Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 858

 

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/00858

 

 

Р.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00091 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Р.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “АМ” ХХК-д холбогдох,

 

“АМ” ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 25 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Р.Б-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Мөнхболд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Номиндалай

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Энхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “АМ” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, эм зүйч менежерийн ажил албан тушаалд орсон. 2016 оны 03 сард эм ханган нийлүүлэх байгууллагын ажилтан ажлаас гарсан тул намайг оронд нь ажиллуулж байсан бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 27-ны Армон эм ханган нийлүүлэх байгууллагын агуулахын ажлыг би хүлээж авсан. Хажуугаар нь бас эм зүйч менежерийнхээ ч ажлыг хийсэн.

Тухайн агуулахын ажлыг хүлээж авч эмийн хугацаа он, сар, өдрийг хянаж, борлуулт муу, хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүнийг таньдаг эм хангамжийн газруудтай солилцоо хийж хугацааг нь уртасгасан. Мөн эмийн сангуудын захиалгыг нэгтгэх, үлдэгдэл их эмнүүдийг нь хооронд нь гүйлгэж захиалга хийх, байхгүй эмийг эмийн сангийн салбаруудад захиалах, эмийн солилцоо хийж ажилласан. Говь-Алтай аймгийн эмийн сан руу 918 000 төгрөгийн эм бараа явуулж, эмийн үнийг  байгууллагын дансанд тушаасан.

Хөрөнгийн тооллогыг тухайн байгууллага улиралд нэг удаа хийдэг байсан. Тооллогоор хариуцаж байсан зарим бараа бүтээгдэхүүн дутуу гэж тоолсныг хүлээн зөвшөөрөхгүй, буруу тоолсон гэж үзэж байна. Учир нь зарим бүтээгдэхүүн тооллогоор илүү гарсан. Өмнөх тооцоог дахиж харья гэхэд захирлаас зөвшөөрөл авсан тохиолдолд хянуулж болно гэсэн. Ингээд 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ажлаас халсан тушаал гарсан байсан.

Иймд “АМ” ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн тушаалыг хүчингүй болгуулж, эм зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “АМ” ХХК-ийн эм зүйч менежерээр ажиллаж байсан Р.Б- нь зохих зөвшөөрөлгүйгээр 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 918 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг Говь-Алтай аймгийн эмийн сан руу шилжүүлж, байгууллагын Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны дансыг өгөлгүйгээр, Хаан банк дахь хувийн дансандаа шилжүүлж авсан байсан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр уг мөнгийг байгууллагад тушаасан. Мөн Р.Б- нь 2017 оны 03 дугаар сарын тооллогоор 1 014 800 төгрөгийн 59 хайрцаг амло ам эм, бамбар чих цэвэрлэгч 12 буюу 3000 төгрөг, дибазол эм буюу 2000 төгрөг нийт 10 198 000 төгрөгийн эм бараа зэргийг дутагдуулсан нь хэрэгт баримтаар гаргаж өгсөн тооллогын баримт, хохирол төлүүлэх акт зэрэг бусад баримтаар тодорхой тогтоогдсон.

Р.Б- нь хөдөлмөрийн гэрээ, компанийн дотоод журмыг зөрчиж, өөрийн хариуцаж байсан эм бараанаас удаа дараа дутааж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, ажил олгогчийг итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан тул Хөдөлмөрийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Р.Б- нь чанарын менежерээр ажиллаж байгаагүй, анх эм зүйч менежерээр ажилд авсан. “АМ” ХХК-ийн эм зүйч менежер нь шаардлагатай үед чанарын менежер, худалдааны менежер, агуулахын эрхлэгч зэрэгт хөрвөн ажиллах чадвартай байхыг Р.Б-д ойлгуулсны үндсэн дээр ажилд авсан.

Иймд Р.Б- нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийн дагуу агуулахын эрхлэгчийн ажлыг хариуцан ажиллаж, цалин нь нэмэгдэж сард 800 000 төгрөг авч байсан. Р.Б-д эм барааг худалдан борлуулах эрх олгоогүй. Иймд тус компанийн ерөнхий захирлын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 25 тоот тушаалаар Р.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Б-г “АМ” ХХК-ийн эмч зүйч менежерийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “АМ” ХХК-иас 7 144 186 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Б-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч “АМ” ХХК нь нэхэмжлэгч Р.Б-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Р.Б-гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “АМ” ХХК-иас 129 256 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулахыг даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. "АМ" ХХК-ийн эм зүйч менежер Р.Б- нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 15 нэр төрлийн 918 000 төгрөгийн эмийг компанийн удирдлагад мэдэгдэлгүй, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын эмийн сан руу шилжүүлсэн нь хөдөлмөрийн дотоод журмын 2.7 "в", "г" заалт, хөдөлмөрийн гэрээний 2.2, 2.4, 5.3 заалтыг зөрчсөн бөгөөд борлуулалтын мөнгийг Хаан банкин дахь өөрийн хувийн дансанд шилжүүлж авсан нь тооллогоор илэрсэн. Р.Б- гэм буруугаа хүлээж 2017 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр 918 000 төгрөгийг байгууллагын кассанд бэлнээр буцаан тушааж компанийг хохиролгүй болгосон болно.

