Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/26

 

 *******ад холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2022/0076/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Г.Давааренчин, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Г.Уянга

Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч *******ад холбогдох 2218000000046 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргал илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******, ******* өдөр Дорноговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймаг, *******, *******, ******* тоотод оршин суух хаягтай, урьд:

-УБТЗ-ын тусгай шүүхийн 1987 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2, 154 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн *******ын *******, ******* тоотод иргэн зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, хуйханд шарх, зүүн нүдний ухархайн дотор хананд хугарал, нүүрэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан торгох ялаас чөлөөлж, хохирогч эмчилгээний зардал 480.600 төгрөг төлж барагдуулсныг дурдаж,  шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор бичсэн эсэргүүцэлдээ:

... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх/-ийн зохицуулалтаас үзэхэд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-1.5.д заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, хорих ялаас чөлөөлж, эсхүл хорих ялыг тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан байна. Өөрөөр хэлбэл хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрэглэх зохицуулалт гэж үзэхээр байх тул анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг торгох ялаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Нөгөөтээгүүр шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх ойлголтыг бүх төрлийн ялаас чөлөөлж болно гэсэн өргөн агуулгаар ойлгоно гэж үзсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэх нь хуульд нийцэх юм.

Шүүх хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, хорих ялыг тэнсэхдээ үндэслэлийг заавал тогтоолд дурдсан байх бөгөөд ийнхүү тусгаагүй нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлагыг зөрчсөнд тооцогдоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.д ...гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан...”, “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол...” гэж уг зүйл заалтыг хэрэглэх үндэслэлийг тодорхой заасан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг торгох ялаас чөлөөлж шийдвэрлэхдээ “...хохирогч Д.Батбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирол төлбөрөө хүлээн авсан гэх мэдүүлэг, шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбаруудыг харгалзан үзсэн..." гэж дүгнэсэн нь хуульд заасан ялаас чөлөөлөх шаардлагыг бүрэн хангасан, эсхүл хангасан эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй гэж үзэхээр байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Уянга дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх хуулийн зохицуулалтаас үзэхэд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.5 дахь хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, хорих ялаас чөлөөлж, эсхүл хорих ялыг тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан байна. Өөрөөр хэлбэл хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрэглэх зохицуулалт гэж үзэхээр байх тул анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг торгох ялаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Нөгөөтээгүүр шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх ойлголтыг бүх төрлийн ялаас чөлөөлж болно гэсэн өргөн агуулгаар ойлгоно гэж үзсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялаас чөлөөлөх ёстой. Шүүх хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, хорих ялыг тэнсэхдээ үндэслэлийг заавал тогтоолд дурдсан байх бөгөөд ийнхүү тусгаагүй нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлагыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч *******ад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас дүгнэхэд 2021 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 00 цагийн орчим Дархан-Уул аймгийн *******ын *******, ******* тоотод иргэн гэрт хохирогч Д.Батбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа шүүгдэгч ******* руу “гуйлгачин, хар Мөөгий, османы үлдэгдэл, хасагийн шээс минь зайл” гэж хэлснээс болж ******* нь “хэл амаар доромжиллоо” гэдгээр шалтаглан хохирогчийн толгой руу аккумляторын арьс буюу гадна талын хуванцар саваар цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, хуйханд шарх, зүүн нүдний ухархайн дотор хананд хугарал, нүүрэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан торгох ялаас чөлөөлж, хохирогч эмчилгээний зардал 480.600 төгрөг төлж барагдуулсныг дурдаж, шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн  хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) шинжтэй хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг. 

Харин шүүхээс оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, бусад ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүх эрх мэдлийн асуудал билээ.

Анхан шатны шүүхээс болсон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүгдэгчийн үйлдлийг зөв зүйлчилсэн хэдий ч шүүгдэгч *******ад дээрх зохицуулалтыг хэрэглэх болсон үндэслэлээ хангалттай тайлбарлаагүй, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаас тодорхой хэмжээний төгрөгөөр торгох ял сонгож оногдуулсныхаа дараа оногдуулахаар тогтоосон хэмжээний торгох ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэх байтал хэчнээн төгрөгийн торгох ялаас чөлөөлсөн нь тодорхойгүйгээр шууд торгох ялаас чөлөөлсөн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2., 39.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах шаардлагатай гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.

3.Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.МАНЛАЙБААТАР

                                                   ШҮҮГЧИД                              Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                            Ц.АМАРЖАРГАЛ