар талд авагдсан гэрээний 1.2 дах заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар үгийн шууд утгаар тайлбарлахад хөлсөөр ажиллагч нь барилгын ажлын гүйцэтгэлийн явцад мэргэжлийн хяналт тавих, зөвлөгөө өгөх, хэрэв ажлын явцад алдаа гарвал илрүүлж, арга хэмжээ авч тайлан бичих ажил, үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй байна.

 

Анхан шатны шүүхээс талуудын хоорондын харилцааг даалгаврын гэрээ гэж дүгнэсэн нь буруу юм. Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс , түүний зардлаар тодорхой үйлдэл хийдэг. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар захиалагч барилгын үйл ажиллагаанд оролцох өөрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжилтэн, мэргэжлийн хуулийн этгээдээр төлөөлүүлэн хэрэгжүүлж болохоор заасан. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээгээр гүйцэтгэх ажил, үйлчилгээг хөлсөөр ажиллагч нь бусдын нэрийн өмнөөс бус өөрийн ур чадвараар, өөрийн нэрээр гүйцэтгэнэ.

 

Хэргийн 93-96 дугаар талд барилга байгууламжийг Улсын комисс шалгаж ашиглалтад оруулахдаа “..,барилга  байгууламжийг 2016 оны 05 дугаар сарын 1-ний өдөр барьж дуусгасан байсан. Зураг төслийн дагуу бүрэн хийгдсэн, ашиглахад боломжтой” талаар тэмдэглэжээ. Талууд барилга баригдаж дуусахаас 17 хоногийн өмнө гэрээг цуцласан байх бөгөөд улсын комисс хүлээж авсан байдлаас үзэхэд хөлсөөр ажиллагч буюу нэхэмжлэгч гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй гэх тайлбар няцаагдаж байна.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч нь өдөр тутмын мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлж ажиллах ёстой байсан бөгөөд тухайн гэрээний хувьд ажлын биежсэн үр дүнг хүлээлгэн өгөхөөс илүүтэй  өдөр тутмын ажил үйлчилгээг үзүүлэх нь чухал бөгөөд гэрээний 2.3-д зааснаар ажилд алдаа илэрвэл тайлан бичихээр заасан, харин алдаа илрээгүй нөхцөлд заавал тухайлан бичих шаардлагатай талаар гэрээнд заагаагүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлын акт, тайлан хүлээлгэн өгөөгүй, өөрөөр хэлвэл ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй гэж маргасан боловч хэргийн 93 дугаар талд Улсын комисс “холбогдох акт, баримтуудтай танилцаад газар дээр нь шалгасан“ тухай тэмдэглэжээ.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажлын хөлсийг шаардах эрхтэй. Түүнчлэн Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт зааснаар ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй. Нэгэнт талуудын хооронд гэрээ цуцлагдсан тул алданги шаардах эрхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцсэн, зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2018/00069 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “399 дүгээр зүйлийн 399.1” гэснийг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.5 дах хэсэгт зааснаар хариуцагч “У” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                         Ш.ОЮУНХАНД