Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                             Хэргийн индекс:166/2022/0076/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч К.К.М- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.М-ад холбогдох эрүүгийн 2218000000046 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1965 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух, урьд:

-УБТЗ-ын тусгай шүүхийн 1987 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2, 154 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, К.М-

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч К.К.М- нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний орой 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар баг Шивээтийн 01-** тоотод иргэн Д.Д.Б-ыг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, хуйханд шарх, зүүн нүдний ухархайн дотор хананд хугарал, нүүрэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч К.К.М- нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний орой 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар баг Шивээтийн 01-** тоотод хохтрогч Д.Д.Б-ыг “гуйлгачин, хар М-, казак, осмоны үлдэгдэл гэх мэтээр хэл амаар доромжилсон” гэдгээр шалтаглан зодож түүний эрүүл мэндэд “тархи доргилт, хуйханд шарх, зүүн нүдний ухархайн дотор хананд хугарал, нүүрэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч К.К.М- нь хохирогч Д.Д.Б-ыг “хэл амаар доромжилсон” хэмээн зодсон үйлдэл, хохирогчид учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

     1. Шүүгдэгч К.К.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн лхагва гараг байсан санагдаж байна. Би гэртээ хоол хийж идээд, орой нэг тамхи татмаар санагдаад  байхаар нь манайхаар орж гараад байдаг О- гэдэг залуугийн гэрт очиж тамхи гуйхаар явсан. Гэрт нь ороход Д.Д.Б- байж байсан, намайг ороход н.Баатар амнаас нь хөөс гарсан байдалтай байж байсан. Би ширээн дээр байсан дүнсэн тамхинаас ороож авахад Д.Д.Б- надад архи хийж өгсөн. Би архи уугаад сонины цаасаар дүнсэн тамхи ороож авахад хохирогч намайг гуйлгачин хар өвгөн, османы үлдэгдэл, хасагийн шээс минь зайл зайл гэж 2 удаа хэлсэн. Тэгэхэд нь би яаж байгаа юм бэ, чи намайг доромжилж болох ч миний аавыг доромжлохгүй шүү гэж хэлсэн. Монгол Улсын Үндсэн хуульд иргэнийг шашин шүтлэг, яс үндэс, арьс өнгөөр нь гадуурхаж үл болно гэдгийг би мэднэ. Намайг тэгж хэлэнгүүт зүрх салгалаад, өөрийн мэдэлгүй цохиод авсан. Би хараа муутай болохоор юм сайн хардаггүй, би хохирогчийг цохичхоод гэртээ нулимс дуслуулж гэртээ орж, хашаа, гэрийн хаалгаа түгжээд, нэг валидол, даралтын эм, долоогонын ханд уугаад, унтахаар хэвтсэн боловч чадахгүй байсан. Шөнө дунд хашааны хаалга дуугарч, гэрийн хаалганы түгжээ мулт татаж цагдаа нар орж ирээд хувцас өмсгөөд, гавлаад, цахилгаан бороохойгоор цохиулаад аваад явсан. Османы үлдэгдэл, казахын шээс гэж хэлэхэд нь зүрх салгалаад тийм хэрэг тарьсан байна лээ.” гэв.

     2. Хохирогч Д.Д.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би нэлээн согтуу, архи уугаад байж байсан. К.К.М- ахыгаа хэл амаар доромжилсон нь үнэн юм шиг байгаа юм. Ах уурлаад, намайг цохисон юм шиг байна лээ. Өглөө босоод ирэхэд нүд хавантай байсан. Би гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтээд гарсан, одоо гайгүй байгаа. Цус бол нэлээн алдсан гэж байна лээ, биеийн цусны 60 хувийг алдсан байсан гэж эмч хэлж байна лээ. Миний бие эмнэлэгт хэвтээд дусал хийлгээд гайгүй болсон. Ахдаа гомдол санал байхгүй. Ор хоногийн мөнгө гэж 238,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Шүүгдэгч өөрөө хохирол төлбөр төлнө гэж хэлсэн.” гэв.

3. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл...-иргэн О-с 990593** дугаарын гар утсаар “манай дүү Д.Б- нь бусдад зодуулсан байна” гэж гаргасан гомдол мэдээллийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны 23:50 цагт хүлээн авсан.  /хх 01/,

 

4. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт

“...өрөөний үүд хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйл шалан дээр байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Д.Д.Б- нь толгой руугаа цохиулсан гэх зуухны урд талд байх цагаан саарал өнгийн 25х20 хэмжээтэй аккумляторын гаднах гэрийг эд мөрийн баримтаар хураан авав. /хх 3-7/,

 

5. Гэрч Ц.О- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Д.Б- К.М- ахыг хөөгөөд байсан юм. Архи уугаад согтсондоо л хөөгөөд байсан гэж бодож байна. Тэгсэн чинь К.М- ах гэнэт уурлаад манай гэрийн зуухны дэргэд байсан аккумляторын арьс буюу гадна талын хуванцар саваар нь Д.Б-ын дагз хэсэг рүү нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх 22/,

 

6. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 113 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-Д.Д.Б-ын биед тархи доргилт, хуйханд шарх, зүүн нүдний ухархайн дотор хананд хугарал, нүүрэнд цус хуралт тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

-Д.Д.Б-ын биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх 27-28/,

 

7. Хохирогч  Д.Д.Б-ын хохирол төлбөрийн талаарх нотлох баримтууд /хх 12-13/,

 

Шүүгдэгч К.К.М-ын хувийн байдлыг тогтоосон оршин суух хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 46-52/, тээврийн хэрэгсэл эзэмшдэг талаарх тодорхойлолт /хх 54/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 56-57/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч К.К.М-ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч Д.Д.Б- согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдын яс үндэс, арьсны өнгө, нийгмийн байдал зэргээр гадуурхан зүй бус үг хэллэгээр доромжилсны улмаас гэмт хэрэг үйлдэгджээ.

 

Шүүгдэгч К.К.М-ыг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэгдээгүй тул эрх зүйн байдлыг хүндрүүлэх үндэслэлгүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч К.К.М- өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж ухамсарлаж хүсч үйлдсэн, зориуд хохирол хор уршигт хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, 1.2 гэмт хэргийн  улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн хохирогч Д.Д.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “хохирол төлбөрөө хүлээн авлаа” гэх мэдүүлэг, шүүгдэгч К.К.М-ын...” гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдалд нийцсэн гэж үзэв.

 

Шүүгдэгч К.К.М- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Д.Д.Б- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эм эмчилгээ болон бусад зардалд 480600 төгрөг нэхэмжилсэн ба хохирлыг шүүх хуралдааныг түр завсарлуулан төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг аккумляторын гэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч К.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч К.К.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялаас чөлөөлсүгэй.

 

   3.Шүүгдэгч К.К.М- нь хохирогч Д.Д.Б-т эмчилгээний зардал 480600 төгрөг төлж барагдуулсныг дурдсугай.

 

   4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

   5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг аккумляторын гэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

   6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.К.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч К.К.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