Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 00091

 

 

 

2018 оны 01 сарын 15 өдөр

      Дугаар 182/ШШ2018/00091

     Улаанбаатар хот

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд Хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,  ... дүгээр хороо,  ... тоотод оршин суух, 35 настай, эмэгтэй, О овгийн Р-ийн Б /РД:...../-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг ... дугаар хороо, Худалдааны гудамж ... тоотод байрлах, “Ариун монгол “ ХХК /РД:........./-д холбогдох 

“Ариун монгол “ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 25 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар  оролцов.

                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Б нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие нь  2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Ариун-Монгол” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, эм зүйч менежерийн ажил албан тушаалд орсон. Эм зүйч менежер нь тухайн байгууллагын өдөр тутмын эмтэй холбоотой бүх дүрэм, журмаар хангах үүрэгтэй, мөн өөрийн эмийг сурталчилж, борлуулалтыг өсгөх, эмийн хугацааг сар тутамд өсгөх, тухайн байгууллагыг ямар нэгэн эрсдэлээс хамгаалж ажиллаж байсан юм. 2016 оны 03 сард Армон эм ханган нийлүүлэх байгууллагын агуулахын ажилтан ажлаас гарсан тул намайг оронд нь ажиллуулах болсон. 2017 оны 03 дугаар сарын 27-ны Армон эм ханган нийлүүлэх байгууллагын агуулахын ажлыг би хүлээж авсан. Тухайн агуулахын ажлыг хүлээж авах үед эмийн хугацаа болон он, сар, өдрийг хянаж, шалгах үед надад 4 нэр төрлийн эм тариа хугацаа ойрхон, үлдэгдэл ихтэй, борлуулалт нь удаан байсан.

  Үүнд: 3 граммын шприц 30 000 ширхэг байсан ба хугацаа нь 2016 оны 11 сард дуусах байсан. Амло ам 100 мг, 5мг-аар гэх 2 янзын тунгаар, даралтны эм гэхэд 150 сая төгрөгийн үнэтэй эм үйлдвэрлэгдэж гарсан байдаг. Цефтриаксоне бүлгийн буюу антибиотикууд 400 балкон байсан ба хугацаа нь 2017 оны 09 сард хугацаа нь дуусах байсан. Ингээд ажиллах явцдаа эмийн сангуудынхаа захиалгыг нэгтгэх, агуулахаас эм бараагаа гаргах, үлдэгдэл ихтэй эмүүдийг хооронд нь гүйлгэж захиалгаа хийх, байхгүй эмийг эмийн сангийн салбарууд захиалах, эмийн солилцоо хийх маягаар ажил өрнүүлж ажилласан. Эдгээр ажлуудыг өдөр тутам хийж явсаар 2016 оны 11 сард хугацаа дуусах дөхсөн 30 000 ширхэг шприцүүдийг найз нөхдийнхөө хүрээнд З дугаар эмнэлэг, болон Баянхонгор аймгийн эм хангамж, Баян-Өлгий аймгийн эм хангамжийн газруудтай солилцоо хийж, хугацааг уртасгасан. 2016 оны ээлжийнхээ амралтыг авч амжаагүй. Би амрах санал тавихад “миний ажлыг авах хүн байхгүй, он дуусах гэж байна ээлжийн амралтыг биеэр эдлэхгүй байх боломж байгаа юу? гэж байсан. 10 сард шинэ хүн орж ирсэн. Тэр 10 сард шинээр ажилтан авч, дадлагажих маягаар явж байхад нь ажлаа хүлээлгэж өгсөн. Би агуулахын ажлыг, тухайн ажилтныг дадлагажуулах ажлыг  дахиад нэг сар хийж байгаа л гэсэн үг. Хажуугаар нь бас эм зүйч менежерийнхээ ч ажлыг хийсэн. Би 2016 оны 11, 12 дугаар сард Армон үйлдвэрт эм зүйчийн ажлаа хийсэн. Гэтэл нөгөө шинэ хүн нь 2017 оны 01 дүгээр сард ажлаасаа гарах болсон учраас дахин надад агуулахын ажлыг өгөх болсон. Хөрөнгийн тооллогыг тухайн байгууллага улиралд нэг удаа хийдэг байсан ...

