Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Д.Мөнхтуяа

шүүгдэгч Д.Цэвэгмэд, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626022030 дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 4 дүгээр сарын 20-нд Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, Оюу толгой ХХК-д хүнд машин механизмын операторчин ажилтай, ам бүл 5; эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 137 дугаар байрны 66 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ДЕ72042016 дугаарын регистртэй, Буга хайрхан овогт Догсомын Цэвэгмэд

 

Шүүгдэгч Д.Цэвэгмэд согтуугаар, 2016 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Шастины нэрэмжит нэгдсэн 3 дугаар эмнэлгийн урд талын зүүнээс баруун тийш явах зам дээр Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ч.Лхагвасүрэнг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж, 09-71 УБЧ улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашиныг саатуулан шалгаж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэн цохиж, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д.Цэвэгмэд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Хохирогчтой миний машиныг ачиж явна гэж хэлэхээр нь маргалдаж, заамдсан юм шиг байна лээ. Тухайн үед яг юу болсон талаар санахгүй байгаа. Би хохирогч цагдааг цохисон гэж маргааш нь надад хэлсэн. Согтуу байсан болохоор юу болсныг би сайн мэдэхгүй байгаа юм. Маргааш нь уулзахад түүний нүд хөхөрсөн байсан. Хохирогчид би сайн дураараа 1.500.000 төгрөг өгч, хохирлыг нь барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Шүүгдэгч Д.Цэвэгмэдийн хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 34/,

Захиргааны зөрчлийн лавлагаа /хх-н 9-10/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/, Оюу толгой ХХКомпаний тодорхойлолт /хх-н 54/,

гэрч Доржийн Ундармаагийн ... манай нөхөр Цэвэгмэд 1972 оны 4 дүгээр сарын 20-нд Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн. Бид хоёр 1996 онд танилцаж, гэр бүл болсон бөгөөд дундаасаа 3 хүүхэдтэй. Манай нөхөр Оюу толгой ХХК-д хүнд машины операторчнаар ажилладаг. Архи дарс уугаад байдаггүй, архи уухаараа унтаад өгдөг юм. Найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, шударга, нийтэч, зан араншинтай гэсэн мэдүүлэг /хх-н 21/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Цэвэгмэд 2016 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Шастины нэрэмжит нэгдсэн 3 дугаар эмнэлгийн урд талын зүүнээс баруун тийш явах зам дээр Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ч.Лхагвасүрэнг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж, 09-71 УБЧ улсын дугаартай Ниссан патрол маркийн автомашиныг саатуулан шалгаж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэн цохиж, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судалсан

хохирогч Чунагийн Лхагвасүрэнгийн ... 2016 оны 7 дугаар сарын 23-ны орой 19 цаг 30 минутаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх хуваарийн дагуу эргүүл хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж явахад шөнө 02 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн урд төв зам дээр тандагч багажаар хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн жолоочийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж байхдаа Ниссан Патрол маркийн 09-71 УБЧ улсын дугаартай машины жолоочийг тандагч багажаар үлээлгэж шалгахад багаж улаан дохио өгсний дагуу хамт үүрэг гүйцэтгэж байсан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зохицуулагч ахлах дэслэгч Оюун-Эрдэнэд материалжуулан шалгуулахаар жолоочийг хүлээлгэж өгсөн. Оюун-Эрдэнэ жолоочийг драгер багажаар үлээлгэж шалгахад хуулиар тогтоосон хэмжээнээс илүү гарч байсан. Тэгтэл уг жолоочтой хамт машинд явж байсан Цэвэгмэд гэх хүн бууж ирж согтуурахаад, наад хүнээ явуул та нар гэх мэт үг хэлж байсан. Миний хувьд Цэвэгмэд гэх хүнд хууль ёсны шаардлагыг тавьж машиндаа суу, шалгаж байна гэж анхааруулан хэлэхэд миний энгэрээс заамдаж авсан ба намайг болиулах гэж ноцолдож байх үед хамт үүрэг гүйцэтгэж байсан ахлах дэслэгч Үүрдмөнхийг салгах гэхэд Цэвэгмэд нь миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Ингээд хамт үүрэг гүйцэтгэж байсан Оюун-Эрдэнэ, Үүрдмөнх нартай нийлэн Цэвэгмэдийг гавлаж, 102 дугаарын утсанд дуудлага өгсний дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн машинт эргүүл ирж, түүнийг саатуулахаар авч явсан. Ингээд би цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирж өргөдөл гарган шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол авч шүүх эмнэлэгт үзүүлсэн. Миний зүүн нүд хавдаж хөхөрсөн байсан ба одоо биеийн байдал хэвийн болсон. Тухайн машинд жолоочоос гадна Цэвэгмэд мөн түүний эхнэр нь бололтой эмэгтэй, бага насны нэг хүүхэд явсан. Цэвэгмэдээс өөр хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, эрх чөлөөнд минь халдсан хүн байхгүй. Цэвэгмэд нь биеэ хянах чадваргүй байдалтай их согтуу байсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед нүд хавдаж хөхөрсөн байсан болохоор журмынх нь дагуу гомдол гаргасан юм. Тухайн үед машин жолоодож явсан хүний эрхийг хассан байгаа /хх-н 14-15/ гэсэн,

гэрч Үүрцайхын Оюун-Эрдэний ... 2016 оны 7 дугаар сарын 23-ны орой 20 цагаас шөнийн эргүүлийн Улз-15 постонд зохицуулагч ахлах дэслэгч Үүрдмөнх, ахлах дэслэгч Өнөболд, дэд ахлагч Ариунбат, ахлах ахлагч Лхагвасүрэн нарын хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн урд талын зүүнээс баруун тийш явах замд шалгалт хийж байхдаа 02 цагийн үед 09-71 УБЧ улсын дугаартай Ниссан Патрол маркийн автомашиныг зогсоон шалгахад уг машиныг барьж явсан Бат-Оргио гэх залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба машин дотроо жолоочоос гадна хоёр бага насны хүүхэд, эрэгтэй, эмэгтэй нийт 4 хүн байсан. Ингээд машиныг нэгдүгээр эгнээнд байрлуулаад, Бат-Оргиог албаны машинд суулгаад драгер багажаар шалгахад 0.94 хувийн согтолттой гарсан. Жолоо барьж явсан Бат-Оргио нь тухайн үед жолооны үнэмлэхгүй байсан тул машиныг нь журамлах шаардлага гараад машиныг ачих гэхэд уг Ниссан патрол маркийн машинд сууж явсан Цэвэгмэд, Ундармаа нар бууж ирээд Цэвэгмэд та нар машин ачих гэлээ гээд машин ачуулж байсан ахлах ахлагч Лхагвасүрэн рүү дайрч хэл амаар доромжилж эхэлсэн. Энэ үед ахлах дэслэгч Үүрдмөнх Цэвэгмэдийг тайвшруулах гээд очиход Цэвэгмэд нь Лхагвасүрэнгийн нүд рүү нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэгээд Үүрдмөнх, Лхагвасүрэн бид гурав нийлж, Цэвэгмэдийг унагаж, ард нь гарыг нь гавлаад Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст цагдаагийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад зодууллаа гэх дуудлага өгсөн юм. Цэвэгмэд нь машиныг нь ачих гэлээ гэж уурлаад, шаардлага тавьсан Лхагвасүрэнг цохисон. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон мөн дээр нь жолооны үнэмлэхгүй болохоор заавал ачдаг юм. Ингээд машин ачна гэхэд Цэвэгмэд уурлаж, тэнд байсан цагдаа нарыг хэл амаар доромжилж эхэлсэн. Цэвэгмэдийн эхнэр Ундармаа гэх эмэгтэй мөн хэл амаар доромжилж байсан ба их хэмжээний согтолттой байсан. Лхагвасүрэнгийн нэг нүд нь цохиулаад хөхөрчихсөн байсан /хх-н 16-17/ гэсэн,

гэрч Сижиддоржийн Үүрдмөнхийн ... 2016 оны 7 дугаар сарын 23-ны орой 20 цагаас шөнийн эргүүлийн Улз-15 постонд зохицуулагч, ахлах дэслэгч Оюун-Эрдэнэ, ахлах ахлагч Өнөболд, дэд ахлагч Ариунбат, ахлах ахлагч Лхагвасүрэн нарын хамт Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 3 дугаар эмнэлгийн урд, зүүнээс баруун тийш явах замд шалгалт хийж байсан юм. Шөнө 02 цагийн үед 09-71 УБЧ улсын дугаарын Ниссан Патрол маркийн автомашиныг ахлах ахлагч Лхагвасүрэн зогсоон шалгаж, уг машиныг барьж явсан Бат-Оргио гэх залуугийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул ахлах дэслэгч Оюун-Эрдэнэд хүлээлгэн өгсөн. Ингээд Бат-Оргио гэх залуу нь жолооны үнэмлэхгүй байсан тул Лхагвасүрэн унаж явсан машиныг нь ачилтын машинаар ачуулах гэхэд уг машинаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бууж ирээд хэл амаар доромжилж шаардлага тавьсан Лхагвасүрэн рүү дайрч давшлаад Цэвэгмэд гэх эрэгтэй хүн Лхагвасүрэнгийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би Лхагвасүрэнтэй хамжиж байгаад Цэвэгмэдийг гавлаад Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст цагдаагийн алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад зодууллаа гэж дуудлага өгсөн. Тухайн үед урд талын зам дээр Ариунбат, Өнөболд хоёр шалгалт хийж байсан ба хойд талын замд Лхагвасүрэн бид хоёр шалгалт хийгээд машинд Оюун-Эрдэнэ материалжуулж байсан. Цэвэгмэд машин ачуулах гэлээ, наад Бат-Оргиог чинь би ир гэж дуудсан, яахаараа эрүүл хүнийг та нар саатуулдаг юм гээд дайраад байсан. Тэр Цэвэгмэд өөрөө ч их согтуу байсан. Цэвэгмэдийн эхнэр нь бололтой Ундармаа гэх эмэгтэй мөн адил хэл амаар доромжилж байсан ба архи уучихсан байсан. Лхагвасүрэнгийн аль билээ нэг нүд нь цохиулаад хөхөрчихсөн байсан /хх-н 18-19/ гэсэн,

гэрч Доржийн Ундармаагийн ... тэр өдөр манай хүргэн Алтангэрэлийнх шинэ байранд орсны найр хийсэн бөгөөд тэднийх Баянгол дүүргийн Хэрмэс худалдааны төвийн эсрэг талын байранд байдаг юм. Тэгээд орой 20 цагийн үед болов уу нөхөр Цэвэгмэд дөрвөн настай хүү Банзрагч нарын хамт Алтангэрэлийнд очсон юм. Тэгээд тэднийг би архи уудаггүй болохоор дүү Ичинхоролтой хоёр шил пиво уусан ба нөхөр Цэвэгмэд Алтангэрэл хоёр 2 шил архи хувааж уусан шиг санагдаж байна. Тэгээд шөнө болоод Цэвэгмэдийг машин барьж болохгүй болохоор нь би Цэвэгмэдийн эгчийнх нь хүүхэд болох Бат-Оргиог утсаар дуудаад, ирээд ахынхаа машиныг бариад гэрт хүргээд өгчих, ах чинь согтуу байна гэж хэлэхэд Бат-Оргио удалгүй хүрээд ирсэн. Тэгээд шөнө хэдэн цагт гарсныг санахгүй байна, нөхөр хүүхдийн хамт машиндаа сууж байсан. Нэг мэдэхэд нэг цагдаа манай машинд суучихсан машин урагшлуулж байсан. Тэгээд би нөхрийнхөө хамт машинаас бууж байснаа санаж байгаа бөгөөд 4 настай хүүхэд байгаа гэж хашгираад хэл ам гаргасан юм шиг байна лээ. Тэгээд нэг сэрэхэд маргааш нь гэртээ унтаж байсан ба Бат-Оргиогоос асуухад Цэвэгмэд ахыг цагдаа эрүүлжүүлсэн гэж байсан. Манайх 09-71 УБЧ улсын дугаартай Ниссан Патрол маркийн машинтай юм. Энэ машин миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Би Цэвэгмэдийг цагдаагийн эрх чөлөөнд халдсан талаар юу ч мэдэхгүй байгаа. Маргааш нь эрүүлжүүлэх дээр очиж асуухад цагдаа зодсон гэж байсан. Бат-Оргиог согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь би мэдээгүй. Уг нь бид нар тэндээ хонох гэж байгаад би л явна гээд дүүгий нь дуудуулсан юм байна лээ /хх-н 20-21/ гэсэн,

гэрч Жанчивдоржийн Бат-Оргиогийн ... тэр шөнө буюу 2016 оны 7 дугаар сарын 23-ны шөнө би зурагтад найз охин Анх-Эрдэний гэрт унтаж байсан бөгөөд шөнө 01 цагийн үед байх над руу бэр эгч Ундармаа яриад Алтангэрэлийнд байна хүрч ирээд аваадах, ах чинь архи уучихсан байна гэхээр нь би босч такси бариад Алтангэрэл ахынд яваад очсон. Тэднийх Хэрмэс худалдааны төвийн эсрэг талын байранд байдаг. Тэгээд намайг ороход найр болж байгаа гээд нилээд олон хүн байсан ба Цэвэгмэд ах, Ундармаа эгч хоёр нилээн согтчихсон байхаар нь тэр хоёрыг аваад Цэвэгмэд ахын машинд суулгаад явж байтал 3 дугаар эмнэлгийн урд талд замын цагдаа зогсоогоод тандагч багажаар үлээлгэсэн. Би орой 19 цагийн үед 2 шил пиво уучихсан байсан тул үлээлгэхэд дохио өгөөд намайг саатуулаад машинаас буулгасан. Би буугаад цагдаагийн машинд сууж байтал Цэвэгмэд ах машинаас бууж ирээд чи уучихсан юм уу гэхээр нь би хоёр пиво л уусан шүү дээ гэхэд Цэвэгмэд ах наад хүүхэд чинь эрүүл байх ёстой дахиж үлээлгэ гээд цагдаа нартай маргалдаад байсан. Тэгээд цагдаа гавлана гээд Цэвэгмэд ах гавлуулахгүй гээд ноцолдож байгаад Цэвэгмэд ахыг газар унагаад цагдаа нар түүнийг гавлаад эрүүлжүүлэх рүү аваад явсан. Би тэндээсээ машин ачуулчихаад Ундармаа эгч дүү Банзрагч хоёрыг аваад таксинд суулгаад авч явсан. Намайг цагдаагийн машинд сууж байхад Цэвэгмэд ах цагдаа нартай маргалдаад байсан. Яг цохиж зодсон эсэхийг нь мэдэхгүй байна. Намайг машинаас бууж ирэхэд ахыг хэвтүүлээд гавласан байсан. Тухайн үед яг хэдэн цагдаа байсныг санахгүй байна. Нилээн хэдэн цагдаа байх шиг байсан. Намайг драгер багажаар үлээлгэхэд 0.94 зэргийн согтолттой байна гэж гарсан. Би пиво уусан талаараа Ундармаа эгч, Цэвэгмэд ах хоёрт хэлээгүй. Би Баянгол дүүргийн замын цагдаагийн тасаг дээр маргааш нь эрхээ хасуулсан /хх-н 22-23/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Лхагвасүрэнгийн биед зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн 10294 тоот дүгнэлт /хх-н 25/,

Гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 4/, зөрчил гаргасан этгээдийг саатуулсан тухай баримт /хх-н 8, 47-48/ болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд Буга хайрхан овогт Догсомын Цэвэгмэдийг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй,

прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

Шүүхээс шүүгдэгч Д.Цэвэгмэдэд ял оногдуулахдаа түүний хувийн байдал үүнд; анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугийн талаар маргахгүй байгаа, хохирлыг нөхөн төлж хохирогч Ч.Лхагвасүрэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзав.

 

Харин шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Цэвэгмэдэд 450 цаг албадан ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс уг ялын саналыг дэмжиж байна, гэхдээ албадан ажил хийлгэх ялыг хэсэгчилэн эдлэх бололцоогоор хангаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг нь албадан ажил хийлгэх, баривчлах, хорих гэсэн ялын сонгох санкцтай бөгөөд чухам ямар төрлийн ял оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Анх удаа хүндэвтэр ангилалын гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн зүгээс гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ гэмшиж өөртөө дүгнэлт хийж байгаа зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл мөн бөгөөд шүүгдэгч Д.Цэвэгмэдэд хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ.

Учир нь; хорих ялыг тэнсэж хянан харгалзсанаар тухайн шүүгдэгчийн ялтай байдал тэнсэнгийн хугацаа дууссанаар дуусгавар болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Д.Цэвэгмэд цагдан хоригдсон хоноггүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон