Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2021/00038

 

 

 

2021 01 19 001/ХТ2021/00038

 

 

 

 

Дорнод худалдаа ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 138/ШШ2019/00427 дугаар шийдвэр,

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 201/МА2019/00018 дугаар магадлалтай,

Дорнод худалдаа ХК-ийн нэхэмжлэлтэй,

Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГ, Талын сувд ХХК-д холбогдох

 

Бусдын эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 25,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Шинэбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагч Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хишигмөнх, хариуцагчийн өмгөөлөгч Т.Энхболд, хариуцагч Талын сувд ХХК-ийн төлөөлөгч О.Хүрэлбаатар, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дорнод худалдаа ХК-ийн Шүр захыг цэвэр бохир усаар хангаж байгаа шугам хоолой нь Оросуудыг үйл ажиллагаа явуулж байх үеэс эхлэлтэй инженерийн шугам хоолой бөгөөд бид энэ цэвэр усны шугамаас өнөөг хүртэл хангагдаж ирсэн. Энэ хугацаанд манай компани Дорнод НАА-д цэвэр усны төлбөрт сард 980.000 төгрөг, жилд 11.760.000 төгрөг, сүүлийн 20 жилд 235.200.000 төгрөгийг төлсөн байна. Гэтэл Дорнод НАА нь Талын сувд ХХК-ийн О.Хүрэлбаатарт Хот суурин ус хангамж, ариутгал татуургын ашиглалтын тухай хуулийг зөрчиж цэвэр усны төв шугаман дээр орон сууц, худалдаа үйлчилгээний зориулалттай 5 давхар барилга барих зөвшөөрөл олгосон нь анхнаасаа хууль зөрчиж техникийн нөхцөл олгосон байдаг. Энэ цэвэр усны шугамаас манай компани болон Сүхжин ХХК, авто сэлбэгийн Оровгод гурван эрдэнэ ХХК, Өгөөмөр кафе, Цогт кафе, Төрийн банк, ХААН банк, Голомт банк гэх мэт компани, аж ахуйн нэгж байгууллагууд хэрэглээний цэвэр усаар хангагдаж байсан. Гэтэл 2017 оны 8 дугаар сараас эхлэн одоог хүртэл бид цэвэр усаар хангагдаж чадахгүй байна. Энэ нь Дорнод НАА нь Талын сувд ХХК-ийн О.Хүрэлбаатарт биднийг цэвэр усаар хангадаг гурван метрийн гүнд байсан шугам хоолойн дээр 5 давхар барилга барих зөвшөөрөл олгосноос Талын сувд ХХК-ийн захирал О.