| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2022/0092/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/113 |
| Огноо | 2022-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2022/0092/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагч Б.Батсүх,
Шүүгдэгч А.Т- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Захчин овогт Аюушийн А.Т-т холбогдох эрүүгийн 2218000000077 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1964 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, А.Т-
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.А.Т- нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрүүл мэндийн төв”-ийн 4 давхарт Л.Л.У-ын толгой тус газар нь барьж явсан эд зүйлээрээ цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч А.А.Т- нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрүүл мэндийн төв”-ийн 4 давхарт Л.Л.У-тай маргалдан түүний толгой хэсэгт барьж явсан тортой эд зүйлээрээ цохиж эрүүл мэндэд “тархи доргилт, нүүр болон цээжний өмнө хэсэгт цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч А.А.Т- нь хохирогч Л.Л.У-ыг “нөхөртэйгөө хардлаа” гэдгээр шалтаглан барьж явсан тортой эд зүйлээрээ толгой хэсэгт нь цохисон үйлдэл, хохирогчид учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.А.Т- хохирогч Л.Л.У-ыг цохиж зодоогүй, гар хүрээгүй гэж мэдүүлдэг боловч шүүгдэгчийн мэдүүлэг нь хохирогч Л.Л.У-, гэрч Б.Алдармаа, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 157 дугаар дүгнэлт, гэрч А.Нямцэцэг нарын мэдүүлгээр няцаагдаж байна.
Хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Шүүгдэгч А.А.Т- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2022.01.17-ны өдөр 3 дугаар тун хийлгэхээр эмнэлэг дээр очсон юм. Коридорт Л.У- над руу дайрч давшилсан, холуур тойроод, тарианы өрөө рүү ороод тариа хийж байгаа юу гэж асуугаад ортол, араас орж ирээд намайг цохисон. Толгой руу цохих гэсэн боловч оноогүй, би ухраагүй, эхэлж цохиж авсан. Би хойшоо ухарсаар байгаад, дөхөж ирээд, хоёр гар нь нүүрэн дээр эргэлдээд байсан. Сувилагчийн компьютертой ширээнд тулж очсон. Хувцсаа тайлах гээд зогсож байсан боловч амжаагүй, зодолдоод яах вэ гэж ухарсаар байгаад, ширээнд тулсан. Би Л.У-ад хүрээгүй, хүнийг зодож мэдэхгүй, тийм бодол байхгүй. Л.У- нь 7 сард миний гарыг хойш нь дарж, маажиж, гараад ир гээд сахиад байсан. Тухайн үед би цагдаад мэдэгдсэн. Тарианы өрөөнөөс сувилагч гарна уу гэж хэлсэн. Хүргэн болох залуу нь орж ирээд аваад гарсан. Анх орохдоо би хос улавч орсон байснаа хогийн хар уутанд хийсэн байсныг авч орсон. Торонд хамрын дусаалга байсныг хийсэн байсан байж болно. Намайг цохих гээд гар нь эргэлдээд байсан. Гар ямар дээр гарч ирдэг юм бэ? урд нь нүүрийг чинь маажна, нүдийг чинь ухна гэж хэлж байсан. Би гарыг шилбүүрдэхээр гартаа барьж байсан зүйлээрээ шилбүүрдсэн.” гэв.
2. Хохирогч Л.Л.У- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2022.01.17-ны өдөр хүүхдээ үзүүлэх гээд нэгдсэн эмнэлэг дээр явж байсан. Хүүхдээ үзүүлээд гараад явж байтал энэ авгай явж байсан. Манай нөхрийг яагаад гэр орондоо орогнуулаад байгаа юм бэ? гэхэд эрээн даавуун тортой зүйлээр 2 удаа цохисон. Толгой өвдөөд байгаа, байнга эм ууж байгаа. Яагаад хүнийг ингэж цохисон бэ гэдгийг мэдэхгүй байна. 2 удаа цохихоор нь эмнэлэг дотор тарианы өрөөнд байхаар нь очиж цохих гэхэд эмч нар боль, битгий гэж хэлэхээр нь дуугүй гарч яваад цагдаад өгсөн. Цагдаа эмнэлгийн бичиг аваад ир гэхээр нь би эмнэлэг орж бичиг аваад ирсэн.” гэв
3. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл...-А.Т- гэх эмэгтэй 2022.01.17-ны 16:00 цаг өнгөрч байхад сумын Эрүүл мэндийн төв дээр намайг цүнхээр толгой руу 2 удаа цохиж гэмтээлээ гэх мэдээллийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 18:34 цагт хүлээн авав. /хх 05/,
4. Гэрч Б.А- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.Т- гэх эмэгтэй гарах гээд үүдэнд очтол урдаас нь Л.У- гэх эмэгтэй ууртай ширүүн орж ирээд хоорондоо шууд барилцаад авсан. Тэгэхээр нь би хажуугаар нь гүйж гараад гаднаас хүмүүс дуудаж оруулж ирээд салгуулах санаатай байсан боловч коридорт байсан хүмүүсээс нэг ч хүн манай өрөөнд орж ирээгүй. Гэтэл харин өрхийн сувилагч Нямцэцэг орж ирээд дундуур нь орж хоёр тийш нь салгасан. Энэ үед Л.У- гэх эмэгтэй нь манай өрөөнөөс гарч А.Т- нь сууж үлдээд вакцинаа хийлгээд гарсан. Дараа нь би коридорт явж байхад Л.У- гэх эмэгтэй сандал дээр сууж байсан ба дух нь хавдсан байдалтай байхаар нь сая хэрүүл хийж барилцаж, зууралдаж байхдаа толгойгоо гэмтээсэн байна даа гэж харж байсан юм. Би бодохдоо гаднаас нь харахад торондоо дэвтэр шиг зүйл хийчихсэн барьж байсан болохоор өвчний карт байж магадгүй гэж харсан. Тэр тортой зүйлээрээ цохих гээл саваад байсан санагдаж байна” гэх мэдүүлэг /хх 15/,
5. Гэрч Б.Д- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг вакцины өрөөнд байхад гаднаас эхлээд А.Т- гэж хүн орж ирээд сууж байхад араас нь Л.У- гэх эмэгтэй ууртай, ширүүн орж ирээд хэрүүл маргаан хийж хоорондоо барилцаад авсан.” гэх мэдүүлэг /хх 19/,
6. Гэрч А.Н- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шарын гол сумын Эрүүл мэндийн төвийн 1 дүгээр өрхийн өрөөнд сууж байтал үүдэнд буюу коридорт хүмүүс чанга дугараад байхаар нь би өрөөнөөсөө гараад харсан чинь хоорондоо хэрүүл маргаан хийж байгаа хүмүүс коридорт байхгүй, харин өөдөөс харсан вакцины өрөөнд танихгүй хоёр эмэгтэй хэрүүл хийгээд зогсож байсан ба Л.У- гэх эмэгтэйн духны орчим хавдсан байсан. Тэгэхээр нь би дундуур нь орж тэд нарыг салгасан ба Л.У- гэх эмэгтэй нь чи намайг эхэлж цохисон гэсэн утгатай юм яриад байсан.” гэх мэдүүлэг /хх 20/,
7. Шинжээч эмч Д.Т- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.Л.У-ын биед үүссэн хөнгөн зэргийн гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2022.01.17-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байсан.” гэх мэдүүлэг /хх 23/,
8. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 157 дугаартай шинжээчийн дүгнэлт:
-Л.Л.У-ын биед тархи доргилт, нүүр болон цээжний өмнө хэсэгт цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Л.Л.У-ын биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Л.Л.У-ын биед үүссэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх 31-32/,
Шүүгдэгч А.А.Т-ийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 49-54/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч А.А.Т-ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, 1.4-д заасан гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус харилцаа нөлөөлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч А.А.Т-ийн “хэн хэнийх нь буруутай үйл ажиллагаа байгаа. Би 50 хувь буруутай” гэх тайлбар, хохирогч Л.Л.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “гомдолтой байна” гэх тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Шүүгдэгч А.А.Т- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Л.Л.У- нь Дархан сум-Шарын гол сум хооронд зорчсон замын зардал, компьютер томографи зураг авхуулсны төлбөр нийт 182000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгчээс 182000 /нэг зуун наян хоёр мянга/ төгрөг гаргуулан хохирогч Л.У- -д олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.Т-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.Т- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгчээс 182000 /нэг зуун наян хоёр мянга/ төгрөг гаргуулан хохирогч Л.У- -д олгосугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.А.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