2017 оны 03 дугаар сарын тоологоор Р.Б-гийн хариуцсан эмнээс 1 019 800 төгрөгийн бараа дутсан нь хэрэгт авагдсан тооллогын баримт, хохирол төлүүлэх акт зэрэг баримтаар тогтоогдсон. Р.Б- нь компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зөрчсөн, түүний хариуцаж байсан эм бараанаас удаа, дараа дутсан, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасан үндэслэлээр компанийн ерөнхий захирлын 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 25 тоот тушаалаар Р.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны болоод үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Р.Б- нь хариуцагч “АМ” ХХК-д холбогдуулан тус компанийн ерөнхий захирлын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 25 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж нэхэмжлэгч 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эм зүйч менежерээр ажиллаж байхдаа 2017 оны 01 дүгээр сараас агуулахын эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан, хариуцагч байгууллагын ерөнхий захирлын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн үйл баримтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 01 тоот захирлын тушаал, хөдөлмөрийн дотоод журам зэрэг хэргийн баримтад нийцэж байна.

 

             Хариуцагч байгууллагаас тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн гэрээний 4.1 ба 5.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасныг тус тус удирдлага болгож, үндэслэлээ Р.Б- нь өөрийн хариуцаж байсан эм бараанаас 1 сарын цалингийн хэмжээнээс илүү дутсан гэж тодорхойлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлжээ.

 

            Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот тушаал, хөдөлмөрийн дотоод журам зэрэг баримтаар Р.Б- нь эм зүйч менежер, агуулахын эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан бөгөөд сарын үндсэн цалинг 800 000 төгрөгөөр тохиролцсон байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

             

Нэхэмжлэгч Р.Б- нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 918 000 төгрөгийн эмийг зөвшөөрөлгүйгээр Говь Алтай аймгийн Эрдэнэ сумын эмийн сан руу шилжүүлж, эмийн мөнгө болох 918 000 төгрөгийг хувьдаа авч, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “АМ” ХХК-д тушаасан, мөн 2017 оны 03 дугаар сарын тооллогоор 1 019 800 төгрөгийн эм дутааж, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх тайлбараа хариуцагч нотлоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

 

Ажилтан Р.Б- нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 918 000 төгрөгийн 15 нэр төрлийн эмийг компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зөрчин зохих этгээдийн зөвшөөрөлгүй дур мэдэн Говь Алтай аймгийн Эрдэнэ сумын эмийн сан руу шилжүүлж, мөнгийг Хаан банкин дахь өөрийн дансаар хүлээн авсантай холбоотойгоор 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хохирол төлүүлэх тухай 04 тоот актыг ажил олгогч гаргасан, уг актад Р.Б-гийн гарын үсэг зурагдаагүй байх боловч, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 918 000 төгрөгийг буцаан төлсөн талаарх баримт хэрэгт авагдсан, уг үйл баримтын талаар нэхэмжлэгч маргаагүй тул уг зөрчлийг тогтоогдсон гэж дүгнэхээр байна.

 

Харин 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн тооллогоор Р.Б-гийн хариуцаж байсан агуулахаас 1 019 800 төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутсан гэж 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хохирол төлүүлэх тухай 05 тоот актаар ажилтан Р.Б-гаар төлүүлэхээр шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч нь тооллогын дүнг эс зөвшөөрч, байгууллагад хүсэлт гаргаж байсан талаар баримтгүй байна.

 

Дээрх зөрчлүүд нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2.4-т заасан гэрээг цуцлах үндэслэлд хамаарч байна. Иймд ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан нь баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан  гэх зөрчил нотлогдоогүй гэж буруу дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч Р.Б- нь давтан зөрчил гаргасан тул хариуцагч байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасныг баримтлаж ажилтныг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй болжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дүгээр зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00091 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “АМ” ХХК-д холбогдох “АМ” ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 25 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай Р.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “АМ” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                        Э.ЗОЛЗАЯА