Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0200/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхбат,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б,

Шүүгдэгч Н.Алтаншагайгийн өмгөөлөгч П.Б,

Шүүгдэгч Б.Батмагнайгийн өмгөөлөгч Б.Ч,

Шүүгдэгч Н.А, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т овогт Н-н А, Б овогт Б-н Б нарт холбогдох эрүүгийн 2118000280188 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т овогт Н-н А /РД: ........./, 19.... оны ... дугаар сарын ....-ны өдөр Баянхонгор аймгийн ..... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр хүүхдийн хамт ..... аймгийн ..... сумын ......-р гудамж ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Монгол Улсын иргэн, Б овогт Б-ын Б /РД: ....../, 19.... оны .... дугаар сарын ....-ны өдөр .... аймгийн ..... суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр хүүхдийн хамт .....хот ..... дүүрэг .... дугаар хороо ..... тоотод оршин суух, урьд

Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 325 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  

Сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1329 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон, хэрэг хариуцах чадвартай.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.А нь 2020 оны 12 дугаар сарын эхээр ..... аймгийн ..... сумын .... гэх газраас 32 ширхэг буюу 49.486 метр куб нарс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж 8,313,648 төгрөгийн хохирол учруулсан,  

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ....аймгийн ....р сумын нутгаас Дархан-Уул аймгийн ..... сумын ..... гэх газар хүртэл 540 ширхэг 15*15 хэмжээтэй зүсмэл нарсан палкийг ..... УАВ улсын дугаартай .....маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ..... төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Н.А-н өгсөн: Гэм буруугаа зөвшөөрч байгаа гэх мэдүүлэг,  

Шүүгдэгч Б.Б-н өгсөн: Гэм буруугаа зөвшөөрч байгаа гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-н өгсөн: ..... аймгийн .... сумын нутаг дэвсгэр ..... гэх газраас А нь хууль бусаар мод бэлтгэсэн. Иймд гэм буруутай этгээдээс байгаль экологид учирсан хохирол ...... төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,      

 

Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан

2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “...уг тээврийн хэрэгсэл нь ..... маркийн цагаан өнгийн .... УАВ улсын дугаартай, ачааны баруун талд ..... гэсэн бичигтэй, ..... ... гэсэн ачааны улсын дугаартай байв. Арын ачаа хэсгийн онгойлгон үзэхэд өндөр нь 183 см, өргөн 245 см хэмжээтэй зах банз, мод өрж ачсан байв...” гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19-21/

2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “....... аймгийн .... сум гэх газарт Н.А....аар өөрөөр нь заалган үзлэг хийв... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 22-25/

2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “...Мод бэлтгэсэн гэх газарт ирэхэд уг газар нь нарс мод ихээр ургасан, урд зүгт харсан уулын ам газар байв. Оролцогч Н.А-н хөрөөдсөн гэх модны нийт 32 ширхэг хожуулыг өөрөөр нь заалгаж хэмжилт хийв... гэх хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 26-31/

2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн "...44.46 м.куб, 540 ширхэг /15*15 см зүсмэл дүнз/ нарс модон материалыг эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол, гэрэл зураг /1-р хх-ийн 32-33/

Шүүгдэгч Б.Б-н мод тээвэрлэж явсан гэх ...... УАВ улсын дугаартай .....маркийн тээврийн хэрэгсэл, .... ТЧ улсын дугаартай хагас чиргүүл зэргийг Д.Б-т хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 35/ 