Миний ажлын байр, агуулах хоорондоо зайтай байдаг бөгөөд би зөвхөн  программ дээрээ л ажиллаж байсан. Агуулахад байгаа эм барааг санхүүгийнхэн өөрсдөө тоолж, тооллогын бүртгэлтэй тулгаж, тооцоо нийлдэг байсан. Тооцооны нягтлан суралцдаг байсан тул “оройн цагаар тооллого хийж, тооцоо уддаг байсан. Энэ үед миний алдаанаас болоод 2000-3000 төгрөгийн тооцооны алдаа сард гардаг байсан. Харин 2017 оны 01 дүгээр сарын 28-нд гарсан актыг бол баримтжуулж авъя гээд санхүүгээс баримт авч, 3 сарын тооллогоор оруулж, энэ асуудал гарсан. Говь-Алтай аймгийн эмийн сан руу 918 000 төгрөгийн эм бараа  явуулж, эмийн үнэ 918 000 төгрөгийг байгууллагын дансанд тушаасан. Үүний дараа улирлын тооллого хийсэн. Тухайн тооллого хийгдэх үед 6 нэр төрлийн эм нэмж ирсэн. Үүнд амло ам, дибазол уухаар, мөөг гэсэн эмнүүд байсан. Эдгээр нь мөнгөн дүнгээр 1 700 000 төгрөгөөр зөрсөн. Амло ам 10 мг нь 99 хайрцагаар зөрөөд байхаар нь буруу тоолсон гэж бодсон ...

Энэ үед тооцооны нягтлан миний тооцоог гаргаж өгөхгүй, хичээлтэй байна гээд яваад байсан. Энэ хооронд тооллогоны бүртгэлийн дэвтэр алга болсон. 6 хүний бүрэлдэхүүнтэй комисс дахин тооллого хийсэн. Тэд даралтны эмийг жингийн аргаар үзээд байсан. Тооллогын үеэр даралтын эм, 10-аар, Амло ам 99 хайрцагаар илүүдсэн. Гэтэл тооцооны нягтлан “амло ам” эмээс 40-ийг хасч, 59 хайрцаг дутагдсан гэж гаргаж ирсэн. Энэ 99 нь анх хүлээж авснаас яагаад илүүдээд байгаа юм, энэ чинь үйлдвэрлэгдэж гарсан, ийм их мөнгөн дүнтэй эм дахиж үйлдвэрлэгдэхгүй илүү авна гэж байхгүй, би өмнөх тооцоо баримтыг харъя гэхэд захирлаас зөвшөөрөл авсан тохиолдолд харж, хянуулж болно гэсэн. Ингээд 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тушаал гаргаж ажлаас халсан. Үүнийг би хүлээн зөвшөөрөөгүй. Дутагдуулсан төлбөрөө төлсний дараа эм барих эрхийн лицензийг өгнө гэсэн. Миний хувьд үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэн шүүхэд  нэхэмжлэлээ гаргасан юм. Хяналтын тооллогоор яагаад эм бараа илүүдээд байгаад гайхаж байна. Иймд “Ариун Монгол” ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн тушаалыг хүчингүй болгуулах, эм зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө авахыг хүсч байна. Цалингийн хувьд анх 700 000 төгрөг авч байсан бөгөөдвагуулахын ажилтны ажлыг  давхар /хавсарч/ хийх болсон учраас 100 000 төгрөг нэмж, нийт  800 000 төгрөгийн цалин авч байсан гэв.

Хариуцагч “Ариун Монгол” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “Ариун- Монгол” ХХК-ийн эм зүйч менежерээр ажиллаж байсан Р.Б нь зохих зөвшөөрөлгүйгээр 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 918 000 төгрөгийн эмийг Говь-Алтай аймгийн эмийн сан руу шилжүүлж, байгууллагын ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны дансыг өгөлгүйгээр, ХААН банк дахь хувийн дансандаа шилжүүлж авсан байсан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр уг мөнгийг байгууллагад тушаасан. Мөн Р.Б нь 2017 оны 03 дугаар сарын тооллогоор 1 014 800 төгрөгийн  59  хайрцаг амло ам эм, бамбар чих цэвэрлэгч 12 буюу 3000 төгрөг, дибазол эм буюу 2000 төгрөг нийт 10 198 000 төгрөгийн эм бараа  зэргийг дутагдуулсан нь хэрэгт баримтаар гаргаж өгсөн тооллогын баримт, хохирол төлүүлэх акт зэрэг бусад баримтаар тодорхой тогтоогдсон. Р.Б нь хөдөлмөрийн гэрээ, компанийн дотоод журмыг зөрчиж, өөрийн хариуцаж байсан эм  бараанаас удаа дараа дутааж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг  удаа дараа гаргасан, ажил олгогчийг итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан тул Хөдөлмөрийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Р.Б нь чанарын менежерээр ажиллаж байгаагүй, анх эм зүйч менежерээр ажилд авсан. “Ариун Монгол” ХХК-ийн эм зүйч менежер нь шаардлагатай үед чанарын менежер, худалдааны менежер, агуулахын эрхлэгч зэрэгт хөрвөн ажиллах чадвартай байхыг Р.Бд ойлгуулсны үндсэн дээр ажилд авсан.

