Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/00057

 

 

2021 01 21 001/ХТ2021/00057

 

 

 

 

Л.Цэрэндоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/01204 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1375 дугаар магадлалтай,

 

Л.Цэрэндоржийн нэхэмжлэлтэй,

Т.Энхцэцэгт холбогдох

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангуа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Би Чингис трейд ХХК-тай байгуулсан ажлын байрны түрээсийн гэрээний дагуу Хар хорин худалдааны төвд байрлалтай барилгын материалын хэсгийн 25-р лангууг эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа. Би амарч байх хугацаандаа Т.Энхцэцэгийг өөрийн түрээслэдэг лангуун дээр түр хугацаагаар сууж ажиллах талаар тохирч суулгасан ба ажилдаа орох болтол миний түрээсээр ажилладаг лангууг эзэмшиж, чөлөөлж өгөхгүй, хэл амаар доромжилж, миний ажиллах нөхцөлийг хаагдуулж намайг хохироосны улмаас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан лангууг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн. Миний бие Т.Энхцэцэгийн хууль бус эзэмшлийн хугацаанд Чингис трейд ХХК-тай байгуулсан ажлын байрны түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж нийт 2.000.000 төгрөгийг төлсөн ба Т.Энхцэцэг нь энэ хугацаанд түрээсийн төлбөр төлөлгүйгээр хууль бусаар үйл ажиллагаа явуулан орлого олж байсан. Иймд 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 07 дугаар сарыг хүртэл хугацаанд, Баянгол дүүргийн 20-р хороо, 1-р хороолол, Хар хорин худалдааны төвд байрлах барилгын материалын 25-р лангууг хууль ёсны эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах явцдаа нэхэмжлэгчид хохирол учруулсан гэж үзэж, түүний өмнөөс төлсөн түрээсийн төлбөр 2.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.   

 

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Т.Энхцэцэг нь Чингис трейд ХХК-тай 2013 онд гэрээ байгуулж, 2013 оны 11 сараас хойш 25 дугаартай лангууг эзэмшиж үйл ажиллагаа явуулж байсан. Гэвч 2017 оны 09 сард Хар хорин захын байцаагч Л.Цэрэндоржтой уг лангууг түрээслэх гэрээ хийсэн байсан. Энэ талаар Т.Энхцэцэгт огт мэдэгдээгүй. Энэ хугацаанд Т.Энхцэцэг уг асуудлыг мэдээгүй 2018 оны 1 сарыг хүртэл түрээсийн төлбөрөө төлж байсан. Тухайн үед Хар хорин захын зүгээс өөрсдийн буруутай үйлдлээ ухамсарлаж Т.Энхцэцэгт дахин өөр лангууг гаргаж өгсөн. Үүний дагуу Т.Энхцэцэг нь эвлэрлийн гэрээ байгуулж, шүүгчийн захирамжийг биелүүлж лангууг чөлөөлж өгсөн. 2.000.000 төгрөгийг Т.Энхцэцэгээс шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Уг 2.000.000 төгрөгийг Хар хорин захын удирдлагаас шаардах ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/01204 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Лхагвасүрэнгийн Цэрэндоржийн гаргасан хариуцагч Тувааны Энхцэцэгт холбогдох 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Цэрэндоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1375 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/01204 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Энхцэцэгээс 2.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Цэрэндоржид олгосугай гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Цэрэндоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Т.Энхцэцэгээс 46.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Цэрэндоржид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Тамирын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 сарын 24-ний өдрийн 1375 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Л.Цэрэндорж нь шүүхэд Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 2.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.07-ны өдрийн 1204 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.07.24-ний өдрийн 1375 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн үндэслэлдээ Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн маргаан бүхий 25 дугаар лангууг ашиглаж байх үеийн төлбөрийг түүний өмнөөс барааны захын өмчлөгчид төлсөн байх тул нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт төлсөн 2.000.000 төгрөгөө Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасны дагуу шаардах эрхтэй байна гэжээ. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д зааснаар хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Тодруулбал, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн өр төлбөрийг сайн дураараа өөрөө мэдэж, андуурч төлснөөр хариуцагч нь хүлээсэн үүргээсээ чөлөөлөгдсөн бол нэхэмжлэгч нь зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна. Миний бие 2013 оноос эхлэн Чингис трейд ХХК-тай лангуу түрээслэх гэрээ байгуулан маргаан бүхий 25 дугаар лангууг эзэмшиж байсан бөгөөд Чингис трейд" ХХК нь миний түрээсэлж байсан лангууг Л.Цэрэндоржид давхар түрээсэлж байсныг огт мэдээгүй, гэтэл Л.Цэрэндорж нь намайг лангуунаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан байсан. Тухайн үед Чингис трейд ХХК-иас өөрийн буруутай үйл ажиллагаагаа ухамсарлаж надад дахиад өөр лангуу гаргаж өгсөн учраас би дээрх албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Л.Цэрэндоржтой эвлэрсэн. Иймээс Л.Цэрэндорж нь түрээсийн төлбөрт төлсөн 2.000.000 төгрөгийг надаас биш, Чингис трейд ХХК-иас шаардах ёстой. Өөрөөр хэлбэл, Чингис трейд ХХК нь Л.Цэрэндоржтой байгуулсан түрээсийн гэрээний үүргээ зөрчиж, надад түрээслүүлсэн лангуугаа Л.Цэрэндоржид давхар түрээслүүлж түрээсийн төлбөр авсан байна. Би энэ талаар огт мэдээгүй, лангуугаа эзэмшиж, ашиглан түрээсийн төлбөрөө төлж байсан. Ийм учраас хариуцагч Т.Энхцэцэг миний бие дээрх 2.000.000 төгрөгийг Л.Цэрэндоржид төлөх үүрэг хүлээгээгүй. Л.Цэрэндорж нь Чингис трейд ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж түрээсийн төлбөрт 2.000.000 төгрөг төлсөн тул түрээслүүлэгч Чингис трейд ХХК-д л дээрх 2.000.000 төгрөгийг төлөх үүрэг үүсэх юм. Гэтэл нэхэмжлэгчийн шаардаад байгаа 2.000.000 төгрөг нь хариуцагчийн өр төлбөр биш байтал давж заалдах шатны шүүхээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт төлсөн 2.000.000 төгрөгөө Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасны дагуу шаардах эрхтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.07.24-ний өдрийн 1375 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Л.Цэрэндорж нь Т.Энхцэцэгт холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, төлбөрийг Хархорин захын удирдлагаас шаардах ёстой гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагчаас 2,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Тамирын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

1. Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Л.Цэрэндорж нь Чингис трейд ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, 2017 оны 09 сарын 01-нээс 2019 оны 08 сарын 31 хүртэл Хар хорин худалдааны төвд байрлах №25 лангуунд сар бүр 300,000 төгрөг төлөхөөр тохиролцсон, өмнө нь шийдвэрлэгдсэн Л.Цэрэндоржийн нэхэмжлэлтэй, Т.Энхцэцэгт холбогдох №25 лангуу чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагч нь 2018 оны 6 сарын 15-ны өдөр лангууг чөлөөлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 сарын 31-ний өдрийн 184/ШШ2018/01401 захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-7-10/

 

Т.Энхцэцэг нь дээрх лангууг ашиглаж, төлбөрийг Чингис трейд ХХК-д төлж байсан хэдий ч нэхэмжлэгчийн төлбөр төлсөн хугацаанд төлбөр хийсэн баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчжээ. Иймээс хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

2. Түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Л.Цэрэндоржийн Чингис трейд ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 сарын 31-ний өдрийн 184/ШШ2018/01401 захирамж болон түрээсийн төлбөр төлсөн банкны орлогын баримтаас үзэхэд нэхэмжлэгчийг маргаан бүхий лангууг шударгаар эзэмшиж, ашиглах эрхтэй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т нийцсэн байна. /хх-6-8/

 

Хариуцагч нь 2017 оны 12 сараас 2018 оны 7 сар хүртэл №25 лангууг ашигласан, гэвч энэ хугацааны түрээсийн төлбөрийг өмчлөгчид төлөөгүй, нэхэмжлэгч өмнөөс нь төлсөн нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар тогтоогдсон байна. /хх-8,58/

 

Түүнчлэн хариуцагч нь лангууг хууль ёсоор эзэмшиж байсан, төлбөрийг төлсөн гэх тайлбар, татгалзлаа нотлоогүй, Т.Энхцэцэгийн эзэмшил хууль бус болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

Иймээс давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг хариуцагчаас 2,000,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

3. Дээрх үндэслэлээр ...давж заалдах шатны шүүхээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт төлсөн 2.000.000 төгрөгөө Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасны дагуу шаардах эрхтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа техникийн шинжтэй алдаа гаргасныг хяналтын шатны шүүхээс залруулж, магадлалд өөрчлөлт оруулна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1350 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гэснийг ... 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950.00 /дөчин зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

 

ШҮҮГЧ Д.ЦОЛМОН