Гэрч Д.Г-н өгсөн: 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр А над руу “манай хашаанаас 500 ширхэг палк мод ачих хөлсний машин олоод өгөөч” гэхээр нь Б ахтай ярихад яваад өгье гэсэн. Маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б ах ..... УАВ улсын дугаартай ..... маркийн машинтай ..... суманд ирсэн. Тэгээд тэр оройдоо А-н хашаанаас 500 ширхэг палк мод ачсан. Би ах Д-н .... СЭН улсын дугаартай ..... маркийн машинд 380 ширхэг палк мод, 240 ширхэг боодол өвс ачиж дуусаад 2020 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 2-3 цагийн үед ..... аймгийн .....сумаас хөдлөөд Дархан-Уул аймгийн .... сумын цаана байдаг хяналтын постоор би түрүүлж очоод гарсан. Б ах над руу залгаад “чамайг зогсоосон уу?” гэхээр нь би “зогсоогоогүй” гэж хэлээд цааш явж байтал Б ах залгаад “цагдаа зогсоогоод баригдчихлаа” гэж хэлсэн. Б нь А-с мод авсан. Би холбож өгсөн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43/,

Гэрч Д.Б-н өгсөн: ...2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б залгаад “.....аймгийн ..... сумаас 500 ширхэг палк ачих уу? Хэдээр ачих вэ?” гэхээр нь “2.000.000 төгрөгөөр ачна” гээд Б-с ..... төгрөгийн урьдчилгаа аваад ..... аймгийн ..... суманд очсон. Ачаагаа ачиж дуусаад гарахдаа Б-с “гарал үүслийн гэрчилгээтэй юу?” гэж асуухад “би сая авчихлаа” гээд надад нэг гарал үүслийн гэрчилгээ үзүүлэхээр нь би шалгалгүй машины урд хайрцагтаа хийсэн. Хустайн даваа өгсөж явахад цагдаа ирээд зогсоохоор нь би машины бичиг баримт болон нөгөө гарал үүслийн гэрчилгээгээ аваад буух гэхэд Б “наадах чинь болохгүй ээ. Өөр гарал үүслийн гэрчилгээ байгаа юм” гэсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51/,

Гэрч З.С-н өгсөн: Би А-н хөрөө рам дээр хөлсөөр ажилладаг. 2020 оны 12 дугаар сарын эхээр А “..... аймгийн ......сумын ..... гэх газраас мод бэлтгэхээр гарал үүслийн гэрчилгээг нь авчихсан. Чи хамт очоод хэдэн мод хөрөөдөөд ачихад бэлдээд өг” гэхээр нь А бид хоёр ууланд хамт очоод 30 орчим мод хөрөөдөж унагаад 4 метрийн урттай тайрч бэлтгээд ирсэн. Тэгээд би Улаанбаатар луу гэр лүүгээ яваад 5 хоногийн өмнө ажилдаа ирэхэд миний бэлтгэж өгсөн модыг Улаанбаатар хот руу зарах гэж байгаад Дарханы цагдаад баригдаад одоо хүртэл журмын хашаанд байгаа гэж А ярьж байсан. А уулнаас мод бэлтгэх бичиг баримт нь байгаа гэж надад хэлсэн. Би хөлсөөр хөдөлмөр хийж амьдардаг болохоор ажил гарвал үнэ хөлсөө тохиролцоод хийдэг юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53/,

Гэрч Ч.Б-н өгсөн: ...А 2020 оны 12 дугаар сарын эхээр “..... аймгийн .... сумын .... гэх газарт мод бэлтгэсэн байгааг ачаад өгчих” гэхээр нь А хамт очиж цэнхэр өнгийн портер машинаар 3 удаа зөөж А-н хашаанд буулгасан. Тэгээд уг модыг хөрөөдөж палк гаргаад өг гэхээр нь хөлсөө тохироод зүсвэр хийж бэлтгэхэд бараг 500 орчим палк гарсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55/,

Гэрч Т.М-н өгсөн: ...Н.А нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ..... УАВ улсын дугаартай ..... маркийн тээврийн хэрэгсэлтэй иргэн Б-д тус бүр нь 4 метр урттай 15х15 сантиметр хэмжээтэй 500 ширхэг нарс модыг Улаанбаатар хот руу ямар зорилгоор ачуулсан талаар би мэдэхгүй. А нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ойгоос 35 метр.куб хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг авсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57/,

Гэрч С.О-н өгсөн: ...2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө Мужаанчдын холбоотой байгуулсан гэрээний дагуу 165 метр.куб мод бэлтгэж өгсөн нь үнэн. 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд үлдсэн 35 метр.куб модыг нь бэлдэж өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61/,

Гэрч Б.О-н өгсөн: ...2020 оны сүүлээр манай сумын иргэн А орж ирээд “би .... сумын мужаанчдын холбооны тэргүүн юм. Уламжлалт бүтээгдэхүүний бэлдцийг Улаанбаатарт очиж хатаах гэж байгаа юм” гэж надад хэлсэн. Ингээд би тодорхойлолт бичиж өгсөн юм. Тодорхойлолтоо бичиж өгөхдөө тээвэрлэх мод модон материалыг шалгаагүй. Н.А-г мужаанчдын холбооны тэргүүн гэдгийг нь мэддэг тул үнэхээр л хатаах гэж байгаа юм байх гээд тодорхойлолтоо бичиж өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63/

“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “.... маркийн ..... УАВ улсын дугаартай хуучин чирэгч машин, .... ТЧ улсын дугаартай 25 тонны даацтай амбаартай хуучин чиргүүлийн зах зээлийн үнэ нь .... төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 83-84/,

Шүүгдэгч Н.А-д 30 метр.куб нарс, 15 метр.куб түлээний нарс мод бэлтгэх зөвшөөрөл олгосон ..... аймгийн .... сумын ..... дүгээр багийн иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай тогтоол /1-р хх-ийн 89-91/,

Шүүгдэгч Н.А нь 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 30 метр.куб нарс, 15 метр.куб түлээний мод, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 35 метр.куб нарс, 15 метр.куб түлээний мод бэлтгэсэн гэх 2020 оны мод бэлтгэх эрхийн бичгийн зарцуулалтын тайлан, эрхийн бичиг /1-р хх-ийн 98-101/,

Шүүгдэгч Н.А-н хууль бусаар бэлтгэсэн модны байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр ..... төгрөг гэх Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 10-04-039/22 дугаартай акт /1-р хх-ийн 197/

Шүүгдэгч Н.А-н яллагдагчаар өгсөн: "...2020 оны 12 дугаар сарын 21-ний шөнө би өөрийн хашаанаас 540 ширхэг палкийг Г гэдэг залууд өгсөн. Тухайн үед би Г-д өртэй байсан тул өрөндөө өгсөн. Г надаас авсан 540 ширхэг палкийг гарал үүсэлгүй мод гэдгийг мэдэж байсан. Би зөвшөөрөлгүй ойгоос мод бэлтгэх нь хууль бус гэдгийг мэднэ. Тухайн үед манай эхнэр хагалгаанд орох гээд мөнгө хэрэгтэй байсан юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 149-150/

Шүүгдэгч Б.Б-н яллагдагчаар өсөн: "Би 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Г-н аав болох Д над руу залгаад .... суманд А. Г хоёрт палк байна авах уу гэхээр нь зөвшөөрөөд нэг ширхэгийг нь 30,000 төгрөгөөр бодож 540 ширхэг палк авахаар болсон юм. Тэгээд би Улаанбаатар хотоос Б гэх тээвэрт хөлсөөр явдаг залуутай ..... төгрөгөөр тохирч 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатараас гараад ..... аймгийн .... суманд очсон. А-н хашаанаас 540 ширхэг палк ачаад тэр шөнөдөө Улаанбаатар хот руу явж байх замдаа буюу Дархан-Уул аймгийн ..... сумын .... .... гэх газарт цагдаад баригдсан. Тухайн үед зохих зөвшөөрөлгүй явж байсан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 157/