Иймд Р.Б нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийн дагуу агуулахын эрхлэгчийн ажлыг хариуцан ажиллаж, цалин нь нэмэгдэж сард 800 000 төгрөг авч байсан. Р.Бд эм барааг худалдан борлуулах эрх олгоогүй... Иймд тус компанийн ерөнхий захирлын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 25 тоот тушаалаар Р.Бг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй тул  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч “Ариун Монгол” ХХК-д холбогдуулан ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай шаардлага гаргажээ.

Зохигчид нэхэмжлэгч Р.Б-г урьд эрхэлж байсан ажлаас нь  чөлөөлсөн нь үндэслэлтэй эсэх талаар маргаж байгаа болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Р.Б нь нэхэмжлэлээ 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан гэж үзнэ. /х.х-ийн 1 тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан байх ба, тэрээр хуульд заасан дээрх хугацаанд гомдлын шаардлагаа гаргажээ.

Хариуцагч “Ариун Монгол” ХХК /хуулийн этгээд/ нь хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагаанд төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй.

Хариуцагч “Ариун Монгол” ХХК-ийн захирал Б.Н нь тус компанийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С.Н-г томилж, 2017 оны 07 дугаар сарын  17-ны өдөр  итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 10-14 тал/

Хариуцагч нь “өөрийгөө шүүхэд бүрэн төлөөлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, тайлбар хүсэлт гаргах, хэргийн материалтай танилцах, сөрөг нэхэмжлэл гаргах, нотлох баримт гаргаж өгөх ... зэрэг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, үүргийг эдлэх”-ээр итгэмжлэл олгосноор С.Н Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,  35 дугаар зүйлийн 35.1, 35.2, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэргийн оролцогч болсон гэж үзнэ.

Ажил олгогч “Ариун Монгол” ХХК-ийн ерөнхий захирал 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 25 тоот тушаалд Р.Бг үүрэгт ажлаас чөлөөлөх эрх зүйн үндэслэлийг бичээгүй байсныг нөхөн бичиж, дээрх тушаалыг гардуулсан байх ба тушаалд “эм зүйч менежер” гэхийг “чанарын менежер” гэж бичсэн тухайгаа хариуцагч залруулан тайлбарлаж байгаа болно. /х.х-ийн 23 тал/

Ажилтныг ажлаас чөлөөлөхдөө холбогдох хуулийн зохицуулалтыг зөв баримталсан шийдвэр гаргах нь ажил олгогчийн үүрэг боловч, тухайн тушаалын үндэслэл, техникийн алдааг залруулсныг буруутгах боломжгүй юм.

Р.Б нь “Ариун Монгол” ХХК-д 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эм зүйч менежерээр ажиллаж байхдаа 2017 оны 01 дүгээр сараас агуулах /эзгүй байгаа ажилтны оронд/-ын эрхлэгчийн ажлыг хослон гүйцэтгэж байсан болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот тушаал, хөдөлмөрийн дотоод журам, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 22-40, 67-72-78 тал/

Ажил олгогч нь 01 тоот тушаалаар Р.Б-г эм зүйч менежерээр авч,  эм зүйч менежерийн ажлын байрны тодорхойлолтод эм зүйч менежер нь эм ханган нийлүүлэх байгууллагын эм зүйн мэргэжлийн албан тушаалуудад хөрвөн ажиллах чадвартай байх, шаардлагатай үед удирдлагын шийдвэрээр чанарын менежер, агуулахын эрхлэгч, худалдааны менежер зэрэг албан тушаалыг хавсран гүйцэтгэж байхаар тус тус тусгагдсаны дагуу нэхэмжлэгч нь агуулахын эрхлэгчийн ажлыг хариуцан ажиллаж байсан гэж үзнэ. /х.х-ийн 22, 27-28 тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “... Ажилтан ... өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэх болон ажил олгогч ажилтантай  тохиролцсноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно” гэж заажээ.

Иймд “Ариун Монгол” ХХК болон эм зүйч менежер Р.Б нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр хэд хэдэн ажил үүргийг зэрэгцэн гүйцэтгэж, сарын цалингийн хэмжээг нэмэгдүүлэн, сарын үндсэн цалин 800 000 төгрөг байхаар тохиролцсон байх ба энэ талаар талууд маргаагүй. /х.х-ийн 24 тал/

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...  Р.Б нь өөрийн хариуцаж байсан эм бараанаас удаа дараа дутагдуулж, компанид хохирол учруулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дах заалтад хамаарч байгаа гэж тайлбарлан мэтгэлцэж байна. /х.х-ийн 15 тал/

Ажил олгогч “Ариун Монгол” ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 25 тоот тушаалаар Р.Б-г эм зүйч менежерийн ажил албан тушаалаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, хөдөлмөрийн гэрээний 4.1, 5.2 дахь заалтыг тус тус үндэслэсэн байна. /х.х-ийн 22, 88 тал/

Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5, хөдөлмөрийн гэрээний 4.1, 5.2 дахь заалтыг баримталж, Р.Бгийн хариуцаж байсан эм бараанаас нэг сарын цалингийн хэмжээнээс илүү дутсан гэж 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөр үүрэгт ажлаас чөлөөлөхөөр тусгажээ.

Хариуцагч “Ариун Монгол” ХХК нь нэхэмжлэгчийг ажлаас халсан тухай үндэслэл, түүний гаргасан зөрчлийн талаар тушаалд нэрлэн заагаагүй ба “... Р.Б-г 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 918 000 төгрөгийн эмийг  зөвшөөрөлгүйгээр нууцаар Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын эмийн сан руу  шилжүүлж, эмийн мөнгө болох 918 000 төгрөгийг, хувьдаа авч 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Ариун Монгол” ХХК-д тушаасан, мөн 2017 оны 03 дугаар сарын тооллогоор 1 019 800 төгрөгийн эм дутааж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон ...” гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа нотлоогүй гэж үзнэ.

Ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчилд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтын аль, алиныг нь хамтатган тайлбарлаж байгааг зөвтгөх боломжгүй байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйл заалтаар ажилтныг  ажлаас халах нөхцөлийг заахдаа “сахилгын зөрчил давтан гаргасан” эсхүл “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэж тус тус тодорхойлсон ба ажилтны гаргасан зөрчил эдгээр үндэслэлийн алинд нь хамаарахыг ажлаас халсан тушаалд тодорхой тусгаагүй.

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 тоот хөдөлмөрийн гэрээний 2.4-д “сахилгын ноцтой зөрчилд тооцох “үндэслэлүүдийг нэрлэн заасан ба мөн 4 дүгээр зүйлийн  4.1-д “Ажилтан нь өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ үнэнч, түргэн шуурхай гүйцэтгэх, өөрийн ажил үүрэгтэй холбоотой нууцыг хадгалах үүрэгтэй” гэж, 5.2-т “Ажилтны буруугаас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131, 132, 135 дугаар зүйлд заасан үндэслэл журмаар нөхөн төлнө” гэжээ. /х.х-ийн 134 тал/

Ажилтны гаргасан зөрчил гэдэг нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

Нэхэмжлэгч Р.Б нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын эмийн сан руу шилжүүлсэн гэх эмийн мөнгө болох 918 000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Ариун Монгол” ХХК-д тушаасан гэх зөрчлөөс бусад нь тодорхой эргэлзээгүй баримтаар тогтоогдохгүй байна. /х.х-ийн 49-50 тал/

Тухайлбал “Ариун Монгол” ХХК нь нэхэмжлэгч Р.Б-г хариуцаж байсан эм бараанаас 1 019 800 төгрөгийн эм дутагдуулсан нь гэх зөрчилд нэхэмжлэгчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалсан гэж үзэх нөхцөл байдал зохигчдын тайлбар, хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн баримтуудаар бүрэн нотлогдоогүй гэж үзнэ. /х.х-ийн 79-86, 98-110 тал/

Мөн талуудын хооронд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдаагүй байх тул нэхэмжлэгчийг эд хөрөнгө хариуцсан ажилтан гэж үзэх боломжгүй байна. /х.х-ийн 134-135 тал/

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т “Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна” гэж, мөн хуулийн 135.4-т “... гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэж заажээ.

Иймд нэхэмжлэгч Р.Б-г эм зүйч менежерийн ажилд эгүүлэн тогтоож,  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 144 186 төгрөгийг хариуцагч “Ариун Монгол” ХХК-иас гаргуулах нь зүйтэй гэж үзнэ.

Р.Б-гийн ажилгүй байсан хугацаа /2016.04.28-наас 2018.01.15 хүртэл/ 192 хоног байна.

Хэрэгт баримтаар авагдсан “Ариун Монгол” ХХК-ийн цалингийн тодорхойлолтод Р.Б-гийн сарын цалин 800 000 төгрөг гэжээ. /х.х-ийн 24 тал/

Нэхэмжлэгч Р.Бгийн урьд авч байсан сарын дундаж цалин хөлсийг 800 000 төгрөгөөр тооцсон болно. /х.х-ийн 24 тал/

“Ариун Монгол” ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 25 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлд дурдсан нь бие даасан шаардлага биш, харин ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн үндэслэл гэж үзнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Б-г “Ариун Монгол” ХХК-ийн эмч зүйч менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “Ариун Монгол” ХХК-иас 7 144 186 /долоон сая нэг зуун дөчин дөрвөн мянга нэг зуун наян зургаан/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Бд олгосугай.

 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч “Ариун Монгол” ХХК нь нэхэмжлэгч Р.Бгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Р.Бгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Ариун Монгол” ХХК-иас 129 256 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                       Ж.ЦЭНГЭЛ