Хүрэлбаатар нь өөрийн барьсан 5 давхар барилгын зоорийн давхарт байдаг 100-ийн хаалтыг нээж хааж байсны улмаас бид бүгдийг усаар хангаж байсан труба хоолойд хөлдөлт үүссэн цооролтууд гарсан байдаг. Өөрөөр хэлбэл Дорнод НАА нь 2015 оны 3 сарын 03-ны өдөр Талын сувд ХХК-д тус компанийн барьсан үйлчилгээний төвтэй орон сууцны барилгын зоорийн давхрын цэвэр усны шугамаас огтлол авч, цаашид цэвэр усны холболтыг өөрчлөх шаардлагатай гэж техникийн нөхцөл олгосон нь хууль бус ба нийтийн хэрэгцээний усны шугам дээр барилга барих гэж байгааг анхнаасаа мэдэж байсан. 2017 оны 8 сараас эхлэн Хүрлээгийн барилгын баруун талын шугаманд гэмтэл гарсны улмаас ус хааснаас болж бидний хооронд маргаан болсон. Үүнээс өмнө усны ямар нэгэн асуудал байгаагүй. Гэтэл Хүрлээ барилга руугаа нэвтрүүлэхгүй байсан, НАА хүртэл оролдоод дийлээгүй, бид энэ цэвэр усны шугамыг НАА-тай хамт янзлах гээд 2017 оны 10 сар хүртэл болоогүй. 2017 оны 11 сард Хүрлээгийн барилгын зүүн талын худгаас манайх болон бусад хэрэглэгчийг хангадаг цэвэр усны шугам хоолой хөлдсөн байсан. Арга ядаад устай байхын тул н.Хүрэлсүхтэй уулзсан. Хүрэлсүхийнх бас усгүй байж байгаад Гомбогүрийн шугамаас ус татсан байсан. Бид Хүрэлсүхэд мөнгө өгч байж тэдний хашаанд байгаа хуучин шугамаас ус татаж өвлийг өнгөрөөсөн нь үнэн. Манай Шүр зах усгүй байх ямар ч боломжгүй, наад зах нь ариун цэврийн асуудал гардаг учраас Хүрэлсүхийнхээс ус авахаас өөр арга байгаагүй. Гэхдээ бид өмнө нь 100-гийн хоолойгоор ус авдаг байсан бол 35-ийн хоолойгоор н.Хүрэлсүхийнхээс ус татсан нь үнэн. Манай компани 2018 оны 4 сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд Талын сувд ХХК-ийн 5 давхар барилгын зүүн талын худгаас өөрийн хөрөнгөөр 120 метр 100-ийн төмөр хоолой татаж усаа хэвийн ажиллагаанд оруулсан боловч О.Хүрэлбаатар нь усыг хаагаад бид бүгдийн эрх ашгийг хохироосоор байсан. Энэ асуудлыг олон байгууллагад хандаж шийдвэрлүүлэхээр оролдсон. Эцэст нь 2018 оны 8 сард орон нутаг уг цэвэр усны шугам сүлжээг орон нутгийн өмчид бүртгэн авч НАА хүлээн авснаар 2018 оны 8 сараас эхлэн бид цэвэр усаар хэвийн хангагддаг болсон. Бусад хэрэглэгч нар тус тусдаа бие даан нэхэмжлэл гаргана гэдгээ бидэнд мэдэгдсэн учраас манай компани өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байна. Үүнд:

1.Хөлдсөн шугам хоолойг засварласан зардалд 6.200.000 төгрөг, хөлдсөн шугам хоолойг солих материалын зардалд 4.100.000 төгрөг, техник ажиллуулсны зардалд 600.000 төгрөг, ажлын хөлсөнд 1.500.000 төгрөг тус тус зарцуулсан,

2. 2017.08 сараас 2018.06 сарыг дуустал нийт 10 сарын хугацаанд усгүйгээс болж бид Хэрлэн голоос зөөврийн ус хэрэглэсний зардал болон Дорнод НАА-д сар бүр усны мөнгө төлж байсны зардалд нийт 11.500.000 төгрөг зарцуулсан. Үүнд: сард усны үнэд 980.000 төгрөгийг Дорнод НАА-д төлдөг, Хэрлэн голоос ус тээвэрлэсний зардалд сард 170.000 төгрөг буюу сард 1.150.000 төгрөгийг зарцуулсан,

3. Усгүй байх хугацаанд гүний худаг өрөмдүүлж 8.000.000 төгрөг зарцуулсан. Манай компани хуучин гүний худагтай байсан ба энэ худгаас гарч буй усыг унданд хэрэглэх боломжгүй байсан учраас хэрэглэхгүй удсан байсан. Тэгээд энэ худгийн хажууд дахин засварлаж гүний худаг өрөмдүүлсэн. Энэ ажлыг өөрийн охин компани болон Дөлгөөн Хэрлэн ХХК-иар гүйцэтгүүлсэн. Иймд өөрийн компанид учирсан эд хөрөнгийн хохирол болох 25.700.000 төгрөгийг дээрх хоёр байгууллагаар хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Дорнод нийтийн аж ахуй ОНӨААТҮГ-ын хариу тайлбарт: Манай байгууллага нь Чойбалсан хотын хэмжээнд тасралтгүй ундны усаар хангах үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Энэ хүрээнд иргэн, аж ахуй нэгж бусад байгууллагуудыг цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах гэрээ байгуулан ажилладаг. Мөн Дорнод худалдаа ХХК-тай гэрээ байгуулан ажилладаг. Энэ асуудал анх 2017 оны 8 сард болсон. Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах Шүр захын хойд байрлах Талын сувд ХХК-ийн барилгын баруун талын дулааны шугамаас ус нэвчээд байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу манай хариуцсан хүмүүс очиж үзлэг шалгалт хийсэн. Энэ хүрээнд Шүр захын баруун хойд талд байрлалтай Бадмаараг дэлгүүрийн хашаанд байгаа цэвэр усны 1 дүгээр худаг болон Талын сувд ХХК-ийн хашаанд байрлах цэвэр усны 2 дугаар худгийн хооронд гэмтэл гарсан байна гэж манайх тогтоож усыг хааж хэрэглээг хязгаарласан. Энэ талаар холбогдох байгууллагуудад удаа дараа хэлж хариуцсан байцаагчийг явуулж байсан. Энэ шугам дээрээс тэжээгддэг Дорнод худалдаа, Сүхжин, Цогт кафе, угаалгын газар болон хувийн орон сууц тэжээгддэг. Энэ шугамд гэмтэл гарсан байна. Өөрийн эзэмшлийн шугам сүлжээгээ засварла гэсэн албан бичиг өгч байсан. Тэгээд аж ахуй нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн шугамаа засварлахгүй байсан болохоор манай байгууллага хуулийнхаа хүрээнд байгууллагууд руу албан бичиг хүргүүлсэн. Энийг 10 сарын 01-ний дотор засварла гэж албан бичиг хүргүүлсэн боловч эдгээр байгууллагууд манай эзэмшлийнх биш гээд энэ асуудал дараа он руу шилжсэн асуудал байдаг. Албан бичиг хүргүүлсэн нотлох баримт хавтас хэрэгт хүргүүлсэн. Холбогдох хүмүүс нь засварлах талаар нэлээдгүй уулзалдсан. Тэгээд 10 сараас цаг агаарын нөхцөл байдлаас хамаараад газар шорооны асуудал хүндрэлтэй байсны улмаас больсон. Тэгээд Талын сувд ХХК-иас 2018 оны 04 сарын 26-нд манай байгууллагад цэвэр усны нэгээс хоёрдугаар худагт гэмтэл гарсныг засварлая гэсэн хүсэлт өгсөн. Тэгээд Ивээл хорооллыг хариуцсан хэсгийн техникчийг хэдэн хүмүүстэй очиж машин, механизмаа гаргаад цэвэр усны 2 дугаар худгаас баруун тийшээ 5000 метрт шугам цоорсон байсныг засварласан. Цэвэр усны нэг буюу түүний баруун хойд байрлалтай худаг манай эзэмшлийн худаг. Энэ худгаас усаа нээсэн. Тэгээд нээгээд тухайн байгууллагад ус ирэхэд шалгаж үзээд явсан. Маргааш нь Талын сувд ХХК-иас барилгын зүүн талын худгаар дамжаад манай барилга руу ус нэвчээд байна гэсэн дуудлагыг холбогдох хүмүүс нь мэдэгдсэн. Үүний дагуу очиж үзэхэд цэвэр усны 3 дугаар худгаас ус дамжин барилгын зоорийн давхарт орж ирж байсан. Тэгээд энэ байгууллага нь эд хөрөнгөө хамгаалахын тулд зоорийн давхрын хаалтыг өөрсдөө хаасан байсан. Энийг Дорнод худалдаа ХК-ийн төлөөлөгчөөр явж байсан Дамдинсүрэн гэдэг хүн мэдэж байгаа. Тэгээд шалгаж үзэхэд уг барилгын зүүн талд байгаа цэвэр усны 3 дугаар худгаас 5 метрт байрлах шугам буюу Дорнод худалдаа ХК-руу явсан тэдний өөрийнх нь өмчлөлийн шугам хөлдсөн асуудал яригдсан. 2018 оны 04 сарын 30-наас 05 сарын 03-ныг хүртэл Дорнод худалдаа ХК өөрсдөө завсарласан байх. Засварлаж дуусаад усаа тавъя гэсэн асуудал яригдаж байсан. Энэ хооронд Мэргэжлийн хяналтын газраас өмчлөгч, эзэмшигч нь тодорхой бус байна, орон нутгийн өмчийн газар эзэнтэй болгох асуудлаар өмчийн алба болон манай байгууллага руу албан бичгийг явуулсан байдаг. Үүний үндсэн дээр Аймгийн Тамгын газраас ажлын хэсэг гараад энэ шугам сүлжээний эзэн холбогдогчийг тодорхойлоод, эзэнгүй бол эзэнтэй болгоё, орон нутгийн өмчид өгье гэсний үндсэн дээр манай байгууллагаас орон нутгийн өмчийн газарт манай байгууллагаас бичиг баримтыг нь бүрдүүлж Орон нутгийн өмчийн газарт өгсөн. Ингээд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2018 оны 08 сарын 13-нд шийдвэр гараад одоо манай эзэмшилд ирсэн байгаа юм. Манай байгууллагад ирнэ гэдэг нь манай байгууллагаас засвар үйлчилгээ хийх эрх нь нээгдэж байгаа юм. Ийм процесс болсон.

Дорнод худалдаа ХК-аас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хот суурин ус хангамжийн тухай хуулиараа өөрийн эзэмшлийн шугам сүлжээний засвар үйлчилгээг бүрэн хариуцна гэсэн хуулийн зохицуулалттай. Өөрсдийн тэжээгдэж байгаа өөрсдийн өмчлөлийн шугам сүлжээг засварласныхаа төлөө 6.200.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ шугам сүлжээ нь иргэн аж ахуйн эзэмшил юм чинь энэ байгууллага нь манай байгууллагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн 11.500.000 төгрөг нэхээд байна. Сард усны хэрэглээ 980.000 төгрөг, тээврийн хэрэглээ 170.000 төгрөг нэг сарын 1.150.000 төгрөг. Энэ нь 10 сараар үржихээр 11.500.000 гээд нэхэж байна. Манай байгууллага нь 46.000 хүн амыг ундны усаар хангадаг байгууллага. Энэ дээр манай байгууллагаас ундны усыг худалдаж авсан гэрээ байхгүй, төлбөр мөнгө шилжүүлсэн баримт байхгүй. Дорнод худалдаа ХК-ийн зарлага гаргаад байсан зарлагын баримтууд нь эргэлзээтэй. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ярьж байна. Хэрлэн голоос усаа татаж авч хэрэглэсэн. Энийг үнэгүй авсан гээд байгаа. Тэгвэл Хэрлэн голоос үнэгүй авсан усаа манайхаас нэхэмжлээд байгаа нь хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна. Тэгээд дараа нь 8.000.000 төгрөг нэхэмжлээд байна. Дорнод худалдаа ХК нь манай байгууллагатай хамтран ажиллаад 7, 8 жил болж байгаа. Энэ байгууллага нь 2015 онд гүний худаг Стабу гэдэг компаниар гаргуулсан. Тэгсэн мөртлөө 2017 онд дахиад гаргуулсан. Нэхэмжлэгч хуучин гүний худгаа сэргээгээд дахиад доошоо өрөмдсөн гэж ярьж байна. Гүний худгийг өөр газар л өрөмдөж дахин худаг гаргахгүй бол нэмж өрөмдөнө гэсэн асуудал байдаггүй. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Талын сувд ХХК-ийн хариу тайлбарт: Манай компани Дорнод худалдаа ХК-ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Манайх 2015 оны 03 сарын 03-ны өдөр Дорнод НАА ОНӨААТҮГ-аас техникийн нөхцөл авч барилга байгууламжаа эхлүүлсэн. Энэ техникийн нөхцөлийг авахдаа цэвэр усны нэгдүгээр худгаас гаргасан төв шугамын дагуу цэвэр усны 2 дугаар худгаас 3 дугаар худгийн хооронд зөвшөөрөл авч барилгаа усаар хангах үйл ажиллагаа явуулсан. 2015 онд барилга маань эхэлсэн боловч санхүүжилтийн улмаас түр хугацаагаар зогссон. Ингэж зогсож байх хугацаандаа суурийг нь буюу нэгдүгээр давхрыг бүрэн хучиж дууссан байсан. Ингэж хучиж дууссаны дараа техникийн нөхцөлийн дагуу шугамаа татсан байсан, тэр жилдээ барилгадаа дулаан авсан. Дулаан аваад энэ шугамаар цэвэр ус явуулах боломжийг хангасан. Энэ шугамд анх техникийн нөхцөл авч байхад ус байгаагүй. Энийг бид В1 гэдэг худгаас усыг нь хоёр гэсэн худаг руу гүйлгээд хоёроосоо гурав руу өгсөн. Ийм схемийг өөрчилж оруулсан байгаа. Гол буруутгаад байгаа зүйл бол техникийн нөхцөл үндэслэлгүй, мөн хаалт тавьсан гэсэн асуудал яригдаж байна. Манай компанид тийм зүйл байгаагүй. Цэвэр усны 1-2 дугаар худгийн хооронд гэмтэл гарахад Нийтийн аж ахуйд дуудлага өгсний дагуу 2017 оны 8 сард усыг хаасан. 2018 оны 5 сард Нийтийн аж ахуй шугамаа засварлаад усаа тавьж эхлэхэд манай барилга руу ус орж эхэлсэн. Энэний талаар дахиж Нийтийн аж ахуй үйлчилгээнд хэлээд Нийтийн аж ахуй үйлчилгээний Отгонбаяр ахлагчтай хүмүүс ирж шалгахад манай барилгын зүүн талын цэвэр усны 3 дугаар худгаас Дорнод худалдаа ХК руу явсан шугам хөлдсөн байна. Тийм учраас танайх зүүн талдаа маш хурдан хаалт тавь гэж хэлсэн. Үүнээс болж танай хэрэглээ зогсож магадгүй гэж хаалт тавиулсан. Анхнаасаа хэрэглэгч байгууллага бол техникийн нөхцөлийг нь аваад усаа хуулийн дагуу хэрэглэж байсан бол ийм асуудал гарахгүй байсан. Энэ байгууллага нь техникийн нөхцөлгүй усаар хангагдаж байсан болохоор ийм нөхцөл байдал үүсээд байна. Харин ч манай байгууллага энэ шугам хоолойг шинэчлэн засварласан. Энэ цэвэр усны шугам сайжруулах хэвийн үйл ажиллагаанд оруулах тал дээр Дорнод худалдаа ХК-ийн идэвх санаачилга байгаагүй. Энэ нь нийтийн эзэмшлийн талбай дээр хамтраад ажиллая гэж олон удаа Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт очиж байсан. Тэгээд Нийтийн аж ахуйн ерөнхий инженертэй ярилцаад аймаг дээр 19.600.000 төгрөгийн төсөв хөрөнгийг аймгийн иргэдийн хурлаас ягаан бойлурын орчмын аж ахуй нэгжүүдэд дэмжлэг болгож өгсөн. Тэрийг нь Дорнод аймгийн Дор-Сүх гэдэг компани тендерээр аваад, Нийтийн аж ахуйгаар дамжуулан энэ шугам сүлжээг засварла гэж өгсөн байгаа. Энэ шугам сүлжээг засварлах тал дээр манай байгууллага их идэвхтэй оролцсон боловч манай компани явж, явж буруутан болж энэ нэхэмжлэлийн хариуцагч байгаа нь ойлгомжгүй байна. Дорнод Нийтийн аж ахуй байгууллагууд тус бүр 300.000 төгрөг гаргаад өгвөл шугам хоолойг засварлаад өгье гэж ерөнхий инженер нь бид нарт хандсан, манайх тэгье гэсэн. Дорнод худалдаа ХК нь үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Гэхдээ би Д.Шинэбаяр даргатай энэ асуудлаар одоо болтол нүүр тулж уулзаагүй, нягтлан нь манай захирал хүлээн зөвшөөрөхгүй байна гэж хэлсэн. Ажил хариуцсан хүмүүс нь хооронд нь худлаа яриад явсан. Уул нь 300.000, 300.000 төгрөг гаргаад шийдье гэсэн боловч төлбөрт үйл ажиллагаа хийхээс татгалзсан учраас энэ ажил тэр чигтээ зогссон. Талын сувд ХХК нь хашаа руугаа оруулаагүй гэсэн асуудал ярьсан. Тухайн үед Дорнод худалдаа ХК-иас ерөнхий нягтлан гээд нэг жирэмсэн охин 4 согтуу залуу дагуулж ирсэн. Тэгэхээр нь би хэлсэн. Нэгдүгээрт наад худаг чинь танай худаг биш. Хоёрдугаарт Нийтийн аж ахуйн үйлчилгээний шугам байж мэднэ. Манайд бүх банкыг тэжээдэг шилэн утас явдаг, онцгой байдлыг тэжээдэг 6000 кабел явдаг. 380 хос манай шугам явж байгаа. Үүний зайгаар орж та нар орж чадахгүй. Мэргэжлийн байгууллагаар нь засварлуулна гэж хэлээд тухайн хүмүүсийг ажиллуулаагүй. Дараа нь Нийтийн аж ахуй үйлчилгээний газар ирээд засварласан. Намайг барилгынхаа зоорийн давхарт цэвэр усны шугамын зүүн талдаа хаалт тавьж хаачхаад Дорнод худалдаа руу усыг нь өгөхгүй байгаа юм шиг яриад байгаа юм. Манай компани болон надад цэвэр усны шугамыг дураараа нээж хаах эрх байхгүй, намайг тэгж хаасан тухай нотлох баримт байхгүй. Тэгээд та хэд надад итгэхгүй байгаа бол тасалж аваад үзээ гэсэн. Тэгээд тасалж аваад үзсэн. Зүгээр хэвийн үйл ажиллагаатай байсан талаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 09 сарын 12 өдөр 46/123 тоот дүгнэлт нь байж байна. Ийм асуудал болсон. Дорнод худалдаа ХК-иас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг манай компаниас хүлээн зөвшөөрөх ямар ч үндэслэл байхгүй гэжээ.

 

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 138/ШШ2019/00427 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГазар, Талын сувд ХХК нарт холбогдох бусдын эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 25.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Дорнод худалдаа ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286.450 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 201/МА2019/00018 дугаар магадлалаар: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 30-ны өдрийн 138/ШШ2019/00427 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Дорнод худалдаа ХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дорнод худалдаа ХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод НАА ОНӨААТҮГ болон Талын сувд ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 25.700.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019.05.30-ны өдөр хянан хэлэлцээд 138/ШШ2019/00427 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Манай компани энэ шийдвэрийг эс зөвшөөрч Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан ба мөн хянан хэлэлцээд 2019.07.23-ны өдрийн 201/МА2019/00018 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Энэхүү шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Дорнод НАА ОНӨААТҮГ нь Талын сувд ХХК-д Хэрлэн сумын 6-р багийн Шүр худалдааны төвийн хойд талд 32 айлын орон сууц барихад цэвэр бохир усны холболт хийх техникийн нөхцөл зөвшөөрөл өгч үүний дагуу барилга барихдаа барилгын талбайн доогуур байх шугамыг өөрчилж барилгын суурь болон гараашийн зориулалттай кундам ухан цутгаж түүгээр явсан цэвэр усны труба хоолойг таслан өөрчилж барилгаа барьсан. Энэ барилгын доогуур таарсан шугам хоолойг барилгын кундамаа ухахын тулд Талын сувд компани таслаад чиглэлийг нь өөрчилж газрын гүнд байх хэмжээнээс нь өөрчилсөн гэдэг үйл явдал болсон. Шугам хоолой хөлдсөн гэх асуудалд нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь маргаагүй. Бид хэвийн ажиллаж байсан шугам хоолой барилга барих үйл явцад хөлдсөн учраас үүнийг Дорнод НАА, Талын сувд ХХК-тай холбож гомдол гаргасан. Гэтэл энэ үйл явдлыг шүүх үнэлж дүгнэхдээ шинжээчийн дүгнэлтийг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөд байна. Учир нь бид хэрэглээний усгүй байна, шугам хоолойд гэмтэл гарсан гээд холбогдох төрийн байгууллага тэр байтугай Аймгийн Засаг даргад хүртэл өргөдөл гомдол гарган хандсан. Үүний дагуу холбогдох газрууд шалгаж хянасан. Усгүй байна шугам хоолой гэмтсэн, хууль зөрчин техникийн нөхцөл олгосон гэдгийг тогтоогоод өгсөн баримтуудыг хэргийн материалд хавсаргаж өгсөн. Гэтэл энэ үйл явдал энэхүү нотлох баримтуудыг шүүх хэрхэн яаж үнэлж байгаа нь тодорхойгүй 2 шатны шүүхээр явлаа. Гэм хор учруулсан шалтгаант нөхцөл гэдэг талаас нь үзэхэд Дорнод НАА ОНӨААТҮГ-аас олгосон техникийн нөхцөл байгаагүй бол Талын сувд ХХК барилга барих уу, яг барилга барих газрын доогуур цэвэр усны шугам хоолой явж байгаа. Үүнийг хэрхэн яаж тасалж авч хаана нь яаж хаалт хийж, усыг нь хэрхэн шавхсан зэрэг үйлдэлд хяналт тавиагүй. Зөвшөөрөл өгөөд л үнэндээ тэд анхаараагүй. Техникийн зөвшөөрөлтэй гээд шугам хоолойг солих, өөрчлөхдөө ч Талын сувд компани мэргэжлийн байгууллагаар хяналт хийлгээгүй, улаан шугамгүй. Энэ талаар ямарч нотлох баримт хэрэгт хавсаргаагүй. Үүнийг бид хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Анхнаасаа хууль дүрэм журмаа баримтлан ажилласан бол бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулахгүй байсан. Үүнээс өмнө ямар нэгэн доголдолгүй байсан шугам хоолой барилгын ажлын ашиглалтад орох хүртэл хугацаанд 2 газарт 2 удаа хөлдөлтийн улмаас цооролт үүссэн гэсэн үйл явдал тодорхой байхад шүүх өөрийн дотоод итгэл үнэмшлээр дүгнэх чадваргүй байгаа нь ИХШХШТХ-ийн 40.1 заасан заалттай нийцэхгүй байна. Ер нь шинжээчийн дүгнэлт хоёрдмол утга агуулгатай зөрчилдсөн байхад шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ үүнийг нэг мөр ойлгогдохоор болгохын тулд дахин шинжээч томилох эрх ч байгаа. Бидний зүгээс хэргийг эцэслэн шийдэх үйл явц нотлох баримт шүүх бүрэн дүүрэн үнэлж чадаагүй, хэргийн бодит үйл явдлыг зөвхөн техникийн зөвшөөрөл олгогдсон нь бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан эсэх талаас нь үнэлж дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийг дагнан үндэслэл болгосон нь хэргийн байдлыг шүүх тогтоож чадаагүй гэж дүгнэж байх тул дахин хэлэлцүүлж өгөөч гэж удаа дараа хүссэн.

Шинжээчийн дүгнэлтийг ч зөвшөөрөхгүй байгаагаа шүүх хуралдаанд хэлсэн боловч шүүх анхаараагүй. Энэ нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт маань эргэлзээтэй утга агуулгаар хоёрдмол мөн маргаан бүхий үйл явдлыг тайлбарлаж буй шаардлагаас өрөөсгөлөөр ойлгож дүгнэж байхад шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийг баримтлан шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 116-р зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэнтэй нийцэхгүй байна. Шүүхээс маргаж буй үйл явцыг дүгнэхдээ бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн. Энэ алдааг давж заалдах шатны шүүхээс ч зөвтгөн тогтоож чадаагүй. Бидний маргаж буй үндэслэлийг дан ганц техникийн нөхцөлөөс болж гэж хариуцагч талд ашигтай байдлаар тайлбарлаж хуулийг хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн 00427 тоот шийдвэр, 00018 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Дорнод худалдаа ХК нь Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГазар, Талын сувд ХХК нарт холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 25,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрчээ.

 

Анхан шатны шүүх Дорнод худалдаа ХК-ийн хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

 

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь ...Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГ нь цэвэр усны шугам сүлжээтэй газарт барилга барих техникийн нөхцөлийг хууль бусаар Талын сувд ХХК-д олгосон, Талын сувд ХХК нь ... орон сууцны барилга барьж, нийтийн хэрэглээний цэвэр усны шугамыг ф100-гийн хаалт хийн нээж хааж байснаас манай компани болон бусад аж ахуйн нэгж, иргэдийн цэвэр усаар хангагддаг байсан шугаманд 2018 оны 11 сард хөлдөлт үүссэн. ...усаар хангагдахын тулд ... учирсан хохирлоо хувь тэнцүүлэн төлүүлнэ...гэж шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлажээ.

 

1. Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхийн тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шинжээч томилж, 2019 оны 4 сарын 16-ны өдрийн №01 тоот шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д нийцээгүй байна.

 

а/ 2019 оны 01 сарын 29-ний өдөр хариуцагчийн өмгөөлөгч Т.Энхболдын шинжээчийн дүгнэлт гаргуулах 5 асуулт бүхий хүсэлт, мөн Дорнод нийтийн аж ахуй ОНӨААТҮГ-ын захирал Г.Баярсайханы 4 асуулт бүхий хүсэлтийг тус тус шүүхэд гаргасан байх бөгөөд анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 30-ны өдрийн тогтоолоор хүсэлтийг хангаж, хариуцагчийн хүсэлтэд заасан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглал, үйлчилгээг зохицуулах зөвлөлийг шинжээчээр томилж, дүгнэлт гарсан байна. /I-xx-116,117,122-125,133-144/

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна, ... харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна, шинжээчээр томилогдсон этгээд нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн дуудсанаар ирж, тавьсан асуултын дагуу дүгнэлт гаргана гэсэн шаардлагыг хангасан баримт хэрэгт авагдаагүй, шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны шийдвэрлэхэд ач холбогдол бүхий асуултыг бүрэн гүйцэд тавиагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэхгүй.

б/ Шүүх хуульд заасан дээрх ажиллагааг хийгээгүй тул Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, 12 дугаар зүйлийн зохицуулалтад нийцэх эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

в/ Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтийн байлцсан оролцогчийн мэдээлэл гэсэн хэсэгт ...Дорнод худалдаа ХХК-ийн менежер Д.Дамдинсүрэн, харуул хамгаалалтын 2 ажилтан байлцсан гэсэн нь шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй буюу Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд шинжээчийн дүгнэлтэд ...18.1.7. шинжилгээний явцад байлцсан хэргийн оролцогчийн талаарх мэдээлэл байх ёстой гэж заасанд нийцээгүй, дээрх хүмүүсийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан оролцогч гэж үзэх баримтгүй байна. /I-xx-134/

2. Шүүх нэхэмжлэгч Дорнод худалдаа ХК-ийн хариуцагч нарт холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд нийт 25,700,000 төгрөг гаргуулах шаардлагын хохирол бүрт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлж чадаагүй гэж үзнэ.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан ажиллагаа хийгдсэн гэж үзэхгүй тул хяналтын шатны шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглэн, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

Шүүх хэргийг шийдэхдээ нотлох баримт, талуудын тайлбарыг үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 138/ШШ2019/00427 дугаар шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 201/МА2019/00018 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 286,450.00 /хоёр зуун наян зургаан мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

 

ШҮҮГЧ Д.ЦОЛМОН