Дархан-Уул аймгийн Сум дундын ойн ангийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №10 дугаартай Н.А-н бэлтгэсэн гэх мод нь амьдрах чадвартай /нойтон/ нарс мод байна. Н.А-н бэлтгэсэн гэх мод нь нийт 32 ширхэг, 49.486 метр куб байна. Экологи эдийн засгийн үнэлгээ нь ..... төгрөг байна гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 60/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.А нь 2020 оны 12 дугаар сарын эхээр .... аймгийн ....сумын .... гэх газраас 32 ширхэг буюу 49.486 метр куб модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж ..... төгрөгийн хохирол учруулсан. Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр .... аймгийн ..... сумын нутгаас Дархан-Уул аймгийн .... сумын ..... .....гэх газар хүртэл 540 ширхэг 15х15 хэмжээтэй зүсмэл нарсан палкийг .... УАВ улсын дугаартай ..... маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх нөхцөл байдлууд хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Иймээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.

Шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нар гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.А нь 2020 оны 12 дугаар сарын эхээр .....аймгийн ..... сумын ..... гэх газраас 32 ширхэг буюу 49.486 метр куб нарс модыг эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, уг бэлтгэсэн модоо зүсэж 540 ширхэг палк болгосон, шүүгдэгч Б.Б нь Н.А нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэдгийг мэдсээр байж уг 540 ширхэг палкийг худалдан борлуулах зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Д.Б-н өмчлөлийн ..... ТЧ улсын дугаартай 25 тонны даацтай амбаартай чиргүүл бүхий .... УАВ улсын дугаартай Volvo маркийн тээврийн хэрэгслээр .....аймгийн ..... сумын нутгаас Дархан-Уул аймгийн .... сумын нутаг .... гэх газар хүртэл тээвэрлэж яваад цагдаагийн байгууллагын албан хаагч нарт саатуулагдсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан үйлдлийг гэмт хэрэгт тооцно.

Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д .”энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 34.4-т “ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно” гэж тус тус заасан байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Н.А-н ойгоос мод бэлтгэж байгаа үйлдэл, шүүгдэгч Б.Б-н зүсмэл материал /палк/ тээвэрлэж байгаа үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө эд хөрөнгөтэй болох зорилгоор, шунахайн сэдэлтээр, Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан мод бэлтгэх, мод модон материал тээвэрлэх журмыг санаатайгаар зөрчиж, Үндсэн хуулиар хамгаалагдсан төрийн нийтийн өмчид дур мэдэн халдаж хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгч Н.А, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

  1. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Гэм буруутайд этгээдээс ..... төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Улсын яллагчаас: Шүүгдэгч Н.А нь байгаль экологид нийт ...... төгрөгийн хохирол учруулсан. Иймээс Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар дээрх хохирлыг 3 дахин нэмэгдүүлж  ..... төгрөгийг шүүгдэгч Н.А-с гаргуулах саналтай байна гэв.

Шүүгдэгч Н.А-н өмгөөлөгч П.Б: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сүүлд гарсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн .... төгрөг нэхэмжилж байна. Улсын яллагчаас Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь байгаль орчны хяналтын улсын байцаагч хохирлыг 3 дахин нэмэгдүүлж нөхөн төлбөрийн акт тавих эрхтэй. Гэтэл шинжээчийн дүгнэлт гаргасан Булган гэх хүн нь улсын байцаагчийн эрхгүй этгээд юм. Мөн Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэснийг гэмт хэрэгт тооцохоор, Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т иргэн ойн санд хохирол учруулсан бол шууд хохирлыг нөхөн төлнө гэж зохицуулж өгсөн байдаг. Гэтэл Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар хохирлыг 3 дахин нэмэгдүүлж төлүүлэхээр заасан байдаг. Ойн тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн эдгээр заалтууд хоорондоо зөрчилдөж байх тул Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан зарчмаар тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хууль болох Ойн тухай хуулийг хэрэглэх нь зүйтэй. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн шүүгдэгчид ашигтай хуулийг хэрэглэх нь зүйтэй. Иймд Ойн тухай хуулийг баримталж хохиролд ..... төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна гэв.

Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Б.Ч: Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Б-тай санал нэг байна гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд нь дээрх хохирол, хор уршгийг хариуцан арилгах үүрэгтэй.

Шүүгдэгч Н.А, Б.Б нарын үйлдэл нь байгаль орчинд учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байх тул хохирлыг шүүгдэгч нараас ижил тэнцүү хэмжээгээр гаргуулан төлүүлэх нь зүйтэй байна.

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Иргэн ... хууль бусаар мод бэлтгэсэнээс ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө” гэж зааснаас гадна 42.2-т “Энэ хуулийн 42.1-д заасан шууд хохирол болон ойг нөхөн сэргээхэд шаардагдах зардлын нөхөн төлбөрийг байгаль орчны хяналтын улсын байцаагч ногдуулж, төлөлтөд хяналт тавина” гэсэн нь ойн санд хохирол учруулсан этгээд шууд хохирлоос гадна ойг нөхөн сэргээхэд шаардагдах зардлыг төлөх үүрэгтэй болохыг заасан хуулийн зохицуулалт бөгөөд харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөх журам нь байгаль орчинд учирсан шууд хохирол болон түүнийг нөхөн сэргээхэд шаардагдах зардлыг хэрхэн тооцох аргачлалыг заасан хуулийн зохицуулалт юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан гэм буруугүйд тооцох зарчим буюу сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх зарчим нь зөвхөн Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарсан тухай ойлголт юм.

Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч П.Б нь зөвхөн Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан ...шууд хохирлыг нөхөн төлнө... гэх ганцхан заалтыг үндэслэл болгон Ойн тухай хууль нь Байгаль орчныг хамгаалах тухай хуультай зөрчилдөж байна, эдгээр хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй байна.

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулсан акт хэрэгт авагдаагүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд буюу Дархан-Уул аймгийн Сум дундын ойн ангийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол ...... төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.А, Б.Б нар нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа завсарлага авч тус бүр 8,127,800 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд төлсөн болох нь Төрийн банкны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч нар нь хохиролд төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Н.А, Б.Б нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба шүүгдэгч Н.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 160 дахь тал/, шүүгдэгч Б.Б нь 2001 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 325 дугаартай  таслан шийдвэрлэх тогтоол, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 99 дугаартай Сум дундын 20 дугаар шүүхийн шийтгэх тогтоол, 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1329 дугаартай шийтгэх тогтоол  /1 дэх хавтаст хэргийн 179-190, 1 дэх хавтаст хэргийн 235-237 дахь тал/ -аар ял эдэлж байсан нь тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт оногдуулах ял эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарыг тус бүр 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Н.А, Б.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь тэдний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарын нь орлого олох боломж, хувийн байдлыг харгалзан оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар, гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулахаар заажээ.

Шүүгдэгч Б.Б-н нь гэмт хэрэг үйлдэхдээ Д.Б-н өмчлөлийн ..... төгрөгийн үнэ бүхий 2008 оны Швед улсад үйлдвэрлэсэн ..... маркийн .... УАВ улсын дугаартай чирэгч автомашин, ..... төгрөгийн үнэ бүхий 2006 онд Швед улсад үйлдвэрлэгдсэн .... ТЧ улсын дугаартай 25.0 тн-ын даацтай амбаартай чиргүүл зэргийг ашигласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б-с .... УАВ улсын дугаартай чирэгч автомашин, ..... ТЧ улсын дугаартай 25.0 тн-ын даацтай амбаартай чиргүүлийн үнэ болох ...... төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 44,46 м.куб буюу 540 ширхэг /15*15 см зүсмэл дүнз/ мод нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл байх тул хураан авч улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч нарыг торгох ялаар шийтгэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Н-н А, Б овогт Б-н Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, Б.Б нарыг тус бүр ..... нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу ..... /...../ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.А, Б.Б нарт оногдуулсан ..... / ...... / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 100.000 /зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с ...... /....../ төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 44.46 метр куб 540 ширхэг зүсмэл дүнз модыг улсын орлого болгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А, Б.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.А, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР